ДЕФОЛЬТ ГЭЖ ИЙМ БАЙДАГ…

Манайхан ганц инфляци л ярих. Энэ эдийн засагт чинь цаана нь үй олон “аймаар” үзэгдэл байдаг юм ш дээ. Түүний нэг нь дефольт. Энэ нь манайд бараг болсон болов уу даа. Энэ тухай ярих гэсэн юм.
Дефольт гэдэг нь “default” буюу үүргээ биелүүлээгүй гэсэн англи үгнээс гаралтай ойлголт бөгөөд зээлийн үүргээ биелүүлээгүй гэсэн хэрэг болно. Өөрөөр хэлбэл хүүгээ цагт нь төлөөгүй, эсвэл өрийн гэрээний дагуу үндсэн өрөө төлөөгүй, эсвэл зээлээр гаргасан облигацийнхаа нөхцлийг биелүүлээгүй явдлыг хэлнэ.
Дефольтыг үүргээ бүгдийг нь буюу хэсэгчлэн биелүүлж чадахаа байсан хувь хүн, компани, түүнчлэн улс зарладаг. Хэрэв улс зарлавал “бие даасан”, эсвэл “тусгаар тогтносон” дефольт гэнэ. Муухай нэр томъёо шүү.
Корпаратив (хамтын гэх юмуу даа-Х.Д.Г.) дефольт гэсэн корпоратив эрхийн нэг чухал ойлголт байдаг ба энэ нь нэг талаас санхүүгийн түр хүндрэлд орсон компаниудыг дайсан нь залгих, рейдерийн булаан эзлэлт зэргээс хамгаалах үүрэг гүйцэтгэнэ, нөгөө талаас өрийн үүргээ компани биелүүлээгүйгээс зээлдэгчдийг хамгаална.
Дефольтын зарчмын хувьд ялгаатай хоёр төрөл байдаг: энгийн дефольт буюу дампуурал, техникийн дефолт. Эдгээрийн авч үзье:
Дампуурал
Зээлдэгч өрөө төлж чадахгүй болсныг энгийн дефольт гэнэ. Үүнийг зээлдэгчийн дампуурал гэнэ. Хэрэв энэ компани бол арбитражаар компанийг бүхэлд нь зарах уу, хэсэгчлэн хувааж зарах уу гэдгийг шийднэ. Хэрэв хувь хүн бол хуулийн дагуу шийдэж, шоронд хийх үү, хөрөнгийг нь яаж хураах, өрийг нь яаж төлүүлэх асуудлыг шийднэ.
Харин дампуурлаа улс зарлавал цорын ганц арга байх бөгөөд өр болон маргааныг олон улсын түвшинд олон улсын шүүхээр шийднэ. Энэ нь Улаанбаатарын шүүх биш нь мэдээжийг хэрэг, голдуу Лондон буюу Вашингтон гэх мэтийн “том” шүүхээр орж нүдний булай болж үйлээ үзнэ гэсэн хэрэг юм.
Техникийн дефольт
Техникийн дефольт нь мөнгө төлөх боломжгүйн улмаас гардаг бөгөөд цаашдаа талуудын зөвшилцсөний дагуу зохицуулж болно. Гэхдээ л эмитентийн хүсэл зоригийн эсрэгээр шийдвэр нь гардаг. Зээлдэгч зээлийн гэрээний нөхцлөө биелүүлж чадахгүй үед техникийн дефольт үүсэх бөгөөд биет байдлаар гэрээгээ цаашид үргэлжлүүлэх боломжтой.
Гэрээнийхээ нөхцлийг биелүүлээгүй гэдэг нь хүү буюу үндсэн өр төлөхөөс татгалзах, шаардлагатай баримт бичиг өгөхөөс татгалзах, эсвэл зээлийн гэрээний бусад заалтыг зөрчсөнийг ойлгодог. Ингэвэл зээлдүүлэгч зээлдэгчид техникийн дефольт зарлаж болно.
Тэгвэл дефольт хэр олон тохиолддог вэ ?! Энд би хувийн болон компанийн түвшинг мэдээж ярихгүй. Харин улсын түвшинг ярьж болно. Сүүлийн 20 жилд томоосоо бол 1994 онд Мексик, 1998 онд Орос, 2001 онд Аргентин, 2003 онд Уругвай тус тус дефоль зарласан юм. Эдгээрийг товч үзвэл дефольтыг олйгож болно.
Мексик
Песогийн хямрал гэж алдаршсан Мексикийн эдийн засгийн хямрал 1994 онд үндэсний валют гэнэт үнэгүйдсэнээс болж үүдсэн юм. Харин монголын “эдийн засагчид” үндэсний валют сулрах нь үндэсний үйлдвэрлэгчдэд ашигтай гэсэн “онол” гаргаж сурталдаж байгаа нь инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй. Ийм хүмүүс дээд сургуульд нь багшилдаг нь бүр ч шог.
Энэ хямралын хөрш орнуудад үзүүлсэн нөлөөллийг “текилийн эффект” гэж нэрлэсэн. Эдийн засагчид шийдвэр гаргасны хариуцлагыг тэр үеийн Ерөнхийлөгч Салинасу де Гортари-д ногдуулдаг. Ерээд оны эхээр Аргентинд гадаадын капитал ихээхэн орж ирэх болж, худалдааны болон төлбөрийн хомсдолын эрс өсөлтийг сааруулах болжээ. Энэ нь долларт харьцах песогийн ханшийг албаар өсгөж, экспортод алдагдал учруулах болжээ.
Салинас өрөндөө санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд песогоор үнэлэгдсэн, гэхдээ доллараар индексжсэн “тесобон” хэмээх богино хугацаат улсын облигаци гаргав.
1994 онд улс төрийн хэд хэдэн аллагын дараа хөрөнгө оруулагчдын итгэл алдагдаж, улс орноос капитал зайлах болсноор, Мексикийн Төв банк песог дэмжсэн ноцтой арга хэмжээ авч, ихээхэн эрсдэлтэй учир төрийн облигацийн зээлийн хүүг эрс ихэсгэв.
Мөн оны 12 дугаар сард Засгийн Газар үндэсний валютыг доллартай уясан холбоосоос арга буюу татгалзав. Энэ шийдвэр нь песогийн эрс девальвацид хүргэж, санхүүгийн систем төрийн облигацийг доллартай индексаци хийх боломжгүй болжээ.
Хэдэн сарын дараа АНУ, ОУВС, Олон Улсын Тооцооны Банк, Канадын Банк зэрэг нь Мексикийн гуйранч байдал хөрш орнуудад сөргөөр нөлөөлнө гэж болгоомжилсны улмаас ойролцоогоор 50 миллиард долларын зээл, зээлийн баталгааны төлөвлөгөөг дэмжив. Ингээд өрөнд орж баларч байгаа юм.
Орос
1997 он гэхэд Орос нь пост зөвлөлтийн шинэчлэлийн дараагаар олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж чадах, шинээр үүссэн зах зээлийг татаж чадахад бэлэн улс болсон мэт санагдаж байлаа. Гэвч энэ зүйл болсонгүй.
Орос орон хамгийн бага цалингийн улмаас ядуурлын өндөр түвшинтэй, тэгш бус байдал, нийгмийн эрс ялгарлын хамт гүн гүнзгий депресст оров. 1997 оны Азийн хямралын нөлөөгөөр рубль ганхаж, оросын эдийн засгийн орлогын үндсэн сурвалж болсон түүхий эдийн үнэ бууралтын цуврал эргүүлгэд оржээ.
Энэхүү хямралт үед ОУВС оролцож, Москвад 22,6 миллиард долларын тусламж үзүүлэн, төрийн богино хугацаат облигацийг илүү удаан хугацааны евро бондоор солих болгов. Гэхдээ энэ дэмжлэг богино хугацаанд л үр дүнгээ өгсөн юм.
1997 оны 8 дугаар сард арга буюу девальваци явуулж, үндэсний валютаар баталгаажсан дотоод өрийн дефольт зарлаж, гадаад өрийн төлбөрийг хойшлуулахыг хүсэв. Оросууд хямралаас нэлээд хурдан гарч чадсан юм.
Жил хүрэхгүй хугацаанд эрчим хүч агуулагчийн үнийн өсөлт, Хятад дахь эрчим хүчний хэрэглээний өсөлтөөс шалтгаалан эдийн засгийн өсөлт хямралын өмнөх түвшинд хүрчээ. Баялгийн үнийн өсөлт Оросуудыг аварчээ.
Аргентин
Ерээд оны сүүлээр болсон гүн гүнзгий рецесс нь Аргентины хомсдолыг хөөрөгдөв. Аргентин хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж тэндээс гадаадын капитал зайлж эхлэв. 2001 онд байдал дордохоос айсан хүн ам хадгаламжаа банкин дахь данснаасаа авч, песогоо доллар болгон, хөрөнгөө гадаад руу зөөж эхлэв.
Засгийн газар үүний хариуд бүх урсгал дансыг хааж, иргэдэд хадгаламжаасаа өчүүхэн мөнгө авахыг л зөвшөөрөв. Ард түмэн гудамжинд гарч, засгийн газрын үйлдлийг эсэргүүцэв.
Засаг хүнд хэцүү хомсдолтой тэмцэхдээ эцсийн дүнд улсын облигацийг чөлөөтэй солихоор шийдвэрлэж, амлалт авсан боловч биелүүлж чадсангүй. Ингээд хэсэг хугацааны дараа улс өөрийн бүх өрийг төлөх чадваргүй хэмээн зарлав.
Аргентин харанхуйд живж: гадаадын хөрөнгө оруулагчид орхин явж, капиталын оролт бараг зогсож, ажилгүйдэл 25% хүрч, хөдөө аж ахуй өрөвдөлтэй байдал орж, олон үйлдвэрийн газар хаагдаж, олон мянган хүн орох оронгүй болов. Бондын танго гэж нэрлэгдсэн төрийн облигациас болж мөнгөө алдсан хүмүүсийн тоог гаргах боломжгүй юм.
Ингэж 4 жил болов. 2005 онд Засгийн Газар дефольтын улмаас болж үнэгүйдсэн облигацийн (бондын) 76%-ийг илүү удаан хугацааны, хамаагүй илүү хямд, өөрөөр хэлбэл анхны үнийн 25-35%-ийн үнэтэй өөр үнэт цаасаар солих шийдвэр гаргав.
Аргентин бол аль бүр II дайны дараагаас Перон гэсэн манайхаар Н.Энхбаяр шиг нөхрөөс болж ёстой үйл лайгаа эдэлж байгаа газар байдаг юм. Энэ талаар “үй түмэн” кино ч байдаг.
Уругвай
Уругвай ч гэсэн аргентины хямралын сөрөг нөлөөллөөс зайлж чадсангүй. Буэнес-Айрес өөрийн банкуудаа хатуу хянаж байх үед аргентины санхүүгийн бүлгүүдийн хяналтад байсан уругвайн хоёр үндсэн санхүүгийн институт аргентиныг дагаж хямралд өртжээ.
Өөрийн банкны системд гадаадынхныг хэт их оруулсны гай ингэж гарч ирэв.
Уругвайн эдийн засаг яагаа ч үгүй байхад аргентинийг дагаж капитал гадагш гарч эхлэв. 2002 оны зун гэхэд хадгаламжийнхаа 38 хувийг гадагш алдсан байлаа.
Гадаад дэмжлэгийн тусламжтайгаар Уругвай өөрийн банкуудыг аврах оролдлого хийв, гэхдээ маш өндөр үнээр буюу дотоод нийт бүтээгдэхүүнийхээ 20%-иар үүнийг хийв.
Арга буюу девальваци хийж, ДНБ-ийн эрс бууралттай тэмцэх ёстой болов. Уругвай зээлээ төлөх чадваргүйн улмаас облигацийн эздэд хандаж ахиад таван жил хүлээхийг гуйжээ.
Харин ингэж сулдсан Аргентин, Уругвай хоёрт хөрөнгө оруулагчдын 93% “дуртайяа” зөвшөөрсөн гэдэг. Ийм орнуудад “хөрөнгө оруулах” шиг “амархан юм” гэж энэ хорвоод байхгүй буй за…
Монгол
Монгол Улсын Засгийн Газар хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас 2012 оны тайлант хугацаанд 118,4 тэрбум төгрөгийн гадаад зээлийг ашиглаж, эргэн төлөлтөд 62,5 тэрбум төгрөг төлж, гадаад өрийн үлдэгдэл 2.751.2 тэрбум төгрөг байна. Энэ бол зөвхөн Засгийн Газрын тавьсан өр юм.
Харин Монгол Улсын гадны улс орнуудад тавьсан өр есөн тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь ойролцоогоор 13 гаруй их наяд төгрөг юм.
Энэхүү есөн тэрбум ам.долларын өрийн 1,8 тэрбум нь Засгийн газрын, 275 сая нь Төв банкны, 609 сая нь арилжааны банкуудын, 6,3 тэрбум нь аж ахуйн нэгж, иргэдийн нэр дээрх өр зээл гэсэн “өөр нэг” тоо ч байна.
Гэтэл Монгол Улсын 2012 оны улсын төсөв 4.952.166.4 төгрөг буюу ойролцоогоор 5 их наяд болно. Улсын төсөв нь 5 их наяд, гадаад өр нь 13 их наяд болоод байгааг тайлбарлах хүн Монголд алга. Гадаад валютын нөөц “өм цөм” алга болж байна.
Эдгээр тоо баримтаас үзэхэд дараагийн дефольт болох нь аль улс вэ гээд асуугаад байх шаардлага байхгүй гэж би монгол судлаачийн хувьд бодож байна.Тэнэг улсууд мянга ухаантай царайлсан ч эдийн засгийн зүй тогтол гэж нэг сүрхий юм байдаг.
Харин дефольтын үед зовлонг нь ард түмэн ямагт үүрдэг ба хариуцлагыг нь хүлээдэг хүн бараг байдаггүй зүй тогтолтой.
Дефольт болоход нөгөө сүрхий инфляци чинь жил сараар биш, өдөр цагаар болдог ба үүнийг зовлон туулж байж давах уу, урьдчилан сэргийлэх үү гэдгийг шийдэхэд тун бага хугацаа үлдсэн байна…
Дефольтоос “сайхан тоо” хэлж, зээл авч сэргийлдэггүй, улс төр, эдийн засгийн тэнэг бодлого, үйлдлээ орвонгоор нь өөрчилж байж шийдвэрлэдэг юм. Үүнийг ярихгүй юм бол улс төрч, эдийн засагч гэж байгаад үхснээ хийнэ…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 10 дугаар сарын 02.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to ДЕФОЛЬТ ГЭЖ ИЙМ БАЙДАГ…

  1. Aldar says:

    Байн байн ямар ч бэлтгэл, төлөвлөлтгүйгээр зээл аваад байгаа Монгол дох Банкируудын үйлдлийн АВТОР нь Чулуунбат. Үүнийгээ Хямралаар мөнгөтэй байж даван туулна гэж гээд тайлбарладаг. Монголд сөрөг шинж тэмдэг нь гараад эхлэлээ.

    • Anonymous says:

      Yag unen Manai hohimoi tolgoitonuud yanadaa, Ganaa ahaa amjilt demjih yavdagshuu thank you all

  2. baljaa says:

    Герег улс өрөө дарах гэж улсын мэдлийн боомтуудаа хятадад зарсан гэж сонссон юм байна. Гадаадын хөрөнгө оруулалтанд хэт шүтээд, үр ашиггүй зээл авч зарцуулаад байвал дефолт ойрхон байх. Манайхан ч зээл хайгаад гүйгээд байх юм. Өнгөрсөн хэдэн сарын валютын ханшны өсөлт манайх их эмзэг байгааг харуулсан. Энэ гадаадын хөрөнгө оруулалтын хууль нь юу болох юм бүү мэд.

  3. Хашхүү says:

    Ийм үед ард иргэд яах ёстой вэ. Юу хийвэл дээр вэ.

  4. эрдэнэ says:

    Та яагаад С.Баяр-ыг дурдахгүй байна? Үнэндээ долларын ханш өсөж байгаа нь хоёрхон хүний амь нас эрх ашгийн төлөө шүү дээ. Дандаа л Чулуунбат яригдаж байдаг. Тэр ч яахав тэдний хийснийг үйлддэг жижиг тоглогч биздээ.

    • Ганаа says:

      С.Баяр доллар “мэдэхгүй” ш дээ. Үүнийг би сайн мэднэ. С.Баярыг яллах гэвэл тэгш бус гэрээ хийсэн гэдэг ч юм уу, хахууль авсан гэдэг ч юмуу, “өөр юм” ярих ёстой. “Долларын ханш” л лав биш. Харин банк-санхүүгийнхнээс хэн нь хэн бэ гэдгийг би мэддэг болохоос чи мэддэг юм биш. О.Чулуунбатыг ярихгүй юм бол өөр хэнийг ярих юм ?!

  5. ЭЗА says:

    Алтанцэцэг багш ярьсаныг нь харсан. Алтанцэцэг багш доктор биш бакалавр байхад нь би дэлхийн эдийн засгийн онолуудын зарим нь Монголд хэрэгжихгүй байна гэж хэлэхэд чамд зөндөө заалаа юуг нь ойлгохгүй байгаа юм бэ гээд лекц орж байсан анги дүүрэн хүүхдүүдийн өмнө загнуулж байлаа. Одоо бол би өөрийнхөө зөв байсан гэдэгтээ итгэлтэй байна. Онолоор бол долларын ханш өссөн нь эдийн засагт үйлдвэрлэл нэмэгдүүлэх учиртай. Энэ бол дэлхийн том улсуудад 100 хувь хэрэгжинэ. Миний бодож байгаагаар манайд бол энэ буруу. Яагаад гэвэл нэгд доллар богино хугацаанд огцом чангарсан. мөн монгол улс бол үйлдвэрлэгч улс биш. Богино хугацаанд үйлдвэрлэлээ өсгөх боломжгүй. Манай аж үйлдвэрийн салбар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ ихэвчлэн дотооддоо зардаг. Манай зах зээл өөрөө тодорхой хэмжээний багтаамжтай үйлдвэрлэж чаддаггүй зүйлээ л ихэвчлэн гадаадаас авдаг. гэхдээ монгол улсын аж үйлдвэр өссөн дүнтэй гарна. Яагаад гэвэл бид маш их хэмжээний өр тавьж эдийн засагтаа хөрөнгө оруулсан ийм учраас хүссэн ч эс хүссэн ч аж үйлдвэр өссөн дүнтэй гарах нь тодорхой. Тэр үед Алтанцэцэг багшийн маань зөв болно л доо. Өөр зүйлээс болж аж үйлдвэр өссөнийг манай доктор багш ч төр засгийнхан ч мэдэхгүй. Мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлэх улс төрийн шалтгаантай.

    • s says:

      gadaad walut changarval export nemegdej import buurna gej ediin zasagt uzdeg sh de.mongolyn tuhaid togrog unaad dollar osood baival benzin shatahuunaas ehleed buh umny une osoj hyamral boloh oilgomjtoi biz dee!? niiluulelt talaasaa hyamral bolj bn gsn ug

  6. ЭЗА says:

    Торгоны зам төмөр замын талаар гоё нийтлэл бичиж өгөөч. Энэ төмөр зам Монголоор дайрч тавигдах эдийн засаг улс төрийн үндэслэл алга байна. Ер нь казакстан улс европ азийг холбосон худалдааны гол боомт улс болох нь. Монголын нүүрсэнд гол заналхийлэгч улс нь бас л казакстан болох нь. Ланжоу хот үйлдвэрлэлийн том хот болж Монголын түүхий эдийн экспортод ашиг тустай болох боломж байна уу. Хятадын Торгоны зам төмөр замаас болж Оросын транссибирийн зам хохирол амсах уу. Оросын ашиг сонирхол энэ төмөр замын бариулахыг зөвшөөрөх үү. Энэ бүх асуудал Монгол улсын маань ирээдүй эдийн засгийн интеграцид нөлөөлөх юм шиг байна. Энэ чиглэлээр дуугарах нийтлэлч ухаантай хүмүүс хэрэгтэй байна

  7. Ганаа says:

    Яг энэ асуудлыг хөндсөн “Зүүнгар” өгүүлэл миний блогт байгаа ш дээ…

  8. ЭЗА says:

    Таны Зүүнгар өгүүлэлийг уншлаа миний харж байсан зүйлийг аль хэдийн харжээ. Дундад азиийн орнууд цаашлаад Орос зүүн европын орнууд уруу бараа тээвэрлээд буцахдаа дундад азийн орнуудаас түүхий эдийн тээвэрлэх байх. Вагон эргэлт ч ихтэй байх байх. Оросууд хүртэл Казакстанаар дамжуулж байгалийн баялагаа зөөнө гээд байхаар нь гайхаж байлаа. Торгоны зам замаар Хятадын бараа бүтээгдэхүүн зөөгдөхөд хохирол амсах гол улс нь турк л болох байх, орсууд бас бага зэрэг хохирол амсах байх төмөр зам үйлдвэрлэлийн салбартаа. Орсууд яагаад хохирол амсах байж энийг хийлгээд байгаа юм бол магадгүй Оросоос зэвсэг авдаг тэр уулзалтаар зөвшөөрүүлсэн юм бол уу. Манай Эбэ транзитаа манайхаар хийчээч гээд гуйгаад байдаг. Аль хэдийн шийдэгдчээд байгаа асуудал бол бүтэхгүй болсон бололтой. Тэхдээ гуйсан мэдээж зөв байхал даа

  9. Aldar says:

    Улс орон өрөө нэмэх эсэхээ нилээн маргаан дагуулж байж шийдэж байна. Тухайлбал, АНУ саяхан өрийн асуудлаа нэмэх эсэхээ шийдэж чадахгүй байна. Хэрэв нэмбэл девольт болно гэж нэрт мэргэжилтэн, хөрөнгө оруулагч нь сануулсан. Гэтэл Монгол гэнэт Бонд яриад мөнгөө ч зарцуулах аргаа олохгүй, ЦЭЦЭГ, ЗҮЛЭГ гэх мэт гээд…. Ийм юм хийх гэж заавал гаднаас мөнгө зээлэх хэрэг байна уу
    Банкирууд улсыг барьцаанд тавьж бонд гаргуулж гаднаас мөнгө босгох, тэр мөнгийг 8%-ийн зээл гэсэн цаасан малгай өмсгөж, өөртөө татаж, актив, эх үүсвэрээ нэмэгдүүлэх, үл хөдлөхийн үнийн хөөрөлтөөр уул уурхайд олгосон зээлийн “алдагдлаа нөхөх”, зам, барилгын салбарт оруулсан багц зээлээ эргэн төлүүлэх, орд газрын нөөц бага гэсэн шалтгаар банкны алдагдлаа улсад өгөх (Хадгаламж банк) арга хэрэглэв. Товчхоноор Банкны бүлэглэлийн тусын тулд энэ бүхэн хийгдээд байгаа юм.
    Мэдээж банкируудын хийж байгаа зүйлүүдийн эцсийн “үр дүн бол” девольт, хямрал рүү чиглэх болно.

  10. delgermaa says:

    $ hansh osohod huurs, zes,tomor…zergiig uhaj gadagshaa(gitadad) borluuldag humuusd ih “ashigtai”,odor shonogui zoono ..uuniig dagaad achij buulgah Ceg bolgond “EZEN SUUSAN” uls torchid-PANZ usregchided “ashigtai”,tednii hoorond ni “zodolduulan” une buulgaj osgohod Avstrali Indonezi Orosd ashigtai”… yuni tomor zam, uls orni erh ashig…

  11. Orgilkhuu says:

    Манайх чинь мал, уул уурхайн түүхий эдээ л гадагшаа сайн зарахаас бус түүхий эдээ зарж олсон жаахан вальютаараа илүү тенологи оруулж ирж суралцаж бий болгож илүү өртөг шингэсэн зүйл бүтээж чаддаггүй улс орон шүү дээ. Ийм нөхцөлд хадаасаа бараг хийж чадахгүй дийлэнх юм нь импортоос хамаардаг байхад манай төгрөг сулараад Монголын өрсөлдөх чадвар нэмэгдэх үлгэр. Мэдээж импорт жаахан хумигдах л байх. Бид олсон жаахан вальютаа ухаалаг зарцуулж илүү нарийн юмнууд хийдэг болохгүй юм бол энэ тасралтгүй өссөлттэйгөөр вальют өсч буурах үхлийн циклээс Монголын жирийн иргэд л байнга хохирсоор байх болно.

  12. Болд says:

    …”Харин дефольтын үед зовлонг нь ард түмэн ямагт үүрдэг ба хариуцлагыг нь хүлээдэг хүн бараг байдаггүй зүй тогтолтой. Дефольт болоход нөгөө сүрхий инфляци чинь жил сараар биш, өдөр цагаар болдог ба үүнийг зовлон туулж байж давах уу, урьдчилан сэргийлэх үү гэдгийг шийдэхэд тун бага хугацаа үлдсэн байна”… судлаач Х.Д.Ганхуяг маань ингэж сануулаад байхад анхаарах засаг төр олон нийт алга бгаан харамсмаар юмоо 😦

  13. ananymous says:

    Манайх гаднаас орж ирэх цөөхөн хэдэн орлогын эх үүсвэртэй, орж ирсэн мөнгөөрөө эргээд гадаадаас хэрэгцээгээ худалдаад авчихдаг, дээрээс нь өөрсдөөсөө мөнгө нэмж гадаадын үйлдвэрлэлүүдийг дэмждэг, өөрөөр хэлбэл жил бүрийн орлого зарлагын харьцааны зөрүүн дээрээс л дампуурал руу аажим аажмаар явж байгаашүүдээ, Судлаачийн бичсэнээр “Тэнэг улсууд мянга ухаантай царайлсан ч эдийн засгийн зүй тогтол гэж нэг сүрхий юм байдаг” гэдэг үнэхээр сайхан сануулга байна.

  14. Монголхүү says:

    Уг нь гадны хөрөнгө оруулалт, хямд зээл нь улс орны хөгжилд маш их хэрэгтэй зүйл, гэвч манайхан авсан зээлээ зөв зүйлд зарцуулахгүй бараг л өдөр тутмын хоол хүнсний хувцас хунарханыхаа л хэрэгцээнд зарцуулагдаж үрэн таран хийж байгаа нь үнэхээрийн ухаан муутай явдал юм. Нэг зээл аваад ядаж нэг зүйлийг гадаадаас худалдан авах мөнгөний урсгалыг хаагаад байхийн бол бага ч гэсэн дотоодын үйлдвэрлэл аажим аажимаар нэмэгдэнэ шүүдээ, энэ маягаар болдогсон бүх гадаад худалдан авалтыг тэглэж Монгол улсын нутаг дэвсгэр дээр импортын бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглосон хууль ч гаргасан яадаг юм, Судлаач та Монголчуудын үндэсний үзлийн талаар, түүнийг сэргээх талаар сэдвээр бичсэн юм байна уу аль ч орны хувьд энэ их чухал сэдэв санагддаг

  15. Zz says:

    Sudlaach hun uur yumaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: