АЛЬ НЬ “ТОМ” БЭ…

Хэрэв хэн нэгэн надаас Монголын төр “том” уу, “Монгол коммент” нэвтрүүлэг “том” уу ? гэж асуувал би ямар ч эргэлзээгүй Баяраа, Билгээ хоёр Монголын төрөөс хамаагүй “том” гэж хариулна. Олон хүн надтай санал нийлнэ гэж бодож байна. Энэ тухай болон төр олон түмэнтэйгээ харилцах шинэ хэлбэр е-засаглалын тухай тухай ярих гэсэн юм…
Засгийн “ажил”
Иргэдийн өргөдөл гомдлыг цахимаар хүлээж авна, иргэд хуулийн төсөл болон протокол болон бусад мэдээллийг нетээс үзэж болох техникийн боломж аль эрт бий болсон юм. Наад зах нь үүнийг хийнэ гэж гадаадаас авч идсэн мөнгийг бол тоолохын аргагүй. Гэхдээ л хийж чаддаггүй юм. Ямар ч гэсэн нетээр өргөдөл авах хууль аль эрт гарсан боловч “монгол механизм” ажилладаггүйг би сайн мэднэ. Ухаандаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгсөн миний 2 удаагийн өргөдөл “нохойн замаар” орж, 3 жил хариу байхгүй алга болох жишээний. За энэ ч яахав…
Шинэчлэлийн Засгийн Газар 2012 оны 10 дугаар сарын 12-оос эхлэн “Иргэдээ сонсох “11-11″ төв” ажиллуулж эхлэв. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож энэ Төвийн зорилго бол “Засгийн Газрын чихийг онгойлгох явдал болно” гэдгийг онцлон дурдсан билээ.
Хуучнаар “пропускийн товчоо”-г засаж янзлаад ийм гоё болгосон юм. Гар утаснаас бол 1111 дугаарт залгана, эсвэл 141111 дугаарт мессеж илгээж болно, эсвэл 1111@gov.mn хаягаар цахим шуудан илгээж ч болно. Twitter, facebook хаягнаас ч хандаж болно. Төв өдөр бүр 8-20 цаг хүртэл ажиллана.
Ийм сайхан зүйлийг шинэчлэлийн Засгийн Газар санаачилсан юм. Хэн үүнийг муу гэх юм ?!
1111 Төв нь санал хүсэлтийг зохих яамдуудад явуулдаг ба тэр яамдууд нь бас иргэдээ “сонсох” тусгай утастай байдаг юм байна. Бид маанаг болоод мартчихаж.
Ухаандаа Эрүүл Мэндийн яамны “сонсох” Төв 1111 төвөөр дамжуулан 2012 оны 10 дугаар сараас 2012 оны 2 дугаар сар хүртэлх 4 сарын хугацаанд 1350 санал хүлээн авч, түүний 1300 буюу 96,3 хувьд нь хууль тогтоомж “тайлбарлаж”, харин үлдсэн 4 хувийг “шийдвэрлэх” шатандаа явж байгаа гэнэ. Хамгийн мундаг “сонсдог” яам нь Эрүүл Мэндийн яам гэнэ.
Ухаандаа ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Бат-Ирээдүй “сонсох” ажлаа ингэж дүгнэж байна: “Саяхан гэхэд л Баянхонгор аймагт эмнэлгийн ажилтны хайхрамжгүй байдлаас болж түлэгдсэн нярайн гэр бүлийнхэн хүүхдэд нь цаг алдалгүй, хурдан шуурхай арга хэмжээ авч бүрэн эдгээж, эмчилж өгсөнд талархсан сэтгэлээ ирүүлсэн байгаа”. (Х.Бат-Ялалтын news.mn сайтад 2013 оны 2 сарын 27-нд өгсөн ярилцлагаас)
Мөндөө, хүүхдийг нь шалзалж түлчихээд “цаг алдалгүй” арга хэмжээ авсанд ар гэр нь яаманд талархаж гэнэ. Ингэж “сонсохоор” чихгүй байсан нь хамаагүй дээр. Ингэж “сонсдог” төр байдаг юм уу ?!
Хамгийн “мундаг” яам нь ийм байгаа юм чинь “муунууд” нь дүлий годил л байж таараа ш дээ…
Иргэдээ “сонсох” санаачлагыг Нийслэлийнхэн уухайлан дэмжжээ. Тэнд “Улаанбаатар сонсож байна” гэсэн 1200 гэсэн утас байнга ажилладаг гэнэ. Би л маанаг болоод мэдэхгүй явсан байна. Бас http://www.ub1200.mn сайт ажилладаг байна.
Түүнчлэн лавлагаа, мэдээлэл гаргах өгөх 1234 гэсэн утас байнга ажилладаг гэнэ. Бас http://www.ub1234.mn сайтаар лавлагаа мэдээлэл өгдөг юм байна. Харин энэ 2 утас, 2 сайтыг ажиллуулахын тулд Нийслэлд 9 хүн орон тоогоор ажилладаг нь жаахан тиймхэн.
Ингээд бүх аймгуудад иргэдээ “сонсдог” болсон байна. Бодвол орон тоо байж л таараа.
Нийслэл рүү манай эхнэр хэд утастаж үзсэн юмаа. Манай эхнэр болохоор нь “сонсоогүй” байх гэж би ойлгосон…
Төв засгийн төв “сонсох” төв, Нийслэлийн “сонсох” төв, бүх яамдын “сонсох” төв, бүх аймгийн “сонсох” төвүүд нийлээд бүтэн сүлжээ болж байна. Орон тоог нь хэлээд юүхэв. Иргэдээ “сонсоход” мөнгө хайран биш ш дээ…
Төвийн, нийслэлийн, яамны, аймгийн байруудыг тохижуулахад хэчнээн мөнгө, бас хэдэн хүн орон тоогоор ажиллуулж байгааг бодвол чамгүй мөнгө гарах нь мэдээжийн хэрэг.
Хэрэв би эндүү хараагүй бол бөөрөндөө “хотын дарга Таныг сонсож байна” гэж бичсэн машин гудамжаар явж харагдсан шүү. Ингээд бүх түвшинд, бүх шатанд, бүх салбарт төр засаг биднийгээ сонсож байна…
Гэхдээ хийхгүй бол сонсоод ч яах юм билээ…
Баяраа, Билгээ хоёр
Гэтэл төр ингэж хүнд сурталтай “сонсож” байхад хоёрхон залуу хөнгөн шуурхай сонсож болж байна аа. Энэ бол “Монгол коммент”.
Монгол олон иргэний хувьд төр, засгийн сонорт дуулгаж байснаас Баяраа, Билгээ хоёрт дуулгаж байсан нь хамаагүй дээр үзэх болсон нь тодорхой байна. Яагаад гэвэл тэр хоёр хүнд сурталгүй, чих зөөлөн, ялгаварладаггүй, ямагт иргэдийн талд байдаг юм.
Одоо ТВ-9-ийн “Монгол коммент” нэвтрүүлгийг мэдэхгүй, Баяраа, Билгээ хоёрыг танихгүй хүн Монголд бараг байхгүй биз.
Бараг л Та нар муусайнуудыг Баяраа, Билгээ хоёрт хэлнэ шүү гэх нь шахаж байна ш дээ. Тэр хоёрт өгч буй өргөдөл бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад өгдөг өргөдлөөс нэг их дутаад байх юм байхгүй. Миний ажигласнаар тэр хоёр нэг нэвтрүүлгээр 4-5 өргөдөл “хэлэлцэж”, 20-30 асуудал “шийдвэрлэж” байна. Ийм төрийн байгууллага ганц ч байхгүй л дээ…
Ийм болохоор нь би энэ хоёрыг төрөөс “том” гэж хэлээд байгаа юм.
Төр бол яахав дээ, сонссон болоод л аргалаад л өнгөрнө. Дараа ир, хүлээ, өргөдлийг чинь ийш тийш шилжүүллээ, цохлоо гэнэ, бас өөдөөс баахан хууль ярина. Тэр хуулиар чинь би яах юм ?! Би асуудлаа шийдүүлэх гэж байхад чинь…
Баяраа, Билгээ хоёр бол асуудлыг шийдвэрлэж чадахгүй нь үнэн. Гэхдээ л нийгмийн бүхий л асуудлыг ил гаргаж, олны хүртээл болгож байгаагаараа манай нийгэмд үнэхээрийн буянт үйл бүтээж байна.
Тэр хоёрт ховлонгуутаа сэтгэл нь онгойдог шиг байгаа юм, манайхан. Больж муусайн хогнуудыг, “Монгол комментоор” гарч байхдаа таарсан шаарнууд…
Харсаар үзсээр байтал ард түмэн тэр их засч янзалсан, “сонсдог” газар руу чинь очихгүй “Монгол коммент” руу өргөдлөө бариад гүйгээд байгааг бүгдээрээ харж байна.
Яагаад гэвэл дүлий дүмбэ төртэйгээ ард түмэн сайн мэдэж байна, тэдний “сонсох” худлаа гэдгийг ойлгож байна, энэ хоёр залуу хэлсэн үгийг нь гуйвуулахгүй, асуудлыг гоёж чимэхгүй, байгаагаар нь гаргаж тавина гэдгийг хүмүүс ойлгож, мэдэрч байна.
Ямар ч гэсэн энэ хоёр залуу манай нийгмийн олон хүнд асуудлыг ил гарган тавьж, олон түмний санал бодлыг илэрхийлэх индэр болж чадсан гэж социологчийн хувьд үзэж байна.
Бараг бүх телевиз иргэдээ ямар нэг байдлаар сонсдог боловч “Монгол коммент” шиг ийм амьд, дотно, шууд холбоо тогтоож чадаагүй юм. Энд сэтгүүлчийн авъяас, чадвар, бодлого, шинэ сэтгэлгээ зэрэг миний мэдэхгүй “олон юм” байгаа байх…
Тэгвэл яах вэ…
Тэгвэл асуудлыг шийдэх арга бий. Засгийн Газар “Монгол коммент” нэвтрүүлэгт ирж буй саналуудыг албан ёсны гэдгийг зарлах ёстой. Мөн тэнд ирсэн өргөдлүүдийг албан ёсоор хүлээн авч, зохих шугамаар хариуг өгч байх ёстой. Ингэж баймаажин л иргэдтэйгээ амьд холбоо тогтоож болно.
Мөн энэ хоёр залууд 10 хүний цалин шууд олгох буюу тэдний ажлыг байнгын төсөл (сан ?!) болгон санхүүжүүлэх ёстой.
Яагаад гэвэл наадуул чинь зүгээр нэг “хоолны савнууд” биш. Мөн энэ хоёрын нэвтрүүлгийн анхны шүүмжлэлт үзэл санаа, нэвтрүүлгийн бодлого, ёс суртахууны үнэлэмж, хэлэх ярих зүйлд ямар нэг нөлөөлөл, шахалт хавчилт үзүүлэхгүй гэдгээ ил тод хэлэх ёстой.
“Монгол коммент” төр ард түмнийг холбох нэгэн гүүр болж чадна гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Яг үнэндээ бол би төр засагт хамгийн сайн “нүд чих” олох боломжийг хэлж өгч чадсан гэж бодож байна. Ингэвэл төр засаг жинхнээсээ ард түмнээ сонсож чадна…
Ингэж чадахгүй бол дүлий дүмбэ чигээрээ л үлдэнэ ш дээ. Иргэдээ сонсох сүлжээ нь хоёрхон залуугаас илүү гарч чадахгүй бол ямар юмных нь төрийн алба байдаг юм…
Харин хоёр залуу маань туршлагагүйн улмаас улс төрчдийн, ялангуяа Н.Энхбаярын нөлөөнд орох бий гэсэн ганц л зүйлээс айдгаа энд хэлэхэд илүүдэх юун билээ…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 4 дүгээр сарын 10.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

8 Responses to АЛЬ НЬ “ТОМ” БЭ…

  1. Ganaa.D says:

    Ардчилсан нь гараад Монгол жаахан ч гэсэн өөрчлөгдөх болуу гэж их горьдож сууна.Одоогоор овойсон товойсон юм олж харахгүй л байна.Монголын төр чадалгүй улсуудаар дүүрсэн бол ямар ч гоё нэртэй нам нь гараад амьдрал дээшлэхгүй юм шив дээ.Энэ хэвээр удаж болохгүй ээ.Сэтгүүлчийн хэмжээнд ч ажиллаж чадахгүй төр гэж байдгаа.Монголчууд тулдаа л төртэй төргүй мөрөөрөө яваад байгаа байх шүү.Юманд хэмжээ байдаг.Судлаач танд баярлалаа

  2. Btbr Nm says:

    Бичигдсэнтэй санал нэгтэй байна. ТВ-үүдийн нэвтрүүлгээр яригдсан асуудлыг удирдах байгууллагууд анхаардаг юм болов уу? Миний бодоход тэд үүнийг огт тоодоггүй юм шиг байгаа юм. Арга ч үгүй биз тэдэнд хууль үйлчилдэггүй юм чинь ТВ нэвтрүүлэг бол юу ч биш байдаг байх.

  3. borat sagdieB says:

    Shal hudlaa ter 2 enkhbayar maxntai holbootoi neg ch zuiliin tuhai yaridaggui. Tegeed ch ter 2 shiidver gargadag ni bish. Yaaj eznee magtan duulahaa l boddog

    • 1 says:

      MUDHUN L HAALTIIN GEREE HIIGEED EHLEH BH DA NAAD HOYOR NUHUR….

    • Ганаа says:

      1. Нийгмийн хурц асуудлыг дэвшүүлэн тавьж байгаа нэвтрүүлэг нэг хэрэг. 2. Тэр нь “муу асуудал” бол МАХН-ын тарьсан “ургацыг” АН “үржүүлж” байгаа хэрэг. 3. Энийг ялга гэж хүнд толгой заяадаг юм…

  4. эрдэнэ says:

    энэ хоёр залуу үнэхээр цагаа олсон нэвтрүүлэг болсон. гэвч соммент бичигчидийн тархийг жаахан цэнэглээд арай хурц хурц мэдээ мэдээллүүдийг явуулдаг болговол ч зүгээр. заримдаа хэт тулга тойрсон соммент уншигдаад байдаг шүү

  5. Маралаа says:

    яг үнэн мундаг залуус шүү монгол комментээр орсон мэдээллийг энэ улс төрч гээд байгаа хүмүүс нэг удаа ч гэсэн үзээсэй билээ. бас нууц товчоогоо алдсандаа үнэндээ их харамсаж байна гиннес ер нь яагаад мэдээллийг шалгадаггүй шууд бүртгэж авдагт гайхаж байна. энэ газарлуу гомдол гаргаж ядаж болдоггүй юмуу. үнэхээр гомдолтой байна. За за 2 залуудаа амжилт хүсье битгий л улс төр лүү ороорой гэж хүсье дээ

  6. Anonymous says:

    Би жирийн хөдөөгийн иргэн.Бүх амьдралын турш хөдөлмөрлөж, хэдэн хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн өвгөн. Монголд ажил хийдэг хүн байхгүй болжээ. 1990 – 2000 онд төрийн албанаас хүмүүс зугатаадаг байсан бол өнөөдөр төрд шургалахын тулд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, нам дагаж навсганаж, хандив нэрээр намд мөнгө цутгаж, албан тушаал эрх мэдлийг худалдан авдаг болжээ. МАН-аас УИХ-д нэр дэвшихийн тулд 100.0 саяас 1 тэрбум төгрөг, АН-ын ҮЗХ-ны гишүүн болохын тулд 10,0 сая, УИХ-ын гишүүний мандатыг авахын тулд 50 – 100 сая төгрөг хандив нэрээр намын удирдлагадаа өгч байж УИХ-ын гишүүн болдог болжээ. Нөгөө Үндсэн хуульд заагдсан жирийн иргэний сонгогдох эрх мөнгөний эрх болж, шудрага үнэн гэдэг сураггүй алга болсныг харах бүрд энэ нийгмийг, энэ төрийг жигшдэг болоод байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: