СТРАТЕГИ ГЭЖ…

Манайхан стратеги ярих дуртайг яана. АН “Монгол хүн 2020”, МАН “Хөгжлийн хөтөлбөр” ярина. Тэрийг нь үзэхээр хүн авахын танаг байхгүй. Энийг “явцуу хүрээнд” ярьсан чинь сэтгүүлч Г.Дашрэнцэн намайг “ийм юм уншдаг тэнэг хүн чамаас өөр байхгүй” гэж шоолсон юм. Бүгдээрээ намайг шоолж инээлдээд л. Үнэнийг хэлж байгаа хүнийг чинь би яалтай билээ. Манай байдал ийм хэдий боловч хэрэв улс ухаантай юм бол хөгжлийн стратеги байх ёстой л доо. Тэгээд л стратегийн тухай ярих гээд байна. Харин хэт хялбарчлах гэснээс болж “хэт бүдүүлэгжүүлсэн” тал байгааг уучлана биз дээ…
Зүгээр л гүйцэх асуудал, гэхдээ яаж…
Хэрэв дэлхийн улс орнуудыг гүйлтээр уралдаж байгаа хүнтэй зүйрлэвэл эхэнд нь АНУ, Хятад гээд, тэгээд цуварсаар байгаад манайх 200 гаруй улсаас эхнээсээ 160-170 хавьцаа, хойноосоо 30-40 хавьцаа яваа гэж гэж ойлгож болно байх. Ингэхлээр асуудал бол гүйцэх гэдэг нь дэндүү ойлгомжтой атлаа яаж гэдэг нь тодорхойгүй. Энэхүү яаж гэдэг нь стратегид хамаарна.
Өнгөц харахад хамгийн эхлээд нэг хүнд амд ногдох дотоод нийт бүтээгдэхүүн гэсэн шугаман үзүүлэлт байна. Энэ үзүүлэлтээр л улс орнуудыг хөгжиж буй болон хөгжингүй гэж хуваадаг юм. Тэгэхээр энэ олон улс гүрнүүд жагсаад ирнэ. Эхэнд нь АНУ байна. Баруун Европын орнууд түүний ДНБ-ний 50-80-тай тэнцүүг үйлдвэрлэж дараа нь орно. Харин Орос Америкийн гуравны нэгийг үйлдвэрлэнэ. Араас нь Ази, Африкийн орнууд жагсана.
Ер нь бол бүгдээрээ америк шиг болохыг мөрөөддөг шиг байгаа юм. Манайх бол бүр ч их мөрөөддөг. Гэхдээ энэ нь тийм амар биш л дээ. Гүйлтэд ч гэсэн эхэнд байгаа хүнийг байтугай өмнөө байгаа хүнийг гүйцэх хэцүү ш дээ. Ингэж гүйцэх юмаа олон жилээр бодохыг стратеги гээд байгаа юм.
Хэрэв сүүлийн жаран жилийг аваад үзэх юм бол гүйцэх хөгжлийн стратеги сонгоод амжилтад хүрсэн улс орон арваас нэг их хэтрэхгүй. Бусад нь “буруу гүйсэн” байхгүй юу. Яагаад “буруу гүйсэн” гэхээр гүйх тухайгаа бодоогүй буюу стратегаа сайн гаргаагүй хэрэг.
АНУ-ын ДНБ-ий 50 хувьд хүрвэл сайн “гүйсэнд” тооцогдоно. Энэ бол Зүүн-Өмнөд Азийн “бар” орнууд – Япон, Өмнөд Солонгос, Тайван, Гонконг, Сингапур юм. Мөн дайны дараах Португал, Испани болно. Эдгээр орон 20-50 жилд ялгааг арилтал “гүйж” чадсан юм. Харин Грек хүчээ тооцолгүй нэг хэсэг сайн гүйгээд “бахардаад” хасагдах жишээний. Сургамжтай жишээ шүү…
Тэгэхээр хүссэн болгон “гүйчихдэг” биш, стратегитай нь “гүйдэг” байна. Ингэхээр стратеги маш чухал нь ойлгомжтой гэж санана. Энийгээ шинэчлэл, модернизаци, эдийн засгийн гэх мэтээр юу гэж нэрлэх нь хамаагүй, агуулга чухал. Манайхан бол гоё нэр өгөөд байдаг, харин агуулга байхгүй хорь гаруй жил болж байгаа юм. Эрхбиш баялагтай тулдаа хөгжсөн мэт харагддаг.
“Гүйхэд” учир бий
Тэгвэл баялагтай бол “гүйж” болох уу. Болохгүй. Булаагаад авчихдаг юм, булаах ч юу байхав, хуураад авчихдаг юм. Баялгаа зарцуулдаг, хуваарилдаг хэрэгсэл хэрэгтэй. Энийг нь төр гэдэг.
Төр дундаас нь идээд болж өгдөггүй юм. Энийг авилга гэнэ. Манайхны ганц сайн мэддэг юм энэ л дээ. Авилга нэвт шингэсэн төр нийгмийг олигтой “гүйлгэнэ” гэж ёстой байхгүй.
Дан ганц эдийн засагт баримжаалсан төр амжилт олохгүй. Хүнээр бол байгаа бүх мөнгөөрөө хоол аваад идчихээр чинь яаж “гүйхийм”. Дараа буюу хойч үеийн идэх хоолыг бэлтгэх ёстой, энэ системийг үйлдвэрлэл гэнэ. Яг “одоо идэх” гэдэг хүмүүсийг аль ч нийгэм “шууд зайлуулдаг” жамтай. Энэ ч харин манайхаар дүүрэн.
Нийгэм өөрөө үйлдвэрлэн бүтээгч байх ёстой, энэ нь дан ганц хэрэглээ болбол нийгэм “гүйх” байтугай сөнөнө.
Мөн “гүйх” сэтгэл зориг, чин эрмэлзэл байх ёстой, үүнийг үзэл санаа, оюун санааны систем гэнэ. Энэ байхгүй бол “гүйх” сэдэл байхгүй, “гүйх” нь утгагүй. Хамгийн гол нь “гүйхэд” нийгмийн бүх организм “эрүүл” байх ёстой. Үүнийг социал систем гэнэ. Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, ёс суртахуун, гэр бүл, шашин, хамт олон гээд явж өгнө. Энийг мартвал “гүйх” бол ёстой лөөлөө болно.
Өөрөөр хэлбэл улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санааны бүх системийг уялдуулж бүхэлд нь харж төлөвлөж байж сая нэг “гүйх” төлөвлөгөө гаргаж болох бөгөөд үүнийг стратеги гэнэ. Өөрөөр хэлбэл нийгмээ бүхэлд нь системтэйгээр харж төлөвлөж стратегаа гаргаж байна.
Манайд энийг байнга мартах бөгөөд үүнийг ярьсан хүнийг солиотой гэнэ. Харин өөрсдөө болохоор сонгуульд оролцох гэж жинхнээсээ солиотой юм хийх бөгөөд тэрэнд нь шинжлэх ухааны үндэстэй зүйл юу ч байхгүй.
Тиймээс би АН болон МАН-ын, цаашилбал намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг жорлонд хийвэл зохих, хэнд ч хэрэггүй худал хуурмагийн цуглуулга гэдгийг батлан хэлж байна.
Хэрэв миний энэ нотолгоонд гомдож байвал нэр усаа ил тод хэлээд маргалдаж заргалдахыг хүсч байна. Харин олон түмний өмнө гарцаагүй хутгах шившгийн чинь хариуцлагыг би хүлээхгүй.
Стратегийн асуудлууд
Энд яг стратеги биш, харин стратеги зохиоход тулгардаг зарчмын асуудлуудыг хөндөж байна. Учир нь энэ зарчмуудыг ямар нэг хэмжээгээр шийдээгүй цагт стратеги ярих боломжгүй. Энд байнга ярьдаг асуудлыг анх удаагаа манайд “онолын” хувьд багцалж байна.
Нэг. Хатуу гар уу, хар аяндаа юу.
Хатуу гарын аргыг дээд түвшинд боловсруулаад нийгэмд тулган хүлээлгэх замаар хэрэгжүүлж болно. Энэ нь ямар нэг хэлбэрээр хүч хэрэглэсэн шинжтэй болдог. Уг нь манай сэтгэл зүйд их тохирох эд байсан юм. Энэ нь эрх баригч бүлэг ихээхэн итгэл үнэмшилтэй, зохион байгуулах чадвар, зориг зүрхтэй үед болдог юм шиг байгаа юм. Даанч манай эрх баригчид шиг хулчгар амьтад энэ ертөнцөд байхгүй л дээ.
Хар аяндаа бол арга бол дээрээс нь институт байгуулж, дүрмийг нь тогтоон өгч, үүний дараа зах зээл, ардчилал хоёр өөрөө үр ашигтай шинэчлэл болгох хувилбар юм. Олон улсын практикт энэ хоёр арга нэг их сүрхий амжилт олж байгаагүй мэт. Гэвч туршаад үзсэн юм билээ.
Шинэчлэлийн зорилгыг шийдвэрлэхийн тулд төр, бизнес, нийгмийн янз бүрийн давхарга (страт) харилцан зохион байгуулагдаж хамтран ажиллах аргыг интерактив арга гэх бөгөөд үүнийг хамгийн сайн гэж үздэг байна.
Хоёр. Өргөн хэмжээтэй байх уу, хэсэг хэсгээр байх уу
Манайхан голдуу нэг мөсөн “цөм авах” тухай ярьж сэтгэдэг. Энэ арга нь өргөн хэмжээний стратегид орно. Харин хэсэг хэсгээр (цэгчилсэн арга ч гэдэг) бол хөгжлийн тодорхой төвүүдийг сонгон авч түүндээ хамаг хүчээ хаяж, түүнийгээ өргөжүүлэх замаар шинэчлэл хийж болно. Ганц биш, хэд хэдэн төвийг ч зэрэг бий болгож болно. Энэ тохиолдолд ахиад л өргөн хэмжээний асуудал босч ирдэг. Гэхдээ агуулга нь арай өөр болно.
Гурав. Инноваци уу, хуулах уу.
Инноваци гэдгийг манайд их бүдүүн тоймоор хэрэглэдэг. Энд дэлхийн түвшний инновацийг ярих хэрэгтэй. Харин хуулахын хувьд гэвэл бүс нутаг, улс, салбар, тэр ч бүү хэл үйлдвэрийн түвшнийг ярьж болно. Энэ олон түвшнийг хольсноос арга зүйн ихээхэн алдаа гардаг.
Хуулах бол ичмээр ойлголт огт биш. Амжилттай хөгжсөн бүх орнууд юуны өмнө тэргүүний орнуудын техник, технологийг хуулахаас хөгжлөө эхэлсэн. Цагаа тулбал хуулах бол инновацийн элементийг агуулсан маш их бүтээлч ажил байдаг. Харин толгойгоо ажиллуулахгүй хуулбал хэнд ч хэрэггүй л дээ. Тэгэхээр эхлээд “бүтээлчээр хуулах”, аажмаар инновацид шилжих стратеги хэрэгтэй нь ойлгомжтой байна. Харин төр, нийгмийг бол огтхон ч хуулж болохгүй. Яагаад гэвэл Монгол биш болно.
Дөрөв. Бүтээх үү, идэх үү
Одоо бид баялаг бүтээх ёстой атлаа зөвхөн “идэж” байна. Энэ бол үндсээрээ буруу. Бүтээсэн баялгийг биш, бүтээгээгүй баялгийг иднэ гэдэг, чингэхдээ хойч үедээ үлдээлгүй идэх бол гэмт хэрэг. Баялаг гэхээр зөвхөн эд баялаг ярих нь хамгийн тэнэг асуудал, оюун санааны асар их баялгийг бид огт ашиглахгүй байна. Бүтээн байгуулалт ярих боловч зөвхөн ашигт малтмал зөөх бүтээн байгуулалт явцгүй. Амаа биш, гараа хөдөлгөх, гараа хөдөлгөхдөө толгойгоо ажиллуулахыг бодох цаг болсон. Гэтэл үүнийг төр засаг огт ярихгүй байна. Хүүхэд залуусын боловсрол, хүмүүжил, гэгээрэл, нийгэмшил, иргэншил, соёлжих асуудлыг цогц бодолгүй дан ганц боловсрол ярих утгагүй. Амьдралтай холбоогүй, түүнээс үлэмж хоцорсон ийм боловсрол лай л болно. Боловсрол үндэсний агуулгатай байж монгол хувь хүнийг төлөвшүүлдэг.
Тав. Үндэсний болон олон улсын зүйл
Манай аль ч хөтөлбөр гадаадынханд зориулсан мэт хийгдэж ирсэн. Учир нь мөнгийг нь гадаадаас авдаг байсан. Одоо ч авч байгаа. Энэ утгагүй явдлаа зогсоох цаг болсон. Эхлээд үндэсний хөгжлийн ЭХ ЗАГВАР (матриц) гаргах ёстой. Энэ нь аль ч улсынхаас өөр байж таарна. Яагаад гэвэл Монгол шиг улс энэ дэлхийд өөр байхгүй учраас. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлал “нууцаар” гаргах үеэр бичсэн боловч тоосон хүн цөөхөн. Энд ярих ярихгүй зүйл олон байх. Гэхдээ гол санаа ойлгомжтой гэж санана. Манайх шиг бүх юм нь “ил тод” улс гэж байхгүй шүү дээ. Би л гэхэд Монголын тухай “нууц” мэдээллийг гадаад сайтуудаас авдаг болоод олон жил болж байна.
Манай хэдэн дарга нарын хэлдэг ярьдаг “тоо” энэ тэр бол Дэлхийн банк болон олон улсын судалгааны тоо баримт л байдаг юм ш дээ. Тэдний тоог хэлээд, зургийг үзүүлээд тэдэнтэй яаж худалдаа наймаа хийх юм ?! Эндээ л нэг их ухаантай царай гаргадаг болохоос их өрөвдөлтэй амьтад ш дээ, манай дарга нар…
Ядахдаа нэг олигтой эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулаад хэд хэдэн хувилбараар “монгол тоо” хэлээд явбал тэр нь бараг стратеги тал руугаа орно байх. Энийгээ ч чадахгүй хэвтэж энд томроод” үхснээ хийнэ…
Стратеги төлөвлөлт
Манайд гадаад загвар шиг их юм алга. Нэг гоё гадаад загвар олно. Тэрийгээ дуурайж монгол үзүүлэлтээ зооно. Энэ бол утгагүй. Асуудал системдээ байгаа юм. Монгол бол хэзээ ч хаана ч үл давтагдах нийгмийн өвөрмөц систем. Энэ нь хэн бүхэнд ойлгомжтой атал яах гэж гадаад загварт Монголыг “чихэх” гэж зүтгээд байгаа юм. Энийг нь хэлэхээр “орчин үеийн онол” мэдэхгүй гэнэ. Тэгвэл Монголыг судалсан “орчин үеийн онолоо” үзүүлчих гэхээр уур нь хүрнэ.
Энийг чинь Монголчууд л гаргах үүрэгтэй, бас эрхтэй. Гадаадын ямар ч мундаг, ямар ч эрдэмтэн үүнийг мэдэхгүй, бас чадахгүй. Энэ нь гадаад онолоос юу ч авч болохгүй гэсэн үг биш. Ганцхүү мухар сохроор хуулж болохгүй.
Гүйцэх хөгжлийн стратеги бол үйлдвэрлэл, нийгэм, оюун санааны бүх элементүүдийг цагийг нь олж шинэчлэлд чиглүүлж тохируулах явдал юм. БҮХ ЭЛЕМЕНТҮҮДИЙГ ЦАГИЙГ НЬ ОЛЖ ТОХИРУУЛАХ гэдгийг анхаарсан гэж найдана.
Ухаандаа бүх элементүүд гэдэгт технопарк, эдийн засгийн чөлөөт бүс г.м. ямар ч объект байж болно. Түүнчлэн гадаад хөрөнгө оруулалт, татварын бодлого г.м. ямар ч процесс байж болно. Онцлон тэмдэглэхэд манайд объект, процесс хоёрыг ялгахгүй байж стратеги ярьдаг мунхагууд олон бий.
Сүүлийн үед индикатив төлөвлөлт бий болж байна. Төлөвлөлтийг манайх социализмын юм гээд хаячихсан. Ийм тэнэг юм гэж хорвоод байхгүй л дээ. Харин индикатив гэдэг нь цоо шинэ агуулга юм.
Индикатив төлөвлөлт бол хууль биш, мөн зааварчлага биш, харин төр, эдийн засаг, оюун санаа, нийгмийн бүхий л агентууд хамтын ажиллагаагаа зохион байгуулах явдал юм. Чухам энд л түүний ач холбогдол оршдог.
Индикатив төлөвлөлт гэж харилцан итгэлцэл үүсгэдэг үйл явц, харилцааг хэлж байна. Франц эрдэмтэн Пьер Массе үүнийг анх бий болгосон юм. Төлөвлөгөөний чухал шинж бол яг таг, зөв байх явдал гэж дассан бидний хувьд энэ нь хачирхалтай санагдаж болох ч нийгмийн бүхий л агентуудын харилцан итгэлцэл хамгийн чухал гэдгийг үгүйсгэх хүн байхгүй буй за.
Стратегээ хий л дээ
Одоо тэгээд стратегаа хий л дээ. Ардчиллын 20 гаруй жилд үүнийг хийсэн, хийх гэж оролдсон нам, төр байхгүй. Зарим үед 360 хүртэл “төрийн бодлого” боловсруулсан боловч эдгээрийн аль нь ч стратегийн гэсэн ангилалд орохгүй. Мөн улс төрийн намуудын хийсэн ямар ч баримт бичиг мөн л стратегийн гэсэн ангилалд хавьтах юм юу ч байхгүй.
Манай нийгэм яагаад ингэж үймж бужигнаад, учраа олж чадахгүй байгаагийн цаад шалтгаан нь монголын нийгмийг хөгжүүлэх үзэл санаа болж чадах стратегийн баримжаа байхгүй байгаа явдал юм.
Үүнээс болоод “савалгаатах” өвчин тусдаг бөгөөд байж байгаад л “зарчим” тунхагладаг гажигтай болдог юм.
Стратеги төлөвлөгөө бол “ганц юм” биш л дээ. Арга зүйн хувьд зөв бол асар олон хувилбар байж болно. Гол нь Монголоо гэсэн сэтгэл зүрх, чин хүсэл байх ёстой. Энэ нь харваас мэдэгдэнэ л дээ.
Намайг стратеги гээд эхэлмэгц л “тэгээд чи чаддаг юм бол гайхуулаад байлгүй, яг одоо хийгээд үзүүлчих” гэж загнах хүмүүс олон. Яахаараа би толгой нь хамуурсан нам, төрийн ажлыг өмнөөс нь хийх ёстой юм.
За тэгээд хийлээ гэж бодъё. Төр засаг, намууд нь тооно гэж бодож байна уу ?! Үгүй ш дээ. Таг дуугай байж байгаад, хэсэг хугацааны дараа таслаж аваад өөрөө хийсэн юм шиг рекламдаж байгаад өөх ч биш, булчирхай ч биш болгоод сэглээд хаядаг юм.
Зөв юмыг буруу хийх шиг адгийн юм байхгүй. Сүүлд нь үйлтэйгээрээ би л хэрэгт ордог юм. Жишээ нь: МАН-ын ардчилсан социалист хөтөлбөрийг 1997 онд би голлон хийж өгсөн юм. Гэтэл 2004 онд МАН-ын нэг лут нөхөр “чиний хийж өгсөн онолоор явсаар байгаад манай нам ийм боллоо” гэдэг байна ш дээ, лалар чинь. Би ямар тэдэнд хулгай хийх, худал хэлэхийг зааж өгөө юу. АН-д бол барууны онол ном ярьсан хэдэн “магнитофон” байх. Тэдний “хуулан бичлэгээс” гарах юм байхгүй л дээ.
Харин аль ч намын дарга удирдагчид нь феодалын нийгэмд феодалаа хийгээд явж байхдаа таарсан амьтад байх…
Стратеги төлөвлөлт хийж чадахгүй бол Монголыг хөгжүүлэх тухай алив яриа утгагүй хоосон зүйл болох нь ойлгомжтой.
“Төлөвлөгөө биелүүлэх зардал их байх тутам тэр нь хэчнээн үндэслэлгүй байсан ч түүнээс татгалзах боломж төдий чинээ багасна” гэж Бахманы зайлшгүйн теоремд заасан байдаг юм л даа.
Манай Монголд бол нурж байж л “ойлгох” теорем л доо. Нурахгүй гэвэл хүний үг авах ёстой л доо…

Судлаач Д.Ганхуяг
2012 оны 8 дугаар сарын 15.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

27 Responses to СТРАТЕГИ ГЭЖ…

  1. мөнхболд says:

    “Бидний улс эв саналаа нэгтгэн нэгэн зэргээр хүчийг нийлүүлэн зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй гэх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэж Д.Сүхбаатар хэлсэн. Гэтэл энэ үгийн утга нь орчин цагийн менежментийн бүх агуулгыг тэртээ 1920-д онд хэлжээ.

  2. gankhuyag says:

    Өө, тийм үү. Дандаа цэцэг өргөдөг хүмүүс мэдмээр юм байна…

  3. чинцогт says:

    хаха гоё хариуллаа ганаа ахаа. Сүхбаатар хэлээгүй гээ биз дээ? заза мэдэх юм алга. гүйлтээр төлөөлүүлээд маш гоё бичжээ.

  4. ddd says:

    Mongold buh yumiig Baabar meddeg bolson bolohoor bid strategy gej tolgoigoo gashilgaj yu hiine. Mergen ard Baabaraas l asuuchihna. Shinjleh uhaan muhaan bolv osrol eruul mendiin bodlogo ene ter ch yamai baina aa. Elbegdorj Baabaraaraa zaalgaad yavaad baihad Mongol uls turuulne shuu dee

  5. baasandorj says:

    Миний бодлоор эндээс уншаад нийгэмд маань стратеги байгаагүй нь хувь хүнд, надад хамгийн хортой юм байна гэж бодогдлоо. Хүмүүсийн бүтээлч чанар багасаад хүнд таалагдах гэж сонирхолоо сонгодог, өөрөөр өөр юм хийсэн хүнийг тэнэг гэж боддог, өрсөлдөөнийг шударгаар үнэлдэггүй, дээр нь өрсөлдөөн байхгүй болохоор эдийн засаг маань баталгаагүй. Санхүү тогтворгүй болохоор бусад нь дагаад савлаад байж дээ.

  6. мөнхболд says:

    Хямрал болгоны дараа эдийн засгийн шинэ онол, хувилбарууд гардаг. Манай улсад төрийн зохицуулалттай бага нээлттэй эдийн засаг тохирно. Зах зээлийн эдийн засаг хэтэрхий нээлттэй байгаа нь бага буурай орнууд хөгжих боломжгүй болоод байна. Өөрөөр хэлбэл нээлттэй эдийн засгийн онол тодорхой түвшинд хүчингүй болж байна. Манай улс өргөн уудам нутагтай, хүн ам цөөн, далайд гарцгүй, хоёр том хөрш гээд олон хүчин зүйлсийг харахад тээвэр, логистикийн оновчтой зохицуулалттай, мөнгө санхүү, мэдээллийн нээлттэй байлгах нь чухал санагддаг. Олон улсын хэмжээнд маш олон хууль, эрх зүй, конвенцууд байгаа. Өөрт хэрэгтэйд нь нэгдэж ашиглах боломж их байгаа. Харамсалтай нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон боловч өөрт оногдоогүй, бидэнд ашиггүй “үүрэг” хүлээсэн гэдгийг Монгол улс- Дэлхийн худалдааны байгууллагад элссэний 10 жилийн ойд зориулсан Дэлхийн банкны тайлангаас харж болно.

  7. Болд says:

    Судлаач ахдаа талархая, энгийн атлаа ойлгомжтой ингэж хэлж сануулаад бхад л өөрсдийгөө төр гээд итгэчихсэн нөхдүүд тэдний гар хөл бологсод нүдэн балай чихэн дүлий царайлах нь гачлантай ч олон нь нэгийг мэдэх буйз аа. “Хүүхэд залуусын боловсрол, хүмүүжил, гэгээрэл, нийгэмшил, иргэншил, соёлжих асуудлыг гэхэд л цогц бодлогогүйгээр дан ганц боловсрол гэж ярих утгагүй” гэж таны таны хэлдэг шигээр аливааг “өргөн хийгээд цэгчилсэн аргын” оновчтой хослолоор “хамтран ажиллах интерактив” хүрээнд стратеги гэгчээ хийчихмээр байдаг. Тэгэхдээ “зөв юмыг буруу хийх шиг адгийн юм байхгүй” гэдэгтэй адилаар бүрэн бүтэн хийхгүй бол зэрэмдэглээд дэмийл дээ.

  8. Болд says:

    Нэгэнтээ хялбаршуулан гүйлтээр жишээлэн стратеги ярьсан болохоор түүнтэй дүйцүүлээд өөрийн санаж байдагаа хэлбэл зүйтэй болуу. Үнэхээр ч баялагийн үйлдвэрлэл, хүний хөгжил, технологийн дэвшил зэргээр улсуудын өнөөгийн түвшинг тодорхойлж Америк Европ гэхчлэн тэргүүлэн бгаа гэвч бид тэдний зам тэдний аргаар тэднийг гүйцэн гэж байхгүйн үнэн. Сураг дуулж үзсэнээ эргэцүүлбэл тэд маань бас нэлээдгүй буруу замаар буруу гүйгээд бсан, бгаа ч мэт? Эндээс өөр аргаар өөр замаар, гүйх чиглэлийн амдан, тосож уралдах нэг арга бгаам шиг? Мэдээж уралдахгүй ээ урцандаа унтаад байя гэвэл ч өөр хэрэг л дээ хэхэ. Тэгүүл өөрсдийгөө устгах боломжийг бусдад нээж, өлсөж үхдэггүй маа гэхэд байгалийн хүчийг шүтээл агуйдаа амьдрагчийн замаар орно гэсэнтэй агаар нэгэн буй.

  9. Болд says:

    Хамгийн түрүүн таны хэлдэгчлэн “ГҮЙХ сэтгэл зориг, чин эрмэлзэл гэгч үзэл санаа, оюун санааны систем”-тэй бгаад “Гол нь Монголоо гэсэн сэтгэл зүрх, чин хүсэл”-ээр тэр стратеги ээ хийвэл ч учиртайл даа. Ямар бид түрүүнд орж тив дэлхийг гайхуулая гэж хөөрлөж бгаа биш “цагтаа хийж гайхуулсан тул одоогоор амсхийх цаг кк” хол сугарчихгүй хэрэндээ үнэлэгдэх зүйл, үзүүлэх юмтай ХҮН шиг амьдарч УЛС гэр шиг байхыг л хүсэж бгаа,.. байж ч чадна даа уг нь… Минийхээр- нийгмийн сэтгэхүй, олны ухамсар, оюун санааг хордуулж бгаа буруу мэдээ, мэдээлэлийг өөрчилж цэгцлэн, үнэн зөв, судалгаанд тулгуурласан стратеги гэнэ үү, мөрийн хөтөлбөр, хөгжлийн концепт гэнэ үү хамаагүй тодорхой бодлогын баримт бичиг, үзэл замналтай болох цаг тулчаад биднийг ташуурдан бгааг ухаарах болжээ. Санаж сэрэхгүй мартвал ахын хэлдэгээр айхтар суран бүсээр гөвүүлдэг байх даа хэхэ, Тэгэхгүй хэмээн найднам.

  10. bi says:

    miniih orsongui

  11. Utuvshin says:

    Guilttei xolboj unexeer goyo zuirlej bichsen baina. Bayar xurgeye!
    Ene niitlel tanii uzel surtal, shinjlex uxaan gej umnu ni bichsen niitleluudiin tsubral gej oilgoj bolox u?

  12. gankhuyag says:

    Юу ч гэмээр юм дээ. Ер нь бол тусгал л даа. Гэхдээ энэ чинь “ойлгуулах” гэж хичээсээр байтал жигтэйхэн бүдүүн тоймын юм болчихлоо ш дээ. Үндэсний үзэл санаа (стратеги) амин чухал, түүнийг нэн даруй хийх шаардлагатай, гэхдээ хэн дуртай нь биш, шинжлэх ухааны тусламжтайгаар хийдэг гэж ойлгосон бол болоо…

  13. Utuvshin says:

    Та урд нь цуврал нийтлэл бичнэ гэж байсан болохоор асуусан юм. Гэхдээ таны сая хариулснаар би ойлгож байна. Баярлалаа.

  14. gankhuyag says:

    Тэр цуврал бол биш ээ.

  15. hmmm says:

    yer ni orchin yeiin shinjleh uhaand tulguurlaj yum hiihee boliod udaj bgaashde, yalanguya uls ornii amin chuahal asuudluudiig tomchuud Bar-nuudiin VIP uruund billiard tsohingoo shiidchihdeg yum shig bgaa yum

  16. B. Jamts says:

    Судлаач үнэхээр золиг шиг уншууртай юм бичсэн байна. Ялангуяа тэр элдэв ухагдахуун энэ тэрийг хонь ямаанууд ч ойлгомоор болсон шиг бна. Гэвч би судлаачтай нэг зүйл дээр санал нийлэхгүй байгаа тул үнэхээр гомдож байна. Судлаач “би АН болон МАН-ын, цаашилбал намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг жорлонд хийвэл зохих . . .” гэсэн байна. Миний бодлоор ингэж болохгүй, жорлонд 00-ийн цааснаас өөр цаас хийж болохгүй гэж уншсан учир тэднийг жорлонд хийхийн оронд хаягдал цаас авдаг газар тушаах хэрэгтэй.]

    • 123456 says:

      тийм шүү Би бол ашиглаж болохуйц сонин энэтэрээс л авна уу гэхээс тэр элдэв янзын сурталчилгааны цаасыг гэртээ ч нэг оруулахгүй шүү … Цэцэн мэргэн ахмадаа хүндэлдэг хүн

  17. ganaa says:

    Хуулахад учир бий.Хуулахын тулд хуулах зуйлээ маш судалсан байх шаардалгатай.Туунд зориулсан сайн матэриал эд байх шаардалагатай.Хэрвээ сайн хуулж чадвал туунийгээ хөгжүүлж ахиад сайн хуулах хэрэгтэй болно.Тэгж улс орон хөгжинэ гэж ойлгож болох уу

  18. gankhuyag says:

    Тийм. Эд материалаас гадна сайн мэргэжилтэн хэрэгтэй байх л даа.

  19. bi bodohdoo says:

    mash zuv bichjee. bid er ni oid tuursun hun shig yavahaa bolimoor bainaa odoo

  20. Ganaa says:

    Баярлалаа судлаачаа.Ажилд тань их амжилт хүсье.Мөн ч сайхан бэлэн хоол байна даа.Шийдвэр гаргагчид идэх нь бүү хэл олж харах юм болуу даа?

  21. delgermaa says:

    ta urd ene talaar heden jiliin omno bichij baisan baihaa , ih dotno sanagdaad yawchihlaa…

  22. irgen says:

    Tanii “sistemiin xyamral” gesen onoshlogoo garchixaad baixad uuniig teneg xun l sanaj sedej avaxgui bn gej bodno. manai uls bas ix dalaid zaluurgui, seluurgui, zug chig togtoogchguigeer davalgaand shiduuleed yavaj baigaagaa dalaid aylaj bn gej xooson xuuraad suugaa xeden barlaguud shig xaragddag

  23. Anonymous says:

    Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн гэдэг үг байдаг даа. гэхдээ засч залруулж болохгүй зүйл ховор биз дээ. зөндөө буруу зүйл хийгдэж байгаа ч гэсэн дэвшилттэй зүйл харагдаж байгаа гэж бодож байна

  24. khaliun says:

    Сайхан нийтлэл байна.. баярлалаа.
    Үндэсний боловсон хүчин гэдэг хаанаас ч экцпортолж болдоггүй ганцхан баялаг гэж С,Зоригын сонинд өгсөн ярилцалгыг уншиж байсан юм байна .Иргэний боловсрол руу чиглэсэн Стратеги төлөвлөлт хэрэгжүүлбэл хэрэгжилт нь хэр байх бол? монголын иргэд.. дийлэнх хувь нь нийгэмээ хар бараанаар төсөөлсөөр төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчид нь цалин аваад л сууж байвал гэсэн бодолтой улсаа хөгжүүлэх сэтгэл дутсан үзэлтэй юм шиг. таны хувьд юу гэж дүгнэх вэ?????

  25. lenko7788 says:

    Uls niigem hunees burddeg ,hunee eruul chiireg ,medleg bolobsroltoi bolgoh stratek 1-rt hiih ..Bolobsrol dagaj hogjil irdeg .delhiin hemjeenii bolobsrol heregtei ,Manai bolobsroliin sistem haana ch unelegdehgui .Mongol ih surguuld sursnaas amidraldaa praktikt suraltssan ni hojino .hairan 5-n jil hairan mongo ,tosob ,zardal .

  26. tsolmontuya says:

    Сайхан нийтлэл бичсэнд баярлалаа. Би таньтай уулзаж энэ талаар ярилцах хүсэлтэй байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: