КОММЕНТООР БӨӨЛЖИГЧ

Хөвсгөлийн Бурхнаар бөөлждөг хүүхэн баригдав. Бүгдээрээ пөх пах болов. Яг үнэндээ бол иймэрхүү нөхдүүд Монголоор дүүрэн бий. Хаана гээч ?! Нетэд. Өөрийгөө сэхээтэн гэж нэрлэх эдгээр нөхдүүд мэдээллийн эрх чөлөөг хязгааргүй эдлэнхэн нетэд ороод суучихаж. Тэгээд комментоор бөөлжин Монголын ард түмний оюун санааг хордуулан залуу үеийг, ирээдүйг хорлон сүйтгэж байна. Сүүлийн үед тэд хэтэрхий даварч бүдүүлэг, системгүй, ёс суртахуунгүй, доод түвшний, нийгэм болон соёлд хорлолтой мэдээлэл маягийн нян бөөнөөр нь тарааж, тэр нь үндэсний оршихуйд нэн аюултай болсны учир би үүнийг бичиж байна.
Үүнийгээ тэд хүний үг хэлэх эрх, эрх чөлөө гэдэг боловч хүн хорлох, нийгэм хорлох, үндэстэн хорлох, ялангуяа залуу үеийг хорлох эрх чөлөө гэж яагаад ч байх ёсгүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Хоёр мянган жилийн өмнөх арга
Комментоор бөөлжигсдийн мэдлэг боловсрол хүн авахын танаг байхгүй. Гадаад хэл бага сага гадарлана, нет хэсч яваад үзсэн тогтоосон тоо баримтаа мэдлэг гээд итгэчихсэн үнэхээрийн балай хүмүүс. Тэд хэрэглэж буй аргаа мэргэн цэцний туйл гэж үзнэ.
Харамсалтай нь энэ аргыг аль дивангалавт эртний Грекэд Аристотель гэдэг гүн ухаантан “Логик” гэдэг алдар бүтээлдээ нээгээд биччихсэн юм. Түүнээс хойш хүн төрөлхтөн бүхий л төрлийн маргаанд эдгээр аргыг хэрэглэвэл “логик заль мэх” гэж үздэг болсон.
Лав л логик болон гүн ухаанд энэ аргыг үзэн яддаг. Мөн бүхий л төрлийн мэтгэлцээнд хориглодог.
Гэтэл хүн төрөлхтөн аль хэдийн мартчихсан логик заль мэх сүүлийн үед Монголын төр засгийн өндөр дээд түвшингөөс эхлэн хамгийн орчин үеийн гэж цээжээ дэлдэх интернетэд баттай суурилав. Бараг л Монголын гэмээр дэг сургууль болон хөгжиж байна. Сүүлдээ бараг энэ балай юмаараа бахархах хандлага бий болов. Битгий солиорцгоо. Би Та нарыг тэгж давруулахгүй.
Логик заль мэх
Иймээс эхлээд Аристотелийн нээсэн логик заль мэхийг жагсаан бичихээс эхэлж байна. Харин монгол жишээ авах нь мэдээжийн хэрэг.
Нэг. Сэдэв солих. Монголоор бол хадуурах, балайруулах гэж оноож болно. Манайд хамгийн түгээмэл өвчин. Нэг юмыг ярьж эхлэхэд шал өөр юм батлахыг хэлнэ. Ухаандаа Монголын ихэнхи улс төрчдөөс ийм заль мэхийг харж болно. Эсвэл нэг юм ярихад түүнийг олон хэсэгт задалж, хэсэг тус бүрийг асуудал болгон задалж үндсэн сэдвийг бүдгэрүүлнэ. Жи: Саяхан би Киприйн банкны хямрал, тэнд оросын баячуудын мөнгө алга болсон, дэлхийн санхүүгийн систем ил тод болж байгаа, улмаар манай баячуудын мөнгө алга болох тухай өгүүлэл бичсэн юм. Гэтэл комментоор бөөлжигсөд оросууд угаасаа муухай тухай, монголыг дарлан мөлжиж байгаа тухай, судлаач Ганаа оросын талын хүн болох тухай асуудал болгов. Ингээд хэрүүл болж байгаа юм. Дашрамд дурдахад иймэрхүү юмыг зориудын бэлтгэлтэй, зохион байгуулалттай бүлэг хүн хийдгийг онцлон дурдаж байна.
Хоёр. Баталгааны суурийг урьдчилж авах
Алив үндэслэлийг батлахдаа бүрэн биш, эргэлзээтэй үндэслэлийг баталгаа болгон авдаг ба энэ нь зөвхөн сэтгэл зүйн нөлөөлөлд тулгуурладаг. Энд голдуу: “энэ нь хэн бүхэнд тодорхой…”, “…-тэй хэн маргах юм бэ ?”, “энд чинь ямар нотолгоо хэрэгтэй юм ?”, “хар аяндаа ойлгомжтой…”, “хүн болгонд мэдээжийн хэрэг”, “ямар ч хүн эргэлзэхгүй…” гэсэг үг хэллэг хэрэглэдэг.
Эдгээр хэллэгийг огт хэрэглэж болохгүй гэсэн хэрэг биш л дээ. Харин нотолгоогоо хийсний дараа бол мэдээж болох байх, нотлохоосоо өмнө бол заль мэх юм.
Энэ адгийн арга үй олон төрөлтэй. Манайд үлэмж дэлгэрсэн болохоор төрөл тус бүрийг авч үзье.
1. Мэдээллийг биш, хувь хүнийг шинжих. Энэ бол манайхны хамгийн түгээмэл хэрэглэдэг, хамгийн дуртай арга байгаа юм. Ухаандаа намайг: хөгшин, хоцрогдсон, “орос” боловсролтой, коммунист, шизотой, номын цагаан солиотой, царай муутай, соёлгүй гэх мэт. Агуулга нь: ийм “муухай хүн” учраас өгч байгаа мэдээлэл нь худал гэсэн ганцхан зүйлийг нотлох зорилготой.
2. Мэдээллийг нөхцөл байдалтай холбох. Бас л олон хүний хүсэл эрмэлзэлтэй нийлдэг учраас манайд их өргөн хэрэглэдэг. Манайд хэрэглэдэг гол үндэслэл нь: “дарга болох гэж байгаа юм”, “хүмүүст таалагдах гэж байгаа юм”, “оноо авах гээд л”, “нэрд гарах гэж байгаа юм” г.м. Энэ мэт агуулгатай өөр ч олон үндэслэл байж болно. Үнэндээ улс төрийн шог жүжигчид худал ярьсаар байгаад хашраачихсан тал бий.
3. Мэдээлэгч өөрөө мэдээллээ няцааж байгаа. Бас л их өргөн хэрэглэнэ. Жишээ нь: “Өөрөө улаан авилгач байж, авилгатай тэмцэж харагдаач”, “Өөрөө гэмт хэрэгтэн байж хүн шоронд хийнэ гэнэ ээ” гэх мэт. Энийг нэг их тайлбарлах шаардлага байхгүй. Ихэнхи тохиолдолд энэ нь туйлын үнэн байдаг болохоор манай улс төрчдийн үг, үйлдэлд хүн үнэмшихэд хэцүү л дээ. Гэхдээ энэ үндэслэлийг ухаандаа надад хэрэглэх боломжгүй. Нотолгоо нь их амархан.
МАН мэтийн эрх баригч том нам, Н.Энхбаяр өөрийн биеэр удирдан төртэй засагтайгаа нийлээд 20 шахам жил хайгаад судлаач Д.Ганхуяг улсаас нэг төгрөг хулгай хийсэн гэдгийг, нэг удаа худлаа хэлсэн гэдгийг, нэн ялангуяа эрлийз, хурлийз гэдгийг тогтоож чадаагүй юм. Ийм байхад хэн нэгэн комментоор бөөлжигч ийм нотолгоо олох ямар ч боломжгүй. Ёстой хоншоор чинь дутна…
4. Олонхид тулгуурлах. Энэ ч монгол хүний яс маханд байдаг юм шиг байгаа юм. Үндэслэл нь “бүгдээрээ л тэгж яриад байсан ш дээ”. Энэ бол яагаад ч няцааж болохгүй “аймаар мундаг” үндэслэл болно. Харин “бүгдээрээ” гэдэг хэн юм, хэдэн хүн юм гэдгийг мэддэг монгол гэж ганц ч байхгүй нь сайхан. Нэлээд тохиолдолд энэ нь шууд үйлдэл болон хувирна. Жишээ нь: “Бүгдээрээ хулгай хийгээд байхад чинь би яахийм ?!”. Монгол хүн ингээд мэлийгээд зогсож байхад ч ёстой “нүүр бардам” шүү дээ…
5. Нэр хүндэд тохох. Энэ бол бас л яс махны шинж. Жишээ нь: “Дарга (Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэх мэт ямар ч “дарга” байж болно) тэгж хэлсэн байхад чи муу юу юм ?!”, “УИХ-ын тогтоол гарчихсан байхад Чи муу юу юм ?!” гэх мэт. Монгол банкнаас 8 сая доллар алга болчихсон байна гэхэд Монгол банкны дарга О.Чулуунбатын нэр хүнд “уначихдаг” гэнэ. Тэгээд би хүн гүтгэсэн болоод шүүхээр шийтгүүлж байгаа юм. Түүнээс хойш Монгол банк нэр хүндээ жорлонд унагаад алга болгосон. О.Чулуунбатын “нэр хүндийг” бол нохой ч тоож шиншихгүй. Би бол ийм “нэр хүндийг” түй л гэнэ…
6. Эртний уламжлалт тулгуурлах
Энэ манайхны жигтэйхэн дуртай зүйл боловч хамгийн их бантан хутгасан зүйл. Шашин төрийг хослон барьсан Богд хааны үед 3 уулыг тахидаг байсан бол ардчилсан Монгол улсын үед 15 уул төрийн тахилгатай болсон байна. Энийг нь харахаар Богд хаан бол юу ч биш болж байгаа юм. Яг уламжлалаа сахиж байна уу гэхээр хуцваа л байхгүй юу. Ер нь бол өнөөгийн Монгол бол “феосоцкап жонхуу” юм. Намайг түүхийн сэдвээр бичих болгонд надад түүхийн хичээл заадаг тэнэг зангаа тат. Би зүгээр л олсон сонирхолтой гэсэн баримт, эрэгцүүллээ сонирхуулж байгаа болохоос Та нараар монголын түүх заалгах гээгүй. Би Монголд хэнбугайгаар ч түүх заалгахгүй…
7. Миний саналыг зөвшөөрөхгүй бол миний амьдралыг сүйрүүлнэ. Нэг их ил хэлдэггүй боловч далд хэлбэрээр байнга хэрэглэдэг. Далд хэлбэр гэдэг нь “хамтдаа сүйрнэ” гэдгийг ойлгуулах явдал болно. Хамт сүйрэхгүйн тулд тэр усан тэнэг нөхрийг заавал “дагах” ёстой болно. Харин би бол намайг дага гэж хэзээ ч хэлж байгаагүй, зүгээр л өөрсдөө бод, эрэгцүүл гэдэг. Олон жил сүрдүүллээ дээ. Хэрэв худал хэлээгүй, хулгай хийгээгүй хүнийг сүрдүүлж байвал “айх юм” чинь надад байгаа гэсэн хэрэг…
8. Мэдэхгүйд үндэслэх. Манайд өргөн хэрэглэдэг. Хамгийн өргөн дэлгэр хэлбэр нь: “Шинжлэх ухаан одоо болтол нотолж чадаагүй учраас…”. Шинжлэх ухаан бүхнийг нотолно гэж хэзээ ч, хэнд ч амлаагүй. Алив нээлтийг ганцхан шинжлэх ухаанд л хийдэг гэдгийг энэ нөхдүүд ямагт мартдаг, адгийн тэнэг шаарууд.
Сүүлийн үед Монголд креационизм ихэд дэлгэрч, нэн аюултай хэмжээнд тулж ирснийг би олон удаа сануулж бичиж байсан. Манай нийгмийн сэтгэлгээ үлэмж ядуу, дэндүү өрөвдөлтэй түвшинд байна. Энэ бол олон жил хуримтлагдсан нийгмийн өвчин. Монгол лам, бөө, ид шидтэнээр дүүрч байна. Энэ бол сайны ёр яав ч биш. Нэг их дипломоороо гайхуулсан сүрхий улсууд. Чи бол “орос”, бид нар бол “барууны” дипломтой гэнэ. Бага шиг хуц. Та нарын дипломны 80-аас дээш хувь нь жорлонгийн цаас, Та нар өөрсдөө зүгээр л “дипломны голууд”. Яваад заргалдаарай л даа…
9. Дургүйцлийн үндэслэл. Нэлээн өргөн хүрээнд хэрэглэдэг. Нийгмийн амин чухал асуудал сэдвийн хувьд давхцах тохиолдол олон байдаг. Олон хүн: “Та бичээд л байдаг, бид уншаад л байдаг. Чухам ямар үр дүнд, юунд хүрнэ гэж үүнийг бичиж байгаа юм ?!” гэж асуух. Энэ бол нийгмийн амин чухал асуудлаас залхуурч, дургүйцэж, зайлсхийх сэтгэл зүй юм. Энэ бол нийгмийн гутранги үзлийн ихээхэн аюултай хэлбэр. Бас “чи муу өөрөө дарга болоод шийдчих л дээ” гэж загнах ч явдал ч бий. Тэд нар зүгээр л хараад сууж байх ёстой юм гэнэ. Бас л идэвхигүй, арчаагүй байдлын өөр нэг хэлбэр юм…
10. Шийтгэлийн үндэслэл. Энэ ардын шахуу зан үйл юм. “Урт хэл хүзүү орооно”, Түрүүлж дугарсан хөхөөний ам хөлдөнө” гэх мэт. Энэ нь бүх нийтийн айдсын гол шинж болно. Монголчууд шиг үхээнц, арчаагүй, аймхай, хулчгар болсон хувь хүн гэж энэ дэлхийд цөөн байх. Өөрөө айхаар барахгүй айдсаа бусдад тараахыг хичээнэ. Үүнийгээ болгоомжлол гэнэ. Үнэндээ бол энэ бол хамгийн адгийн бэртэгчин зан юм. Ер нь Монгол бол бэртэгчингүүдийн орон болсон.
11. Хүссэнээ бодит мэт харуулах. Энэ ч манай улс төрчид хийгээд комментоор бөөлжигсдийн төрөлх араншин юм. Виртуаль ертөнцийг бодит гээд итгэчихсэн балайнууд…
Гурав. Хуурамч логик холбоонууд
Энд хүссэн юмаа бодит болгон холбодог нэлээд олон аргууд ордог юм. Энэ нь хэд хэдэн төрөлтэй:
1. Цаг хугацааны дарааллаар залилах. Шалтгаан-үр дагаврын холбоог цаг хугацааны дарааллаар сольдог арга юм. Жишээ нь: “Тэр ардчилсан жагсаал цуглаанд бүр 1990 оноос эхлэн оролцсон”. “Би АН-ын анх байгуулсан.” Уг нь энэ үзүүлэлт “түүхэн гавъяа” болохоос одоогийн үнэлгээнд ямар ч ач холбогдолгүй юм.
2. Өөрөөр нь батлах. “Элбэгдорж бол Элбэгдорж” гэсэн өгүүлэмж юу ч өгүүлэхгүй, тэнэг улсдаа таарсан тэнэг эд.
3. Хийгээгүй юмыг хийсэн, хэлээгүй юмыг хэлсэн болгох. Ухаандаа: “судлаач Ганаа бүх төр засгийг эсэргүүцдэг”. “Ард түмнийг доромжилдог”. Яг үнэндээ бол би төр засагт шургалсан худалч, хулгайч нарыг эсэргүүцдэг, комментоор бөөлжигчдийг доромжилдог.
Дараа нь логик заль мэхний нэг гол төрөл бол үгээр тоглох явдал болно. Энд олон жишээ бий л дээ. Аристотель “Софист няцаалтын тухай” номдоо 6 төрлийг ялгаж бичсэн байдаг. Энэ нь:
1. Нэг нэр. Миний нэр судлаач Д.Ганхуяг. Гэтэл нэг удаа сонгуулийн үеэр судлаач С.Ганхуяг гэх “нөхөр” гарч ирээд яг миний бичлэгийн стилээр энд тэндгүй бичиж гарав. Манайхан хүний овгийг уншдаг гэж санаж байна уу ?! Үгүй ш дээ. Би эзнийг нь мэдэж л байсан. Лав л Буянгийн Жагаа, Эрдэнэтуул, Малыш Энхтүвшин эд нарыг ёстой “алж хаясан” юм. Нөгөө хэд нь уурлаад л, Буянгийн Жагаа, Малыш хоёр намайг шүүхэд өгнө гэж телевизээр загнаад сүйд болсон. Би ч инээд хүрээд дуугай л байлаа. Харин сонгуулийн дараа нөгөө С.Ганхуяг чинь даварчихсан “миний нэрээр” нөгөөхөө үргэлжлүүлдэг байна ш дээ. Харин одоо бол уур хүрч, утасдаж, “сүрдүүлж” байж зогсоож байгаа юм чинь. Өөрсдөө нэр хүндгүй байж хүний нэр хүндийг ашиглаж байгаа царай нь тэр л дээ. Энэ ч нэг их явцтай арга биш л дээ.
2. Салаа утга (амбиболия). Ийм утгатай юмс, үзэгдэл маш олон шүү дээ.
3. Нэгтгэх (оксюморон). Зөрчилтэй хоёр үндэслэлийг нэгтгэх.
4. Салгах. Нэгдмэл юмыг салгаж, бүрдэл хэсгийг бүхэл мэт харуулах. Энэ их марзан. Жишээ нь: “Тав бол гурав болон хоёроос бүрдэнэ. Гурав нь сондгой, хоёр нь тэгш. Иймээс тав бол сондгой тоо ч мөн, бас тэгш тоо ч мөн.” Хүн гайхмаар байгаа биз дээ. Манайхан үүнийг сайн мэдэхгүй ч зөн билгээрээ их сайн ашигладаг.
5. Үгийн өргөлт болон дуудлага ашиглах. Монгол хэлэнд нэг их түгээмэл биш ч хааяа хэрэглэдэг.
6. Илэрхийлэх хэлбэрийг солих. Тоог чанараар буюу эсвэл үүний урвуугаар, үр дүнг үйл явцтай, эсвэл үүний урвуугаар, төлөв байдлыг үйлдэлтэй, эсвэл үүний урвуугаар сольж ашиглах зэрэг болно. Жишээ нь: Манай “Иргэний танхим” бол агуулгыг хэлбэрээр сольсон хоосон лоозон юм. Манайханд их гоё сонсогдог боловч төрт ёсны үүднээс бол хамгийн их аюултай ш дээ, энэ чинь. Энийг ярихаар “хоосон онол” ярилаа гэж загнуулдаг юм. Тэгвэл Ц.Элбэгдоржтой хамт төрөө сөнөөгөөд тэнэгтээд явж л байна биз…
Үүнээс гадна эквивокация хэмээн нэрлэдэг нэг үгийг нэг дүгнэлтэд янз бүрийн утгаар хэрэглэх өөр нэг логик заль байдаг. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар их хэрэглэдэг.
Комментоор бөөлжигсөд
Ингээд би дайснуудынхаа хэрэглэдэг гол аргуудыг хэллээ. Миний дайснуудыг комментоор бөөлжигч гэдэг. Одоо тэдний тухай товч өгүүлнэ.
Энд би монголын бүх коммент бичигсдийг хэлээгүй. Харин нетийг эзлэж, өөрийгөө сэхээтэн гээд бодчихсон, оюун сэтгэлгээний гажигтай, монголын нийгмийг хордуулагч нарыг хэлж байна. Тэдний ихэнхи дээд боловсролын дипломтой, кругузорыг мэдлэг гэж боддог, бүтээлч ажил хийх чадвар байхгүй, нэг ажил дээр удаан тогтох чадваргүй, тэгсэн атлаа өөрийгөө бүхнийг мэдэгч гэж боддог усан тэнэг өчүүхэн амьтад юм. Товчоор хэлбэл тэд бол зүгээр л янз бүрийн “файлын цуглуулга” юм.
Хэрэв тэдэнд ямар нэг бүтээл, туурвин бүтээх даалгавар өгвөл тэд чалчсаар байгаад ямар ч ажлыг унагах нь ямар ч эргэлзээгүй. Комментоор бөөлжигсөд “Зочин”, “Анонимс” гэсэн хоёрхон нэртэй, Твиттер болон Фэйсвөөкт өндгөн зурагтай, нэг их мэргэн цэцэн афоризм намтартай байдаг.
Мөн баахан афоризм ярьж мэдэмхийрч цэцэрхсэн балай тэнэг өвчтэй улсууд. Нет бол ямар ч хүн мэдэж авсан зүйлээ бусдад өгдөг, тэр хэрээрээ авдаг том үүрэгтэй. Харин комментын бөөлжисүүд бол хүнд мэдээлэл өгнө гэж заяа нь байхгүй, дандаа авна, гэхдээ заавал нулимж байгаад авна.
Ийм арчаагүй атлаа хүнээс соёл шаардана, бас хийж бүтээхийг шаардана. Өөрөө бол шүүмжлээд л, бөөлжөөд л суугаад байна. Баасан яагаад алга байна, Нөгөө Батзандан, Магнай, Уянга, Ганбаатар нар хаа байна, бүгдээрээ “айгаад” алга болчихсон юм уу, хаашаа юм гэх мэтчилэн. Дашрамд хэлэхэд би тэдний алдааг ч мэднэ, оноог ч мэднэ. Хэн тэр бөөлжисийг өөрөө гараад тэмцэхийг боль гэсэн юм ?!
Надаас бол байнга шаардана, загнана. “Чи муу чаддаг юм бол…тэрний мөнгө идсэнийг гаргаад биччих л дээ…”
Намайг цөмийн хаягдал, банкны дээрмүүд, анхны олигархууд, ганц хүний дарангуйлал бичиж, үүнийхээ төлөө 7 удаа ажлаас халагдаж, шоронд орох гээд зогсож байхад тэд хаа байсан юм ?!
Би сүүлийн үед блогтоо сард 8-12 өгүүлэл бичиж байгаа. Үнэнийг хэлэхэд ингэж тогтмол, их ачаалалтай ажилладаг, чингэхдээ бүх сэдвээр бичдэг аналитик блог Монголд байхгүй. Нэлээд тохиолдолд миний блог төр засгийн албан ёсны мэдээллээс хамаагүй хурдан, хамаагүй үнэн зөв мэдээлэл олон түмэнд өгч чаддаг.
Гэтэл комментын бөөлжисүүд өөрсдөө хийсэн бүтээсэн юм ганц ч байхгүй байж ямар ч сэдвээр бичсэн өөдөөс нулимна. Хийсэн юмаа үзүүл гэхэд юу ч байхгүй, өөдөөс зөвхөн “онол” ярина. Гэхдээ зөвхөн онолын “нэр” л ярина. Жишээ нь:
Хэдэн жилийн өмнө би хамгийн чухал, хамгийн орчин үеийн сэдэв хаосын удирдлага, синергетикийн талаар онолын шинжтэй хэдэн өгүүлэл бичсэн юм. Гэтэл комментын бөөлжсүүд над руу сүрэглэн дайрав. Хуулчихсан л гэнэ, бусад онолтой холбосонгүй л гэнэ, олон зүйл орхисон л гэнэ. Тэхээр нь уур хүрээд энэ сэдвээр бичихээ болив. Тэднийг өөрсдөө бичихийг хүлээсэн хэрэг л дээ. Түүнээс хойш бараг 3 жил болсон боловч Монголд энэ сэдвээр ганц ч өгүүлэл гарсангүй. Өөрсдөө юу ч хийхгүй, хүнийг юу ч хийлгэхгүй, муу ёрын амьтад…
Эд яаж амьд явдгийм гэж би боддог юм, энэ янзаараа мөн ч олон хүнд хорлол болно доо…
Бас их омогтой. Тэнэг гэхээр жигтэйхэн уурлаж, өш хонзон өвөрлөж, хэдэн сар жилээр спам явуулна. Би судлаач хүн учраас худал хэлэх эрх байхгүй. Усан тэнэг хүнийг цэцэн гэж би яагаад ч хэлж чадахгүй…
Намайг шүүмжилж болно. Би хар залуугаасаа шинжлэх ухааны хүрээлэлд өссөн болохоор зөв шүүмжлэлийг дуртайяа хүлээж авдаг. Харин намайг гутаан доромжлох, миний олон түмнээ гэгээрүүлэх үйлсэд саад хийх, саармагжуулах боломжийг би хэнд ч олгохгүй.
Ер нь ингэхэд надтай тэмцэж яах гээд байгаа юм ?! Үнэний төлөө юу, шударга ёсны төлөө юу, би хулгай хийгээ юу, хуурч хулхидаа юу, Эх орноо худалдаа юу ?!
Ингэхэд юуны төлөө, яах гэж судлаач Ганаатай “тэмцээд” байгаагаа тэд хэлэх ёстой л доо…
Хэрэв үнэний төлөө гэвэл хүн төрөлхтөн таягдан хаячихсан дээрх булай аргуудыг хэрэглэхгүй байх ёстой, өөрсдөө туурвин бүтээх ёстой.
Үнэний шалгуур практик гэдэг. Манай тохиолдолд хүний өөрийн хийсэн бүтээсэн юм практик болно. Миний хувьд энэ бол бичиж туурвисан бүтээл юм. Нэрээ нуучихна, царай зүсээ нуучихна, тэгээд далдаас байнгын дайралт хийнэ. Дээр дурдсан бохир аргуудыг байнга хэрэглэнэ. Үүнийг би мэргэжлийн хүний хувьд байнга анхаарах. Олон хүн надад “Их мөрөн дөлгөөн, Эрдэмт хүн даруу”, “Жингэр хуцаж л байг, жингийн цуваа явж л байдаг” гэсэн зүйр үг байнга хэлэх. Одоо байдал ийм биш болоод байна.
Тэднийг зүгээр “хаячихаар” нетэд эзэн сууж нийгмийг хүссэн зоргоороо хордуулж, нийгмийн сэтгэл зүйг дураараа залан жолоодож тархи угааж байна.
Ганц намайг биш, монголын сайтуудыг өдөржин шөнөжин сахиж монголын шилдэг сэхээтнүүдийг зохион байгуулалттайгаар нулимж суудаг комментоор бөөлжигсдийг би санамсаргүй тоглоом хийж буй хүүхдүүд гэж бодохгүй байна. Тэд нар “ажлаа” хэтэрхий сайн хийж байна. Үүний үр дүнд монголын интернет ертөнцөд эрүүл саруул сэтгэлгээ, мэтгэлцээн явуулах, шинэ санаа сэтгэлгээ дэвшүүлэх, ярилцах боломж бүрэн устаад байна. Шууд хэлэхэд Тэд нар монголын сэтгэн бодох боломжийг устгаж байна. Ингэхээр Тэд нар Монголыг устгаж байна.
Ингээд комментоор бөөлжигсөд Та нар толгой дээр бааж байна. Үүнийг чинь би дэндүү сайн мэддэг учраас хэрүүл хийдэг юм. Та нар намайг яаж ч чадахгүй, гэхдээ Та нар Монголын олон нийт, залуу үеийг хорлож, хордуулж байна. Иймээс би Та нартай тэмцэнэ, чингэхдээ заавал ялж байж сална…
Ингээд би одоохондоо “соёлгүй” болж байгаа юм. Энэ нь ч шулуун бөгөөд хамаагүй дээр. Энэ нь дураараа дургиад сурчихсан тэдний уурыг хүргэдэг юм. Сүүлдээ миний эсрэг нетийн бүхэл бүтэн “төв” ажиллуулж байна. Тэдний заримыг нэр бүхий компанийн нууц хостоос “залан” чиглүүлж байна. Ингэвэл ч харин өөрөөр ярина…
Энд үгийн шууд утгаар монголын оюун сэтгэлгээг аврах эсэх тулалдаан болж байна. Гэтэл зарим хүн үүнийг ойлгохгүй надаас “харилцааны соёл” нэхэж миний цаг завыг ихээхэн үрж комментын бөөлжигсдөд тус болж байна. Эрхэм дээд этик зарчмыг харилцааны соёл болтол нь өчүүхэн доод хэмжээнд ойлгож байгаа тэр хүмүүс тэр харилцааны соёлтойгоо далд ороорой гэдгийг сануулж байна. “Сайхан зантай” сайтаасаа монголтой холбоотой шинжлэх ухааны хялбаршуулсан, аналитик мэдээллээ олж авахгүй юу…
Энэ өгүүлэлд “тэнэг цэцний” асуудал их ярьсан боловч гол асуудал ёс суртахуунд байгаа юм. Хар залуугаараа ёс суртахуунаа алдвал хүн хүнээ байдаг юм.
Комментоор бөөлжигч нар Хөвсгөлийн Бурханаар бөөлждөг мангар хүүхнээс дээрдээд байх юу ч үгүй. Иймээс би Та нарын фото зургийг бөөлжистэй чинь хамт үзүүлэх мөчийг тэсч ядан хүлээж байна.
Их л сайндаа Та нар тэнэг царайлчихаад “Чи ямар ганцаараа ухаантай юм уу ?!” гэнэ биз. Та нар залхуу, хоосон чалчихаас өөр ямар ч ажил хөдөлмөр хийхгүй юм чинь байнга ажил хийж байгаа би “ганцаараа ухаантай” л байж таараа ш дээ. Өөр яахийм ?!
Мөн Та нар намайг “Залуу үеийг үзэн ядагч” гэсэн цуурхал тараадгийг би сайн мэднэ. Би ёс суртахуунтай, шинжлэх ухаанд хайртай, сурах мэдэхийг эрхэм болгосон, ажилсаг залууст эрдэм мэдлэг, цаг заваа хайрладаггүй. Тэдний төлөө бол би юугаа ч зориулна. Би тийм шижигнэсэн сайхан залуустай өргөн харилцаатай байдаг, мөн тэднээс байнга суралцдаг. Тийм болоод би ямагт “орчин үеийн” байдаг юм. Харин Та нар шиг оюун сэтгэлгээний өрөөл дутуучуудыг үзэн ядна…
Та нарт намайг ялах оюун ухаан, ёс суртахуун, мэдээллийн ямар ч боломж байхгүй…
Яагаад гэвэл би зөв, шинэ залуу үед шинэ зам засах ёстой учраас тэр…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 4 дүгээр сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

35 Responses to КОММЕНТООР БӨӨЛЖИГЧ

  1. delgermaa says:

    Ah mini buu buhimd, ta soeltoi uchir bas urdchilan sanuulaad bh um

  2. Болд says:

    Баярлалаа Ганаа ахаа лут өгүүлэл бнаа. Хүний дээд *ХҮН*, өндөр ёс суртахуун – цэвэр боловсон этиктэй СУДЛААЧ тантай “коментээр бөөлжигсид” хийгээд Монголыг минь булшлахыг хүсэгчидтэй хийх ^монголын оюун сэтгэхүйг аврах^ “цусгүй” тулаанд тань мөр зэрэгцэн тэмцэж “партизаны” ч, “терористийн” ч бай эсэргүүцэлийн гал хөгжөөх болноо.

  3. Зүгээрээ Ганаа ахаа удахгүй ийм спамууд гайгүй болох цаг ирнэ. Интернэтэд ийм зүйлсийг шүүх аргууд олон байдаг. Монголын вебүүд сайн хөгжөөгүй болохоор янз бүрийн веб технологийн дэвшилүүд хараахан манай вебүүдэд нэвтэрээгүй байна. Энгийн арга бол заавал бүртгэлтэй хүн таны хуудаст коммент үлдээх, мөн коммент болон түүнийг бичигч хэрэглэгчид оноо өгдөг болоод хэн нь хэн гэдэг нь сэдэгдээд эхлэхээр хэн ч мэдэхгүй спам хийгчдийн ажил амар биш болно. Ийм онооны коммент систем орж ирэх чухал.

    • Ганаа says:

      Баярлалаа. Би эндээс тохируулга хийгээд янзалж болно л доо. Гэхдээ энгийн уншигч олон байна ш дээ. Тэдэнд түвэг удаж байснаас өөртөө түвэг удаж байсан нь дээр. Спамын хувьд бол зүгээр ээ. Уйдахгүй бол явуулж л байг л дээ…

  4. Batbold says:

    Nadad buren taalagdaj bna ooriinhoo FBook deer huullaa Ganaa ahaa humuus unshig ta humuust l zoriulj bichdeg uchir zovshoorolgui shuud tavisan shuu uuchlaaraa

  5. Ch.Urlug says:

    Unen bichej ee, naad asuudliin denduu sain medne

  6. amu says:

    Таны судалгааны ажил үйлсэд тань амжилт хүсье

  7. Orgii Davaa says:

    энэ хэдийн зохион байгуулалттай гэж юу байхавдээ.. тархины үрчлээс оюуны бядных нь байгаа царай нь тэр.. нээх тоож моож өөрийгөө нервтүүлэх хэрэг байхгүй л байхдаа.. харьцаад байхаар бүр л шүлсээ үсчүүлээд дайраад байдаг гаруудшд..

    • Ганаа says:

      Зохион байгуулдаг юм аа. Албаар “тэнэг” царай гаргадаг ч нөхдүүд олон бий. Чи удахгүй харах болно…Бас угаасаа “усан тэнэг юмнууд” бол бий л дээ. Тэднүүс бол яахав, ёстой эрх чөлөөгөө эдэлж болно, хүн биз дээ…

  8. Пүүжээ says:

    Афоризмаар бөөлжигч энэ сайтад ч бас хэд байгаа. Амжилт!

    • Ганаа says:

      Уг нь Та нар энд өгүүлсэн Аристотелийн “логик заль мэх”-ийг сайн тогтоож авбал их л хэрэгтэй юмсан. Та нарын ихэнхи бараг мэдэхгүй байгаа даа. Энэ чинь хүн төрөлхтний сэтгэлгээний сор ш дээ. Сургуульд чинь нэг их заагаагүй л байх…

    • Пүүжээ says:

      Их гоё Монгол дээр буулгаж тайлбарласан байна. Баярлалаа

  9. Orgii Davaa says:

    http://d40o.blogspot.com/2012/02/blog-post_25.html neleen deer ingej bichij bsan yum.. gehdee taniih bol iluu oilgomjtoi bichsen bn… iimerhuu humuustei tsag urgelj tulgaradagdoo ugaasaa..

  10. Adonis says:

    Logic zali mehnees gadna, durs duu avia, aidas, itgel, amar amagalang huseh ermelzlel deer ni zalidaj bas bolno l doo…tegeed ch ilt logic hogjson bna gedeg medremj ilt dutuu hogjsonii shinj gedeg biluu…Logic sain hogjson hun durs duu avia-nii mehend amarhan oichoh geed bdag….uchir ni durs duu aviand logic todiilon bdggui bolohoor bh…gehdee neg ch gesen mehiig ni nariin zadalj ogsond bayrllaa

    • Ганаа says:

      Чамтай санал нийлж байна. Гэхдээ би нэг өгүүлэлд бүхнийг багтаах боломжгүй. Уг нь би бичье гэж бодож байсан юм. Гэтэл ашгүй чи гараад ирлээ. Чи бусдыг нь үргэлжлүүлээд бичээрэй. Надад амаараа биш, ажлаараа туслах хүн хэрэгтэй байсан юм…

    • Adonis says:

      Za

  11. Tserenbat says:

    Za bi ch neg sain guvuuleed avah shig l sanagdlaa. Comment bichdeggui ch ene helsen zuils dotor bi uruiiguu zunduu olj harav.

    • Ганаа says:

      Яалаа гэж дээ. Чи бол харин боломжоосоо бага бичиж байгаа. Хүнд чинь “соёл нь хэтрэнэ” гэж бас байдаг юм. Муу улсууд давраад байгаагийн шалтгаан нь сайн улсууд муу ажиллаж байгаад оршино…

  12. Anonymous says:

    nileed olon jil tanii bichsen niitleluudig turluus ni il hamaarch unshij bas naiz nuhduduu sanaa onoo bolgoj bna aa. er ni sanaa onoo zub geh uu neg chig handlagatia humuusteigee uulzalt hiih bolom baina uu. club helberee ch ym uu

  13. Anonymous says:

    Уул нь интернэтээс хэрэгтэй мэдээлэлээ үзээд , тэр асуудлаар улам дэлгэрэнгүй мэдээлэл, санаа оноо олж авах санаатай коментруу ордог байсан.Одоо бол тийшээ шагайн нь битгий хэл олигтойхон ч хуулсан мэдээлэл олдохгүй болж.Энэ оюуны тероризм төгсгөл болох цаг ирэх байлгүй гэдэгт найдаж явдаг.Үнэндээ энэ их олон мэдээлэлийн хэрэгсэл Монголчуудад өнгөрсөн хугацаанд юуг өгч гийгүүлэв гэж хэнээс асуух вэ?Сайн мууг хариуцах эзэн байна уу?Байнга л чухлаас чухал сэдэв хөндөж, асуудал дэвшүүлж байдаг судлаач танд баярласнаа илэрхийлэе.

  14. Kuukeldei says:

    Мэдээлэл мундаг 🙂 Тусгаж авая аа. Баярлалаа

  15. Цогоо says:

    Их боломжийн жишээнүүд байна. Цэрэнбаттай адилхан өөрийгөө л олж харлаа. Ялангуяа

    “Тэдний ихэнхи дээд боловсролын дипломтой, кругузорыг мэдлэг гэж боддог, бүтээлч ажил хийх чадвар байхгүй, нэг ажил дээр удаан тогтох чадваргүй, тэгсэн атлаа өөрийгөө бүхнийг мэдэгч гэж боддог усан тэнэг өчүүхэн амьтад юм.” гэдэг хэсэг дээр.

  16. 1_хүү says:

    Зантнасан газар маажлаадаа big like

  17. Orgilkhuu says:

    Интернэтийн хөгжлийг харахад ер яваандаа бүтээлч маргаан үүсгэдэг сайтуудын комментын системүүд нэлээд өөрчилөгдөх бх. Одоогийн шиг хуудасны төгсгөлд нийтэд нь дүгнэж биш нарийн тодорхой үгнүүд, утга санаанууд дээр маргадаг болж хуудасныхаа доор биш текстэйгээ зэрэгцээд хажуугаар нь харагдаад явдаг болох шиг шинжтэй.

  18. Dalai says:

    Жингийн цуваа яваж л байдаг жингэр нохой хуцаж л байдаг гэж… Бичих л хэрэгтэй. Харах нь харна биз, ойлгох нь ойлгоно биз, өөр өнцөгөөс хардаг, харуулдаг хүн олон л хэрэгтэй. Авах гээхийн ухааан гэж байдаг байхаа. Сураад авахад хэрэгтэй л аргууд байна. Хэтэрхий их мэдээлэл аваад толгой юм тогтоохоо болиод байна шүү. Тэр Молор-Эрдэнэ гэж хүнийг хэр үнэлдэг вэ?

    • Ганаа says:

      1.Нетийн гол аюул бол хэт их, “илүүдэл” мэдээлэл ш дээ. Манайхан үүнийг нухацтай ярилцах цаг болсон.
      2. Молор-Эрдэнийг би сайн танина. Хүндэтгэж явдаг залуусын маань нэг. Яахав, залуу байхад ааг бяр амтагддаг ш дээ. Тэрийг нь хүмүүс ойлгодоггүй юм шиг байгаа юм. Яваандаа өөрөө ч гайгүй болно, хүмүүс ч ойлгоно доо…

  19. Anonymous says:

    neg tlaasa tun unen bichsen haragdaj baiga bolowch edgeer zuiliig zali meh geheese iluu taktic gewel yasiin baidag gargadag zan awir buriig ingeed negen helber maygaa bicheed baiwal buged l bichigdene barag bvgdiig ni bichichihsen l de deer bi anh unshij baihad ih taalagtaj baisan huwiin shijtei ymand chini bol vneheer dugnelt ugch chadahguine tanii l bodol, ene ch bas minii bodol, hamgii suuliin 2 mur vneheer taalagdsangui, nemeed helhed nom bichsen ym hiisen hun bur uhaantai baidagguim baina lee, teneg gej busdiig heleh ni uuriiguu tegej helhiig zowshoorch baigaagiin helber bishv tegeed ch uhaantai mangar gedeg zuiliig yugaar hemjdeg we, tanii ene bichsen zuil deer bas tegwel ter zali meh ni haragdaj baina sh de manaihan bas zarim ni oilgoogui baij dagaj demjeed ter medehgui deer ni tulguurlaad baigam bishvv, suuld ni gants asuult baina taniaas hariulta awna gej naiday, ( bolowsoroltoi hun gej yamar hvniig heldeg ym bee,,)

    • Ганаа says:

      1. Дэлхий даяараа “заль мэх” гэж нэрлээд 2500 гаруй жил болж байгаа юм. Чи “тактик” гэж өөрчилмөөр санагдаад байвал тэгж л байхгүй юу.
      2. Энэ дүрмийн дагуу явбал миний бодол биш, бүх нийтийн сэтгэлгээний зарчим гэдэг юм.
      3. Энэ дүрмийг дагавал ухаантай (би), зөрчвөл тэнэг (чи) гэдэг юм.
      4. 2500 жил тогтсон энэ зүйлийг мэддэг, хүндэтгэдэг хүнийг (намайг) боловсролтой, мэддэггүй, тэгээд “өөрчлөх” гэдэг хүнийг (чам шиг) боловсролгүй гэдэг юм…
      5. Чи энэ усан тэнэг асуултаа “тактикаар” тайлбарлаж чадахгүй…

  20. dk says:

    Чамбай өгүүллэг байна. Сүүлийн үед аливаа нийтлэл бичвэрийг ойлгож уншихаасаа илүүтэй уг нийтлэлийн доорх сэтгэгдэлүүдийг нь хаман уншиж түүнийгээ итгэл үнэмшил болгон мэдээлэл мэдлэг авч байна гэж боддог бүхэл бүтэн хүн сүрэг үүсэж байгаад санаа зовж байна. Залуу үеийнхэнд үүнийг анхааруулж бичсэн судлаач таньд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

  21. Erdene says:

    es surtaxuun, ner tur, xunleg chanar, nunjig gex met medleg medeellees uur shinj chanar odoo alga bolood udaj baix shig. uunees muu muuxai umnii ex garaad bn daa

    • Ганаа says:

      Санал нэг байна. Мөнгөнөөс өөр юм бодохоо байчихаар араатан л болдог юм байна даа…

  22. Мөнх-Эрдэнэ says:

    Комментоор бөөлжөөд байгаа энэ хүмүүстэй технологиор тэмцэж, тэднийг давраахгүй байх ёстой юм уу, оюун санаатай нь тэмцэл хийж ухамсарлуулах ёстой юм уу? Аль арга нь хэн хэндээ үр дүнтэй байна гэж бодож байна?

    • Ганаа says:

      “Мэддэг хэлээр нь ярих” бол миний зарчим:
      1. Эхлээд ойлгуулна, гэгээрүүлнэ, тэгээд ойлгохгүй бол “хүч хэрэглэнэ”.
      2. Байнга эсэргүүцдэг “далдын хар малгайтуудыг” олон түмний нүдний өмнө харуулж байгаад гарцаагүй “ална”. Өөр зам байхгүй…
      Харин баримт нотолгоо, үндэслэлтэй, үнэн зөв шүүмжлэлийг тэсэн ядан хүлээнэ. Би өөрийн буруу зөрүү үйл, дутагдлаа эр хүн шиг хүлээж чадна…

  23. Од says:

    Манайд нэг франц залуу ажилдаг юм. Тэр нэг удаа надад ” намайг бага байхад нь өглөө аавтайгаа мэндлээгүй бол миний дух руу нясалдаг байсан, одоо би үргэлж хүнтэй мэндэлдэг” монголд мэндлэх, зам тавих наад захын мораль, ёс суртахуун, ёс зүйгүй хүмүүс их байна гэдэг. Хүн болох багаасаа хүлэг болох унагнаасаа гэж.
    Хүнийг бага наснаас нь эхэлж л мораль, этик г гүн далд ухамсарт нь суулгаж өгөхгүй бол том болоод хэзээ дадаж заншихгүй гэдэг. Таны хэлдгээр энэ бол шилжилтийн үе. Гэхдээ шилжилтийн үе хэтэрхий урт бна аа тээ.
    Энэ байдлыг засахын тулд уул нь боловсролын салбар, ялангуяа цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлэн анхаарал тавин ажиллах хэрэгтэй юм шиг санагдах юм. Хүүхэд төрөнгүүт хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ, яаж хооллох вэ гэдэг гарын авлага хүүхэд бүрт эцэг эхэд нь өгдөг тэрийг нь бүр хуульчилдаг баймаар юм. Шинэ засгийг овоо гайгүй шинээр өөрөөр ажиллах болов уу гэж горьдсон чинь хэрэг алга.
    Мэдэхгүйгээ мэддэггүй хүмүүсээр монгол улсад дүүрчээ, ухаан нь хэтэрхий цөөдөөд овилгогүй хүмүүс түүн дээр нь ажиллаад хэцүүхэн юм аа. одоо тэгээд ямар зүгээр суугаад байлтай биш бас үзэл бодлоо бичиж санал сэтгэгдлээ хуваалцаж бага ч гэсэн өөрчлөлтийг хийж бвал хүн болсон миний үүрэг юм уудаа.

    • Ганаа says:

      Яг наад асуудал чинь хамгийн гол нь. Үүнийг ярьдаг хүн бараг байхгүй. Гэхдээ ярьж л таарна даа, хэдүүлээ. Баярлалаа…

%d bloggers like this: