МИЛЛИАРД БАЙХГҮЙ ХҮН ТОНИЛЖ Л БАЙГ…

Нэг орос зохиогчийн 2009 онд бичсэн номын нэг бүлгээс толилуулж байна. Би өмнө нь энэ номын хэд хэдэн бүлэг зүйлээс блогтоо тавьж уншигчдад танилцуулж байсан. Тодорхой шалтгааны улмаас зохиогчийн нэрийг хэлээгүй эл ном яг Путины тухай ном биш юм. Гэхдээ В.Путины болон олигархийн харилцааны талаар бичсэн онц сонирхолтой нэг бүлэг байдаг. Иймээс энэхүү сонирхолтой бүлгийн маш сонирхолтой нэгэн зүйлийг (параграф) Та бүхэнд толилуулж байна. Ихээхэн сонирхолтой гэдэгт эргэлзэх зүйлгүй…

Хэрэв бодоод үзвэл манайд тайван, хямралгүй үе бараг байгаагүй юм.
Шинэ ХХ зуун дөнгөж эхэлмэгц шууд японы дайн, Цусимын шившиг, самуун, гудамжны бэхлэлт, алан хядлага гаарсан, Думыг тараасан…
Энэ нь дөнгөж өнгөрмөгц Дэлхийн нэгдүгээр дайн, талхны үймээн, 1917 оны 2 дугаар сар, Октябрийн эргэлт, ах дүүс алалцсан.
1920-иод онд цул сүйрэл, хэт инфляци.
1930-аад онд өлсгөлөн, хамтралжуулалт, аж үйлдвэржүүлэлт, хэлмэгдүүлэлт.
1940-өөд онд тайлбарлалтгүй ойлгомжтой.
1950-иад онд дайны дараах аж ахуйн сэргэлт, сая сая хүн урьдын адил газар сууцанд амьдарч байлаа.
1960-аад онд хрущевын ухаангүй шинэчлэл, хамтралд хөөн оруулсан, хувийн мал болон ногооны газрыг хориглосон, үнэ нэмсэн, ажлын нормыг нэмсэн.
Ингээд 1970-аад он болоход л хожим нь үл тоомсорлон зогсонги үе (застой) гэж нэрлэсэн зарим тогтвортой байдалд амьдралд нэвтэрч, хүмүүс маргаашийнхаа төлөө айхаа больсон. Гэхдээ энэ нь удаагүй.
Дараа нь өөрчлөн байгуулалтын 1980-аад он эхэлж, улс орон задарч, бүх юм баларсан 1990-ээд он залгасан.
Үр дүн: зуун жилийн дотор их л сайндаа 15 жил л тогтвортой амьдралтай байжээ.
Путинд атаархаад байх хэрэггүй юм. Түүнд гуйлгачин, хэсэг болон задарсан орон өв болон ирсэн юм. Хүн амын гуравны нэг ядуурлын шугамын гадна байв. 9 сая хүн ажилгүй байв. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй сүйрсэн байв. Удирдлагаа бүрэн алдсан байв. 158 миллиард гадаад өртэй байв.
Найман жилийн дараа түүнийг явахад ямар ч гэсэн огт өөр орон болсон байлаа. Путины засаглалын жилүүдэд өмнөх зуун жилд Орост ихээхэн дутагдаж байсан удаан хүлээсэн тогтвортой байдлын үе ирсэн мэт байна.
Кремлийг шүүмжлэгчид Путины энэ амжилтыг голдуу нөхцөл байдал аятай байсны үр дүн гэж хариулдаг юм. Нефть гэхэд л үнэ нь өсч, нефть долларын алтан бороо орсон мэт ярьдаг. Тасалбар хайчлаад зүгээр сууж байхад ямар ч ухаан хэрэггүй юм.
Үнэн хэрэг дээрээ энэ бол утгагүй юм. Путиныг засгийн эрхэнд гарах үед баррель нефть 33-34 доллар байсан. Чингэхдээ дараа жилээс нь эхлэн, мөн 2001 оноос 25$ хүртлээ бууж, шинэ сонгууль болтол энэ түвшиндөө байсан.
2002 онд баррель нь 28 $
2003 онд 30 $
2004 онд 36 $ байсан.
Харин хоёр дахь хугацаанаас эхлэн эрс өссөн бөгөөд энэ үед улс орны байдал нэгэнт эрс өөр болсон байсан.
Гэхдээ Зөвлөлт засгийн сүүлчийн жилүүдэд яг ийм үнэтэй байсан ба баррель нефть 18-аас 32 доллар болж байсан. Энэхүү хямд байдал нь олонх либерал эдийн засагчдын үзэж байгаагаар нийтийн хямралд хүргэж, улс орныг сүйрүүлсэн, Егор Тимурович Гайдар “Эзэнт гүрний мөхөл” шуугиант номондоо энэ тухай шууд бичсэн юм.
Тогтож үзээрэй, тэгвэл ялгаа нь юундаа байгаа юм ? Яагаад ав адилхан үнэ Горбачевт болохоор хөнөөлтэй байдаг, Путинд болохоор авралтай байдаг юм ?
Яагаад гэвэл нефть үнэтэй байсан гэдэг яриа бол илт зүйлийг харахыг хүсэхгүй хүмүүсийн амны зугаа юм.
Путины Оросын амжилт бол ерөөсөө түүхий эдийн хэт орлого биш юм. (баррель нефть 60 доллар болж байгаа өнөөдөр ч гэсэн эдийн засагчид уналт зөгнөн толгойгоо барьж байна.) Путины хоёр сонгуульт хугацаандаа олсон амжилт бол прагматизмаар үржсэн хүсэл зориг юм. Дээрээс нь бага зэргийн аз бий.
Орос орны хувь заяанд хувь хүний хүчин зүйл тодорхойлогч үүрэгтэй явж ирсэн байдаг. Нэг л буруу хөдөлгөөн хийхэд цаашдын бүх түүх шал өөр замаар явдаг…
Энэ хууль хааны үед ч, ерөнхий нарийн бичгийн даргын үед ч, ерөнхийлөгчийн үед ч, бүхий л цаг үед үйлчилж ирсэн.
Ухаандаа Алексей Михаилович хүчтэй хаан байсан. Түүний үед Орос орон ухасхийсэн. Их Екатеринагийн үед ч тийм байсан.
Тэдний удмын II Николай хэн ч биш, сул дорой хүн байсан; тэр гэр бүлээ Оросоос илүү хайрладаг байсан. Үр дүн нь: Орос ч байхгүй, гэр бүл ч байхгүй болсон. Үүнтэй яг адил Горбачев байгаагүй бол магадгүй Зөвлөлтийн задрал болохгүй байсан…
Путин засаглалаа эхэлсэн анхны зүйл нь энгийн дэг журам, тоглолтын яг таг дүрэм тогтоох явдал байсан. Элитийн бүлэг болгон өөрийн дүрэмтэй байсныг нэг хүртвэрт оруулснаар хэн ч эрх мэдлийг хувьчилж авахгүй, хэн ч түүгээр өдөөн хатгалга хийж хийж чадахгүй болов.
Энэ дүрэмд захирагдвал тайван амьдарч болно, хэн ч өнгөрсөн нүглийг чинь санахгүй, сануулахгүй. Үгүй бол өөртөө гомд.

Олонхи, түүний дотор олигархууд шинэ нөхцлийг хүлээн авсан юм. 2000 оны зун том аваргуудтай хийсэн эрин үеийн уулзалт дээр Путин засаг болон бизнесийн харилцах шинэ зарчмуудаа шууд зарласан юм. Олигархууд улс төрд хутгалдахгүй, ерөнхий сайд, сайд, депутатуудыг худалдаж авахгүй, капитал гадаадад гаргахгүй, оффшороос гарах ёстой.
Дашрамд дурдахад энэ уулзалтад оролцогчдын нэг нь Ходорковский байсан юм. Дараа нь тэр шоронд байхдаа ингэж дурссан байдаг: “Путин улс төрийн зорилтыг шийдвэрлэхэд том компаниудыг ашиглахгүй гэж бодож байна хэлсэн юм. Бид (түүний дотор би) энэ байр суурийг дэмжихээ мэдэгдэв”. Ходорковский чухамхүү энэ амлалтаа зөрчсөний учир хариугаа хүртсэн билээ. Энэ зарчимтай зөрчилдөх гэсэн Гусинский, Березовский нарын хэд хэдэн олигархиуд мөн адил шан хүртсэн юм.
Үлдсэн бүх хүнийг хариу өгөхийг уриалах нь илүү шударга, зөв байсан байж ч магадгүй. Жишээлбэл, өмч хувьчлалыг дахин авч үзэх буюу барьцаат худалдааг цуцалж болох байсан. Тэгвэл тогтвортой байдлын тухай мөрөөдөөд ч нэмэргүй юм.
Заавал нэгийг нь сонгох хэрэгтэй байсан ба прагматик Путин олон муугаас бага мууг сонгосон юм. Орос оронд нийгмийн шударга ёсны цэвэрлэгч гал дөлнөөс тайван, ухаалаг байдал амин чухал хэрэгтэй байлаа, үгүй бол бүх юмыг гал дөлд шатаах байлаа. Түүнээс гадна Путин олигархуудыг номхруулах гэж бүтэлгүй оролдсон өмнөх удирдагчдын алдаанаас суралцсан юм.
Миллиардеруудтай хийсэн хийсэн тулалдаанд эр зоригтны үхлээр унасан тэдний нэгэнд Путин нэгэн удаа: – Эхлээд эрх мэдэл аваадахъя, дараа нь олигархуудтай тэмцэнэ гэж хэлж байсан билээ.
Тэрээр чухам ингэж л алхам алхмаар, аажмаар алсаас ажилласан бөгөөд тэхэд бүх сүрэг номондоо орсон юм…Гэхдээ хүмүүсийг ганцхан цагийн дотор өөрчлөх боломжгүй юм. Хэдийгээр олигархууд шинэ дэг журамд албаар захирагдсан боловч тэд зан араншингаараа огт өөрчлөгдөөгүй, зүгээр л түүнийгээ харуулахгүй байхыг хичээж байв.
Ийм хувирлыг энэ бүлгийн төлөөлөгчийн нэг банкир Смоленский: “Энэ бүхэн манай “соёлоос” үүдэлтэй. Та нар бэлэн капиталистуудыг хаана харсан юм ? Бүгдээрээ л саяхан эвлэлийн тэмдэгтэй явж байсан ш дээ. Зарим нь ч халаасандаа намын батлахтай байсан. Бид юу ярих юм ?! Сармагчин хүн болон хувирахад хэр хугацаа орох юм ?! Гэтэл бид таван минутад болгохыг хүсч байна” гэж тайлбарлажээ.
Үнэхээр ч олигархууд дахин илүү мөнгө оффшор руу гаргаагүй, сайд нар болон депутатуудыг хувьчлаагүй, төрийн өмчийг үнэгүйдүүлж аваагүй. Гэхдээ санаан зоргоороо явахыг нь тэдэнд бас л хэн ч хориглож чадаагүй юм.
Тэд биеээрээ XXI зуунд, сэтгэлээрээ ХХ зуунд амьдарч байлаа.
“Форбс” сэтгүүлийн алдарт жагсаалтыг аваад үзэхэд манай эх орон нэгтнүүд алтан зуутад орж байгаа. Тэд бараг бүгдээрээ 1990-ээд оных. Эхний аравт Дерипаска, Потанин, Вексельберг, Абрамович, Алекперов, Прохоров, Фридман нар баталгаатай орно.
Оросын эдийн засаг унахад олигархууд үүнийг дээрээс өгсөн тэмдэг гэж үзсэн.
Тэд өнөөдөр амьдрахыг хүсч байна, одоо тэд хувийн аз жаргалаа дараа гэж хойшлуулахыг хүсэхгүй.
Тэдний олонхи нь маргаашийн тухай бодоогүй, галзуутай их ашиг тэдний толгойг бүрэн эргүүлсэн юм. Тэд цагийг нь олж, хэт орлогоо үйлдвэрлэл хөгжүүлэх, шинэ төсөлд хөрөнгө болгон оруулахын оронд орлогоо кассаас татан авч, халаасаа л түнтийлгэж байлаа. Энэ мөнгөөрөө шинэ төрсөн миллиардерууд усан онгоц, цайз шилтгээн, нисэх онгоц худалдан авч, дэлхийн хамгийн үнэтэй амралтын газруудаар зугаалж, нутгийнхныг баярхуу зан, өгөөмөр сэтгэлээрээ бараг ухаан алдуулдаг байлаа.
Ямайкийн зочид буудлын нэг албан хаагч “МДМ-банк”-ны хамтран эзэмшигч Андрей Мельниченкогийн төрсөн өдрөө энд тэмдэглэснийг удаан санаж явсан байдаг. Энэ нөхөр зочид буудлыг бүтнээр нь худалдаж авснаар барахгүй, зочдоо зөвхөн чартерийн онгоцоор зөөж аваачжээ: америкаас 2 онгоц дүүрэн, Оросоос 6 онгоц, Европоос 2 онгоц ирсэн байна.
Хилийн чанад дахь тансаг амьдралын моодыг капиталист орнуудад Березовский анх нэвтрүүлсэн юм. Тэртээ 1997 онд тэрээр илгээлтээр хамт алба хашиж байсан Абрамовичтай хамт 27 метр урттай “Stream” усан онгоцыг 4 сая доллараар худалдан авсан юм. Тэр үед Оросын томчуудын хувьд энэ нь төсөөлшгүй явдал байлаа. Дъяченко, Юмашев хоёр энэ шинэ санаачлагыг сонсоод их удаан шогширсон гэдэг.
Өнөөдөр ийм наймаанд хэн ч гайхахгүй. Хэрэв чамд хувийн усан онгоц, үгүй ядахдаа нисэх онгоц байхгүй бол чамайг баян, амжилт олж байгаа хүн гэж үзэхгүй. “Миракс-групп”-ын эзэн Сергей Полонский нэгэн удаа: “Миллиард байхгүй хүн тонилж л байг…” өндөр дуугаар мэдэгдсэн байдаг.
Березовскийн нэр хүндтэй халаа болсон Абрамович бүхнээс түрүүнд ухаангүй тансаглалын замаар орсон юм.
Хямралын үед Чукоткийн захирагч байсан энэ хүн бүх миллиардеруудаас цойлон гарч хүлээн зөвшөөрөгдсөн юм. Түүний хувийн флот хэдэн миллиард долларын 7 усан онгоцноос бүрдэнэ, мөн 4 нисэх онгоц, авто үзэгний ховор цуглуулга, 80 сая долларын үнэтэй хувийн шумбадаг онгоц түүнд бий. Түүнээс гадна бие биенээсээ илүү гоё манай гаригийн янз бүрийн буланд байх тоо томшгүй олон орд харш буй. Сайхан зантай байх үедээ Абрамович энэ дэлхийн таалагдсан газар бүхэндээ Франц, Британи, Испани, тэр ч бүү хэл Бразильд хувийн байшинтай байхыг хүсдэг тухайгаа хүлээн зөвшөөрсөн.
Мөн Абрамович олигархуудын шинэ зугаа цэнгэлийг эхийг тавьж, 2003 онд Лондонгийн хөл бөмбөгийн “Челси” багийг худалдан авсан. Энэ санаачлага их зардалтай ч гэсэн хожим нь английн сэтгүүлчдийн тооцож гаргаснаар зөвхөн багийг шинэчлэхийн тулд шинэ эзэн миллиард миллиард доллар зарах хэрэгтэй болсон нь хэтэрхий тархсан юм. Тэрээр өдөр бүр хагас саяыг зарах болсон.
Абрамовичийн араас бусад олигархууд гадаадын клубын хойноос хөөцөлдөх болсон. Жишээлбэл Алишер Усманов британийн “Арсеналын” хувьцааны 25%-ийг худалдан авч, өөр боломжит захиалагч Владимир Потаниныг ардаа орхисон юм. Аркадий Гайдамак израилийн “Бейтар” багийг, түүний хүү “Портсмут” клубыг худалдан авцгаасан.
Сулейман Керимов италийн “Ромы” багийн эзэн болох шахсан. Владимир Евтушенков британийн “Шеффильд Уэнсдей” багийг авсан. Тэр ч бүү хэл юу ч мэдэхгүй Березовский нийтийн өвчнийг дагаж бразилийн “Коринтианс” клубийн “ойлгомжтой” хувьцаа эзэмшигч болсон.
Олигархууд эх орныхоо спортыг ч гэсэн мартаагүй, өөрөөр байсан бол Кремль тэднийг ойлгохгүй байсан билээ. Мөнөөх Абрамович жилийн турш оросын хөл бөмбөгийн багийг арга буюу санхүүжүүлж, Гус Хиддингийн цалинг төлж байсан юм. “Лукойл”-ын дэд Ерөнхийлөгч Леонид Федун “Спартак”-ын эзэн юм. “Газпром” “Зенит”-ийг эзэмшдэг. Потанин ЦСКА-г ивээн тэтгэдэг. Дерипаско красноярскийн “Кубань”-ийн хамтарсан хувьцааг эзэмшдэг.
Энэ хүмүүс их спортод толгой дараалан дурлаад байсан нь юу л бол, ухаандаа Абрамович “Челси”-тэй тааралдахаасаа өмнө түүнд онцгой их татагдаж байгаагүй. Тэр омскийн “Авангард”-ын тоглолтод зөвхөн албан үүргийн дагуу л очдог байсан (“Сибнефть” энэ багийн гол хандивлагч байсан юм.) ба индэр дээр илт эвшээж, зовдог байсан юм. Гэхдээ энэ бол нэр хүнд мөнгөнөөс үнэтэй тохиолдол мөн байлаа.
Спортод мөнгө оруулах нь улс төрийн үүднээс ашигтай хөрөнгө оруулалт юм. Төрийн дээд албан тушаалтнууд, засгийн газрын гишүүд уралдаан, тэмцээнүүдэд байнга ирдэг байлаа. Зочдын индэр дээр тэдэнтэй зэрэгцэн суух нь нэр төртэй, тааламжтайгаас гадна өндөр албан тушаалтнуудын чихэнд хүрэхэд хавьгүй амархан байв.
Путин олигархуудтай ижил зайтай байна гэж анхны сонгуулийн компанийн үеэр өгсөн амлалтаа биелүүлсэн юм. Ямар ч тусгай нөхцөл, илүү байдал гаргаагүй. Хэрэв баяр баясгалан бүх хүнд ганц байдаг бол бүх гай бас л ганц байх ёстой.
Гэсэн хэдий боловч тэд хуучин аргаараа шинэ захирагчдын сэтгэл зүрхэнд хүрэх замыг засахыг оролдсон бөгөөд дандаа ч амжилтгүй байгаагүй юм.
Олигархуудын Куршавель, Москва, Монако, Ницше зэрэг газарт зохиодог тансаг үдэшлэгт засгийн төлөөлөгчид байнга очдог байв, амьд Кайли Миноуг сонсохыг хүсэхгүй хэн байх билээ. 2007 оны шинэ жилээр түүнийг нийслэлд авчрах гэж Сулейман Керимов сая доллар зарцуулсан байдаг.
Путин ч тэр, Медведев ч тэр ийм мундаг зүйлсээс холуур явдаг нь үнэн юм. Ижил зайтай байх зарчмаа тэд хатуу баримталдаг.
Хэзээ нэгэн цагт ирээдүйн түүхчид оросын суут ухаантнуудын суут зугаа цэнгэлийг бичихдээ XXI зууны эхэн үеийн оросын баячуудын сагсуу, онгироо зангийн холимогийг үнэнээсээ гайхаж, энэ яруу алдрын яармагийг бичих болно.
РАО “ЕЭС-ийн топ-менежер Александр Честяков Эмиратад амрахаар нисэж очоод нохойгоо чартерийн онгоцоор Москва руу буцааж байсан хачин явдлын гэрч нь энэ номын зохиогч нарын нэг нь болсон билээ. Учир нь түүний нохойг Эмиратын зочид буудалд оруулаагүй бөгөөд нохойгоо шугамын онгоцоор буцаахаас тэрээр айсан юм.
Явж явж хэвийн амьдралд тийм их зүйл хэрэгтэй гэж үү ? Яагаад заримд нь, тэр байтугай орь ганц баян хүнд хувийн нисэх онгоцны бүхэл бүтэн эскадриль, усан флот хэрэгтэй байдаг юм бол ? Хэрэв тэртэй тэргүй амьдрахгүй, дээд тал нь ганц хоёрхон өдөр болох юм бол хилийн чанадад асар олон орд харш худалдаж авахын хэрэг юу байна ? Ямар нэг даруухан байшин биш, албатай юм шиг сурвалжит түүхтэй болохын тулд хэрэгтэй юу байна ?
Виктор Вексельберг Комо нууран дээрх Муссолиний хуучин харшийг худалдаж авсан, харин сэргээн засагч Новиков зэргэлдээх нас барсан загвар зохиогч Версачийн харшийг худалдаж авсан.
Бордооны “Хаан” Дмитрий Рыболовлев Дональд Трампын харшийн азтай эзнээр 100 сая долларын үнээр тодорсон.
Симон Поваркин Норманд дахь Ив Сен-Лораны хуучин “Гавриэль” шилтгээнийг авсан, энэ зугаа нь ердөө л 9,6 сая евро болсон, задгай мөнгө л гэсэн үг.
Михаил Прохоровын ажил гэхэд л тэр хямралын өмнөхөн амьдралыг дүрэлзүүлэх, урт хөлт загвар өмсөгчдөө цуглуулгын “Кристалл” шампанскаар мялааж дуулиан тарьж байсан ба (нэг лонх ийм шампанск 300 евро, дээд үзүүлэлт нь 260 лонх, энэ нь хэнд болохыг өөрсдөө бодоод үз л дээ, загвар өмсөгчдийн өртгийг энд тооцохгүй шүү дээ.) дэлхийн хамгийн үнэтэй харшийг худалдан авснаа зарласан юм.
Монако дахь бельгийн II Леопольд хааны ордны төлөө түүнээс 730 сая евро нэхсэн байна, рубль биш нь мэдээж хэрэг.
Дашрамд дурдахад энэ явдал нэр нь нууц байгаа оросын хоёр бизнесийн тэнэглэлийн дэргэд өчүүхэн явдал юм. Британийн Tne Daily Mail сонины мэдээлснээр тэдний нэг нь Сэндбэнкс гэдэг газар 10 сая доллараар тансаг байшин худалдан авснаа тэр дороо түүнийгээ нурааж, өмнөхөөсөө бүр тансаг шинэ байшин барьсан байна.
Нөгөөх нь төмөр замтай зэргэлдээ орших Монакогийн тэнд Бельвью-Сюр-Мер дэх зусланг худалдан авч гай болжээ. Галт тэрэгний шуугианд тэр нөхөр амарч чаддаггүй гэнэ. Тэрээр удаан бодсонгүй, төмөр замыг холдуулж л байвал тэрхүү төмөр замын компанийн хувьцаанд 100 сая евро зарцуулна гэдгээ зарласан байна.
Энэ хүмүүс авсандаа тэрэг чирж орж болохгүй гэдэг амьдралын гол зарчмын мартсан юм шиг байгаа юм. Бүх хүн энэ ертөнцөд нүцгэн ирж, нүцгэн буцдаг билээ.
Энэ бүх жилүүдэд засаг олигархуудын зэрлэг зугаа цэнгэлд оролцохгүй байхыг хичээж; болгоомжлолоо мартсан зарим баячуудын улс төрийн амбицийг хаягаарлаж л ирсэн.
2007 оны Думын сонгуулийн өмнө бараг эцсийн үед Сонгуулийн Төв Комисс ЛАН-ын нэрсийн жагсаалтаас хамгийн тэрслүү иргэд: Нисонов, “замчин” Армен Шагинян нарыг хасч чадсан юм. Үнэнийг хэлэхэд тэдний олон хамтрагчид бөөнөөрөө парламентад орж чадсан юм; жишээлбэл, ЛАН-д Дмитрий Свищев гэдэг депутат бий. Бид Думд түүнтэй огт тааралдаж байгаагүй, түүнтэй миллиардерүүдийн цом байнга зохиож байдаг Куршавелийн ууланд уулзах нь хавьгүй амар гэж ярилцах юм билээ.
Путин энэ галзуутай амьдралд оролцоогүй юм гэхэд наад зах нь яагаад эсэргүүцэж болоогүй юм гэж түүнийг шүүмжилж болох уу ? Тийм ч юм, үгүй ч юм. Путин гүнзгий, заримдаа хэтэрхий прагматик улс төрч юм. Түүний хувьд олигархууд аль эрт хэрэглэгдээд дууссан материал юм.
Капитал улс орныг удирддаг байсан тэр цаг өнгөрчээ. Өнөөдөр засгийн бүх эрх Кремлийг гарт байна, энэ сэдвийг нотлох шаардлагагүй гэж бодож байна.
Путин олигархуудаас улс төрийн нөлөөллийг булаан авч, тоглолтын шинэ дүрмээр тоглохыг тулгасан боловч тэднийг буланд бүрэн шахаж чадаагүй юм. Яваандаа сарних ёстой.
Тэднийг хүчээр өөр хүн болгох нь түүний хэрээс давсан ажил байлаа, зохиолчдын тухай Сталины хэлсэн алдарт үгийг дахин хэлбэл бусад олигархуудыг яаж ч чадахгүй байв.
Кремлийн ойлголтоор олигархууд бол сургуулийн амьтны буланд байгаа араатантай бараг адил юм; уудам талбайд учраа олохгүй зүтгэлнэ, тэнэг, заримдаа ярзайна, шүдээ үзүүлнэ. Хамгийн гол нь тэдэнд хоол өгөх хэрэгтэй.
Хямрал болоход бүх зүйл ойлгомжтой болсон юм. Юу ч мэдэхгүй сурагчид лугаа адил энэ миллиардерүүд Цагаан Ордон, Кремль хоёр луу төрийн дэмжлэг хүсч бөөн бөөнөөрөө гүйлдсэн юм. Мөнгийг миллиард миллиардаар нь олдог чадвараараа гайхуулж байсан оросын олигархууд үнэндээ бардан ам, шалдан гуя байлаа.
Тэдний хязгааргүй их баялаг нь зах зээлийн ерөнхий өсөлтийн үр дүн байжээ. Тэд толгой дараалан олон улсын хөрөнгийн биржид IPO гаргаад хөрөнгөө активын үнийн өсөлтөөр ихэсгэж, чингэхдээ одоо байгаа төдийгүй, ирээдүйн төслөөр барьцаалан үржүүлж байжээ.
Энэхүү олон миллиардын хөрөнгө нь Темза мөрний өглөөний манан шиг ихээхэн хуурамч зүйл байжээ. Хэдийгээр тэд барууны зээл, банкны зээл саадгүй авч байсан ч гэсэн хуурамч хөрөнгө байж.
Үүнийг учир утгагүй гэдгээс өөрөөр хэлэх боломжгүй юм. Олон жилийн турш манай Сангийн Яам гадаадын үнэт цаасаар тогтворжуулах сан байгуулсан юм. Манай оросын компаниуд үүнтэй зэрэгцэн баруунаас зээл авч байлаа: хамтын өрийн нийлбэр хэмжээ жил тутам хоёр дахин өсч байв.
2006 оны 1 дүгээр сарын 1 – 175,1 миллиард
2007 оны 1 дүгээр сарын 1 – 261,9 миллиард
2008 оны 1 дүгээр сарын 1 – 417,2 миллиард
2009 оны 1 дүгээр сарын 1 – 451,9 миллиард.
Өөрөөр хэлбэл барууны банкууд оросын бизнесийг оросын төсвөөр зээлдүүлжээ !
Хямрал болоход энэ зээлийг маш хурдан буцааж төлсөн нь өөр хэрэг юм. Тухайн 2009 оны 4 дүгээр сарын 1-нд хамтын (корпоратив) өр 278 миллиард болтлоо буурч, тасралтгүй багасч байна. (Ердөө л 3 сард Оросын бүх гадаад өрөөс давсан 174 миллиард гэх аварга их өрийг төлсөн болж таарч байна.)
Гадаад өрийг ингэж яаралтай төлсөн нь том компиудад өгсөн төрийн дэмжлэгийн ачаар олон талаар бий болсон юм.
Энэ нь байнгын маргааны сэдэв болдог, олигархуудад хүнд үед нь туслах ёстой юу, эсвэл тэд нэг нэгээрээ үхэх ёстой юу.
Энэ талаар бидэнд ч гэсэн өөрийн бодол бий: бизнест туслах ёстой нь мэдээж хэрэг. Зөвхөн Орост биш, дэлхийн бүх оронд ингэдэг. Тэдэнд хайртай болоод ингэж байгаа юм биш.
Бизнес бол зөвхөн өмчтөн хийгээд хувь нийлүүлэгчид биш юм. Энэ бол бас хөдөлмөрийн хамт олон юм. Хувийн үйлдвэрийн газрууд хот бүрдүүлэгч, бүс нутгийг тэжээн тэтгэгч болох явдал цөөнгүй болдог.
Ухаандаа Горькийн автозаводгүй бол Нижненовгород муж амьдрах бараг боломжгүй юм. Түүнчлэн Липецкийн металлургийн комбинатгүй бол Липецк боломжгүй, “Северсталь”, “Череповецийн азот”-гүй бол Вологодск муж байх боломжгүй юм.
Эгэл жирийн ажилчин, инженерүүд эздийнхээ амбицийн барьцаанд ордог юм. Харамсалтай нь энэ талаар юу ч хийж чаддаггүй юм. Наад зах нь одоо үед.
Гэхдээ ухаанаараа туслах хэрэгтэй. Жишээлбэл бидэнд улсаас мөнгө шалж байгаад авсан олигархууд яагаад нэгэн зэрэг өөрсдийн үнэтэй тоглоомоос салж чаддаггүй гэдэг нь ойлгомжгүй.
Абрамовичийг аваад үзье, “Евразийн” бүтэц (тэрээр түүний хувьцааны 36%-ийг эзэмшдэг) 2 миллиард гаруй долларын зээл авсан (“Внешторгбанк, “Внешэкономбанк”-аас) атлаа ахиад шинэ тусламж авахаар хүсч байна.
Хэрэв чи гар тосон гуйж ирсэн бол түүгээрээ явах ёстой. Гэтэл 2009 оны 3 дугаар сард хямралын ид үед Абрамовичийн компанийн нэг нь дэлхий дээр хамгийн том уулын нэвтрэх бамбайг (щит) 100 сая доллараар худалдан авчээ. Роман Аркадъевич аль эртнээс Чукотка Аляска хоёрыг холбосон туннель тавихыг мөрөөддөгийг дурдах хэрэгтэй.
(Энэ номыг хэвлэлд өгсний дараахан Абрамович хагас миллиард доллараар өмнө нь хэзээ ч үйлдвэрлэж байгаагүй хамгийн том, бараг далайн усан онгоц гэмээр 179 метрийн урттай яхт худалдаж авчээ. Түүнийг нь “Эклипс” гэх бөгөөд орчуулбал “Хиртэлт” (Нар) гэдэг бөгөөд үнэхээр хиртэлт ажээ…)
Дээр нэр дурдсан “Газметалл” компанийн үндсэн эзэмшигч, дээр нэр дурдсан Алишер Усманов төрийн зээл авмагцаа өөрийн хайртай клуб “Ливерпул”-ийн хувьцааг худалдан авчээ. Гэхдээ хямд биш, ердөө л 5 сая фунт стерлингээр авсан байна. Гэхдээ энэ бол баримт юм.
(Би “Арсенал”-д хайртай, түүний нэг ч хувьцааг зарахгүй гэж өөртөө хандсан шүүмжлэлд хариу болгож Усманов хэлсэн байдаг.)
Үүнээс жилийн өмнө 2008 оны 3 дугаар сард Усманов Лондонгийн төвд байх XIX зууны Beechwood эдлэнг эзэмших болж, хуучин эзэн Катарын эмирт энэ өгөөмөр сэтгэлийнх нь төлөө 90 сая доллар төлсөн юм.
Одоо ийм ордноос салах цаг нь мөн. Өмнөх үнээрээ биш нь ойлгомжтой. Үнэгүй шахам ч гэсэн зараад, улсад өгөөч, өрийнхөө дансаас гаргаач.
Гэхдээ зарахгүй л дээ. Өчигдрийн тансаглалаа цонхоороо чулуудах олигархуудыг ганц гарын хуруугаар тоолж болно. Жишээлбэл, “Альфа”-гийн хамтран эзэмшигч Герман Хан онгоцоо худалдсан гэж дуулдсан. Прохоров бельгийн хааны ордныг авахаа больсон. Дерипаско Черногорийн зочид буудлаасаа салахыг бодож байна. “Миракс-групп”-ын эзэн, дөнгөж өчигдөрхөн “миллиард байхгүй хүн тонилж л байг…” гэж хэлж байсан Сергей Полонский Туркэд байдаг “Сангейт Порт Роял” зочид буудлаа, бас сувдан эрэг дэх байшингаа яхттайгаа хамт зарахаа мэдэгдэв.
Үүний зэрэгцээ Полонскийн хамтрагч, “Мираксийн” санхүүгийн захирал Дмитрий Луценко гялгар сэтгүүлийн нүүрэн дээр 48 метрийн урттай яхтныхаа дэргэд зургаа татуулж, шинэ клуб нээж, амьдралын сайхныг гайхуулж байна. (Луценкогийн гайхам фото зургуудтай Tatler сэтгүүл 2009 оны 4 дүгээр сард гарсан билээ.)
Манай олигархууд хямралын хүйтэн амьсгалыг эцсээ хүртэл мэдрээгүй байна гэж бид бодож байна; алдарт Рублевк дээр бүх прогнозын эсрэгээр үнэ тийм ч их унаагүй байна, хагас сайн өдрүүдэд “Барвиха Люмксери Вилиж”-эд “Камеди Клаб”-ын концерт тасралтгүй болж байна, партерийн билет нь мянган евро хүрсээр байна. Куршавель болон бусад гайхамшигт газруудаар явахаасаа энэ хүмүүс хараахан татгалзаагүй байна.
Харин ч үзэж тарж байна:
“King Koil компанийн стенд дээрээс 50 мянган еврогийн үнэтэй дэвсгэр худалдан авсан байна. Criomec компаниас тус бүр нь 150.000 еврогийн үнэтэй крио саун авч байна. Москвагийн тансаг эдлэлийн үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр Ирланд дахь тансаг харшийг толгой эргэм их мөнгөөр худалдан авч байна. Princess шугаман загварын бусад загварт тоогоор захиалдаг 3 яхтыг худалдан авсныг компанийн төлөөлөгчид гайхаж байна. Augusta Westland нисдэг тэрэг, 600.000 еврогийн үнэтэй Helen Yarmak шуба, 100.000 еврогийн үнэтэй Collection Aleksandra мебель, тэр ч байтугай алмаз эрдэнэс шигтгэсэн хүүхдийн тоглоом зэргийг бүгдийг нь зарсан байна.
Энэ үзэсгэлэн өнгөрсөн оны (2008 оныг хэлж байна-Х.Д.Г.) төгсгөл 11 дүгээр сард хямрал ид гаарч байх үед болсныг мэдэхгүй хэн байх билээ.
Тахлын үеийн энэхүү найрт зөвхөн худалдаачид наймаачид оролцоогүйг ухамсарлахад үнэхээр харамсалтай.
Зул сарын баярын амралтаар Куршавельд олигархуудтай хамт олон түшмэд, депутатууд бүжиглэж байв. Хэд хэдэн ерөнхий сайдын орлогч бүхий десант Арабын Эмиратад ажиглагдсан байна. Шинэ жилийн дараа Ерөнхийлөгч гадаадад амрахаар явсан бүх түшмэдүүд амралтаа өнгөрөөсөн газар, гадаадад байсан хугацаа зэргээ төрийн тэргүүнд мэдээлэхийг үүрэгдсэн зарлиг хүртэл гаргав.
Олигархууд ч, улс төрчид ч хямралын үед ч гэсэн дур хүслээ хязгаарлаж, хувийн үлгэр жишээгээрээ даруу байхыг хүссэнгүй. Засгийн Газрын удирдагчдын нэг нь одоо ч гэсэн жишээлбэл, 12.000 метр квадрат талбайтай шинэ байшингаа гүйцээн барьж байв.
Сангийн мөнгийг хэмнэх тухай бараг хэн ч бодож байсангүй. Ихэнхи нь чартерийн онгоцоор нисэж байсан, ниссээр ч байв. Зарим амбан захирагчид шинэ харш бариулж, теле суваг худалдан авч байв.
Өнгөрсөн жилийн үр дүнгээр асар их бонус авсан барууны хулгайч нар шуналдаа автав, яагаад гэвэл тэдний оросын хамтрагчид ийм байсан юм.
Том монополийн хувь нийлүүлэгчид, топ-менежерүүд ямар бонус авсныг бид багцаагаар ч тааж чадахгүй юм. Лав л хэдэн арван сая доллараар яригдана.
Хэрэв Орон Сууцны Аж Ахуйн (ЖКХ) шинэчлэлд туслах Сан болон Оросын венчурын компани зэрэг хавьгүй илүү даруу бүтцийн удирдагчид онцгой даруу зангаараа ялгарч чадахгүй байгаа бол олон миллиардын хөрөнгөтэй аваргуудын талаар юу ярих билээ.
Саяхан явуулсан прокурорын шалгалтаар Орон Сууцны Сангийн удирдлагын гишүүдийн 2008 онд авсан шагналын хэмжээ 55 сая рубль болжээ. Энэ нь ойролцоогоор Еврейн автономит муж орон сууцны бүх байшингууддаа их засвар хийсэнтэй тэнцэх мөнгө зарсан гэсэн хэрэг юм.
Өнгөрсөн жил Оросын венчурын компани буюу венчурын хөрөнгө оруулалтыг дэмжих гэж байгуулсан төрийн де-факто бүтцийн зардал 290 сая болжээ. Зөвхөн ерөнхий захирал нь хоёр жилд 8,6 сая рубль авсан байна.
Эрс хэмнэлтийн дэглэмд шилжихийг шаардсан Медведевийн саяхны төсвийн илгээлт нь мэдээж сайхан амьдралаас гараагүй юм. Ерөнхийлөгчийн энэ шийдвэр хэр зэрэг биелэх нь өөрөө том асуулт юм. Тунхаглалыг хэн ч гэсэн өгч болно, гэхдээ орд харш, усан онгоцны тухай яагаад ч юм хэн ч бичдэггүй юм…
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 08 дугаар сарын 30.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

7 Responses to МИЛЛИАРД БАЙХГҮЙ ХҮН ТОНИЛЖ Л БАЙГ…

  1. Энхтөр says:

    Сонирхолтой юмаа. Гэхдээ ямар учраас гэдгийг сайн ойлгохгүй л байна. Олигархууд хүчтэй хэвээр байгаа учраас болгоомжлон түр хүлээж байна уу? Засгийн эрх баригчид өөрсдөө хувь эзэмшигч болоод хяналттай давраагаад байна уу? Нэг бол тэдний чадварыг хэрэглэдэг болохоороо толгойг нь илээд байна уу? Хятад маягаар бүс нутагт хэт их нөлөөгөө тогтоон бүр хүчирхэг болсны дараа тэднийн хазаарлах 2-р аянаа эхлэх гэж байна уу? Эсвэл тэднээр дамжуулан яваандаа хөрш улсуудынхаа ирээдүйн санхүүгийн эх үүсвэрүүдийг хяналтандаа авах гэж тэр үү? Ямар ч байсан Монголд орж ирэх Оросын дараагийн хөрөнгө оруулалтууд бүгд стратегийн шинж голлох болов уу? гэх мэт олон л асуулт байна даа.

  2. Энхтөр says:

    Бас энэ олигархи гэсэн хүмүүс ихэнх нь жүүд гаралтай гэж сонсож байсан. Израйль болон бусад гүрнүүдийн жүүдүүдийн бодлого нөлөө байдаг юм болов уу? Орос-Израйлийн харилцааны талаар би сайн мэдэхгүй юм. Лав л хүчтэй сөргөлдсөн бас хамтарсан гэх мэдээлэл өдөр тутам нэг их цацагддаггүй.

  3. bi says:

    ymar ch bsan putin huchtei uhaantai tevcheertei helsendee hurdeg jinhene udirdagch umoo oligarhiudaa yah tuhai tuunii tolovlogoond baij l bga baih mongol mini hedehen gehde oros oligarhiudiin hajuud ochuuhen humuus tegsem hirnee shunal tachaalar zeregtsen humuus mongoliin toriin tolgoid garchihaad sulidaaj uls ornoo mohol ruu chirch bn ali ch gazriin terbumtan oligarhiud huviin az jargalaa l boddog mongo biznes ni yavj l bval uls oron yah padgui bdag bololtoitiimes putin tedniig toroos hol bailgaj chadaj bn elitsin hediigeer libriali bodlogo heregjuulj bsan ch zalgamjlagchaara zov hun gargaj irsen yamar ch udirdagch huviin shunal techyalgui chin zurhneese eh oron ard tumnee hairladag baij uls oron ni bosch irdeg

  4. Anonymous says:

    Манай Монголын олигархуудын галзуурал эднээс нэг их дутахгүй дээ

  5. Dadido says:

    1. Путин анх төрийн тэргүүн болох доо “Олигархууд надтай хамтарч ажиллахгүй бол мундана” гэж хэлж байсан. Явж явж олигархууд капитализмын муу муухайг харуулсан “ханын плакат” болсон юм биш үү. Тэдний энэ үйлдэл улам бүр Путиныг алдаршуулсан мэт.
    2. Бусад хүмүүс юу гэж бодох юм бүү мэд. Оросын мафи, олигархуудын гадаад дахь хөрөнгө зүгээр л цагийн механизмтай тэсрэх бөмбөг мэт санагддаг. Энэ бүх газрууд бол ОРОСЫН ТАГНУУЛЫН ТОВЧЛОГЧИЙН ГАЗАР. Албан ёсоор Путин гадаад тагнуул, цэргийн тагнуул хоёроос гадаад орчны талаар мэдээлэл авч байгаа байх. Гэвч эрүүгийн ертөнцийнхний олж авч байгаа мэдээлэл бас л үнэ цэнэтэй байгаа.
    3. Аллен Даллес “Тагнуулын урлаг” номондоо “КГБ гийн ажилтан бол зөвлөлтийн хүний тусгай төрөл” гэж тэмдэглэсэн байдаг. Явж явж Орос орныг ядарч зүдэрсэн үед нь КГБ-ынхэн л аварч байна даа. Путин өнгөрсөн хавар ярилцлага өгөхдөө “КГБ намайг хүмүүжүүлсэн” гэж хэлсэн. А.Даллесийн үгийг баталсан мэт.

  6. иргэн says:

    Путин бага Буштэй уулзав. Буш наргиж, “Владимир Владимирович, та эртний дайсан АНУ-ын Ерөнхийлөгчийн гэрт хонохоосоо айхгүй байна уу?” гэж асуув. Хариуд нь Путин “Би ч яахав дээ, хамгийн гол нь та гэртээ КГБ-ын офицер хонуулж байгаагаасаа айхгүй байна уу?”… Энэ бол инээд биш болсон явдал.

    • Chimedee says:

      Үнэн бол Буш нойргүй хонож дээ. Хэ Хэ Хэ. Хэрэв үнэхээр ингэж хэлсэн бол манай Ринчен гуай шиг хариулж ккк

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: