ДОЛЛАР НОЁН БОЛСОН ТУХАЙ

Дэлхийн санхүүгийн холбогдолтой асуудал хөндөх бүрт долларын сэдэв хөндөгдөх. Зарим уншигчдад би долларын тухай бичнэ гэж амласан юм. Тэгээд л амлалтаа биелүүлж байна…
Доллар бидний амьдралд гүнзгий орж, түүнгүйгээр бид өнөөгийн бодит байдлыг төсөөлж ч чадахгүй болсон. Доллар бол бидний ахуйн барометр (термометр, таксометр шиг), манай координатын үндсэн систем юм.
Бид нэлээд эртнээс бүх тооцоогоо доллараар хийх болсон. Ямар ч худалдааг бид шууд л “ногоонд”-д шилжүүлж боддог заншилтай болсон. Доллар цалин, тэтгэвэр, машин, байр, зээл зэрэг бүх юмтай холбоотой. Бурхны авралаар одоохондоо дэлгүүр үйлчилгээний газруудад төгрөгөөр үйлчилж байгаа.
Гэхдээ энэ ногоон цаас ямар учиртай юм ? гэж боддог хүн их цөөхөн. Яагаад швейцар франк, эсвэл япон йен биш, хятад юань биш, заавал доллар дэлхийн санхүүгийн системийн тулгуур болчихдог билээ.
Бреттон-Вудын гэрээ
Үүнд хариулахын тулд 1944 оныг санах хэрэгтэй. Тэр үед америкийн Бреттон-Вуд хэмээх жижигхэн хотноо дэлхийн бүх үндсэн орнууд цугласан Олон Улсын Валют-санхүүгийн бага хурал болсон юм. Энэ үеэс эхлэн америк доллар дэлхийн гол валют болсон юм.
Дэлхийн дайнууд АНУ-ыг хэт их гүрэн болгосон юм. Ард түмнүүд бие биенээ алж хядаж байхад Америк хязгааргүй дам хийж байлдагч талуудыг нийлүүлэлтээрээ шахан баялгаа ихэсгэж байлаа.
Дэлхийн I дайнаар Европын улсууд Америкаас нийтдээ 11 миллиард долларын зээл авсан ба америкийн эдийн засгийн цэвэр ашиг тэр үед 33,6 миллиард доллар болж байв. Тэр үед доллар өнөөдрийнхөөс олон дахин үнэтэй байсныг бодолцвол энэ нь асар их мөнгө байсан юм.
Дараа нь дэлхийн II дайн дуусахад Америк дэлхий алтны нөөцийн 70 хувийг эзэмших болж, ленд лизээр нийлүүлсэн техник, хүнснийхээ оронд холбоотнуудаасаа зөвхөн “жигшүүрт металл” авч байлаа. Энэ үед бүхий л цаасан валют үнэгүйдсэн байлаа.
Жишээ авъя. 1938 онд АНУ-ын алтан нөөц 13 мянган тонн байв. 1947 онд 17,7 мянган тонн болов. Харин 1949 онд 21,8 мянган тонн болжээ. Өөрөөр хэлбэл гайхалтай юм болж байна: АНУ дайтаж буй мэт боловч эдийн засаг нь нэрвэгдээгүйгээр барахгүй харин ч БАЯЖИЖ байна. Гэтэл орос, англи, франц, немцүүд дайны үеэр бүхий л алтан нөөцөө зарцуулав.
Бреттон-Вудын олон улсын хурлаар долларыг дэлхийн үндсэн валют гэж тодорхойлсон төдийгүй түүнийг алтан баталгаагаар хангаж өгсөн билээ. Долларын албан ёсны ханшийг 35 доллар нь 1 трой унц буюу ойролцоогоор 31,1 грамм алттай тэнцэнэ гэж тогтоов. 1 $ ойролцоогоор 1 грамм алттай тэнцүү гэсэн энэ тоог санавал зүгээрсэн. Дашрамд дурдахад энэ цугларалтаар одоо бидний сайн мэдэх Олон Улсын Валюын Сан, Олон Улсын Сэргээн Босголт Хөгжлийн банкны үндсийг сайтар тавьж өгсөн билээ.
Энгийнээр хэлбэл доллар үнэн хэрэг дээрээ алттай эн зэрэгцэх болж алтан долларын стандарт тогтоосон юм. Өөр ямар ч валют алттай ингэж шууд хөрвөдөггүй; одоо бол фунт, крон, марк мэтийн бусад бүх валют зөвхөн долларын тусламжтайгаар л хөрвөдөг. Бараг хорин жилийн турш энэ систем ямар ч гацаагүй ажилласан юм. Америк жилээс жилд баяжиж, хүн бүхний шуналын галыг өдөөж, наад зах нь тэр үед тэгж санагдаж байлаа.
Де Голлийн шалгалт
Гэтэл 1965 онд Францын Ерөнхийлөгч Шарль де Голль тэр их магтаад байгаа “алтан долларын стандартын” бат бөхийг шалгахаар гэнэт шийджээ.
Голль Шарль де. (1890-1970) францын төр, цэрэг, улс төрийн зүтгэлтэн. Францын гурван удаагийн Ерөнхийлөгч. Нацистууд Францад довтлох үед де Голль ердөө хурандаа цолтой, хуягт танкийн дивизийн дарга байв. Гэхдээ тэр эрэлхэг тулалдаж бүгд найрамдах улсын бараг сүүлчийн өдрүүдэд генерал болжээ. Франц эзлэгдсэний дараа тэр Англид гарч, “Чөлөөт Франц” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, дүрвэгсдийн түр засгийн газрыг байгуулжээ. 1945 оны 5 дугаар сард бууж өгөх гэрээнд орос, америк, англичуудтай хамт бас францчууд гарын үсэг зурсан юм. Баярын хоолны дараа францын нэг генерал согтож ширээний ард унтаж байгааг харсан холбоотны нэгэн хүн нөгөөдөө: “Хараач, энэ францчууд бүх дайныг ингэж унтаж өнгөрөөсөн” гэж хэлсэн гэдэг.
Тэр Европын бусад манлайлагчдад үлгэр дууриал болж америкчуудад ямар ч хүндэтгэлгүй ханддаг байв. Энэ мэдрэмж хоёр талын байсан агаад Ерөнхийлөгч Рузвельт хүртэл түүнийг “ааш муутай сүйт бүсгүй” гэж нэрлэн Мадакскарын захирагчаар явуулахыг санал болгож байжээ.
Тэрхүү Бреттон-Вудын гэрээгээр дурын орон дурын үед АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас бэлэн доллараар алт сольж авахыг шаардах эрхтэй байсан юм. Үүнийг л де Голль ашигласан байна.
Америк валютын ганхашгүйн тухай домгийг үүрд эвдэхэд түүнд маш бага хагас цагаас бага хугацаа шаардагдсан бөгөөд үүнийгээ де Голль хожим нь “эдийн засгийн Аустерлиц” байсан гэж дурссан байдаг.
1965 оны 2 дугаар сард болсон хэвлэлийн бага хурал дээр тэрбээр одооноос эхлэн Франц олон улсын тооцоондоо бодит алтанд шилжиж байгаагаа бүхэнд сонсогдохоор: “Бид бүхэн олон улсын арилжаа дэлхийн агуу их гай гамшгаас өмнө байсан шигээ аль нэг тодорхой орны тамга тэмдэггүй, маргашгүй үндэстэй байх ёстой гэж үзэж байна…алтнаас өөр ямар нэг өөр стандарт байна гэж төсөөлөхөд хүнд юм” гэж мэдэгдсэн юм.
Ингээд де Голль Францын Үндэсний банкинд хуримтлагдсан 1,5 миллиард долларыг яг тогтсон ханшаар нь алт болгож өгөхийг Вашингтоноос шаардсан юм. Энэ тоо бол аварга их ойролцоогоор 16,5 мянган тонн алт болсон юм. Энэ нь АНУ-ын нийт алтан нөөцийн дөрөвний гуравтай тэнцэж байлаа.
Мэдээж хэрэг америкчууд ингэж төлөхийг ердөө ч хүссэнгүй. Америкууд үймээнч генералыг номхотгох гэж есөн жорын юм сэдэв. Гэтэл шал дэмий юм болов. Франц ердөө л сануулга болгохдоо НАТО-оос гарч, өөрийн газар нутаг дээр байгаа далайн чанад дахь бүх цэргийн баазаа хаав.
Гэтэл хамгийн сонин юм ойлгомжгүй болов. Америкчууд дэлхийг хорин жил ноёрхох үедээ ямар нэг алтан баталгааны тухай ор тас мартчихсан аж, тэгээд хэвлэх машинуудаа улайстал ажиллуулдаг байж. Эмиссийн хэмжээ буюу энгийнээр хэлбэл гүйлгээнд гаргаж буй долларын хэмжээг америкчуудаас өөр хэн ч хянадаггүй байжээ.
Өөрөөр хэлбэл, АНУ-ын алтан нөөц цаашид үндэсний валютаа хагаж чадахгүй, тэдний алт нь бага, ногоон мөнгө нь их болжээ. Холбооны Нөөцийн Сан хэт ашиг хөөцөлдөн биеэ барьж чадалгүй, зах зээлд жил тутам хэдэн миллиардын цаасан мөнгө оруулж байжээ. Америкчууд яг л тоос сорогч шиг бүх дэлхийн нөөцийг сорон авч оронд нь хоосон, юугаар ч баталгаажаагүй, өөрсдөө үйлдвэрлэсэн цаасаар төлбөр хийж байжээ.
Хожим нь эдийн засагчдын тооцсоноор 1960-1971 оны хооронд АНУ-ын бодитой бүтээсэн мөнгийг давсан долларын зээлийн эмисс тооцоогоор хэлэхэд ч аймаар 468.952.000 кг алт болсон байна. Тэр үед хүн төрөлхтөн бүхий л түүхийнхээ туршид ердөө 130.000 кг алт олборлож чадсан байдаг.
Энэ бол хамгийн энгийн пирамид юм. Ном ёсоороо бол ямар ч пирамид цагаа болтол ганхашгүй үүрд мөнхийн мэт санагдана, тэгээд хувиа эргүүлэн татсан де Голлийнх шиг тохиолдолд бүх хийцээрээ ганхаж, нурна.
Францын Ерөнхийлөгч солиотой инженер Гарины явдлын тухай Алексей Толстойн (Лев Толстой биш шүү-Х.Д.Г.) зөгнөлт романыг арай ч уншаагүй байх, гэхдээ л тэр энэ номын гол үйл явдлыг яс давтсан юм. Монгол хэлээр гарсан энэ зохиолыг бидний үеийнхэн сайн мэднэ. Гэхдээ манай залуучууд мэдэхгүй байж болох учир товч агуулгыг дурдая.
Инженер Гарин зугаа цэнгэлийн төлөө биш, зөвхөн шунахайн зорилгоор алдарт гиперболоид бүтээнэ. Тэгээд Номхон далайн захад байх ямар нэг Оливиновийн бүсэд өрөмдлөг хийж, тэнд буй асар их алтны нөөцийг авч дэлхийг эзэгнэхийг хүснэ. Тэр бүсээ өрөмдөж цоолно. Алтаа ч олно. Ингээд дэлхийн эдийн засгийг сүйрүүлэхийн тулд алтан гулдмайг нэг килограммыг нь 2,5 долларын хөгийн хямд үнээр зарна. Энэ ажил нэн харамсалтай дуусч, эцсийн эцэст Гарин мөнгө, эрх мэдлээсээ хагацна, түүнд гиперболоид ч үлдэхгүй.
Де Голль зарим талаар утга зохиолын энэ солиотой баатрын хувь заяаг давтсан юм. 1969 онд тэр арга буюу хугацаанаасаа өмнө огцорч, удалгүй нас барсан билээ. Гэхдээ тэр тухайн үедээ америкийн монопольд нэгэнт нөхөж баршгүй цохилт өгч чадсан юм. АНУ дефольтын аюулын өмнө ирэв. Алтаа өгөхийг тэд хүссэнгүй, өгч ч чадахгүй байлаа. Гэхдээ өгөхгүй байж бас л чадахгүй байв, учир нь өгөхгүй бол Вашингтон дэлхийн гол кассчины ажлаасаа үүрд салах байв.
Ингээд дууссангүй, францчуудын араас америкаас алт авах гэж немц, канад, япон зэрэг бусад нь орнууд дугаарлах болов. Бүх улс орнууд аль болох их доллар орхиж, аль болох их алт нөөцлөхийг хичээв.
1968 оны гуравдугаар сард америкийн засгийн газар долларыг алтанд чөлөөтэй хөрвөх явдлыг арга буюу хязгаарлав. Энэ хязгаарлалт нь улсын банкуудыг хөндөөгүй, зөвхөн хувийн арилжааг хамарсныг дурдах нь шударга хэрэг болно. Гэхдээ л үндэсний банкны хувьд шажигнасан дэвсгэртүүдийг хүйтэн цутгамалаар солих ажил удаан их саадтай, зовлонтой явагдав. Жишээлбэл, францчууд гэхэд л анх нэхсэн бүтэн хагас миллиардынхаа хагасыг л буцаан авсан юм.
1970-аад оны эхэнд АНУ-ын алтны нөөц 10 миллиард хүртэл буурч дайны өмнөхөөсөө бага болов. Гэтэл будлиан намжсангүй. Солилцоо хийхийг хүсэгчид улам олон болсоор байв. Ингээд америкчууд эсвэл өөрсдөө дампуурснаа хүлээн зөвшөөрөх, эсвэл бүх зээлдэгчдийг дампууруулах муу ёрын сонголтын өмнө тулж ирсэн юм.
“Ногооны” нууц
Вашингтон алийг нь сонгосон гэж бодож байна ? Мэдээж сүүлчийнхийг нь сонгож таараа.
1971 оны 8 дугаар сарын 15-нд америкчууд нүдээ анивчин байж өөрсдийн санаачилсан Бреттон-Вуддсийн гэрээг зөрчиж долларын алтан баталгааг бүрэн халснаа мэдэгдэв. Үүнийг энгийн хэлэнд хөрвүүлбэл өр авлагатай бүхнийг өршөөж байна, одоо бүгдээрээ тайван амгалан явж үзье гэсэн хэрэг юм.
Үүний дараа долларын дэс дараалсан девальваци эхлэв. Эхлээд тройн унци алтны үнийг 35 доллар байсныг 38 доллар болгов. Дараа нь 42,2 болгов. Чингэхдээ энэ өсөлт бол цаасан дээр хийсэн цэвэр хиймэл виртуаль өсөлт байлаа; долларыг алтаар урьдын адил солихыг хэн ч хүсэхгүй байв.
Дэлхийн гүрнүүд санхүүгийн шинэ хуралд цуглаж түүнийгээ энэ удаад Парижид хийв. Болж байгаа биз ! Ингээд эдийн засгийн шинэ системийг тохиролцоод тэр нь 1973 оны 3 дугаар сарын 16-аас эхлэн ажиллаж эхлэв.
Энэ үеэс эхлэн мөнгөний алтан агуулга үл оршихуйд үүрд алга болов. Энэ үеэс валютын ханш алтан нөөцийн хэмжээнээс хамаарахгүй болов, мөнгө нь зах зээлээс бусад олон улсын ямар ч гэрээ, хуулиар баталгаажаагүй ердийн таваар болон хувирав. Одоо бол өөрийн мөнгөн системийн эрэлтийг улс орон бүр бие даан тогтоох болов, хэд л бол хэдэн хүссэнээрээ мөнгөн дэвгэрт хэвлэх эрхтэй болов. Түүний дотор АНУ ч гэсэн бас л адилхан…
Хэдий ийм ч хүссэн болгон “цаас” хэвлээд хүн хуураад байж болохгүй нь мэдээж хэрэг. “Цаасыг” улс төр, дипломат, эдийн засаг, санхүүгийн аргаар хамгаалж чадсанд нь хэвлэж болно. Ийм орон хэдхэн байдаг юм. Гол улс нь АНУ байх нь мэдээжийн хэрэг.
Үүнээс хойш долларын алттай харьцах харьцаа нэг бус удаа өөрчлөгдсөн юм; шар үнэт металлын үнэ нэг бол унаж, нэг бол өсөж байлаа. XX зууны оргил үе нь 1980 он болсон бөгөөд энэ үед тройн унци алт 800-875 “ногоон” болж байв. Энэ далимд дурдахад анхны 35 долларын хэмжээндээ доллар хэзээ ч ойртож байгаагүй ба жигшүүрт металл хоёр зуун доллараас доош хэзээ ч орж байгаагүй юм.
Алтны үнэ зүгээр л өсдөг гэж яагаад ч юм үзээд заншжээ, тэгвэл нефть, нүүрс ч гэсэн адилхан үнэтэй байдаг биз дээ. Гэтэл алт үнэтэй болоогүй, харин доллар хямдарсан гэж бодож болно биз дээ. Де Голлийн “Аустерлиц” эхэлснээс хойш өнгөрсөн дөч гаруй жилд дэлхийн гол валют яг 30 дахин үнэгүйдсэн юм.
Чухам энд л дэлхийн олон хямралын гол гогцоо, учир начир байдаг юм. Украины асуудал ч үүнтэй ямар нэг хэмжээгээр холбоотой…
Жич: Надад “дайн” зарласан, надтай өрсөлдөх гэсэн нусан буунууд Та нар яаж ч хичээгээд, яаж ч горьдоод ёстой хоншоор чинь дутна. Та нарыг нэг шүлстэй коммент бичих хооронд би нэг өгүүлэл бичиж чадна. Ингэхэд би ч гэсэн коммент бичиж л байгаа ш дээ. Гэхдээ хамаг ажил, ухаан мэдрэлээ алдчихаагүй л байна. Оюуны ажил хийнэ гэж үүнийг хэлдэг юм…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 03 дугаар сарын 22.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to ДОЛЛАР НОЁН БОЛСОН ТУХАЙ

  1. Дэлгэр says:

    За ёстой их баярлалаа. Хөгийн новшнуудын ногоон хогийг яагаад ингэтлээ даам гарсныг огт мэдэхгүй явсан юм.

  2. Б.Хүрэлтогоо says:

    Дэлхийн улс орнуудын хайр хүндэтгэл, итгэл найдвар болсон долларын “багийг” хуулвал ийм л арилжаа, ийм л мэх сөхөгдөх нь “Мэддэгээ булаацалдаад, мэдэхгүйгээ устгадаг” булай, булхайгаар даажигнах даажигнал, хорвоо ертөнцийгөө мөхөөх хүн араатны үнэн дүр төрх, даяаршилын үр, биднийг бугуйлдсан цалам ажгуу…

  3. Mugi says:

    1 трой унц ханш 31 гэдэг ханш энэ үед тогтожээ гэж ойлголоо.Урьд нь яагаад ингэж тогтоосныг ойлгодоггүй байсныг минь хэлж өглөө та.

  4. tg says:

    Хулгайчууд ойлгох ойлгохгүй нь хамаагүй Ажилч хичээнгүй занд чинь баярллаа

  5. bi says:

    tand ih bayarlala medeeguigee medej avlaa tanii hodolmoriig unegui ashiglaj ouynaa tseneglej bgaada uuchlal husye taniig mash hund hetsuug soron baij ajilladiig oilgoj mederdeg shu mon baharhalt hun mini bilee

  6. GNS says:

    Баярлалаа. Нээрээ хуучны америк зохиолуудыг уншиж байхад доллар хичнээн хатуу байсан нь бүр амтагддаг юм. Эд нарыг бүгдээрэнг нь хөөж ирээд таны нийтлэлүүдийг нэг сайн ойлготол нь уншуулмаар л байгаа юм….

  7. ЗАЛХУУ ХҮҮ says:

    Доллар, түүний эзний ашиг сонирхол болон Монгол Улсын Ерөнхийлөгч нэгэний хувийн ашиг сонирхол цэгт уулздаг, хоорондоо холбоотой л байх шиг санагдаад байх юм, Сүүлийн үед гүйх нохойны саад баах нохой Тонни Блейр үүгээр эргэлдээд л.., Тонни Блейрыг Амирекийн бууны нохой гээд англичууд нь “үзэхгүй” . Энэ цөөврийн тухай л анализ хийлгэмээр байна, би уг нь хийх гэж оролдсон,

  8. dalai says:

    Ах минь юунд ингэж нусгай зууралдана вэ. Жингэр нохой хуцжил байдаг жингийн цуваа явжил байдаг гэж… Хуцжил байг. Угаасаа та бол одоо цагийн ганц аналитикч.

  9. Anonymous says:

    2013 оны хямрал хэрхэн болж эхэлсэн бэ
    Энэ жил энд тэндгүй л санхүүгийн асуудалтай хүмүүс их байдаг болж , албан тушаалын цомхотголлд олон ч хүн орж байна. Мобиком хүртэл 400 хүнээ халлаа. Энэ хямрал ерөнхийдөө 2012 сонгуулийн дараагаас эхэлсэн юм.

    1. Уул уурхайнуудад хавчилт хийсэн . Хийхээс ч аргагүй л дэ төр солигдчихоод байхад уурхайнуудаас хуучин намын нөхдүүд хувиа аваад , өдөө төрд байгаа хүмүүс хувьгүй хоцорч болохгүй шүү дэ. Тиймээс хавчиж байгаад тэдний хувийг болиулж өөрсдөө хувь авхаар зохицуулж эхэлж байгаа юм. Овоо зохицуулж дуусаж байсан чинь нөгөө л түүхий эдийн үнэ нь унацан. Нээх шалтай ч унаагүй л дэ , уурхайгаас алхам дутам авилгал явагдахгүй бол ер нь уурхай өөрийгөө болгоод аваад явж чадна л да. Тавантолгойгоос гэхэд л нүүрс зөөх эрх авахын тулд 1тн нь 32$ – оор авах гэрээг 35$ төл авдаг юм. Нөгөө 3$ доллар нь авилгал шүү дэ. Ямар сайндаа тавантолгой чалко –той хийсэн гэрээ муу гэрээ болсон гээд 1тн нь 60 мянга байсныг 57 болгож хямдруулчаад алдаатай гэрээг зассан гэж хэлж байсандаа
    2. Компаниудыг дарамталж эхэлсэн . Аргагүй ш дээ МАН –ийг компаниудыг зүгээр байлгаж болохгүй ш дээ. Тэгж байж өөрсдийн намын компаниуд гайгүй болно ш дээ. Нөгөө хэд нь ч овоо хэцүүдэж эхэлсэн харин өөрсдийн хэдээ дэмжихийн тулд мөнгө хэрэгтэй болвоо. Мэдээж бонд гаргалаа нөгөө хэдээ овоо дэмжээд өглөө шүү.
    3. За бондноос ч овоо $ орж ирсэн , одоо харин иргэдэд төлдөг цалин , нийгмийн халамжинд өгдөг мөнгөө багасгах шаардлагатай болж байгаан нэг ёсондоо мөнгөнөөс чинь хумслах юм л даа. Тэгж байж бизнесүүдээ дэмжих мөнгөтэй болно бас хямд үнэтэй ажлын хүчтэй болно шүү дэ. Үүний тулд нөгөө ноён $ -ийг үнэд хүргэх хэрэгтэй болсон юм . Тэгээд л одоо доллар тэнгэрт хадаж байгаа юм шүү дэ. 3 тэрбум төгрөгийн зээл доллараар авлаа гэхэд л үнэ нь нэмэгдээд 4 тэрбум төгрөгтэй болж байгаа юм чинь бөөн ашиг л гэсэн үг.

    Ер нь миний бодлоо иймэрхүү юм сүүлийн 2 жил болоод өнгөрсөн юм шиг л санагдаад байгаан.

  10. уншигч says:

    Шарль де Голль нь одоогийнхоо франсуа Оллонд,саркози нараас эсрэгээрээ сайн хүн байж дээ.

  11. sainaa says:

    Баярлалаа…

    Ганаа ахаа юм асууя аа…

    Эдийн засгийн хоёр ойлголт байх. Таваар, Өртөг. Бид хэлэхдээ бараа ТАВААР, бараа бүтээгдэхүүн гэх. ТАВААР гэдэг чухам ямар утгыг илэрхийлсэн үг вэ?. Нэмүү өртөгт орж амжаагүй байгаа капитал нөөцийг хэлээд байна уу гэж би ойлгодог буруу юм болов уу?.

    Өнөөх нь Өртөг. Арилжааны, хэрэглээний өртөг гэж хоёр хуваах юм. Арижааны өртөг гэхийг нь гадарлах юм, харин Хэрэглээний гэх нь нэг л толгойд бууж өгдөггүй ээ. Өртөг гэхийнхээ хажуугаар Зардал гэж ярьж хэлэх. Энэ хоёр үг минийхээр ижил утга санааг агуулах мөртөө тус тусдаа хэрэглэгдээг байхыг бодоход яав ч тус тусдаа ойлголтууд бололтой. Үүнийг та нэг…

    • Ганаа says:

      Өртөг ойлгохын тулд муу хэлдэг Марксыг уншихаас өөр арга байхгүй. Дэлхий даяараа Марксыг уншиж байхад манайх ганцаараа тэнэг царайлчихаад коммунист гэж хараагаад хог дээр хаячихаж болохгүй ш дээ. Дэлхийн сэтгэлгээний сорыг ингэж хаях бол нэг ёсны өвчин юм. Иймээс К.Марксын “Капиталын” 1 болон 24-р бүлэг, “Улс төр эдийн засгийн ухааны шүүмжлэлд” зохиолыг унших ёстой. Мөн залхуурвал хуучны дурын “Улс төр эдийн засгийн ухааны сурах бичиг” үзэж болно. Тэнд “ажилчин ангид” зориулж их хялбар өгүүлсэн байдаг юм. Дашрамд дурдахад тэнд чинь социализм энэ тэр бараг байдаггүй юм ш дээ…

  12. sainaa says:

    Баярлалаа…

  13. oyu says:

    Сайн байна уу Ганаа ахаа таниас нэг юм асуух гэсэн юм.

    Би таний дээр бичсэн сэдвийг дөнгөж сонирхож эхэлж байгаа юм л даа. Олон улсын валютын сан, дэлхийн банкаар дамжуулан хөгжиж буй орнуудад ардчилал, хүний эрх, эрх чөлөө ярин, зөвлөмж өгч байгаа нэрийдлээр улс орны дотоод хэрэгт оролцож өөрөөр хэлбэл төрийн эрх мэдэл бүхий хүмүүст нөлөөлж (хахуул өгч) өөрсдийн үндэстэн дамнасан корпорациуд ашигтай шийдвэр гаргуулах, стратегийн ашиг сонирхлоо хангах үүднээс үйл ажиллагаагаа явуулаад байгаа юм шиг санагдах юм.

    монгол улс 1991 онд анх ОУВ сан, дэлхийн банкинд гишүүнээр элссэнээс хойш жил бүр л бүх салбараар зөвлөмж, зөвлөгөө авч байна. та энэ талаар юу гэж боддоо хувуулцвал их баярлах байна.

    эсвэл би л хартай эхнэр шиг хардаад байгаа юм болов уу

  14. nanbaa says:

    za estoi zugeer neg gadaad nomnoos orchuulsan yumaa bi bichne gej amlasnaa bichlee geed l shuud niitlechih yumaa amar2. Ene niitleld ymar ch ooriin uzel sanaa dun shinjilgee tusgagdaagui bna.

    • Ганаа says:

      Доллар дэлхийд ноёрхсон тухай үүнээс өөрөөр яаж бичих юм ?! Энд би өөрийн үзэл бодлоо оруулах ямар ч шаардлага байхгүй. Чи үнэн дүп хулгайч, дээрээс нь бас адгийн новш юм…

  15. Сонирхолтой сэдэв оруулсанд баярлалаа. Нэг юм асуух гэсэн юм. >>>>Үүний дараа долларын дэс дараалсан девальваци эхлэв. Эхлээд тройн унци алтны үнийг 35 доллар байсныг 38 доллар болгов. Дараа нь 42,2 болгов. Чингэхдээ энэ өсөлт бол цаасан дээр хийсэн цэвэр хиймэл виртуаль өсөлт байлаа; долларыг алтаар урьдын адил солихыг хэн ч хүсэхгүй байв…. Энэ хэсгийг сайн ойлгохгүй байна. Миний бодлоор алтны ханш өсөх тусам бага байгаа дээр нь доллараа алт болгохыг хүсмээр юм. Та үүнд хариулт өгнө үү

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: