Н.ЭНХБАЯРЫН ШИНЭЧЛЭЛ БА ТҮҮНИЙ ТӨГСГӨЛ

Одоо МАН-ын хувь заяаг яриад жигтэйхэн. Бараг л хүн толгойтой бүхэн анализ хийж байх шиг. Эрхэмүүд ээ, өнгөрсөн хойно одоо анализ хийх өмнө нь анализ хийх газар тэнгэр хоёр шиг ялгаатай байдаг юм. Ухаандаа ийм анализ хийгээд би “намын даргын нэр хүндэд халдсан” учир МАН-аас хөөгдөж байлаа. Ингээд “Монголын мэдээ” сонины 2004 оны 7 дугаар сарын 15-ны № 138 дугаарт нийтлүүлсэн өгүүллийнхээ хэсгээс дахин толилуулж байна. Тэр үед нам нь ч, төр нь ч, ард түмэн нь ч тэр бүгдээрээ намайг хуц л гэсэн ш дээ. Тэр үед системийн хэмжээний ийм дүгнэлт хийж чадсандаа би баярлаж байна. Одоо ч гэсэн энэ дүгнэлтийнхээ цэг таслалаас ч буцах сонирхол алга. Даанч тэр үед бүгдээрээ намайг “шизо”-той гээд “гудамжинд хаясан” л даа. Аль 1998 оноос хийсэн системийн хямралын санаа маань энхбаяризмд гишгүүлээд одоо хүрч байгааг хийгээд онолын дүгнэлт хуучирдаггүй гэдгийг олон жилийн дараа ойлговол сайн л байна. Тэр үед миний үгийг авсан бол “Үндэсний удирдагч”-ийн чинь “хөл гозойхгүй” л байсан байх…
УИХ-ын сонгуульд МАХН ялагдсан нь одоо нэгэнт тодорхой боллоо. Энэ нь МАХН-д хийсэн Н.Энхбаярын шинэчлэлийн хүрсэн болон хүрч болох үр дүн болж байна. Мөн энэ ялагдал нь “Эх орон”Ардчилал” эвслийн нарийн бодлоготой, алсуур бодсон зохион байгуулалтат үйл ажиллагааны үр дүн огтоос биш. Харин МАХН-ын асар том боловч үйл хөдлөлөө засварлах, өөрийгөө удирдах чадвараа бүрэн гээсэн сул дорой машин, түүнийг удирдсан цөөн тооны хүмүүсийн сүүлийн жилүүдэд явуулсан харалган бодлого сүйрсний үр дүн юм.
1996 онд МАХН-ыг ялагдуулсан улс төр-бизнесийн бүлэглэл намын эрх мэдлийг хуйвалдаанаар олж авсан юм. Бие даасан нам байгуулах оролдлого хийх, салан тусгаарлахаар сүрдүүлэх, намыг залуужуулах нэрээр залуучуудын “дайрагч отрядуудыг” нууцаар бэлтгэж турхирах, намыг шинэчлэх лоозон дэвшүүлэх, нутаг нугийн бүлэглэл үүсгэх, цуурхал дэгдээх, луйвардах зэрэг хамгийн адгийн аргуудыг тэд хэрэглэсэн юм.
Тэд МАХН-ын бэлэгдлийн таван хошууг сарнай болгосон, намын далбааг өөрчилсөн, Социнтернд сүржигнэж сүржигнэж элссэн зэрэг өнгө будгийн өөрчлөлт л хийж чадав. Намын байгуулалтын салбарт өөр эерэг зүйл хийснийг би л лав санахгүй байна. Хэрэв хэн нэгэн хүн Н.Энхбаяр МАХН-д үүнээс өөр эерэг шинэ зүйл хийсэн гэж сануулбал би тэр хүнд маш их баярлах байна.
Харин олон жилийн системт судалгаанаас үзэхэд МАХН-ын дараах үнэт зүйлс, зарчмуудыг хөнөөн устгажээ.
1. МАХН-ын дотоод ардчилал бүрмөсөн устжээ.
2. Намын боловсон хүчний бодлого бүрэн алдагдаж, МАХН дотроо Н.Энхбаярт үнэнч, үнэнч биш гэсэн хоёр хэсэгт хуваагджээ.
3. Намын болон улс орны эрх ашгийн умартаж, нэг хүний дарангуйлал тогтжээ.
4. МАХН ард түмнээсээ үлэмж хөндийрч, намын олон түмнээ хөсөр хаяж, явцуу гэмт бүлгийн эрх ашгийг илэрхийлэгч болжээ.
5. Намын хөрөнгө, албан тушаалын шударга бус хуваарилалт тогтож, түүнд тавих ямарваа хяналт устжээ.
Үүнээс шалтгаалан МАХН нийгмийн шинэчлэл хөдөлгөөнийг саатуулагч, нэг хүнийг аялдан дагалдагч, магтан дуулахаас өөрийг мэдэхгүй ард түмний эсрэг хүч, намын олон түмнээс бүрэн хаалттай явцуу байгууллага болсон нь тодорхой байна.
Энд бид МАХН гэдэг нэрийн дор түүний мянга мянган эгэл жирийн гишүүдийн биш, МАХН-ын дотоод ардчилал, хамтын удирдлагын зарчмуудыг бусармаглан намыг өөртэйгөө адилтгасан дөрвөн хүнтэй явцуу бүлэг, тэднийг тойрон хүрээлэгчдийг хэлж байна.
МАХН-ын дотоод ардчилал бүрэн устсаны тод жишээ нь МАХН-ын Удирдах Зөвлөл, МАХН-ын Бага Хурал өөрийн бүрэн эрх, ач холбогдлоо бүрэн алдаж, намын дээд удирдлага хэмээн өөрсдийгөө өргөмжлөгч арчаагүй, явцуу бүлгийн шийдвэрийг үг дуугүй дэмжигч болсон явдал юм.
Н.Энхбаярын МАХН-д хийсэн энэхүү шинэчлэл гэх хөгийн зүйл асар удалгүй төрийн байгууламжид давтагдан нэвтэрч Монгол төрийг бузарлан буртагласан юм. Энэ нь:
1. Үндсэн Хуульд заасан бараг бүх зарчмуудыг үлэмж гажуудуулж, хүний эрх, эрх чөлөөг боомилох болсон
2. Төрийн боловсон хүчний бодлогыг бүрэн алдагдуулж, ард түмнийг МАХН-ын болон ардчиллын гэсэн хоёр хэсэгт хувааж хагаралдуулав. Сөрөг хүчин нь ард түмний тэн хагасын дэмжлэгийг хүлээсээр атал тэднийг мэдээллийн хэрэгсэл, төрийн машинаар дамжуулан ард түмний дайсан мэтээр сурталдав.
3. Үндэсний язгуур эрх ашиг, ард түмний язгуур сонирхлыг умартаж, өнгөц харахад нэг намын мэт, тодруулж хэлбэл нэг хүний дарангуйлал тогтоов. Бид XXI зуунд хаант засаг тогтоох шахжээ.
4. Монголын төр ард түмнээсээ үлэмж хөндийрч, тэдний эрх ашгийг хөсөр хаяснаар явцуу бүлгийн эрх ашгийг хамгаалагч болжээ.
5. Нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт тогтож, түүнд тавих сөрөг хүчний болон ард түмний хяналтыг оргүй устгажээ. Монголын төр авилгын үүр уурхай болон хувирч, нийгэмд үйлчлэх гол чиг үүрэг бизнесийн болон гэмт хэргийн шинжтэй үүргээр солигдов.
Н.Энхбаярын МАХН-д хийсэн шинэчлэл, төрд хийсэн шинэчлэл хоёр зарчмын хувьд огтын ялгаагүй бөгөөд ардчиллын тулгуур зарчмуудыг эвдэн сүйтгэсэн үр дүнд хүргэжээ.
Эдгээрийг тус бүрд нь задлан үзвээс тоо томшгүй олон баримт, нотолгоо гаргаж болох боловч энэ удаад цаг хэмнэх үүднээс түр түдгэлзэе.
Нам болон төрийн эрх мэдлийг давхраар нь атгасан, хөндлөнгийн ямарваа нэг хяналт байхгүй, улс төрийн тодорхой чиг баримжаагүй, үзэл бодлыг тогтсон үнэлэмжгүй улс төрийн явцуу бүлэг бүхий л эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, аливаа ёс суртахуун, хууль ёсыг уландаа гишгэж, хэт дураараа авирласны гэрч нь, Та бид.
Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг бид шинжлэхдээ дөрөв дөрвөн жилийн хэрчмээр биш, ер нь сүүлийн арав гаруй жилд манай улс төр, эдийн засаг, нийгэмд хуримтлагдсан асуудлуудыг системт байдлаар шинжлэх ёстой. Шинжлэх ухааны энэ хандлага нь аль нэг нам, аль нэг удирдагчид бүх бурууг тохож, системийн чанартай дүгнэлтээс зайлсхийдэг хоцрогдсон аргаас зайлсхийхэд тустай юм.
Ингэж авч үзвээс манай нийгмийн системийг бүрдүүлэгч гэр бүл, шашин, соёл, ёс суртахуун, эрүүл мэнд, боловсрол, нийтийн амгалан тайван байдал, амьдралын түвшин зэрэг бүхий л хүчин зүйлээрээ задралд орж, нийгмийн орчинд хүн амьдрах нь байтугай зугтаах, залхах, цөхрөх, ганцаардах зэрэг шинжүүд илтэд ноёрхох болж байна. Монгол хүн бие биеэ хайрлаж хүндэтгэхээ бараг больжээ. Монголчууд бид хүссэн ч, эс хүссэн ч хойч үеэ энэхүү худал хуурамчид сургаж байна.
Үүний шалтгаан юу вэ ? Үүнд олон хариулт өгч болох боловч хамгийн гол шалтгаан нь төр мөн. Хэрэв төр нь нийгмийн сайн сайхан байдал, хамтын амьдралыг хангах өөрийн үндсэн чиг үүргээ үл биелүүлэх аваас ийм байдалд гарцаагүй хүргэдэг аж.
Манай төр үүргээ огт биелүүлж чадахгүй байна. Энэ нь дараах зүйлсээр тодорхойлогдоно.
Үүнд:
1. Төрийн бодлогын шинжлэх ухаанч шинж чанар алдагдсан.
Улс төр, шинжлэх ухаан хоёр давхцаад байдаггүй боловч ямар ч төр шинжлэх ухааныг дээд зэргээр ашиглахыг эрмэлздэг. Манайд бол шинжлэх ухааныг хүндэтгэх нь битгий хэл, оюуны сэхээтнүүдээ нам төрийн удирдлагаас зайлуулсан. Хэрэв шинжлэх ухаан байхгүй бол мухар сүсэг, дураар авирлах хоёр л үлддэг юм. Монголын дарга нар эрх мэдэлтэй болмогцоо шинжлэх ухааныг шууд орлох болж, төрийн шийдвэр цөөн хүний дур зоргийн хэрэг болсон.
2. Төрийн боловсон хүчний бодлого алдагдсан.
Төрийн албан хаагчдыг ажил хэргийн шинжээр сонгон авах зарчим алдагдсанаас манай төрийн алба танил тал, хамаатан садны бөөгнөрөл болсон. Үүнийг илэрхийлэх нэр томъёо шинжлэх ухаанд байхгүй юм. Төрийн ийм алба үр ашигтай, үнэнч шударга, ард түмний төлөө ажиллах боломж, нөхцөл үнэндээ байхгүй юм.
3. Төрийн алба арилжааны шинж чанартай болж, төр авилгад бүхэлдээ идэгдсэн.
Төрийн албан тушаал бизнесийн шууд объект болон хувирсан. Төрийн хамгийн дээд шатнаас авахуулаад баг, хорооны засаг дарга хүртэл нийтдээ авилгад идэгдсэн. Дэлхийн банкны тооцоогоор далд эдийн засаг, хээл хахуулийн хэмжээ манай ДНБ-ий 30-49 хувьд хүрч байна. Саяхан бидний хийсэн судалгаагаар манай авилгын индекс 0,74 хувь хүрчээ. Энэ нь манай төрийн авилгад бохирдсон хэмжээ 74 хувь болсон бөгөөд дэлхийн айргийн тавд орох үзүүлэлт юм. Та бидний хэн нь ч авилгад өртөөгүй төрийн нэгж байгууллагыг нэрлэж чадахгүй юм. Үүний улмаас манай төрд хариуцлагын тогтолцоо, сахилга бүрэн устсан.
4. Төрийн ил тод байдал алдагдаж, төр өөрөө хаалттай систем болон хувирсан.
Төрийн аливаа шийдвэрт ард түмэн, сөрөг хүчин болон нийгмийн бусад институтууд хяналт тавьдаг, оролцдог ардчилсан зарчим оргүй алга болсон. Үүнээс улбаалан төр ард түмний хооронд амин холбоо алдагдсан. Манайд хэлбэрийн хувьд ардчилсан бүх институтууд байгаа хэдий боловч агуулгын хувьд тэдгээрийн үйл ажиллагааны зарчмууд алдагдаж, нийгмийн үр нөлөө нь оргүйтэй адил болсон.
Төрийн байгууллагуудын хэвтээ болон босоо удирдлагын уялдаа зохицуулалт бараг тасарч, тэдгээр нь харьцангуй бие даасан, хаалттай арилжааны салбар болон хувирсан. Өөрөөр хэлбэл манайд төрийн нэгдсэн бодлого, зохицуулалт алдагдсан.
Энэ нь манайд Үндэсний хөгжлийн хөтөлбөр байхгүйгээс илт харагдана. Төр нь улс үндэстэн, иргэдээ хэрхэн яаж хөгжүүлэх чиг баримжааг зааж чадахгүй байгаа нь төр арчаагүйдсэний хамгийн тод жишээ мөн.
5. Төр нь улс төрийн хүчнүүдийн дайсагналцлын талбар болж, эрх мэдлийн төлөөх тэмцэл нь эдийн засгийн өрсөлдөөнд шилжиж, энэ нь өвөрмөц маягийн иргэний дайны хэмжээнд тулж очсон.
Нийгмийн ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээ алга болж, улс төрчдийн ам ажил хоёр багцаагүй зөрж, нийгмийн эвлэрэл зөвшилцөл гээч зүйл оргүй алга болсон. Монгол дахь эрх мэдлийн төлөө тэмцэл нь эдийн засгийн шууд үр ашгийн төлөө тэмцэл болон хувирсан бөгөөд энэ нь төрийн байгууламжийг мөнгөний төлөөх хайр найргүй өрсөлдөөний талбар болгож байна. Ийм нөхцөл нь ямарваа нэг эерэг зарчим, хэм хэмжээг баримтлах боломжийг үгүйсгэж байгаа юм. Манай улс төр бүх нийтийн дайсагналцлын талбар болон хувирсан.
Дээр дурдсан системийн шинжтэй гажгуудын бурууг аль нэг нам, улс төрийн хүчинд дангаар тохох боломжгүй юм. Гэхдээ сүүлийн дөрвөн жил эрх барьсан МАХН эдгээрийг арилгах талаар үнэн хэрэг дээрээ юу ч хийгээгүй бөгөөд харин ч тэдгээрийг улам зохион байгуулалттай болгон төгөлдөржүүлж, гүнзгийрүүлсэн учраас гол буруутан болох нь гарцаагүй юм.
Жич: Энэ өгүүллийг дурдан буй сониноос бүрэн эхээр нь үзэж болно. Тухайн үед “Өдрийн сонин” зэрэг цөөн сонинд нийтлэгдсэн санагдана.

Судлаач Д.Ганхуяг
2012 оны 10 дугаар сарын 11.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to Н.ЭНХБАЯРЫН ШИНЭЧЛЭЛ БА ТҮҮНИЙ ТӨГСГӨЛ

  1. dk says:

    2004 он буюу өдгөөгөөс яг найман жилийн өмнөх анализ, Найман жилийн өмнөх хүмүүс яг тэр хэвээрээ бөгс долоогоод, за бараг нь бөгсөө долоолгуулах хэмжээнд очиж дэ, систем нь яг л тэр хэвээрээ ……
    Судлаачийн ажилд өндөр амжилт хүсье.

  2. Aldaraa says:

    Системээ өөрчлөж чадахгүй бол дагаад New-Энхбаяр ургаад гарна

    • Chintsogt says:

      зомби энхбаяр уу? хэхэ яагаав нөгөө үхчихээд буцаад амь орчихдог амьтан. зомби юм чинь харин ч нэг түйвээж гарах байхдаа?

  3. Davaa says:

    ulsturiin tomilgoo neriin door uuriin taliin uuriin namiin huniig alban tushaald gargadag / sandal suudal munguur naimaaldag/ ene togtoltsoo ugaasaa bishee. sanaagaar boldog bol uraldaant shalgalt yavuulaad tuhain tuhain salbart ni saidaas ni ehleed deerees ni dooshoo hurtel ajlaa meddeg hiideg hunee songood tavichval harin asuudal shiidegdchihmeer haragdaad baih um. Ingevel Mongol turd shildeg tolgoinuud ni huchee uguh bolomj neegdeh bishuu? odoo bol esregeeree hamgiin uruvdultei munhaguud turd ajillaj turiin ajliig, alban tushaaliig uuriin uchuuhun ashig sonirholoo guitselduulj amia tejeeh heregsel bolgood bgaa shtee./medeej busad olon prazituudaa bas tejeene/ Iim baihad yaj tur tsevershih um be? Turd tasraltgui halaa solio hiij shine humuuseer, shine tarhiar turiig selbej odoo ene bugshsan tarhind ni zoos guitsen avivgachdiin bohir hursiig huulj hayah heregtei bna. Avilgaliin deer buh asuudliig uls turjuulj biye biye daisagnadag baidlaa bolihgui bol bid hoorondoo zodoldood l gadniihan ter hoiguur ni geriig i achaad yavj magadgui bolood bgaa shuu.

  4. ganba says:

    их гүрнүүдийн тоглоомонд өртсөөр байгаад жинхэнэ эх орончидоо байх байранд нь тавьж чадахаа байснаас холыг харах тэнхээгүй “хорчин” овгийнхонд эзлэгдэж дээ манай төр. одоо тэд улс төр эдийн засгийн хүчирхэг мафи болж эрийн цээнд хүрсэн. үүнийг сөрөн зогсох, даран чадах хүч манайд бий юу

  5. Ганаа says:

    Хэн их гүрнүүдийн тоглоомд өрт гэсэн юм. Хэн эх орончдоо байх байранд нь тавихыг боль гэсэн юм. Хэн холыг битгий хар гэсэн юм. Хэн Та нарыг хорчингуудад эзлэгд гэсэн юм. Үүнийг Та нарт арав гаруй жилийн өмнө хэлэхэд бараг бүгдээрээ хуц гэсэн биз дээ. Одоо үүнийг сөрөн зогсох, дарах хүч байна уу гэж асууж байна уу ?! Уг нь бол ямар ч ард түмэнд ийм хүч байдаг ш дээ. Ахиад бүгдээрээ хуц гэхгүй бол ч…

  6. уншигч says:

    Өдрийн сонинд уншиж бсан Тухайн үедээ нийтэлсэн үр дүнтэй сайн анализ бсан одоо ч ач холбогдолоо алдаагүй бна Цочир ууртай хүн гэр орноо буулгаж эвдэж байж тайвширдаг шиг Энхбаяр түүний хүү Батшугар болон Энхбаярыг Пиночет болгож өөгшүүлсэн этгээдүүдээс болж Монгол улс тусгаар тогтнолоо түр алдах вий гэсэн айдас хардлага төрдөг болчихоод бна

  7. unshigch says:

    enhbayariin hiisen gaviya ni aldsan aldaanaasaa havigui ih shuu. busad ni hiisen gaviagui zugeer l dur esgegchid

  8. smsr says:

    ug ni bol yamar ch “ard tumend” iim huch bdag sh dee…
    negniigee gutaah, doosh ni hiih, gutgehdee l sain bolohoos zurh setgeleesee eh ornoo gesen uls bna uu daa.
    bodit baidliig ni heleed bhad l uhaarahgui l bna sh de

  9. deaglefx says:

    aahan

  10. xxxx says:

    Odoo ene Elbegdorj bas l bolohoo boliloo. Ene huniig odoo zogsoohgui bol Enhbayaraas 7 dor daranguilgach bolj baina. Jishee ni, Elbeg Mongoliin gadaad boldogoor ch galzuu yum shig togloj baina. Manai niigem aygaad baina aa

    • Anonymous says:

      Элбэгдорж манай гадаад бодлогоор яг яаж тоглоод байгааг баримтаар ойлгомжтой тайлбарлаж болохсон болов уу?

  11. Ганаа says:

    Энхбаяризм хэвээрээ байгаа цагт энэ байдал байнга үргэлжилнэ. Энд би хүн яриагүй, систем ярьж байгааг Та ойлгож байгаа байх…

  12. delgermaa says:

    Odoogiin cag yued en oronch huniig yamar shalguuraar, yaj todorhoiloh uu??? darga saidaasaa ehleed buh MONGOL Ulsin irged oorsdiigoo eh oronch gej helne, mon tegej oorsdiigoo uzej baigaa, ta nar eh oronch bish geed helwel aimar uurlah baihdaa????ehbayarizmig eh oronchuud bid buteen baiguulchihsan…tegeheer EH ORONCHiin tuhai oilgolt, shalguurin talaar yarih heregtei um bna daa?

  13. Reda says:

    Системийг манайхан Монголчууд ойлгох болоогүй бна даа. Баруун зүүнгүй хэвлэлүүд тархи угааж байхад энэ яг үнэндээ гэсэн мэдээлэл ховор болсон. Хэвлэлүүд бүгд худалдагдсан. Та дараа удаа худалдагдсан хэвлэл, Твүүдийн тухай бичээрэй.
    Номтойбаяр тэрбумыг хандивлалаа л гэдэг, бусад баян хүмүүс бас хандивлалаа гээд массаараа үзэн яддаг. Гэтэл хөөрхий тэд нарын буруу гэж юу байна аа. Систем нь тийм байгаа учраас тэр дагуу л амьдарч бна шд. Мөнгө өгөхгүй бол дээшээ гаралтгүй гсэн Системийг бий болгосон хүмүүс л буруутай. Тэр системийг Номтойбаяр бий болгоогүй.
    Сүүлийн жилүүдэд бүр хүчээ авч бна, энэ системийн доголдол нь.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: