ЗЮГАНОВ

Олон хүн надаас асуудаг юм. Одоогийн дэлхийн улс төрчөөс Та хэнийг хамгийн их хүндэлдэг вэ ? гэж. Би шууд л Зюганов гэж хариулах. Тэд Ганаа ах өөрөө коммунист юм чинь коммунистаа магтах нь аргагүй гэж бодож байгаа нь илт байдаг. Тэгээд инээдэг юм. Тэд үл итгэж байна, бас намайг шоолж байна. Харин намайг тайлбарласны дараа тэд арга буюу нээрээ тийм байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм. Та ч гэсэн ингэнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Энэ тухай өгүүлсү…
Энд би тухайн хүний үзэл санаа, улс төрийн үзэл бодлыг огт ярих гээгүй. Зүгээр л улс төрч хувь хүний гайхам чанарын тухай өгүүлэх гэсэн юм.
Та бүхний зарим сайн санаж байгаа байх. 1991 оны 8 дугаар сард Орост ГКЧП буюу Онц байдлын Улсын Хороо төрийн эргэлт (путч) гаргах гэсэн оролдлогын дараа Ерөнхийлөгч Ельциний зарлигаар “үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа” явуулсны учир ЗХУКН-ын үйл ажиллагааг зогсоож, түүний бүх өмчийг хураав. Улмаар 1991 оны 11 дүгээр сарын 6-нд ЗХУКН-ын үйл ажиллагааг бүрэн зогсоож, зохион байгуулалтын бүх бүтцийг татан буулгав.
Ингэж дэлхийг чичрүүлж байсан хамгийн том коммунист нам хэдхэн сарын дотор үгүй болсон билээ. Энд би улс төрийн дүгнэлт хийхгүй гэдгээ дахин дурдаж байна.
Гэтэл 1992 он хавьцаа Геннадий Зюганов гэх халзан хижээл эр гараад ирэх нь тэр. Оросын коммунист нам байгуулна гэнэ ээ. Ингэж хэлээд индрийн ард зогсож байгаа тэр эр үнэхээр тэнэг амьтан шиг харагдаж байв. Ер нь яаж ч бодсон энэ бол ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ байлаа.
Барууны хэвлэл тэнэг гэж хэлэн дээр нь гарч ирээд байгаа нь мэдэгдэж байлаа, тэд түүнийг зүгээр л шоолон инээж байв. Оросын хэвлэлүүд бол ёстой алж хаяв. Удам угсаанаас нь эхлээд хувь хүний шинжийг нь оруулаад ёстой пулемётлож гарав.
Түүнийг телевизээр байж байгаад л харуулна. Шууд л тэнэг талаас нь харуулна. Харин Зюганов философийн доктор, томоохон эрдэмтэн байсан юм. Хаа очиж янз бүрийн ярилцлагад унана гэж ёстой байхгүй.
Миний ойлгосноор тэр хэдэн “ямбий” машинтай, арваад хүн дагуулчихаад Оросын хотуудаар тавхайгаа эргэтэл явсан, эрүүгээ цуцтал ярьсан байх. Гэхдээ түүний үг оросуудын сэтгэл зүрхэнд хүрч байсан гэж би боддог юм.
Ингэж үзэж тарж байгаад 1993 оны 2 дугаар сарын 13-14-нд ОХУ-ын Коммунист Нам буюу КПРФ-ыг байгуулаад дарга нь болоод авдаг юм байна. Энэ нь ч бас гайхамшиг.
Намынхаа бүх баримт бичгийг өөрөө боловсруулсан гэдэг. Энэ ч бас үнэн юм. Яагаад гэвэл тэр маш олон ном бичдэг юм. Хэдий завандаа амждаг байна аа…
Түүнд мөнгө байгаагүй, намын байгууллагын сүлжээ байгаагүй, хэвлэл мэдээллийн ямар ч дэмжлэг байгаагүй юм. Харин дайсан бол хангалттай олон байв. Энэ дэлхий бараг бүхлээрээ түүний эсрэг байсан гэвэл нэг их хэтрүүлсэн болохгүй. Гэтэл тэр оргүй хоосноос бүхэл бүтэн нам байгуулж, хоёрхон жилийн дотор агуу том Орос орны парламентын хоёр дахь нам болгож чадсан юм. Энэ бол 1995 он байлаа.
1995 оны Төрийн Думын энэ сонгуулийг өөрийн биеэр ажиглах аз завшаан надад таарч билээ. Тэр үед Ельцинийг дэмждэг Ерөнхий сайд В.Черномырдиний “Орос орон-бидний гэр” эвсэл, Зюгановын Коммунист Нам, Жириновскийн Либерал Ардчилсан Нам голлон өрсөлдөгч байв. Ямар ч гэсэн Москва хот бүхэлдээ “Наш дом-Россия”-ийн ухуулах материалаар дүүрсэн байсан юм. Тэр үед бас л жаахан бүдүүлэгдүү барууны пиар дөнгөж нэвтэрч байсан үе л дээ.
Ингээд сонгуулийн дүн гарсан чинь Коммунист Нам сонгогчдын 34,9 хувийн санал авч, Төрийн Думын суудлын 157 суудлыг авсан юм. Эрх баригч “Орос орон-бидний гэр” эвсэл 10,3 хувийн санал авч, 55 суудал л авсан билээ. Тэр үед Зюганов баттай ялсан юм.
Энэ бол гайхамшиг байлаа. Яагаад гэвэл миний л уншиж мэдэх хэмжээнд ийм боломжгүй нөхцлөөс ийм богино хугацаанд ийм их амжилт олсон улс төрч ганц ч байхгүй.

Харин бусад нь дахин эвсэж байгаад түүний ялалтыг баллаж хаясан нь өөр асуудал бөгөөд үүнийг яривал улс төрийн асуудал болж энэ өгүүллийн хүрээнээс халин гарах юм.
Зюганов Ерөнхийлөгчийн сонгуульд 4 удаа өрсөлдсөн юм. Дөрвөн удаа ялагдсан. Ха ха гэх гэж байна уу ?! Үгүй л дээ. Ингэж өрсөлдөх бүрдээ тэр ямагт хоёрдахь хүнээр тодорч байсан юм. Энэ чинь агуу том Орос гүрэн шүү дээ. Дөрвөн дөрвийн арван зургаан жил Оросын хоёр дахь хүн !!! Энэ эрхбиш “нэг юм” харуулна гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Саяхан ОКН-ын XY Их Хурал болов. Зюганов үнэхээр ланжгар илтгэл тавьжээ. Би судлаач хүний хувьд түүнийг унших үүрэгтэй юм. Үнэндээ системт чанар, шинжлэх ухааны түвшин, логик дараалал хийгээд холбоос, арга зүйн тавил зэрэг нь гайхамшигтай юм. Харин түүний үзэл санаа “зөв эсэх” нэг энэ өгүүлэлд нэг их хамаагүй л дээ. Тэгээд би инээд хүрч суулаа. Монголд би ганцаараа уншиж байгаа байх гэж. Аягүй бол манайхан коммунист намын, тэгэхдээ бүр Оросын коммунистуудын юмыг уншаад байхдаа яадгийм гэхээсээ сийхгүй болтлоо мангуурсан ш дээ…
Уг нь бол улс төр судлалын ямар ч ангиллаар ОКН нэр нь л коммунист болохоос зүүний чиглэлийн социал-демократ хэв шинжийн жирийн нэг нам юм ш дээ.
ОКН-ын энэ Их Хурлаараа Зюгановыг улируулан сонгожээ. Энэ нь ч аргагүй байх. Үүнийг Та ч гэсэн хүлээн зөвшөөрнө байх. Энд би түүний улс төрийн үзэл суртлыг огт хөндөөгүйгээ дахин дурдаж байна. Би одоо болтол түүнийг хувь хүний хувьд гайхан судалдаг, тэр тусмаа хүндэтгэдэг юм. Тэр яаж ингэж чадваа ?!
Ингээд бодоход нам босгох, нураах хоёр бол хамгийн амархан ажил байдаг аж. Зүрх сэтгэл, хичээл зүтгэлийн л ялгаа юм болов уу даа…

Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 2 дугаар сарын 28.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

13 Responses to ЗЮГАНОВ

  1. Migo says:

    Өө би ОКН-ыг хуучин хөрөнгө, бүтцийн үлдэгдэл дээрээ ажилладаг гэж боддог байсан чинь, бүр оргүй хоосноос босчихжээ. Сонин л юм. Тэгэхээр манай аваргууд барж идэхгүй хөрөнгө өвлөж аваад, тэрэндээ сагаж эцэстээ жижиг чулуунд бүдрээд уначихаж байгаа нь үнэхээр арчаагүй хэрэг байна даа. Уг нь нөхөд өөрсдөө судладагсан бол ийм сайхан бэлэн жишээ, магадгүй бүр загвар ч бэлэн байдаг л байх нь.

  2. delgermaa says:

    hehe manai “ardchilsan socila” uzeltnuud unshih boltugai

  3. tsogoo says:

    Manaid ene tuuh urgeljleed baigaa ym bishuu. Gehdee garaa n ijil bish ym da.

  4. Болд says:

    Аливааг шууд үгүйсгэх дуртай, тэр тусмаа коммунд алергитай манай улс төрч нэртэнгүүд? ардчилсан большевик зантангууд? өөрсдийгөө мэдэхгүй ч өөрсдөө түмэн олноо яаж жинхэнэ хоморголон сүйрүүлж буруу замаар шороо тээлгэж бгаагаа мэддэг болоосой. Мэдэж бгаа ч ичих бүүхэл гудийхгүй өөрөөсөө бусдыг нульж буйгаа баатарлаг үйл болгочихсон яваа коммунистуудаас дор шинэ цагийн шовинистууд арилаасай билээ дээ.

    • Zochin says:

      Шовинист гэснээс хасагстан манай иргэдийг суулихаар нэг болж байна

  5. Б.Хүрэлтогоо says:

    Бүгдэд сар шинийн мэнд хүргэе. Сайхан юм аа. Өөрийн бодол, итгэл үнэмшилтэй хүн ямар хүчтэй байдгийн сайхан жишээ… ЗЮГАНОВ-ийг шоолж байсан хүмүүс, идгэрээгүй… ОРЧЛОНГИЙН БУЛАН БҮРД ХЭН НЭГНИЙГ ШООЛОН ИНЭЭЛДСЭЭР Ч ӨӨРСДӨӨ АЛЬ ХЭДИЙ ХЭН НЭГНИЙ ТӨЛБӨР, ТӨЛӨӨС БОЛСОН БУЙ…

  6. Anonymous says:

    Ta zyuganov shig uzeh tsag bii yu yer ni hen neg hun ene uls orniig joohon ch gsn uud tatahgui bol yu ch gui bolloo shuu

  7. Suren says:

    Хааяа боддог юм… манайхан саяхан, далан жилийн өмнө өнгөрсөн түүхээ үгүйсгээд жаахан малтай хэдийгээ “муу хар пиидал” дарлагч ноёлогч гэж муулж харааж байсан, одоо соц үеийн түүхийг дан хараар будаж, тэр үед бүтээж байгуулсан бүхнээ үгүйсгээд “муу сайн коммунистууд” гээд байна. Тавин жилийн дараа юм дахиж эргэхэд “муу хар ардчилагч” гээд сууж байх ч юм билүү… ккк

  8. Мөнхөө says:

    Монголд үнэхээр жинхэнэ коммунист үзэлтэн нэг ч байхгүй ш дээ, тэгсэн мөртлөө муусайн коммунистууд гэж нэгнээ ад үзнэ. Үнэндээ ардчилагч гэж байгаа нь ч, социал демакрат гэж байгаа нь ч ялгаагүй эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашгийг нам хамаарахгүй хангаж байдаг.

  9. Үл мэдэх шаруудын хотхонд says:

    КПРФийн цуглаан гэж сард нэг хоёр удаа талбай дээр хэдэн эмээ өвөө нарын бөөгнөрөлдөөн болдог юм. Тэднийг тоодог залуус гэж алга, Геннадий Андреевичийн гол ярьдаг юм нь БНХАУ, тэгээд Лениний үзэл. Том том байгалийн баялгийн компаниудын 33с дээш хувийг улс авсан байхыг шаарддаг мөртлөө улсийн компаниас хулгай хийгээд байгааг шүүмжлэхээс өөр юм хэлдэггүй, ярих болгондоо тэр үед тэгсэн бол манайх ингэчих байх байлаа л гэж ярьдаг тухайн үед мань эр хаана байсым бол номоо бичээд завгүй байсым боловуудаа. Яагаад 2т байнга ордог вэ гэхээр Орос орон өөрөө хөгшчүүл ихтэй, тэдний амьдрал хүнд бөгөөд засаг төрөөс харж үзэхгүй байгаад гомдоцгоодог, сүүлд 17аад хувь авсан нь орост эзлэх хөгшчүүлийн тоотой тэнцэх байх.

  10. Ганаа says:

    1. Хятадын Си Цин Пин Орост айлчлаад стратегийн түншлэл болж байна. Тэхээр ганц Зюганов түүнийг уриагүй байна, 2. Алс Дорнодод улсын хувийн нийлсэн том том компаниуд байгуулж, 10 триллион рубль төсөвлөөд байна. Энэ бол санаанд багтамгүй аварга их мөнгө юм. Чи Путин, Зюганов хоёрыг “дайсан” гэж ойлгож байвал мал л байна. Оросыг огт мэдэхгүй байж тэнд хоол хороож үхснээ хийнэ…

  11. Үл мэдэх шаруудын хотхонд says:

    1. Путин Зюганов хоёрыг дайсан гэж би хэлсэн гэж үү? энэ бол таны хэлсэн үг. Тэнд байнга шахуу уулздаг, Путинг яагаад хүмүүс их дэмжсэн гэхээр халамжийг сайжруулна, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гэж гарч ирсэн. Үнэндээ одоо оросын ард түмэн шинэ залуус гарч ирэхийг хүлээж буй тэдэнд Путинээс илүү сонголт одоохондоо байхгүй. 2. Хоол хороох мөнгөө өөрөө олж байгаа бол хаана хэний хоол хороох нь тийм хамаатай гэж үү?

    • Ганаа says:

      Оросын хоолыг идчихээд оросыг муулаад байвал чи өөрөө хөөгдчихдөг юм балай минь. Мөнгөө чи өөрөө олоогүй. Тийм боломж ямар ч хүнд байдаггүй. Чи эдийн засаг, нийгэм огт мэдэхгүй байна. Иймээс миний блогоос далд ор. Хоолоо зүгээр л олж ид…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: