ҮНДЭСНИЙ БААТРАА ИНГЭЖ БҮТЭЭДЭГ

Эргүү тэнэг нь дэндсэн монголын “шинэ” түүхчид болон түүх сонирхогчдод үндэсний түүх бичлэг гэж юу байдгийг ойлгуулах үнэн тамтай ажил юм. Монголоос жишээ авахаар солиороод, мэдэмхийрээд болохгүй бол гадаадаас жишээ авна. Энэ удаад Оросоос жишээ авав. Дараа нь бусад олон улсаас жишээ авах болно. Ингээд энэ жишээ Монгол үндэсний түүх бичлэгийн агуулга ямар байх ёстойг ойлготол чинь үргэлжилнэ. Яахаараа ийм мунхаг харанхуй, дээрээс нь эргүү муйхар үхэр шиг зүтгэдэг байна аа, өнөөгийн “нэн шинэ түүхчид”…
Александр Невский
Новгородын ван, Киевийн их ван, Владимирийн их ван, Оросын алдарт жанжин, Оросын мянганы их хүн Александр Ярославич Невскийг мэдэхгүй, үгүй ядаж соноогүй хүн байхгүй биз.
Переяславын ван Ярослав Всеволодовичийн хоёрдахь хүү Александр Невский 1221 оны 5 дугаар сард Переяславль-Залесскад төржээ. Тэр үеийн Орос олон жижиг ванлигуудын өрсөлдөөн тэмцэлдээний талбар байсныг онцлон дурдаж байна. 1232 онд Ромын пап IX Григорий орос болон фин хэлтнүүдийн эсрэг дайн хийж Новгородчууд ялжээ. 1236 онд эцэг Ярослав ван Новгородоос Киев рүү, тэндээсээ Владимир рүү нүүжээ. Энэ үеэс Александрын бие даасан үйл ажиллагаа эхэлжээ.
Ингэж байтал 1238 онд Монголчуудын хүчирхэг довтолгоо эхэлж, Зүүн хойт Оросыг эзлэн Владимирийн их ван Юрий Всеволодовичийг алжээ. Ер нь бол энэ вангийн бүх удмыг монголчууд хөнөөжээ. Ингээд ах захын ёсоор эцэг Ярослав Владимирийн их вангийн сэнтийг эзлэх болсон байна. Ярослав Их ван болоод Смоленск хүрч тэндээс литовын цэргийг хөөжээ. Энэ нь монгол-оросын цэргийн анхны холбоо байж ч магадгүй. Ямар ч гэсэн литовчуудыг будаа болгожээ.
Ингээд эцэг Ярослав ванг Оросын вангуудаас хамгийн түрүүнд Алтан Орд руу Бат хаан дээр дууджээ. 1243 онд Их Хаантай уулзсан эцэг Ярослав “Орос хэлтэн бүх вангуудын ахлагч (дарга)” бөгөөд Киевийн болон Владимирийн Их вангаар батлагдсан байна. Энэ үеэс Оросын нийслэл Киевээс эхлээд Владимир руу, дараа нь Петербург руу шилжих олон зууны үйл явц эхэлсэн юм.
Алтан Ордод эцэг Ярославын хүү Константин үлдсэн юм. 1245 онд Алтан Орд хүүг нь суллан явуулж эцэг Ярославыг өөрөө биечлэн ирэхийг тушаажээ. Энд ирсэн Ярослав ванг 1246 онд Хархорум руу очиж Мөнх хаанд бараалхахыг тушаажээ. Эцэг Ярослав Мөнх хаантай уулзаж, түүний пайзыг авсан. Дараа нь тэр Турхан хатны гараас ундаа уусан гэдэг. Ингээд буцаж явах замдаа 7 хоногийн дараа замдаа нас баржээ.
Барууны аюул
1240 онд Шведийн флот Ладог нуурыг эзлэхээр Нева руу орж ирэв. Александр шведүүд рүү дайрч гялалзсан ялалт байгуулав. Мөн оны 8 дугаар сард немцүүд Изборск, Псковыг эзэлж, Новгородод дөхөж ирэв. Новгородчууд эцэг Ярославыг вангаа гэж тусламж гуйжээ. Эцэг Ярослав ах Андрейг тийш нь явуулах гэтэл Новгородчууд дүү Александр Невскийг явуулаач гэж гуйжээ. Энэ нь түүний нэр хүнд ямар их байсныг харуулна.
1241 онд Александр Новгородод ирж тэр хавийн мужуудыг дайснаас цэвэрлэжээ. 1242 онд Александр Чуд нуурын гэж түүхэнд орсон агуу тулалдаан хийж немцүүдийг нуурын мөсөнд живүүлэн хяджээ. Энд монгол цэргийн оролцоо, туслалцаа байсан нь илт байдаг.
1245 онд ван Миндовгийн толгойлсон литовын цэрэг Орос руу довтлов. Өөдөөс нь Новгородын цэргийг удирдсан Александр тосон очиж ялаад литовын найман ванг алж, новогородчуудаа гэрт нь буцаасан гэдэг. Дараа нь өөрийн цэргийг авч литовын цэргийн үлдэгдлийг бут ниргэж Орос эх орноо цэвэрлэжээ. Литовчууд түүний нэрийг сонсоод сүнс нь зайлдаг байсан гэж оросын түүхэн судруудад өгүүлсэн байдаг.
Эх орноо хамгаалж…
Эцгээ нас барсны дараа 1247 онд Александрыг Бат хаан дууджээ. Тэндээсээ өмнө нь тийшээ явсан ах Андрейн араас Их Монгол Улсын хаанд бараалхахаар Хархорум руу явсан байна. Уг нь Бат хаан Владимирыг Александрт, Новгород болон Киевийг ах Андрейд өгөхөөр бодож байсан гэдэг. Харин эцэг Ярославын хүслээр үүний урвуугаар байсан ч гэж ярьдаг.
Гэтэл Гүюг хаан нас барж Александр Бат хаанаас Киев болон “Бүх Оросын газар нутгийг” хүлээн авсан байна. Гэхдээ тэр үед Киев улс төр-эдийн засгийн ач холбогдлоо алдсан байсан тул Александр ван Новгородод суурьшжээ.
Энэ үед Ромын пап Оросыг католик шашинд оруулах гэж удаа дараалан элч явуулж ятгаж байлаа. Энэ Орос барууны холбоотон болно гэсэн хэрэг байв. Энэ эгзэгтэй үед Александр “ухаантай хүмүүстэй” зөвлөлдөж байгаад Орос орны түүхийг бүхэлд нь эргүүлсэн шийдвэр гаргасан юм. Энэ нь: “энэ бүхэн чинь сайхан л юм, харин танай сургаалийг бид авахгүй” гэсэн хариулт байсан юм.
1251 онд Монголд Батын холбоотон Мөнх хаан суув. 1252 онд Александр Алтан Ордод ахин ирэв.
Энэ үед ах Андрей ах Ярослав Тверскийн хамт цэрэглэн босов. Монголчууд Неврю жанжнаар удирдуулсан цэргийн бүлэг гарган тэднийг бут ниргэжээ. Андрей Швец рүү зугтан гарав. Ингээд Владимир буюу зүүн хойт Орос Александрын мэдэлд иржээ. Энэ мэтээр Орос орон улам “томорсоор” байсан юм. Яг үнэнийг хэлэхэд ах Андрейн эсрэг монгол-оросын залхаан цээрлүүлэх цэргийн бүлэг хамтран ажиллаж байсан юм.
1253 онд Александр ван Торопец хотоос литовчуудыг хөөн гаргав. Энэ онд Псковоос тевтонуудыг хөөн гаргаж, Псков, Новгородод энх тайван тогтоов. Энэ болтол Оросууд “барууны аюулаас” хамгаалдаг байсан бол одоо бол довтлон хөөдөг болов.
1256 онд швед, емь, сумь нар Наровт цөмрөн оров. Александр тэднийг үлдэн хөөв. 1258 онд литовчууд Смоленскт довтлов. Ахиад л Александр ван туслахаар ирэв. Энэ болгонд монгол цэргийн оролцоо, туслалцаа байсан нь ямар ч эргэлзээгүй юм.
1257 онд Владимир, Муромск, Рязаньд монголчууд хүн амын тооллого явуулав. Монголчууд үнэн соёлтой байсан юм. Энэ бол Оросын анхны хүн амын тооллого байсан ба оросын статистикийн эхлэл болсон юм. Одоо л бид нар статистикийн гадаад ном уншиж судлаад солиороод байгаа болохоос түүнийг чинь бид анх үндэслэсэн юм. Тэгсэн чинь нөгөөх Новгород чинь тоолуулдаггүй гэнэ. Хамгийн их тусламж гуйсан, хамгийн их тусламж авсан баагийнууд ш дээ. Ятгахаар очсон “том ноён” Михалко гэгчийг алаад хаяж. Яг өнөөгийн манай монголчууд шиг тэнэг шаарууд…
Ингээд Александр ван монголын элчийг дагуулан Новгородод хүрч очжээ. Тэгээд үймээн самуун дэгдээсэн “нөхдүүдийг” барьж аваад “хамрыг нь тасалж, нүдийг нь сохолж” шийтгээд, өөрийн хүүг тэндхийн ван болгожээ. Ингээд 1258 онд Алтан Ордод очиж хааны сайд Улавчид “тайлангаа” тавьжээ. 1259 онд Новгород тоолуулж, татвар төлөх болж, “тамга хүлээн” авсан байна.
1262 онд Александр ван Алтан Ордод очиж Оросыг хамгаалах ихээхэн хүнд асуудлыг ярилцаж шийдсэн байна. Александр ван 1263 онд Городец хотноо хүнд өвчнөөр нас баржээ.
Оросын бахархал
“Дорно зүгийн гай зовлонгоос Оросын газар нутгийг хадгалан үлдэж, баруун зүгт шашин шүтлэг, газар нутгийнхаа төлөө байгуулсан алдар гавъяа нь Александрыг Оросын яруу алдарт шүтээн, Монамахаас эхлээд Донской хүртэлх эртний түүхийн хамгийн нэрт зүтгэлтэн болгосон юм” гэж Оросын алдарт түүхч Сергей Соловьев дүгнэсэн байдаг. Мөн дайсан рыцарууд нь хүртэл түүнийг “хааны хаан, вангийн ван” гэж дүгнэж байсан гэдэг.
I Петр хааны тушаалаар 1797 онд түүнийг шарилыг Санкт-Петербург дэх Александр-Невскийн хийдэд онголон тахисан юм. “Орос орон руу илд далайсан болгон тэр илдэндээ үхэх болно” гэсэн Александр Невскийн суут үг орос хүн бүрийн цээжинд байж түүгээр, түүний гавъяагаар бахархдаг юм.
2008 оны 12 дугаар сард явуулсан хамгийн өргөн хүрээтэй судалгаагаар Александр Невский “Оросын нэр төр” алдрыг хүртсэн нь түүний алдар суу, агуу их нэр хүндийг гэрчилнэ.
Оросын түүхчдийн дүгнэлт туйлын зөв бөгөөд их сонирхолтой: XIII зууны Орос гурван талаасаа аюулд өртжээ. Католик баруун, Монгол-татаар, мөн Литовчууд. Александр Невский жанжин болон дипломатын ур чадвар гарган энэ гурваас хамгийн бага хорлол буюу хамгийн хүчтэй атлаа шашинд хамгийн хүндэтгэлтэй ханддаг Монголчуудыг сонгон тэдний холбоотон болж, немцүүдийн довтолгоог няцаахын хамт үнэн алдарт шашнаа католик түрэмгийллээс хамгаалж Орос орноо аварчээ.
Түүхчдийн энэ тайлбарыг хаант засаг ч, зөвлөлт засаг ч, үнэн алдарт сүм хийд ч нэгэн дуугаар зөвшөөрч, дэмждэгт оросын түүх бичлэгийн давуу тал оршдог юм. Манайхантай адилхан хэн дуртай нь солиороод, балайраад, эргүүтээд, тэнэгтээд байдаг юм биш.
Лев Гумилев Александр Невскийг Орос-Алтан Ордны холбоог үндэслэгч гэж үзсэн. Александр Алтан Ордод ирж, Бат хаантай найзалж, дараа нь түүний хүү Сартагтай ах дүү бололцсон. Мөн 1252 онд туршлагатай монгол ноён Неврю-гийн монгол цэргийн ангийг Орост дагуулж ирсэн. Хувийн талаар ийм дотно байсан учраас орос-монголын соёлын нийцэлд (синтез) их үүрэг гүйцэтгэсэн гэж үзсэн.
Мэдээж хэрэг Александр Невскийг шүүмжлэх хүмүүс байдаг ба тэдгээр нь голдуу “барууныхан” байдаг юм.
Улс үндэстнүүд үндэсний баатраа ингэж бүтээдэг аж. Хараад байхад Монголоос бусад бүх үндэстэн түүхэндээ ингэж хандаж, түүхээ ингэж бичдэг юм байна.
Хэрэв Монголоор сэтгэвэл…
Хэрэв Александр Невский монгол хүн байгаад ийм үйл хийсэн бол өдийд хог шороотой холилдоод бөөн хэрүүлийн бай болох байсан нь ямар ч эргэлзээгүй. Хубилайгаас эхлээд загнаад байдаг “ясны онолч-түүхч” улсуудад энэ зэрэг бол өлхөн. Занабазар Галдан бошигт хоёроор бол пивоо ч зүгээр уучихаж чадахгүй заамдалцаж нармайгаа нээлцдэг “агуу түүхч” ард түмэн ш дээ, бид…
Хамгийн түрүүнд “урвагчаар” нь дуудна. Аавыгаа “дайснуудад” алуулчихаад өшөөгөө авч хэвтэхгүй тэнэг гэнэ. Монголын Хархорум руу явсныг бол ярих юм ч биш. Ёстой нулимж өгнө. Ахтайгаа байлдсан болон монгол цэрэг дагуулж ирсэн, тэгээд татвар авсан зэргийг бол бөөлжих л байх. “Дайснуудтай” нийлж ард түмнээ хядсан, “ардчилал” байхгүй, хүчээр татвар авсан, “барууны соёлоос” татгалзсан гэх мэтээр юу юу гэж хуцах нь ойлгомжтой ш дээ. Энэ мэтчилэн “монголоор сэтгэвэл” барагдахгүй юм болно. Уншигч Та ч гэсэн нэг сэтгээд үзэхгүй юу. Гэхдээ “монголоор сэтгэхээ” мартав…
Гэвч түүх бол үндэстнээ аварсан болон үндэстнээ сэргээн мандуулсан гавъяагаар хэмжигддэг болохоос хувь хүний тухайн үеийн “сайн муу” үйлээр хэмжигдэхгүй. Үндэстнээ аварсан болон үндэстнээ сэргээн мандуулсан эсэхийг түүхэн гүн ухаан, онолын социологийн үндсэн дээр системийн анализ хийж байж мэддэг юм.
Орчуулагч Ж.Нэргүй мэтийн юу ч мэдэхгүй, юу ч ухаарахгүй, эргүү гарууд бол урвагч, дайсан гэх мэтээр дуудахаас гадна “барууны рыцаруудыг” баатар болгоно гэж дайрах нь ямар ч эргэлзээгүй. Орчуулагч Ж.Нэргүй мэтийн эргүү гаруудыг баадуудаж байдаг “жинхэнэ түүхч”, “үзэл сурталчид” цаана нь олон байдгийг би онцлон дурдаж байна. Хүн “баадуудаж” байгаа бол тэд ч гэсэн түүх бичлэгийн уг учир, мөн чанарыг ойлгох, ухаарах хэрэгтэй ш дээ.
Ингээд би дараах үндсэн зарчмыг ахин дахин дурдаж байна:
1. Аль ч үндэстэн түүхээ бичихдээ үндэсний зарчмыг хатуу баримталдаг.
2. Аль ч түүх бичлэгт үндэсний баатруудаа бүтээдэг ба Барон Унгерн мэтийн гадаад баатар огт байдаггүй.
3. Түүхэн зүтгэлтнүүдийн алдааг хэт шүүмжилж “түүхийн шүүгч” хийхийг зохисгүй гэж үздэг.
4. Түүхэнд заавал тайлбарлах албагүй, шаардлагагүй үеүд олон байдаг.
5. Аль ч түүх бичлэг хамгийн “зөв”, “шударга” түүх биш, залуу үеэ хүмүүжүүлэх түүх бичихийг хичээдэг.
6. Түүхэн гүн ухаан, онолын социологи мэдэхгүй бол түүх бичнэ гэж битгий горьд, мөн системийн анализ мэдэхгүй бол түүх бичлэгээр тоглохоо боль.
7. Монголын түүхийг гадаад төслийн мөнгөөр болон заавраар бичдэггүй. Телевизийн баримтат кинонууд бол гадаад төслийн нэг хэлбэр мөн.
8. Нэн шинэ түүхчидтэй хийх “байлдаан” цаашид үргэлжлэх ба миний ялалтаар дуусах болно…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 02 дугаар сарын 07.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

30 Responses to ҮНДЭСНИЙ БААТРАА ИНГЭЖ БҮТЭЭДЭГ

  1. GNS says:

    бодууштай зүйл олон байна. Баярлалаа

  2. Anonymous says:

    Ganaa ahaa amjilt hyseie Unen yag heveeree. Bayarlalaa

  3. Anonymous says:

    gaihaltai. ta uneheer chadvarlag sudlaach hun gej bi hundetgej bdag. bayarlalaa

  4. sainaa says:

    Аль ч түүх бичлэг хамгийн “зөв”, “шударга” түүх биш, залуу үеэ хүмүүжүүлэх түүх бичихийг хичээдэг. >>>>>>>>>>> гоё үг байна.

    • sainaa says:

      Ганаа ахаа юм асууя.

      Түүхэн задлан шинжилгээ гэлтгүй шинжлэх ухааны, тухайлбал таны бичлэгийн өнгө аястай өгүүлэл энэ тэрийг уншаад арга зүйн мэдлэг олж авч болох уу. Жишээ нь энэ блогт байгаа Гумилевын өгүүллийг уншаад юмуу бичээд ….. энэ хэсэгт нь түүхэн баримт орсон байна… тэр хэсэгт нь өөрийнх нь дүгнэлт оржээ… баримт дүгнэлтээ тэгэж уялдуулж энэ тэр гээд сурч болдог юм болов уу… Иймэрхүү арга барил ер нь байдаг уу.

    • Ганаа says:

      Байлгүй яахав. Ямар ч мэргэжлийн хүн сурч болно. Системийн шинжилгээ гэж нэрлэдэг. Үүнийг системийн ерөнхий онол үзэж судалж байж мэдэж болно. Танин мэдэх хамгийн ерөнхий нийтлэг арга зүй юм даа. Гэхдээ их л удаан ноцолдож байж сурна даа…

  5. sainaa says:

    Чингисийн шарилыг Монгол – Японны хамтарсан экспедиц эрж байна. Энэ талаар та юу хэлэхсэн бол?

    – Битгий л олдоосой гэж залбирч сууна.

    Гумилев

  6. sainaa says:

    Баярлалаа Ганаа ахаа

    “Ямар ч мэргэжлийн хүн сурч болно” гэсэн тань их урам өгч байна. Харин “Их л удаан ноцолдоно” гэхээр …. хэ хэ хэ.

  7. user says:

    нээрэн Галдан-Занабазарын талаар их маргаан байдаг.
    цагаан сараар л гэхэд хамаатнуудаа уурлуулаад авав.
    Галдан бол цаад үр дүнгээ тооцохгүйгээр мугуйд, атгаг санаагаар халхуудтай дайтаж, эцсийн эцэст халх, баруун монгол аль аль нь манжийн хоол болоод, монгол гэж улс үлдэхгүй ч байж мэдэх байсан. Харин өндөр гэгээн түүхэн шийдвэр гаргаж, монголоо аварч үлдсэн юм байна гэж боддогийн.
    гэтэл зарим хүмүүст, өндөр гэгээн болон халхын ноёдууд зүгээр нэг муу урвагчид байсан, манжуудад боолчлогдсоынхоо хөлсөнд Галданг дарсан гэх мэтээр ярьдаг.
    эцсийн дүнд манай монгол гэж улс туурга тусгаар үлдсэн нь өндөр гэгээний гавьяа юм гэж ойлгодог билээ.
    түүхчид харин хаанаас гаралтай, өөрөө аль талын баримталдаг гэдгээсээ шалтгаалаад буруу зөрүү бүтээл гаргаад, тэр нь олон нийтэд хүрээд байх магадлалтай.
    Түүхчдийн баримтлах стандарт баймаар юм аа.

    • Тантай санал нийлж байна шүү.Аль аль нь л улс орныхоо төлөө тэмцсэн баатрууд. Тэмцлийнхээ аргаар ялгаатай гэж боддог. Өндөр Гэгээн бол УРВАГЧ БИШ Их засагийн 35 эрдмийн нэг, тэвчиж гарах эр ДЭМ ийн 6 аргаас хорлож тэвчих гэдэг ганцхан аргыг хэрэглээд Манжийг унагаж Монголоо аварсан байдаг, бол Галдан бошигт хааны зоригдлыг “Алтан дээд үнэний аялгуун”д байгаа Монгол хүний тархины стандартаар дүгнэх юм бол Устгалын 16 ний ГЭМ дотор бгаа “Тэнцвэргүй өрсөлдөөнд орох” гэдэг нийгмийг сонгосноор үр дүнд нь Галдан хор идэж ,Манжууд зүүн гарын улсуудын хоолойг яг 100 жил огтолсноос олон хүний цус урсчээ. Галдан хааныг эх оронч Өндөр гэгээнийг урвагч мэтээр хойч үедээ ойлгуулах нь хэний эрх ашигт нийцтэй бгаа юм бол?Ер нь ч тэгээд Монгол улсаа үнэлэхгүй ,Хөх өвөг дээдсийн түүхэндээ бүтээсэн оюун билгийн агуу гайхамшигт өвийг судлаж мэдэхгүйгээр түүх судална гэж байхгүй , төр засаг ч сэргэхгүй.

  8. Түвшин says:

    Амжилт хүсье. барууны үзэл суртлын зохион байгуулалттай, худал хуурмагийн машин таны бичсэн хэд хэдэн дорвитой нийтлэлд тээглээд таг гацаад зогсчихлоо. одоо цаадуул чинь юу гэж шүгэлдээд хөдлөх гэх бол харах юмсан.

  9. Anonymous says:

    Shn tuuh unshlaa, bayarlalaa. Amjilt, sn, shnyg husiye! Gehdee ta “1251 онд Монголд Батын холбоотон Мөнх хаан суув.” bolon “Энд ирсэн Ярослав ванг 1246 онд Хархорум руу очиж Мөнх хаанд бараалхахыг тушаажээ.” gesniig ergen haraarai.

    • Ганаа says:

      Тэгэхийг бодъё доо. Ядарсан байсан болоод он сар ч юмуу алдсан байж болох л юм даа. Гэхдээ гол агуулга нь “Монголын түүх бичлэг” шүү дээ…

  10. Anonymous says:

    Танд талархаж байнаа. Бид өөрөө судлахгүй, мэдэхгүй бол бидэнд зохиож өгнө гэдэг үнэн

  11. bayasaa says:

    Гэвч түүх бол үндэстнээ аварсан болон үндэстнээ сэргээн мандуулсан гавъяагаар хэмжигддэг болохоос хувь хүний тухайн үеийн “сайн муу” үйлээр хэмжигдэхгүй.
    “Бардай дуугарсангүй. Түүний шанаа нарийсчихсан юм шиг, хацар нь сүрхий шуугдсаныг Шамдгай сая л анзаарлаа. Энэ эрэмгий эрийн дотор ямар зовлон, жаргал эргэцэж байдгыг гадарлахад хэцүү билээ. Үгнийхээ хариуг авахгүй бололтой гэж бодож явтал Бардай сэцэн ташуураараа хажуугаар нь зэрэгцэн цувсан нүүдэлчдийг зааж:
    – Эд нарыг дуртай газар нь илгээхийн надад Жүчи хан хүү зөвшөөрсөн юм. Хэрэв хүсвэл төрөлх Сэлэнгэдээ ч очиж болно. Үүнийг Чингис хаан өөрөө амласан юм. Одоо миний мэргид овогтнийг хэн ч түйвээн залхаахгүй. *****Энэ л миний үүрч гарах итгэл юм шүү***** гэж тайван хэллээ. ” Т.Мандир гуайн Саран зэв туужийн хэсэг
    Танд баярлалаа Ганхуяг ахаа.

  12. Tuuh sonirhogch says:

    Ганаа ахаа та Оросын “Вольный город” сонины редактор Алексей Анатольевич Кунгуровын “Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй, түүхчид зохиосон” хэмээх нийтлэлийг уншсан байх. Дараахан нь ОХУ-ын цахим сэтгүүл дээр блогчин goshlOO хэмээх Григорий Мухин үүнийг нь няцаасан байсан. Харин таны Кунгурувт өгөх няцаалт ямар байх байсан бол? Мухины няцаалт надад таалагдсан ч бас л дутуу санагдсан. Хэрэв энэ тал дээр та өөрийн няцаалтаа бичвэл залуу үедээ хожим иймэрхүү хатгалтанд хэрхэн, ямархуу замаар хариу барьж болох талаар санаа өгсөн чухал сургамж болох байх гэж мунхаглах юм

  13. Tuuh sonirhogch says:

    Ганаа ахаа бас нэг зүйл асууяа
    Саяхан “Монгол төрийн нууцыг түүчээлсэн далд үйлстнүүд” (http://www.youtube.com/watch?v=Np7WwvgQ9ZA) гэсэн баримтат кино үзлээ. Энэ киног та ямар өнцгөөс харж байна вэ? Хэрэв би энэ кинонд итгэвэл миний уншсан түүхийн болон уран зохиолын номнууд алдаатай буюу миний монголын түүхийг үзэх үзэл худлаа байжээ гэсэн дүгнэлтэд хүрэх гээд байна. Энэ тал дээр таны үзэл бодолыг сонсохыг үнэхээр их хүсэж байна. Таныг энэ асуултанд хариулна гэдэгт итгэж байгаа тул
    Thanks in advance

    • Anonymous says:

      Наянт бол эфv цэрэнгийн 7р vеийн хvн тэгэхээр хар багаас бээжинд байсан хvнд монголоо гэх сэтгэл байсан гэж vv? харин тагнуулын байгууллага батлах боломжгvй мэдээлэл дээр vндэслэн наянтыг магтаж байгаа нь тагнуул одоо хэний талд vйлчилж байгаа нь аймшигтай..

    • Ганаа says:

      Тагнуулын газрын Баттогтох гэж ямар ч хяналтгүй хөгийн баагий байх. Тэр нөхөр хачин утгагүй фантазаараа баахан залуучуудыг хордуулж суудаг юм. Манж задраад хятадууд манжийн төрд ажиллаж байсан манж, монгол хүмүүсийг ад үзэх нь ойлгомжтой. Орох газаргүй болсон Наянт ван эрхбиш монгол хүн болохоороо наашаагаа холбоо барьж л таараа. Түүнийг нь ноён Баттогтох мэт нь “стратегийн тагнуул” гэж хөөрцөглөх. Улс байгуулаагүй байхад стратегийн тагнуулын байгууллагаа байгуулдаг хөгийн юм гэж байхгүй. Энэ тагнуулын архивынхан хийх юмгүй болохоороо баахан тэнэг юм сэтгэдэг юм шиг байгаа юм…
      Одоо аягүй бол уур нь хүрээд намайг тагнах байлгүй. Ямар тагнуулж, чагнуулж үзээгүй юм биш…

  14. х. м. ч says:

    Хубилайтай харьцуулдаг нь зөв сайхан харьцуулалт болжээ. Манайхан ихэнхдээ Хубилайг буруутгадаг. Бид таны бичсэн шиг өөр, өөриймсөг өнцгөөс харж чадвал Хубилай их том реформ хийсэн монгол хаан. Өвөг эцэгтэйгээ дүйцэхүйц ч гэж түүхчид үнэлдэг. Мэдээж “монгол” өнцгөөс бол өөр л дөө

  15. Poli says:

    Тиймээ Одоо 10 жил Их сургуулийн хичээлд зааж байгаа түүхийн хичээлүүд хоорондоо ялгаатай байдаг. Тэр хичээл орж байгаа Багш-н л үзэл бодлоор явж байна. Үүнийг халах цаг нь болсоон Түүхчид хоорондоо ярилцаад хэлэлцээд нэгтсэн нэг ойлголт-г гарган ирж тэрийгээ түгээх нь зөв гэж бодож байна.
    Их сургуулийн нэг оюутан

  16. Бүрэн дүүрэн санал нэг байнав

  17. bataa says:

    http://www.wikimon.mn/content/5723.shtml
    Odoo hussen hun bolgon tuuhch boltsiimuu. Galzuu hunii odriin temdeglel ch enenees arai deer bh. Ene 1932 onii boslogiin talaar boditoi medeelel taviach Ganaa ahaa

    • Ганаа says:

      Тухайн цаг үед бараг бүх засгийн газрууд иймэрхүү байсан. Түүний дотор АНУ-ын Засгийн Газар ч ард түмнээ танкаар дайрч байсан. Яваандаа би энэ талаар бичнэ…

  18. bi says:

    yag l iin baih estoi shuu dee tanii mongol eh orondoo haluun hairtai ni medegddeg shuu amjilt husye

  19. Anonymous says:

    Ганаа ахаа тэр Казахстан улс нэрээ сольж Казах ели болох санал асуулга яваад байна гэх юм. Үндсэн санаа нь Монго ели юм байхаа. Та энэ талаар юм хэлээч.

  20. Ganaa says:

    сайхан бичлэг…

  21. Anonymous says:

    Үүнийгээ хэрэг болгож Оросоор бичээд Оросын сүлжээнд тавъяа.

  22. Anonymous says:

    Баабарын нүүдэл суудал ч бас гадны захиалга.Хамгийн ноцтой нь Зугаатай танин мэдэхүй гээд хүүхдэд зориулсан номондоо Монгол гени гэж байхгүй Монгол бол антропологийн хувьд хойд Хятадад хамаарна гэх мэтийн юм бичиж байгаа нь харийн бодлого мөнөөсөө мөн.

  23. Myagaa says:

    Sistemiin yerunhii onoliin tuhai yaj sudlah ve, yamar nom unshih yostoi ve?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: