НАМЫН ИХ ХУРАЛ ЮУ ХИЙДЭГ ВЭ

Манайхан МАН-ын Их Хурлаас их зүйл хүлээгээд байх шиг. Ер нь ингэхэд энэ дэлхийн намын их хурлууд юу хийдэг вэ ?! Мэдээж мөрийн хөтөлбөр дүрмээ шинэчилнэ, батална, тайлан илтгэлээ сонсоно, төлөөлөгч нар нь үг хэлнэ, удирдах бүрэлдэхүүнээ сонгоно. Ийм л юм хийдэг биз дээ ?! Аль эсвэл үгүй юм уу ! Үүнээс “өөр юм” хийдэг их хурал гэж энэ дэлхийд байхгүй. МАН-ын энэ удаагийн Их Хурал энэ зүй тогтлоос гажихгүй гэж бодож байна. Харин бидэнд өмнө нь, “дотор” нь юу болсон, дараа нь юу болох л сонин гэж санана…
Өмнө нь юу болсон бэ ?
Харин энэ бол ёстой зовлонтой асуудал. Энд 3 ялагдсан, 5 ялагдсан энэ тэрийг бол бүгдээрээ мэдэж байгаа. Тийм болоод л Их хурал хийж байгаа. Энэ Их Хурал эзэн, шалтгааныг нь олох гэж байгаа. Ингэвэл бүр ч хэцүү юм болно.
МАН олон бүлэглэлтэй, боловсон хэлбэл фракц гэдэг юм. Заримдаа 3-4 бүлэглэл байсан, одоо бол 2 том бүлэглэл болж цөөрсөн. Нэг дэх нь Н.Багабандийн үеэс угшилтай С.Баяр, Сү.Батболд нарын, хоёр дахь нь хотын гэж “нэрлэгдсэн” М.Энхболдын бүлэглэл. Харин залуучуудын гэх У.Хүрэлсүхийн бүлэглэл хэд хэд хуваагдсан. Ерөнхийдөө М.Энхболдоо түшиж байгаа. Ийм бүлэглэлүүд бусад намд ч байдаг болохоор нэг их гаж зүйл биш юм.
Одоо МАН-д хамгийн гол нь бүлэглэл хоорондын тэнцвэрийг барьж, харьцангуй “энх тайван” тогтоож чадах хүн хэрэгтэй байгаа юм. Тийм хүн улам цөөрсөөр байгаа…
МАН шиг том системд бүлэглэл хоорондын тэнцвэр барих шиг зовлонтой ажил байдаггүй юм. Үгэнд орноо нэг байхгүй. Сахилга бат, хариуцлага, энэ тэр гэж ёстой байхгүй. Шунал гэж ёстой бирд. Ингэж тэнэгтэж байгаад ялагдсанаа одоо “ухамсарлаж” байгаа. Харин жинхнээсээ юу, худлаагаасаа юу гэдгийг ёстой хэлж мэдэхгүй…
МАН-ын энэ Их хурал бол “тэнэгээ дүгнэх” их хурал мөнөөсөө мөн.
Одоо юу болж байна вэ ?
Хэд ялагдсаны дараа бодит байдлыг ухамсарлах, уур хүрэх хоёр зэрэг явагдсан юм. Тэгээд намын эрх мэдлийг авч байж нөхцөл байдлыг өөрчлөх “хувьсгалт” дүгнэлт хийсэн нь арай эртэдсэн хэрэг байлаа.
Яагаад гэвэл алдаа оноогоо тулхтай шинжилж дүгнэсэн, анализ дүгнэлт хийсэн судалгаа шинжилгээ МАН-д байсангүй. Өөрөөр хэлбэл МАН шинжлэх ухааныг “мартаад” тун олон жил болсон юм. Тэгээд баахан мөрийн хөтөлбөр, баримт бичиг санаачлах “онолын” ажил хийв. Богино хугацаанд хийж чадах юм нь ердөө л энэ байв.
Харин дүрмийн өөрчлөлтөд бэлтгэв. Харин энэ бол ёстойгоосоо шинэчлэлийн ажил мөн юм. Гэхдээ би дүрмийн өөрчлөлтийн агуулгыг нь мэдэхгүй л дээ.
Харин намын даргын өрсөлдөөнд олон түмэнд ил хэлээгүй болохоос ёстойгоосоо бэлтгэж өгөв. Хэзээ МАН намынхаа даргыг Их Хурлаараа сонгож байсан юм ?!
Надад байгаа мэдээллийн түвшинд М.Энхболд МАН-ын дарга болох нь гарцаагүй. Түүнийг би сайн муу ямраар ч хэлэхгүй, өмнө нь ч нэг их муулж байгаагүй юм. Тэгээд ч МАН-ын шинэчлэл яг одоо эхэлж байгаа учраас олон юм яриад яахав…
Дараа нь юу болох вэ ?
Харин энэ бол хамгийн сонирхолтой асуулт юм. Миний төсөөлж байгаагаар МАН-д, түүний дарга М.Энхболдод шинэчлэл хийх 2 жилийн хугацаа байна. Бодвол их л юм хийхээр бодож төлөвлөө биз…
Түүнийг нэг их “сайн сайхан” нам хүлээгээд авчихсан гэж хэн ч ойлгохгүй биз. Судлаачийн хувьд М.Энхболдын хийх ёстой ажил, намын дотоод болон гадаад дайснуудыг тоолсон чинь лав л миний үс арзайж байна лээ. Нээрээ шүү…
Хамгийн эхний дайсан нь МАХН буюу Н.Энхбаяр. 2014 он гарангуут л тэр гараад ирнэ. Нөгөө их “үхлээ хатлаа” гэсэн юм ёстой байхгүй. Энэ бол гарцаагүй. Энэ үед МАН-ын шинэчлэл энхтайван нөхцөлд болно гэж усан тэнэг л мөрөөдөж болно. Энэ тохиолдолд Миеэгомбын хүү МАН-ын дарга нь зовлон уу, жаргал уу гэдгийг мэдэх цаг ирнэ. Иймээс энэ асуудлаа энэ Их Хурлаараа шийдүүлсэн нь дээр л дээ.
МАН, МАХН хоёрыг “нэгтгэвэл” дарга нь лав М.Энхболд болохгүй гэдгийг би монгол судлаачийн хувьд батлан хэлж чадна. “Нэгтгэхгүй” гэвэл МАН-д заяа нь шинэчлэл хийлгэхгүй, цаад МАХН чинь. Ингээд АН дандаа ялаад байдаг юм.
МАН энэ заваан асуудлыг шийдэхгүй бол АН-тай өрсөлдөнө энэ тэр гэж бодсоны ч хэрэг байхгүй л дээ…
Ингээд хэзээ ч дуусахгүй, “мөнхийн зовлонтойгоо” МАН ахин учрах нь гарцаагүй болж байна даа. Энэ бол Их Хурлаар шийдэх зарчмын асуудал мөн байх шүү. Хэрэв нам шиг нам байя гэж бодож байвал тэр шүү дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 10 дугаар сарын 26.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to НАМЫН ИХ ХУРАЛ ЮУ ХИЙДЭГ ВЭ

  1. nano says:

    Svrhii hellee

  2. социологич says:

    одоо уншихада яг хэлсэн байна шүү. Аргагүй л прогнозчин юмаа.

  3. Anonymous says:

    Аргемент, хамааралыг нэгтгэж гаргасан бодитой дүгнэлт байна.МАН-д одоо л бодит өрсөлдөөн явагдах нь дээ.

  4. ananymous says:

    уншаад байсан таалагдаж байна, айхтар худлаа юм алга бололтой, гэхдээ гарцыг нь бичиж байж болдоггүй юм болвуу

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: