ХЯТАД УХААН

Одоо Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлгөөний Үндэсний Хорооны ээлжит чуулган Бээжин хотноо болж байна. Тэд Засгийн Газрын газрынхаа тайланг сонсож, шинэ зорилтууд дэвшүүлэв. Энэ тухай ярих гэсэн юм…
Эхлээд зорилтын тухай
Мэдээж Засгийн Газрын илтгэлд тавьсан зорилт их том. Гэхдээ “Жэньминь жибао” сонины товчлолийг монгол уншигчдад танилцуулах нь зүйтэй гэж үзэв. Бодвол боловсрол муутай “нөхдүүддээ” зориулж ийм хялбаршуулсан материал бэлддэг биз. Дашрамд дурдахад “Жэньминь жибао” сонин англи, орос болон бусад 6 хэлээр гардаг онлайн хувилбартай байдаг юм. Яагаад гэвэл монголын “эх орончид” намайг хятадын тагнуул гэж загнаад байдаг болохоор үүнийг зориуд дурдаж байна. За ингээд товчлол…
Хятадын Засгийн Газрын эдийн засгийн шинэчлэлийн ирээдүйн чиглэлийг таван түлхүүр ойлголтоор тодорхойлж болно гэнэ:
Нэгдүгээрт, “Засаглалыг хязгаарлах”: Засгийн Газрын эрх мэдлийг хязгаарлаж, түүний функцийг өөрчилж, удирдлагын аппаратыг цомтгож, удирдлагын доод шатны байгууллагад илүү эрх олгож, нээлттэй зах зээлийн “үл үзэгдэх гар” болон Засгийн Газрын “ил үзэгдэх гарыг” ашиглах хэрэгтэй, энэ бол “өнөөгийн Засгийн Газрын тэргүүн зэргийн зорилт мөн.
Хоёрдугаарт, “Инноваци”: инновацийн үзэл санаа болон макро-хяналтын аргууд нь тогтвортой өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн доод хязгаар болон инфляцийг тогтоон барих дээд хязгаарыг хангах болно.
Гуравдугаарт, “Шийдвэртэй байдал”: эдийн засаг ухаалаг хязгаарын дотор ажиллаж байхад эрчим хүчээ хомсдолыг ихэсгэхгүй, мөнгөний гаргалтыг ихэсгэхгүй, эдийн засгийг богино хугацаанд урамшуулахад ашиглахгүй, харин бүтцийг зохицуулахад төвлөрүүлэх ёстой.
Дөрөвдүгээрт, “Яг таг байх” (нарийн байх): Зах зээлийн аргууд, ялгавартай (дифференциал) стратеги ашиглахдаа инноваци, өндөр ангиллын үйлдвэрлэл хийгээд технологиийн тусламжтайгаар эдийн засгийн хөгжилд хүрнэ.
Тавдугаарт, “Хүн амын материаллаг хангамжийн суурь түвшинг тэтгэх” нийгмийн хөгжлөөр замнах.
Эдгээр шинэчлэл бол бусад салбаруудад бүх талаар гүнзгийрүүлбэл зохих шийдвэрлэх үедээ орж байгааг Ли Кэцян онцлон тэмдэглэсэн байна.
Одоо л дөнгөж зах зээл
Манайхан их онгирдог юм. 1990 онд манай Монгол ардчилал байгуулаад муусайн хятадууд коммунизмтайгаа тэртээ ард үлдсэн. Хуцваа л байхгүй юу…
Одоо бодоод байхад Хятадын 1990-ээд оны шилжилт бол 1980-аад оны Дэн сяопины шинэчлэлийг шинэ нөхцөлд үргэлжлүүлсэн болж таарч байна.
Тэд эдийн засгийн шилжилтийг доод дунд түвшиндээ маш болгоомжтой, ухаалаг хийхийн зэрэгцээ төр засаг болон түүний удирдлагын бүтэц, арга ухаанаа бүрэн бүтнээр нь авч үлдэж чаджээ. Орос, манай хоёр шиг хамаг юмаа бүгдийг нь нураагаад сөнөөгөөд хаячихсангүй.
Ази Дорно дахины ухаанаар олон жил нухацтай боджээ. Энэ хооронд гадаадын туршлага ч их судалж, өөрсдөө ч их зүйл суржээ. Гадаадтай “хэрэлдэж” байсан ч тэдний хөрөнгө оруулалтаас татгалзсангүй. Харин энд том улсын онцлог байж болох.
Энд тэдний дутагдлыг хэлэх нь шударга хэрэг болно. Хятадууд эдийн засгийн шилжилтээ нам төрийн хатуу хяналт дор хийж чадсан учраас шилжилтийн үед зайлшгүй болох донсолгооноос зайлсхийж чаджээ. Өөрөөр хэлбэл ардчилалгүйгээр зах зээлд шилжжээ. Гэхдээ асуудлын сөрөг тал үүсч нийгэмд, ялангуяа нам төрийн эрх мэдэлтнүүдийн дунд авилгал ихээхэн газар авчээ. Нийгмийн ялгарал хүчтэй болж олон түмний дургүйцэл бий болжээ.
Гэхдээ нам засаг ард түмнийхээ амьдралыг олон дахин дээшлүүлж чадсан, нийгмийн ёс суртахууны үндсэн чиглэлийг алдаагүй. Боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг салбарт үсрэлт гаргаж чадсан. Тэд алдаагаа амжилтаараа нөхөж чадсан. Ямар манайтай адилхан хамаг юмаа тавиад туучихсан байгаа биш. Ингэж тэд хятадын гайхамшиг гэж нэрлэгдсэн эдийн засгийн эрс үсрэлтийг 20-иодхон жилийн дотор хийж чаджээ.
Ингээд эдийн засаг нь бэхжээд ирмэгц одоо ёстой жинхнээсээ зах зээлийн харилцаагаа гүнзгийрүүлж, ардчилал руу аажмаар шилжиж эхэлж байна.
Яг нарийндаа бол ноднингоос Си ципин даргын үеэс эхэлсэн юм. Мэдээж хэрэг энэ нь америк загвар биш л дээ. Гэхдээ л ардчилал, зах зээл рүү шилжиж байна. Хамгийн гол нь тэд өөртөө итгэлтэй байна.
Үүнийг ухаан гэхгүй өөр юуг ухаан гэх юм…
Орос
Одоо Оросыг жишээ болгон харьцуулж үзнэ. Их сайхан харьцуулалт болно. Оросууд төрөө нураагаад хаяв. Хөл толгойгоо олохоо болив. Горбачев, Ельцин хоёр “ахын” хийсэн ажил л даа. Барууныг дагаж баахан манарав. Манайд хөрөнгө оруулаач гэж гуйв. Ямар үхсэн нь оруулдаг юм ?! Харин ч нөгөө барууныхан нь хуучин зөвлөлтийн хамаг технологийг аваад арилж өгөв. Хамаг хөрөнгийг нь хувьчилж аваад Орост өөрийн мэт аашлах болов. Тэгээд оросууд зөвхөн нефть, хий хоёроо Баруунд өгдөг ажилтай үлдэв. Тэрийг нь зөвхөн Оросын шинэ хөрөнгөтнүүд гадагш “шахна”, ард түмэнд пад ч байхгүй. Ард түмнээ шууд л дээрэмдэв. Гэхдээ нэг бус удаа…
Нэг “шинэ орос” Арабын Эмиратат нохойтойгоо очиж тэндхийн элит буудалд нохой оруулахгүй гэхэд нь чартерын онгоц захиалж ганц нохойгоо 16 асрагчийн хамт Москва руу буцаадаг байхад өөр нэг “шинэ орос” Засгийн Газрын гишүүний машиныг зогсоож хүлээлгэж байгаад урдуур нь автомашины цуваатайгаа цагдаагийн хамгаалалттай явж өнгөрөх жишээний…
Путин гарч ирээд хүчний байгууллагын тусламжтайгаар даварсан хулгайчуудын хандыг хага дарав. Их тэмцэл болсон юм. Зүгээр л хэдэн хулгайчийг дараад хаясан чинь Орос орон тэр дороо л босоод ирж байгаа юм.
Өөрөөр хэлбэл Путин Оросын “хуучин маягийн” нэлээд хатуу төрийг сэргээн босгож чадсан юм. Өөр арга түүнд байгаагүй байх. Ингэмэгц нь түүнийг ардчилал, хүний эрхийг зөрчлөө гэж орилолдов. Тэгээд Орос, Хятад найзлав. Төрийн удирдлага сайжирмагц эдийн засаг сэргэж, ард түмний амьдрал илт сайжрав.
Оросуудыг барууны “түүхий эдийн хавсарга” гэж шоолох нь элбэг. Хэдэн жилийн өмнө Оросын нэг том эдийн засагч: “тийм, бид одоохондоо түүхий эд (нефть, хий) нийлүүлж байгаа. Тэгээд Та нар автомашин, гар утсаа түлж амьдрах юм уу ?!” гэж өөдөөс нь даапаалсан юм. Энэ их учиртай үг юм.
Нээрээ ч бодоод байхад түүхий эдтэй хүн “юм юм” хийж болно, харин байхгүй хүн бол “хоосон” байх нь мэдээж юм. Одоо бол Оросууд “юмаараа юм” хийж сурч байна.
Орос орон улам бүр өөртөө итгэлтэй болсоор, улам бүр хүчирхэгжсээр байна.
Дүгнэлтийн оронд
Төр хүчтэй байвал эдийн засаг хүчтэй байна гэсэн цорын ганц дүгнэлт эндээс гарна. “Төр бол хамгийн хамгийн муу менежер” гэдэг бол хулгайч луйварчдын зохиосон утгагүй үг. Хэрэв төрийн толгойд хулгайч дээрэмчид гарсан бол “төрийг ухаалаг болгоё” гэх нь мэдээжийн хэрэг.
Харсаар үзсээр байтал хөрш хоёр оронд төрийн байгууламж, түүний удирдлагад ихээхэн өөрчлөлт орсоор байтал түүнийг анзаарахгүй “гадаад туршлага” гэж давхина гэдэг бол ихээхэн тэнэг явдал юм. Үгүй ядаж бүгдийг нь харьцуулах ухаан байх хэрэгтэй л дээ…
Дэлхийн практикаас үзэхэд “барууны загвар” цорын ганцаараа хамгийн сайн гэж хаана ч хэлээгүйгээс гадна хоёр хөрш ч гэсэн баруунаас авахаа аваад хаяхаа хаяж байгааг харж болмоор л санагдана.
Урд хөрш ардчилалгүй зах зээлд шилжээд их амжилтад хүрчээ. Одоо энийг ямар давтана гэлтэй биш, нэгэнт өнгөрсөн явдал. Гэхдээ тэдний төрийн бодлого, туршлагаас ухаарах сэхээрэх авах зүйл их байна ш дээ.
Хойт хөршөөс бол бүр ч их авах зүйл байна. Тэд манайтай адил онгирч давхиад хүзүүгээ хугартал хэд сайн онхолдоод хаширсан улс. Тэгээд ухаарч сэхээрээд өөрийн замаар явсан нь дээр юм байна гэж ойлгоод их амжилтад хүрээд байна. Үүнээс илүү сайн туршлага гэж хаа байдгийм ?!
Гэтэл ухаарч сэхээрэхгүй цорын ганц улс байгаа нь Монгол. Хоёр хөршөө загнасан нэг их сүрхий амьтан. Өөрөө ямар байгаагаа харах хэрэгтэй ш дээ…
Ер нь ингэхэд хөршүүдээ манайхан шиг их хараадаг улс энэ дэлхийд байхгүй гэж би баталгаатай хэлж чадна.
Намайг ингэж хэлмэгц л монголоор дүүрэн байгаа ардчилсан либералууд ардчиллаас ухарлаа, зах зээлээс ухрах гэлээ, муу коммунист, чи муу тэр орос, хятадын коммунистуудтайгаа хамт далд ор гэж харааж зүхнэ гэдгийг мэдэж л байна.
Хаа байгаа юм тэр ардчилал, зах зээл чинь ?! Ямар ч үйлдвэрлэл байхгүй өрөнд орж үхэх гэж байгааг зах зээл гэдэг болсон уу ?! Хэдхэн луйварчин ээлжилж төрөөр тоглохыг ардчилал гэдэг болж байна уу ?!
Худал хуурмагийг ардчилал, хулгай дээрмийг зах зээл гэдэг болчихоогүй бол Монголд тэр чинь даанч алга байна.

Манайхан төр капиталист, социалист эсэхээс хамаг зүйл хамаарна гэж бодоод байх шиг. Гэвч энэ бол Монголын өнөөгийн нөхцөлд бараг “онолын” асуудал мөн.
Яагаад гэвэл төр хамгийн эхлээд худалч, хулгайчгүй байх ёстой. Иймээс Монголчуудын нэн тэргүүний зорилт бол төрийг худалч, хулгайчдаас цэвэрлэх явдал мөн.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 03 дугаар сарын 06.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

38 Responses to ХЯТАД УХААН

  1. Түвшин says:

    1000 лайк

    • О.Эрдэнэбаатар says:

      3 сая лайк

    • Anonymous says:

      ok

    • Anonymous says:

      Та үнэхээр гайхамшигтай нийтлэл бичих юмаа.
      Шийдвэр гаргадаг хүмүүс маань ингэж хардаг боловсролтой бол……сэтгэл байхгүй БОЛ НҮДСОХОР ЮМДАА

  2. gantulga says:

    tanii niitlel bolgoniig algasalgui unshdag, tanii bodson buhe bieleh boltugai!

  3. Delger says:

    Яааааг үнэн. Оросоос суралцах хэрэгтэй. Орос яг манайх шиг хамаг юмаа баллаад хаясан, хаширсан, зассан, залруулсан. Хятад ардчилсан болтлоо ч удах байх. Гэхдээ энэ нь Хятадаас суралцахгүй гэсэн үг биш. Харин ч төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг яаж хөгжүүлснийг нь Хятадаас сайн суралцах хэрэгтэй. Энэ бол ёстой best case. Барууныхан бүр биширдэг юм.

    Орос мэдээж өөрийн онцлогт тохирсон хагас ерөнхийлөгчийн буюу хүчтэй нэг удирдлагын тогтолцоотой. Тухайлан, магадгүй азаар, ийм тогтолцоотой байсан дээр нь нэмээд Путин шиг агуу хүн, тэгээд зөв газраасаа гарч ирснээр Орос чигээ олж чадсан байх.

    Харин Монголд тас буруу тогтолцоо байгаа, бас зөв хүн, хүмүүс байхгүй. Бүгд бараг санал нэгтэй зөвшөөрөх биз. Ямар ч “сайн” хүн дээшээ гараад “новш” болж хувираад, хувилгаад, хувирахыг шаардаад байгааг. Системдээ бяцхан засвар хийх цаг нь болсон гэж гэж бодож байна. Үндсэн хуулиасаа эхлээд, эмх цэгцтэй, дэс дараалалтайгаар….

    Ингэж ая зүйтэй ажиллахгүй бол, эрсхэн, шийдвэртэйхэн байх гэхээр аюул болчих гээд байна. Хөгийн новшнууд жаахан бензин цацаад л шатаахад дүрэлзэхээр болгочихсон байна ш дээ, энэ ард түмнийг чинь. Баахан тархиа угаалгачихсан, сүү горьдсон гөлөг шиг далдайхад дагаж гүйдэг, шалтгаан үр дагавраа ч ялгахгүй, хоорондоо алалцахад ч бэлэн болчихсон, улстөржчихсөн, солиорчихсон…

    • америк тэргүүтний хоол болж байна.

    • Aila says:

      Тиймээ, системдээ засвар хийх нь зайлшгүй нэн тэргүүний асуудал, санал нэг байна. Гал асахад бэлэн гэдэг нь бас үнэн гэхдээ оч үүсэх нөхцөлийг хянах боломжтой (жишээ: шүдэнзний толгойг нь шууд болон шууд бус утгаар авчихвал). Харин Үндсэн хуулиасаа эхлээд дэс дараалалтай засна гэдгийг нь “дээшээ” гараад новш болоод байгаа явдал нь шууд бүтэшгүй болгож байна. Асуудал энд байна. Тэгэхээр:
      Бид “Дээшээ” гарах үйл явцыг онилох уу, “дээр” байгаа орчинг онилох уу? “зөв” хүмүүсээ яаж дээшээ гаргах уу, сонголтгүй сонголтыг хэрхэн тойрох уу (хувьсгал?)? … бас нэг өөр арга байж болох авч бүтнэ гэдэг нь дээрх 2 асуудлаас болоод юу л бол.. (одоо дээр байгаа нөхдийг гэгээрүүлэх, эсвэл “хүч”-ээр нүд, ухаан, сэтгэлийг нь нээх). Дээр байгаа ухаантай ухаангүй нөхдийг тойрон байгаа дунд гарыхан жинхэнэ бичих, боловсруулах ажлыг хийж байдаг. Тэд ухаарч, нэгдэж чадвал… нөгөөдүүлд нөлөөлж болох, эсвэл юм уншдаггүйг нь далимдуулан “мухар тонгорох”.
      Эсвэл “дээшээ” явж байгаа шинэ үеийг далдуур дархлаажуулан түрэн гаргах тууштай дэмжих, хамгаалах..

      Уул нь хоёр аварга хөршийн дунд байгаа Бид гүйлгээ ухаантай байх ёстой болон хоёр том улс төрийн намын дунд мөн адил байгаа Бид зарчмын хувьд адилхан сонголтгүй сонголт дунд байгаа..
      Ялгаа нь нэг “мөнх”-ийн нөгөө нь биднээс хамааралтай …. адил тал нь хоёул Бидний асуудлаар цаагуураа нэг болдогч, дотроо мөнхийн зөрчилтэй олигархууд).

      Шуулуухан хэлэхэд хэт их ардчиллалыг шууд хязгаарлаж, хүчтэй төрийг үүсгэж жанжин шугам тогтоох. Тэгээд тэнцвэрийг хадгалан “ухаантай-зальтай-муу санаатай” байх.
      энд морин дээрээс буугаад … гэдгийг маш сайн санаж, бэлтгэх.

      Та бүү уурларай. Энд ердөө бүтээлч шүүмж (critical thinking,Socratic method etc) оролдов. + Яагаад? Яаж? Юу? (зорилт, арга зам, үр дүн…)

    • Delger says:

      Aila, яг зөв ярьж байна. Системийг өөрчлөгч хүчнийг буюу хүнийг хэн байх вэ гэж асууж байна гэж ойлголоо.

      Дундуурхыг онилох нь уг нь хамгийн зөв байх. Хэт том хүрээлэл учраас ийм том, бараг массын хэмжээний давалгааг зална гэдэг амаргүй. Шинэ үеийг бэлдэнэ гэхээр цаг хугацаа яваад байна. Гэдэг нь энэ арга замуудыг сонгохгүй гэсэн үг биш. Зэрэгцүүлээд л явна. Тэгхээр хамгийн хурдан арга нь шууд дээд шатанд гарах.

      Ганаа ах уурлах магадгүй, уучлаарай. Нам байгуулна, одоогийн нөхцөлд өөр арга бараг байхгүй.

      Хаа очиж, хүмүүс 2 намд их дургүй байна. Дундуур нь МАХН гэж бас нэг гоё юм, маш сайн хутган үймүүлж байна. Яг л энэ дундуур нь бужигнуулдаг газар. Гэхдээ их ухаантай, аятайхан ажиллаж байж л дээшээ гарна даа. Харин үүн дээр системийн аналист хүний ур чадвар, мэдлэг туршлага, бодит судалгаа, дүгнэлт зөвлөмж хэрэгтэй байгаа юм даа.

      Ер нь бол Гитлерийн арга, зарчмаар л төрийг өөрчилнө дөө. Ямар сайндаа Уинстон Чөрчил “Ардчилал бол нийгмийн хамгийн олхиогүй хэлбэр” гэж байхав дээ.

  4. Б.Хүрэлтогоо says:

    Баярлалаа. Ах аа. Хүмүүс “ажиглах, харьцуулах, нэгтгэн дүгнэх, чадвараа гээхээрээ амьтан болдог” гэдэг. Хэцүү байна даа, хэцүү байна. Та байгаа нь ямар их баялаг вэ? Тандаа эрүүл энх, сайн сайхан, эрдэм оюуны онгод ерөөе. Таныг унших “сэтгэлгээний сэнгэнсэн эрүүл агаар залгилаад сайхан даа”.

  5. Ulemj says:

    Чингис хаан ах дүү хамаатан садан авга нагацуудаа алж хядаж байж Их Монгол улсыг байгуулсан. Хулгайч худалч урвамтгай хэлсэн үгэндээ эзэн болдоггүй хүмүүсийг өөрөөр яаж захирах юм.

  6. dk says:

    ”Монгол хүн өөрийн хэлсэн үг бүрийнхээ төлөө хуулийн болон ёс суртахууны хариуцлага хүлээдэг болох тэр цагт Монгол Улс хөгжинө”.

    Судлаачийн ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

  7. Ulemj says:

    Нээрээ мартсанаас та энэ Гитадын төв хэвлэлийн нэрийг шууд Оросуудын бичсэнээр аваад байна уу? Уул нь 人民日报 renmin ribao буюу цаашдаа Рэнмин Рибао гээд явчихвал.

  8. Ганаа says:

    Манайхан аль дээр үеэс “Жэньминь жибао” л гэдэг ш дээ. Тэгээд сурчихсан юм. Нэгэнт сурчихсан юмыг заавал өөрчилж чамирхах хэрэг юун. Доторхи “юмнууд” нь байж байвал болоо юм биш үү…
    Манайхан юм бүхэн дээр ингэж чамирхах юм. Гайхмаар. Юмны мөн чанарыг сонирхож болдоггүй юм уу ?!

  9. Purebred says:

    Uneen!

  10. Болд says:

    “…ард түмнийхээ амьдралыг олон дахин дээшлүүлж чадсан, нийгмийн ёс суртахууны үндсэн чиглэлийг алдаагүй. Боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг салбарт үсрэлт гаргаж чадсан. Тэд алдаагаа амжилтаараа нөхөж чадсан.”
    Харин манайд хүний нийгмийн нэг /нугачаа савлагаанд үүссэн сиймхий/ боломжыг ашиглаж /өөрийн улсдаа өөрчлөлт/ шинэчлэлт хийхийг хүссэн улсынхаа сэтгэхүйг далимдуулан “өмнөх тогтолцоогоо гээж оноо олмор царайлсан ч!? гарлага гайгаараа байснаа устгаж цөлмөсөн нь нэлээдгүй болж юун алдаа, сүйрлийн ангалд ирмэгдүүлэн мөлхүүлж бна доо.

  11. Болд says:

    Reblogged this on Ганболд and commented:
    Нийгмийн хөгжил гэж мэдэмхийрч ярьдаг улсууд нийгэм үйл явцын дэвшил, технологийн сайжралт, цагийн өөрчлөлт, хөгжлийн урсац, ололт мэтийг ялгаж таньдаг болчоод бүлтэрч баймаар юм.

  12. Tsogoo says:

    Таны бичээд байгаа худалч хулгайч хүмүүст төр засгийн эрх мэдэл, хэвлэл мэдээлэлийн бүх салбар атганд нь байна. Та блог хөтөлдөг болохоороо олигархижсан хэвлэлийн эздийн дарамтанд өртдөггүй хэрэг. Мөнхбаясгалан АН-ын төлөө олон жил буу нохой нь болж захиалгатайгаар хуцаж хазахдаа хазсан хүн өөрөө TV байгуулаад дарамтанд ороод TVээ хаалгахдаа бичсэн http://munkhbayasgalan.niitlelch.mn/content/4930.shtml нийтлэлд олон юм тодорхой байгаа.

    ” Тухайлбал, “Сансар” кабелийн суваг Улаанбаатар хотынхны 80 гаруй хувьд хүрдэг. Энэ компани кабелийн сувгуудтай “С.Баярын тухай нэг ч сөрөг, үг өгүүлбэр танай телевиз гаргахгүй шүү” гэж гэрээ байгуулж ам тангараг өргүүлдэг. Өмнө нь С.Баярын тухай гаргаад “Сансар”-аас салгагдаж байсан телевиз бол “NBS”. Намайг “Шонхор суваг”-ийг аваад удаагүй байтал гэнэт нэг өдөр “Сансар”-аас манай сувгийг салгачихсан. Юу болов гэтэл “С.Баярын тухай бичдэг Л.Мөнхбаясгалан “Шонхор суваг”-ийг авчихсан байна, салгана аа” гэсэн байсан. Тухайн үед бичиг баримт дээрээ хуучин эзнээс нь нэрээ шилжүүлж амжаагүй байсан тул түүнийг нь үзүүлж Д.Батбаяр гишүүнээр гуйлгаж би өөрөө далан таваараа бууж өгсөн. Амьдралдаа би хэзээ ч олигархийн өмнө тэгж бууж өгч үзээгүй. С.Баярын тухай бичихгүй, гаргахгүй, амлаж байна, тангараглаж байна гэж байж “Шонхор суваг”-аа тэднийхээр цацуулах эрхтэйгээ үлдэж байлаа. За “Univision” кабелийн суваг бол “MCS”-ийн охин компани. Тэднийхээ бүх эрх ашгийг хамгаална. Би Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай “Цензургүй яриа” нэвтрүүлгээ хийгээд л дөнгөж л 20 минут явж байтал уг кабелиас манай телевизийг салгасан. “MCS”-ийн тухай ярьж эхлэнгүүт л ийм арга хэмжээ авч байгаа юм. Дээрээс нь тэд залилан хийнэ. Ухрааж үздэгээрээ гайхамшигтай гэнэ. Үнэндээ ухрааж болдоггүй л байсан. “Шонхор суваг”-ийг үздэг байсан хүмүүс санаж байгаа байх. “MNC” кабелийн телевиз бол “Оюуны ундраа” компанийх. “Оюуны ундраа”-гийн найз, харилцагч, улс төрийн хамтрагч байгууллага, компаниудыг огт гаргаж болохгүй. “DDH” кабелийн телевиз “Жем интернэйшнл”-ийнх. Цэрэнпунцаг гэдэг бөхийнх болохоор “Жи мобейл” энэ тэрийнхээ эрх ашиг, за тэгээд найз нөхөд гэх мэт хүмүүсээ хамгаална. Сурталчилгаа үнэгүй явуулах ёстой. “Supervision” телевиз “Наран” группийн С.Болдхэтийнх. “Наран трэд”-ийн бүх сурталчилгаа үнэгүй явна. Бас улс төр бизнесийн эрх ашгийг нь хамгаална. Тэдний бүлэглэлийн эрх ашгийг хөндөж ер болохгүй. “Skymedia” “Шунхлай”-гийнх. Энэ үйлчилгээ “Шунхлай”, “АПУ”, Г.Батхүүг хамгаалдаг. Телевизийн салбарын гол цацаж байгаа шугамыг нь олигарх, нам, бизнесийн бүлэглэлүүд ингээд аваад базчихаар кабелийн телевизүүд торонд ороод, амаа хамхиулж байгаа юм. Энэ дарамтуудыг бүх кабелийн телевиз мэдэрч байгаа боловч хэзээ ч илчилдэггүй. За тэгээд “Сансар” кабелд холбуулахын тулд 250 сая төгрөгийн хахууль өгдөг гэсэн. ”

    Хэн ард түмэнд таны нэгэн адил шударга үнэнг хэлэх вэ гэдэг бол том асуудал. Таны блогыг уншдаг хүмүүс олон болж байгаа ч монголчуудын 5 хувьд л үсрээд хүрж байгаа. Бусад 95% худалч хулгайчуудын бичсэн баталсан өнцөгөөс тархиа угаалгаж байна.

    Хэвлэл мэдээлэлийн салбарт ядаж нэг ширхэг бүх орон даяар цацах эрхтэй зөв шударга TV байхад хүмүүсийг их дагуулнадаа.

    • dashdondog says:

      ter vnen shuu.. odoo bvr hetsvv boljee.. manai zaluuchuud ..

  13. Судлаачийн ажилд амжилт хүсье. Нилээд хэдэн жилийн өмнө М.Энхсайхан УИХ-ын гишүүний албаа өгөх мөчид Их хурлын индэр дээрээс “…Монголд болж буй энэ их даампуурлыг 16 жилийн өмнөөс гадаадынхны удирдлагаар зохион байгуулалтай хийж буй ажил ..” гэх зүйл ярьсаныг тунгаан бодох хэрэгтэй болов уу

  14. muugii says:

    Энэ яг үнэн ш дээ. Өдрөөс өдөрт энэ ардчилал гэсэн ойлгомжгүй тодорхойгүй нийгмээс Монголчууд дэлхий олон улс гүрэн итгэл алдарч эхэлсэн харин тодорхой болж бн. Энэ бол америкчуудын ардчилал нэрэн доор дэлхийг түрэмгийлэн ноёрхох гэсэн бодлогоос өөр юу байх вэ.
    Нэг л сайхан хүний эрх, эрх чөлөө ярьсан нөхдүүд. Тэгээд тэр хүний эрх нь хаана бн. Аль хэдийнээ хүн амынхаа багаар бодоход 30%-ийг ядууралд алдчихлаа.
    Энэ америкчууд ч ялгаагүй өөрсдийнхөө асуудлыг шийдэж чадахаа байгаад толгой нь эргэчихсэн юм бишүү.
    Дагаж далчигнахаа болиод Монгол уламжлалаараа төр засгаа монголчууд өөрсдийн ухаанаар төвхнүүлэх нь яөв юм. Энэ ойлгомжгүй нийгмээс тодорхой ойлгомжтой нийгэм рүү зорих хэрэгтэй.

    • dashdondog says:

      tiimee manai zaluuchuud baruuniihand tolgoigoo ugaalagej bvh yumiig amerik erh choloo, ardchililaar todoolj amerikijsan nvdeer bvheniig harah yumaa. ted amerikd bish 2 tom oronii dundah jijighen mongol torsonoo martaad oros sonoosoo, putin zail geed soliorood l. oros gvren svirch butarbal bid hyatadiin hongon zuush bolonoo gedegiig medehgui yumaa..manai tusgaar tognol mash emzegiig oilgohgui bvgdiig amerikiin ontsogoos harj orosiig daisagnaj vzeed bgaa bvr emegneltei.. oorsdoogoo aguu ih ardchilagchid gej bodood bvh delhiig amerik ardchilalaar amidaruulah geed.. hoorhii doo yg pynz shig dabtaad l..

  15. Aila says:

    Энэ өнцгөөс хараад үзвэл..
    Бид ингэж ярьдаг: Социализм, коммунизм- онол нь, үзэл нь дээд. Гэвч хэрэгжүүлэх явц гажсан, хэтрүүлсэн, гадны нөлөө, өрсөлдөөн, хүний хар мөн чанаруудаас болж бүтэшгүй онол гэсэн шошготой үлдсэн.

    Харин хоёр үгийг нь Ардчилал гээд солиход надад лав ялгаа харагдахгүй байна.

    Дараагийх? “Хамтарсан Засгийн газар” “Эвсэл” гэдэгтэй ижил үү…

  16. hm says:

    Монголчуудын нэн тэргүүний зорилт бол төрийг худалч, хулгайчдаас цэвэрлэх явдал мөн. Энэ гарцаагүй ойлгомжтой үнэн зүйл. Гэхдээ хэн цэвэрлэх? хэнээр цэвэрлүүлэх? хаанаас, хэнээс яаж эхлэх? тэр л хэцүү юм даа. УИХ-ын шинээр гишүүн болсон, цэвэрхэн түүхтэй ч бараг л бүгд л авилгалч цавчаачин болж байна. Тиймээс ийм цөөхөн хүн амтай улсад бидний татварыг 76 тийш нь хуваахгүйн тулд Ерөнхийлөгчийн засаглалтай болох л хамгийн зөв сонголт болов уу? буруу бүхэн ганц хүнд тохогдоно, амар. тэгэхээр тэр хүн нэрээ бодож л таарах байх.

    • Ганаа says:

      Засгийн Газрын сүлжээнээс олон юм хуцаж хэрэггүй шүү. Нэг их нуугдаж гэнэ…

  17. DN says:

    Эрхэм судлаач Ганхуяг болон блогийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэж, хэсэгхэн бодлоо хуваалцъя.

    Ном журмаараа бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол улсын үндсэн хуулийн эхэнд Монгол улсын эрхэм зорилго, үнэт зүйл гээд олон зүйлийг дэлхий дахинаа хандаж албан ёсоор тунхагласан байдаг. Дэлхий дахинд хандаж цэцэг цэврүү шиг сайхан үг хэлж тунхаглачихаад бодит байдал дээр түүнийгээ өөрсдөө хэрэгжүүлэх нь байтугай ойлгох ч чадваргүй ухнатаж, дэлхийд нэг ёсондоо онигоо болж яваа улс юм аа бид. Бид нэг бол энэ тунхаглалаа яг таг дагаж, зорьж биелүүлэх ёстой, тэгж чадахгүй байгаа бол энэ хоосон уриа лоозонгоо болиод өөрсдөдөө таарсан, яг бодитоор хэрэгжүүлж биелүүлж чадах зорилтоо тодорхойлж тавих ёстой. Тэгсэний үндсэн дээр үндсэн хуулиа өнөөгийн байдал, ирээдүйн төлөвтэй нийцүүлэн шинэчилж сайжруулах ёстой.Төрөө цэвэрлэх, хүчирхэгжүүлэх ажил нь нийгмийн түвшинд үүнээс эхлэх нь зүйтэй. Хамгийн гол нь иргэд өөрсдөө энэ ажилд өргөнөөр идэвхтэй оролцож, үүнд өндөр ач холбогдол өгөх нь юу юунаас чухал.

    Цаасан дээрх тунхаг ба бодит байдал хоёрыг харьцуулбал:

    Одоогийн үндсэн хуулийн суурь амин сүнс болсон бидний үндэсний эрхэм зорилго цаасан дээрээ бол уг нь ийм ажээ:

    МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
    Монголын ард түмэн бид:
    -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
    -хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
    -төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
    -хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
    -эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.
    Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

    Гэтэл бодит байдал дээр энэ зорилгоо, энэ үнэт зүйлээ бид хэрхэн анхаарч байна вэ? Одоогийн Монголын бодит байдлыг харвал бид үндсэн хуулийнхаа оршилд үндэсний эрхэм зорилгоо эгээ л нэг иймэрхүү байдлаар тодорхойлсон, түүнийгээ биелүүлж байгаа мэт:

    МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
    Монголын ард түмэн бид:
    -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг уландаа гишгэж, худалдаж
    -мөнгө, эрх мэдэл, тансаг үрэлгэн хэрэглээ, тэнэг мулгуу аархуу байдлыг эрхэмлэн дээдэлж,
    -төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг мартан үгүйсгэж,
    -хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг огт үл ойшоон,
    -эх орондоо бэртэгчин, худалч хулгайчдын өрөвдмөөр улсыг байгуулахыг эрхэм зорилго болгоно.
    Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

    Эмгэнэл. Бид ийм л улсыг байгуулж байна. Нэг талаас монгол хүн юм үзээгүй л юм байгаа биз, тийм учраас л мөнгөний өмнө ихэнх нь сөхөрч, сохорч дээ хөөрхий гэж бодож болно, гэтэл нөгөө талаар бид дэлхийтэй нээлттэй харилцаад 20 гаруй жил өнгөрчихөөд байхад монголчуудын хулгайч зан нь хэвээрээ байх юм. Өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө хулгайлж, хорлож маш удаан амьдарлаа шүү дээ, одоо болоо биш үү? Цаашид улсаа улсын дайтай авч явах хариуцлагын тухай, үр хойчийнхоо өмнө хүлээх үүргийн тухай, үлдэх нэр төрийн тухай, Монгол гэдэг улс ирээдүйд баталгаатай орших, цаашлаад боломжтой бүх л салбарт дэлхийд тэргүүлэх тухай,.. гэх мэтээр бодож болдоггүй л юм байх даа? Хулгайч худалч луйварчид нь ч гэсэн одоо нэг жаахан өнгөр сууж, өөрийн эрх ашгийг түр ч атугай хойш нь тавиад үндэсний эрх ашгаа бодох болсон баймаар. Ядаж л өөрийн эрх ашгийн төлөө бусдыг хохироодог увайгүй зангаа л засчихад олон юм өөрчлөгдөнө шүү дээ.

    Иргэн би юу хийж чадах вэ? Төрөө цэвэрлэхийн тулд жирийн нэг иргэн хүний түвшинд яавал зохих вэ?

    Төр бохир байна, тийм үү? Энэ нь та бид өөрсдөө бохир байна гэсэн үг. Учир нь энэ төрийг та бид өөрдсөө байгуулсан, энэ төр цэвэр байх, сайн ажиллах зэрэг асуудалд та бид өөрдсөө хяналт тавих, шаардлага тавьж байх үүрэгтэй. Төрийг цэвэрлэмээр байгаа бол энэ үүргээ биелүүлж сурахаас эхлэх хэрэгтэй. Төр бол иргэдээс огт тусдаа оршигч, иргэдийг тэжээгч буяны байгууллага, эсвэл иргэдэд үйлчилдэг зугаа цэнгээний газар биш. Төрд иргэний оролцоо хэрэгтэй. Энэ нь гэхдээ иргэн бүр УИХ-ын гишүүн болох тухай биш, иргэд төрийн үйл ажиллагаанд зохих хяналт шаардлагаа тавьдаг чадвартай байхыг хэлнэ. Наад зах нь зарим үл бүтэх төрийн албан хаагчдыг давраагаад байлгүй зохих шаардлагаа тодорхой тавиад хийх ажлыг нь хийлгэдэг байх, хийж чадахгүй байвал гомдол мэдүүлээд асуудал шийдэгдтэл нь эцсийг нь үздэг иргэний идэвхтэй байх хэрэгтэй. Харин иргэд өөрсдөө өнөө маргаашийн хувийн эрх ашгаа эрхэмлээд хэн нэгэнд авлига өгч хэргээ бүтээх тухай сэтгэж байгаа бол,.. бохир иргэдэд бохир төр л заяана шүү дээ. Төр муу байгаа нь иргэд муу байгаагийн л шинж. Асуудал бусдад биш яг өөрт л байдаг. Тиймээс,.. тийм ээ, ердөө л иргэн хүн өөрөө цэвэр байж чадвал цэвэр төрийн тухай мөрөөдөл тийм ч бүтэшгүй зүйл биш.

    • Delger says:

      За яахав дээ, наад гоё бичлэгийг чинь сайхан тунхаг л гэе. Нийт хүн амын, тэр тусмаа сонгуулийн насныхны 60% нь нэн ядуу амьдралтай, дорой сэтгэлгээтэй, ходоодоо тэжээж чадахгүй байхад наад уриалга чинь хоосон тунхаг, лоозон л болж хувирч байгаам даа.

      “Ядуу хүн ходоодныхоо хэмжээгээр, Баян хүн бэлчээрийнхээ дайдаар” гэж нэг үг байдаг даа. Яаж хоол олж идэе гээд турж үхэх гэж байгаа хүнд “чи тэр гүвээг давбал ард нь сүрэг хонь байгаа, тэрийг ав” гэж нэг хэлэх, эсвэл “яаг хажууд чинь хэсэг өөх байна, уг нь хүнийх, би чамайг авсан гэж хэлэхгүй, чи ч намайг зааж өгсөн гэж битгий хэлээрэй” гэж хэлэхэд алийг нь сонгох вэ?

      Учиргүй ухаантай, сүрхий, “тод” л биш бол хэн гүвээ давах гэж өөрийгөө зовоож явахын!!! Хүн амын бараг 50% нь Улаанбаатарт байгаа, эд нараас үсрээд 20% нь өөрийн гэсэн ухаантай. Гэтэл энд УИХ-ын сонгуулийн тойргийн дөнгөж 26%-ийнх нь мандат байдаг. Тэд ямар баагийнуудаас бүрдэх вэ? Арай мэдээлэлд ойр газар нь ийм байдаг байхад бусад 74% нь яаж гарч ирдэг гэсэн үгэв?

      Тэгэхээр ойлгомжтой байгаа биз дээ. Ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэгт бүү итгэ. Тийм байх албагүй, харин ч эсрэгээрээ байвал зохино.

  18. DN says:

    Дэлгэрийн санааг сайн ойлгосонгүй. Төрийг цэвэрлэх, улс шиг улс байгуулах найдвар тэгээд байхгүй гээд байгаа юм уу байгаа гээд байгаа юм уу?

    • Дэлгэр says:

      Байлгүй яахав. Өмнөх комментыг минь уншаарай

  19. tumee says:

    Sain baina uu? Ta vneheer mundag niitlel bichejee. Ene muuhai bvhen hezee duusdag boldoo gej sanaa zovoh yumdaa.Manai ger bvl dotor hvrtel avilaga avah, tsavchaa hiihiig demjdeg hvn baihaar odoo yandaa gej l bodohiin.

  20. EZA says:

    1. Ард түмний боловсролыг дээшлүүлвэл магадгүй арай дээр хүмүүсийг сонгож болох юм. Оюун тархинд байгаа зүйл бол материаллаг эд баялагаас хэд дахин илүү эрсдэлээс хамгаалагдах баялаг гэж бодож байна. 2. Миний бодлоор мэдээлэлд ойр гэж байгаа иргэдийн дийлэнх нь оюуны залхууралд нэрвэгдсэн. Тэд фасебүүк твиттер гээд цагийн их гарзтай маш их мэдээлэл хүлээн авч байгаа болохоор мартах өвчинд нэрвэгдсэн. 3. Манай удирдагчид өөрийн мэдэлгүй бусдын нөлөөнд орж байна. Гаднаасаа харахад сайхан чамин сайн үйлсийн төлөө гэчээд ачир дээрээ хорт бодлого хэрэгжүүлдэг байгууллага байна. Мэдлэг мэдээлэл бага юм үзэж нүд тайлсан нь бага манай төрийн удирдагчид өөрийн мэдэлгүй манкурт нь болж байна. Тиймээс төрийн дээд болон дунд түвшиний удирдлагад байгаа хүмүүсийн гадны байгууллагуудтай ажиллах чиглэлд зөвлөмж өгөх цаг болсон. Хүнийг оюун санааны түвшинд удирдсанаар өөрийн эрх ашгийг хангуулах шинэ клончлолын бодлогын эсрэг дархлаа суух цаг нэгэнт болжээ.

  21. уншигч says:

    Ганаа ахаа залуус бид яах ёстой вэ?Одоохондоо! бүгдээрээ довоо шарлуулаад амин хувиа бодоод, бие биенээ шулж,аминч бэртэгчин үзлээр явсаар л байвал эцсийн үр дүн нь үр хүүхэд,хойч үе рүү гээ их буугаар буудаж байгаатай адил болоод байна.

  22. dolgoonaa says:

    Reblogged this on dolgoonaa.

  23. Bold says:

    Odoo yadag geheer iim heregtei niitlel, sanaa interneteer tsatsagdsanii daraa setgegdel hesegt ni: Zov baina, Buruu baina, esvel Demjij baina, Demjihgui baina…ali esvel Sain bichjee, Muu bichjee…neg iimerhuu setgegdel 40-50 uldeed tegeed l boloo….Mongold naaldsan yum erdoo baihgui. Yag unshih humuus n yag unshij haragdaach, unshlaach uhaarch haragdaach. Gartaa chuluu bariad bosdog gazart bol iim niitlel 1 garsnii daraa odoogiin toriin hulgaichuud bugd uls ornoos hoogdono. Mongold bol SAIN BICHJEE, MUU BICHJEE, SANAL NEG BAINA…neg iim honi, uhernuud gazart bolon interneted belchij baidag (bi neg ni baina) uchir bidend naidvar baihgui ee. Sonood dald oroh heregtei.
    Sonin.mn ees awaw.

    • DN says:

      Та сөнөлтэй эвлэрсэн байж болно. Эвлэрээгүй хүмүүс бас байна (Би нэг нь байна).

  24. Anonymous says:

    саяхан оросын нэгэн алдартай жүжигчний ярилцлагыг сонсож байтал “…түүхийн эсрэг хийсэн ажил бүтэлгүй болдог…” гэсэн үг сонсоод маш их олзуурхлаа. өнөөдрийн монголчууд яг ийм хэрэг хийж байгаа учраас систем, нийгмээрээ буруу явж байна. цагийн юм цагтаа гэдэг үг байдаг шиг мэдлэг, туршлагагүй байхгүй хийрхэлтэй залуусаар монголоо доромжлуулж байхыг үзэж байгаадаа харамсаж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: