ХЯМРАЛЫН ГУРАВ ДАХЬ ШАЛТГААН

Монгол Улс мөнгөгүй болов. Бүгдээрээ мөнгө хайх өвчин тусчихаж. Мөнгө олохын тулд түрүүчийн уул овоо шиг их мөнгө яагаад алга болсны учир шалтгааныг олох ёстой. Тийм биш гэж үү ?! Ингээд амласан ёсоор “Хямралын гурван шалтгаан” өгүүллийн үргэлжлэлийг хүргэж байна.
Түүхийн эмгэнэлт давтамж
Улс төр-эдийн засгийг салгаж буй жийрэг нь Монголын банкууд юм. Банкуудыг төрийн мэдлээс салгасан ба тэр тусмаа улсын төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч Төв банкийг төрийн мэдлээс салгасан нь арилжааны банкууд төрийн бодлогод огт захирагдахгүй болж байна. Захирагдахгүйгээр барахгүй төрийн мөнгөөр луйвар хийж эдийн засгийн хямрал руу чирсэн юм. Энэ бол ёстой “чоно борооноор” гэгч юм.
Өнөөгийн хямралын эхний том шалтгаан нь гадаад хөрөнгө оруулалт буюу Рио Тинто байсан бол хоёр дахь том шалтгаан нь арилжааны банкууд юм. Тэртээ 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газар яг ийм банкны хямралаас болж унаж байсан. Тэр үед төр нь банкаа иддэг байсан бол одоо банк нь төрөө иддэг болж байр нь солигдсон байна. Гэхдээ түүх давтагдаж байна, гэхдээ ухарч. Юм гэдэг сонин шүү !!!
Ажигламтгай хүнд “Рио Тинто”-д Н.Алтанхуягийн бичсэн захидал, ОХУ-д “Эрдэнэт”-ийг хувьчлах асуудлаар Ж.Наранцацралтын бичсэн захидал хоёр буцан давхцаж байна. Үндсэн Хуулийн нэмэлтийг эхнээс нь буцааж байна. Арилжааны банкуудын хямрал Засгийн газрыг доройтуулж байна. Яг дарааллаараа буцаж байна. Өмнөхөөс ялгаатай нь бүх үйл явц давтагдаж байгаа ч АН бужигнахгүй, сөргөлдөгч талын аль аль нь ганц гишүүнтэй үлдсэн өмнөх сургамжаа мартахгүй байна. Гэхдээ үйл явц давтагддагаараа давтагдаж, ганц гишүүнтэй үлдвэл яах вэ ? Тэгвэл эв нэгдэл нь сөрөг байдлаар үйлчилнэ гэсэн үг.
АН-д хагарал гарч “МоАХ” фракц Засгийн газартайгаа тэрсэлдэж эхэллээ. Ер нь бол АН-ын сүйрэл дандаа МоАХ-ын бодлогогүй ойворгон “партизан”-уудын хийрхлээс үүдэлтэй. АН-ынхан тэдэнд ”юм хэлж” чаддаггүй, айдаг. Коммунизмыг унагасан тэд зөвхөн “унагах” ажилд л суралцсан юм. Хаа очиж МАН-ын партизанууд төр засаг, намаа унагана гэж хэзээ ч дайрдаггүй, ингэнэ гэж тэдний зүүдэнд ч ордоггүй юм. МАН ахмад үеэ яаж хаяж, яаж гомдоолоо ?! Ингэх тусам нь тэд нь нам гээд ёстой хөлөө хугалчих шахна. Гэтэл МоАХ-ын партизанууд болохоор юм л бол төр засгаа унагана гэнэ, болохгүй бол намаа унагана гэж дайрна. МАН-ын партизанууд нам төрийг байгуулсан бол АН-ын партизанууд төр нурааснаас өөр юм хийгээгүй…
Гэхдээ ардчиллын анхдагчдын олонх энэхүү “унагадаг” партизануудаасаа холдсон бөгөөд тэдний нэрийг барьсан этгээдүүд л намаа самарч тоглодог болоод удсан. Гэвч энэ бол жич ярих асуудал юм. Одоо бол “МоАХ” буюу партизанууд хэнийг сөрдөг вэ ? “Алтан гадас” фракцыг. “Алтан гадас”-т МоАХ-ноос бусад хоёрдугаар үеийнхэн харъяалагддаг. 1996 оны сонгуулиар М.Энхсайхан Ерөнхий сайд болоод МоАХ-ны нөлөөг тас цохисон. Үнэндээ АН доторх хямрал энэ үеэс эхтэй. Энэ утгаараа МоАХ-ныхны хувьд “АН бол олон намын нэгдэл” гэж хэлсэн Н.Алтанхуяг, “Нам бол хувьсгалчдын байгууллага биш” гэж хэлсэн М.Энхсайхан хоёр онцын их ялгаа байхгүй.
Хувьсгалын анхдагчдыг бүртгэх гэсэн олон удаагийн оролдлого энэ самраачингуудаас болж бүтэхгүй байгаа. “Жинхэнэ ардчилагчид” хаана байна ? Энэ бол АН-д байнга гарч ирдэг “мөнхийн асуудал” юм. Их гүнзгий, учир утгатай, алсын нөлөөтэй зөрчил юм. Аргаа барсан зарим нь хувьсгалын анхдагчдыг тодруулах номоо гаргаж эхэлсэн. Гэвч түүнийг нь уншдаг хүн АН-д байхгүй. Энэ магадгүй чөтгөрийн тойрог дэвхцэж эхэлсэн заагтаа ирж байгаагийн нотолгоо байх. Өнөөдөр яг түүх давтагдаж, МоАХ-ны гол удирдагч нь Ц.Элбэгдорж болжээ. Ялгаатай нь тэр үед Ерөнхий сайд болсон, өнөөдөр Ерөнхийлөгч болчихсон. Тэр хувьсгал хийж ханасан баймаар юм, партизан болж залхсан баймаар юм ?! Ц.Элбэгдорж хэзээ ч ухаан суухгүй гэдэг нь нэн тодорхой юм…
Гол буруутан
“Рио Тинто”-той хийсэн сунжирсан маргаан ба гадаад орчны таагүй байдлаас шалтгаалж дотоодод валютын хомсдол үүссэн гэж Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал тайлбарладаг. Үүний улмаас инфляци гаарч төгрөгийн ханш 30 хувь (одоо ч 40 болчихлоо л доо) суларсан гэж өөрийгөө хаацайлдаг.
Монгол банк ямар үүрэгтэй байгууллага вэ? Монгол банкны тухай хуулинд Монгол банкны үүргийг зааж өгсөн 4 дүгээр зүйл хоёрхон заалттай. Тэнд:
1. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.
2. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

Өнгөрсөн хоёр жилд Монгол банк энэ “хоёрхон” үүргээ биелүүлээгүй. Төгрөгийн ханш 30 хувь унасан, энэ нь үндэсний эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлсөн. “Хууль бол хууль, хэрэв хууль хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцох ёстой” гэж ярьдаг сөрөг хүчний улстөрчид ч, Ерөнхийлөгч ч Монгол банкны хариуцлагыг, тов тодорхой хуулийг огт дурдахгүй байна. Гэтэл Н.Золжаргал хуулинд заасан үүргээ биелүүлээгүйгээр барахгүй, бүр унагасан.
Ердөө улс төрийн хурц хямралын эхлэлийг хүртэл буюу хаврын чуулганаар давхар дээлний асуудал орж ирэх хүртэл эдийн засагт ганцхан сөрөг үзүүлэлт байсан, энэ нь төгрөгийн ханшны уналт. Түүнээс бус төсөв гацаагүй, санхүүжилтүүд цагтаа хийгдэж л байсан, цалин хөлсийг цагтаа тавьснаар барахгүй эхний улиралд багш, эмч нарын цалин, тэтгэврийг нэмсэн. Өөр ямар ч асуудал ярьж байгаагүй. Тийм биз дээ…
Сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг баалдаг ганц юм нь “Төгрөгийн ханш уналаа, үүнээс болж ард түмний амьдралд хүнд цохилт боллоо” гэж байсан. Санаатай санаагүй нь бүү мэд, сөрөг хүчин энэ асуудлыг тавихдаа хэзээ ч “Монгол банк” хуулиар оногдсон үүргээ биелүүлсэнгүй гэж шүүмжлээгүй, ганцхан Засгийн газрыг буруутгасан. Гэтэл төгрөгийн тогтвортой байдал бол Засгийн газарт биш шууд Монгол банкинд, ганцхан энэ газарт л хамаатай, хуулинд өөр хариуцах эзэн байхгүй. Дам дамаа хариуцлага хуваалцвал Монгол банкыг харъяалдгийн хувьд УИХ-д өөрт нь оногдох учиртай.
Ингэхээр МАН-ын улстөрчид ч, Ерөнхийлөгч ч хуулиа мэддэггүй, эсбөгөөс худал гөрдөж байна. Үнэндээ бол гөрдсөн юм.
Гэвч үүний цаана том шалтгаан бий. Сүнзийн сургаальд бичсэнчлэн “Тухайн нөхцөл дэх бүх юмс үзэгдэл уялдаа холбоотой, харин тэр уялдаа холбооны тэнцвэрт цэгийг олж мэдрэх, хөдлөх нь чухал” гэдэгчлэн тулалдаан яг нэг цэгээс эхэлсэн юм. Эхний өгүүлэлд гадаад хөрөнгө оруулалт хэрхэн боомилогдсоныг өгүүлсэн. Энэ удаад тэр боомилолтоос хэн ашиг олсныг илрүүлэх юм. Ингэхдээ саяхан болж өнгөрсөн давхар дээлний асуудлын өрнөлөөс шалтгааныг гаргаж бичвэл илүү тодорхой ойлгогдоно. Гурав дахь шалтгаан энд байнга дурдаж байгаа улстөрийн шалтгаан, “МоАХ”, “Үндсэн хууль” түүний нэмэлт, улс төрийн хүчний дахин хуваарилалт.
Өрөг
Талууд тулаанд бэлтгэж, хүчээ бүлэглэн байршуулж байв. Би ч “Хэрэв анзаарвал” өгүүлэлдээ сануулж л байсан. Ц.Элбэгдорж яагаад гэнэт Японд нуруугаа эмчүүлэхээр явав, явах явахдаа түүнийгээ заавал сүржин зарлаж буйн цаана ямар учир байв ? гэж. Энэ бол “давхар дээл тайлах хууль” орох үндсэн бэлтгэл байсан агаад хэрэв АН-ын Засгийн газар хүнд байдалд орвол авралын гараа сунгахгүй л гэж алс хол одсон хэрэг байлаа.
Яг түүний дараа УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймагт очиж, Х.Баттулгын “шинэ сум” төсөлтэй танилцав. Энэ хоёр бол Н.Алтанхуягийн Засгийн газар унахад дараагийн Ерөнхий сайдад дэвших хамгийн өндөр магадлалтай хоёр. Энэ гурвыг юу холбодог вэ? Эрх ашиг уу ? Фракцууд уу ? Үгүй юм, энэ гурвыг банк холбодог.
Тэр холбооны гол зангилаа, тулгуур нь Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал юм. Энэ зангилаа Н.Золжаргалаар өөрөөр хэлбэл арилжааны банкуудаар дамжихаараа МАН руу бүр ч гүнзгий нэвтэрдэг. Үүнийг “ЭБЭ” эвсэл гэе. (Ц.Элбэгдорж, Х.Баттулга, З.М.Энхболдуудын товчлол, толгойлогчийн нэрийн товчлолтой яг таарч байгаа тул цаашид ингэж бичнэ.) Гэхдээ тэд Ерөнхий сайдыг авахаар тохиролцоогүй гагцхүү мөнгөний сүлжээгээ хамгаалах, Н.Алтанхуягийг бүрэн хяналтандаа авахаар тохирсон юм. Тэд тун болгоомжтой ажилласан. Ямар хүүхдүүд байгаа биш !!! “Жоомоо алах гээд байшингаа шатаав” гэгчээр Н.Алтанхуягийг шууд хөнтөрчихвөл АН-ын Засгийн газар унах ба хариуцлага тэдэнд оногдоно. 1996 оны түүх давтагдана. Тиймээс Н.Алтанхуягийг давхар дээл тайлах нэрээр Н.Удвал гэдэг лээвчиг, А.Гансүх гэдэг торон бандаажтай үлдээж шалдлаад оронд нь өөрсдийн дээлийг нөмөргөнө гэж тооцжээ. Ингэхдээ Ерөнхийлөгч өөрийн мэдэлд таван яам (Шадар сайд, Хөгжлийн, Уул уурхайн, Хууль зүй, Зам тээврийн) авах болжээ.
Хаврын чуулган эхэлмэгц давхар дээлний асуудал орж ирэх ёстой байлаа. Засгийн газрыг чиглэсэн шүүмжлэл буюу давшилтын галын бэлтгэлийг МАН хариуцан хийв. Учир нь МАН Ерөнхийлөгчийн бүрэн хараат байдалд байв. Н.Энхбаяр л 1998 онд АН-д ийм нөлөөтэй байсан байх. Өнөөдөр бодит байдалд “Алтан гадас” урвуугаар бий болсон. 1997 онд Н.Энхбаяр толгойлж, Ц.Нямдорж зуучилж, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Р.Гончигдорж нар АН-аас тэргүүлж, Н.Энхбаярын дөрвийн бүлэг МАН-аас оролцож, “ХХБ”, “Хадгаламж” санхүүжүүлж, нам дамнасан бүлэглэл байгуулсан нь АН-ыг ганц сайхан самарсан. Харин энэ удаад Ц.Элбэгдорж толгойлж, Т.Бадамжунай зуучилж, МАН-аас өнөөгийн удирдлагууд оролцож, АН-аас МоАХ хамрагдаж, “Голомт”, “ХХБ”, “Улаанбаатар” банк санхүүжүүлж байна.
Ц.Элбэгдорж л Ө.Энхтүвшинг унагаж, М.Энхболдыг намын даргаар тавьсан, ингэхдээ улстөрийн нөлөөллөөс илүүтэй санхүүгийн хөшүүргийг гарамгай ашигласан юм. Үнэнийг хэлэхэд эмгэнэлт үү, хошин уу гэдгийг нь би сайн мэдэхгүй байгаа юм, ямар ч гэсэн жүжиг л юмдаг.
Ингээд улстөрийн хүний харьцаа Н.Алтанхуягийн гэхээсээ илүүтэй “Ерөнхий сайдаар ажиллагч этгээд”-ийн талд илэрхий ашиггүй болсон. Гэхдээ Н.Алтанхуяг нэг давуу талтай байсан нь Засгийн газар дахь фракцын төлөөллөөрөө дамжуулж намдаа үнэмлэхүй давуу байр суурьтай болоод байсан ба МАН-ыг тэнцвэржүүлэгчээр “Шударга ёс” эвслийг талдаа татаад байв.
Н.Алтанхуяг “ямар нэг юм” болоод байгааг мэдэрч байсан, гэхдээ шалтгаан нь яг юунд вэ? гэдгийг нарийвчлан тодорхойлж чадахгүй байсан байх. Түүнийг илрүүлэхээр оролдох нь нөгөө талдаа хардлага төрүүлэх аюултай байв. Дээрээс нь эргэн тойронд байгаа нөгөө талын нөхөд хийгээд шар завжтай зөвлөхүүд нь буруу мэдээлэл өгч төөрөгдүүлж байлаа. Н.Алтанхуяг шиг зөвлөхүүдтэй байснаас циркээс тоть авчраад сонсоод сууж байсан нь хамаагүй дээр. Фракцуудын аль нь найдваргүй вэ ? Хэрэв найдваргүй бол яагаад ? Хүч үндсэндээ фронтын хоёр талд жигдэрсэн байв. Хүчээ байршуулчихсан, их буу галлаад эхэлсэн ба намрын чуулган эхэлмэгц давшилт эхлэх ёстой.
Яг энэ тэнцвэр дөнгөж тогтмогц нөгөө гайт агшин гэгчээр Г.Уянга гэв гэнэт ороод ирэв. Ганц Г.Уянгын хүч бага, түүнийг тоох хүн эхэндээ бараг ганц ч алга байв. Гэвч хүч хэдий бага ч хэрэгтэй үед хэрэгтэй байрлалаас яг тэнцвэрийн цэгийг нь олсон тохиолдолд тогтсон системийг аймшигтай сүйтгэж болдгийг Г.Уянга харуулсан юм. Би мэдэж байгаагийн хувьд Г.Уянгыг онцлоод байж магадгүй, гэхдээ л энэ бол онолын талаасаа ч, практикийн талаасаа ч гарцаагүй үнэн. Нөгөө талаас Г.Уянга аль ч талд орохгүйгээр хөндлөнгөөс байдлыг харж байсан учраас ямар ч нөлөөлөлгүй “зөв” мэдээлэлтэй байв. Засгийн газрын эсрэг хүчний төлөвлөгөө “төгс” боловсрохын өмнөхөн Г.Уянгын үйлдэл гэнэтийн юм болж, яалт ч үгүй тулаанд орохоос өөр аргагүй нөхцөл рүү орчихсон хэрэг л дээ. Хөдөлгөөн ахиад 7 хоног хойшилсон бол өнөөдөр асуудал огт өөрөөр шийдэгдэж Засгийн газар уначих байсан юм.
МАН олон нийтийн сэтгэл санааг бэлтгэх зорилготой жагсаалаар тулааныг эхлүүлсэн юм. Бүрээ бөмбөр, туг далбаа, уриа лоозон хангинаж яалт ч үгүй тулаан эхлэв. МАН УИХ дахь бүлгээ сахилгажуулжээ. МАН-ын Ж.Мөнхбат дарга жагсаал цуглаанаа яруу найргийн арга барилаар хийв. Уг нь шүлэг унших улс төр хоёр их өөр л дөө. Мөн МАН гудамжинд үлдсэн нам, иргэний нийгмийн байгууллагууд гэгчийг мөнгөөр талдаа татжээ. Үүний тулд С.Баяр ирээд байв. Засгийн газар руу галын бэлтгэл хийж үй түмэн асуудлаар булав. Өөрийгөө суут стратегич гэж боддог тэрбээр өөрийнхөө намын системийг шинжлэхээ мартаж орхижээ.
Гэтэл МАН-ын далдаас зохион байгуулсан иргэний нийгмийн жагсаалд Г.Уянга оролцож, асуудлыг буцаагаад МАН руу шидчихжээ. МАН-ынхан “Хөдөлгөөнүүд найдваргүй юм, урвачихлаа” гэсээр хоцров. Г.Мөнхбаярын шүүх хурал ч давхцаж, ялыг нь гурав дахин богиносгосон тул яг үүний төлөө хүчтэй хамтрагч хайж байсан хамгийн эрүүл, тэмцэгч хөдөлгөөнүүд Г.Уянгын талд орчихов. Бусад нь ахиж жагсах хүн хүчгүй болоод таржээ. МАН гацаанд орсон тэрхэн зуур буюу ердөө хоёрхон хоногийн дараа Г.Уянгын сандалтай цуглаан залгаж баллуурджээ. МАН-д талбай үлдсэнгүй. Үүнийг хийлгэхгүй байхын тулд МАН, АН их хүчин чармайлт гаргаж, өөрийн мэдлийн хэвлэлээр дайрсан ч хугацаа богинодож тусыг эс олов.
Г.Уянгын цуглаанд “дандаа хөгшчүүд ирж нарлажээ” гэж баалсан авч өнөөгийн сурвалжлагч хүүхдүүд хүн таньдаггүй, тэр хөгшчүүлийн дунд хуучин УТТ-ны орлогчид, геологи-уул уурхайн сайд, яамны ахлах мэргэжилтэн, Төвбанкны ажилтан, төлөвлөгөөний комиссын луугарууд цаасан дээр уриа бичээд бариад сууж байсан. Хэрэв сонирхож байвал цуглааны зургийг үзээд хууччуулаас хэн хэн байсныг асууж болно. Ерөнхий сайд Д.Бямбасүрэн бүтэн цагийн ярилцлага өгснийг жагсаалын хоёр дахь өдөр дэлгэцээр үзүүлсэн. Хамгийн их аймшгийг МАН мэдэрсэн байх, учир нь тэдний найдвартай түшиг тулгуур, суурь гэгдсэн хөгшчүүд намынхаа бус Г.Уянгын цуглаанд олноор ирсэн байв. МАН-ын залуу удирдагчид “Бид яагаад сандал сэтгэсэнгүй вэ?” гэж халаглаж байсан.
МАН юуны төлөө дайрахаа ч мэдээгүй, давхар дээлний асуудлыг л уриа болгон дайрчээ. Гэтэл асуудал огт өөр “юманд” байсан. Яг тэр “юм руу” нь Г.Уянга цохилт өгсөн юм. Тэр бол Монгол банкны удирдлагад хариуцлага тооцох шаардлага байлаа.
Гэнэтийн эргэлт
Олон хүн мэдээгүй, сонсоогүй болохоос Г.Уянга эвслийн бүлгийн хурал дээр Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг гэнэт дуудаад хүнд шахаанд оруулсан юм. Бүлгийн хурал дээр тавьсан түүний 10 асуулт хуйвалдагчдыг цочроожээ. Асуудлыг өргөн хардаг хөндлөнгийн ажиглагч л юмны голыг олж хардаг. Г.Уянга чухам яг тэр голт зүрх рүү нь дайрчээ. Хамгийн сонин нь Г.Уянгад АН, МАН-ын ахмад зүтгэлнүүд, мэргэжилтнүүд, иргэний хөдөлгөөнийхөн бараг бүгдээрээ туслаж зөвлөж байсан юм.
Олон нийтэд үнэхээр таалагдахгүй төдийгүй бодит дарамт болоод байгаа төгрөгийн ханшны уналтыг Монгол банк хариуцдаг. Тиймээс Монгол банкинд асуудлыг шилжүүлж удирдлагатай нь хариуцлага тооцвол Засгийн газар уснаас хуурай гараад явчих байсан юм. МАН ба Ерөнхийлөгчийн талынхан бэлтгэлдээ улайрахдаа ханшинд хэтэрхий ач холбогдол өгч өндөрт өргөөд байсан тул эргээд мэхэндээ унах болов. Г.Уянга “Төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах гол үүрэг Засгийн газраас илүүтэй Төв банкинд хуулиар оноогдсон. УИХ ажлаа хийж, Төв банкинд хариуцлага тооцох ёстой” гэж мэдэгджээ. Н.Золжаргал мянган зовлонгоо тоочсон ч хууль бол хууль, төгрөгийн ханш унасныг ганцхан Төв банк, түүний удирдлага л хариуцах ёстой. Өөр заалт Монгол Улсын ямар ч хуулинд байхгүй.
Бас Ц.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүжинийг огцруулах асуудлыг оруулж ирснийг Г.Уянга аваад гарчээ. Хэрэв Х.Тэмүжин огцорсон бол Засгийн газарт явагдаж байсан ганц эрчимтэй шинэчлэл зогсох ба түүгээр дамжин Засгийн газрын нэр хүнд ч унаж, гарцаагүй ялагдах нөхцөл рүү орохоор байсан юм. Нөгөө талаар Х.Тэмүжин “ЭБЭ” бүлэглэл ба Засгийн газрын зөрчил дунд яалт ч үгүй кабинетийнхаа эрх ашгийг хамгаалснаас нөгөө талдаа буруутгагдаад байв. Энэ бол Засгийн газраас арилжааны ХХБ-ны тэрбум ам.долларын гадаад бондод баталгаа гаргаж өгөх асуудлаас улбаатай зөрчил юм.
Яг энэ цэгээс асуудал эргэв. Засгийн газрыг унагах гол асуудал эргээд УИХ руугаа ороод иржээ. МАН болон “ЭБЭ” эвслийн Засгийн газрыг ороосон хамгийн хүнд асуудал өөр субьектэд тодорхой хэлбэл “Монгол банк”-нд шилжив. Уг нь бол МАН энэ асуудлыг хаяж болохгүй байсан юм, гэвч цаад эзэд нь энэ тал дээр хэтэрхий эмзэг учраас асуудлыг дарахыг хичээж эхэлжээ. Бүр улайрсан шинжиндээ орсон нь АТГ-аас Н.Алтанхуягийн охиныг шалгаж байгаа талаар мэдээлэл түгээв. Гэвч эцгийн ял, гавъяа аль нь ч хүүд хамаагүй, тэгээд ч энэ нь илэрхий увайгүй үйлдэл болсон тул олон нийт АТГ-т зэвүүцэв. Тэр зуур Ерөнхий прокурор Д.Дорлигжав АТГ-ын дэд дарга Ч.Хурцыг нэг өдөр “торны цаана ажиллуулж” айлгажээ. АТГ айгаад дуугаа хураачихав. Ч.Хурц бол эдийн засаг, банк манк гэвэл үнэндээ тугалга цутгасан годил юм.
Засгийн газрыг дайрсан шүүмжлэл Монгол банкинд шилжмэгц “давхар дээл”-ийг гол асуудал болгон хөөрөгдөх замаар Төв банкнаас олон нийтийн анхаарлыг холдуулахаар улайран зүтгэжээ. Н.Алтанхуяг ч зүгээр суусангүй, МАН-д цохилт өгөхийн тулд Д.Сугарын асуудлыг сөхөв. МАН эхлээд өмөөрөх гэж үзсэн ч дараа нь “Манай намд хамаагүй болсон” гэж Д.Сугарыгаа жийв. Гэтэл асуудлын голыг бас л хараагүй, учир нь давхар дээлийг тайлах хууль амжилттай батлагддаг юм гэхэд Үндсэн хуулийн 29.1 заалтаар Цэц унагах боломжтой ба үүнд Цэцийг дуулгавартай болгохын тулд л нэг гишүүн Д.Сугарыг дарамталсан хэрэг шүү дээ. Цаашид ийм дарамтууд олон гарсан. Давхар дээлийг тайлахад ганц саад болох заалт бол Үндсэн Хуулийн энэ заалт байсан юм.
Үүнийг ч Г.Уянга ярьж Ерөнхийлөгч хэрэв асуудлыг төгс шийдэх эрмэлзэлтэй бол Үндсэн хуулиндаа эхлээд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж мэдэгдэв. “Үндсэн хууль” зөрчсөн хууль батлах эрх УИХ-д байхгүй ба ядаж байхад энэ өөрчлөлтийг Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар хамтарч хийсэн учраас Ерөнхийлөгч илүү хүнд шахаанд оржээ. Тэр тусмаа Үндсэн Хуулийг өөрчлөхийг хамгийн их шаарддаг хүн Үндсэн хуулиа дагаж мөрдөхийг уриалсан ба энэ нь хууль зүйт нийгэмд амьдарч байгаагаа үргэлж дурддаг АН-ынханд хүчтэй нөлөөлжээ.
Ийнхүү яарч орсноос будлиан тагтагтаа тулжээ. МАН хүмүүсээ хайрцаглаж чадсан ч АН-ын талын дэмжлэг илт дутав. МАН-ын гишүүн Ц.Нямдорж чухамхүү тоглолтыг илчилсэн үг хэлжээ. Тэр Ерөнхийлөгчид “Хуулиа эргүүлэн тат” гэж зөвлөв. Чухам тэгэхэд л Ц.Элбэгдоржийн Япон явсан хэрэг гарч, хуулийг буцаан татсангүй, цааш нь зүтгүүлэв.
Х.Баттулга тэвчээргүйгээрээ өөрийн хүмүүстэйгээ хамт эсрэг кноп дарж “илрэв”. АН дотор бужигнаан үүсэх нь мэдээж, хэрэв АН дотор бужигнаан үүсвэл хариуцлагыг Ерөнхийлөгчид оноох нь гарцаагүй болов. Яагаад гэвэл Ерөнхийлөгч хууль санаачилж, түүгээр нь МАН тоглолт хийж, АН-ын Засгийн газар унах ба 1996-2000 оны эмгэнэл дахин давтагдах нь гэж ойлгогдох төлөвтэй болов. 20 жил гудамжинд лааз өшиглөсөн АН-ынхны хувьд энэ бол эмгэнэлээс ч давах гай байлаа.
АН-ынхны зүрхэнд шар ус хуруулсан энэ эцэс төгсгөлгүй хямралыг АН-ынхан тойрч гарахаас өөр аргагүйг нийтлэг эрх ашиг нь шаардсан юм. Тиймээс Ц.Элбэгдорж намаасаа таслагджээ. Ц.Элбэгдорж нэгэнт хуулиа татаагүй, анхны хэлэлцүүлгээр байнгын хороонд хуулийг хэлэлцэхийг даалгасан тул Япон явсан хэрэг нь “тооцоолсноор” бүтэв. Одоо тэр Монголд яаравчлан эргэж ирэх хэрэгтэй.
Бурхан гурав дахидаг
Өмнөх өгүүлэлд бичсэн энэ гарчгийг санаж байгаа байх. Г.Уянга санал өгөхөөс татгалзсан хоёр удаагийн үйлдэл нь Засгийн газарт ашиггүй туссан юм. Хоёуланд нь ганцхан саналаар асуудал ЗГ-т ашиггүй шийдэгджээ. Хэрэв Г.Уянга байнгын хороонд хуулийг 2016 оноос мөрдөх шийдвэрийг дэмжиж санал өгсөн бол хууль тэр чигээрээ яваад батлагдчих байсан. Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавих байсан.
Хоёр дахь удаа байнгын хорооны хуралдаанаар мөн л энэ асуудлыг хэлэлцэхэд Г.Уянга гарч явснаар нэг саналаар Н.Алтанхуяг ялагдсан. Үүний дараа Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг хоёр уулзсан гэдэг. Тэгэхэд Ерөнхийлөгч “Чи яагаад надад итгэхгүй байна ? Хэрэв нэгэндээ итгэхгүй бол хамтрахад ч хэцүү, би хэлснээрээ л хоригоо тавина шүү дээ” гэж хэлжээ. Гэвч Н.Алтанхуягт Ц.Элбэгдоржоос хараат болох хүсэл байгаагүйн дээр, хямрал яван явсаар “МАНАН” хувилбар руу орох байсан юм. Учир нь хууль батлагдсан бол шууд Үндсэн хуулийн хямрал руу орж, Цэц дээр асуудал төвлөрч сунжраад энэ зуур юу болохыг төсөлөөлөхөд бэрх болоод байв. Засгийн газар “иргэн Д.Ламжав”-аар Цэцэд маргаан үүсгүүлэхээр бэлтгэсэн байсан. Гэхдээ энэ ялагдлаас болж Н.Алтанхуягийн нам дахь нөлөө буурч, улмаар намын даргаа, дараа нь Ерөнхий сайдаа өгөх болчихоод байсан юм.
Эхний санал хураалтын дараа Н.Алтанхуяг намаа нэгтгэж, Р.Бурмааг хөөхийг сануулжээ. Яг ийм дарамтыг МАН-д “Хуулиа тат, Ерөнхийлөгч өө” гэж хэлснийхээ төлөө Ц.Нямдорж амссан ба М.Энхболд, Д.Бямбацогт хоёр “Өргөдлөө өг, жагсаалтын гишүүн ээ” гэж дарамталж түүнийг буулгаж авчээ.
Харин Р.Бурмаад үзүүлсэн дарамт огт өөр агуулгатай байсан юм. Хэрэв Р.Бурмааг хөөсөн бол Н.Золжаргал Монгол банкиндаа үлдэх хувилбар байсан агаад ХХБ-ны захирал Мэдрээг Р.Бурмаагийн оронд оруулснаар Монгол банкинд очих өөр хүнгүй болгох зорилт тавьсан байв. Үнэндээ Р.Бурмааг унагах ажлыг Н.Алтанхуяг биш нөгөө талаас санаачилсан байх. Н.Алтанхуяг бол Р.Бурмааг айлгаж намаа сахилгажуулах л хүсэлтэй байсан байх. Р.Бурмаа Н.Алтанхуягийн талд санал өгөөгүй ч “Өөр гишүүд Бурмааг дуурайвал хөлөө хөлдөөнө шүү” гэсэн анхааруулга л болсон юм.
Чухам байнгын хороонд санал унаснаас Засгийн газар айсандаа бүх хүчээрээ ажиллаж хуулийг нь батлалгүй унагааснаар хямралаас гарч дөнгөв. Ядаж байхад чуулганд унасан саналыг гуравны хоёроор босгох байнгын хороонд Ж.Батзандан, Р.Бурмаа хоёр хоёулаа байдаг нь ч юув ? Тэд эсрэг өгч, МАН-ын гурав дээр Л.Цог нэмэгдсэнээр хууль энэ 7 сарын 1-нээс эхлэхээр болчихсон хэрэг.
Гэвч чуулган дээр эцсийн мөчид З.Энхболд шахаанд орж эсрэг өгсөн ч заалтаараа биш хуулиараа унаж хямралаас тойров. Энэ зайлсхийсэн хямрал нь Үндсэн хуулийн хямрал болох байсан. Энэ бол улс төрийн хямралын сүүлийн өрөг бөгөөд одоо асуудлын цаад шалтгааныг олж тодруулъя.
Мөнгө бас дахин мөнгө
“Хэн ч ямар ч асуудал ярьж байсан хамаагүй, эцсийн эцэст мөнгөний л асуудал байдаг” гэсэн Америк зүйр үг бий. Асуудлын гол нь дээл ч биш, ханш ч биш, хямрал ч биш ерөөсөө л мөнгө байсан.
Мөнгө мөнгөдөө “Бондын мөнгө” байсан. Засгийн газар бондыг хямралын эсрэг ашиглах бололцоогоо хаaлгасан. Ингэхдээ Засгийн газар эхнээсээ бүтцийн “үлэмж тэнэг” алдаа гаргасан байв. Энэ нь олон фракцад бэлэг байдлаар Засгийн Газраа анх байгуулсантай холбоотой юм. Сангийн яамыг хоёр хэсэг болгож, Хөгжлийн ба Сангийн яам болгожээ. Сангийн яам нь ердөө л татвараа цуглуулаад буцааж тараах ажил хийх ба орлого зарлагаа нэг юм “нохой ам” нийлүүлж чадаад байв. Хашир санхүүч Ч.Улаан иймхэн юмыг бол барахтайгаа, дээр нь Н.Алтанхуяг өөрөө Сангийн сайд байсан тул яамыг хааш нь ч хөдөлгөхгүй хянаад байж чадаж байв. Сангийн яамыг эвсэлд өгсөн тул түүгээр мөнгө зарцуулах сонирхол АН-ынханд байгаагүй юм. Чухам тиймээс Хөгжлийн яам бүх хөрөнгө оруулалтыг мэдэлдээ авчээ. Урсгал төсвийг Сангийн яам, бүх хөрөнгө оруулалтыг Хөгжлийн яам гаргах болов. Төсөв урсгалаараа “зүгээр явж” байхад хөрөнгө оруулалт тасалдаж эхэлжээ. Гэтэл хөрөнгө оруулалт Монголын эдийн засгийн гол мотор нь байсан юм. Үнэндээ бизнесмэн нэртэй, хувийн компанитай ч, төсөв тэндерээр “бизнес” хийдэг, хэрэг дээрээ улсын компаниудаар улс орон дүүрээд байв. Тэд тэндер авч ажилтай болж, түүнээсээ татвар төлөх маягаар улсын сан хөмрөг бүрддэг. Ингэхдээ дунд нь завшигчид өрмийг нь хамдаг. Чанаргүй ажил хийж мөнгө завшдаг, энэ чанаргүй ажил дээр нь ахиж тэндер зарладаг. Энэ бол МАН-ын бий болгосон хагас либерал-хагас коммунист эдийн засаг юм. Эдийн засаг ч гэж дээ, мөнгө идэх бүдүүвч юм. Хөрөнгө оруулалт тасалдахаар татварын орлого буурна. Татварын орлого буурахаас өнөөх завшигчдыг барьж шоронд хийхээс өөр арга байхгүй. Учир нь тэд өмнөх тэндерийн татвараа дараагийнхаа тэндерээс төлдөг “бизнестэй”. Дараагийнх нь тэндер гацахаар өмнөх татварынхаа өр бөөсөнд баригдаад балардаг. Олонх нь МАН-ын компаниуд, гэхдээ намын ялгаа онц их байхгүй. тиймээс МАН-ынхан өнөөдөр “Татварын өршөөл зарла” гэж үхэн хатан орилж байгаа юм. Татварын өршөөл бол улайм цайм луйвар юм. Ийм тогтолцоо улс орны тамирыг барж байсан, тэр нь нөгөө жинхэнэ гамшгийн сайдын бүтэлгүйтэл дээр илэрч тогтолцоогоороо сүйрэв. Нэгэнт эдийн засагт хорт хавдар болсон ийм тогтолцоо нурахаар дагаад үүнд тулгуурласан эдийн засаг нь сүйрдэг юм байгаа биз дээ ?!
Хөгжлийн сайд Н.Батбаяр эхлээд Чингис бондоор, дараа нь самурай бондоор хоёр тэрбум гаруй доллар босгожээ. Үүнийгээ “Би олсон, би зарна” гэж зүтгэжээ. Энэ үгийг Монгол банкны анхны луйварчин О.Чулуунбат анх гаргасан ба одоо бол банк санхүүгийн идэж уугчдын “алтан дүрэм”, библийн оршил болсон юм. Чухам үүнээс хяналтгүй замбараагүй байдал үүссэн юм. Мөнгийг санхүүгийн ямар ч хяналтгүйгээр үрэн таран хийв. Н.Батбаяр мөнгийг чухамхүү хувийнхаа компанийн мөнгө мэт цацжээ. Харин үүнийг Засгийн газар хянах боломжийг АН-ынхан олгоогүй юм, Ч.Улаан мэдвэл алсдаа муу, тиймээс Сангийн яам, санхүүгийн хяналтыг тийш нь шагайлгаа ч үгүй. Д.Тэрбишдагва “Худалдах худалдан авах газар” байгуулаад төрийн авах өгөхийг мэддэг болчих юм санасан нь ёстой нөгөө “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгч болжээ. Учир нь тэр газар нь Хөгжлийн банкнаас мөнгө өгвөл ажиллана, өгөхгүй бол юу ч биш болжээ.
Уг нь МАХН сүрхий тооцоо хийж Сангийн сайд Ч.Улаан ба шадар сайд Д.Тэрбишдагва хоёроор дамжуулж овоохон “капитал” хуримтлуулах юм бодтол юу ч байдаггүй. Энэ хоёр нь сүрхий мөнгөтэй газар авлаа гээд хамаг хүнээ байршуулчихсан, гэтэл сохор зоос ч тэднээр дамжихаа больжээ. МАХН үүнийг дөнгөж саяхан мэдэж, тусдаа гэрээ байгуулсан ба ингэхдээ өөрийн хүслээр яамаа сонгох ухааны заалт оруулж үзсэн байна билээ. Горьдвоо…Тиймээс Д.Тэрбишдагва санаатай санаандгүй бүү мэд нэг удаа л лав Засгийн газрынхаа эсрэг санал өгч бангадуулсан.
Хэдийгээр хөрөнгө оруулалт буурч байсан ч бондын мөнгө түүнийг нөхөх хэмжээнийх, дээр нь Төвбанкны валютын нөөц боломжийн төвшинд байсан юм. Гэтэл мөнгийг өнөөх гамшиг нь хар салхинд хийсгэж, өнөө “байгалийн гамшиг” сайд нь ёстой засгийн гамшиг болжээ. Асар их мөнгийг зам, уулзварт оруулснаас нөхөн төлөгдөх боломжгүй болж түгжигджээ. Х.Баттулга фракцаараа түрж байж 220 гаруй тэрбумыг авсан ч бас л түгжчихжээ. Ердөө 30 гаруй тэрбумын үндсэн хөрөнгөтэй тэрээр хувийн 100 гаруй сая ам.долларын өртэй түүнийгээ аргалахаас өөр сэхээгүй сандарч яваа юм билээ л дээ. Үнэндээ түүнд очсон мөнгө нь “ЭБЭ” фракцынх байлаа. Гэвч тэр мөнгөө хуваасангүй, мөнгөөрөө юу хийснээ З.Энхболдод үзүүлсэн болоод өөрөө сайдаас татгалзжээ. Одоо “ЭБЭ” фракц санхүүжилтгүй болох аюулд ороод байна. Тиймээс Ерөнхийлөгч ХХААҮЯ-ыг хамгийн их сонирхож байна.
Бас нэг том алдаа нь АН-ынхан намынхаа санхүүжилтийг шийдэх, санхүүжүүлэгч компаниудаа босгохын тулд “өөрийн талын” 450 гаруй барилгын компанид асар их зээл өгчээ. Өнөөдүүл нь хаа сайгүй байшин барьж эхэлсэн ч түүнийгээ өнөөг хүртэл дуусгаагүй, асар их хэмжээтэй дуусаагүй барилгын фонд л бий болгожээ. Түүнийг нь урьдчилан захиалж худалдаж авах хүнгүй, зээлгүй тул яг талдаа ороод таг зогсчихоод байна. Зарим том компанитай гишүүд нь өмнөд хөршөөс цемент импортлох гэрээг монопольдож авсан, тэд импортоос биш гаалиас ашиг унагадаг болсон. Өөрөөр хэлбэл гаалиар орж ирэх цементийн жишиг үнийг 150 мянган төгрөгөөр тогтоогоод өөрсдөө ногоон гэрлээр хямд оруулж ирж, бага татвар төлдөг. Харин тэднээс өөр компани 90 мянгаар олж ирсэн ч жишиг үнээр буюу 150 мянгаар тооцож татвар авч байгаагаас цементийн үнэ өсөж, улмаар барилгын өртөг өсөж, дээр нь инфляци нэрвэснээс үнэ нь тэнгэрт хадсан байна. Ингээд барилгын салбар асар их мөнгийг түгжээд эдийн засаг зогсчээ. Ингэхдээ орон сууц биш, голдуу түрээсийн ашиг олох зорилготой өндөр зэрэглэлийн, үнэтэй түрээслэх оффисын барилгууд барьж байсан нь хямралаар бүр ч таг зогсчээ. Ийм шалтгаар Түрээсийн тухай хууль гаргахыг Засгийн газар хүчлэхгүй хойш тавьсаар өдий хүрсэн байх гэж би харддаг.
Энэ бол санхүүгийн пирамид гэсэн ангилалд ордог мөнгө идэх сонгодог арга юм. 2008-2009 онд 40 мянган айлын орон сууцны жишээн дээр би “Мөнгө булаах арга” I,II цуврал өгүүлэл бичиж он,сар, өдөр, эзэн, тодорхой баримттайгаар банкны болон барилгын салбарт мөнгө хэрхэн иддэг тухай бичсэн билээ. Одоо ч миний ganaa.mn блогт байгаа. Гэтэл монголчууд намайг л хараагаад өнгөрсөн. Үнэнийг хэлэхэд манайхан даанч хашрахгүй, үнэн тэнэг ард түмэн ш дээ. Сая бол тэр л бүдүүвч, механизм давтагдсан ш дээ…
Ийнхүү бондын мөнгө хөшөөний чулуу, хэдэн уулзвар болоод “дашийн шоо”. Өнгөрсөн онд эдийн засаг 11 гаруй хувь өсөлттэй гарсан, үүний гол нь барилгын салбарт ноогдож байгаа ч бодит байдал ийм байгаа юм. Урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг, өртгөө хурдан нөхдөггүй салбарт бондын мөнгийг цутгаснаас хөгийн байдалд орж одоо гарцаагүй хямралд ороод байна. Үүнээс гарах ганц гарц нь өрийн босгыг 70 хувь хүргэж, ахиж зээл аваад дуусаагүй барилгаа дуусгаж мөнгөө суллаж авах. Гэвч үлдсэн хугацаанд амжих уу ? Бүр их мөнгө түгжих үү ? Барилга хэзээ дуусаж, хэзээ зарж түрээслээд татвараа авч санхүүгээ өөд нь татах юм бол ?
Асуудлын хамгийн хорлонтой нь барилгын бүх түүхий эдийн өмнөд хөршөөс авдаг учраас бондын мөнгө тэр чигээрээ барилгын материал, тоног төхөөрөмжийн үнэнд урагшаа урсчихсан юм. Ингээд бондоороо Хятадыг бондойлгоод дуусгажээ. Гэтэл эрх баригчид шалтгаанаа олохгүй гахай шиг “газар ухна” гэж зүтгэж, 1997 он эргээд ирэх аятай бүх хуулиа либералчлах нэрээр сулруулах “100 хоногийн аян” зохион байгуулж байна. Энэ нь ч бас л түүхийн шоглоомт давтамж, 1997 оны банкны болоод ашигт малтмалын хууль баталсантай адил үйлдэл. Байгаль орчин сүйдэж, ашиггүй гэрээнүүд цуварч хүн ам ядуурна.
Ядаж Хөгжлийн яам нь улсын толгой биш, яадгаа алдсан тэнэгүүдийн үүр болсон тул эдийн засаг дахь салбар хоорондын тэнцвэрийг ч зохицуулах ухаан байхгүй. Барилгын салбар дахь хөрөнгө оруулалт, зээл эдийн засгийн сүйрүүлнэ шүү гэж Д.Бямбасүрэн гуай хэчнээн ч хэлсэн С.Баярцогтоос эхлээд “зөнөг, тэнэгээр нь дуудаад” үр дүн нь энэ. Үнэндээ тэд 20 мянган хувьсагч бодох толгойгүй ч 20 мянга хувирч чаддаг нүүргүй амьтад. Үүнийг саяхан “Толгойны” тухай нэг өгүүлэлдээ тайлбарласан ч толгойгүй хүмүүс хараагаад хаясан. Өнөөдөр “Морь унасан толгойгүй хүмүүс” ангал руу давхиж явна. “Капитализмыг алгасах байтугай” нөгөө ангал руугаа цагаан морьтойгоо эргэж зүтгээд годройтож байгаа юм.
Яг үүн дээр бас нэг нэрвээс болсон нь Монгол банк. Өнгөрсөн жил Засгийн газар тендер ажлаа хувааж, олон компанийг ажилд нь оруулжээ. Ингэхдээ төсвийн орлого муу, Хөгжлийн яамны хөрөнгө оруулалт хүлээгдэж байгаа тул компаниудад урьдчилж зээл аваад ажлаа хийгээд гүйцэтгэлээр мөнгөө авах санал тавьжээ. Бас бондын мөнгийг суллаж авахын тулд олон ажлыг концессээр өгчээ. Компаниуд зээл авах болоход арилжааны банкууд Төв банктай үгсэж долларын зээл шахсан байна.
Төв банкны тайланд долларын зээл гэж тусаагүй, гагцхүү зээлийг олгохдоо тооцох нэгж гэгчийг ашиглаж, ам.долларыг тухайн үеийн ханшаар 1400 гаруйгаар бодож төгрөг өгсөн байна. Хүү багатай, төлөх болбол доллараар тооцож төлөх ёстой.
Ингээд амар сайхандаа жаргаж байтал наадмын дараа гамшиг нүүрлэж, долларын ханш 1700 гараад явчихжээ. Тендер төсөл авсан бүх компаниуд том жижиг гэлтгүй ханшны зөрүүнд умайтлаа шатав. Энэ хорлонтой ажиллагаа эдийн засгийн суурь болсон аж ахуйг ёстой хар салхи шиг дайрчээ. Ханшны өсөлтөд “Рио Тинто”-гийн гадаадад цацсан сөрөг мэдээлэл ч нөлөөлсөн, хамгийн гол нь арилжааны банкуудын шунал нөлөөлжээ.
Учир нь Засгийн газар бондын мөнгөнөөс хувааж аваад үлдсэн хэсгийг Төвбанкинд 7,0 гаруй хувийн хүүтэй хадгалуулсан ба “Чингис” бонд өөрөө 5,24 хувийн хүүтэй олдсон байв. Төв банк хүү төлөхгүй нь ойлгомжтой тул мөнгийг арилжааны банкуудад хуваан байршуулжээ. Арилжааны банкууд нь бондын мөнгөөр хөлжихийн тулд “тооцох нэгжийн” зээл олгосон ба төгрөгийг хахаж цацтал нийлүүлж ханш унагажээ. Харин төгрөгийн баталгаа доллараа өөртөө хадгалж байсан ба буцаагаад импортлогч аж ахуйн нэгжүүдэд ханшны уналтын 30 хувийн ашигтайгаар худалдаж давхар мөнгө хүүлжээ. Үнэндээ бондын мөнгө байгаагүй бол манай эдийн засаг одооныхоос арай л дээр байх байв.
Ийм гамшгийн дараа өдий зэрэгтэй байгааг бодоход манай эдийн засаг амь бөхтэй юм гээч. Бараг л дефольт зарлах ёстой болсон. Мөн намартаа арилжааны банкууд буцаагаад зээл төлүүлэхдээ долларыг тухайн үеийн ханшаар тооцож хүүтэй нь авснаар ганцхан үүнээс л цэвэр 30 хувийн ашиг олсон байна. Өнөөдөр шүүхэд аж ахуйн нэгжүүдийн нэхэмжлэл овоороод байна. Энэ луйвраас болж олон зуун бизнес эрхлэгч хохирчихоод байгаа юм. Энэ хавар Засгийн газар өмнөхийн адил ажлаа хийлгэхийг оролдсон ч олонх компани ахиж ийм эрсдэл хийхийг зориглоогүй юм. Тиймээс олон ажил хойшилж байна. Энэ нь эргээд төсвийн орлогод нөлөөлнө. Өнөөдөр 400 тэрбумаар тасалдсан орлого ирэх жил хэд болохыг ёстой таашгүй.
Арилжааны банкууд толгой эргэм ашиг олсон ба үүнийг Г.Золжаргал харсан ч хараагүй юм шиг аашилсан юм. Бүр Төв банк ханшний уналтыг аль болох өндөр хэмжээнд барихыг оролдож байсан гээч. Тэр нь Н.Алтанхуяг Японоос “Самурай бонд” босгох болсон тухай мэдээлэлтэй холбоотойгоор хар зах дээр долларын ханш огцом бүр 7 хоногт 100 төгрөгөөр унаж 1675 болчихоод байхад Төв банк ханшийг 1715-аар буюу өндрөөр л зарлаж байсан.
Тэр ч байтугай “Хэн та нарыг тооцох нэгжээр зээл ав гэсэн юм, банкууд гуйж өгөөгүй, та нар гуйж авсан учраас өөрсдөө эрсдлээ даа” гэж загнаад хариуцлагаас бултах оролдлого хийж байсан.
Чухам үүнд Г.Золжаргалын нүгэл байгаа юм. Тэр Засгийн газар руу алдаагаа чихэж, хөрөнгө оруулалтын орчин сайжраагүйгээс ийм юм боллоо гэж нүүр нүүрээр нь төлбөртэй материал тавиулж байна. Г.Золжаргал буруудвал Төв банкны хуулийн 4.1 дэхь заалтаар биш 4.2 буюу “Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалтыг хангаагүй учраас огцрох ёстой. Харин С.Ганбаатар нар 4.1 заалтыг барьж байгаа ба түүнд хангалттай баримт байхгүй, анализ шинжилгээ хийгээгүй бололтой юм.
Байдал хараажийн ийм байтал Н.Батбаяр Японоос босгосон “Самурай” бондын мөнгийг ахиад л өмнөх загвараараа хийж орхисноос эдийн засаг сэргээгүй бас л урагшаагаа гүйлгээд алдчихсан. Одоо бас л өрийн босгыг өндөрсгөөд мөнгө олж ирдэг юм гэхэд гарцаагүй цацаад дуусгахаас өөр гарцгүй тул бүсээ чангалахаас өөр аргагүй байна. Нэгэнт хордлого тусаад идсэн ууснаа шингээж чадахгүй байгаа эдийн засагт хэчнээн ч “хоол” өгөөд нэмэргүй болжээ. Эцэст нь учраа олохоо байж уурлаж багтарсан Н.Батбаяр Хятадын банкыг оруулж ирэх гэж зүтгэсэн ч хоригт орж нам зогсчээ. Энэ зуур хөрөнгө оруулалтын дутагдлыг нөхөх нэрээр ХХБ-ны босгосон нэг тэрбум төгрөгийн өрийн бичигт Засгийн газраар баталгаа гаргуулах гэж оролдсон заваан үйл ажиллагаа явагдсаныг олон хүн мэдээгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хаширлаж хууль зүй яамаар тайлбар гаргуулах замаар хагас тэрбумд нь л баталгаа гаргасан ба үүнийг нь бүрэн хийгээгүйнхээ төлөө Х.Тэмүжин “ЭБЭ” бүлэглэлд хажиглуулж огцрохоо шахсан билээ. Түүнээс хууль зүйн салбарын шинэчлэлийн алдаа гэдэг бол зөвхөн шалтаг бөгөөд цаадуул нь гэнэн тэнэгээр нь О.Баасанхүүгээр тоглож зугаагаа гаргасан төдий юм.
Н.Батбаяр эдийн засагч гэж өөрийгөө боддог ч үнэндээ биш гэдгээ одоо ойлгож байгаа байх. Бүх зүйл зүй зохисоороо явсаар эцсийн хариуцлага түүнд буух нь дамжиггүй, учир нь систем учраас яаж ч бултсан хувь хүний хүчин чармайлтаас давсан хүчин зүйлийн үйлчлэлээр тэр буруутан болж гэмээ хүлээх ёстой. Гэвч тэр болтол багагүй гамшиг удна. Удах удахдаа унасныхаа дараа хөгжлийн банк ба Төв банкны луйврыг илчлэх замаар ЭБЭ-ийнхээ эсрэг үзэлцэх ба үүндээ МҮДН-ийн дэмжлэгийг авбал нүсэр том байлдаантай кино болно.
Шоуны төгсгөл
Одоо байдлыг харцгаая л даа. Төв банкны асуудлыг анх Г.Уянга тавьж байсан боловч бие даагчид түүнийг нь уламжилсан байна. Г.Уянга бүр ноднингоос Төв банкны асуудлаар сануулж байсан ч Г.Золжаргал тоогоогүй, энэ хүүхний эдийн засаг мэддэг гэж юу байхав гэж явсаар, басхүү хөлсний сэтгүүлчдээр элдэвлүүлсээр өөрөө ийм байдалд орж байна. Уг нь бол Засгийн газрын асуудал орж ирэхээс урьтаж маневрлаад асуудлыг Төв банк руу чиглүүлж, Засгийн газрыг суллаад Төв банк нь амиа аваад явчих л тоглолт байсныг ингэж ужигруулах хэрэг байхгүй л байсан юм даа.
“Давхар дээлийг тайлах” нь Үндсэн хуулийн хямралд хүргэх асуудлыг ярьж байсан Г.Уянгын ажил мөн л бие даагчдын дэвшүүлсэн асуудал болоод байна. Уг нь толгойтойсон бол ”Шударга ёс” эвсэл энэ асуудлуудыг бариад явсан бол хүчний тэнцвэрийн гол цэг болгох байсан ч даанч унхиагүй байна. Тиймээс олон нийтийн сэтгэл зүйд хүрсэн талаасаа ч, үйл явцын үр дүнд бэлтгэгдсэн талаасаа ч бараг бэлэн хоёр ч асуудлыг бие даагчдад алдчихаад байна. Өөрснөө ажил хийж чадахгүй, хүний үгэнд орохгүй, үнэндээ “Эвсэл” бол шог л байна. Эвсэл бол эвлүүлдэг эд болохоос тараадаг эд биш л дээ. Цаашдаа бол бие даагчид ч гэсэн санаагаа өөрсдөө гаргаж сурахаас улс төрийн стратегид суралцах хэрэгтэй л болох байх.
МАН ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй уураа барж байх зуур нөгөөдүүл нь ч бүтэлгүйтлийнхээ дүн шинжилгээг хийж байгаа. Ямар ч нөхцөлд Н.Алтанхуягаар тоглох нь ашиггүй хувилбар учраас Ерөнхийлөгч асуудлаа татаж, харин “өгөөш чинь Н.Батбаяр шүү” гэдгийг МАН-ынханд ил тод заагаад өгчихлөө. Тэр замын зургийнх нь дагуу МАН ахиад л бодож тооцоогүй алхам хийж байна. Гэхдээ энэ удаад амжилт олох маш өндөр магадлал бий.
Харин энэ үед Н.Батбаярыг авч үлдэх тоглолт хийе гэвэл Н.Золжаргалын асуудлаар барьцаалах хувилбарт шилжиж магадгүй байна. Чухамдаа Н.Батбаяр унахдаа тулбал хамгийн ойр харьцаж байсны хувьд Төв банктайгаа барьцалдах нь илүү аюулгүй юм. Аль аль нь нэгнээ бөлдөгдчихсөн. Одоо Ерөнхий сайд сөрөг эвсэлдээ хамгийн аюултай цохилт өгөх шаардлагатай гэж үзвэл “ХХБ” ба “Улаанбаатар” банкны эзэн сахал Эрдэнэбилэгт тулах байх. Ер нь бол тэгж л таарна. Санхүүгийн махинац болоод бүлэглэлийн координацийг хийсэн хүн нь яг энэ хүн. Түүний мэдлийн хоёр банкинд бондын мөнгөнөөс тэрбум ам.доллар байршиж байна, үүн дээрээ нэмээд Засгийн газрын баталгаагаар хагас тэрбумыг татаж, энэ бүхнээ монголын эдийн засгийн цусны эргэлтийг “пүлэх” хэрэгсэл болгон ашиглаж байна. Тэгж яривал Н.Золжаргал түүний гарын хүн. Энэ ашиг сонирхлын зөрчлийг нь ч сүүлийн үед хэвлэлүүд анхаарч хөндөж эхлээд байна.
Тэрбээр МАН-д хадам аав Т.Бадамжунайгаа зоож, АН-д мэдээлэгч болгосны дээр АН-ын дэмжлэгийг МАН руу татагч гол хүн болгосон. Чухамхүү Ө.Энхтүвшинг унагаж, М.Энхболдыг гаргах ажлыг гардсан хүн нь Т.Бадамжунай. Хэрэгтэй хүн учраас Н.Энхбаярын хэрэгт Т.Билэгтээс илүү хамаатай атлаа бүхнээс мултраад байгааг хэн ч анзаарахгүй байна. Мөн ХХБ-ны гүйцэтгэх захирал байсан Г.Золжаргал чухам сахалын харцаар хөдөлж байна. ХХБ-нд хамтрагч нь Х.Баттулга. Мөн тэрбээр Ерөнхийлөгчтэй туйлын ойр ажиллаж байгаа ба эртнээс шадарласныхаа ашгийг АН ялмагц увайгүй шунагаар олж байгаа юм.
Үүний дээр “Голомт” банкны Баясгалан нэмэгдэж байгаа ба тэд одоо бий болоод байгаа хямралаас хамгийн их хонжоо ологчид бөгөөд эдийн засгийн гол алуурчид нь тэд. Үнэндээ “Монголын эдийн засаг яах нь надад хамаагүй” гэж хэлдэг арилжааны банкны захирал байгаа цагт, ийм бодолтой түүнийгээ нуудаггүй хүмүүс Төв банкинд нөлөөтэй байгаа цагт эдийн засаг сэргэнэ гэж горьдолтгүй. Одоо хямралыг өдөөгч, ашигт ологч талыг нэрлэе: ЭБЭ, сахал Эрдэнэбилэг, Х.Баттулга ба МОАХ фракц, МАН-ын удирдах бүлэглэл, Төв банкны захирал. Одоо эдний гол зорилго өнгөрсөн бүх булхайгаа нуухын тулд Хөгжлийн яамыг авах, сайдаар нь “Голомт”-ын М.Зоригтыг тавих юм…
Энийг бол онолын хэллэгт хаос гэнэ. Үүнийг жолоодохыг хаосын удирдлага гэнэ. Үүний тулд системийн анализ хийсэн байх ёстой. Гэтэл гачлантай нь системийн анализ хийх нь байтугай системийн анализ хийсэн хүнийг ад үздэг нь монголын ёс. Энэ нь системийн хямралын бас нэг шалтгаан юм…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 06 дугаар сарын 03.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

61 Responses to ХЯМРАЛЫН ГУРАВ ДАХЬ ШАЛТГААН

  1. Chimedee says:

    Ухаарч явах асуудал байна. Миний бизнес бас унаад дээшээ гаруудыг хараад суухаас цаашгуй байна даа

    • Chimedee says:

      Уншигч нар сэтгэгдэл бичээгуй байгааг бодоход таны хамсаатан гэгдэхээс айж байгааг харуулж байна

    • qos says:

      Ойлгож байна.. аливаа зүйл зөв болох өдөр заавал ирнэ ээ….

  2. Anonymous says:

    Yamar Muuhai yum be Tuw Bank Shiidwetei arga hemjee awj chadhal bsan bnshde

  3. . says:

    Mongoliin ediin zasgiin hyamral bol tsewer uls turiin budlian yum bna eur ni ue ueiin hyamraluud dandaa dotood huchin zvilees yum bna ediin zasgiig uls tur jolooddog shde

  4. Bataa says:

    Arhinii vildwervvdees ariljaanii bankuud aimar yuma aa

  5. bt says:

    Манай хүнд гарууд сүүлийн үед ханшны уналтаас л гэнэт ухаан орсон юм шиг, экспорт дэлхийд өрсөлдөх монгол компани гэж хальт дуугарцгаах боллоо. Хамгийн түрүүнд өөрсдийнх нь байгуулж тавьсан ЭрдэнэсМГЛ нь юу болсныг бүгд мартсан юм байхдаа, хаха

  6. дашаа says:

    сайн байна. та сайн бичжээ

  7. Anonymous says:

    Бурхан ч дэмжээд нэмэргүй болжээ. Одоо ёстой л заяа нь мэдэж дээ.

  8. qos says:

    Ганаа ахын зөв. Үнэндээ танаас өөр ингэж үнэнийг дуугарах хүн үнэхээр алга. Газрын хууль баталвал Монгол элгээрээ бүр хэвтлээ. Элгээрээ хэвтсэн хүн яадаг билээ? Ай Монгол минь чи юу л болоод байна даа… Энэ АН намынхан арай ч дэндэж байна аа…

    • Delger says:

      АН-даа ч биш ээ. Ерөөс нам гэдэг нэрийн ард нуугдсан бүлэглэлүүд буюу хувь хүмүүст л асуудал байгаа юм. Үр удамд нь хараал хүрэх болтугай.

  9. Anonymous says:

    Yag

  10. delgermaa says:

    bi haraal heleh durgui hun , gevch EBE&co-g kurnuud geed haraah ch baga met, ard olnoo meljij, uls ornoo ariljaalj Olson zoostoigoo heden yeree haraal ideg

  11. sainaa says:

    Та төгсгөлд нь үүнийг хаос гэнэ. Жолоодлогыг нь хаосын удирдлага гэнэ. Гэжээ. Үүнийг далимдуулаад бид таны энэ блогт байгаа “Хаос хийгээд улс мөхөөх технологи” өгүүллийг дахин унших ёстой болох байх аа.

    Балиар юм аа энэ эрх мэдэлжсэн зарим хүмүүс.

    Жозеф Штиглиц, Жеффри Сакс зэрэг хүмүүс Валютын Сан, Дэлхийн Банк.. гм байгууллагуудын зүгээс буурай хөгжилтэй оронд хэрэгжүүлж буй хөгжлийн төлөөх бэлэн жорыг шүүмжилдэг гэж яригддаг нь тэр “хаосын удирдлага”-тай холбоотой байжээ дээ.

    Энэ хаос дэг журмаа хурдан дуудаг.

    • Ганаа says:

      Чи сайн анзаарчээ. Үүнийг бичлээ гэж би ёстой “алуулах” шахсан. Иймээс энэ талаар бичихээ больсон. Юу боллоо гэж усан тэнэгүүдэд хараалгаж байж онол бичих ёстой гэж ?! Түүнээс хойш хэн ч энэ талаар бичээгүй. Өөрсдөө юу ч хийхгүй, хүнийг юу ч хийлгүүлэхгүй байх нь “монгол сэхээтний” сурсан зан юм. Одоо бодвол тэр мэргэн түргэн хүмүүс нь онол номоо хэлэх байлгүй дээ…

  12. Gosh, gosh yumaa iim ih mungunii ashig unagaaj, zoliond ni Mongoliin ediin zasagiig gargaj l bdag bas l erguu, shunalt yumaa. Terniih ni goriig gemgui mani met ni hurteel suuj bdag…. Yaj hun bolj ylaa alnadaa gedeg biluu… Bond moond bosgoson geel … Er ni garuud ter ih mungu zavshij ymar atsaa hiih gedeg bnaa.

  13. Er ni ene ariljaanii bankuudiin ydaj 80% mongoloos hamaardag boloosoi.

  14. дашдорж says:

    Цаг заваа гарган байнга хэрэгтэй, ухаан тэлсэн нийтлэл бичдэгт тань талархаж явдаг шүү. Би 28 настай. Нэг их боловсролтой хүн биш ээ. Харин Та, Баабар, Жаргалсайхан, Молор-Эрдэнэ гээд олон хүмүүсийн ярилцлага, нийтлэлүүдийг уншиж байж л цаг үеийнхээ бодит мэдээллийг авахыг хичээдэг. Баабар нийтлэлээ ном болгож хэвлэж байсан. Таньд тийм бодол байгаа юу.

  15. Aldar says:

    Уянгад нийгэм-эдийн засгийн процессыг сайн ялгаж чаддаг, их мэдлэгтэй хүмүүс (гэхдээ баг байж магадгүй) зөвлөдөг юм байна гэж дүгнэж байна.

    • Ганаа says:

      Муу тамирчинд мянган сайн дасгалжуулагч байгаад нэмэргүй. Ухаангүй улс төрчид мянган сайн зөвлөх байгаад хэрэггүй. Г.Уянга өөрөө ухаантай хүн…

  16. bi says:

    ene niitleliig bichih gej udsan um bn saihan bichjee mongol uls buren dampuursan bololtoi

  17. Ганхуяг судлаачид энэ өдрийн мэндийг хүргэе. Миний асуултыг устгалгүйгээр оруулахыг хичээнгүйлэн хүсье: -Та Уянгыг байнга магтах юм. Цагтаа Намбарын Энхбаярыг үзэн ядаад, газар доор ортол нь муулж байсан хүн гэнэт нэг өдөр өнөөх дайсныхаа намд нь элсээд парламентын гишүүн болчихсон. Уянга ийм орон гаран, өчигдөр юу ярьж байснаа мартчихдаг хүн үү? Эсвэл албан тушаалын төлөө итгэл үнэмшлээ ч худалдахад бэлэн хүүхэн үү? Яг ямар шантааж, тохироо хийж Энхбаярын намаас жагсаалтаар орсон юм бэ? Ийм хүүхнийг бараг нийтлэл болгондоо үлгэр жишээ болгож магтаад байхаар танд өөрт чинь хүртэл эргэлзэх сэтгэл төрөх юм.

    • Ганаа says:

      1. Г.Уянга Н.Энхбаяр руу очоогүй, харин Н.Энхбаяр Г.Уянгийг өөрөө биечлэн гуйсан. Та нар тэр үеийн нөхцөл байдлыг сайн сана. Г.Уянга хүний ёс суртахууны үүргээс гадна улс төрийн нүсэр хүнд үүрэг биелүүлсэн. 2. Юунд ч дийлдэхгүй МАН-ыг задлах улс төрийн бодит шаардлага тэр үед үүссэн байсан. Үүний тулд өөрийгөө золиослох зоригтон ганцхан байсан. Тэр нь Г.Уянга байсан. 3. Энэ бол улс төрийн үйлдлийн дээд хэлбэрт орох урлаг гэмээр үйлдэл байсан. 4. Г.Уянга Н.Энхбаярын МАХН-аас биш, МҮАН-аас УИХ-д сонгогдсон. 5. Г.Уянга анхнаасаа системийн өөрчлөлтийн төлөө буюу Эвслийн Засгийн Газар утгагүй гэдгийг УИХ-ын анхны чуулган дээр албан ёсоор мэдэгдсэн. 6. Г.Уянга улс төрийн стратеги болон тактикийн ганц ч алдаа гаргаагүй ба мөн цаашид ч гаргахгүй. Иймээс би түүнийг магтдаг юм…

    • иргэн says:

      Дээрээс нь нэмж хэлэхэд Г.Уянга жагсаалтаар сонгогдоогүй тойргоос сонгогдсон.

    • Zaya says:

      tiim shuu, chingeltei duurgees songogdson ,

  18. user says:

    монгол улс бүрэн дампуурсан, элгээрээ хэвтлээ гээд хогийн хогийн юм яридаг улсууд болиосой. цалингаа тавих, үйл ажиллагаагаа явуулах мөнгөгүй, зээл авая гээд ч авах нүүргүй болсон, ирээдүй хэтийн төлөв нь ямар ч ашиггүй, гэрэл гэгээ харагдахгүй болсон компани дампуурдаг биздээ харин улс дампуурна, мөхнө гэж өөр ойлголт байдгийм шдээ.Бид бүхний амьдран суугаа, үр хүүхэд маань амьдран суух энэ улс маань амны билгээс ашдын билиг гэж буян заяа их шүү дээ.

    • Ганаа says:

      Байдгийм аа. Байдаг болоод л би сэрэмжлүүлж байна. Наад “амны билгээс ашдын билэг” гэдэг чинь алхаг залхуу, идэвхи чармайлтгүй, зорьсон зорилгогүй утгагүй хүний үг. Бас “буян заяа” ч гэсэн зүгээр дээшээ харж суугаад байхаар өөрөө хүрээд ирдэг юм биш. Чи битгий дундад зууны үхээнц үзэл номлоод бай…

    • Anonymous says:

      “амны билгээс ашдын билэг” Чи битгий дундад зууны үхээнц үзэл номлоод бай…
      xaxaxa
      яаг үнэн зарим нэг хуучны үгс тэнэг хүмүүсийг улам туулшруулаад байх шиг байгаа юм. Төрийн төлөө огтоно ….. яана гэдэг билээ бас нэг балай тэнэг хүний үг байна, юү ч болж байсан зүгээр хараад суу гэсэн үг. Бүгд оролцож байж л зөв шийд гаргана, хөгжих тухай ярина……. зүв зүгээр хараад сууж болохгүй нөхдөө зоригтой байя л даа яг судлаач ГАНАА шиг……………….

  19. enkhbold says:

    90-d on davtagdah geed bn uu uul uurhai dagaj orj irsen tansag hereglee tanagdaj bn tolgoitoi bolgon mashin unadag brand yaridag arhinii mongoo ulsaasaa avdag baisan ue ongorch bn tavag hool NY-n unetei ongots bilet delhii toiroh unetei gazar juulchid ch unetei sangdaad irehee bolison heregtei hereggui hog gadnaas oruulj irj 3 nugalj zardag delguuruud ni hogoo zarj chadahaa bolison odoo harin hoos ni hagaraad hereggui yumnuud ni shahagdaad mongolchuud bid horson deeree buuh tsag ni irjee tom gazar nutag mal aj ahuin buyanaar 90-d ond olsgolond nervegdehgui or zeeleer tuslamjaar argaldag ereenees avchirsan gutal huvtsas bulaatsaldag omsdog darga said nar ni Excel mashin undag baisan humuus baga zereg mongo uzeed shine bayan tseej ovchtei gedeg yum bolson gai garch bna daa

    • hm says:

      юу яриад байгаа юм бэ? Хэрэв Чингис, Самурай гэж бонд аваагүй байсан бол өдийд доллар ~ 1400 хавьцаагаараа л байх байсан. Ард түмэн доройтохгүй байх байсан. энэ бүхнийг АН-ынхан нэг гарч ирсэн дээрээ гэдэг шиг л улсыг доройтуулж байна.

  20. SW says:

    Hooson tolgoitoi yu ch mededgui humuust zoriulaad bur engiineer tailbalasan yum baival unshmaar l baina. Daanch uls toroos uneheer hol baidag bolhoor oilgohgui yum baina.

    • Ганаа says:

      Энийг ойлгохгүй бол чи улс төр энэ тэр гэж юу ч сонирхох хэрэгггүй. Зүгээр л мөрөөрөө явж үз…

  21. Anonymous says:

    Buh bodit bdliig yg bgaagaarni uneneer ni bichsen bn odoo ene buhnees garah gartsiig bugdeeree oloh heregtei bn.yaj ene ulsaa ediin zasgiin aluurchdaas avrah ve mafijsan ulsuudaas tor zasgaa ard tumnee yaj avrah ve.huchnii buh bguulga hudaldagdchihlaa shuu dee.bugdiig ni ed nar avaad tomilgoo hiichihlee shuu dee yaj oorchloh ve sanaa onoogoo nemerleerei humuusee.ireeduigee bodmoor bn shuu

    • Ганаа says:

      Гонконгоос нэрээ нуучихаад Монголчуудын “санаа оноог” мэдэх гэвэл чи битгий хуц. Долоон уулын цаагуур далд ор…

  22. burzgar says:

    Сайн бичжээ. Хэлэх ч үг алга. Учраа олохгүй төлбөртэй мэдээлэл дунд төөрч будилсан Монголын ард иргэдэд юу болоод яагаад хямраад ядуураад байгааг нь үнэн бодитоор нь бичиж нийтлэх ганц хүн үлдээсэнд нь хэнд ч баярламаар юм бүү мэд дээ

    • Ганаа says:

      Намайг “үлдээе” гэж санасан хүн ганц ч байгаагүй. Харин би судлаач Ганаа тулдаа тэсч үлдсэн юм. Одоо эрх баригчид “юу бодож байгааг” би дэндүү сайн мэднэ. Ийм учраас л бичиж байгаа юм…

  23. Anonymous says:

    БИД Ч ЦЭВЭРХЭН ЦААС ЮМ ДАА

    • Ганаа says:

      Лав л чи цэвэрхэн цаас биш. Үүнийг чиний нетээр хэссэн бүхий л ул мөр нотолдог. Энэ чинь оргүй алга болдог эд биш л дээ…

  24. EZA says:

    Ediin zasgiig avarch bolno.

    1. Gadaad hudaldaanii balanciig tentsverjuuleh ni chuhal. End exportiig osgoj chadahguigees hoish importod gol anhaarlaa handuulah heregtei. Hamgiin ih mongo gargaj bgaa hesegt anhaarlaa handuulval zugeer. Miniiheer bol hamgiin bolomjit garts bol avtomashinii importiig hyazgaarlah. Delhiin hudaldanii baiguullagad elssen bolohoor shuud hyazgaarlah bolomjgui bh. Bankuudiin lizingiin uilchilgeeg haachihval ene barag haagdchihlaa l gesen ug. Deerees ni nemeed tsalingiin zeel heregleenii zeeliin olgoh huvi hemjeeg buuruulj ogoh heregtei. Ingeseneer import ulam buurna. Manai Mongoliin ihenh uildveruud hunii anhdagch heregtseeg hangaj baidag tul Orhiin hereglee buurahad barag dampuurahgui. Harin dampuurah salbar bol hudaldaanii salbar um.
    2. Hudaldaanii salbart yagaad dampuural heregtei ve gevel. manaid gaj togtoltsoo baidag um. Manaid shine hudaldaanii tovuud haa saigui neegdej baigaa atal dampuurch bgaa hudaldaachid alga. odorjin untah shah uu suuj bgaad gants 2 um zardag tegeed amia teseed baidag. Gol ni baraan deer nemj bgaa ashigiin huvia ondor togtoodog. Ene hereer ard tumenii amidral yaduu bh ni argagui shuu dee. Tegvel ene olon buteemj muutai hudaldagchdiig tejeej baisanaas zarim dampuurval sain hereg shuu dee. Uyanga gishuun turees geed gants huchin zuiltei ni temtseed bh shig sanagddag. Unendee ene hudaldaanii tovuud hudaldaachid joom shig urjij baina.
    3. Herev gadaad hudaldaanii balanciig barij chadah bol Mongol togrogiig am dollartai uyah heregtei. Uuniigee bur zarlah heregtei. Ingeseneer gadaadiinh bish umaa gehed dotoodiin horongo oruulagchdiin itgel sergene. bas dollariin hadgalamjtai humuus hansh unaltaas aihgui bolj dollaraa togrogt soliulan hadgalah bh. medeej iluu ondor ogoojtoi bolohoor tegne gej naidaj bna. dotoodiin horongo oruulagchidad horongo oruulalt hiihed ni banknii zeel ih heregtei bolno.
    4. Mongoliin bankuudad baga hemjeenii eh uusver bol baigaa. Gehdee herev 1 alhamd durdsan arga hemjee heregjvel heregleenii zeelees biznesiin zeeld shiljih bolomjtoi eh uusver garj irne. tsaashdaa bas gadaadiin banknaas zeeleh esvel bond bosgoh zamaar dollariig oruulj ireh hereg garna. Gehdee gadnaas bond gargah zeel avahad banknii ersdliin tuvshing hardag jamtai. Odoogiin mongoliin bankuudiin ersdliin tuvshin 5 huvitai baihad hen ch mongo ogohgui ni todorhoi. ogson ch ondor huutei baga mongo ogno. Tiimees end tor zasgiin bolon shuuhiin baiguullagiin tuslaltsaa heregtei. Mongoliin bankuudiin 1 davuu tal bol ted saijruulsan lombarduud um. Ene bol ted baritsaatai gesen ug. gol ni teriigee hurdan mongo bolgood uzuuleltee saijruulahad ni tuslah uudnees shuuhiin baiguullaga ni zeeliin asuudliig hurdan shiidverlej or baragduulah ni ajlaa hiih heregtei. Manai or baragduulagchid bol baritsaa ni baihad duudlaga hudaldaagaa zohion baiguuldaggui dor hayaj hool iduulj mashinaar uilchilj baij ajlaa hiideg humuus dee. Duudlaga hudaldaag sard bish 7 honogtoo 1 udaa zohion baiguulj baih heregtei. ingevel medeej uzuulelt ni saijirna. (shuugchdiin hereg shiidej bui dundaj hugatsaa, or baragduulaghdiin baragduulsan huviig hargalzaad zarimiig ni halj baih heregtei. ingej sahilga hariutslagiin saijruulval taarna.) Ter hereer mongo bosgoh bolomjtoi boloh um. Ortei humuust ene hetsuu baij bolno gevch ene bol bidnii songoson zam shuudee. olonhi ni hojij baih yostoi.
    5. Medeeleliin tehnologi, kino uildverlel oor busad teeverleltiin ortog zardal baga salbaruudiig demjih heregtei. mash baga tatvariin orchin togtooj teriigee mash sain reclamdah. Jisheelbel enetheg metiin ornuudiin tosovt ene salbar ni tatvarin ondor noloololtei baihad manaih bag tatvartai orchin burduulvel manaid mash baga noloololtei uchir ni ene salbaruudaas barag tatvar ordoggui shuu dee. tegvel manaid programmaa hiideg bolchihvol manaid tsalin holsoor damjaad ih orlogo oloh bolomj bna. bas gadaad aas ene chigleld ajilchin oruulj irvel bolno. Tednii hereglee bas ediin zasagt dem bolno. Etsest ni zugeer mongoo ugaah gesen gadaaduud garch irj bolno. ted ch gesen bidend toloh l bolno. Horongo mongo baga tatvariin orchin uruu ursch bna shuu dee.
    6. Dotoodiin huviin horongo oruulalt nemegdvel tosviin horongo oruulaltiig buuruulj tentsvertei baihgui bol bolohgui. Bas ed bugd tsogst arga hemjee bolj baij tus nemeree iluu ogoh bh.

    Jich. Ene bol minii sanaa um oor bas zondoo bodson zuil ch bgaa gehdee ene bol zovhon minii sanaa aldaa onootoi baihiig uguisgehgui. hun bur ooriin tarhitai tul olon urgalch uzel baidag tul hun burt niitseh albagui um aa.

    • Delger says:

      Ер нь бол наадах чинь зөв. Гэхдээ энд ганц нэг юмыг тодруулах хэрэгтэй санагдлаа. Асуудлын шалтгааныг нь тодорхойлоод дараа нь арга замаа тодорхойлох хэрэгтэй байх.
      1. Монголд барааны үнэ хэт өндөр буюу нэгжийн ашгийн түвшин хэт өндөр байдаг нь үндсэндээ хоёр шалтгаантай. Нэгд хүн ам цөөн, хоёрт зам харилцаа дэд бүтэц сул. Бараа бүтээгдэхүүний өртөгт нөлөөлдөг гол зардал бол тээврийн зардал байдаг. Харин ашгийн түвшинг тодорхойлдог үндэслэл нь борлуулах тоо хэмжээ байдаг. Монголд бараа бүтээгдэхүүний эргэлт удаан (тоо хэмжээ цөөн) бөгөөд зам харилцаа (бас тээврийн хэрэгсэл) муу хөгжсөн учраас хүссэн хүсээгүй бид үнэтэй юм худалдаж авахаас аргагүй. Гэвч шийдэж болдоггүй асуудал гэж байхгүй.
      2. Төрийн байгууллагаас юу ч хүсээд нэмэргүй. Яагаад гэвэл тэд зайлуул, чол гэсэн цалинтай, амьдрах байтугай амь зуухад ч бэрх учир хүссэн ч, эс хүссэн ч хулгай хийхээс өөр аргагүй. Энэ хулгайг нь хаацайлаад байгаа юм уу, хаашаа юм, бүгд л авилга гэж “өхөөрддөг”. Үнэндээ авилга бол хулгайгаас өөр л дөө. Хулгай бол хэдэн хүн хамссанаас үл хамааран хулгайч гэдэг нэг л субьекттай. Авилга гэж нэрлэнгүүт хоёр субьект оролцоно. Өөрөөр хэлбэл авилга гэж нэрлэснээрээ өгөгч этгээд бий болгоод түүнийг мөн хэрэгт татаж байгаа юм. Авилгыг төрөөс өөр газар ажиллагч этгээд буюу мэдээж өшгийн төлөө, мөнгөний төлөө ажиллагч этгээд болох хувийн хэвшил л авилга өгнө. Ингээд бүгдийг нь хүчээр татан оролцуулж байгаа юм. Уг нь бол тийм биш. Төрийн албан хаагч гэдэг нэртэй энэ олон хөөрхийсийн асуудлыг шийдэхэд болохгүй зүйлгүй.
      3. Ямар ч тохиолдолд Монгол хоёр хөршөөсөө л тэргүүн ээлжинд хамаарна. Долларыг Монголд мандуулагч нь яг үнэндээ энэ хоёр. Авсан ч, өгсөн ч их хэмжээний хэлцлүүдийг дандаа доллараар хийдэг. Яахав, бидний хувьд өөрсдөө доллар хүсдэг буруутай л байх. Гэхдээ өөрсдийнх нь валют уг нь тийм ч муу биш, гэтэл тэд бидний хүссэн зоргоор (магадгүй өөрсдөө хүссэн болохоор) долларыг мандуулаад байдаг. Энэ нь манайхыг байтугай, өөрсдийг нь ч байдалд хийгээд ирэнгүүт тэд өөр арга хэмжээ аваад эхэлж байх шиг байна. Тэрэнд нь наалдасгээд явахад аандаа зүгширнэ. Гэхдээ бүр уусчихгүй байх хэрэгтэй л дээ. Үүнийг мэдэрч ажиглаж байхийн тулд тогтвортой, иж бүрэн, тогтмол анализ хэрэгтэй.
      4. Монголын эдийн засгийн бүтэц тэр чигээрээ буруу. Үнэндээ бол ямар ч бүтэцгүй улс л даа. Алт ашигтай байна гэнгүүт мөрөөрөө гар утас зараад сууж байсан хүн метал илрүүлэгч олж аваад хүрз бариад гардаг. Эсвэл самарын үнэ нислээ гэнгүүт тамхи ширхэглэж байсан өвгөн модон муна бэлдээд ой руу ордог…. гэх мэт гэх мэт. Жижгүүд нь битгий хэл томчууд нь ч тийм. Гэнэт л бүгд мөнгөө уул уурхай руу хийсэн, гэнэт л барилга руу орсон, гэнэт л бүгдээрээ ББСБ, хадгаламж зээлийн хоршоотой болоод явсан. Бүгд л цөм мөнгө хийх, гэнэт баяжих солио өвчтэй. Энэ тухай Монгол менталитет дээр янзын гоё бичсэн. Уншаад уншаад эргэж бодох юм гарч ирээд байдаг юм..

      Суурь шалтгаанууд нь энэ байна. Шалтгааныг тодруулсан байхад асуудлыг шийдвэрлэх арга зам олдоно доо. Түүнээс үр дагавартай нь ноцолдоод байвал юуг ч засаж чадахгүй. Ганаа ахын энд бичсэн зүйл бол энэ мэт шалтгааныг олж харахыг хүсэхгүй байгаа, эсвэл эсрэгээр нь хийхийг хүсч байгаа хүмүүсийн (магадгүй дайснуудын) дүр төрхийг л илчилсэн хэрэг.

      Миний анзаарснаар EZA бол энэ блогт зочлогсдын дотор нэлээд эрүүл саруул хүмүүсийн нэг гэж боддог. Гэхдээ анд аа, энэ удаа чи арай яараад, бас хуумгай загнасан байна шүү.

      Дээр сэтгэгдэл бичсэн хүмүүсийг хараад байхад бүгд л Ардчилсан намыг хараах маягтай. Уг нь бичвэрийн угийг харвал ардчилсан, ардын, хувьсгалт энэ тэрдээ гол нь биш. Ерөөсөө ч намд асуудал байгаан биш шүү дээ. Хүн, систем 2-т л асуудлын гогцоо байна.

      Аа тийн, төгсгөлд нь нэг юмыг хэлээд Ганаа ахынхаа дургүйг хүргэе дээ. Уянга бол ухаантай л хүн, гэхдээ зөв хүн биш. Одоохондоо зөв явж байгаа харагдаж байгаа байх, магадгүй. Би бол итгэхгүй л байна. Уянга бол Ганаа биш.

    • Ганаа says:

      Г.Уянгад чи биш, би итгэж байгаа нь нь хамгийн чухал юм. Олон хүнд хэцүүг хамтдаа давсан болохоор энэ итгэлцэл бидний хувь нэн чухал байдаг…

    • ganzorig says:

      Hoshuu nemchihmeer sanagdlaa EZA -n 1 hesegt sylheenii business-g anhaardag hyn baidag bolov uu? Say londond bolson uulzaltaar irsen hyn : bagaaraa 1500 onoo tsugluulsan (jiliin 450.000.000) niit 35laa irsen gesen nuguu baga ni 2000 onoo tsugluulsan gesen.
      Mun 45.000.000 tsalintai ganbaa gedeg ah baidag gej oilgoson. Minii bodloor ene olon syljeenii business Mongold bagtaj shingeed ami buhtei orshsoor baina. Management ni bas l lag baina. Tatvar chuham tuldug ygyug ni medeh yum alga.

  25. sainaa says:

    “Өнөөгийн энэ хямралт байдал нь сүүлийн арваад жилийн туршид төр засаг нь ард түмэнтэйгээ нийлж аваад галзуугийн эмнэлэг шиг аашилсны үр дүн /Баабарын үг/” гэдгийг Баабар, асан сайд Бямбасүрэн гуай нар онцолж, харин судлаач Ганаа тэр “галзуугийн эмнэлэг”-т хэдэн хүн хэвтэж байгаа, тэгээд тэр хүмүүс өдөр, шөнийн цагаар юу хийдэг, хийсэн зүйл нь ямар үр дүнд хүргээд байгааг анализдсан.

  26. Dashkaa says:

    Болоод өнгөрсөн хийгээд болох зүйлсийн учир холбоог одоо л нэг юм ойлгож авлаа.

  27. Zorigt says:

    Таны бичсэн нийтлэл / дүн шинжилгээ бүхий/ бүхнийг шимтэн уншигч байна. Тантай нүүр тулан уулзаж ярилцмаар байна. Зөвөлгөө авч, таныг ажлын хамт олонтойгоо уулзуулах гэсэн юм.

  28. bat says:

    orshihuin tuhai gutrangi uzeld ezlegdev.odoo yah ve?????naidvar baina uu?

  29. bat says:

    Ганаа гуай та Хантингтоны 47-р өргөрөгийн талаар бичсэн юм байгаа юу?юу гэж үздэг вэ?

    • Ганаа says:

      Би С.Хантингтоны “ИРГЭНШЛИЙН МӨРГӨЛДӨӨН ХИЙГЭЭД ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМД ГАРСАН ХУВИРАЛТ” номын нэг бүлгийг анх Монголд хэлэнд 2011 онд орчуулсан. Одоо ч миний блогоос олон хүн уншдаг. Чи үнэн залхуу амьтан байна. Би юу гэж үздэг нь тийм ч чухал биш, чи юу гэж үздэг болох нь хамгийн чухал ?! Үүнийг өөрийн гэсэн үзэл бодол гэдэг…

  30. erka says:

    Би нэг орос хэл дээр монголын тухай бичсэн нэг өгүүлэлд Монголд удаан амьдарч байсан бололтой нэг хүний бичсэн комментийг уншсан юм. “Не будет в Монголии процветания, к сожалению, народ не тот, как развалили великую империю, так уже и не подняrлись, упертость и междуусобничество главная проблема, и злобность, не понаслышке знаю, много лет общались.” Тэгээд анх бодсон юм нь юу вэ гэхээр Монголчууд хятадууд шиг зорилт тавиад хамтарч ажиллаж чаддаггүй юм байна гэж бодсон. Магадгүй Чингис хаан тийм болохоор хаан болоод Монголыг нэгтгэх гэж 25 жил зарцуулсан нь хамгийн хүнд хэцүү нь байсан байх. Хичнээн зөв зүйтэй байсан ч өөрөө л биш бол бусдаар хийлгэхгүй, гаргахгүй, зүгээр л дарж байдаг. Тэгээд баахан мэдэмхийрсэн улсууд. Ийм цэгц мэдлэгтэй, жинхэнэ аналитик, холч саруул ухаантай Ганаа ахыг Ерөнхийлөгч юм уу Ерөнхий сайд Зөвлөхөө болгож авч ашиглах ёстой баймаар юм. Хэрэв Америкт ийм Ганаа ах шиг чадвартай, чадалтай экспертийг дор нь авч ажиллуулж энэ замбраагүй, бодлогогүй, урагшгүй байдлыг цэгцлэх байсан даа. Монголын урагшгүйг хараад үнэхээр урам хугарч байна. МАН ба АН яг адилхан болчихож. Урд нь АН-ыг дэмждэг байсан бол одоо Монголдоо ирээд жил болоод харж байхад энэ хоёр намын нөхдүүд бие биенээ сайн мэддэг хоорондоо аливаа бизнес наймаагаа цаагуур яриад тохирчихдог наана нь худлаа элдэв пиар жүжиг мүжиг тавьдаг ялгаагүй болчихсон юм биш үү. Бөөн том том хархнууд. Нэг энгийн жишээ гэхэд төмөр зам ярьсаар байгаад хэдэн жил болчвоо. Хэн нэгэнд эзлэгдэнэ мэзлэгдэнэ гээд сүржигнээд. Тэр Хайлааст, 5 буудал, энэ тэрээ чинь нэл жунгаа болчихсон юм биш үү. Тэгээд барилга, зам тавина гэхээр баахан юм нэмж ороод ирнэ. Монгол хүнээ дорд үзэж 500,000 ажиллуулаад харин гадаад бол 2-3 саяар цалинжуулна. Аль ч оронд гадаад хүн хамгийн доод хэмжээний цалингаар хүнд хүчир ажлыг нугалж өгдөг. Энэ олон ажилгүй хүмүүсийг боломжийн цалинтай эрхлэх ажилтай болгож орон сууцжуулах юм бол энэ 3хан сая хүн болоод явчмаар юм. Үнэндээ бол Монголын төрийн сайнд биш ард иргэд нь өөрсдөө сайхан амьдралын төлөө гадаад дотоод явсны үр дүнд өдий зэрэгтэй байгаа байх боддог. Тэр төмөр зам, гангийн үйлдвэр, энэ тэрээ жижиг үйлдвэрлэл, Эрдэнэттэй адил боловсруулах үйлдвэр зоригтой барьж босгож энэ олон ажилгүй улсыг ажилтай болговол дороо босоод ирмээр юм. Зүгээр хоорондоо бүлэг фракц болж идэж ууж хэмлэлдээд л байх юм. Ажил ажил ажил. Одоо миний үеийнх болон 40 -ээс дээш насныхан Монголдоо зүгээр л нарлаад байж байна даа.

    • Delger says:

      ….Үнэндээ бол Монголын төрийн сайнд биш ард иргэд нь өөрсдөө сайхан амьдралын төлөө гадаад дотоод явсны үр дүнд өдий зэрэгтэй байгаа байх боддог….

      Яг үнэн.

  31. Балай says:

    “Загас өөрийгөө усанд байгаагаа мэддэггүй”

    Дерек Сиверс

    Системийн үйлдвэрлэж гаргасан бүтээгдхүүнүүд нь өөрийнхөө л эрэг шураг болоод ажилана. Тэдний толгойд суулгаж өгсөн итгэл үнэмшил нь хайрцагнаас гадагшаа харах боломжийг өгөхгүй. Тэдний багаас нь толгойд нь суулгаж өгсөн програм байгаа учраас тэр. Илжигний толгойд ус хийсэнч, алт хийсэнч сэгсрэнэ гэгчээр тэднийг үнэхээр сайн дебилжүүлжээ. Бодит үнэнг ойлгохгүй болтол нь програмчилсан байна.

    2011 оны сүүлээр Харвардын эдийн засгийн ангийн оюутнууд хичээл хаялт хийв. Өнөөгийн бид нарт зааж байгаа нөгөө алдарт зах зээлийн эдийн засаг нь шинжлэх ухаан биш библи болохыг харуулсан юм. Энэ библийн бурхан нь өөрийнхөө үл үзэгдэгч гараар бүхнийг автоматаар зохицуулдаг гэж байгаа. Инфляци гэх үзэгдэл нь угаасаа байдаг юм энэ нь хааяа хааяа ирж та нараас татвар авдаг юм та нар тэр болгонд нь аятайхан тэсэж гараад байгаарай гэх мэтчилэн сургаалиудтай. Манай нөгөө хэдэн лаг манкуртууд болох тэр библийг сурцан гарууд хямрал болох тутамд библид заасны дагуу онош тавьж засах гэж үзнэ.

    Төв банкны явуулж буй мөнгөний бодлого нь засгийн газраасаа хараат бус дэлхийн банк, олон улсын валютын сан, хэсэг бүлэг хувиараа бизнес эрхлэгчидийн гарт байгаа цагт мянга засгийн газрыг шүүмжлээд юү ч олж долоохгүй. Монголын засгийн газарын мэдлээс гарсан энэ хувийн байгууллагад Монгол улсын эдийн засгийн бүх хяналт байна. Энд ажиллаж буй манкуртуудын санаатай ба санаандгүй үйлдэл бидний амьдралд шууд туссаар байна.

    90-н оноос хойш 90 гаруй хувийн цэвэр түүхийн эдийн экспорттой, 90 шахам хувийн цэвэр хэрэглээний имфорттой улс болов. Зөвхөн газраа ухаж эсвэл хүүтэй зээл авч амьдардаг болгочихлоо. Гадаад худалдааны балансыг тэнцвэржүүлэх нь эм ууж өвчнийг түр мартуулах л үйлдэл. Газраа ухаж гадагшаа хямдхан гаргаж мөлжүүлэхгүй гэвэл инфляци үүсгүүлж доллараар дамжуулж мөлжүүл гэнэ. Эсвэл хүүтэй хөрөнгө оруулалт авч тэнцвэржүүлж болно гэдэг ийм чөтгөрийн тойрогт орж эргэлдсээр. Анхнаасаа буруу мод тариад буруу ургасан мөчир болгонтой үзэж таараад л байж дээ.

    Сүүлийн үед юм болгоныг хувьчилах гэж дайрдаг болоод байна. Сүүлдээ бүр бүх нийтийн өмч болох усыг хүртэл хувьчилж хувь хүний өмч болгож бизнес болгох нь холгүй. Төрийн оролцоо ер нь 100% хэрэггүй, засгийн газар хэрэггүй зүгээр хэдэн хувийн бизнес эрхлэгчид улсыг авч явна гэх нь. Бүх юм хувьчлагдаж бүх юм хувь хүн бүр дээр очиж хэдий чинээ бутарч тарна төдий чинээ доройтож гадныхны аманд хөнгхөн зууш болно. Төр хэр хүчтэй байхаас Монгол улсын аюулгүй байдал шууд хамаарна. Олон нам фракц, олон талцал хуваагдал сайн юманд хүргэхгүй. Олон толгойтой амьтанд хэзээ ч нэг зорилго үгүй, хэзээ ч очих газраа муудалцахгүйгээр, өөрсдийгөө гэмтээхгүйгээр очихгүй.

    • Ганаа says:

      Солонгосоос нэр, хаягаа нуучихаад худлаа онолдоод байх хэрэг байхгүй. Бид Солонгосоор “онол” заалгах доод хэмжээнд хүрээгүй…

  32. Tulga says:

    Super. Yag zuv analiz hiisen bn. Argagui sudlaach hun umaa

  33. Zalkhuu huu says:

    Яасан удаан амарч байна аа, иргэний үүргээ, эсвэл судлаачийн үүргээ биелүүлж дахин тодорхой сэдвээр нийтлэл бичнэ үү. Цаана чинь би байтугай нь ойлгохгүй юм болоод байна Түвдэндоржийн томилгоон дээр..,

  34. bayasaa says:

    bi taniii bichij baigaa yumiig zuv, esvel buruu, esvel medemhiirsen gej shuumjlehgui, ta harin yumiig shuumjleel baina, shuumjleel baina, shuumjleel baina. yadaj gants udaa, yamar arga zamaar, yaj, yamar bodlogo barij ulsaa hugjuulehuu gedeg niitlel bichij chadahuu, chadahgui bol hooson shuumjlel hend ch hereggui

    • Ганаа says:

      Намайг шүүмжлэх ямар ч утгагүй бөгөөд усан тэнэг хүний ажил. Учир нь төр засаг үймж байгаа болохоос би яагаа ч үгүй. Тэгээд ч би албан тушаал хашдаггүй, мөнгө мэддэггүй, шийдвэр гаргадаггүй. Хэрэв чамд толгой гэж байгаад миний шүүмжлэлт санааг ухаж авбал аз чинь тэр. Харин түүний оронд намайг шүүмжлэх гэвэл хохь чинь гэдгийм. Дээрээс нь чи зүгээр сууж байгаад бэлэн юм үнэгүй авах дуртай новш юм. Чамд монголын улс төрч болох их авъяас байна…

    • Naba says:

      Шүүмжилсэн ч байгаа, арга зам заасан ч байгаа. Өмнөх болон бусад нийтлэлүүдийг уншиж үзээгүй бололтой.

  35. Naba says:

    Миний бодлоор энэ бүх зүйлийн дундыг нь бариад явдаг хүн улсаа удирдвал системийн хямралаа үндсээр нь засаад, түүнээс гарах байхаа. Хэт нэг талыг барьдаг хүмүүс нь гарч ирээд идсэн, уусан хүмүүсээ ална, шудна гээд байхаар нөгөөдүүл нь айгаад бүр эсэргүүцээд суудлаа тавьж өгөхгүйлдээ. Дайн болохгүй л бол.
    Ийм байдалтай байсаар байвал хэцүүхэн юм болох л байх. Заавал тэгж байхаар дундыг байрьсан хүмүүст одоогийн эрх мэдэлтнүүд суудлаа тавьж өгөөд, төрийн залгамж халааг алдахгүйн тулд өмнөх хүмүүс нь Их хурлын дэргэд дахин нэг түр танхим байгуулж ажиллаж болох юм шиг санагддаг. Тэгэхгүй бол 1990 оны ардчилсан хувьсгал шиг туршлагагүйтэж магадгүй юм. Хэрвээ үнэхээр эх оронч бол шүүдээ.
    Дээр нь нэмж хэлэхэд эдийн засаг ингэж их хямарч байхад ард түмэн хүлээцтэй байгаа нь Ардчилсан намд итгэж, сонгосон учир одоо хүртэл итгэл найдвар нь алраагүй байгаа болвуу гэж санаж байна.

  36. Naba says:

    Энхбаярыг хамгийн муу хүн гээл байсан бас тийм биш юм шиг ч санагдах шиг хэхэ. Эх орноо худалдаагүй авилгач гэж болох байх. Энэ хэвлэл мэдээлэл хар, цагаан PR гэж үнэхээр аймшигтай юм байна шүү. Саяхан Баттулга сайдыг огцроход Нямдоржийн хэлсэн үг бас л их айхтар байсан шүү. Баттулга сайдыг бас ч гэж арай ч ийм өөдгүй новш биш байлгүйдээ гэж бодтол хэлсэн дээ. Харин буцаагаад Баттулга сайдын хийсэн нэвтрүүлэг ёстой нэг нам дарсан даа. Ингээл хоёр тийшээ тархиа угаалгаад байгаа болохоор ард түмэн бид чинь одоохондоо яахаа, юу хийхээ мэдэхгүй, бас ч гэж нэг жагсах санаа байвч буруу замаар будаа тээчих вий гэж санаа бодол нь үймрээл байна л даа. Судлаач Ганаа ахын энэ блогыг л уншиж тархины түгжрээгээ мултлах юм даа. За дахиад жоохон түгжир ч байгаад буцаж ирийдээ.

  37. Munkh says:

    энэ сахал Эрдэнэбилэг гэдэг хүн ер нь монголд болж байгаа хамаг юмны нууц ноёнтон нь уу

    • Ганаа says:

      Би ил хэлж болох хэмжээнд бүхнийг хэлсэн…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: