ХАСБУУ ТАМГА ХАА БАЙНА…

Энэ асуултыг Монгол хүн болгон тавих эрхтэй бөгөөд ёстой юм. Ингэхэд Лигдэн хаан тамгаа хадны завсар нуусан “Цогт тайж” кино уран сайхны хэтрүүлэг биш юм. Үнэндээ Монголын Эзэнт Гүрний Төрийн Их Тамга яг тэр үед сураг алдарсан. Гэхдээ сураггүй алга болдог юм гэж энэ дэлхийд байхгүй л дээ. Энэ тухай эрэгцүүлье…
Төрийн Их Тамга
1204 онд Чингис Найманыг мөхөөх үедээ Татаатунгааг олзолсон ба тэр эрдэмт хүн Таян хааны тамганы түшмэл байсан нь тодорхой байдаг. Яг нарийндаа бол Хасар олж хаанд мэдүүлсэн юм. Ингэхээр Их Улс байгуулахаас хоёр жилийн өмнө тамганы учрыг монголчууд олсон хэрэг. Хятадаас хулгайлсан юмуу авсан юм огт байхгүй.
Саган Сэцэн “Эрдэнийн товч”-доо: “Тэнд тэр чулуун (Чингисийн үүдэн дэх дөрвөлжин чулууг хэлж байна) гэнэт бөгөөд өөрөөсөө хагарсны дотроос хасбуу нэрт тамга уртуулжин ба өргөн нь нэг төө, ард нь яст мэлхийн дээр хоёр луу ороолдон асан, жидир нь (эвхмэл үсэг нь) сийлсэн мэт хурвилан (хөрвийн) бүхий гарвай” гэж тэмдэглэсэн юм. Энд домог сүсгийн илт шинж байгаа боловч тамганы дүрслэлийг тодорхой өгүүлжээ.
1206 онд Чингисийг хаанд залахын хамт Төрийн Их Тамгыг олон ардад анх удаа үзүүлжээ.
“…Дараа нь хааны ордны бичгийн багш, тамгын сайд Татаатунгаагаас цагаан хасын дээр шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн “Мөнх Тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далайн Их Хааны зарлиг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн тамганд сийлсэн зарлигийг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв.” Сайшаал. “Чингис хааны товчоо”. УБ. 2004 он. 324 дэх тал.
Ингээд Чингис хаан 1227 онд нас барсны дараа, Тулуй нэг жил засаг барьж, Өгөөдэй арван гурван жил (1229-1241) хаан сууж, Наймжин хатан таван жил (1242-1246) засаг барьж нийт 18 жил болсон юм.
Ингээд Гүюг хүрч байгаа юм. Энэ хүртэл эзэнт төр элдэв самуун будлиангүй байсан учраас төрийн тамга гуравдугаар хаан Гүюгт уламжлан ирсэн нь ямар ч эргэлзээгүй. Энд бид Ромын Папад илгээсэн алдарт бичигт дарсан Төрийнхөө Их Тамгыг сайн мэдэх билээ.
Хятад домог
Дорно дахин төрийн тамганд ер бусын их ач холбогдол өгдөг. Үүний дотор Хятад онцгой ялгарна. “Төр залгамжлах хаш тамга” буюу “Төр залгамжлах эрдэнэ” гэхчлэн янз бүрээр хүндэтгэн дууддаг төрийн тамгыг Цагаан хэрмийг барьсан Цин Ши Хуанди барьж байсан гэж хятадууд ярьдаг.
Тэр тамган дээр 8 ханзтай бичээс байсан ба түүнийг манай нэрт түүхч Дарма гүүш “Алтан хүрдийн мянган хигээст” судартаа “Тэнгэр тэтгэсэн насун үргэлжлэл өртөө” гэж орчуулан буулгасан байдаг.
Цин ши хуанди бол НТӨ 259-210 оны хавцаа амьдарч байсан Хятадын анхны Цин улсын хаан бөгөөд Хятадын төвлөрсөн улсыг анх байгуулсан хүн юм. Тэгвэл чухам энэ үед Монголын Хүн гүрэн дэлхийн тавцан дээр товойн гарч байсан үе билээ.
Түүхэн сурвалжуудад хятад тамга хаш байсан гэдгийг тодорхой хэлж байна. Тэр үед Хятад, Монгол хоёр хаш урлалаар адилхан гайхамшигтай байсан. Үүнийг нотлоход амархан.
Хэдхэн жилийн өмнө манай нэрт археологич “сахал” Эрдэнэбаатар анх удаа гадаадын оролцоогүй Хүн язгууртны булшинд малтлага хийсэн юм. Тэндээс олон гайхамшигт зүйл гарсны нэг нь дэлхийд хамгийн том “зүрхэн толь” буюу хаш пайз гарсан явдал билээ. Зүйрлэн хэлбэл “нэгдүгээр хоолны таваг” шиг хэмжээтэй, зузаан нь хагас см орчим юм. Нас барсан хүнийхээ зүрхэн талд цээжин дээр нь тавьдаг байж.
Эндээс дараах локик дүгнэлт хийж болно. Хүнчүүд төрийн том зүтгэлтнийхээ шарил дээр дэлхийд хамгийн том зүрхэн толь хашаар хийж чадаж байвал төрийнхөө тамгыг бол хашаар хийх бол амархан. Манай Хүн гүрний төр Ромтой эн зэрэгцэх том төр байсан, маш өргөн дэлгэр харилцаатай байсан. Тэхээр яаж тамгагүй байх юм. Тийм биз дээ !!!
Иймээс манай археологичид хийгээд түүхчид Хүн гүрний тамгыг хайх ёстой бөгөөд үүрэгтэй. Тэгвэл манайх хамгийн анхны тамгатай төр болно. Энэ бол бүтэшгүй мөрөөдөл биш…
Эх орондоо ирсэн нь
Ингэсээр яваад Хубилай хүрчээ. Мэдээж хэрэг тэр тамгандаа эзэн байж чадсан. Гэтэл 1294 онд Хубилай нас бараад найман өдөр болсны дараа Хасбуу Тамгыг Мухулайн удмын гэрээс олсон гэж Юан улсын сударт өгүүлдэг. Хятадын эрдэмтэд тэр тамгыг худал гэдэг боловч Монголын хаад ямар ч гэсэн тамгатайгаа байсан байна.
Ингээд 1368 он болж Тогоонтөмөр хааны үе ирэв. Хятадад улаан алчууртны бослого гарч Тогоонтөмөр хаан Дайдуугаас (Бээжин) Барс хот руу зугтав. Энэхүү Барс хотыг Өвөр Монголын хишигтэн хошууны Буйр хот гэж үздэг. Харин манай хөдөөгийн Пэрлээ гуай Хэрлэнгийн хавьцаа гэж үзсэн.
Тогоонтөмөр хаан хэдийгээр цаг үеийн байдлаас болж Хятадаас зугтаж гарсан хэдий ч Монгол төрөө орхиогүйг түүний шүлэг гэрчилнэ. Тэрээр гуниглалт шүлэгтээ: “Хаан эзний хасбуу тамгыг ханцуйлж гарав, Хамаг дайсны дотроос хатгалдан гарав” гэсэн байдаг. Тэр Төрийнхөө тамгыг Монголдоо авчирчээ.
Ингээд бага хаадын үе эхэлж байгаа юм. 1368 онд Монголд ирсэн тамга 1634 онд Лигдэнгийн үед дахин гарч ирдэг юм. Бараг 300 жил алга байсан буюу сураггүй байсан хэрэг л дээ. Түүхэн сурвалжуудад гарахгүй байгаа болохоос тамга “алга болсон” хэрэг огт биш гэдгийг санах хэрэгтэй.
Тамгаа хамгаалсан Монгол
Мин улс Ар Юань руу олон удаа цэрэглэн дайрсан байдаг. Түүхэн энэ баримтыг Монголын төрийг устгах гэсэн гэж одоо болтол тайлбарлаж ирсэн. Гэтэл Минчүүд зорилгоо огт нууж байгаагүй юм. Ухаандаа Мин улс 1372 онд Монгол руу 3 чиглэлээр 15 түмэн цэрэг илгээхдээ тэдний өмнө ердөө л 3 зорилго тавьсан. Энэ нь:
Нэгд. Улсын тамгыг Ху нарын гараас салгах.
Хоёрт. Жанжин Бао Баогийн ялыг асуух. (Монголын алдарт жанжин Хөхтөмөрийг хэлж байна.)
Гуравт. Юаны хан хөвгүүн хэл чимээгүй байгаагийн шалтгааныг тодруулах” байсан юм.
Ойлгож байна уу, Улсынхаа тамгыг Ху нарын гараас салгах !!!
Харин алдар суут Хөхтөмөр жанжин Монгол Төрийн Тамгыг монгол нутгаас булаах гэвэл юу болдгийг үзүүлж 3 чиглэлийн бүх дайралтыг зогсоож, харин ч Мингийн нутаг руу монголын цомхон атлаа хүчирхэг арми цөмрөн орсон билээ.
Төр улсынхаа амин сүнс болсон Хасбуу Тамганыхаа төлөө Монголчууд эрслэн босч чадсан юм. Монгол цэргийн нэрт жанжин Хөхтөмөр, Өлзийбух, Нарбух, Мухулайн угсааны Нагачу нар Төрийнхөө төлөө амь хайргүй зүтгэсэн боловч хаад ноёдын зөрчил тэдний зүтгэлийг талаар болгосон юм.
Тэхээр Мин Монголын олон удаагийн дайны “эрх зүйн” үндэслэл нь Төрийн Тамга байсан нь тодорхой байна.
Шинэ тутам байгуулагдсан Мингийн төрд Чингисийн Тамгыг олж авах нь туйлаас чухал байсан юм. Ийм ч учраас тэд Хар Хориныг байн байн дайраад нэгжээд сүйтгээд байсан нь “тамга хайсан” хэрэг байсан юм.
Сүүлдээ Мин улс Тамгыг олж чадахгүйгээ мэдээд Цагаан хэрэм хавьцаагаас Тамга олсон гэж цуурхал тараав. Гэхдээ тэд Тамга хайх ажлаа орхиогүй юм…
Дорно дахины ёс зүй, домгоор бол Тамга залгамжилж аваагүй учраас Мингийн хятад төр Монгол төрийг залгамжилсан гэх ямар ч үндэслэлгүй. Мөн Дорно дахины ойлголтоор Тамгаа алдаагүй учраас Монголын төр мөхөөгүй юм…
Будлиан
Тогоонтөмөр-Аюушридара буюу Билэгт хаан-Төгс төмөр (1378-1388) дараалан хаан суусан юм. Ингээд 1388 онд гунигт өдөр ирэв. Минтэй хийсэн их тулалдаанд Төгстөмөр ялагдаж Туул гол руу зугтааж явахад нь Аригбөхийн угсааны Есүдэр довтолж түүнийг алжээ. Ингээд тамганы сураг бүр тасарч байна. Одоо тамганы сураг Монгол, Ойрд хоёроос зэрэг гарах болов.
Ойрд нь Минд элч илгээн: Та нар эхлээд зүүн Монголыг бут цохь, тэгсний дараа тамгыг өгнө, одоо өгөх гэхээр замаас булааж авах гээд байна. Зүүн монгол нь бас л Минд элч илгээн: Эхлээд ойрдуудыг ниргэчихээд дараа нь тамгаа аваарай гэхчлэн.
Харин хоорондоо бол тамгыг хайж байсан нь лавтай. Хэнд тамга байна тэр Монголыг захирна. Аягүй бол Хятадыг ч захирч болно…
Эрдэнийн эрхи, Алтан товч, Асрагч нэртийн түүх зэрэг тулгуур баримт бичгүүдэд Хубилайн удам тамга барих эрхтэй гэж хэлдэг ч Монголд л байвал юуны хамаатай…
Энэ үед “феодалын бутрал” гэж нэрлэдэг нийгмийн задрал самуун монголд явагдаж байсан бөгөөд тамга үзүүлэх нь бүү хэл, эрэгтэй хүүхдээ нуудаг байсан цөвүүн цаг юм. Ямар ч гэсэн тамга найдвартай гарт байж тодорхойгүй хугацаагаар “нууц болсон” гэж үзэж болно…
Манж домог
Ингээд бараг 300 жил өнгөрөв. Тамганы шидэт хүч оршсоор л байв. Түүхийн тавцанд дээр Манж дайчин улс товойн гарав. Гэсэн ч тэдэнд агуу их сүр хүчний бэлэгдэл хэрэгтэй байв. Тэр нь мөнөөх л агуу Их Чингис хааны Хасбуу Тамга бөлгөө.
Манжийн ихэд тархсан “домогт” бичмэл сурвалжид ийн өгүүлдэг:
“Найман сарын цагаан луу өдөр бэйл нэр түшмэл зарж, хааны хүн, илгээж, хол угтуулсан хишигт мөргөн айлтгасан бөгөөд үе үеийн улс залгамжлах хас эрдэнийн тамга олж авчирсан явдлыг мэдүүлэн айлтгав. Энэ эрдэнийн тамга бол Юан улсын ордны дотор хадгалж байсан тамга бөгөөд Шөньди (Тогоонтөмөр) хааны үед хүрч ирээд, Нийслэл хотыг орхиж, тэр эрдэнийн тамгыг авч, хилийн чанадад одоод, хожим Инчан Фү хотод очоод, хот алдагдах үес тэр эрдэнийн тамгыг үрэгдүүлсэн байна.
Тэгээд 200 гаруй жил өнгөрсний хойно нэгэн хүн хадын дор ямаа хариулж явтал нэгэн ямаа гурван өдөр өвс идэлгүй, гагцхүү туурайгаар газар цавчлахыг үзээд, хариулж явсан хүн даруй тэр газрыг малтаж, хас эрдэнийн тамгыг гарган авч, Юан улсын үр хойч Бошигт хаанд өргөн барьжээ. Хожим Цахарын Лигдэн хаанд сүйтгэгдсэн хойно хас эрдэнийн тамга Лигдэн хааны гарт оржээ. Лигдэн хаан бол бас Юан улсын үр хойч болой. Бэйл нэр тэр эрдэнийн тамгыг Сутай хатанд бий хэмээн сонсоод, авчир хэмээн авчруулж үзвээс ЖИ ГАО ЖИ БОО хэмээх дөрвөн хятад үсэг бичжээ. Хасын бие ишинд хоёр луу ороолдуулан үйлдсэн бөгөөд гэгээн сайхан, үнэхээрийн эрдэнэ аж. Доргон нар ихэд баясалдан, бидний Хаан буян ихтэй тул Тэнгэр гайхамшигт эрдэнэ хайрлажээ. Энэ бол түмэн жил болтол нэг болгож нийтлэхийн бэлгэ ажгуу хэмээн тэр эрдэнийн тамгыг хямгадан авч, дагаар орсон иргэний хамтаар Хар мөрөнийг гатлан, Хөх хотод хүрч ирэв. Тэр тухайд бэйл Ёото хараахан өвчилсөн тул мянган цэрэг таслан авч, Хөх хотод суув. Бусад бэйл нэр олон цэргийн хамтаар Цахарын хааны хүү Эрххонгор-Эжэй болон түүний сайд нарыг авч…буцав. Улаагчин гахай өдөр Зарлигаар…угтуулан илгээв…хас эрдэнийн тамгыг улаан эсгий дэвссэн ширээн дээр тавьж…Хааны цацрын өмнө шар ширээ тавьж, хүж асаан, Тайзун хаан хас эрдэнийн тамгыг хүлээн аваад, гараар өргөн барьж, олныг дагуулан Тэнгэрт мөргөж ёслон дуусгаад, сууриндаа сууж, баруун зүүн этгээдэд хандан Зарлиг буулгасан нь: “Энэ хас эрдэнийн тамга бол эртний үе үеийн хаадын хэрэглэж байсан эрдэнийн тамга бөгөөд Тэнгэр надад хайрласан нь магадаар омтгой бус”
хэмээв.
Энд хэд хэдэн зүйл илт ажиглагдана. Манжийн хаан Чингисийн Тамгыг залснаараа Агуу Их Эзэнт гүрний хууль ёсны залгамжлагч гэдгээ “албан ёсоор” нотолж байна.
Харин яг тамганы асуудал илт зохиомол болох нь ойлгомжтой байна.
Энд нэг нэр их сонирхолтой бөгөөд энд өгүүлж буй Инчан Фү хот бол дээр дурдсан Барс хот болно. Барс хот Хубилай хааны 4 дэх орд бөгөөд цэргийн томоохон цайз байсан ажээ. Зарим нь түүнийг Өвөр Монголын Хишигтэн хошуу, Далай нуурын баруун өмнө, Цахарын хойт хэсэгт байсан гэдэг. Манай хөдөөгийн Пэрлээ гуай “Шар тууж” болон бусад сурвалжаас сэдэвлэн Монголын нутагт Хэрлэнгийн хавьцаа гэж үзсэн. 1388 онд Мингийн цэрэг эзлэж, хүн амыг нь хядаж, шатаан сүйтгэсэн. Мөн Тогоон төмөр хааныг энд нас барсан гэж үздэг. Хотын багцаа одоо байгаа ч буурин дээр нь Тамга байхгүй нь тодорхой л доо…
Тэхээр Тамга Тогоонтөмөр хааны үед үрэгдээд, түүнийг ямаа олоод, ямааны эзэн Лигдэн хаанд өгөөд, улмаар Сутай нэртэй хатанд нь байж байгаад Манжийн хаанд шилжсэн болж таарч байна.
Харин түүхэн сурвалжид Лигдэн хааны хүү Эжээ Хонгор (дээрх сурвалжид Эрххонгор) аавыгаа нас барсны дараа жил буюу 1635 онд Хасбуу тамгыг Нурхачийн хүү Амбагайд аваачиж өгсөн гэсэн өөр мэдээ байдаг. Эжээ Хонгор өөрөө бол бууж өгч очсон. Харин Тамга өгсөн нь үлэмж эргэлзээтэй…
Наад зах нь Монгол Төрийн Хасбуу Тамганд 4 ханз яагаад ч байх ёсгүй. “Хятад” тамга байлаа ч гэсэн “Тэнгэр тэтгэсэн насун үргэлжлэл өртөө” гэсэн 8 ханз заавал байх ёстой л доо. Ингэхлээр манжуудад Монголын Хасбуу тамга байгаагүй болж таарч байна.
Манжид өгөөгүй, алдаагүй юм бол Монгол Тамга Монголдоо л байна биз дээ. Хятадад яагаад ч байж болохгүй. Яагаад гэвэл Хятад Манжийн дарлалаас дөнгөж 1911 онд гарсан юм…
Хасбуу Их Тамга Галдан Бошигтийн үед нэг “гарч ирсэн”. YIII Богд нэлээд хайсан, ямар нэг үр дүнд хүрсэн байж магадгүй л юм. Н.К.Рерих их асууж шалгаадаг байсан. Тэхээр Я.Блюмкин хайх нь мэдээжийн хэрэг. Ингэхээр цуут ОГПУ буюу Оросын Дотоод Явдлын Ардын Комиссариатын Улс Төрийн Удирдах Газар хайсан гэсэн хэрэг. Мөн Гиммлерийн удирдлага дорх алдарт Аненэрбе институт хийгээд немцийн хурандаа Э.Шефферийн Түвдийн экспедици бас их хайсан. Харин энэ бол орчин үеийн судалгааны чиглэл болно…
Тэрнээс хойш яасан гэж үү ?! Үүнээс хойш бол сэтгүүлч А.Баатархуягаас өөр монгол хүн хайгаагүй л байхгүй юу…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 3 дугаар сарын 30.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

25 Responses to ХАСБУУ ТАМГА ХАА БАЙНА…

  1. Д.Батмөнх says:

    Баярлалаа, Бидний мэдэх ёстой сэдэв маш их байнаа.

  2. sodnom says:

    Mongold hodoo neg ailiin burhan tahil dotorl baij bgada! Terch yahaw tsag n bolhoor garch irne biz!

  3. Өлзий says:

    Энэ тамгыг чулуугаар хийсэн юм бол ямар ч байсан шатахгүй, урагдахгүй, илжирэхгүй юм байна гэж ойлгов. Харин алхаар цохивол хага үсэрсэн байх магадлалтай л юмуудаа.

    • Ганаа says:

      Монгол хүн Тамгаа алхаар цохиж зүрхэлнэ гэж үү ?! Чи яаж ингэж сэтгэж чадаж байна аа ?! Монгол сэтгэл зүй бол Тамганы төлөө бие биенээ ч алахаас сийхгүй, харин Тамгыг бол амь наснаасаа илүү хамгаална…

  4. Болд says:

    Аанхаа Баатархуяг олоод арслантай авдартаа хадгалчиж тэгүүл кк, учир нь монгол хүн хайвал олоод хадгалахаа л боддог, эрвэл илчлээд эвдлэх /хэмхчих биш/, ирлэхийг урьтдаг, сураглавал мэдээд хэрэглэж дөнгөдөг гэж дуулддийн, өвөг дээдэс маань нуусан бол ч нуур ширгэхээс нааш үзэгдэж харагдахгүй бхоо хэхэ.

  5. Naraa says:

    Миний эмээ олон үлгэр домог мэддэг түүнийгээ бидэнд их ярьж өгдөг хүн байлаа. Эмээ маань нэг өдөр надад хасвуу /эмээгийн нэрлэж байсанаар бичлээ / тамганы тухай ингэж ярьж билээ. Хасвуу тамгагийг барих эзэн нь гарч иртэл халгалагдаж байх ёстой юм. Үүнийг үе уламжлан хадгалах нэгэн өрх байдаг. Хасвуу тамгийг хадгалах ёстой хүн бүр насан өндөр хүрч цагийн эрхээр хорвоогоос одох жамтай. Тамгийг хадгалагч тамгийг хүлээн авах хүлээлгэн өгөх үед харах учиртай. Тамгийг дагалдаж ямар цаг үе, нөхцөл бүрдсэн үед ямар шинж тэмдэг бүхий хүнд хэрхэн хүлээлгэж өгөх тухай тайлбар бичиг болон тамга хадгалагчийн ургийн бичиг дагалдаж байдаг. Тамга хүлээлцэх ёслол хүлээлгэн өгөгч хүлээн авагчийн хооронд л болох ба тэрхүү үед тамганы нууцыг хадгалах тангараг өргөдөг. Энэхүү тангарагыг өргөсөн хүн хэзээ ч тангарагнаасаа няцаж байгаагүй няцах ч ёсгүй. Эмээгийн ярьсаныг товчлон бичлээ. Эмээ хэзээ тэр цаг үе нь ирэх юм бол гэж намайг асуухад – Миний хүү эсвэл миний хүүгийн хүү л харах болов уу гэж хариулж билээ.

    • Anonymous says:

      Naraa Tany helj baigaa barag ortoidoo. Sain tsagiig uzeh bizee heduulee. Sudlaach Ganaad bayarlalaa

  6. Aldar says:

    Намайг бага байхад өвгөд хоорондоо ярихдаа ??? нуурт Лигдэн хаан нууж тэрнээс хойш сураг алдарсан. Манж дайчин улс монгол цэргүүдийн цогцосноос хүртэл нэгжээд олоогүй болохоор Чингисийн тамгыг олсон гэж цуурхал тараасан. Оросууд 1970-80 онуудад хайх гэж байсан тухай бас ярьж байсан. Тэр ??? нуур нэрт түүхэн газар нь 3 байдаг гэсэн аль нь вэ гээд байсан. Манай өвөөд бас Бал дарга, Самбуу гуай ч хоорондоо тэр тухай сайн сэм ярилцдаг гэсэн. Галдан Халхад довтлохдоо бас тамга хайж байсан гэсэн. Тэхээр тэр таамагласан 3 газрын Халхад байгаа нь илүү магадлалтай гээд байсан. Хөдөөгийн Пэрлээ гүай Чингисийн онгон байгааг Бал дарга өөрөө хэлнэ гээд амжаагүйг бодоход лав тамгийн талаар сайн судлаагүй бололтой.

  7. Өлзий says:

    Тийм / Үгүй
    Өмнөх сэтгэгдэл дээрээ би Хасбуу тамга яг биет байдлаараа байгаа юу үгүй гэдгийг л ложистик регрэсс маягаар хариулж байгаа юм шүүдээ.
    Өөрөөр хэлбэл хайлахгүй, уусахгүй, илжирэхгүй гэдэг чинь Хасбуу тамга биетээрээ байгаа гэдэг магадлал 75 хувь байна.
    Гэсэн ч эвдэлж сүйтгэж үү гэдэг нь бас л тодорхой биш л байна даа. Цохиж гэмтээгээд Хасбуу тамгыг тамга гэж хэлхэд бэрх болсон эсвэл тэгээгүй гэдгийг хэн ч одоохондоо хариулах боломж алга аа гэдэг санааг л алхаар цохих гэдэг үгээр хэлж байна аа хө.
    Орон зай
    Гэхдээ дээрхи нөхцөлүүдээр бол тамга байх магадлал нь 75 хувь тийм учир тамга орон зайн хувьд хаана байж болох вэ гэдэг бодлого бодох шаардлага гарч ирж байна. Өвөр монгол, монгол, шинжаан, харбин, буриадын дацан, дундад халхын боржигоны бор толгод, дархадын хотгорын агуйд уу эсвэл нэг аз нь гийсэн цуглуулагчийн гарт орсоно уу гэх мэт.
    Цаг хугацаа
    Хамгийн сүүлд 400 жилийн өмнө сураг гарсан болотой дог.
    Ер нь бол эрэл хайгуул бол ерөнхийгөөс нарийн луу гэсэн зарчмаар л явагдана. Энэ бол тоглоомын онолын нэг зарчим л даа.

  8. Ганаа says:

    Би бол чамайг ойлгоно. Харин уншигчдад чи бид хоёр “буруу” ойлголт төрүүлж болохгүй учраас “тайлбарласан” юм…Харин надад эрэл хайгуул яаж хийх “онол” заах бол илүү ажил. Ийм л байна…

  9. tsogoo says:

    saihan bichleg bn baatarhuyag ch sonirholtoi bichsen. medeej mongol gazar mongol hun harj hamgaalaad l yawj baigaa. gargah yostoi sain tsagiin shalguuriig 20 jiliin hugatsaagaar hemjidgui bailgui. zunvhun ungursun 100nd l gehed hichneen ch turiin nuur uzev de manjiin tur, bogd haant, ardiin zasiin, ardchilsan zasgiin geedl

    • Anonymous says:

      П.Ням-Очир хэмээх төвдөч залуу бий л дээ. Арилан дэлгэрсэн Монгол гэсэн цуврал өгүүлэлдээ яг энэ талаар бичсэн. Жаахан домогжуу л санагдаж магад

    • Ганаа says:

      Би мэднэ, уншсан. Домог нь хамаагүй ш дээ. Олон эрдэмтэн домгоос тун олон чухал дүгнэлт хийсэн байдаг. Иймээс л бичиж байвал сайн. Харин юу ч хийхгүй, юу ч бичихгүй байж солиороод байх л утгагүй…

  10. Reda says:

    Та энд буруу ярьж байна. Мэргэн хүн хааяа алдахыг аль тэр гэхэв. Жишээ нь тамгаа дайсандаа алдахаас аргагүйд хүрвэл ямар нэг аргаар устгах л хэрэгтэй. Үгүй бол тэр тамгыг дайсан тань хичнээн бузар булай хэрэгт ашиглаа билээ.

    Ганаа says:
    2013/03/30 at 11:31

    Монгол хүн Тамгаа алхаар цохиж зүрхэлнэ гэж үү ?! Чи яаж ингэж сэтгэж чадаж байна аа ?! Монгол сэтгэл зүй бол Тамганы төлөө бие биенээ ч алахаас сийхгүй, харин Тамгыг бол амь наснаасаа илүү хамгаална…

    • Ганаа says:

      Та нарын олонхи зүгээр л толгойдоо орсныг донгосдог өвчин туссан байна. Ингэхэд чи энэ талаар “нэг ширхэг юм” уншаагүй ш дээ. Энэ зан чинь утгагүй. Би судалсан болоод ярьсан юм…

    • Anonymous says:

      таньтай яаж холбогдох вэ? би судалгаа хийж байгаа юмаа

  11. t says:

    yag tiim. sudalsan hun ni yaridag baih ni deer.

  12. ddd says:

    Тамга олдох цагтаа олдох байхаа Энийг өвөг дээдэс минь бидэнд кодлоод үлдээсэх байх

    • Ганаа says:

      Хүүе найз аа. Энийг л хэлэх гэж хэдэн хүн “үлдсэн” юм…

  13. Jamin Dagva says:

    энэ сэдвийг олны хүртээл болгож ард түмний дунд байгаа домог хууч яриаг цуглуулан судалж үзвэл нэг чиг гарч магадгүй гэж бодох юм Домог хууч яриа бол оргүй хоосноос үүсдэггүй гэдэг шүү дээ мөхөс би ийн ухаж байна

  14. Anonymous says:

    Хар, цагаан сүлд, хасбуу тамга 3 бол монголчууд бидний дээд шүтээн. Үүнээс хасбуу тамга бараг гол шүтээн байхаа. Энэ 3-ын аль нь нол шүтээн болох талаар Ганхуяг ах уншсан зүйл байвал хуваалцаарай. Энэ тамганы талаар өмнөх түүх болон сүүлийн үеийн түүхэнд бичигдэж үлдсэн зүйл үндсэндээ байхгүй. Харин саяхан интерномоос өндөр тэнгэрийн айлдвар гээд нэг жижигхэн ном авсан чинь сонин сонин юм их уншлаа. Энэ тэнгэрт чинь манай монголыг харсан юм байдаг юм байна гэж ойлгогдлоо. Үүнээс хасбуу гэсэн шүлэгт ингэж бичжээ.

    Хэлт олныг засах\
    Хэрсүү ухааныг шингээсэн
    Хэтийн зоригийг бүтээх
    Хэргийн учгийг зангидсан
    Эрт цагийн өвгөдийн чинь
    Эшлэн хийж гүйцээсэн
    Энэ цагийн борчуудад
    Эрхэмлэн тахигдахаар бүтээгдсэн
    Эрхмийн дээд манлай
    Эрдэнийн дээд шүтээн
    Эргэн хөгжихийн зол
    Эрхэм дээд язгуур
    Хааны барих тамга
    Хасын дээд манлай

    Далай их дээдсийн чинь
    Дайчин омгийг шингээсэн
    Дарангуйлагч их тэнгэрийн
    Дарсан тамга нь Хасбуу
    Далан хэлийн улс
    Дагаж мөргөхийн даллагатай
    Олон хэлийн улс
    Онцолж мөргөх учиртай
    Морь нь хэдий молор боловч
    Модон ташуураар занчуулдаг буюу
    Хөх чоно хийморьтой боловч
    Хувхай ясыг хэмлэдэг буюу
    Хасбуу тамга гагцаар
    Хамаг бүхнийг эрхшээж
    Хаш цагаан ястаны
    Халуун алганд атгагдана

    гэсэн байх юм. Үүнийг уншаад одоо олдох гэж байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө. Үүнээс гадна тэр номон дээр нийт монголчуудын тухай, тэнгэрийн тухай гээд сонин сонин уран яруу шүлэглэсэн бн. 1000-хан төгрөг юм бн лэ

  15. Amaraa says:

    Ter tamgand ni ymar neg id shid bga met sanagdchixlaa.

  16. Sandag says:

    Хөдөөгүүр байж л байгаа дөө. Эсвэл нэг газарт булаатай эсвэл хаданд нуугаа биз. Одоо ч тэгээд тэрийг оллоо гэхэд ямар ч үнэ цэнэгүй шүү дээ. Ар Өвөр Монголчууд л сүйд болохоос бусад нь тоохчгүй мэдэхчгүй биз. Шинэ зуунд хэрхэн хүчтэй болох вэ гэдгээ л бодох хэрэгтэй.

  17. A.J.T says:

    Hasbuu tamgaar Mongol undestniig sereej, bas negtgej boloh ch yum biluu.

  18. Anonymous says:

    XAC BYY TAMGA XAMAG DELKHIIG ZAHIRAH HUCHTEI.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: