ТОЛГОЙ НЭХЭХИЙН УЧИР

Манайхан эдийн засаг сүйрлээ, муудлаа гэж орилцгоож байна. Тэгэхгүй яадаг юм ?! Толгойгүй юм чинь. Тэр “толгой” чинь тэгээд хаана байна ?! Байхгүй. Яасан юм ?! Устгачихсан юм. Юу ?! Тийм ээ, устгачихсан юм. Юу гэдэг байсан юм ?! Улсын Төлөвлөгөөний Комисс гэдэг байсан юм…Та нэг сайн яриад өгөөч…
Василий Леонтьевын тухай
“Эрт урьд цагт” Василий Леонтьев гэж нэг мундаг орос байжээ. Тэр 1905 онд Оросын Санкт-Петербургт төрж тэндээ 1925 онд Их Сургуулийн эдийн засгийн анги төгсжээ. Берлинд докторын зэрэг хамгаалжээ. Тэнд Ф.Кенэ, Л.Вальрас нарын статистик загвартай танилцаж, түүнийг боловсронгуй болгох боломжийг олж харсан байна. Гэтэл түүнийг Орост ч, Германд ч тоогоогүй аж.
Гэхдээ л тэр 22 настайдаа докторын зэрэг хамгаалжээ.
Ингээд Килийн Их Сургуулийн дэргэдэх Дэлхийн Эдийн засгийн Институтэд эрдэм шинжилгээний ажилтан болжээ. Мөн жил гаруй Хятад дахь Төмөр замын яамны зөвлөхийн ажил хийжээ. 1931 онд Леонтьевыг АНУ-ын Эдийн Засгийн судалгааны Үндэсний Хүрээлэнд ажиллахыг урьжээ. Энд ирээдүйн Нобелийн шагналт Милтон Фридман нарын шилдэг мэргэжилтнүүд ажиллаж байв.
Залуу, эрч хүчтэй Леонтьев бие даасан судалгаа явуулна гэж зүтгэсэн ч дэмжлэг олоогүй юм. Удалгүй түүнийг Харвардын Их Сургуулийн Эдийн засгийн факультетаас урьжээ. Энд тэр “зардал-гаргалт” гэсэн хүснэгтийг АНУ-д хийж өгнө гэсэн өргөдлөө өгсөн гэдэг. Үүнийг профессорууд нэлээд их зантай, тоомжиргүй хүлээж авсан гэдэг. Ингээд нэг ажилтны нэг жилийн хөлс 1400 доллар түүнд өгөхөөр комисс шийдвэрлэжээ.
Ингээд В.Леонтьев үйлдвэрлэл, таваарын урсгал, орлогын хуваарилалт, хэрэглээ болон хөрөнгө оруулалтын бүтцийн талаарх асар их материалыг засгийн газрын албад, хувийн фирм, банкуудаас цуглуулж эхэлжээ. Ёстой үйл тамаа үзсэн гэдэг. Ингээд 1919 оны хувийн болон улсын хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт, импортыг багтаасан эцсийн бүтээгдэхүүнийг ашиглаж буй байдал, түүнчлэн элэгдэл хорогдол, цалин хөлс, ашиг, рент зэргийг тооцсон нэмэгдсэн өртгийг багтаасан 44 салбарыг хамарсан “зардал-гаргалтын” хүснэгтийг гаргаж чадсан байна.
В.Леонтьев энэхүү бодит өгөгдлийн суурин дээр салбар хоорондын холбоо харилцааны тэгшитгэлийн системийг тооцоолох нөр их ажилд шамдан оржээ. Тэр анх удаа янз бүрийн салбарын улс ардын аж ахуйн бүрэн зардлын үндсэн дээр тооцоолол хийсэн байна. Энэ бол дэлхийн эдийн засгийн аналитик ажлын түүхэнд эргэлт гарсан туурвил байсан юм.
Тухайн үеийн тооцоолох төхөөрөмж 10-аас илүү шугаман тэгшитгэл бодож чаддаггүй байжээ. Иймээс В.Леонтьев 44 салбарын хүснэгтээ 10х10 хэмжээтэй матрицад шилжүүлжээ. Тэр тооцоолон бодохынхонтой уулзаж “машинаа сайжруулах” талаар хүртэл зөвлөгөө өгч байжээ.
Дайн дөхөөд ирмэгц В.Леонтьевын загвар бүр хэрэгтэй болов. Яагаад гэвэл дайны үед эдийн засгийн салбаруудыг хамгийн үр ашигтайгаар уялдуулан зохицуулах шаардлага асар их өсөх нь мэдээж хэрэг. Дайны үед В.Леонтьев Вашингтон дахь АНУ-ын Стратегийн Албаны Оросын эдийн засгийн хэлтсийн удирдагчаар ажиллаж, ЗХУ-д “ленд-лиз”-ээр нийлүүлэх бүтээгдэхүүнийг төлөвлөж байв. Ухаантай хүн харь газар байсан ч эх орондоо тусалж чаддаг аж.
1948 онд В.Леонтьев Харвардын Их Сургуульд Эдийн засгийн судалгааны лаборатори байгуулж, тэр нь “зардал-гаргалт” аргыг боловсруулах, практикт хэрэглэх эрдэм шинжилгээний төв болсон байна.
Бараг бүх улс орон “зардал-гаргалт” аргыг төлөвлөлт, прогноз, нийгэм-эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр хийхдээ ашиглах болжээ. Тухайлбал, Франц, Нидерланд, Норвег, Итали, Япон зэрэг орнууд хамгийн түрүүнд авч нэвтрүүлжээ. Ер нь бол төрийн зохицуулалт, төлөвлөлт сайтай бүх орнуудад энэ арга практик үйл хэрэг болсон байна.
В.Леонтьев арга нээгээд зогссонгүй, эдийн засгийн динамик, хөрөнгө оруулалтын процесс, эдийн засаг хийгээд хүрээлэн буй орчны харилцан нөлөөлөл, бүс нутаг хоорондын болон гадаад эдийн засгийн холбоо харилцаа, зэвсэглэл ба конверсийн эдийн засаг, ажил эрхлэлтэд автоматжуулалтын нөлөө, эдийн засгийн бүтэц зэрэг чиглэлээр салбар хоорондын анализ хийх арга зүй боловсруулсан юм.
Ингээд 1973 онд В.Леонтьевт “Зардал-гаргалт” аргыг хөгжүүлж, түүнийг эдийг засгийн чухал асуудлуудад хэрэглэсэн” учир Нобелийн шагнал олгосон билээ.
Түүний загварыг НҮБ-ын Нарийн Бичгийн дарга нарын Газраас “Дэлхийн эдийн засгийн ирээдүй” төсөл болгож, дэлхийн хөгжилд 2000 он хүртэлх даяар шинжилгээ хийх захиалгыг В.Леонтьев тэргүүтэй эрдэмтдэд өгсөн юм. 15 бүс нутаг, 45 салбарыг хамарсан энэ аварга том загварыг В.Леонтьев нэр төртэй хийж гүйцэтгэсэн билээ.
Түүний санаачлагаар “Зардал-гаргалт” судлаачдын олон улсын Холбоо (The International Input-Output Association) ажилладаг, мөн “Эдийн засгийн системийн судалгаа” (Economic Systems Research) сэтгүүл гардаг. Эдийн засгийн бүх сурах бичигт “Леонтьевийн парадокс” орсон байдаг.
Зөвлөлтөд
1950-иад оны сүүлээр төлөвлөгөөт эдийн засаг бүхий социалист орнууд салбар хоорондын энэ аргыг өргөн хэрэглэх болсон юм. Мэдээж хэрэг үзэл суртлын өрсөлдөөнөөс болоод “доод” түвшинд барууны гэдгийг хэлж байгаагүй. Харин мэргэжлийн болон дээд түвшинд нууж байгаагүйг би сайн мэдэх юм.
Эхлээд онолын ном бүтээлүүдийг нь орчуулав. Хамгийн эхлээд академич В.С.Немчинов түүнийг 1959 онд Зөвлөлтөд урьсан юм. Одоо бол “зардал-гаргалт” арга биш, “салбар хоорондын балансын арга” гэж нэрлэх болов. Түүний “Америкийн эдийн засгийн бүтцийн шинжилгээ” ном Зөвлөлтөд жинхэнэ сенсаци болсон юм. В.Леонтьев Оросуудын төлөвлөлтийн шинжлэх ухааны баазыг өндөр үнэлж байсан нь талаар хэрэг биш байв.
Ердөө л тэр 1959 ондоо ЗХУ-ын Статистикийн Төв Газар 83 салбарыг өртгөөр нь хамарсан салбар хоорондын тайлан баланс гаргах нь тэр. Энэ нь 257 бүтээгдэхүүнийг биет байдлаар илэрхийлсэн дэлхийд анхны салбар хоорондын баланс байсан юм.
Үүнтэй зэрэгцэн Улсын Төлөвлөгөөний Хороо, Улсын Эдийн Засгийн Зөвлөл болон тэдгээрийн харъяа эрдэм шинжилгээний байгууллагуудад салбар хоорондын балансаар хавсарга ажил өрнүүлэв. Хавсарга ажил гэдэг нь нөр их ажил юм. Ингээд ЗХУ өртгөөр болон биет байдлаар илэрхийлсэн салбар хоорондын төлөвлөгөөт балансад 1962 он гэхэд бүрэн шилжив. Үүнээс цааш 2 жил хүрэхгүй хугацаанд ЗХУ-ын бүх холбооны улс, эдийн засгийн бүх бүс нутаг салбар хоорондын балансад шилжиж дуусав. Салбар хоорондын балансаар зөвлөлтийн лут лут эрдэмтэд, төлөвлөгчид төрөн гарч, төлөвлөлтийн “орос школ” тэр үед бий болсон юм. Орос далайц гэж үүнийг хэлдэг юм.
Манайд
Манайд Төлөвлөгөөний Комисс гэж нэг мундаг толгой байв. Яг Зөвлөлтийн жишгээр байгуулсан юм. Дэлхийн хэмжээний, дэлхийн зиндааны гэж хэлж болох цорын ганц газар байсан юм. Монголд байсан хоёрхон тооцоолон бодох машины нэг нь Төлөвлөгөөний Комисст, нөгөө нь Статистикийн Төв Газарт байсан юм. Тэгэхлээр “тоо боддог, толгой нь ажилладаг” хоёрхон газар Монголд байсан хэрэг болж таарч байгаа юм. УТК-ыг манай урдаа барьдаг ланжгарууд Жагварал Ю.Цэдэнбал, Д.Майдар, Л.Цэнд, Д.Моломжамц Т.Рагчаа, Б.Ринчинпэлжээ, Д.Содном, П. Жасрай нар удирдаж байлаа.
УТК-ын Нэгдсэн төлөвлөлтийн хэлстсийн дарга асан доктор Ж.Нэргүйн дүгнэж хэлснээр: “…Улсын төлөвлөгөөний комисс 1965-1966 онд…Улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөг том бодлогын төвшинд боловсруулах өндөр зиндаанд хүрч очсон” байжээ. Энэ бол туйлын үнэн зөв дүгнэлт гэж би үзэж байна. Оросын дээр дурдсан төлөвлөлтийн ид үе манай Орост мэргэжилтэн бэлтгэсэн үетэй яг таарч байгаа юм. Ингээд манайд ч гэсэн төлөвлөлт үнэхээр сайн хөгжсөн юм. Бусад орноос ялгаатай нь “хоосон газраас” эхэлж байгаа болохоор арай амар байсан биз. Зөвлөлтийн төлөвлөгөөний хороонд Монгол, Вьетнам, Куба улсыг хариуцсан тасаг ажиллаж манайтай үйл ажиллагаагаа байнга уялдуулж, туслалцаа үзүүлж ажилладаг байжээ.
1970-аад онд УТК-ын дэргэд Үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын хүрээлэн байгуулсан бөгөөд энэ суурь дээр “БНМАУ-ын үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын Ерөнхий схемийг” Зөвлөлтийн эрдэмтэд мэргэжилтнүүдийн оролцоотойгоор боловсруулсан. Энэ бол төлөвлөлтийн гайхамшиг байсан юм. Яагаад ингэж хэлээд байна гэхээр энэхүү “Ерөнхий Схемийн” олон зүйлийг одоо болтол хэрэглээд яваад байдагт байгаа юм. Хамгийн хачирхалтай нь социализмын үед оросуудын тусламжтайгаар хийсэн гэдгийг тас нуудаг юм.
Ямар ч гэсэн Монгол Улсын үндэсний эдийн засаг чиглэсэн зорилготой, алсыг харсан, дэс дараатай, эмх цэгцтэй, эрэмбэ дараатай, хатуу зохион байгуулалттай, сахилга баттай байсан нь бодит баримт юм. Товчоор бол шинжлэх ухааны үндэстэй төлөвлөгөөтэй хөгжиж байлаа.
Миний л мэдэхээр УТК-т ёстой ажил хийнэ, ажилд нухална гэдгийг ёстой нэг үзүүлээд өгдөг байсан. Гаднаас нь харсан хүний дүгнэлт шүү дээ. Одоо бодоход тэнд “хүнийг хүн болгодог” байсан юм. Би энд тэнхийн яам тамгын үе тэнгийн олон залуу хүнтэй үерхэж нөхөрлөж явлаа. Гэхдээ би л лав Төлөвлөгөөний Комиссоос усан тэнэг, залхуу хойрго, ажилдаа хайнга ханддаг хүн нэгийг ч үзээгүй юмдаг. Тэнд манай нийгмийн соруудыг ажиллуулдаг байсан гэхэд эндүүрэл болохгүй гэж санана.
Улмаар төлөвлөлт манайд хэвийн үзэгдэл болсон юм. Дээд сургуулийн эдийн засгийн ангиудад “Улс ардын аж ахуйн төлөвлөлт” хичээл орно. Эдийн засгийн сургуульд тийм тэнхим байсан юм. Лав л манайд тэр хичээлийг Ц.Нямзагд багш орно. Хичээлээ үнэн гоё заана. Салбар хоорондын статик баланс, динамик баланс гээд самбар дээр нэлийсэн хүснэгт зурж буй багш минь одоо ч нүдэнд тодхон. Одоо бодоход Леонтьевын хүснэгт байж л дээ…
Толгойгоо авч хаясан нь
1990 он болмогц төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг устгах юм болов. Зах зээлийн эдийн засаг болохоор төлөвлөөгүй, бодлогогүй, уялдаагүй хөгжих ёстой юм гэнэ. Ингээд Монголын эдийн засгийн толгой болж байсан Төлөвлөгөөний Комиссийг устгав.
Төлөвлөгөөний Комисстой нэг зиндаанд зохирон ажиллаж байсан Гадаадтай Эдийн Засгийн талаар Харилцан Улсын Хороо, Үнэ Чанар, Стандартын Улсын Хороо зэргийн системийг устгав. Ураа, толгой болж сэтгэж чадах болгоныг устгаад бай. Оронд нь намууд толгой болов. Намуудын толгойд усан тэнэг толгойнууд гарч ирэв. Үр дүн нь гайхамшигтай. Монголын эдийн засгийг сүйрүүлэв. Одоо болсон хойно АН, МАН хоёр бие, биенийхээ муу муухайг дуудалдав.
Сүүл хэрдээ толгойгүй болсноо нэг муухан ухаарсан юм. Ингээд Үндэсний Хөгжил шинэтгэлийн хороо байгуулж даргаар нь нэг эдийн засагч залууг тавив. Онол ном сайтай залуу хүнийг улс төрөөр шахаад ямар ч ажил хийлгэсэнгүй. Ингээд Үндэсний Хөгжил Шинэтгэлийнхээ Хороог устгав. Тэнэг улсууд толгойгүй явсан нь хамаагүй дээр үзэв.
Ингээд хачин хөгийн бодлого үйлдэл хийх болов. Энэ нь эдийн засгийн гэхээсээ хошин урлаг юмуу, эмгэнэлт урлагийн төрөлд орох байх. Чухам ямар төрөлд орохыг урлаг судлаачид, эсвэл гэмт хэрэг судлаачид л судлаж байж тодорхойлох байх. Тухайлбал С.Баярцогтоос эхлээд 20 мянган хувсагч бодсон гэх мэтчилэн солиорч эхлэв. Өөрөө усан тэнэг болохоороо бусдыг тэнэг гэж боддог бололтой юм. Засгийн Газар Y цахилгаан станц барих газраа сонгож чадахгүй шийдвэрээ 2 жилийн дотор 7 удаа өөрчлөв. Энэ бол “жижиг сажиг” явдал юм. “Том” нь гэвэл бүр ч шог.
Нэг орчуулагч гарч ирээд Монголын газрын зураг дээр хөндлөн тууш хоёр чагт зурангуутаа “мянганы зам” гэнгүүт хөөрдөг усан тэнэг ард түмэн байдаг. Тэр нь Монгол. Тэр тэнэг орчуулагч улам даварч “бүсчилсэн хөгжил” гэж аймгийн төвүүдийн заримийг “тулгуур төв” гэж баадуудав. Ийм үг хийгээд ойлголт монгол хэлний үгсийн санд байхгүй. Гэтэл “дарга аймаг” болох гэдэг усан тэнэг аймгууд байдаг. Тэр нь Монголд л байдаг. Бас нэг микробиологич гарч ирээд Монголын газрын зургийг 4 хуваагаад зураад хаясан чинь дарга царайлсан эргүүнүүд нь өрөөндөө өлгөөд сүйд. Засаг захиргааныхаа хуваарийг ямар ч тооцоо судалгаагүй жирийн нэг микробиологичоор хийлгэдэг улс байдаг. Тэр нь Монгол.
Бас нэг сэтгүүлч нөхөр гарч ирээд “ногоон хувьсгал” гэнгүүт хөөрнө. “Хар хориныг жишиг хот болгоно” гэнгүүт хөөрнө. “Хятадууд цагаан хэрэм барьсан, бид ногоон хэрэм барина” гэнгүүт нь хөөрнө. “Нүүх үү, үлдэх үү” гэхэд нь “нүүнэ” гэнэ. Тэр нөхрийг дагаад бараг бүгдээрээ зүрхний хийтэй болчихсон мэт. Одоо “ухаалаг төртэй” болох гээд жигтэйхэн. Ёстой “ухаалаг” болж харагдаач.
Төлөвлөлт ор тас байхгүйгээс Улаанбаатар бол хот биш, зүгээр л “асгасан шагай” юм. Э.Бат-Үүл бол шагай тоглож буй “маанаг хүүхэд” юм. Энэ мэтчилэн үй олон онигооны жишээ дурдаж болно.
Монгол Улс эрх мэдэлд хүрсэн авантюристуудын тоглоом болж гүйцэж. Эсвэл санаатайгаар ингэж хорлон сүйтгэдэг байх. Аль ч тохиолдолд үндэсний язгуур эрх ашигт харшилж байна.
Улсынхаа төсвийг хийчихэж чадахгүй жилд 2-3 удаа тодотгож байж ямар үхснээрээ хэтийн төлөвлөгөө ярих юм ?! Орос, Хятад хоёр том хөрштэйгээ 20 гаруй жил худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны олигтой гэрээ хийчихэж чадахгүй байж ямар элэнцгээрээ эдийн засгийн тогтвортой байдал ярих юм ?! Би Монголд ганц ч эдийн засагч байхгүй гэдэг үгээ дахин хэлж байна. Монголын гадаад яаманд наймаачид байж болох боловч эдийн засаг мэддэг ганц ч хүн байхгүй. Монголын төр засагт “толгойтой болъё” гэсэн хүн бас л ганц ч байхгүй.
Ухаандаа бага ангийн хүүхдэд газрын зураг, харандаа, шугам өгчихөөд төмөр зам зураадах гэвэл өлхөн чадна. Манай аваргууд хүн болгон төмөр зам “зурчихаад” эдийн засаг, улс төр гэвэл лөөлөө л байна. Тэрийг нь чинь “тоо бодож” хийдэг юм. Тэр тоог нь “Леонтьевын матриц” гэдэг юм. Хэдэн хувьсагчтай байхыг С.Баярцогт мэт олох гэвэл толгой нь зад үсэрдэг юм…
Ийм арчаагүй болохоор чинь би Та нараас “толгой нэхээд” байгаа юм. Өдөр болгон “бодлого алга”, “төрийн бодлого алга” гэж орилно. Толгойгүй юм чинь бодлого хаанаасаа гарах билээ !!!
Манай хэдийн “хийдэг ажил” балчир хүүхдийн эртний тоглоомыг санагдуулна:
– Мангас гуай, мангас гуай унгас (Уг ноос юм, “мөнгө” гээд ойлгосон ч болно-Х.Д.Г.) өгөөч !
– Унгасаар яахнэв ? (Шал дэмий олон юм ярина. Дуусна гэж байхгүй…)
– (Нум сум хийж) Мангасын толгойг хага харвая…
Ингэхээр чинь яаж мөнгөтэй болох юм. Эхлээд өөрөө ухаан сууж толгойтой болох ёстой л доо…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 05 дугаар сарын 25.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

29 Responses to ТОЛГОЙ НЭХЭХИЙН УЧИР

  1. Boldoo says:

    Судалгаа, түүн дээрээ түшиглэсэн төлөвлөгөө, түүнийгээ зохион байгуулах, түүнийгээ сахилга баттай хэрэгжүүлэх гэдэг бол нийгмийн хөгжлийн өндөр төвшинд илэрдэг үйл ажиллагаа юмдаа. Энэ утгаар нь харвал монгол улс бүтээгч, өрсөлдөгч шинж чанараараа сүүлийн 20 жил ухарсан. Хүний эрх чөлөө, хэрэглээний төвшингөөр урагшаа ахисан.

    • Ганаа says:

      Чиний дүгнэлт зөрчилдөж байна. “Бүтээгч, өрсөлдөгч” шинж чанар муудсан бол эрх чөлөө, хэрэглээ “өссөн” байх үндэслэл байхгүй. Дарга нарын төлөвлөхгүй үйлдэх, чиний бодохгүй ярих ялгаа алга…

    • Delger says:

      Хэ хэ, энэ хүмүүс хэрэглээний түвшин гэдгийг гар утас барьж, компьютер интернэт ашиглаж, машин унадаг болсонтойгоо андуурч бодоод байх шиг байгаан. Социализмын үед хэзээ ч ингэхгүй байсан гэж бодоод байх шиг. Үгүй шүү. Бүгд л байх байсан. Харин үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ тэр нь л бага сага хориотой байх байсан биз.

      Кап нийгмийн эдийн засгийн оюутан бид мэт нь заасан хичээлийн дагуу “Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас Зах зээлийн эдийн засаг уруу шилжсэн…” гээд л бүх реферат, курсын ажлаа эхэлдэг байв даа. Ганаа ах бодвол, энд ганц л жишээ дурдсан шиг байна. Ерөөсөө энэ улсад ганц ч төрийн институц байхгүй ш дээ. Бөөн улстөрийн тоглоом, шаацан гарууд. Төрийн институц байхгүй учраас л залгамж чанар, бодлого, төлөвлөлт, нэгтгэл, гаргалгаа…. бүгд байхгүй.

      Намууд яаж бодлого боловсруулдгийг би харсан л даа. Үнэндээ гомдмоор. Судалгааны нөхдүүд гэж хэдэн эргүү нь баахан анкет авна. Социологийн мониторинг хийдэг хуучирсан гэхэд бүр дэндүү, хөгцөрсөн арга шүү дээ. Тэгээд тэрийгээ SPSS дээр шивж оруулаад баахан frequency table гаргаж аваад санаан зоргоороо дүгнэж гарна. Тэгээд ард түмэн ийм юм хүсэж байна, тийм учраас энэ бодлого зөв ч гэх шиг….

      Анкетаар бодлого тодорхойлдог төр битгий хэл компани, за больё бүр ТҮЦ ч байхгүй. Ингээд популизм маягийн аугаа юм хийгээд төрд гарна. Төрд нам нь гарахтай зэрэг нөгөө судалгаа хийдэг, нарийндаа бол лут дүгнэлт бичдэг нөгөө Хуурамбаа нь яаманд том гар болоод л лааж гарна даа. Ийм амьтсыг шаацан гарууд гэхгүй юу гэдийн.

  2. Boldoo says:

    Умард солонгос хамаг юмаа өөрөө хийдэг аж үйлдвэр өндөр хөгжсөн орон бөгөөд монголтой харьцуулбал бүтээгч шинжтэй, дэлхийд өрсөлдөх чадвар өндөртэй улс мөртлөө хүний эрх чөлөө, хэрэглээний бүтэц, төвшингөөр маш муу улс гэж бодож байна. Тэгэхээр улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад жижиг орны хувьд эдийн засгийн өсөлт бууралтууд тодорхой хэлбэл иргэдийнх нь идэх талхны хэмжээ төлөвлөгөөнөөс хамаарахгүй нэлээд замбараагүй байдлаар шийдэгддэг болов уу. Монгол улсын хувьд төлөвлөлтийн асуудал боловсролын салбар дээр хамгийн их боломжтой гэж үзэж байна. Хүүхдүүдийг ямар хэмжээний мэдлэгтэй болгох, ямар мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлыг сайн төлөвлөж хатуу хэрэгжүүлж чадвал аажимдаа түүнийхээ үр дүнгээр эдийн засаг үйлдвэрлэлийн салбараа залах нэг боломж бүрдэнэ. Хувийн бага дунд сургууль гэж ер байлгамааргүй байна. Хүүхдүүдийг германы систем шиг сортлох хэрэгтэй болов уу.

    • Delger says:

      Боловсролын хувьд хамгийн төлөвлөх боломжтой эн тэргүүний салбар гэдэг чинь зөв шүү. Санал нийлж байна. Гэхдээ хувийн бага дунд сургууль байлгахгүй гэдэг буруу. Угаасаа улсын сургууль нь хүрэлцэхгүй байна. Их дээд сургуулийг нэн тэргүүнд хумисан нь дээр. Улсын хувийн гэж ялгалгүй туушиндаад өгөх хэрэгтэй.

      Энэ олон худлаа их дээд сургуулиуд яаж үүссэн бэ гэвэл боловсролд хөрөнгө оруулбал татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж нэг, төрөлтийн бүүм үед төрсөн үй олон хүүхдүүд 10 төгсөх болж хоёр, ядахад дунд нь 4-р анги алгасч үсэргэсэн олон амьтан давхцаад гурав, дээд сургууль төгссөн хүн сэхээтэн болдог, мундаг дарга болдог, хол явдаг гэж андуурсан хуучинсаг сэтгэлгээний улбаа дөрөв, угаасаа ТМС байхгүй болсон гэсэн таван шалтгааны улмаас олширсон.

      Одоо үүнийг хумих 3 арга байж болно. Нэгд их дээд сургуулийн татварыг нэмнэ, хоёрт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн татварыг хөнгөлнө, гуравт их дээд сургуулиудыг судалгаа шинжилгээний институт болохыг шаардах хэрэгтэй. За тэгээд мэргэжлийн кодчилол, сургалтын бааз, лаборатори, оюутны байр, биеийн тамирын заал, бүх багш нар 100% магистраас дээш байх, бүх лекторууд 100% доктор байх, үндэсний онцлогтойгоос бусад хичээлийг нь англиар орох гэх мэт асуудлууд бол дараа нь тавигдана…. гэх мэт гэх мэт.

      Герман системээр хүн ангилах нь ч хаашаа юм. Хэн дуртай дурак нь дээд боловсролтой болж яахын? Ядахдаа хүнтэй зөв харьцахыг ч сурдаггүй “дипломны гол” бүтэн 4 жил улсаар, эцэг эхээрээ тэжээлгэчхээд эцэст нь худалдагч болж байснаас мэргэжлийн сургуульд нь 1-2 жил сурсан худалдагч байх нь аль ч талаасаа нийгэмд хэрэгтэй хөрөнгө оруулалт болно.

      За тэгээд аль салбарт мэргэжилтэн хэрэгтэй байна, тэр салбарын сургалтад тэтгэлэг зарлах мэтийн хялбархан арга бол маргааш, дараа гэж хойш тавилгүйгээр хэрэгжүүлж болох асуудал. Түүнээс даварсан дуракуудад архи уу гэж 70 цаас өгөх бол боловсролыг сөнөөх, Монголчуудыг мунхруулах өмхий санаа.

  3. enkhbold says:

    Tolovlolt hiideggui namuud uls torchid sanasnaaraa zutgedeg gai tomor zam deer garsan nar-n zam barival hyatad tsereg orood irne orgon barival oros tsereg orood irne geh meteer l tenegtej bgaa bolhoos ediin zasag tootsoo sudalgaa ter deer yarigdaj bgaa yum alga chinggis bond geed baahan zeel avsan ter-gee yund zartsuulaad yaj oroo toloh yamar ashig garah tootsoo baihgui negdsen bodlogo bhgui ediin zasag hogjil said ni boolj baij yu hiihee shiiddeg odor uzej baij huntei uulzdag t-m gazar shuu dee

  4. Anonymous says:

    Ylsiin Tuluvluguunii Komiss bol medlegiin bas jinhene ajil hudulmuriin uurhai baosan ni unen.tsag hojij asar ih zuiliig buteesen dee.Odoo ch huvichilj zajlaad barahgui baina shuu dee.haramsaltai ni ter ueiin gologluud tolgoid garch jinhen seheetnuudiig gydamjind gargasan ni haramsaltai.

  5. bi says:

    saihan bichjee tolonlotgui hun ch uragshaa alhaj amidarch chaddaguitei adil uls oron tolovloltgui bol uls gehed hetsuuhen l boloh bh tod jishee odoogiin bidnii eh oron ug ni henees ch dutahgui mundag hogjuulchisen baij ter tolovlogoonii tuhaid

  6. hudulmur says:

    Ганаа ахаа Та нараас толгой нэхээд байгаа юм гэдэг нь Хэнээс ????
    Бодлого, шийдвэр гаргана гэж дээр суусан хүмүүсийг толгойтой болгоход иргэд л шахаа үзүүлэх хэрэгтэй байх, тэгэхээр иргэдэд тэднийг шахдаг болох тэр мэдлэг мэдээллийг сайн өгмөөр байна. Таны бичдэг энэ сайхан нийтлэлүүдийг цөөхөн хүмүүс олж уншиж байгаа нь тун харамсмаар ……

  7. Ганаа says:

    Би бол өгдөгөө өгч, хийдгээ хийж байгаа. Харин “цөөн хүн олж уншиж байгаа” нь ганц миний шийдэх асуудал биш. Бас миний “харамсах” асуудал биш. Харин энэ бол “толгойтой”, бас тэр нь “ажилладаг” хүн болгоны асуудал байх…

  8. qos says:

    танаас нэг зүйл асууя. Яагаад хүмүүсийн сэтгэгдлийг устгаад байдаг юм бэ? Таны хариултыг мэдэж байна. Тэр л биш шүү…

    • Ганаа says:

      Би иргэдийн санал хүсэлт, шаардлага хүлээж авдаг газар биш. Түүнийгээ зөвхөн төр засаг, албан байгууллагад тавьж болно. Би ямар ч албан байгууллагыг төлөөлдөггүй. Нөгөө талаас би маргаан ч биш, мэтгэлцээн ч биш, гүн ухаан ч биш, тэгээд ямар ч судалгаа байхгүй, “юу ч биш” юманд оролцох үнэн дургүй. Учир нь ямар ч хүний аливаа үйлдэл нийгэмд өгөх үр ашигтай, үр өгөөжтэй байх ёстой…
      Баахан ярьж ярьж, “философдож философдож” байгаад хамгийн сүүлд нь надад баахан “даалгавар” өгөөд дуусдаг юм. Би ямар мэдэхгүй биш…

  9. qos says:

    Одоо sonin.mn хүртэл таны нийтлэлийг гаргахаас эмээж эхэллээ. Уг нь тэнд ч жинхэнэ тэмцэл болдог. Уг нь энд л таньтай бодол саналаа солилцож баймаар байх юм..

    • Sonin.mn-ы хамт олон Судлаач Д.Ганхуягийн хөдөлмөрт маш хүндэтгэлтэй ханддаг, хүндэтгэсээр байх болно. Зарим хайхрамжгүйгээс үүдсэн алдаа гаргаж байсныг үгүйсгэхгүй бөгөөд үүнийгээ цаашид засаж, түүний бүтээлийг өөрийн уншигчдад хүргэхийн төлөө ажиллана. Түүний бүтээлийг нийтлэх эсэх дээр ямар нэг цензур тавихгүй байхыг үргэлж хичээдэг болно.

  10. Almas says:

    Үнэхээр голыг нь олж хэлжээ. Яавал өөрчилж чадах юм бол энэ тогтолцоог…

  11. Almas says:

    Яавал бид энэ тогтолцоог өөрчилж, толгойтой болгож чадах юм бол доо…

  12. Almas says:

    Монголд ганц ч эдийн засагч байхгүй гэхээсээ төрд Эдийн засагч байхгүй, байсан ч ажлаа зөв хийх боломжийг хааж боож, сүрдүүлдэг, шахдаг байх тийм үү. Улс эх оронд хэрэгтэй бизнесүүдийг төрийн нэрийн дор хувьчхан бирдүүд нухчин дардаг тогтолцоотой. Удирдлага толгойгүй, зүг чиггүй эргүүтсэн мал шиг улсад амьдарч байна даа…

  13. дашдорж says:

    Би гачууртад амьдардаг. Энд ямар ч үйлдвэрлэл байхгүй. Урьд цагт үнээний ферм байсныг илтгэх балгас байдаг. Хотын төвөөс 24 км зайтай. Гэтэл хаа холын Баянхонгорын нэг сумыг жишиг сум гэж хэдэн канад модон байшин барьж байгааг хараад ой гутсан. Зүгээр л Женко Баттулгын шоу. Ийм байхад яаж ч хөгжих юм бэ дээ гэж. Бас очиж очиж канад модон хаус шүү.

  14. Enkhee says:

    Neeree yaj TOLGOI-toi bolno doo… Ue soligdohoos naashgui ee geed suugaad baih uu? 2 ue soligdohiig huleej diileh uu ene uls.

  15. Choinom says:

    end yamarch uildverlel bgui geed haa holiin sumand ataarhaad hevtej bhaar uuruu uurtuu heregtei uildverlelee erhleech zeeliin huu undur bga hedii ch bugd l avj bnahsde yag ene dashdorj shig belenchleh gesen humsuudees ih yum bolno shu neeree. uursduu hiihgu bolhoor chin mungutei humuus shou hiilgui yaahavde. hohchinee yurn olonh ni iim l bdag bhoor uls maani iim l bgan

  16. bat says:

    яаж толгойтой болъё доо…

  17. tu says:

    Монголын залуусын амьтанлаг чанарыг яая даа, Ганаа ах минь. Юм ойлгохгүй мугуйд хүмүүс дүүрэн. Толгой хэрэгтэй үгүйг ч мэдэхгүй…

  18. qos says:

    gashuun.mn дээр таны нийтлэлийг тавьсан байна. Халх голыг энэ Эби яачихсан юм бэ? Болж бүтэж байгаа зүйл ер нь байна уу энд

  19. ДДДД says:

    Төлөвлөлт үнэхээр хэрэгтэй байнаа, аль нэг салбарын хийж байгаа ажил бусадтайгаа авцалдахгүй байна. Эдийн засгийн хөгжлийн яам ажиллаж байгаа ч тэнд яг ямар төлөвлөлт, судалгаа хийгдэж байгааг үнэхээр мэдэхгүйм байна. Үнэхээр сайхан бичсэн байна. Эрх баригчид уншаасай хамгийн гол нь…

  20. Б.Хүрэлтогоо says:

    Хэ хэ хэ… Сайхан даа, сайхан. Монголд минь “Ганаа ах” хэмээх ийм нэг “Нандин
    эрдэнэ” байх!!! Энэ эрдэнээ гайхан, бахдан, хүн болгон гар дээрээ барьж үнэрлэж, үнсэх нь халагч ухаан, эрдэмийг эзэмшие. Санаа сэтгэл сэтгэгдэж, ухааны сүв нээгдэж байгаа бол”эрхэм ухаантангууд” минь. Баг босгож тэмцэххэрэгтэй. Тэр нь мөн л сонгууль. “Ерөнхийлөгчийн сонгуульд” Ганаа ахыгаа сойё л доо. Энэнээс өөрөөр хувьчлагдсан хууль ёс нь цавчигдсан, хулгайч, хуйвалдагчдын багтай тоглох аргагүй.Бидний хайсан “Төрийн толгой” Ганаа ах л байна. Түүнийг Ерөнхийлөгч болгох нь энэ эх орны хувь заяанд хүн бүхний оруулж буй хувь нэмэр болно. Энгээд өөрсдөө сэтгэцгээе!.. Их үйлыг үүрэх эрдэм чадалтан нь байна. Өөрсдөө бид элч, зардас нь болоё… Ёстой төлөвлөлт, төлөвлөгөө “угтаж мэдээд, тосож бэлтгээд, тэсэж магад ялах” онол болно… Та бүхэн мөргүн ухаан, магадлал, эрдэм билгээ гийгүүлнэ үү?.

  21. Салбар хоорондын балансаар хийсэн олон ажил мэдэх юм байна. Үнэндээ түүнийг зарим динамик шийдэл гаргасан диссертаци ч бий.

    Нөгөө талаас салбар хоорондын балансын динамик хувилбар дээр түшиглэсэн динамик загварчлалын программ Монголбанк үнэтэй худалдаж авч бсныг ч бас мэдэх юм байна.

    Таны яриад байгаа шиг байхгүй юм огт байхгүй. Манайх шиг математик онолыг Оросуудаас авсан оронд математик суурьтай нилээд сайн эдийн засагчид энэ чиглэлийн эрдмийн ажил хийж, зэрэг хамгаалж байсан.

    Гол асуудал салбар хоорондын урсгалын тооцоог авч хэлэлцэхээсээ илүү хэлэлцэхгүй байдаг, Монголбанк нь Мөнгөний бодлого удирддаг мөртлөө, төсвийн бодлогынхоо аманд орчихсон, түүнийхээ эсрэг хариу арга хэмжээнүүдийг авч чаддаггүйд байх шиг санагддаг.

    • Ганаа says:

      Хэрэглэхгүй бол Монголбанк мянган программ худалдаж аваад яах юм ?! Практикт ашиглахгүй бол мянган диссертациар яах юм ?! Төлөвлөгөөний Комисс практик дээр хэрэгжүүлдэг байсныг би ярьж байна. Чи программ худалдаж авсан, диссертаци бичсэн тухай ярьж байна. Энэ хоёр чинь газар тэнгэр шиг ялгаатай. Салбар хоорондын балансаар тийм их ажил хийсэн юм бол үр дүн нь хаа байгаа юм ?! Чамд үнэн толгой алга…

  22. beagli says:

    Гашуун байна. Хаа сайгүй салан палан ухвар мөчит санаагаа бодлого, төлөвлөлт гэх. Төмөр Чингис, Шармал Майдар, Бетонон морин хуур бол Монгол улсын бодлого гээл Ерөнхийлөгч маань Женко-г загнахдаа ил цагаан хэлсэн ш дээ. Ерөнхийлөгч нь тэгж хэлсийм чинь би ч тийм л юм байх гэж ойлгох гээд байгаа.

  23. “Толгой нэхэхийн учир” нийтлэл маш сайхан болсон байна. Өнөөдөр монгол улсад толгой хэрэгтэй үүнийг хийхэд учир их бий зүгээр хэн нэгэн хийдэг ч зүйл биш гэдэгтэй санал нийлж байна. Энэ бол системийн доотоод гүн шинжилгээ, боловсруулалтын мэдлэг технологи …. за тэгээд би ч энэ тал дээр мэдлэг дутаад байдаг юм гэхдээ л ихийг бодож ихийг судалж далайцтай шинжлэх ухаан ч алсын хараатай, удирдан чиглүүлэгч манлайллагчийн нэгэн үзүүрт сэтгэлгээн дээр тулгуурлаж хийгдэх зүйл байх гэж боддог.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: