ҮХЭГИЙН ГҮНЖИЙН ТУХАЙ

Энэ удаад иж бүрэн судалгааг яаж хийдэг, түүхэн олдворыг яаж олдог хийгээд тэр нь манайтай хэрхэн холбогддог тухай өгүүлэх гэсэн юм. Монголын түүхийг түүхчид архивт суугаад бичдэг юм биш л дээ. Маш олон шинжлэх ухаан хавсарч, маш олон жил судалж байж шинжлэх ухаан, түүний дотор түүхэн судалгаа амжилт олдог юм. Энэ тухай өгүүлсү…

Үхэгийг судалсан түүхээс

Эхлээд үхэг гэдэг үгийн тухай. Одооны залуус энэ үгийг үхэх, сөнөх гэж л ойлгох учраас тэр. Монгол хэлэнд “үхэг” гэдэг нь: 1. “нүүж суухад нялх хүүхдийг агуулж тээх, юм хийхэд зориулан үйлдсэн авдар мэт сав”, 2. “гал тогооны хэрэглэл хадгалах шүүгээ”-г хэлдэг. Манай Таван богдын оргилын Монгол, Хятад, Казакстан, Оросын хил залгаж байгаа уулсын тэгш шилийг (өндөрлөг) нийтэд нь Үхэг гэж нэрлэдэг. Энэ нь оросоор сунжирсаар Укок болжээ. Үхэгийн тэгш шилийн ноён оргил нь Монгол Улсын нутагт байх 4374,0 м өндөр Хүйтний оргил болно. Дашрамд дурдахад түүнийг социализмын үед Найрамдлын оргил гэж нэрлэж байсан юм. Түүнийг залгаад Оросын Уулын Алтайн БНУ залгана. Тэнд ариун дархан гэгдэх алдарт Белуха уул бий. Үхэгийн баруун төгсгөлийг Өмнөд Алтай, Таван Богд Соёны нуруу, хойт хэсгийг Өмнөд Чуйн нуруу тусгаарладаг. Ер нь бол оросоор Укок гээд байгаа болохоос нийтдээ бол манай Алтай Таван Богдын орост хамаарах уулсын хэсэг юм.

Алтайн энэхүү Белуха хавийн уулсын хэсгийг ариун дагшин гэж үздэг бөгөөд алдарт Н.К. Рерих энэ хавиас Шамбалын орныг хайж байсан юм. Энэ талаар миний ganaa.mn блогт байгаа “Шамбал” болон Н.К.Рерихийн тухай бусад өгүүллээс үзэж болно.

Үхэгийн тухай анхны мэдээлэл Орос Манжийн хилийг тогтоож байсан Чугучакийн гэрээний үед буюу 1864 онд дурдсан байдаг. 1860-аад оны сүүлчээр Үхэгийн тэгш шилд И.Ф. Бобковын экспедици иржээ. Тэр эрдэмтэн Чингистай тосгоноос Ак-Алахи голыг өгсөн Үхэг хүрсэн гэх мэдээ бий. Тэгээд байгалийн ерөнхий байдал, түүнийг аж ахуйн талаар ашиглах зөвлөгөө өгсөн бүтээл хийсэн байна.

Дараа нь 1878 онд М.В.Певцовын экспедици 200 гаруй төрлийн ургамал, 100 гаруй төрлийн эрдэс, уулын чулуулаг цуглуулжээ. Үүнээс 10 жилийн дараа бидний сайн танил П.К.Козлов ирж Үхэгээс Ховд хүртэлх уулсын тэгш өндөрлөгийг судалжээ. Тэр анх удаа Үхэгийн өмнөд хилийг тогтоохыг оролдсон юм.

Гэхдээ энэ бүх ажил ХХ зуун нэлээд гартал газар зүйн ажил болон зургуудад орж байгаагүй юм. Үхэгт хийж байсан бүх ажлыг Монголд ажилласан экспедицүүд хавсарга байдлаар хийж байсан аж.

ХХ зуун гарахад В.В. Резниченкогийн экспедици Өмнөд Алтайн мөстлөгийн эртний ба орчин үеийн тодорхой зургийг гаргасан байна. Тэгээд геологийн хувьд харьцангуй “саяхан үед” өнөөгийнхөөс хавьгүй том дөрвөөс доошгүй мөстлөг Алтайд болсныг олж тогтоожээ.

XIX-XX зууны заагт ах дүү хоёр Тронов эцгийнхээ ажлыг үргэжлүүлэн Алтайн өмнөд хэсгийн гляциологийн буюу мөстлөгийн судалгааг үргэлжлүүлэн хийжээ. Судалгааг ингэж удам залган хийх нь Оросын болон европын гайхамшиг юм. Эцэг хүү алдарт Троновууд: “бүхий л Алтайн уулсын мөстлөгийн төв нь Таван Богд уулсын зангилаа мөн” гэсэн дүгнэлт хийсэн юм.

Энэ үед 1905 оноос эхлэн Үхэгэд буюу Таван Богдын уулсад Томскийн Их Сургуулийн профессор В.В.Сапожниковын газар зүй-ботаникийн экспедици ажилласан. В.В.Сапожников Жумал голын эх, Калкутины давааны тэндээс хойт талаас нь харж байгаад Монголчуудын “Таван Богд” гэж ерөнхийлөн нэрлэдэг “таван ариун ууланд” нэг бүрчилсэн нэр өгсөн байна. Хамгийн өндрийг нь “Хүйтэн” гэж, цаашаа “Цагаан өргөө” (Белый шатёр), Цасан сүм (Снежная церковь), Петр Петрович (Оросын агуу их газар зүйч П.П. Семёнов-Тянь-Шаньскийн дурсгалд), Сайхан (Красавица) гэсэн нэрүүд өгсөн аж. Цагаан голын дээд эхэд байдаг Потанины мөсөн голыг ч В.В.Сапожников нээжээ.

Үхэгийн уулсын геологи-геоморфологийн судалгааг 1950-иад оноос Бүх Холбоотын Аэрогеологийн Трестийн хээрийн ангиуд хийж эхлэн, иж бүхэн геологийн зураглал гаргах ажил эхэлжээ. Үүний үр дүнд Е. В. Девяткин, Н. А. Ефимцев, Ю. П. Селиверстов, И. С. Чумаков, Е. Ф. Лунгерсгаузен, М. Г. Гросвальд, З. А. Титова, Л. Н. Ивановский нарын судалгааны бүтээлүүд гарсан байна.

1950-аад оноос мөнөөх М.В.Троновын удирдлагаар Алтай Саяны уулсыг системтэй судлах ажилд Томскийн Их Сургууль орсон байна. Үүний үр дүнд 1960-аад оноос Алтайн уулсын эртний болон одоогийн мөстлөгийн тухай М. В. Тронов, Л. Н. Ивановский, В. С. Ревякин, В. П. Галахов, В. П. Голещихин нарын суурь бүтээлүүд гарчээ. Томскийн Технологийн Их Сургууль геологи-геоморфологийн чиглэлээр ажиллаж, П. П. Пилипенко, Д. В. Богданов, А. А. Иностранцев, В. А. Обручев, М. А. Усов, В. А. Хахлов, А. И. Родыгин нарын геологийн алдарт эрдэмтдийг төрүүлжээ. Үүний зэрэгцээгээр Баруун Сибирийн геологичид уулын Алтайн том хэмжээний зураг хийсэн байна.

1980-аад оноос Алтай, ялангуяа Үхэгийн судалгааг иж бүрнээр нь Алтайн Улсын Их Сургууль профессор В. С. Ревякин, В. В. Рудской нарын удирдлагаар хийх болжээ. 1990-ээд оноос Зүүн-Өмнөд Алтай болон Тувагийн Баруун-Өмнөд хэсгийг Санкт-Петербургийн Их Сургууль профессор Ю. П. Селиверстовын удирдлагаар хийж байна.

Эдгээр судалгааны олонхийг Оросын Газар Зүйн Нийгэмлэг ивээн тэтгэж, Үхэгийн экспедицийг энэ нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгч профессор К.В.Чистяков өөрөө олон жилийн турш удирдаж байгаа нь энэ төслүүдэд оросууд ямар их ач холбогдол өгч байгааг харуулж байна.

Сүүлийн 30 хүрэхгүй жилд Алтай, ялангуяа түүний дорнод хэсгийн байгаль хийгээд түүний янз бүрийн асуудлаар асар олон суурь бүтээл гарч, А. С. Ревушкин, Н. В. Ревякина, В. В. Бутвиловский, Ю. П. Селиверстов, В. П. Галахов, В. Е. Арефьев, Р. М. Мухаметов, К. В. Чистяков, В. В. Рудской, Р. В. Камелин, А. Н. Рудой, З. В. Лысенкова, А. Г. Редькин, С. Г. Платонова нарын эрдэмтэд төрөн гарав.

Манай Таван Богдын бол уулсын массивтайгаа хамт Төв азийн гадагш урсгалгүй сав газар болон Хойт мөсөн далайн сав газар гэж зааглаж байдаг дэлхийн усны хагалбар юм. Мөн Алтай Таван Богд бол Евразийн бараг төвд байдаг. Дашрамд дурдахад 1963-1991 оны хооронд Алтай, Соёны ууланд 3,5 магнитудаас дээш газар хөдлөлт 1485 удаа болсон байна.

Энэ бүхнийг нуршин дурдахын учир гэвэл том улс судалгаа шинжилгээндээ ингэж хөрөнгө хүч хаяж, судалгаагаа уйгагүй, цуцалтгүй, иж бүрнээр нь, олон жилийн турш хийдэг гэдгийг ойлгуулах гэсэн юм.

Бид бол Алтайн магтаал хагас дутуу хайлж, тууль, хөөмий, цоор, бие биелгээ гэхээс юм мэдэхгүй эх орноо хөгжүүлнэ гээд сууж байгаадаа ичих хэрэгтэй л дээ. Энэ бүхэн хэрэгтэй нь мэдээж, гэхдээ шинжлэх ухаан түүнээс илүү хэрэгтэй…

Гайхамшигт олдвор

Гэтэл 1993 онд гайхамшиг болов. Оросын ШУА-ын Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, археологич, Оросын ШУА-ын сурвалжлагч гишүүн, түүхийн ухааны доктор Наталья Викторовна Полосьмак Үхэгийн ууланд пазырыкын гэж нэрлэгдэх булшинд малтлага хийж байгаад залуу эмэгтэйн шарил (мумия) олсон нь дэлхийг шуугиулав. Бас л дашрамд дурдахад энэхүү Наталья Викторовна бол дээр дурдсан Сибирийн алдарт Хүрээлэнгийн эрдэм шинжилгээ хариуцсан орлогч захирал, ШУА-ын Сибирийн салбарын нэгдүгээр орлогч дарга, нэрт археологич, академич Вячеслав Молодины эхнэр юм. Гэр бүлээрээ нийлж байгаад судалж байна ш дээ. Уулын Алтайд НТӨ YI-III зууны үеийн пазырыкын соёлын гайхамшигт цогцолбор судалж, нээсний учир 2004 онд эхнэр нөхөр В.И.Молодин, Н.В.Полосьмак нарт ОХУ-ын Төрийн шагнал хүртээсэн юм.

Зураг 1. “Үхэгийн гүнж”

Mumiya-3

Ийм эртний хүн бүтнээрээ олдох нь нэн ховор учраас түүнийг “Үхэгийн гүнж” (“принцесса Укока”) гэж нэрлэсэн байна. Булшийг Үхэгийн Ак-Алах гэдэг газраас археологийн малтлага хийж байгаад олжээ. Мөнх цэвдэгт байсан учраас маш сайн хадгалагдаж чадсан аж. Үүнийг ХХ зуун төгсгөлийн Оросын археологийн хамгийн том олдвор гэж үздэг.

Энэхүү Ак Аках гэдэг газар нь яг Орос Монгол, Хятад, Казакстаны хил дээр байдаг застав юм. Их дээр үед эртний булш гэдгийг нь мэддэг байж. Бас нэлээд ухаж оролдож үзсэн байна. 1960-аад онд Хятадтай хилийн будлиан болох үед тэр орчимд бэхлэлт барьж эхэлжээ. Ингээд тэр булшнаас чулуу авч бэхлэлтэд ашигласан аж. Гэтэл булшнаас гарсан төмрийн үеийн булшны дороос бүр нэн эртний энэ булш гарч ирсэн юм байна. Энэ булш бүхэлдээ хөлдөж мөсөнд баригдсан учраас хүн хөндөөгүй, бас сайн хадгалагдсан аж. Зөвхөн шарил төдийгүй хялбар мууддаг арьс, ноос, ширэн эдлэл ч бүрэн бүтнээрээ гарч ирсэн байна.

Булшинд эмээл хазаар бүхий зургаан морь, хүрэл хадаасаар хадаж, навчит модоор хийсэн модон хударга гарсан байна. Энд байгаа эд зүйлс язгууртан гаралтай хүн байсныг нотолсон байна.

Ингээд эрдэмтэд энэ булшийг Алтайн пазырыкын соёлын үе буюу НТӨ YI-III зууны үеийнх гэдгийг тогтоожээ. Харин “нэг гэм” нь пазырыкын соёлыг скифтэй холбон монголоос өөр үндэстэнд хамааруулах гэсэн хандлага байдаг. Энийгээ европын эрдэмтэд бүрэн нотолж чаддаггүй.

Зураг 2. “Үхэгийн гүнж”-ийн царайг нөхөн сэргээсэн байдал.Илтэд европ болгосон нь харагдаж байна.

Ukok_princess

1865 онд Оросын В.В.Радлов малтлага хийж байгаад нэгэн бүлэг булш илрүүлжээ. Тэрийг нь 1929 онд академич С.И.Руденко малтаж овгийн язгууртны бунхан анх олсон юм. Тэгээд олсон газрынхаа нэрээр Пазырык гэж нэрлэжээ. Энэ нь Уулын Алтайн БНУ-ын Улаан (оросоор “Улаган”) аймгийн нутагт байх Пазырык гэгч өвөрмөц газар байсан юм. Уг нь бол пазырык гэж тувагаар булш бунханг хэлдэг. Түүнээс хойш энэ хавиас олсон булшийг пазырыкийн соёл гэж дэлхийд алдаршуулсан хэрэг. “Пазырыкийн соёл” гэдэг бол археологийн нэр томъёо. Археологичид булшнаас гарсан эд өлгийн зүйлээр ангилал хийдэг болохоос нийгэм, хүнийг ангилдаггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ингэхлээр пазырык гэдэг нэршил бол “юм олдсон” газрыг л хэлсэн хэрэг. Чингэхдээ газар усны бүр хожмын нэр юм.

Яг түүхэн ёсоор бол энэ нь НТӨ YI-III зууны үеийн төмрийн үед хамаарагдах археологийн соёл бөгөөд манай түрүү Хүн үндэстний үед хамаарагдана. Иймээс Монголтой хамаатай болохоос Европтой хамаа багатай буюу бараг байхгүй. Европ эрдэмтэд л “заншил ёсоороо” европ болгох гэж зүтгэдэг юм.

“Гүнжийн” мумия хөлөө бага зэрэг атиран хажуугаараа хэвтэж байсан. Гар дээр нь маш олон шивээс байсан. Биед нь ноосон цамц, ноосон банзал, эсгий оймс, арьсан дээл (шуба), мөн хиймэл үс (парик) байжээ. Бүх хувцсыг маш их чанартай хийсэн нь энэ эмэгтэйн өндөр зиндааг нотолсон. Тэрээр 25 орчим залуу насандаа нас барсан ба пазырыкын нийгмийн дундаж давхраанд хамаарна.

Булшийг олсны дараа Новосибирскийн Академи хотхонд байдаг Оросын ШУА-ын Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн Институтын музейд нэг хэсэг хадгалсан. Гэтэл Алтайнхан хэл ам хийсэн учир 2012 оноос мумийг Алтайн Бүгд Найрамдах Улсын Горно-Алтайск хот дахь Анохины нэрэмжит Үндэсний музейд яг энэ үзмэрт зориулсан тусгай зориулалтын байранд хадгалах болсон.

Гэтэл саяхан энэ 2014 оны 8 дугаар сарын 19-нд Алтайн БНУ-ын ахмадын зөвлөл мумийг хуучин хэвээр нь оршуулах шийдвэр гаргажээ. Үүнийг Алтайн БНУ-ын тэргүүн дэмжсэн байна.

Алтайн БНУ-д сүүлийн хорин жилд байгалийн гамшиг тасрахгүй байгаа нь “Үхэгийн гүнжийг” хамаагүй ухаж гаргасантай холбоотой гэж Уулын Алтайн ард түмэн үзсэнтэй холбоотой аж. Энэ жил гэхэд аймаар үер болж сүйд болсон. Уг нь гайгүй байсан чинь Алёна Жаровская гэж нэг “улаан барам” “Алтайн гүнжийн өс хонзон” гэсэн кино хийгээд ОРТ-ээр гаргачихсан чинь Уулын Алтайн бүх хүн амыг солиоруулаад хаясан аж. Манайхантай яг адилхан баагийнууд шиг байгаам. Монгол гаралтай юм чинь адилхан байлгүй яахав…

Бид яах ёстой вэ…

“Гүнжийн” булшийг 1993 онд олжээ. Биднийг ид ардчилал гэж солиорч байх үед. Ингээд бид дэлхийг донсолгосон мэдээллээс хоцорсон байна. Манай эрдэмтэд хүртэл тас харанхуй, мэдэхгүй шахам байхаар ард түмэн мэдэхгүй байх нь аргагүй юм.

Булшийг яг хилийн шугамаас шахам олжээ. Оросын уулын Алтай түүхэн ёсоор хэний нутаг гэдгийг ярих нь илүү зан. Эндээс манай түүхтэй холбоотой их олон сонин олдворууд гарч байгаа. Тухайлбал, Денисовын агуйгаас олсон Алтайн хүний геном. Энэ олдвор бас л дэлхийг шуугиулж байгаа. Энэ талаар би “Алтайн хүн”, “Алтайн хүн-монгол хүн” зэрэг хэд хэдэн өгүүлэл бичсэн. Манайхан өөдөөс “сармагчин бидэнд хамаагүй” гэсэн. Бид нар л өөрсдөө XXI зуунд сармагчин болсон байж магадгүй…

Одоо “Үхэгийн гүнж” гарч ирж байна. Бид хожуу сонсож байгаа ч энэ бол гайхамшиг юм. Энэ бол Монгол Алтайд, улмаар Монгол нутагт нүүдлийн иргэншил нэн эрт төлөвшиж тогтсоныг батлах бодит олдвор мөн. Иргэншил соёл, төр улс Монголоос үүссэн гэдгийг нотлох нэгэн том шижим юм. Би бол “Үхэгийн гүнжийг” монгол хүн л гэж хэлнэ, бас нотлох болно. Хэрэв философич С.Молор-Эрдэнэ л хятад гээд нотолчихгүй бол тэр шүү дээ…

Алтай Таван Богдын нэг талд хүн амьдраад нөгөө талд нь хоосон байна гэж л лав байхгүй. Их том уулсын хэлхээ (массив) шүү дээ. Тэгээд ч Алтай Таван Богдын нэгний орчмоос ийм юм олдож байхад бусдаас нь заавал олдоно гэсэн прогноз бүрэн итгэлтэй хийж болно. Тэр уулс голдуу манай нутаг дээр байгаа нь магадлалыг улам нэмэгдүүлэх юм. Оросын Укок бол манай Алтайн уулсын үргэлжлэл учраас яг адил газар зүйн нөхцөл, агуй хонгил, мөсөн голууд дүүрэн бий. Чухам эндээс бид эртний хүн, иргэншлийнхээ эх үндсийг эрж хайх ёстой…

Өөрөө олж чадахгүй байлаа гэхэд хүний олсон юмыг анхаараад, сонирхоод, оролцоод, хамтраад, ашиглаад, дэлгэрүүлээд, хөгжүүлээд байж болмоор л санагдана. Гэтэл ШУА, эрдэмтэд нь үхсэн мэт, амь нь хаана байна гэмээр суухыг хараад дургүй хүрэм. Оростой хамтраад ажиллахын оронд “оросын шинжлэх ухаан хоцрогдсон” гэж худлаа чалчихаас өөр юм хийхгүй шахам байна ш дээ. Эндээ л худлаа томроод солиороод байхаас өөр чадах юм байдаг юм уу, манай түүхийн эрдэмтэд…

Монголын түүхтэй холбоотой ийм чухал баримтыг бүх нийтээрээ сонсоогүй, мэдээгүй байна гэдэг бол манай шинжлэх ухааны мэдээллийн түвшин хэр доогуур байгааг илт харуулж байна. Үүний хамт шинжлэх ухааныг бүрэн устгасан төр засгийг хараах нь шударга хэрэг болно. Ер нь сүүлийн үед манайд шинжлэх ухаан гэж ярихад үнэн ичмээр болсон шүү дээ…

Сүүлийн үед манайхан ууланд их авирдаг болж. Ялангуяа улс төрчид их авирах болов. Энд багагүй мөнгө зарж байгаа. Ууланд гарч энерги дуудан залбирдгийг нь би мэднэ л дээ. Ядахдаа улс төрчид тэгж балайрч байхынхаа оронд эрдэмтдээ экспедицид явуулж байвал Монгол Улсад хамаагүй хэрэгтэй байхгүй юу…

“Шал дэмий марзан юманд” зарцуулдаг мөнгөө шинжлэх ухаанд зарцуулбал Төрийн Далбааг илүү үр ашигтай мандуулахад нэмэр болох нь эргэлзээгүй…

Судлаач Х.Д.Ганхуяг.

2014 оны 08 дугаар сарын 21.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to ҮХЭГИЙН ГҮНЖИЙН ТУХАЙ

  1. bi says:

    saihan bichjee altaigaas oldson bol oilgomjtoi manai um l bga dur torhiig ni oros bolgoh gej ih oroldjee gehde ene emegtein amidarch bh ued oros ch gej uy bailaa er ni mongol ugsaatan mash ertnii “amitad” um bn

  2. Gan-Erdene says:

    Судлаачдаа баярлалаа, үнэхээр шургуу хөдөлмөрлөж мянга мянган залуусын мэлмий, оюуныг нээж байдагт талархаж явдаг шүү. Илүү дэлгэрүүлж юм олж судалнаа, энэ талаар.

  3. Эрдэнэбатын Эрдэнэсүх says:

    Их баярлалаа, одоо хүртэл олж сонсоогүйдээ харамсаж, ичиж байна. Танд их баярлалаа. Эрүүл энх, сайн сайханыг хүсье.

  4. sainaa says:

    “Үхэг”, жоохон байхад эмээ: Алив хүү минь үхэг уудлаад …. аваад ир гэдэг байж билээ. Одоо ч хөдөө байдаг гэрийнхээ зүүн хаяанд үхэг тавьдаг настайчуудынд л буй байх даа. Сайхан өгүүлэл.

    • Chimedee says:

      Баруун аймагт гал тогооны авдарыг одоо ч хэлдэг. Эмээгийн дэргэд зусдаг байсан би мэдэлгүй дээ. Зөв орчуулга, зөв санаа гэж бодож байна.

  5. Зоригоо says:

    Суурь шинжлэх ухааны судалгаа өнөөдөр ач тусаа өгөхгүй ч ирээдүйд ямар чухал болохыг ойлгох хүн манайд алга шиг бна оо

  6. Chimedee says:

    Тиймээ бичсэн хүнээс өө хайхаас илүү яг ямар санаа хэлэх гээд байгааг ойлгоосой. Бичлэгт алдаа оноо байгаа л байх. Гол санаа нь чухал

  7. Б.Хүрэлтогоо says:

    “ҮХЭГИЙН ГҮНЖИЙН” тухай бичсэн энэ үгүүллэгээс, халисан санаа, харамсал, ухаарлыг давхар, давхар олж харцгаагаасай… Ганаа судлаачийн бичсэн болгоноос сэтгэл сэмэрч, зүрх өвдөх…

  8. @ardiin_jirgeech says:

    Гэтэл ШУА, эрдэмтэд нь үхсэн мэт, амь нь хаана байна гэмээр суухыг хараад дургүй хүрэм. Оростой хамтраад ажиллахын оронд “оросын шинжлэх ухаан хоцрогдсон” гэж худлаа чалчихаас өөр юм хийхгүй шахам байна ш дээ. Эндээ л худлаа томроод солиороод байхаас өөр чадах юм байдаг юм уу, манай түүхийн эрдэмтэд…

    Шинжлэх ухааны академийн мэдээ гээд сэтгүүлэрхүү нэг юм байдаг , нэг удаа захиалсан хэт уйтгартайгаас гадна шал жул юм бичидгийн билээ , шинэхэн магистрантын реферат шиг юмнууд шууд хэвлэчихдэг,
    масс руу хандсан, массыг мэдээллээр хангах, массыг ШУ-нд ойртуулах, массыг ШУ-нжуулах соён гэгээрлийн үүргийг хийвэл зохимжтойсон.
    ШУ абгйууллага-г ажилыг нь явуулдаг нөхдүүд бол яг шударгаар хэлэхэд амьд үхдлүүд мөнөөс мөн.

  9. Anonymous says:

    Sudalgaanii ajil gej iim l baih yostoi. Olon talaas ni harsan, sudalsan saihan niitlel boljee

    • Anonymous says:

      Uheg gej nerlegdsen ni ih sonin um, dotroo ih um aguulj bui uuls nuruu shuu geed tiim ner ugsun um bolowuu?!

  10. нараа says:

    Принцесса Укокаг эргүүлэн оршуулах шаардлагыг Алтайн ард иргэд шаардаж гарын үсэг цуглуулж ,Ерөнхийлөгч Путинд барьсан.Алтайн онгод сахиус болсон гүнжийн шарилыг ухаж гаргаснаас болж Алтайд газар хөдлөх үер буух гээд гай зовлон болж байна гэж нутгийн иргэд нь үзэж байгаа юм.Магадгүй Орост болж буй бүхэн бас үүнтэй холбоотойг үгүйсгэхгүй байна Орост их хэмжээний ойн түймэр гарч байна. Төмөр хааны булшыг ухасанаар орост Герман дайн зарлаж,буцааж оршуулсанаар Орос дайнд ялалт байгуулж эхэлсэн түүхтэй

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: