БНМАУ-ААС МОНГОЛ УЛС РУУ

Энэ төрийн байж байгаа царайг харахад зургаараа л явж байна. Аргаа ядаад энэ тухай талаар 2008 оны 1 дүгээр сарын 9-нд бичсэн өгүүллээ дахин толилуулж байна. Яахаараа гадаадад уншаад байдаг Монголд болохгүй байдгийн учрийг би ерөөсөө олдоггүй юм. Өөрийгөө боловсролтой гэх монголд тангадын хараал хүрсэн гэлтэй. Учир нь “нам төр” гэх өгүүллийг 3-4 мянгаараа уншдаг монголчууд энэ өгүүллийг 4 жилд ердөө л 300 удаа уншсан байгаа юм. Даан ч дээ. Манай эмээ хэлэхдээ тэр нь: “Өөрөө битгий мэт, мэдсэн хүний үгэнд бүү ор” гэсэн байдаг юм гэнэлээ…
Монголын төр нийгмийг удирдах чадвараа алдаж, нийгмийн бүх салбар хямралд орж, энгийн хэллэгээр хөл толгойгоо олохоо байсан үед цэцэрхэх, мэдэмхийрэх, онолдох, номлох явдал тоймоо алдав. Бараг л толгойтой болгон онолч, судлаач болоод байна. Нийгэмд хөдөлмөрийн хуваарь гэж нэг сүрхий юм байдаг бөгөөд энэ нь дуучин нь дуугаа дуулж, бөх нь барилдаж, эмч нь хүнээ эмчилж, эрдэмтэн нь номоо уншиж, судалгаа хийдэг бөлгөө. Энэ зүй тогтлыг бид оргүй мартжээ. Бидний бухимдлыг төрүүлж, яаж ч ярьсан гарц олж чадахгүй байгаа олон асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга нь шинжлэх ухааны системт судалгааны дүгнэлт буюу анализ болой. Үүнийг зөв хийсэн тохиолдолд хямралыг даван туулах гарцыг тодорхойлж болно. Энэ нь эмч эхлээд онош тавьдаг, дараа нь эмчилгээ хийдэгтэй бараг адил юм. Иймээс нийтээрээ бодох эрэгцүүлэх болов уу гэж энэ өгүүллийг тэрлэж байна. Энд хэлсэн зүйлсийг бүгдээрээ төгс үнэн гэж болохгүй авч эрхбиш олон жилийн судалгааны үндсэн дээр хийсэн учраас байнд нь биш юмаа гэхэд банзанд туссан байх гэж найдна.
Огт буруу ойлголт
Манайхны олонхи 1992 онд шинэ Үндсэн Хууль батлаад ардчилал, зах зээлд шилжсэн гэж ойлгодог бөгөөд зөвхөн энэ үндсэн дээр ардчилал, зах зээлд шилжсэн алдааны талаар мянган юм ярьдаг. Үнэн хэрэг дээрээ огт ийм биш. Урд нь БНМАУ гэж байлаа. Энэ бол орчин үеийн үйлдвэржсэн нийгмийн ангилалд багтах төр бөгөөд хатуу үзэл суртал, хэт төвлөрөл, захиргааны албадлагын хүчээр монгол орныг нийгмийн дэвшилд хүргэсэн төр болох нь маргаангүй юм. Энэ төрийн муу муухайг хангалттай дуудсан болохоор ахин давтах нь илүүц хэрэг. Шинэ Үндсэн Хууль нь хуучин төрийг халах үйл явцын зөвхөн эхлэл нь болсон юм. Энэ хууль ардчилсан, шинэ Монгол Улсын төр, нийгмийн байгуулал, үйл ажиллагааны ерөнхий дүр зургийг л гаргаж өгсөн. Энгийнээр хэлбэл эхлээд Үндсэн Хууль ердөө л цаас байлаа. Хуучин системийн цөөн дарга нарыг халж, анхны сонгууль явуулж, олон намууд байгуулж, шинэ УИХ байгуулсныг төр бүрэн солигдсон гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Учир нь энэ үед БНМАУ-ын хуучин төрийн байгууламж, түүний бүтэц, аппарат, боловсон хүчин, ажлын арга барил гэх мэт систем бүхэлдээ хэвээрээ байсан. Харин бодит шинэчлэл, шилжилт ихээхэн өвөрмөц бөгөөд зөрчилтэй явагдсаны гэрч нь бид өөрсдөө бөлгөө.
Бидний мартсан нэг том хууль
Үндсэн хуультай хамт “Үндсэн Хуулийн хавсралт хууль” гэсэн гүнзгий агуулгатай, алсын үр дагавартай хууль баталснаа бидний ихэнхи нь хоолтойгоо холиод идчихсэн юм. Дурдан буй энэ хууль “БНМАУ-ын Үндсэн Хуулиас Монгол Улсын Үндсэн Хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай” гэсэн нэртэй. Нэрээс нь харлаа ч гэсэн энэ бол шилжилт, өөрчлөлт, шинэчлэл болоогүй, харин дөнгөж эхэлж байна гэдгийг тод харуулдаг юм. Энэхүү хавсралт хуульд “Үндсэн Хуулийнхаа адил нэгэн адил хүчинтэй” гэсэн их том заалтаас гадна “хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн Хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана” гэсэн нэн тодорхой заалт ч бий. Тэгэхлээр БНМАУ-аас Монгол Улс руу хийсэн бодит шилжилт энэ хуулийн хүрээнд нэлээд удаан явагдсан нь тодорхой. Харин энэ бүхэн хэрхэн, яаж явагдсан бэ гэдгийг анхаарч, судалж, шинжилсэн хүн тоотой хэдхэн гэдгийг би нотолж чадна.
Шинэ төрийг байгуулсан нь
Ямар ч гэсэн БНМАУ-аас Монгол Улс руу шилжих үйл явцыг 1992 онд байгуулагдсан УИХ хийж гүйцэтгэсэн. Эхлээд УИХ өөрийнхөө тухай хуулийг батлав. Энэ ч аргагүй. УИХ-ын гишүүнээр сонгогдож ирсэн хэдэн нөхөр л шинэ төрийнх, бусад бүх зүйл хуучин төрд хамаарагдаж байлаа. Удаалаад Засгийн газрын, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Шүүхийн, Прокурорын, Цагдаагийн, Тагнуулын Хууль гээд л цаашаа хөвөрч гарна даа. Өөрөөр хэлбэл төрийн байгууламжийг цоо шинээр бий болгож байлаа. Ийнхүү дөрвөн жилийн дотор Үндсэн Хуулийн хавсралт хуулийн бүх заалтыг хэрэгжүүлж, 1996 он гэхэд Монгол Улсын гэж нэрлэж болох төрийн байгууламж бий болсон юм. Энд алдаа гарсан уу үгүй юу гэдэг нь одоо нэгэнт онолын асуудал биш, практикийн асуудал болон хувираад байна.
Төр доторхи тусгаар тогтнол
Талийгаач доктор Х. Гүндсамсуу: “Ерээд онд (дан ганц –Д.Г) ардчилсан хувьсгал тохиогоогүй, бас үймсэн олны болон номенклатурын хувьсгал болсон юм…Ардчилсан хувьсгал нь импортын, үймсэн олны хувьсгал нь дарвисан, номенклатурын хувьсгал нь хоёрдугаар цувааны гэмээр содон шинжтэй” гэж нэн оновчтой тодорхойлсон байдаг.
Тухайн үед Монгол Улс төрийн шинэ байгууламж бүрдүүлэх зарчмын зорилтоо төрийн хуучин аппаратыг шинэ хэлбэрээр хуучнаар нь үлдээх ажлаар сольж орхисон нь зарчмын том алдаа байлаа.
Энэ бантанг хуучнаар бол номенклатур анги, одоогоор бол төрийн бюрократ анги хутгаж, ардчилсан будагтай жинхэнэ феодалын төрийг Монголд тогтоогоод байна. Тэр үед шинэ төрийн аль нэг байгууллагын тухай хууль хэлэлцэх бүрт төрийн хуучин аппарат зөвхөн өөрийн эрх ашгийг хамгаалан үлдэх төрөлх зөн билгээрээ ажиллаж байсан нь ийм арчаагүй байдалд хүргэсэн юм. Энэ үйл явц аль ч салбарт усны дусал мэт адил технологитой байсан. Ухаандаа аль нэг хуулийг хэлэлцэж батлахад эхлээд Үндсэн хуулийн холбогдох заалтыг хуулаад толгойд нь биччихнэ, дараа нь тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг зэрэг гэсэн хэсгийг шууд зааж оруулна. Энэ бүхний дүнд уг хууль тухайн салбар, чиглэлийн харилцаа, холбоог зохицуулах үүргээсээ хазайж, тухайн байгууллагын хууль болон хувирна. Энд аль болох бие даасан, бусдаас үл хамаарсан, аливаа хяналтаас ангид, эрх мэдэл дарга нарт төвлөрсэн нэг ижил зүй тогтол үйлчилж байсан.
Шинэ Үндсэн Хуулийн зарчим, хэм хэмжээтэй авцалдах зүйл энд туйлын ховор байлаа. Онолын хэллэгээр бол төрийн хэвтээ болон босоо удирдлага, зохицуулалтын боломж алдагдаж, төрийн удирдлага нэг хүнээс хэт хамаат байх гол нөхцлийг бүрдүүлжээ. Ингэснээр өнөөгийн монголын төрийн байгууламж бараг бүрэн бие даасан, эрх мэдэл, чиг үүрэг нь нэг бол ихээхэн давхцсан, нэг бол зохицуулалтын хийдэл гарсан, нэг бол эрх мэдэл, чиг үүргээ булаалдан өрсөлдөгч, ногдсон эрх мэдэл, чиг үүргээ наймаалцдаг, ямар нэг бүхэллэг, функционал хамаарал байхгүй, институтжлэг шинжгүй, тусгаар тогтносон байгууллагуудын механик нийлбэр болж хувирсан юм.
Энэ тохиолдолд төрийн удирдлагын үр ашиг, үр нөлөө гэх хамгийн гол зүйл оргүй устдаг юм. Нэгэнт ийм үед төр, засгийн ажил жаран чавганцын ажил болон хувирдаг бөгөөд ийм нийгэмд чигч шударга, худалч хулгайч ямар ч хүн айван тайван амьдрах боломж бараг байдаггүй. Уялдаа, шүтэлцээ, шүтэн барилдлагагүй төрийн задгай тогтолцоо нь ихээхэн эмзэг, нэг хүний нөлөөнд орохдоо туйлын амархан байдаг.
Буруутан хайхуй
Манайхан буруутан хайж олохдоо хэн ч атаархмаар авъяастай билээ. Гэвч төрийн байгууламжийг бүрдүүлэхэд үүссэн алдаа согогийг хэн ч, түүний дотор монголчуудын багш болсон барууныхан ч эхэндээ мэдээгүй юм. Тэр үед “ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч хаа байлаа” гэдэг болж, монголчууд ардчилал, зах зээлийн ид шидэд бараг бурхнаас илүү итгэж байсан. Бидний олонхи тулгарсан бэрхшээлийг нийгэм шилжиж буй үеийн түр зуурын явдал гэж үзэж байсан байх. Ямар ч гэсэн бидний ардчилал, зах зээлийн мэдлэг, туршлага гэж ёстой нэг хүүхдийн үлгэр байсныг шударгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Амтай болгон ярьдаг байсан засаглал хуваах онолыг нь одоо үзээд байхад засаглал хуваах биш, харин зааглах гэсэн нэн тодорхой утгатай юмсанж. Манайхан болохоор засаглал хуваах гэдгийг цагаан сарын боов хувааж байгаа мэтээр сэтгэж, төрөө өмчлөөд хуваагаад авчихсан нь одоо нэгэнт тодорхой байна.
1996 он нэлээд өнгөртөл энэ аюулыг анзаарсан хүн огт байгаагүй. Яагаад гэвэл бид бүгдээрээ социализмын бүтээгдэхүүн, юм үзэж нүд тайлаагүй, биллъярдын бөмбөг шиг адилхан хөгийн амьтад байсан. Барууныг дуурайж сайн сайханд хүрнэ гэдэгтээ бид дэндүү итгэлтэй байсан. Одоо ч энэ өвчин бидний сэтгэлгээ, үйлдэлд амь бөхтэй байгаа. Энэ үед бидний дунд “шинэ” “ардчилсан”, “зах зээлийн” хүн ганц ч байгаагүй. Барууны зааварлагч багш нар, барууны ном зохиол, бас гадаад явж, туршлага судлах л бидэнд баримжаа болж байлаа. Бид нэг хэсэг большевик намын түүхийг түвд маягаар яс цээжилсэн эртний хувьсгалчид шиг байсан. Гэтэл “баруун” гэдэг ойлголтонд нь хэтэрхий олон улс багтдаг, тэдгээр нь хоорондоо асар их ялгаатайг бид дэндүү хожим ухаарсан юмдаг. Нэгэнт шинэ замаар замнах туршлага, мэдлэг ор байхгүй, дуурайхаас өөр аргагүй байсан тохиолдолд энэ тэр хүн, энэ тэр нам буруутай гэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ бол бидний зайлшгүй туулах зовлонт зам, шившгийн хөндий байсан.
Аюулын анхны дохио
Хамаг итгэл найдвар, хүсэл мөрөөдлөө шингээсэн шинэ ардчилсан төрийг бэхжүүлэхийг барууныхан ч, манайхан ч ихээхэн хүсэж байсан нь эргэлзээгүй. 1997 оны сүүлчээр НҮБХХ-ийн төслөөр “Монгол Улсын төрийн байгууллагуудын чадавхи: ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх шаардлага, боломж” (УБ. 1998) сэдэвт судалгааг тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан, одоо МАХН-ын дарга С.Баярын удирдлагаар судлаач Д.Чулуунжав, доктор Г.Чулуунбаатар болон мөн миний бие хийх завшаан тохиосон билээ. Түүний үр дүн судлаач бидний хувьд ч дэндүү хачирхалтай байлаа.
Тухайн үед хэн ч тоогоогүй энэ судалгаанд: “Сүүлийн үед манай төрийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, зөрчилт байдал, хямралыг шинжлэн үзэхэд түүний уг шалтгаан нь манай төрийн тогтолцоо, өргөн хүрээнд яривал улс төрийн тогтолцооны зохист биш байдалд оршино”, “бусад зарим орнуудад төрийн тогтолцооны согог байдаг авч эдүгээ манайд байгаа шиг системийн хэмжээний гажиг байдаггүй бололтой” гэсэн дүгнэлт хийсэн юм.

Энэ дүгнэлт бидний мэргэн ухаантайд биш, харин тогтолцооны гажиг судлаачдад яахын аргагүй илт мэдэгдэж эхэлсэнд байсан болов уу. Удаалаад 2000 онд монголын системийн анализын толгой мэргэжилтэн С.Дашдаваа “Системийн хямралаас сүйрэл рүү” гэсэн томоохон аналитик өгүүлэл бичсэн нь тухайн үедээ их шуугиан тарьж билээ. Хэн ч тоосонгүй. Дараа нь улс төрчид залгав. 2000 онд Баабар “Бүгдээрээ эрэгцүүлэн бодъё” гэсэн томоохон аналитик өгүүлэл бичиж, төр нь бүр болохоо болмогц “Монголын тусгаар тогтнолын тунхаг” гэсэн давхар гарчигтай шинэ Үндсэн Хуулийн төсөл хүртэл санаачлав. Түүнийг бас л хэн ч тоосонгүй, харин мэргэжлийн хувьд би л лав олон дахин уншиж судалсан юмдаг.
Манай томчуудаас Н.Багабанди энэ гажгийг анх мэдэрсэн юм. Хашир туршлагатай, няхуур хүн тэрбээр захирамж гарган ажлын хэсэг байгуулж Үндсэн Хуулийн “Төрийн байгуулал” гэсэн III бүлгийг Ерөнхийлөгчийн болон Парламентын засаглалын гэсэн хоёр хувилбараар бэлтгүүлсэн юм.
Хүн болгон ардчилал, зах зээлд ороод сайхан байна гэж хашгирч байхад энэ хэдэн нөхөр яахлаараа ийм сайхан төр засгийг өөрчлөх гээд элдвээр оролдоод байсан юм гэж асуух хүн хойч үеэс маань гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Төр засгийн системийн гажиг аль эртнээс үүдэлтэй гэдгийг одоо олон хүн ойлгосон гэж найдаж байна. Мэдээж үүнийг засах боломж байсан ч монголчууд бидэнд тийм хувь ногдоогүй. Яг ухаараад засах ёстой үед нь Н.Энхбаяр гэдэг орчуулагч гарч ирээд төрийн өөрийгөө хамгаалж чадахгүй тусгаар байгууллагуудыг үнэ хаялцуулан зарж, зах зээлийн төр байгуулав.
Одоо Монголын төр Нарантуул захаас дээрдэх юмгүй болсныг бид бүгдээрээ мэдэхээс гадна түүнийхээ горыг амсаж байна. Нийгмийн бүх хамаг бурууг нэг хүн рүү тохох гэлээ гэсэн энгийн ухамсрын дүгнэлт угаасаа утгагүйг шууд хэлэх нь зөв байх. Монгол бол удирдагчаас хамаарах шинжээрээ хосгүй гэдгийг бидний нөхөд аль хэдийн судлаад гаргачихсан. Бас Н.Энхбаярыг ард түмэн өөрөө л сонгосон гэдэг нотолгоо ямар ч үндэс байхгүй юм. Тэр олон удаа сонгуулийн луйвар хийн гарч ирж байсныг бид бас л судлаад гаргачихсан. Иймээс Монголын төрийг хямралаас гаргах анхны алхам нь Н.Энхбаяраас ангижрах явдал мөн. Цаашдаа нэн өндөр боловсрол, торгон мэдрэмжээрээ төрийн тогтолцооны гажгийг анх мэдэрч, мэдсэн С.Баярт энэ лай ланчигт хямралаас гэтэлгэх түүхэн үүрэг ногдлоо гэж сануулах нь миний эрх болой. Оюун сэтгэлгээний үлэмж доройтолтой Зүмбэрэллхам гэгч нэг нөхөр Ерөнхийлөгчийг хамгаалах холбоо байгуулж давхиж байснаа гэв гэнэт Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх болчихсон шог явдлыг давтах чөтгөрийн хүсэл надад огтхон ч алга. Монгол Улсад ажил хийх эрхээ 10 жил хасуулсан надад ганцхан зүйл хэрэгтэй бөгөөд энэ нь системийн судалгаа шинжилгээгээ чөлөөтэй хийх эрх чөлөө бөлгөө.
Би зөв онош тавьсан гэдэгтээ итгэлтэй байна, эм нь надад бэлэн байна, харин уух эсэхээ энэ “Нам төр” хэмээх хэвтрийн нөхөр өөрөө л мэдэх байх. Үгүй гэвэл хохь нь л биз. Харин заваарч байгаад нийтийн үймээн самуунд хүрвэл би сануулж байсан шүү гэж хэлэх үгтэй байхад надад болох нь тэр. Энэ өгүүллийг нийтээрээ хэлэлцэхэд зориулж байгаа болохоор тал талаас нь шүүн тунгаах нь зүйн хэрэг боловч уншсан, дуулсан ганц нэг ишлэлээ эргүүлж ярихаас өөрийг үл мэдэх нусгайчууд, мөнгөө савируулсан улс төрийн луйварчдад огт падгүй гэдгийг зориуд сануулж байна. Хэрэв оюун сэтгэлгээний илүү өндөр түвшинд ярилцая, хэлэлцэе хэмээн ухаант уншигчид хүсэх ахул цуврал өгүүлэл бичихэд би бэлэн байна.
Судлаач Д.Ганхуяг
2008 оны 1 дүгээр сарын 9.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to БНМАУ-ААС МОНГОЛ УЛС РУУ

  1. Ганаа says:

    Энэ сануулгын дараа 7 сарын 1-ний үйл явдал болсныг бүгдээрээ санаж байгаа гэж найдаж байна.

    • Энэ сануулга, 7 сарын 1 хоёрыг хэрхэн холбож ойлгох уу? Нэг юм хэлээд байх шиг. Нас залуу хүний хувьд ухаан арай хүрэхгүй байна. Тайлбарлаж өгөөч?

    • Ганаа says:

      7 дугаар сарын 1-ээс хагас жилийн өмнө миний хэлсэн үг энэ байна л даа. Энэ өгүүлэлд орсныг хэн ч анхаараагүй бүгдээрээ л намайг солиорч байна гэсэн ш дээ. Тэр үг энэ байна. “Харин заваарч байгаад нийтийн үймээн самуунд хүрвэл би сануулж байсан шүү гэж хэлэх үгтэй байхад надад болох нь тэр”. Үүнийг одоо юуг нь тайлбарлах вэ дээ…

    • Тэр хэсгийг дутуу, анхааралгүй уншсан бна. Баярлалаа

  2. Naranbat says:

    Bid ene buhneesee salj, zuv goldiroldoo orj chadah bolov uu
    Bi tanii blogiig suuliin jil garan hugatsaand tasraltgui unshij bna. Bi l lav uuriinhuu hemjeend ih l ym oilgoj surch avch bna. Shiidver gargah hemjeenii erh medeltei humuus ni yaj bdgiig medehgui ym.
    Bid dotroo yaj ch bujignaj bsan eh ornoo hugjuuleh neg l tuiliin zorilogotoi bval bid sain saihand hureh bh gej itgeh ym.
    Aav maani tanitai adilhan nertei “buural” gej hochlogddog bsan ym. Bid margaashiin zug yarch bna gej heldeg bsan. Bidnii ter yaraad bgaa margaash ymarhan bh ym boldoo geed tanii niitleliig unshij suuhdaa boddog ym.
    Tand ih bayrlalaa
    Ajiliin amjilt husey

  3. by GNS says:

    enkhbayar gej orchuulagch, odoo huuhed ni gej estoi nusan buu daa, ee burkhan mini, ene mongold bolj bga yum bn uu

  4. delgermaa says:

    tiimee Bayaraas ih um huleej baisan, haramsaltai ni bultaad alga bolchihson (amia bodson uu, ulsaa bodson uu gedgiig cag yue bidend haruulah baih)…eh oronch uzel, humuujil, eh oronch hunii tuhai bid yadahnaa oirolcoo tocoololtoi bolmoor baina???

  5. Болд says:

    Үнэхээр гайхалтай тодорхой хэлж бичиж бсан байхад өнөөг одоог хүртэл төр нь ч төрийн тэргүүн нь ч засаг баригчид нь ч өөрсдийн судлаач эрдэмтдийнхээ үгийг сонсохгүй хүчийн нэгтгэн ажлуулж шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хийхгүй, системийн гажиг үүдэн гарах аюулыг багасгах арга хэмжээ авахгүй бгааг яалтай. Морь унасан толгойгүй хүн шиг болчихсон бидний байгуулж буй нийгэм үнэндээ үерийн усан дахь доош сорогч эргүүлэг адил бгааг олон түмэн минь бүгд ухаараасай мэдээсэй билээ. “Мөнх хөх тэнгэр минь ивээх болтугай” модон толгойтой төрийг зайдлагчдад итгэснээс тэнгэртээ хандсан нь шулуухан бхоо хэхэ.

  6. Adonis says:

    Tegeheer arai todorhoi hariya ene systemiig saijruulah erh medel, huch chadaltai bga salbar ni odoogoor uls tor bna…hedii chadaltai bolovch shinjleh uhaanii tuslamjguigeer yvbal nuhend unana(ugaasaa ch unasaar bgaa)…systemiin gajig bna zasahgui bol bolohgui gej heleed bhad sonsohgui bval…shinjleh uhaan ajil hayaj tus bolohoo bolij bolj bna…nuhend unahaa medreed ireheeree oorsdoo tuslamj guina…unagachihguin tuld sudas taria hiij davrahad ni tus bolj bsnaas ogt tuslahgui bsan ni system shinechlegdej ilaarshih hugatsaag boginosgoh ym bolvuu…system unaj bgaag harj horvoog orhisnoos zov zamdaa orj bgaag harchihaad yvbal ashtai yu…ali 2000 onoos l system nurna gej bicheed nurchihgui bga ni sudas tariagaar l yvaad, hen neg ni seremjluuleed bna gesen ug….zaluu humuust tus bolohgui bna gedeg nugel bish buyan l boloh bh

  7. Анхаа says:

    Би бээр үүнийн бас нэг судалгаа хийж байхдаа анзаарсан юм. Юу гэхээр МХЕГ гээч газар программ хийх боломж таарч юу хэрэгтэй байна гэж бүх байцаагчтэй нь уулзах зовлонг нь нэг удаа сонссон юм. Төслийн даалгуураа тодорхолох гэж мунгинаж байгад энэ Хяналтын байгууллагын Замбараагүй байдалыг цэгцлэхгүй бол ямар ч програм систем хийх боломжгүй юм байна гэж бодож байсан. Тэгээд тэр төсөл маань нурсан даа. 😦

    Би энэ дээр ганц л зүйлыг анзаарсан тэр олон байцаагч нар бол бүх төрлийн салбарын хяналтыг хийх үүрэгтэй мөртөлөө Компютер дээрээ хөзөрнөөс өөрийг ашиглаж чадахгүй байгааг хараад гутарсан шүү. 😦

    Иймэрхүү төрлийн шинэчилэлийг МХЕГ дээрээс л эхэлсэн зөв гэж би бодож байна.
    МХЕГ – Мэргэжилийн Хяналтийн Ерөнхий Газар

  8. gankhuu says:

    ер төсөөлж байгаагүй юм байна. Дараагийн нийтлэлийг уншихаар хүлээж байна.

  9. Orgilkhuu says:

    Vнэхээр голыг нь олсон сайн нийтлэл бна. Манай нийгэм vнэндээ жонхуураад дуусч байна. Энэ vнэндээ бидний хэнэггvй тэнэглэл, мэдлэг мэдээлэл дутдаг гэх мэт асуудлуудаас болж байна. Хийсэн алдаагаа цаг алдалгvй засаад явахын оронд тоолгvй хаясанаас болоод бид сvйрлийн ангалын ирмэг лvv аажим аажмаар дехеж байна.

    Бид vнэндээ буруу юмыг шvтсэний гай. Мэдлэг мэдээллийг шvтэхийн оронд менге эд баялагыг шvтэх болжээ. енеедер манай нийгэмд менгетэй хvмvvсийг дагаж шуурч бялдуучлах нь феодал нийгэмд ноедод бялдуучлагчид шиг харагдах. Тэр байтугай “Менгетэй хvн луувангаа иднэ vv, лаагаа иднэ vv бидэнд хамаагvй” гэж тэнэглэх. Vнэндээ сайн ухаад vзвэл тэр баячууд чинь таны хелс хvчээр мен таны оролцох эрхтэй баялагыг нvдэнд дээр чинь зараад баяжиж буй таньд хамгаас хамаатай улс шvv дээ.

    Бид енеедер бас зев мэдлэгийг буруу мэдлэг мэдээллээс сайн ялгаж салгадаг болмоор байна. Суурь мэдлэг, шинжлэх ухаанууд болох хими, физик, математик, хэл шинжлэл гх мэтийг бол бид байгаагаар нь сайн судалж мэдэх хэрэгтэй. Гэтэл эдийн засаг, улс тер судлал зэрэг бол ШУ яг мен гэж хэлэхэд хэцvv байнга хувьсан еерчлегдеж элдэв далд санаа оноо холилдсон шvvмжлэлтэй эрэгцvvлж хандах естой салбаруудыг яг байгаагаар нь хvлээж авах буруу. Бид юмыг бас задлаж анализ хийж, эрэгцvvлж болох болохгvйг нь сайн шvvмжилж алдаагаа засаад явдаг баймаар байх юм.

    Хамгийн гол нь энэ бvхэн бидний ирээдvй хойчтой л холбоотой зvйлс. Би баруун зvvний мэдлэг зев буруу гэж ялгаж салгамааргvй байна. Гол нь бид энэ дундаас зев сайныг нь олж шингээх. Енгерсен 20 жил бид барууны туршлага судлаад байна гэсэн ихэнхдээ хог шаарыг нь цуглуулаад байгааг даанч харахгvй юм.

    Зев хvмvvсээ бас дэмжихгvй байна. Энд нэг юм байнга санаанд буудаг. Д.Энхбат гуайг анх улс терд орох гэхэд аав нь “Манай улс зев хvнээ дэмжихгvй дандаа цааш тvлхэдэг” агуулагтай зvйл хэлж хорьж байгаад нэлээл cvvлд зевшеерч оруулсан байдаг. Гэтэл манай улс терд енеедер хамгийн хэрэгтэй байх хvнээ цааш нь тvлхэчихдэг. Мань хvн еерее ч Монголын улс терийн бохироос залхасан байх. Энхбат гуайн аав хегжил судлаач хvн байсан гэсэн. Аав нь дээр vед Африкын улсуудын хегжлийг судлаад байхаар нь Энхбат гуайг асуухад аав нь энэ бол манай улсад давтагдах зvйл гэсэн гэдэг.

    Гэхдээ ер нь бид зев боловсрол мэдлэг, санаатай сайн, оюунлаг хvмvvсээ л дэмжмээр байна.

    Енеедер манай улс терд менгетэй, менгегvй дараагийн “Их Удирдагч” болохыг хvссэн хvмvvс олон бийг санаарай. Бид хэнд ч хэзээ ч бvрэн эрх мэдлийг егч болохгvй. Бид хянаж, шvvмжилж байж л сайжирна. “Absolute power absolutely corrupts” гэж ишлэл байдаг.

    Ганаа судлаачийг Монголд ямар ч байсан шvvмж судалгаа тал дээрээ нилээд сайн зvйл хийж хувь нэмрээ оруулж байдаг гэж боддог шvv. Даанч таны vгийг сонсох естой хvмvvс нь сонсоод засаж залаад явахгvй юм даа.

  10. zochin says:

    ene chin nii Gem niiteeree gemtnii uls shuudee gedgiig eveg deedes ali hediin bidend heleed egchihsen zev yum neg ch baihgui niigem sh dee Ganaa met gants daichin neg ni temtseed amjiltand hurehgui. Niiteeree temtsehgui bol yazraad iljreed duuslaa
    meregjil negt and chin bichlee

  11. Litterati says:

    Цуврал өгүүлэл бичихийг тань тэсэн ядан хүлээх болно.

  12. bi says:

    tani shig humuusiig tor yagaad ashigladaggui um bol

  13. Д.Эрдэнэбат says:

    Улс төр гэж яг юу яриад байнаа гэвэл энэ монголд эвэртэй туулай харсан мэт болох биз. Би сайн мэдэхгүй. Төрийн зохион байгуулалтыг өөрчлөх гэх үү дахин системчлэх гэх үү энэ асуудлыг хамгийн түрүүнд хийх нь зөв байх. Улс гэж айлын эмх замбараагүй байдал үгүй болж айл шиг айл болох болов уу гэж бодож байна.

  14. Galdan says:

    Unekheer sain kharj chadjee.
    Niitleltei kholboogui khuvi khun S.Bayar – iin khuvid : “Zasgiin khongil” gesen niitleliig ni (1992 onii khavitcaa shig sanaj bn) unshij baikhdaa l ankh medeklh bolson. Ternees tcaash (Eronkhii said ene ter geed l kheseg mandav) busdiin l adil am saitai l baidag baiv. Gevch suuld l novsh baijdee gej bodokh bolson doo. Odoo ch gesen ene tend ogson yariltclagiig ni unshikhad Tc.Elbegdorjiig magtaad “Suid bainlee”. Iim l novsh um. MAN-ii tom lider iim l baina.
    Titem ug khelegch : Oyu tolgoin TUZ-d ulsaa tolooolj orsonoos ni khoish l khen be gedgiig ni medsen dee. Iim novshnuud khaanaasaa garaad irdeg baina aa. Tor, tumniikhee khair, khishgiig daagaad amidarch chadakhgui novshnuud umdaa.
    Монгол бол удирдагчаас хамаарах шинжээрээ хосгүй гэдгийг бидний нөхөд аль хэдийн судлаад гаргачихсан.- Khamgiin ikheer sanal niilj baina. “Mundag” udirdagchaa zov l songokhgui bol (ikh khun ooroo torokh bailgui dee) neg alialagchiig esvel tengert tulgaad l esvel gazart bulaad l ene ard tumen gedeg iim l baidag boltoi.

    • Ганаа says:

      Миний хамгийн сайн өгүүллүүдийн нэг л дээ. Гадаадын хэд хэдэн хэлэнд орчуулагдсан. Уг нь үүнийг үргэлжлүүлээд, задлаад, дэлгэрүүлээд цааш явах ёстой л доо. Магадгүй буруу зөрүүг нь шүүмжлээд засаж залруулах ёстой нь мэдээж хэрэг. Харамсалтай нь бичээд олон жил болсон боловч энэ санааг үргэлжлүүлсэн ганц ч хүн монголоос гараагүй. Тэхээр манай шинжлэх ухаан яаж хөгжиж байгаа нь харагддаг юм…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: