АРДЫН ЭЛЧ НАРТ

Сүүлийн үед би их загнуулж байна. “Аналийз” хийсэнгүй гэнээ. Бичихээр загнана, бичихгүй болохоор бас загнана. Бүгдээрээ улс төр сонирхоно. Яг улс төрийн “юм” бичихээр огт сонирхохгүй. Ухаандаа кино үзээд тайлбарлуулж байгаа маанагдуу хүнтэй төстэй юмуу даа, манай монголчууд. Тэгээд “киногоо” мартчихна, ахин дахин тайлбарлуулна, үнэнээ хэлэхэд би залхаж байна шүү. Дүлзэнг буудах орос цэрэг хүлээж байх хооронд чинь энэ төр засаг чинь дүүрэн Дүлзэн болчихоод байна, Ардын элч нараа.
Энд би анализ хийгээгүй, зүгээр л өнгөрч буй жил болсон болсон явдлыг жагсаан бичиж байна. Яагаад гэвэл үйл явдал маш хурдан болсон учраас манайхан “бодож” амжаагүй, тэгээд “мартчихдаг” зантай, тэгээд намайг “загнаад” байгаа учраас ингэж байна л даа…

1 дүгээр сар
Ноднин яг өдийд АН Засгийн Газраас гарсан юм. Манайхан мартчихсан байгаа нь лавтай. Энэ “саналыг” “Алтангадасын” Н.Алтанхуяг “ганцаараа” тавьсан, МАН огт “мэдээгүй” гэж ярьцгаасан. Энэ шиг худал зүйл байхгүй.
Яасан гэхээр Сү.Батболд нам доторхи нөлөөгөө ихэсгэх гэж намын аппаратад өөрийн хүмүүсийг оруулж, зарим залуусыг татаж, хүчний байгууллагад нөлөөгөө нэмэх оролдлого хийсэн юм. Энэ нь У.Хүрэлсүх, М.Энхболд нарт таатай асуудал биш байлаа. Ингэж МАН-ын системийн нуралт эхэлсэн. Сү.Батболд “намгүй”, У.Хүрэлсүх “засаггүй” байсан нь тэмцлийн гол нөхцөл болсон юм. Харин МАН-ын системийн эвдрэл Н.Энхбаярын үеэс эхэлсэн.
Үүний хариуд Ц.Элбэгдорж Ц.Нямдоржийн эсрэг дайралт зохион байгуулж, Н.Энхбаярыг “дэмжиж”, суртал нэвтрүүлгийн компани “удирдах” зэргээр МАН-ын эсрэг, мөн АН дотроо бол Х.Баттулгын эсрэг, З.Энхболд, Н.Батбаяр нарын “шинэ” хүмүүсийг дэмжих зэргээр ажиллав. Тэр өөрийгөө үндэсний удирдагч, “онолч, стратегич” гэдгээ харуулахыг ихэд хичээв. Энэ нь Үндэсний хувьсгалын 100 жилийн ойн илтгэлээс нь тодорхой харагддаг. Энэ үед Ц.Элбэгдорж АН, МАН-ыг зэрэг татан буулгах чиглэлээр ажиллаж эхлэв.
2 дугаар сар
Засгийн Газрыг бүрдүүлсний дараа түр “энх тайван” тогтов. Гэхдээ л дайны бэлтгэл хийж хүчний хуваарилалт хийж эхлэв. Ц.Элбэгдорж МАН руу хийх дайралтыг зохион байгуулав.
Үүний үр дүнд АН-ын “үзэл суртлын” ажил сайжрав. Одоо ихээхэн сонирхолтой учраас жил орчмын өмнөх АН-ын бүлэглэлүүдийг дахин дурдаж байна.
АН-д МҮДН: Р.Амаржаргал, С.Ламбаа, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Шуудан Зоригт, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, Алтан Гадас: Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Зүүн Хойт Ази: Лу.Болд, Баабар, МоАХ: Х.Баттулга, Барууны хүчний холбоо: З.Энхболд, С.Эрдэнэ, Монголын төлөө нам: Фортуна Н.Батбаяр нарын бүлэг бий. Мөн энэ үеэр “Нэг ардчилал” клуб, “Барууны хүчний холбоо” зэрэг нийлж байгаад “Шонхор” фракц байгуулав. Энд З.Энхболд (тэргүүн), С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Д.Одхүү нар байгаа ба тэд Үндэсний зөвлөлдөх хорооны 40 гаруй гишүүн элсүүлэв. Үүний дээр Ц.Элбэгдоржийн удирддаг “Нэг ардчилал” клубын Х.Тэжүүжин нарын залуу гишүүд нэмэгдэн оров.
Ингээд АН-д “Шонхор”, “Алтан гадас”, МоАХ гэсэн 3 том фракц ажиллах болов. АН-ын сурталчилгаанд гадаад хүчин зүйлийн илт нөлөө ажиглагдах болж, АН-ын явцуу дээд хүрээлэлд ялалтад итгэх итгэл бий болов.
МАН-ын Бага хурал “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” батласнаар өөр онцгой үйлдэл хийгээгүй. ИЗНН 3 даргатай болсноор улс төрийн үйлдэл хийх чадваргүй болов.
4 дүгээр сар
7 сарын 1-ний хэргийг босгон, засаг дарга нарыг “айлган сүрдүүлж” эхлэв. Засаг дарга сэтгэл санаагаар унаж, ажлаа хийж чадахгүй болов. Эдгээрээс хамгийн чухал, алсын үр дагавартай нь Н.Энхбаярыг баривчилсан явдал байв. Саяхан болтол түүнийг дэмжиж МАН-ын эсрэг чадамгай ашиглаж “дууссан” учир одоо зайлуулах цаг болов. МАН “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны кино хийв.
УИХ-ын гишүүд Б.Бат-Эрдэнэ, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Р.Раш нар экс ерөнхийлөгчийг “өмөөрөв”. Эдний дээрээс Ц.Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Балдан-Очир, Я.Бадамсүрэн нарын гишүүд нэмэгдэхээр бэлтгэв.
5 дугаар сар
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, хэлтсийн дарга Л.Даваацогт нарыг “Саутсгоби сэндс” компанийн хэрэгт холбогдуулан баривчлав.
Увсын Засаг дарга Э.Цасчихэр, Сонгинохайрханы Ц.Болд, Булганы М.Оюунбат, Говь-Алтайн Ш.Амгаланбаяр, Дорнодын Ц.Жанлав, Налайхын Б.Баяндэлгэр нарыг шалгав. Засаг дарга нарыг сүрдүүлэх аргаар МАН-аас нэр дэвших олон хүний нэр дэвшихийг болиулав. Жишээлбэл, Ж.Бадамжунай г.м. Энэ жагсаалт их урт, улам дээд ангийг хамарсан бөгөөд одоо ч “хүчинтэй” хэвээр. Баривчилгаа сонгуулийн дараа улам өргөжинө гэсэн цуурхал дэгдээв. МАН-ыхан үхтлээ айв.
ИЗНН жагсаалтад орох гэсэн 4 хүн тус бүр намдаа 600 сая төгрөг хандив болгон өгөхөөр болов. Тэд тойргуудад нэр дэвших хүмүүст 20-30 сая төгрөг тарааж өгнө, харин Д.Энхбат, С.Оюун нар мөнгө гаргахгүй, харин тэдэнд 20 аймгаар явах нисдэг тэрэг, бүх зардлыг нь өгнө гэв. Үүнд Д.Энхбат дургүйцсэн боловч нэмэр болоогүй тул УИХ-д нэр дэвшихээс татгалзав. Харин С.Оюун үүнийг зөвшөөрөв.
Хоёр том намын хувьд “тохиролцоо” хийв. Тэд хуучин бүрэлдэхүүний гол цөмийг хадгалан үлдэж, бас “угсаа залгамжлуулах” оролдлого хийв. “Тохиролцоо” ёсоор МАН 40 суудал, АН 30 суудал, үлдэх 6 суудлыг жижиг нам, эмэгтэйчүүдэд өгнө, үүний “баталгаа” болгож сонгуулийн тойрог, хэсгийн хороодыг зөвхөн “тохирсон хүмүүст” өгөхөөр шийдвэрлэв. Гэхдээ энэ “тохироог” эвдэж болох 10 гаруй хүн байгааг “дараа” ярилцахаар болжээ. Энэ “дараа” нь МАН-ыг ёстой алсан юм.
Тэр үед хийсэн судалгаагаар хоёр нам ойролцоогоор 15 орчим хувийн рейтингтэй байв.
6 дугаар сар.
УИХ-ын сонгууль болов.Энэ балай луйврыг хүн болгон мэдэж байгаа боловч нарийн ширийнийг сайн мэдэхгүй, мэдээгүй байгаа. Ямар ч гэсэн МАН бүртгэлийн луйвар, АН машины луйвар хийсэн. 2011 оны 12 дугаар сарын 25-нд “Юун электронсог юм…” өгүүлэл бичиж “Та нар бэлтгэж буй сонгуулийн луйвраа “муу машин”, “буруу бүртгэл” хоёр руу чихэх гэж байгааг чинь ямар мэдэхгүй биш”…гэж сануулж байсан. Одоо бол би үүнийг нотолж чадна.
7 дугаар сар.
Өөрийгөө “том” гэж үзсэн хүмүүс бусдыг нэгтгэх, жижгүүд нь хэн нь жинхнээсээ том болох гэсэн үйлдлээс болж замбараагүй байдал үүсэв. Хэдий ийм боловч бүлэглэлүүд “бүлэглэл төст шинжээ” хадгалсаар байв.
У.Хүрэлсүх болон зарим фракц намын Бага Хурлыг намар болтол хойшлуулах гэсэн боловч С.Батболд “бодох” зав өгөлгүй хурдан огцорсон учраас МАН-ын хууччуул түр амьд үлдэв.
АН ч гэсэн бодож амжилгүй бүх фракцууддаа албан тушаал хуваарилах ажил хийв. Тэд ИЗНН-ыг татаж, МАХН-ыг саармагжуулж “орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцоно” гэсэн томъёолол гаргав. Үүгээрээ АН улс төрийн ардчиллыг устгав.
Ц.Элбэгдорж монголын хамгийн шударга, сэтгэлгээний өндөр чадвартай Д.Энхбатыг улс төрөөс зайлуулав. Ингэснээр монголын улс төрд шударга хүн орох боломжийг хаав. ИЗНН хамгийн адгийн, хорлогчинтой, жигшүүртэй, ардчиллын бодит дайсан гэдгээ ил тод харуулав.
Нийслэлийг эзэлсэн АН дүүрэгт бүх хүчээ хаяж, нийслэл дүүргүүд дэх МАН-ын сүлжээг эвдэлж, өөрийн сүлжээг бий болгох зорилт тавив.
Харин МАН дүүрэгт байгаа сүлжээндээ тулгуурлан, мөн нийслэлд байгаа хүчээ ашиглан байр сууриа хамгаалахаар тулалдав. Манай түүхэнд байгаагүй “ширүүн тулалдаан” болов.
Үнэн хэрэг дээрээ нийслэл, дүүргийн бюрократууд намаас үл хамааран орон нутгийн эрхийн төлөө тэмцэлдэв. Тэдний дээр нь намын туг мандаж байсан болохоос намын хамаарал орон нутгийн феодалуудад огт хамаагүй байсан юм.
8 дугаар сар.
МАН-д ямар нэг итгэл үнэмшил, урам зориг, зохион байгуулалт алга болов. Тэсэж үлдэх зөн билэг л үлдэв. Нам дотор ноёрхлоо тогтоох гэсэн бүлгүүдийн далд тоглолт явагдаж, тэд бие биедээ байтугай өөртөө ч итгэхгүй болов. Сүүлдээ ялсан ч бай, ялагдсан ч бай хурдхан шиг энэ сонгууль нь дуусаад өгөөсэй гэж бодоцгоож эхлэв.
Намын аппаратад цомтгол хийж У.Хүрэлсүхийн багийн хэд хэдэн хүнийг ажлаас халав. Үүнийг Г.Занданшатар (Сү. Батболд ?) хийв. Үүнд У. Хүрэлсүх ихэд дургүйцэв.
Эндээс МАН дотор МАХН-тай нийлэх “хуучин” хүчин, дангаараа явах гэсэн “шинэ” хүчин хоёр зөрчилдөж байна дүгнэлт хийж болохуйц болов.
“Хуучин хүчин” Н.Энхбаяртай хамтран ажиллах, сонгуулийн дараа МАХН-тай буцаж хамтран ажиллах “стратеги” баримтлах болов. Бүх газар биш ч гэсэн тэд залуучуудаа шахаж эхлэв. Залуучуудаас бүрдэх “шинэ хүчин”-д олон залуус орно. Мэдээж аль ч талд ороогүй хүмүүс, бас аль ч учрыг олоогүй хүн олшров.
Тэд ирээдүй бүхий, зоригтой, намаа аваад явах “сайн дарга” хайж эхлэв. Эдгээр нэр томъёо тэдний “үгсийн сан”-гийн гол үг болов.
9 болон 10 дугаар сар.
Барилга нурав, нураана гэж сүрдүүлэв. Тэгээд ганцхан Лениний хөшөөг нураав. Н.Энхбаяр жүжиглэв. Жижиг феодалууд телевизээр гарав. МАН буйдантай жагсаал хийв.
11 дүгээр сар.
МАН-ынхан элдэв төрлийн хэлэлцээр, хуйвалдаан бие даан хийх болов. Энэ нь АН-д тэр дороо мэдэгддэг гаж зүй тогтол үүсэв. Хачин юм болж АН МАН-д зөвлөгөө өгдөг болов. Үүнээс болж Монголын улс төрийн холион бантан эхлэв.
МАН “хэнийг дэвшүүлэхээ орон нутаг өөрсдөө мэднэ” зарчим дэвшүүлж удирдах чадвараа алдаж үнэнхүү арчаагүй байдалд орсноо харуулав. Ингээд “өөрөө мэдэх” зарчим ажиллаж, намын бүлэглэлүүдийн дотоод тэмцлийг хурцатгав.
Хуучин МАН-д гомдогсод орох газар байдаггүй байв. Тэд “нөөц” нам АН-д хэзээ ч ордоггүй байсан. Одоо “чөлөөт шилжилт” хийдэг МАХН-тай болсон учир сонгуулийн “чөлөөт байдал” ихээхэн нэмэгдэв.
АН орон нутагт “хөлгүй” байсан бол итгэлтэй болж “төрийн дэмжлэг” авч, урвагчид, ховлон мэдээлэгчид, зовлон тоочигчдыг “хүлээн авдаг” ажилтай болов.
Орон нутагт монгол заншлаар дарга болох гэсэн хүн болгон өрсөлдөж “хүн хүндээ дайсагнав”. Энэ үйл явцыг намууд удирдан залах гэж оролдож буй боловч нэгэнт хяналтаас гарав. Иймээс үүнийг урсгал сонгууль гэж болно. Намууд хяналт удирдлагаа алдсан тохиолдолд орон нутаг дахь АН болон МАН-д “дундуураа хэнийг ч оруулахгүй” гэсэн сэтгэл зүй үүсэх нь тодорхой байсан. АН сайн удирдаад ялчихсан, МАН муу удирдаад ялагдчихсан юм ерөөсөө байхгүй. Зүгээр л орон нутгийн феодалууд байлдаад албан тушаал авцгаав.
Ер нь бол бондын төсөл хуваахаас эхлээд Монголын бүх юмыг хувааж байна.
Ялагдсан МАН-ын задрал эхлэв. Ялсан АН-ын толгой эргэв. Даргагүй МАХН-ын мөхөл эхлэв. Эвсэлгүй МҮШН тэнцвэр алдав. ИЗНН дахин урвах намгүй болов. Гацаа будлианаас болж төр засгийн ажил мухардав. Н.Алтанхуяг толгой эргээгүй царай гаргаж баахан мөнгө зээлэв. Ц.Элбэгдорж юуг яаж гоё ярихаа мэдэхээ байв.
Салъя гэхээр салж болохгүй, нийлье гэхээр нийлж болохгүй өөх ч биш, булчирхай ч биш төртэй болов. Ийм “юмыг” Монголд л төр гэж нэрлэдэг байх. Ард түмэн биднийг сонгосон гэх утгагүй үндэслэл нэмэр болохгүй. Яагаад гэвэл эд нарыг ард түмэн сонгоогүй…
Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байна.
х х х
Ингээд Танд үзсэн “киног” чинь ярьж өглөө. Ахиад битгий мартчихаж үзээрэй. Одоо гарах “Ардын элч” чинь бараг бүгдээрээ Дүлзэн болчихсон гэдгийг битгий мартаарай, Ардын элч нараа. Үүнээс цааш бол шинжлэх ухааны анализ болно. Энэ удаад би анализ хийгээгүй. Манайхан улс төрийн анализад бөхийн таавар шиг ханддагийг би сайн мэднэ. Хүн нь угаасаа цөөн юм чинь дурын хүн “буудаж” болдог л юм. Гэхдээ л шөвгийн дөрвөн бөхөө түвэггүй таачихдаг монгол цөөхөн л дөө.
Надаас нэмж битгий юм шалгаагаад байгаарай. Аль Дүлзэн нь “илүү сайныг” би ёстой мэдэхгүй. Тэрийг бол “Бид ялав”-аас асуу…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2012 оны 12 дугаар сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to АРДЫН ЭЛЧ НАРТ

  1. Anonymous says:

    Баяр хүргэе

  2. хахаха “бид ялав” ч бас авч өгнө шүүдээ. би бас энхбат ахад харамсдаг. ИЗНН ч дээ. чааваас л нам юмдаа. тийм хүнээ хөөгөөд явуулж байдаг…

  3. tulga says:

    ДАрвинизмийн шилжилтийн талаар оруулахгүй. ДАрвинизм бол хархнууд живж буй усан онгоцноос зугтаадаг гэсэн шинжлэх ухааны үзэгдэл бөлгөө. kkk.

  4. tuvshinjp says:

    Энхбатыг гаргасан биш шүү дээ. Өөрөө зүг чигээ алдаад гарсан. Угаасаа ийм улс төрд хэнтэй яаж харьцахуу цаашдаа өөрийн бодлогыг хэрэгжүүлэе гэвэл яах ёстойгоо мэдэхгүй явсаар өөрөө өөрийгөө арчсан. Ганцаараа улс төр хийнэ гэж байхуу?

    • Ганаа says:

      Угаасаа чам шиг дураакууд дүүрэн байхад улс төрөөр оролдоод яахав гэж Д.Энхбат бодсон. Яах ёстойгоо тэр мэдэж байсан. Гэтэл чам шиг дураакууд бушуухан хоол идмээр байна гэсэн. Тэгээд л тэр…Хоол идэхийн тулд “хуваадаг” тогоочийг биш, үйлдвэрлэдэг нийгмийг бэлтгэх ёстой гэдгийг чам шиг дураак хэзээ ч ойлгохгүй. Чамд бондын төсөл олдохгүй, за юу.
      Чи Японоос элдэв сайтад нэрээ солиод бичээд байхаар далдын хар малгайт болчихсон гэж битгий тэнэгт. Эцгийнхээ буяныг зөв шингээж сурах мөрөөрөө сур…

  5. Aldaraa says:

    та “Мөнгө булаах арга-1, 2”-г үргэлжлүүлэх санаа байна уу Анод Зоос банкны дампууралд АН, МАН 2 яаж оролцсныг гаргавал манайхан гайхна даа

  6. Ганаа says:

    “Мөнгө булаах арга” гарсны дараа мөнгө булаасан О.Чулуунбат дэд сайд, бас олон хүн их өндөр албан тушаалд дэвшин ажиллаж байна. Харин би баахан заналхийлэлд өртсөн. Одоо семинар хийх гэсэн хэдэн оюутан л үздэг юм шиг байгаам. Тэгээд би манай монголчууд мөнгөө булаалгах, дээрэмдүүлэх жигтэйхэн их дуртай юм байна гэж ойлгосон. Уг нь бол би энэ асуудлыг дэндүү сайн мэднэ л дээ. Та нар ердөө л “гайхах” гэж байгаа бол би бичих хэрэг байхгүй л дээ. Тэгээд ч Та нар банк дампуурахад гайхдаг ард түмэн биш, харин 21.000 төгрөг алга болбол гайхдаг тэнэг мулгуу ард түмэн…

  7. Aldaraa says:

    тийм одоо банкны асуудалд нэр холбогдогдсон хүмүүс өндөр алба хашиж байгаа Гэхдээ ЕСБХБанк банкны дампууралд хөрөнгө оруулсан 25%-аараа эрсдэл хүлээхгүй өөрийн хөрөнгөө бүрэн буцааж авсан нь энэ хэрэг олон улсын шинжтэй болсон юм шиг Хохирсон жижиг хувьцаа эзэмшигч нэг нөхөр энэ асуудлаар надаас асууж байсан

  8. Д.Эрдэнэбат says:

    Элдэв үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээр толгойгоо угаалгасан ард олны өгсөн саналын үр дүнд аль нэг нам гэх бүлэглэлүүд төр барих эрх авдаг. Монголын төр барих арга хэлбэрийг ардчилал гэж тунхаглаж биднийгээ хооронд нь талцуулж, гишүүнчлэх асуудлыг боливол хэр зохилтой вэ? Намд элсэн дүр үзүүлж хэний ч юм нөмөр нөөлөгт амьдрах гэж барьцаалагдах нь надад таалагддаггүй.

    • Tumee says:

      yag unen. tgeed mongol ulsad hun buhen setgel.zuin huvid asar ih gemteltei bn. setgel.zuin huvid iim ih emgegtei bhad yaj eruuleet setgedeg humuus songogdph ve deee

  9. Anonymous says:

    Enhbat bolovsroltoi shudraga hun gedegt sanal neg baina. Erdemt hun daruu gej aav ni saihan tuuhch baisan

  10. bi says:

    enhbat guai uneheer haramsaltai

  11. L.Ankhbayar says:

    Би Энхбат ахад талархаж явдаг. Жаахан ч гэсэн гэрэл гэгээ байгаа гэж бодхоор бас дотор онгойдог. Энэ заваан Улс Төр гээч зүйлээс холдож чадсанд нь маш их баяралдаг.

    Одоо тэр хүний эхлүүлэж байгаа НЭГ төсөлүүд нь бас сайн хэрэгжээд харанхуй нөхдүүлийг нэг гийгүүлээд өгөөсэй билээ.

  12. BB says:

    Оюун бол байр суурьгуй жижиг залиараа амьдарч яваа эмэгтэй. Дэмбэрэл бол биеээ тоосон хоосон этгээд. ИЗНН-д одоо ирээдуй байхгуй. Энхбат тэдэнтэй нийлэх хун биш. Тэдэнтэй хамт явах ямар ч хэрэггуй. Тууний шийдэл маш зев.

  13. ИЗНН Энхбатыг гаргасан гэдэгт санал нийлэхгүй байна. Намын гишүүд байлгах гээд эцсээ хүртэл зөндөө үзсэн, өөрөө л гэнэт ганцаарчилсан тоглолт хийгээд гарсан. Харин дараа нь энийгээ мөнгөний тулгат байсан гэж дуулгасан. Уг нь намын дарга хүн яг сонгуулийн өмнө жагсаалтад 2-т байсан шийдвэрээсээ татгалзаад гарлаа гэдэг чинь фронтод байлдаж байгаа цэргээ орхиод тулаанаас зугатлаа гэсэн үг биз дээ. Энхбат бол өндөр мэдлэг боловсрол, соёлтой хувь хүн болохоос багийн тоглогч биш, багийн алуурчны тоглолт хийсэн. Мэдээллийн технологи сайн мэддэг, мэдээллийн хаан боловч тэр ч хэргээ харуулаагүй ш дээ

    • Ганаа says:

      Баг нь бүгдээрээ мөнгөний бараа хараад өөрийгөө худалдаж, УИХ-ын гишүүн болно гэхээр Д.Энхбат нэрээ татах нь зөв ш дээ. Хамт олноороо урваад сурчихсан намыг баг гэж Та л хэлдэг байх. Та нар шиг 3-4 урвасан цэргүүдтэй байснаас ганцаараа байсан нь хамаагүй дээр. Надтай маргах гэвэл танай намын бузар булай цаашаагаа төр засаг руу их урт хөврөнө шүү. Та галаар тоглож байна. Би үлээх л юм бол юу болохыг нэг төсөөл дөө. Гэхдээ яахав, өөрсдөө мэд…

  14. bold says:

    Ganaa neg uleegeedeh dee

  15. Ганаа says:

    Чи зүгээр л паппараци сайтандаа “саналаа” бичээд явж бай. Хэзээ “үлээхээ” чамаар заалгахдаа дор ороогүй байна…

  16. delgermaa says:

    Ganaa ahdaa garch bui shine ondoo eruul enh, erch huch, iluu olon unshigch, demjigchtei bolohig husen erooe, saihan bayarlaarai

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: