“ЗААГЛАСАН” АНАЛИЗ

МАН-ын Их Хурал болов. Манайхан энэ талаар системийн дүгнэлт хүсч байгааг би сайн ойлгож байна. Гэвч манай нийгэм-улс төр, сэтгэл зүйн хандлага, гаж зөрчилт байдал, хандлагын улмаас анализ хийхэд улам түвэгтэй болсоор байна. Асуудал анализ хийж болох болохгүйдээ биш, анализын зүйл болон хүрээ салаалж, олон нийтийн төсөөлөл төөрөлдөж, үүнээс болж би өөрөө “хэрэгт орчих” гээд байгаатай холбоотой юм. Энэ тохиолдолд өөр олон арга байдаг юм л даа. Үүний нэг нь “заагласан анализ” юм. Үүнийг хэрэглэх гээд үзье…
“Ерөнхий анализын” дүгнэлт
Өнөөгийн монголын улс төрийн систем дампуурал задралд орсон нь маргашгүй үнэн. Засгийн эрхийг ээлжлэн баригч АН, МАН хоёр цөөн тооны олигархийн эрх ашгийг илэрхийлэгч болж, тэдгээрийг эсвэл “шинэчлэх”, эсвэл “устгах” цаг үеийн шаардлага үүссэн нь бас л илэрхий. Олон нийтийн сэтгэл зүй ч хоёр намаас залхаж гүйцээд байна. Энэ бол нэгдэх нөхцөл.
Тэгвэл нөгөө талд нь энэ хоёр намыг зохион байгуулалттайгаар эсэргүүцэн тэмцэх бодит хүчин хараахан бий болоогүй байна. Хоёр нам ч ийм хүчнийг гаргахгүйн төлөө бололцоотой бүхнийг хийж ирсэн юм. Ард түмэн одоохондоо дургүйцэн шүүмжлэхээс өөр зүйл хийж чадахгүй байна. Энэ бол хоёр дахь “эсрэг” нөхцөл.
Эдүгээ Монголын улс төрийн тавцанд хоёр нам голлох тоглолт хийж, парламентын бусад намууд “туслах” тоглолт хийж байна. Энэ бол бодит баримт факт юм. Монголд парламентын гадуурх нам бараг байхгүй болж, төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөний үйл ажиллагаа зогсонги байдалд оров. Энэ бол нэг талаас хоёр намын зориудаар хамтарч хийсэн “устгах” үйл ажиллагааны үр дүн. Нөгөө талаас манай ард түмний үхээнц, зөвхөн хар амиа боддог, зохион байгуулагдаж чаддаггүй, арчаагүй зангийн илрэл мөн. Монголын ард түмэн олон жилийн тархи угаалтын үр дүнд хамгийн бэртэгчин, хамгийн арчаагүй, хамгийн идэвхигүй ард түмний нэг болсон гэдэг дүгнэлтийг би бүрэн итгэлтэйгээр хийж байна.
Иргэний хөдөлгөөн зогсонги байдалд орсон 1997 оны хавьцаагаас эрх баригчид хэтэрхий олон “нүгэл” үйлдэж, дэндүү дураар дургиж байгаа. Сүүлдээ бүр төрийн тэргүүн хүртэл “буруугаа хүлээдэг байгууллага Монголд алга” гэж хэлдэг болов. Гадаадын хөрөнгө оруулагчид дайжсан шалтгааныг иргэний хөдөлгөөн гэж Ерөнхийлөгч нь дүгнэх хүртэл эрх баригчид тэнэгтэж байна. Энэ нь ард түмнээ хэтэрхий доромжилсон хэрэг юм. Олон жил номхон хүлцэнгүй тэвчсэн ард түмний дүргүйцэл жигшил нэг тэсэрвэл ихээхэн хөнөөлт хэлбэрээр гардаг гэдгийг би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид онцлон сануулж байна.
Дээр дурдсан нөхцөл байдлын улмаас Монголын улс төрийн тавцан дээр улс төрийн эрх баригч АН, сөрөг хүчин МАН хоёр эрх мэдлийг барьж байна, хэрэгжүүлж байна. Гэвч хоёр намын утгагүй улс төр ужгирсан мухардалд орсон.
Энэ бол улс төрийн системийн “ерөнхий анализ” гэсэн ангилалд багтах аналитик ажил болно. Энэ талаар гадаад дотоодын эрдэмтдийн бүтээл, судалгаа шинжилгээний олон дүгнэлт бий. Манай ард түмэн ч үүнийг сайтар мэдэж, мэдэрч байгаа. Үүнийг энгийн үгээр тоймловол: “Энэ засаг төр, намууд нэг л биш ээ”, “Хоёр нам хоёулаа луйварчин”, “Манай Монгол нэг л болохгүй байна” гэх мэт.
Монголын нийгмийн энэ бодит хандлагыг хамгийн сүүлд албан ёсоор УИХ-ын гишүүн Г.Уянга 2012 оны 7 дугаар сарын 7-нд УИХ-ын анхны чуулганы нээлт дээр илэрхийлсэн билээ. Тэр үг энэ байна: “Бид УИХ-ыг Монголын эзэнт гүрний Их Хурилдай шиг бүрэн эрхийнхээ дагуу улс орноо удирдан хөтлөх дээд байгууллага болгоё…Аль ч хүчин нь засгийн газарт орохоо больё. Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярилцацгаая. Одоогийн парламентад орсон хүчний харьцаагаар түр засгийн газар байгуулж шинэ V Үндсэн хууль батлагдтал улс орны аж ахуйн асуудлыг эрхлэн авч явах үүрэг хүлээлгэе…Бид хариуцлагыг хууль болгосон анхны Их хурал болъё. Нийгмийг бүхэлд нь бузарлан, тонож дээрэмдэж буй намчирхсан тогтолцоог тас цохисон анхны Их хурлынхан болцгооё. Намчирхсан энэ тогтолцоог л тас цохиж чадвал бид бүгдийг хийж чадлаа гэсэн үг” гэж уриалсан билээ.
Энэ бол системийн дампуурал, задралаас гарах бодит гарцыг санал болгосон улс төрийн туйлын ухаалаг бөгөөд зоримог санаачлага байсан юм. Түүний энэ үгийг санах цаг удахгүй гэдгийг би батлан хэлж чадах байна. Харамсалтай нь манай улс төрчид хүний үг авдаг хүмүүс биш билээ. Одоо байдал бүр дордож байна.
Дээр дурдсан бол “ерөнхий анализын” дүгнэлтүүд юм. Үүнийг олон хүн хийдэг. Түүний дотор би энэ талаар ам ангайх болгондоо дуугардгийг бүгдээрээ биш юмаа гэхэд ganaa.mn блогийн 986.000 давсан уншигчид мэднэ. Би өмнө хэлсэн ярьсан дүгнэлтийнхээ ганц ч үг үсгээс няцахгүй гэдгээ онцлон дурдаж байна.
Харин “ерөнхий анализ”-аар МАН-ын одоогийн Их Хурлыг шинжлэх боломжгүй. Хэрэв ингэвэл: “чи МАН-ыг (АН-ыг) муулж муулчихаад ямар нүүрээрээ одоо “магтаад” байгаа юм” гэсэн хараал урсах нь гарцаагүй. Дээр би “хэрэгт орчих гээд байдаг” гэж хэлсэн маань ийм учиртай.
Сэтгэн бодох ямар ч чадваргүй “бууны ноход” ингэдэг нь мэдээж хэрэг. Бараг хэн ч анализ хийхгүй, хийж чадахгүй атлаа “бэлэн” анализыг “харааж загнахдаа” манайхан шиг хэлэмгий доломгой, “мэргэн цэцэн” улс энэ дэлхийд байхгүй биз. Иймээс Монголд анализ хийх шиг “зовлонтой” ажил байдаггүй юм…
“3аагласан анализын” дүгнэлт
МАН хэдий том ч гэсэн улс төрийн системийн нэг хэсэг юм. МАН-ын Их Хурал хуралдсан тохиолдолд түүнийг дангаар нь буюу АН-тай холбогдох холбоо харилцаанд нь харьцангуй бие даасан систем гэж үзвэл ойлгоход арай илүү “хялбар” болно. Энэ аргыг системийн анализад “заагласан анализ” гэж нэрлэдэг. Энэ нь хоёр өөр түвшин, өөр үйл явц холилдохоос болгоомжилж, “ойлгох байдлыг” нэмэгдүүлж байгаа юм. Бүрэн төгс “зааглаж” болохгүй нь мэдээж хэрэг.
Өөрийгөө системийн аналитик гэж нэрлэдэг “нусан буунуудын” хэн нь ч энэ аргыг огт мэдэхгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна. Ер нь бол юмыг мэддэг, чаддаг байж хүмүүст болон дарга нартаа онгирч бай гэж тэдэнд захимаар байна.
Энд МАН-ын сайн муу, сайхан муухайг огт хөндөлгүй, харин болж буй үйл явцыг нам гэсэн систем дотор нь харьцангуй байдлаар шинжилнэ гэсэн хэрэг юм. Ингээд “заагласан анализын” шинжилгээндээ оръё.
МАН сонгуулийн хэд хэдэн ялагдлын дараа үе, “төлөөлөл” солих шаардлагатай болов. Аль 1990-ээд онд гарч ирсэн бизнес-улс төрчдийн боломж үнэхээр шавхагджээ. Энэ дүгнэлт АН-д ч гэсэн мөн адил хамаарна. Яагаад гэвэл МАН, АН хоёр сайнаар хэлбэл хүйн холбоотой, муугаар хэлбэл сиамын ихрүүд юм.
Сая МАН дотор “хуучин” болон “шинэ” бүлэглэл өрсөлдөв. “Хуучин” бүлэглэлийг Сү.Батболд, С.Баяр, Д.Лүндээжанцан нар, “шинэ” бүлэглэлийг М.Энхболд толгойлов. Харин У.Хүрэлсүхийн “залуучуудын” бүлгийн олонхи “шинэ” бүлгээ дагажээ.
МАН-д бүлгийн өрсөлдөөн АН-ынх шиг “галзуутай тэнэг” явдаггүй ч гэсэн “хорон шинжээрээ” хосгүй байдаг. Хашир хандгайнууд бодно гэж ёстой таван нүүдлийн цаадахыг хардаг юм. Гэхдээ шинжлэх ухааны анализ бол арван нүүдлийн цаадахыг ч олж чадах бөлгөө. Ялангуяа хувь хүмүүсийнх нь сэтгэлгээний хэв маягийг “хорхой шавьж” шиг судалсан тохиолдолд…
Бүлэг хоорондын зөрчил явж явж зөвшилцөл тохироонд хүрэв. Нэг их “сайхан биш” ч тохирохоос өөр арга байхгүй юм чинь. Тохироо хэнийг сонговол цөөн хүн гомдох вэ, хэн олон бүлгийг нэгтгэж чадах вэ гэсэн шалгуураар явагдав. Ингэж ингэж одоогийн нөхцөлд “хамгийн зөв” М.Энхболд дээр тогтов. Шийдлийг гаргаж чадаж байна аа, энэ МАН. Би тухайн энэ нөхцөлдөө л “зөв” гэж байна…
М.Энхболд бол хуучин шинийн “завсрын”, элдэв савалгаа багатай хүн юм. М.Энхболд дарга болсноор “Алтангадастай” хүйн холбоотой, МАН-ын эрх мэдлийг олон жил атгасан “хуучин” бүлэглэлийн эрх мэдэл ямар нэг хэмжээгээр сулран, хүчний харьцаа өөрчлөгдөж байна гэж үзэж болно. “Хотын” бүлэглэл дийлэнхи болов.
Иймээс МАН удирдах бүрэлдэхүүнээ нэлээд зоримог “өөрчлөв”. Олон бүлгийн “төлөөллийг” цөөн болгож, залуу улс төрчдөөр бэхжүүлэв. Хуучин бол багийн “зөвшилцлийн” тоглолт байсан бол одоо багийн “алсын эрх ашгийн” тоглолт эхэлж байна. Хуучин бүлэг бүлгийн төлөөлөл Удирдах Зөвлөлд орж, “холбооны улс” шиг болчихсон байсан юм. Одоо энэ тэнэг байдал ямар нэг хэмжээгээр багасч байна. МАН дотор бизнесүүд өөрөө улс төр хийж мангартдаг үе өнгөрч байна. Энэ нь МАН-д үе хийгээд “төлөөлөл” солигдолт эхэллээ гэсэн хэрэг юм.
Бүлэг тус бүр халаагаа бэлтгэх “ихээхэн ажил” хийжээ. Үүнийг тэд сайндаа хийгээгүй, зөн бэлгээрээ хийсэн бөгөөд нас намба, цаг хугацаа шал өөр болж байгааг эрхбиш хүн юм чинь мэдэрсэн хэрэг л дээ. Үүний үр дүнд МАН-д залуучуудын бүхэл бүтэн эгнээ төрөн гарч байна. Юу ч гэсэн хүмүүс тэднийг мэддэг болно. Хүмүүс тэднийг сайн муу хэлэх хийгээд тэдний хооронд ихээхэн зөрчил байгаа нь хурлын анализад биш, харин шинэчлэлийн анализад хамаатай.
Системийн утгаар бол хөдөлж байгаа юм л хөгждөг юм. МАН бол сайн ч бай, муу ч бай “хөдөлж” хэрэлдэж, хэлэлцэж, хуйвалдаж, зөвшилцөж, шийдвэр гаргаж чадав. Энэ бол гүн ухааны утгаар “сайн зүйл” юм. “Тэмцэл” дунд олон залуус төлөвшиж байна.
Харин энэ үүднээс бол АН хавьгүй илүү аюултай нөхцөлд байна. Тэнд ямар ч хөдөлгөөн алга. Хамаг удирдагчид нь хөв хөгшин. Ганц ч залуу хүн байхгүй. Арай ч биш юм байна. Х.Тэмүүжингээс өөр “хүнд үзүүлэх” залуу хүн алга гэж би бодож байна. Тэд чинь Зандан, Магнай хоёроо хүртэл ад үзээд “хөөх” гээд байгаа улс шүү дээ. АН сүүлдээ захиргааны аргаас “өөр юм” мэдэхгүй болтлоо тэнэг болж байна.
Тэгэхэд МАН-д залуучууд ёстой “арзалзаж” байна. Намын ерөнхий нарийн бичгийн даргад хөгшин залуу хоёр биш, будаг нь ханхалсан хоёр залуу өрсөлдөж байна. “Хөдөлгөөн бол амьдрал” гэдэг юутай үнэн. “Ардчилал ардчилал” гэсээр байтал нэг мэдсэн чинь хамгийн адгийн хуучинсаг нь АН болж таарч байна. Тийм биш гэж үү ?!
Энэ чигээрээ байх юм бол АН-ын “шоронгийн түлхүүр эргэлдүүлж айлгадаг” үе удахгүй өнгөрнө. Энэ ч их ноцтой хандлага шүү…
МАН-ын шунал огтхон ч буураагүй боловч мөнгөндөө сагаад давхиад байж болохгүйг эрхбиш ойлгожээ. Энэ нь “оюунжуулах” болон “үзэл суртлын” тал руу нэлээд “юм” хийнэ гэсэн үг. Үгүй бол ямар үхснийх нь “шинэчлэл” байхав…

Энд дурдсан бол “заагласан анализ”-ад хамаарна. Ингээд цаашдаа яахав гэсэн асуулт үүсэх нь мэдээж хэрэг. Энэ тохиолдолд “заагласан анализаа” “ерөнхий анализтайгаа” буцаагаад нийлүүлэх ёстой. Хамгийн түвэгтэй энэ ажлыг зориудаар хийгээгүйгээ би онцлон дурдаж байна. Үүнийг хийхээр оролдвол УИХ-ын гишүүн Г.Уянгийн дээр ишилсэн зарчмын үгийг санаж байвал зүгээр байх.
Ингээд бодвол цаашаа юу болохыг МАН, АН-ын “шинэчлэл” болон ард түмний зан үйлийн боломжит хандлага л мэдэх хэрэг. Ямар ч гэсэн М.Энхболдын багт “шинэчлэлийн” 2 жилийн хугацаа байгаа.
Энэ хугацаанд “заагласан анализын” үр дүнгээс гадна “ерөнхий анализын” хандлагын дагуу шинэчлэгдэж чадсан нь 2016 онд ялах нь гарцаагүй. Энэ нь үндэсний эрх ашгийг хөсөр хаясан, ямар ч хараа хяналтгүй, дураар авирласан, хэт шуналт олигархи тогтолцоог нэлээд төвлөрсөн, чанд зохион байгуулалттай, бүх нийтийн хяналт, оролцоо бүхий улс төрийн тогтолцоогоор халах чиглэлд томоохон алхам хийх ёстой гэсэн хэрэг юм.
Одоо эд баялаг, эрх мэдэл гэж давхиж байхаар хааяа ч болов гэгээрэх, өөрөө чаддаггүй юмаа гэхэд мэдлэгжсэн, мэдээлэлжсэн залуусаар халаагаа солих цаг нэгэнт болсон. Хэдий болтол харанхуй мунхагаараа явах юм…
Манайхан одоо “МАН-ын “хотын” бүлэглэл ухаантай юу, үгүй юу ?!” “МАН шинэчлэгдэж чадах уу ?!” гэсэн хачин жигтэй асуултууд тавьж байна. Ийм ахул “АН-ын нам дамжсан “Алтан гадас” ухаантай юу, үгүй юу ?!”, “АН шинэчлэгдэх шинж байна уу ?!” гэсэн асуултад эхэлж хариулах хэрэгтэй болно байх…
МАН-ын шинэчлэл одоо л эхэлж байна. Өөрөөр хэлбэл МАН-ын шинэчлэл ард нь биш, өмнө нь байна. Энд алдаа оноо гарах эсэх, чадах эсэх нь өөр асуудал. Бас түүнд нь итгэх эсэх нь бүр ч өөр асуудал. Ямар ч гэсэн МАН-ын шинэчлэл дардан замаар, зовлон зүдгүүргүй явна гэж номонд хазгай, нэн хүнд, асар их бэрхшээлтэй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой…
Одоо МАН-ын бүх бүлэглэлүүд “шинэчлэгчид”, шинэчлэлийг “эсэргүүцэгчид” гэж хуваагдах болж байна. Яагаад гэвэл “өөрөөр шинэчлэгчид” гарч ирэх сүүлчийн боломж энэ Их Хурлаар дуусч байгаа юм. “Эсэргүүцэгчид” нэг хэсэгтээ чимээгүй байх нь “хууль”. Яагаад гэвэл “шинэчлэгчид” “шинэчлэлээ” эхлээгүй байна. Ямар намын “удирдлагад орсонгүй” гэж бослого гаргах юм уу ?! Гэхдээ нэг их удахгүй “ямар нэг юм” бодоод олж амжина биз !!! Ингээд л эхэлнэ дээ. Харин энэ бол ч “нүдэнд харагдаж” байна шүү…Гэхдээ энэ нь “заагласан анализын” огт өөр сэдэв болно.
МАН-ын шинэчлэлд нөлөөлөх “бусад нөхцлүүд” асар олон бий л дээ. Жишээ нь: АН-ын болох эсэх нь үл мэдэгдэх “шинэчлэл” асар их нөлөөлнө. Мөн МАН болон АН-ын “уламжлалт” болон “уламжлалт бус”, ил болон далд холбоонд орж буй болон гарцаагүй орох өөрчлөлт асар их нөлөөлнө. Түүнчлэн арай гэж салсан олигархи МАХН-ыг “хөөх үү”, “гэртээ оруулах уу” гэсэн лайтай асуудал мөн ч их нөлөөлнө. Харин энэ бүгдийг хэн дуртай нь биш, системийн анализаар л тооцоолж болно.
Ойрын 2 жилийн хандлагын талаар эмпирик материал надад одоохондоо бүрэн байхгүй байна. Байхгүй ч гэж дээ, миний хувьд “нарийвчлан шалгах” хэдэн асуудал байгаа юм…
МАН “тэсрэх” гэж байсан бөмбөгийг яаж ийж байгаад гаргаад чулуудчихлаа. Үлдсэн “цэнэг” нь мөддөө аюул багатай юм. Одоо энэ бөмбөг АН-ын өвөр дээр уначихсан болов уу даа. Гэхдээ “дундын халаасанд” нь орчихсон бол хоёулаа л “тэс үсэрнэ” дээ…
Ингэвэл ч ёстойгоосоо хувьсгал мандтугай болно…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 11 дүгээр сарын 5.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

11 Responses to “ЗААГЛАСАН” АНАЛИЗ

  1. Болд says:

    “Засгийн эрхийг ээлжлэн баригч АН, МАН хоёр цөөн тооны олигархийн эрх ашгийг илэрхийлэгч болж, тэдгээрийг эсвэл “шинэчлэх”, эсвэл “устгах” цаг үеийн шаардлага үүссэн нь бас л илэрхий. Олон нийтийн сэтгэл зүй ч хоёр намаас залхаж гүйцээд байна.”
    “Тэгвэл нөгөө талд нь энэ хоёр намыг зохион байгуулалттайгаар эсэргүүцэн тэмцэх бодит хүчин хараахан бий болоогүй байна. Хоёр нам ч ийм хүчнийг гаргахгүйн төлөө бололцоотой бүхнийг хийж ирсэн юм. Ард түмэн одоохондоо дургүйцэн шүүмжлэхээс өөр зүйл хийж чадахгүй байна.”
    Манай тархи угаагч олон мэдээллийн хэрэгсэл, өнөө олон их мэдэгч доктор профессорууд судлаач эрдэмтэд нь ядахдаа ингээл ҮНЭНг хэлж олон түмэндээ харуулж дөнгөхгүй бгаан харамсалтай төдийгүй энэ цагийн эмгэнэл болж бгаам даа. Ганаа ахдаа гялайлаа эрүүл энх ажлын улам их амжилт ерөөе таныг хүндлэн дэмжигч сэхээлэг оюунлаг шинэ цаг үе… улам нэмэгдэж нийгмээ гийгүүлэх болноо БАЯРЛАЛАА.

  2. Дорж says:

    Аль аль нам дахь харь нөлөөг тооцвол дундын халаасанд унасан байх…

  3. nn says:

    arai l huleej baisnaas buurenhii hellee dee. yav gedgiig taasangui ee.

  4. Anonymous says:

    Bayarlalaa.namiig gishuunchlelgui bolgoh bolomj her bdag bol. Hot hodoogui namiin haryalalaas bnga heruul garch bna. Guravdagch huchin bidend uul ni heregtei l yum ghdee. Tanii heldegeer tedniig deesh ni gargahgui l bh

  5. delgermaa says:

    энэ бол тор улс, нийгэмдээ чин сэтгэлээсээ санаа зовдог хYний дYн шинжилгээ билээ

  6. Батболд says:

    Хувьсгал мандтугай.

  7. bi says:

    uneheer amttai analiz jinhene mongol sudlaachiin gargaj irsen saihan shinjilgee ganaa guai mandtugai

  8. Anonymous says:

    “Hedii boltol haranhui munhagaaraa yavah yum” gj goyo hellee. Ene ug zuvhon uls turiin namuudad ch bish buh mongolchuudad hamaatai. Amia bodson archaagui bdlaasaa angijirch niigemshij chadahgui bga n bid bugdiin emgenel. Uul uurhai, uls tur end magadgui bodoj bgaagaas ch baga hamaatai bj magadgui.

    Bi M.Enhbold.g namin darga bolohod ene nam ingeed duuschee l gj bodson. Getel ta argagui l sudlaachin nudeer ogt oor untsgoos harj dugnej bn. Amjilt husie!

  9. Өлзий says:

    Нээрээ бас тийм байж магадгүй юм байна шүү. Гэхдээ Ганаа гуайн анализаар Ардын нам шинэчлэгдвэл уг нь Монгол хэрэгтэй л нам л даа. Ардчилсан нам бол дотроо шинэчилэл тээгч вирустэй нам. 16-н онд Ардын нам дахин
    шинэчлэх хурлаа сонгуулийн ялагдлын дараа дахин хийнэ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: