ЯЗГУУР ҮНДСИЙН ТУХАЙ

Үндэсний аюулгүй Байдлын Зөвлөл Чингис бондын мөнгө хаа байгааг бүртгэх асуудлаар зөвлөмж гаргав. Ийм хөгийн асуудлаар зөвлөмж гаргана гэдэг бол үндэсний аюулгүй байдал ямар түвшинд унасныг илт харуулна. Манайхан ч айхаа ч байж дээ.
Эдүгээ бид үндэсний аюулгүй байдлын тухай ярих цаг болсон. Үүнийг ярихын тулд бүх уг сууриар нь хөндөх ёстой. Энэ бол “язгуур үндэс” гэсэн ойлголт юм.

Түүхэн сурвалжид…
1911, 1921 оны үеийн баримт бичгүүдэд “язгуур үндэс” гэсэн нэр томъёо (үг) их гарна. Мөн нэлээд тохиолдолд “шашин үндэс” гэсэн хоршоо үг ашиглана. Энэ бол Монгол гэсэн бүх юмыг нэгтгэн илэрхийлсэн үг юм. Өнгөц бодоход тодорхойгүй, хэт ерөнхий мэт санагдах боловч энэн шиг тодорхой ойлголт байхгүй. Дор хаяж л XIX-ХХ зууны зааг үеийн ямар ч монгол хүн энэ үгийн мөн чанарыг ямар ч тайлбаргүй ойлгодог, мэддэг, мэдэрдэг байсанд эргэлзэх зүйлгүй.
ХIХ зууны сүүл үеийн Манжийн шинэ засгийн бодлогыг “үндсийг таслах, шашныг сөнөөх” гэж баримт бичгүүдэд нэгэн дуугаар нэрлэдэг. Гэхдээ “язгуур үндэс”, “шашин үндэс”, “уг үндэс” гэсэн хоршоо үгүүд тэр үеийн баримт бичгүүдэд элбэг тааралддаг. Бүгд л нэг агуулгатай.
Улмаар энэ уламжлал 1921 оны хувьсгал хүрч иржээ.
1921 оны 3 дугаар сарын 20-д орчмоор “Бүх олон Монгол ах дүү ард түмэнд тунхаглан сонсгох нь” гэсэн нэгэн Тунхаг бичгийг МАХН-ын Төв Хорооноос гаргасан юм. Энэ бичгээс иш татвал:
“Үүнээс хэд хэдэн зуун оны урьд манай Монгол улс харгис хятадын саварт базагдаж, элдэв зүйлийн гашуун зовлон эдэлсэн ба эцэг өвгөдөөс уламжлан ирсэн бурхан шашин язгуур үндэс, зан суртал юугаан дарлагдсан төдийгүй, мах цусыг элдвээр идэгдэн шимэгдэж үлсэн Монгол ах дүү нар бүгдээр сонсогтун…”
“Тэрслүү цагаантанд мэхлэгдэн хоригд(вол)…бидний өвгөдийн алдар нэрийг гутаан, хойт үеийн олонд хүчир гашуун хор үлдээх байтугай, дээд тэнгэр авралд бурхан түүнийг эс өршөөн, үргэлжид элдэв зовлон гамшгийг эдлэн хүлээх нь магад болохын дээр бидний язгуур үндсийг арилгах тэнгэрийн зохиол буухаас сэргийлэх хэрэгтэй”.
Ийм баримт бичиг асар олон бий. Эндээс “язгуур үндэс” гэсэн нэр томъёо тухайн үедээ хэн бүхэнд ойлгомжтой, монгол иргэншил, монгол үндэстний эрхэмлэл, үнэт зүйлсийг илэрхийлж байжээ.
Энд бид МОНГОЛ гэсэн ЯЗГУУР ҮНДЭС ойлголт руу дөхөж ирж байна.
Язгуур үндэс бол иргэншил соёлоо тэмдэглэх монгол ойлголт юм. Иргэншил соёлыг шинжлэх ухааны хувьд: 1. язгуур 2. уламжлалт, 3. олдмол, 4. үүсмэл гэж хуваан үздэг соёлын ангиллын шалгуураар ангилбал зүйтэй гэж санана. Нэрт эрдэмтэн, сод ухаантан Б.Сумъяагийн анхлан гаргасан энэ ангиллийг одоо бид өргөн ашиглах хэрэгтэй.
Иргэншил соёл байнга хөгждөг, харь буюу гадаад зүйлээр баяжихаас гадна өөрөө бусдад элементээ өгөх замаар хөгжиж байдаг. Ингээд “цэвэр” соёл гэж байдаггүй. Энэ диалектик зүй тогтлыг манайхан тун бага анзаардаг. Манай өнөөгийн соёл дээр дурдсан язгуур, уламжлалт, олдмол, үүсмэл 4 соёлын өвөрмөц хольц юм. Гэхдээ язгуураараа монгол юм. Жишээ авъя:
Ухаандаа суут Жанцанноров, Шарав нар язгуур хийгээд үүсмэл монгол хөгжим зохиодог. Тэд агуу хөгжмөө эхлээд төгөлдөр хууран дээр (олдмол соёл) зохиож нотыг нь бичдэг. Тэднийг заавал “язгуур монгол болгох” гэж морин хууран дээр хөгжмөө зохио гэж хэн ч хэлдэггүй. Ингэвэл үнэн тэнэг шаардлага болно. Ингэж зохиох тусмаа монгол хөгжим илүү сайн хөгжинө. Жанцанноров, Шарав нар гадаад хөгжим биш, язгуур монгол хөгжим л зохиож байгаа. Энэ мэтчилэн бүх салбар ингэж байж хөгждөг.
Язгуур монгол гэдгийг би ингэж л ойлгодог. Гэхдээ нөгөө талд нь “монголоо алдах” гэж нэг аймшиг байгаа ба энэ нь жич ярих сэдэв юм.
Тухайн үедээ…
Тухайн үедээ монголын малчин ард “язгуур үндсийг” юу гэж ойлгож байсныг тайлбарлахад нэг бодлын их хялбархан, нэг бодлын их хэцүү юм.
Амархан нь юундаа гэхээр тэд: 1. бие даасан өөрийн төр, 2. шашин 3. малаа маллах гурвыг л ойлгож байсан гэж ойлгож болно. Тэд малаа маллаад шашнаа шүтээд эрх дураараа сайхан төртэй болохыг л мөрөөдөж байсан байх. Тэд ямар капитализм, социализм гэдгийг мэдэж байсан биш. Иймээс “язгуур үндэс” гэсэн уриа лоозонг тэд туйлын амархан хүлээн авч байсан бололтой. Энд “харийнхныг хөөнө” гэсэн санаа ямар нэг хэмжээгээр байгаа юм. Тухайн үеийн эрх баригчид ч гэсэн ард түмнээ сайн мэддэг байсан учраас “язгуур үндэс” гэж байн байн дурдаад байсан гэж үзэж болно.
Хэцүү нь юундаа гэвэл “язгуур үндэс” гэдэгтээ яг тодорхой юу ойлгож байсан гэдэг судалгаа байхгүй юм. Европт ийм ойлголт угаасаа байхгүй юм. Европ бүү хэл, Хятадад байхгүй юм. Энэ бол зөвхөн асар их түүхэн уламжлалтай үндэстэнд л байх ойлголт юм.
Харамсалтай нь үүнийгээ бид тун ч удахгүй мартацгаасан билээ. Интернационализмаар сольсон, дараа нь даяарчлалаар сольсон. Эл байдал үйлдлийн болон үзэл санааны түвшинд үргэлжилж одоо бараг язгуур үндсээ мартах, алдах хэмжээнд хүрээд байна.
Язгуур үндэс
Орчин үеийн ямар ч утга зохиолоос “язгуур үндэс” гэсэн утга хайгаад олдохгүй. Үндэсний үзэлтэй холбоотой юмыг сайтар ухвал ганц нэг юм олж болно. Гэхдээ үндэсний үзлийн асуудалд том улсуудын том шинжлэх ухаан ямагт болгоомжтой ханддаг болохоор эндээс “олигтой юм” олно гэж хэцүү. Ингээд өөртөө найдах, өөрөө хийх л үлдэж байгаа юм.
Харин Л.Н. Гумилев “үндэсний стратегийн матриц” гэсэн нэр томъёо гаргасан нь манай язгуур үндэстэй ихээхэн дүйнэ. Үүнийг би 2010 оны 10 дугаар сарын 05-нд “Та нар л аюул…” өгүүлэлдээ анх бичсэн юм. Дашрамд өгүүлэхэд Гумилевийн ангилалд зарим талаар шүүмжлэлтэй хандах, засаж залруулах зүйл байдгийг дурдаж байна. Үүнийг жич ярих боломж гарах буй за…
Цаг ямагт монголын үндэсний аюулгүй байдлыг хөнөөж байдаг нөхдүүд үүнийг нохой хуцсан чинээ тоогоогүй билээ…
Үндэсний стратегийн матриц гэдэг бол үндэстэн өөрөө болон түүний түүхэн менталь шинж, түүнчлэн үндэстний түүхэн хөгжих газар болсон “амьдралын орон зай”, үндэстний ареал хэмээх суурьшлын эзэмшил, уг үндэстний хянаж буй орон зайг хэлдэг юм.
Ингээд монголын “язгуур үндэс” хийгээд Гумилевын “үндэсний стратегийн матриц” хоёрыг жишиж үзвэл олон чухал гаргалгаа хийж болно. Үндэсний стратегийн матриц нь орчин үеийн ойлголт юм. Язгуур үндэс нь монгол ойлголт юм. Энэ хоёрыг нийлүүлбэл дараах байдалтай байж болохоор байна. Үүнд:
1. Голлох буюу уугуул үндэстний чанар болон хүчин чадал
2. Үндэстний эрхэмлэл болон үндэстний соёлын хүчин чадал
3. Үндэстний олонхоос “нэр төртэй хийгээд зөв” хэмээн үзэж буй үндэстний амьдралын хэв маяг (аж төрөх ёс)
4. Түүхэн ёсоор хүрсэн буюу олж авсан орон зай
5. Нөөц (ресурс) чадавхи
6. Шинжлэх ухааны болон технологийн чадавхи
7. Үндэстний цэргийн чадавхи
8. Удирдлагын нэн тодорхой “үзэл санаа” бүхий ажиллах чадвартай үндэсний удирдлага
9. Хөгжил болон аюулгүй байдлын үндэсний стратеги зэрэг болно.
Энийг суурь судалгаанд үндэслэн, маш олон хувилбараар тооцоолж гаргадаг бөгөөд хамгийн эхэнд ард түмэн нь ойлгож байж л алив үндэстэн дэлхийд өөрийн гэсэн байр сууриа эзэлж, өөрийн гэсэн түүх, соёлын объект болон субъектын үүргээ биелүүлж байж үндэстэн гээч болдог юм л даа…
Эдгээрийн аль нэг нь алга байвал “үндэсний хөгжил”, “үндэсний аюулгүй байдал”-ын тухай ярих ч боломжгүй болдог. Чаддаг юм бол дээр дурдсан 9 зүйлээс нэг нь ч гэсэн олигтой байгаа гээд хэлчих л дээ…
Одоо бараг бүгдээрээ Үндсэн Хуулийн нэг нэг эх хармаалчихсан давхиж явааг чинь би мэдэж л байна. Тэгээд язгуур үндэс чинь хаа байгаам ? асуух цаг хол биш гэж бодож байна. Би дараах зүйлийг урьдын адил сануулан хэлэх гэсэн юм:
1. Язгуур үндэсгүй Үндсэн Хууль бол ухаангүй төр бий болгохын үндсэн нөхцөл мөн.
2. Ухаан бол төрөлх зүйл бөгөөд ухаангүй хүн хэзээ ч ухаантай ажил хийдэггүй.
3. Төр нураасан хүмүүс хэзээ ч шинэ төр байгуулдаггүй.

Энэ асуудлыг би мөн ч олон жил судалж байна. Дээр дурдсан асуудлуудаар суурь судалгаа хийх гэж олон жил “дайтаж” ирэв. Ямар ч судалгаа хийлгэхгүй байгаа юм чинь. Өөрсдөө бас судалгаа хийхгүй. Тус болдоггүй юмаа гэхэд ус болохгүй байж болмоор. Гэвч үгүй шүү. Дандаа надад дайсагнана. Хэдий хүнд нөхцөлд байсан ч арга зүйн хувьд зөв судалгаа ихээхэн ахицтай байсныг тэмдэглэн хэлэх нь шударга хэрэг болно.
Яагаад гэвэл би мөнгө, эрх мэдэл хайгаагүй, би язгуур үндсээ хайсан учраас хоосон байгаагүй нь мэдээж хэрэг…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 05 дугаар сарын 13.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

16 Responses to ЯЗГУУР ҮНДСИЙН ТУХАЙ

  1. lokomot says:

    Сайхан нийтлэл болж

  2. Anonymous says:

    Yag helsen

  3. Эрдэнэбатын Эрдэнэсүх says:

    Машид ихээр дэмжиж байна.

  4. sainaa says:

    Сайн байна уу Ганаа ах өдрийн мэнд…

    Ер хэдэн нас хүрээд бичлэгийн стиль төлөвшдөг вэ? Марксын бичлэг бол Маркс өөрөө юм. Баабарт өөрийн гэсэн бичлэгийн өвөрмөц, онцгой, үл давтагдах чанар байдаг тухай та нэг удаа хэлж байсан. Тэр ч тийм байх. Сайхан бичлэгийг мэдрэх их гоё байдаг. Ингэх гэж

    Би Баабарын бас таны зарим өгүүлэл, нийтлэлийг шууд л хуулж бичдэг. Өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Тэгээд л бичлэгийн стиль төлөвшихөд зарим нэг зүйлс бүрдсэн байх ёстой юм байна даа гэж боддог.

    1990-ээд онд бичиж байсан Баабарын нийтлэлүүдийг бичиж үзээд өнөөгийнхтэй нь харьцуулахад бас өөр л мэдрэмж бууж байна лээ. 90-ээд онд бичиж байсан нийтлэлүүдийн өгүүлбэр дэх үгийн тоо нь олон, заримдаа хааяа нэг …хийгээд, болон гм холбоос үгнүүд орсон байна билээ. Одоо бол тэр гуай тэгдэггүй, холбоос үг тун ч ашигладаггүй, өгүүлбэрийн тоо цөөн хэрнээ гүнзгий мэрдэмж төрүүлдэг, абзацууд нь яг төгсөж, дараагийн абзацтайгаа заавал танилын ёсоор уулзаж байдаг.

    Таны бичлэгийн стиль ийм тийм гэх нь надад мэдээж хэрэг илүүц биз. Юутай ч таны бичлэгийн стиль, Ганаагийн бичлэг бол Ганаа өөрөө юм гэсэн зүйл хэдийнээс тогтож эхэлсэн бэ? Түүнд хүрэхдэд өөрийнхөө бичсэн зүйлийг урж хаяж байсан болов уу?

    • Ганаа says:

      Миний анх сурсан академик стиль юм. Биднийг тэгж л сургасан. Академик стиль чинь их нарийн дэг жаягтай, тогтсон дүрэм журамтай хатуу эд л дээ. 90-ээд он гараад тэрүүгээрээ бичих гэсэн чинь болдоггүй. Болдоггүй ч юу байхав, хүн уншихгүй байхгүй юу. Хэн тэр уйтгартай юмыг чинь уншиж байдгийм. Тэгээд л бичлэгийнхээ стилийг эвдсэн дээ. Өөрийгөө эвдсэн гэх үү дээ. Энэнд маань манай Г.Уянга, А.Баатархуяг хоёр маань их тус болсон юм. Холоос бол бас Баабар их тус болсныг хэлэх нь шударга хэрэг болно. Их зовж байж шинэ стиль тогтсон доо. “Урж хаях” бол энүүхэнд. Нэлээд хулигаандуу стиль шүү дээ. Гэхдээ анх сурсан академик стилийн үлдэгдэл арга барил байдаг юм аа. Ийм л байна…

    • tanii shavi says:

      Huviiin zohion baiguulaltgui hun hulgaichaas doloon dor ene l ugnuud tani nadad amidraliin
      mini zorilgiig todorhoilj ugsun shuu bagshaa bayarlalaa rahmet

    • Ганаа says:

      Ха Ха. Одоо саналаа. “Хувийн зохион байгуулалтгүй хүн хулгайчаас долоон дор.” Энэ үгийг номон дээр бичээд чамд дурсгаж билээ. Тэр үед чамд ингэж “ойлгуулахаас” өөр арга байгаагүй юмаа. Тэгэхэд чи мөн ч их дургүйцэж билээ. Одоо ойлгоод лут мундаг хүн болсонд чинь би их баяртай байдаг…

  5. bi says:

    hamgiin gol umiig saihan oilgomjtoi bichjee endees l ehlemeer bga um da ug ni

  6. delgermaa says:

    bi bol Tani akademik stild l durtai-))

    • Ганаа says:

      Бараг хүн болгон ингэж хэлдэг мөртлөө миний академик бичвэрийг бараг уншдаггүй юм. Харин чамайг уншдагийг би сайн мэднэ…

  7. Б.Хүрэлтогоо says:

    Сайхан. Сэтгэлийн орон зай эзгүйрч, юу ч хиймгүй тийм нэг үе байдаг даа. Тийм үед Ганаа ахын аль ч бичвэрийг унш… “нэг мэдэхэд инээчихсэн, бичлэгт нь уусчихсан тууж явдаг..”. Энэ бичлэг Ганаа ахынх. Ахынх гэж тодотгодог нь Ахын бичлэгээс: “Хайр, харам, халамж, өмгөөлөл, халаглал, ухайлал ер зүс хувиргахгүй өөрийнхөөрөө байж, зүрхнийх нь цохилт, биеийнх нь илч, мэдрэмжнийх нь хувьсалт, хувиарлалт ч мэдрэгдэдэг юм. Үнэхэээр цаг үе минь бидэнд бэлдэж өгсөн эгэлгүй сод, тод эрдэм, билгийн уурхай билээ. Үрэлж баясах нь таны бичвэр, та бидэнтэй хамт байыгаа нь билээ. Бусад нь нэгэнт юуны үр тарина, түүний үр л ургах хойно, цэцэглэж л байгаа даа…

  8. Таны хийж байгаа хөдөлмөрийг гүнээ хүндэтгэж байна.
    1. Голлох буюу уугуул үндэстний чанар болон хүчин чадал
    2. Үндэстний эрхэмлэл болон үндэстний соёлын хүчин чадал
    3. Үндэстний олонхоос “нэр төртэй хийгээд зөв” хэмээн үзэж буй үндэстний амьдралын хэв маяг (аж төрөх ёс)
    4. Түүхэн ёсоор хүрсэн буюу олж авсан орон зай
    5. Нөөц (ресурс) чадавхи
    6. Шинжлэх ухааны болон технологийн чадавхи
    7. Үндэстний цэргийн чадавхи
    8. Удирдлагын нэн тодорхой “үзэл санаа” бүхий ажиллах чадвартай үндэсний удирдлага
    9. Хөгжил болон аюулгүй байдлын үндэсний стратеги зэрэг болно. Энэ бол маш чухал гэхдээ жаахан дэлгэрэнгүй байвал мөн сайхан аа

    • Ганаа says:

      Яг энэ дээр ажиллаж байна даа…

  9. тийм үү ямар гоё юм бэ ? Та хурдан дуусгаад тавиарай. Бид НӨАТ-ыг хуулийг эсэргүүцээд ажиллаж байгаа юм аа энэ нь таньд дэндүү бага санагдаж магадгүй гэхдээ өнөөдөр бид үүнийг эхний ээлжинд хийх нь маш чухал байна. НӨАТ-ын хуулийн мөн чанарыг ойлгуулахад “Монгол язгуур үндэс” анхдагч үндэслэл бидэнд маш чухал байна

  10. Та НӨАТ-ын хуулийн талаар ямар бодол саналтай байдаг вэ? Миний хувьд эдийн засгийн чимээгүй дайны зэвсэг хэрэгсэл гэж ойлгодог. Дэндүү аймаар алсын хараагаар монгол язгуур үндсийг устгах бодлогыг хэрэгжүүлж байна гэж үздэг.

  11. Уучлаарй Ганаа ах аа НӨАТ-ын хуулийг эсэргүүцэх нь зөв байна уу? та юу гэж бодож байна. энэ нь арай цаг нь болоогүй асуудал уу? миний хувьд бүх зүйлийг системээр нь алсын хараатай бодлогоор хэрэгжүүлэх нь чухал гэж боддог ч одооний батлах гээд байгаа хууль нь арай ч зүгээр хараад сууж боломгүй байна. энэ тал дээр таны зөвлөгөөг авмаар байна

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: