Г.УЯНГА: ГАЛУУН ЦУВААНЫ ТҮҮЧЭЭ БА ОЮУ ТОЛГОЙ

Манай улс төрчид хэдэн мөр хэлхэж өөрөө өгүүлэл өгүүлэл бичиж бараг чаддаггүй юм. УИХ-ын гишүүн Г.Уянга мэргэжлээ дагаад өөрөө юмаа бичдэг цөөн улс төрчдийн нэг мөн. Түүний саяхан бичсэн энэ өгүүллийг блогтоо нийтлэхэд таатай байна…
Галуун цувааны түүчээ ба Оюутолгой
“Оюу толгой” төслийн хоёр дахь шатны буюу далд уурхайг ашиглах хөрөнгө оруулалтын асуудлыг хоёр тал шийдэх болсон талаар сэмхэн боловч углуургатай “мессеж” явсаар. Оюутолгойн гэрээ байгуулагдаад мөнгө нь ороод ирвэл л Монгол маань диваажингийн орон болно. Дараа дараагийн хөрөнгө оруулалтууд галуун цуваагаар манай улс руу цутгана гэсэн тэр үеийн эрх баригчдын үгэнд бид итгэсэн. Бид ч гэж дээ, олонх маань итгэсэн, би лав итгээгүй, тийм ч учраас Оюутолгойн шударга бус гэрээг эсэргүүцэж жагсаалаас эхлээд өлсгөлөнг хүртэл, буу барихаас бусдаар 10 гаруй жил тэмцсээр ирсэн. Өдгөө монголчууд энэ ордоосоо нэг ч мөнгөний ашиг аваагүй атлаа 34 хувьдаа зээлсэн зээлийн зөвхөн хүүгийн төлбөрт Монголын төсвөөс жил бүр 150 сая ам.доллар төлөөд явж байна. “Тэмээн дээрээ ямааны гарз” гэгчээр дээрх хүүгээс дахин хүү нэмж төлөх гэрээний заалттай гээд бод доо. Зээлийн үндсэн төлбөрөө тун удахгүй төлж эхэлнэ. Тэр үед ганц цэцэрлэг ч барьж дөнгөхөө болих байх, бид. Хөрөнгө оруулалтын гэрээ (ХОГ)-гээр баталсан 4.0 тэрбум доллар дээрээ нэмж, одоо дахин 4.9 тэрбум доллар энэ төсөлд өгөх тухай бодитой яриа явж эхэллээ. Энэ мөнгөний 34 хувь буюу 1 тэрбум 600 сая долларыг бид ахиад магадгүй, яг сая дурдсан нөхцөлөөр төлөх учиртай болохоор нухацтай хандах ёстой.
Нэг. Оюутолгойн энгийн арифметик
Би хорин мянган хувьсагчаар тоо бодож чадахгүй. Харин “Оюутолгой” ордын батлагдсан нөөцөд тулгуурлаад хэний ч бодож чадах энгийн арифметикаар тооцоо хийе. “Оюутолгой” ямар үнэ цэнэтэй орд вэ? Ордын хүдэр дэх зэсийн нөөц 45 сая тонн, алтны нөөц 1800 тонн гэдгийг “гадаад, дотоодын мэргэжилтнүүд”, мэргэжлийн эрх бүхий байгууллага албан ёсоор баталгаажуулсан. Газрын хэвлийд байгаа нөөцийн 75 орчим хувийг авч ашиглана гэж тооцъё. Тэгээд бодитой байгаа энэ баялгийг мөнгөн дүнгээр ойролцоогоор үнэлж үзье. Лондоны биржийн металл зэсийн дундаж үнэ 2014 оны наймдугаар сарын байдлаар нэг тонн нь 7004,15 доллар байна. Нэг долларын өнөөдрийн ханш 1840 төгрөг гэж тооцоод дунджаар 29 хувийн агуулгатай баяжмалд шилжүүлэхэд ойролцоогоор 434 их наяд 957 тэрбум 715 сая төгрөг. Дээр нь 1800 тонн алт, нэг унци нь 31.1 грамм бөгөөд унци алтны наймдугаар сарын дундаж үнэ 1294 долларыг төгрөгт шилжүүлж тооцоход 103 их наяд 353 тэрбум 569 сая төгрөг.
Зэс, алтны нийт орлого 538 их наяд 311 тэрбум 284 сая төгрөг болж байна. Зэсийн баяжмалд байгаа мөнгө зэрэг бусад дагалдах ашигт элементийг тооцохгүйгээр зөвхөн одоогоор мэдэгдээд байгаа хоёрхон металл-алт, зэсийг дэлхийн зах зээлийн дундаж ханшаар ойролцоогоор тооцоход л ийм дүн гарч байгаа юм. Монгол Улсын жилийн төсвийн орлого 7.0 их наяд төгрөг. Бид жилдээ 10 гаруйхан их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж амьдардаг. Энэ мөнгө бол манай одоогийн 76 жилийн төсөвтэй тэнцэж байна. Бүгдээрээ юу ч хийхгүй зэс, алтаа зарж идээд байхад л олох мөнгө гэсэн үг л дээ. 76 жил монголчууд гурван саяулаа идэх хөрөнгийг сүйтгэх гэрээ 76 хүн нийлээд хийчихжээ. Одоогийн 76 түүнийг үргэлжлүүлээд байж болохгүй учраас би үүнийг бичиж байгаа юм. Дээр дурдсан тоо баримт харьцангуй ойлголт. Үүнийг нэг дор гаргаад дээрх үнээр зарчих юм шиг ойлгож болохгүй ч энэ бол бидний барих хана, үндсэн үнэлгээ. Зэсийн үнэ өсвөл дээрх тоо улам өснө, бас нэмэлт хайгуул хийж нөөц нэмэгдвэл улам л нэмэгдэнэ. Дийлэнх тохиолдолд ордын ашиглалтын явцад анхны батлагдсан нөөц өсдөгийг нотлох жишээ “Эрдэнэт”-ээс эхлээд олныг дурдаж болно. Зах зээлийн үнэ хэлбэлздэг ч үйлдвэрлэлийн үр ашгийг хүрсэн түвшингээс нь бууруулалгүй барьдаг олон арга зам бий. Үүнийг хийж чадах чадалтай мэргэжилтэн, боловсон хүчин Монголд байж л байгаа. Дээрх хамгийн энгийн арифметикаас л Оюутолгойн бүх яриа хэлэлцээр эхлэх ёстой биш үү? Зэс, алтны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, түүнээс үүдсэн өөрийн нь үнэ цэнэ ойрын хэдэн арван жилдээ буурахгүй гэдэг нь батлах шаардлагагүй үнэн юм. Бидэнд байгаа үндсэн юм маань энэ. Тийм ээ, бидэнд шилдэг менежмент, энэ баялгаа олборлож, боловсруулах мөнгө халаасанд одоогоор байхгүй. Бидэнд төдийгүй “Туркойз Хилл”, “Айвенхоу”, “Рио Тинто”-д ч энэ ордыг ашиглах санхүүгийн бэлэн чадамж байгаагүй. Тэд манай ордоор барьцаалж дэлхийн санхүүгийн зах зээлээс өндөр хүүтэй мөнгөн хөрөнгө босгосон төдийгүй, энэ зээлээ олж ирсэн гэж дундаас нь зуучлагчийн орлого маниасаа авч байгаа. Тодорхой хэлбэл 66 хувийн эзэмшигч түнш маань 34 хувь эзэмшигч маниасаа зуучлалын хөлс авдаг. Энэ нь “Айвенхоу”, “Рио Тинто” компаниуд хөрөнгө оруулагч бус, зээл зуучлагч этгээдүүд гэдгийг харууллаа. Дүүрчихсэн “хөрөнгө ологчтой” учирчээ, бид. Хамгийн гол нь үүнийг нь мэдсээр байж зүгээр л маанайгаад суугаад байдаг дүүрчихсэн төр засагтай улс аа, бид. Бас ийм төр засгийг байлгаад, ийм хүмүүсийг сонгоод л явуулаад байдаг дүүрчихсэн ард түмэн юмаа, бид өөрсдөө. Зүй нь үндэснийхээ найдвартай компаниудад итгэл үзүүлж, тэдэнд дэлхийн санхүү, банкны зах зээлээс хөрөнгө мөнгө босгоход нь бүх талаар бодитой туслалцаа үзүүлсэн бол үүнээс хавьгүй дээр байхсан. Монгол бас ч огт туршлагагүй орон биш. Дэлхийд эхний аравт ордог зэсийн том ордыг дэлхийн хүчирхэг том гүрэнтэй хамтран байгуулж, гэрээгээр эзэмшиж өнөөдрийг хүртэл ашгийг нь хүртэж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулахад хайгуул, олборлолт, гэрээ хэлэлцээр бүх түвшинд нь ажиллаж байсан мэргэшсэн боловсон хүчнүүд өнөөдөр хувийн, хувьсгалын уул уурхайн компаниудад ажиллаж л байгаа, гудамжинд ч явж л байна. Тэднийг дайчилж ажиллуулах хэрэгтэй байсан, мэдэхгүй чадахгүйдээ тулбал олон улсын хөдөлмөрийн зах зээлээс мэргэжилтэн хөлсөлж болно. “Айвенхоу”, “Рио Тинто” олон улсын хөдөлмөрийн зах зээлээс шилдэг менежер, өндөр мэргэжлийн ажилтнуудыг гэрээний тааламжтай нөхцөлөөр урин ажиллуулж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нь зах зээлээс худалдан авч болж байхад монгол хүмүүст ийм ухаан, боломж байж л байгаа.
Хоёр. Одоо Оюутолгойд ямар үйл явц болсныг тоймолъё.
Хөрөнгө оруулагчид Оюутолгойн ордыг ашиглах талаар Монгол Улсын Засгийн газартай 2007 онд гурван үе шаттай хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчийн гэрээний төслийг тохиролцсон байна. Эдгээр гэрээний төслүүдийг УИХ-ын тогтоолын төслийн хамт тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболд, Хэрэг эрхлэх газрын даргын хамт УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд өргөн барьсан байдаг. Анхны энэ төсөлд 54 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр, ил ба далд уурхай, цахилгаан станц, хаягдлын аж ахуй, дэд бүтэц болон бусад дагалдах объектуудын хамт барьж байгуулахад 2 тэрбум 724 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг тооцож тусгажээ. Энэ үед нэг тонн зэсийн үнэ дэлхийн зах зээлд 7126 ам.доллар байв. Ингээд хоёр жилийн дараа буюу 2009 онд зэсийн үнэ 5149 болж 2000 доллараар уначихаад байсан үед хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж гарын үсэг зурахдаа 2007 онд тохиролцсон дээрх 2.7 тэрбум долларын хөрөнгө оруулалтын хэмжээг бараг хоёр дахин өсгөж 5.1 тэрбум болгосон юм. Дэлхийн зах зээлд эрчим хүчний болон металлын үнэ уналттай байсан үед хөрөнгө оруулалтыг бараг хоёр дахин өсгөсөн шалтгаанаа гэрээ байгуулагчид өнөөдрийг хүртэл тайлбарлахгүй байна. Ард иргэд байтугай УИХ-ын гишүүн би хүртэл энэ асуудлаар тодруулга авах зорилгоор хандах ёстой газар хаана л байна, бүгдэд хандсан ч юу ч олж сонсоогүй өдий хүрлээ. Энэ бол бидний хариулт нэхэх ёстой эхний маш том асуулт.
Дараагийн асуулт. 2.7 тэрбумаа асуулт болгож үлдээгээд нэгэнт гарын үсэг зурсан ХОГ-д байгаа 5.1 тэрбум долларын тухайд одоо ярья. Монгол Улсын эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн протоколдсон “Оюутолгой” ордыг ашиглах ТЭЗҮ-д тусгасан хөрөнгө оруулалтыг харцгаая. Ордыг ашиглах нийт хөрөнгө оруулалт 5 тэрбум 124 сая ам.доллар. Үүнд:

1.Ил уурхайд 278 сая доллар
2.Далд уурхай 1512 сая доллар
3.Дэд бүтэц 646 сая доллар
4.Баяжуулах үйлдвэр 832 сая доллар
5.Цахилгаан станц 460 сая доллар
6.Шууд бус зардлууд 228 сая доллар
7.Эзэмшигчдийн зардал 176 сая доллар
8.Хаягдлын аж ахуй 261 сая доллар
9.Валютын ханш ба тооцоолоогүй зардал 438 сая доллар
10.Зардлын болзошгүй өсөлт 293 сая доллар
11.Байгаль орчин ба хаалтын зардал 2 сая доллар

Дээр дурдсан зардлуудаас эзэмшигчдийн зардал, валютын ханш ба тооцоолоогүй зардал, зардлын болзошгүй өсөлт гээд нийт 907 сая доллар хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 17.5 хувийг эзэлж байна. Дээрх дүнгээс цахилгаан станц барих зардал бас хасагдаж таарна. Учир нь Тавантолгойд цахилгаан станц барих томоохон төслийн ажлыг эхлүүлээд байгаа ба эндээс гарах цахилгааны гол хэрэглэгч нь “Оюутолгой” гэж тооцож байгаа. “Оюутолгой”-той хөрөнгө оруулагчийн биш хэрэглэгчийн түвшинд яриа хэлэлцээр явж байгаа билээ. Нийт хөрөнгө оруулалтад валютын ханшийн өөрчлөлтөөс эхлээд учирч болзошгүй бүхий л эрсдэлийг тооцоод, ил уурхай ашиглахаас эхлээд далд уурхайг ашиглах, дэд бүтцийг бий болгох баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барих, уурхайгаа хаах хүртэл бүх зардлыг багтаасан байгааг харж байна. Энэ бүхнийг нэг хүн цээж тооцоогоор хийгээгүй нь лав.
Биднээс хамаагүй туршлагатай манай түнш хөрөнгө оруулагчид “Оюутолгой” ордын геологийн нөөцийг хянуулж, ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийн тулд 2006 онд “Өмнөд Оюутын ордын ил аргаар ашиглах хэсгийн эдийн засгийн үр ашгийн урьдчилсан тооцоо”-г, “Далд аргаар ашиглах Хюго Дамметийн ордын хойд, урд хэсгийг оролцуулсан өргөтгөсөн тооцооны хувилбар”-ын хамт анх Канадын АММЕК, Австралийн МИНПРОК мэргэжлийн компаниудаар хийлгэжээ. Мөн Оюутолгойн ордыг нийтэд нь ил ба далд аргаар ашиглах ТЭЗҮ-ийн эцсийн хувилбарыг зэс-алтны бүлэг ордын батлагдсан нөөцөд тулгуурлан дээрх компаниудаар 2007-2008 онуудад хийлгэсэн байна. Дээрх туршлагатай, хөрөнгө оруулагчийн өөрсдийн нь сонгосон компаниудын нийт гурван жилийн турш хийсэн тооцоо буюу ТЭЗҮ-ийн эцсийн хувилбарыг Монголын эрдэс баялгийн зөвлөлд 2010 оны нэгдүгээр улиралд оруулан хэлэлцүүлж протокол гаргасан юм. Харин одоо яагаад далд уурхайн ажлыг эхлүүлэхийн тулд нэмээд 4.9 тэрбум доллар шаардлагатай болов? Ямар зардал тэгж их нэмэгдэв? Үүний 34 хувийг бид төлөх учраас асуух, маш тодорхой хариулт авах эрхтэй төдийгүй хожим энэ өрийг нуруундаа үүрэх гэж байгаа тул, үр хойчистоо үүрүүлэх гэж байгаа учраас чангаар асуух үүрэгтэй юм. Хоёр дахь энэ асуултдаа хариулт нэхэж байна.
Гурав. Бид ойлголцохын тулд зөрүүтэй тоонуудыг нэг мөр болгох зайлшгүй шаардлагатай. Ингэхгүйгээр хамтарсан ганзагын наймаа ч цаашаа явахгүй шүү дээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд Оюутолгойн ордын хайгуулд ойролцоогоор нэг тэрбум ам.доллар зарцуулсан гэж тусгасан боловч “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-ийн гаргасан тооцоогоор 171.7 тэрбум төгрөг, үүнээс өрөмдлөгийн ажил 74 тэрбум 867.9 сая төгрөг, лабораторийн ба туршилт шинжилгээний ажилд найман тэрбум 929.5 сая төгрөг, дээжлэлтийн ажилд 3.0 тэрбум төгрөг зарцуулсан гэж хайгуулын ажлын үр дүнгийн тайланд тусгажээ. Дээр дурдсан гурван төрлийн ажлын нийт дүн дөнгөж 86.8 тэрбум төгрөг болж, хайгуулын зардалд гаргасан гэж мэдээлсэн дүнгээс 84.9 тэрбум төгрөг дутуу байна. Энэ бүхнийг баримтаар баталгаажуулан нотлох ёстой.
Мөн “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын 2.0 тэрбум долларын хэтрэлтийг шалгахаар Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар Ажлын хэсэг байгуулагдаж жил гаруй ажилласан боловч уг шалгалтын дүн Монголын олон нийтэд ил болоогүй байна. Тэр байтугай УИХ-ын гишүүдийн гар дээр ч ирээгүй байна. Үүнийг тов тодорхой болгох ёстой. Дээрх мөнгөнүүдийн дэргэд бага мэт боловч татварын 130 сая долларын өрийн тухайд “Рио Тинто” жудагтай байж, өрөө төлөх ёстой. Монголчууд 100 жил амьдрах хөрөнгөө хэт давуу бололцоо олгож ашиглуулахдаа өөрсдөө хүүтэй мөнгө зээлсэн байхад 130 сая долларын татварын өрөө төлөхгүй арбитрын шүүхэд хандана гэж гомдоллох нь ийм том компанийн хувьд ичгүүртэй хэрэг биш үү?
Түүнчлэн гарын үсэг зурж баталгаажуулсан ХОГ-нд анхны хөрөнгө оруулалт 4.0 тэрбум гэсэн бол Эрдэс баялгийн зөвлөлийн хүлээж авсан ТЭЗҮ-д 5.1 тэрбум доллар байгаа. Энэ хоёр тооны алийг баримтлах вэ?
Дээрх маш тодорхой асуултуудад маш тодорхой хариулт эхлээд авсны дараа дараагийн асуудалдаа орох ёстой юм. Тэгэхээр төслийн гацалт Монгол талд байна уу, эсвэл нөгөө талд байна уу! Ерөнхий сайд “Төслийн хөрөнгө оруулалтыг бид шийдэхэд бэлэн байна” гэсэн үгээ яг энэ агуулгаар хэлсэн бол зөв. Ер нь нэмж хөрөнгө оруулах хэрэгтэй бол бид зөвшөөрнө гэдэг агуулгаар хэлсэн бол маш том улс төрийн хариуцлага хүлээх ёстой болно.
Тэд Монголыг ойлгож болохгүй юу?
“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт зогссоноос болж өнгөрсөн жилийн төсвийн орлогоос 480 гаруй тэрбум төгрөгийг хасаж тооцсон. Энэ хэмжээгээр бид бүсээ чангалсан, цэцэрлэгийн хүүхдийн хоолыг, бас багшийнх нь цалинг нэмж чадаагүй. Шинэ цэцэрлэг барьж чадаагүй учраас хүүхдүүд гэртээ, аав ээж нь хүүхдээ харж ажилгүй хэвээр үлдсэн юм. Яг энэ асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг “Оюутолгой”-н ТУЗ-д Монголыг төлөөлж байгаа Да.Ганболдоос Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Уул уурхайн сайд болон холбогдох хүмүүсийг байлцуулан асуусан билээ.
Тэгэхэд хөрөнгө оруулалтын зардал яагаад хэтэрснийг наад захын жишээгээр тайлбарлахдаа “Оюутолгойн эрхтэн тушаалтан, гадаад захирлуудын эхнэр хүүхэдтэйгээ бизнес ангиллын онгоцоор дэлхий хэрэн зугаалж, өдрийн 5000 долларын үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудалд байрладаг нь ч төслийн хөрөнгө оруулалтад орсон. Ядарсан бидэнд бол энэ нь хүлээн зөвшөөрч болмооргүй санагдана, гэвч бид бас байнга том мөнгөтэй харилцдаг, том хөрөнгө оруулагчийн түвшний өндөр зэрэглэлийн хүмүүсийн соёлыг ойлгож сурах ёстой юм билээ” гэж хариулж суусан “монгол” хүнийг хараад дотор давчдаж билээ. Энэ бүхний 34 хувийг монголчууд өндөр хүүтэй зээлээр төлж байгаа. Тэгье, бид тэднийг ойлгоё. Ойлгоод ч тэр бүхний нь 34 хувийг төлж ч байна. Харин яагаад тэд биднийг ойлгож болдоггүй юм бэ?
Монголын хүүхдүүд цэцэрлэггүй, 25 хүүхэд явах ёстой ангид 45 хүүхэд агааргүй чихэлдэж байгааг, сарын 400 мянган төгрөгийн цалинтай багш 40-50 хүүхэдтэй өдөржин ажиллаж байгааг, хорт утаанд тэр аяараа хордож өвчилж байгааг, эмнэлэг хүрэлцээгүй, үйлчилгээ нь муугаас хүмүүс үхэж байгааг, төрөх эмнэлгийн шалан дээр хүүхдээ тэвэрсэн нялх биетэй эх унтаж байгааг яагаад тэд ойлгож болохгүй гэж? Үүнийг ойлгуулж чадах монгол хүн энэ төрд өнөөдрийг хүртэл байхгүй байна гэж үү? Энэ эрх ашгийг өөдөөс нь ярьж ойлгуулж чадах монгол хүнээр энэ компанид монголчуудыг төлөөлүүлж болохгүй гэж үү? “Оюутолгой”-д Монголын эрх ашгийг хамгаалахад англи хэлтэй, гадаадад сургууль төгссөн хүн хэрэггүй, Монголоо мэддэг, монголчуудаа ойлгодог, энэ улс орон, ард түмэн, үндэстний эрх ашгийг хамгийн түрүүнд ойлгож мэддэг, хамгаалж чаддаг хүн л хэрэгтэй байна.
ГАЛУУН ЦУВААНЫ ТҮРҮҮЧ БУЮУ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ГЭЖ ХЭН БЭ?
Оюутолгойгоо дараад хэвтэж байя, хөрөнгө оруулагчийг нь хөөгөөд гаргачихъя гэсэн хүн өнөөдрийг хүртэл нэг ч байгаагүй, хойшид ч байхгүй. Яг дээрх эрх ашгийг ярьсан хүнийг баялгийн үндсэрхэгч, популист гэх мэтээр зориуд зохион байгуулалттай гуйвуулан доромжилж, зарим нэг нь хөрөнгө оруулагчийг хөөлөө, эдийн засгийг сүйрүүллээ гэх аястай зүйл ярьж, нэг их ухаантны дүрийг эсгэхийн оронд дээр дурдсан тоонуудын эсрэг, Монголд ашигтай байж болох тоонуудаа, баримтуудаа гаргаж тавих хэрэгтэй. Хөрөнгө оруулагч гэж цэцгэн дээр суусан үргээж болохгүй эрвээхий биш. Үүнийг дашрамдуулан хөрөнгө оруулагчийн тухай хэдэн үг хэлмээр санагдана.
Хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуульд “Хөрөнгө оруулалт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг, хөрөнгө оруулагч гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчийг, гадаадын хөрөнгө оруулагч гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн (Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэнийг) гэж томъёолжээ.
Гэтэл амьдралд юу болдгийг энэ хуулийн үг, өгүүлбэртэй харьцуулж бодоцгооё. Өнгөрсөн хавар долларын ханш галзуурч монголчуудыг тэр аяар нь сөхрүүлэв. Засаг нь ч дэнжигнэв. Юунаас болов? Хөрөнгө оруулалт багассанаас, хөрөнгөө бариад монголчуудад өгөх гээд хүрээд ирсэн хүмүүсийг муухай популистууд үргээж хөөснөөс болсон гэж амтай бүхэн цэцэрхэв. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт гацахад л Монголд үзүүлж байгаа нөлөө нь аймшигтай байв. Ноён доллар популистуудаас айгаад орж ирэхээ байсан учраас үнэ нь тэнгэрт хадаж, амьдрал нь доллараас хамааралтай болсон монголчуудыг ниргэх шахав.
Гэтэл та нар төсөөл дөө, мөнөөх бидний амьдралыг атгаж байдаг “Оюутолгойн хөрөнгө оруулалт” гэж зарим хүний нэрлээд байгаа мөнгө Монголын банк санхүүгийн байгууллагаар дамждаггүй, бидэнд огт хүртээлгүйгээр гадагшаа гарч байдаг. Өөрөөр хэлбэл долларын ханшийг барьж, төгрөгийн ханшийг тогтворжуулахад өчүүхэн төдий ч нөлөө үзүүлдэггүй. Гаргасан баяжмалаа ч Монголын нутаг дэвсгэрт хадгалдаггүй, хилийн цаана агуулахад хадгалдаг. Монголын дэлгүүрээс нойлын цаас худалдаж авдгаа, С.Баярцогтын гуанзнаас будаатай хуурга авч монголчуудыг хооллодгоо, хэдэн монгол хүнд сарын цалин өгснөө, дэлхийн хаана ч өгөх л ёстой татвараа төлснөө Монголд хөрөнгө оруулчихлаа гэж ярьж болохгүй баймаар. Доромжлол гэхэд зөөлдөм.
Хаана ч өгдөг татвараа бидний ашиг мэтээр ярих нь биднийг дэндүү доромжилж байгаа хэрэг бус уу? Наймаачин хүн бараагаа зарчихаад олсон бүх орлогоо ашиг гэж тооцдоггүй байх. Орлогоосоо лангууны түрээс, татвар, худалдагчид өгсөн цалин, барааны эргэлтийн үнэ, явсан замын зардал, идсэн хоол энэ тэрээ хасаад үлдэж байгаа мөнгө бол ашиг гэдгийг Монголд захын хүн мэднэ.
Бас нэгэн жишээ. Газрын тосны тухай хууль дуншиж дуншиж хаврын чуулганаар батлагдсан. Х.Болорчулуун гишүүний ахалсан ажлын хэсэг энэ хуулийг ихээхэн сайжруулсны нэг заалт нь тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөний урсгалыг Монголын банк санхүүгийн байгууллагаар заавал дамжуулах заалт байв. Энэ хуулийг МАНАН нийлж 50:50 гэсэн саналын харьцаатайгаар унагаад дахин Ажлын хэсэг байгуулсныг Ц.Нямдорж гишүүн ахлав. Гэтэл тэрбээр хамгийн чухал энэ заалтыг хасаад уг хуулийг оруулж ирсэн бөгөөд гишүүдийн олонх мөн л батлаад явууллаа. МАНАН арилаагүй байна. Бид МАН, АН хоёр хамтарч Засгийн газар байгуулахаараа л МАНАН болно, хамтрахгүй бол МАНАН арилна гэж хэт өнгөц бодож байжээ. Энэ МАНАН тийм ч хялбар сарнихгүй маш өтгөн, зузаан МАНАН байжээ. Өнгөрсөн 24 жилийн турш халаас, эрх ашгаараа сүлбэлдсэн, алдаагаараа бие биеэ сүлбээрдсэн, бидний бодсоноос хамаагүй өтгөн МАНАН байгааг бид өглөө босмогцоо санах ёстой ажээ.
МАН “Долларын ханшийг галзуурууллаа, Засгийн газар огцор” гэх мөртлөө ийнхүү хоёул хамтран яг ярьсныхаа эсрэг зүйлийг хийсээр байгаагийн цаад учир дээрх МАНАН-д л байна. Популизм гэж чухам яг л үүнийг хэлдэг билээ. Популист гэж ийм хүмүүсийг, ийм намыг хэлдэг билээ л уг нь.
Мөнөөх үргэж ниссэнээс нь болоод доллар галзуураад байдаг “Хөрөнгө оруулагч” гэж хэн бэ гэдгийг маш тодорхой ойлгож томъёолохгүй бол хуулийн дээрх тодорхойлолт амьдралтай нийцэхгүй байгааг бид сая мэдлээ. Халаасандаа мөнгөтэй шар толгойтой хүн болгоныг хөрөнгө оруулагч-эрвээхий гэж энхрийлэхээ больцгооё. Үнэхээр л хөрөнгө оруулалт төгрөгийн ханшид нөлөө үзүүлж байгаа хамгийн чухал хүчин зүйл мөн юм бол яг үүнтэйгээ уяж хөрөнгө оруулалтыг тодорхойлох хэрэгтэй юм байна. Миний бие хууль санаачлагчийн хувьд хөрөнгө оруулалтын тухай хуульд яг ингэж өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барих болно. Ингээд “Оюутолгой” төслийг гүйцэтгэгч компани ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ мөн үү? гэж дахин өөрсдөөсөө асууя.
Нэг. Монголчууд ордоо хамтран ашиглахын тулд 1.7 тэрбум долларыг 6.5 хувийн хүү (бас хүүгийн хүү тооцож авдаг)-тэй зээлсэн.
Хоёр. Тус компанийн 2009 оноос хойших зээлийн хүү нь 500 сая долларт хүрсэн ба үүний 34 хувийг бид төлж эхэлсэн.
Гурав. Оюутолгойн толгой эргэм тэр их мөнгө, баяжмалыг зарсан мөнгө Монголын банкаар дамждаггүй буюу валютын ханшийг тогтворжуулахад ямар ч нөлөө үзүүлдэггүй.
Дөрөв. Хамгийн том хөрөнгө оруулагч гэж үздэг энэ компанийн ямар нэг үйл ажиллагаа тасалдахад Монголын төсөв хямардаг учраас бид зөвхөн энэ компаниас хараат шахам болсон. Галуун цувааны түүчээ галуу нэг иймэрхүү л байна. Эхний галуу ямар байна, дараагийн галуу түүнээс дутуугүйг шаардана. Ийм галууны цуваа орж ирвэл бид үлдэх болов уу? Ийм галуу цуваагаараа бүү орж ирээсэй.
Ийм саналууд байна…
Нэг. Дээр дурдсан маш тодорхой асуултуудад тов тодорхой хариуг бид авах ёстой. Үүнийг Монголын ард түмний нэрийн өмнөөс би нөхдийн хамт нэхэх болно. Үүний дараа дараагийн асуудал цэгцэрнэ. Энэ төсөл цаашид зөв, эрсдэлгүй, хэн хэндээ ашигтай явахын тулд зөв дэс дараалал хэрэгтэй бөгөөд хамгийн эхнийх нь дээрх асуудлууд бүрэн зөв, нотолгоотой тов тодорхой хариутай болох.
Хоёр. Галуун цувааны эхнийх нь “Оюутолгой” төсөл. Энэ төслийн үйл явц, ээдрээ маргааны талаар дараагийн галуунууд үнэн зөв мэдээлэлтэй байх нь маш чухал. Монголын Засгийн газар, монголчуудын эсрэг чиглэсэн “РиоТинто”-гийн мөнгөөр зодсон зорилготой суртал нэвтрүүлгийг эсэргүүцэх их мөнгө бидэнд байхгүй. Тиймээс бид энэ төслийн бүх үйл явцыг түүхчилсэн цахим хуудас нээж, түүнийгээ дэлхий нийтэд зарлая. Үүгээр дамжуулж бүх мэдээллийг ил тодоор гадаад, дотоодын олон нийтэд хүргэе. Хөрөнгө оруулагч буруу мэдээллээс болж үргэж байгаа гэж дуу дуугаа авалцан байнга хашгирцгаадаг. Гэтэл аманд нь бэлэн байгаа баялгаас үргэдэг хөрөнгө оруулагч гэж байхгүйг хэн ч мэднэ. Монголын ард түмэн, Засгийн газар хөрөнгө оруулагчийг үргээдэг муухай хүмүүс биш ээ, зөвхөн шударга байдлыг шаардаж байгаа гэдгийг дэлхий нийтэд ойлгуулахад их мөнгө хэрэггүй. Албан ёсны мөнхүү цахим хуудсаа Монголын Засгийн газар зарлахад, дэлхийн бүх гол мэдээллийн агентлагуудтай харилцаатай цорын ганц төрийн мэдлийн мэдээллийн хэрэгсэл “МОНЦАМЭ” агентлагаар дамжуулан дэлхийн бусад агентлагуудад мэдээллээ түгээхэд л хангалттай.
Гурав. Үүний өмнө бид, монголчууд “Оюутолгой”-н талаар байр сууриа нэгтгэх нь юунаас ч чухал бөгөөд бид хамтарвал үүнийг сайжруулж чадна. Гэвч миний л мэдрэмжээр энэ нь их хүнд болчихсон байж мэднэ. Бусдад найр тавьж, хөрөнгө оруулалтыг нь тэрбум тэрбум доллараар нэмсэн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүн нь цөөн боловч тэд зөвхөн нүүр нь болсон хүмүүс. Үүнийг бүхэл бүтэн бүлэглэл хийсэн. Энэ гэрээг нураавал бүгд илчлэгдэнэ. Үүгээрээ барьцаалагдсан ч биз. Биднийг популист, хөрөнгө оруулагчийг үргээгч, 20 мянган хувьсагчтай тоо бодож чаддаггүй гудамжны боловсролгүйчүүд гэж хэлэх нь ердөө л үүнийх нь халхавч болохоос асуултын хариу биш юм. Барьцаа лавшруулан ашгаа нэмэхийн тулд хөрөнгө оруулалтыг нэмнэ хэмээн монголчуудыг Засгийн газартай нь шахаанд хийсээр байна. Гэрээг зурсан хүмүүст улс төрийн хатуу хариуцлага тооцвол бид барьцнаас мултарна. Ичсэн хүн хүн алахын үлгэрээр хэдэн хүний авлига хаацайлах гэж бид улам улам өрөнд орж болох уу? Нэрэлхүүгээсээ болж амьддаа төлж барахгүй өрөнд орох уу, үүний оронд ерөөс Оюутолгойг зарахгүй бол монголчууд турж үхчихгүй нь ойлгомжтой тул хэрэв “Рио Тинто” хариуцлагатай, шударга хандаж чадахгүй бол алдагдлаа бага дээр нь зогсоох уу?
Мөлжүүлснээс үргээсэн нь дээр!
Бид дэлхий нийтэд мэдээллээ ил тод, шударга түгээх л ёстой. Энэ бол хэцүү биш, их мөнгө шаардах ажил ч биш. “Рио Тинто” гараад явчихлаа гэвэл түүний орыг эзлэх тулаан өрнөнө үү болохоос “Рио Тинто”-г дагаад хуйларч зугтаана гэж байх уу? Тэртэй тэргүй “Рио Тинто” Монголд ноёрхохын тулд бусад хөрөнгө оруулагчдыг үргээх ажлыг хийж байгаа. Монголыг муухай харагдуулж, бусдыг үргээе гэдэг бол тэдний л хүсэл. Дээрх баримтуудад дурдсанчлан “Рио Тинто” шударга бус байгаа учраас энэ төсөл явахгүй байгаа юм. Зөв шударга байж чадвал мөнгө хийх бололцоо Монголын Оюутолгойд байна.
Эцсийн дүндээ ийм байдалд хүргэсэн төр, ийм гэрээ хийсэн хүмүүс буруутай. Бид өнөөдөр “Рио Тинто”-г хараахаас урьтаж өөрсдийнхөө сонгосон хүмүүсийг, ерөөс өөрсдийгөө ямар байгааг тольдох хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид бол биднийг хөгжүүлэх баяжуулах зорилготой энэрэнгүй исүс, будда, Тереза эхүүд биш, цэцгэн дээр суусан үргээж боломгүй хөөрхөн эрвээхий бүр ч биш. Тэд зүгээр л ашигтай төсөлд мөнгөө хийж үржүүлэх гэж ашиг олз хайж яваа л хүмүүс. Тэд ухаантай. Өөрийгөө үнэлдэг, эрх ашгаа мэддэг, хамгаалж чаддаг хүмүүстэй яаж ярихаа тэд мэднэ. Улсаа дорд үзсэн, эрх ашгаа ойлгож мэддэггүй, хамгаалж ч чаддаггүй, дээрээс нь мөнгөнд оосорлогддог хүмүүстэй яаж ярихаа, тэднээс юуг яаж салгахаа, барьцаа яаж лавшруулахаа бас мэддэг тийм л хүмүүс.
Наймааны англи хэлээ боловсрол гэж андуурсан, мөнгө цаасыг бүхнийг хэмжих үнэ цэнэ, зорилго болгож хувиргасан, үндэснээсээ, уг сурвалжаасаа хэт холдож дархлаагүй болсон тархиа неолиберал суртлаар угаалгаж машиндуулсан хүмүүс үүний эсрэг зогсох хүч байж чаддаггүй юм байна. Харин ч “үзэл бодлынхоо төлөө” нэрээр нөгөө талдаа үйлчилдэг, тавдугаар цуваа үүсгэдэг юм байна.
Эцэст нь энхрий хайрт ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ-даа хандаж хэлэх хэдэн үг байна. “Та нарын өөрсдийн сонгосон компаниар өөрсдийн чинь хийсэн ТЭЗҮ-ийг авлигадсан хүмүүс чинь хүлээн зөвшөөрч батлаад ажил эхлүүлсэн. Одоо наад мөнгөндөө багтаагаад ажлаа хийвэл хий, бид нэмж алдаж чадахгүй. 2009 оны аравдугаар сарын 6-нд албан ёсоор баталгаажуулсан тохиролцооныхоо хүрээнд төсөлд тусгасан бүх объектуудаа бүрэн дуусга. Хэрэв далд уурхайн хөрөнгө оруулалтыг нэмэх тухай ярьж эхэлж байгаа бол ХОГ болон хувь нийлүүлэгчийн гэрээг үндсээр нь эргэж харах зайлшгүй шинэ нөхцөл үүснэ. Нэг нь байшин зарна, нөгөө нь авна гэж тохиролцож гэрээ байгуулчихаад, маргааш нь “Ерөөсөө би байшингаа чамд 100 саяар өгөхөө болилоо, 300 саяар л өгмөөр байна” гэвэл гэрээ хэлцэл бүх зүйл шинээр эхэлнэ, эсвэл ерөөс наймаа тэр чигтээ зогсоно биз дээ.
Үүний өмнө дээрх асуултуудад дэлхийд тэргүүлэгч компанийн хувиар, соёлт хүмүүсийн ёсоор хариу өгөх ёстой. Ер нь шударга харилцаа бол юутай ч зүйрлэшгүй, юугаар ч хэмжиж болохгүй хамтын ажиллагааны хамгийн чухал үнэт зүйл. Хэн нэг монгол хүнийг худалдаж авсан бол бүх монгол хүнийг худалдаж авч болно гэсэн үг ерөөс биш. Монголчууд бол шударга хандлагын хариуд шударга хандаж чаддаг ард түмэн. Дээрх ээдрээтэй асуудлуудад цэг тавьсны дараа л сая бидний хамтын ажиллагаа цэцэглэж хэн хэндээ хэрэгтэй, харилцан ашигтай хамтран ажиллаж чадна гэсэн итгэл надад байдаг. Хэрэв мөлжлөгөө үргэлжлүүлнэ гэж байгаа бол үргээлгэндээ гарсан нь бидний хувьд зөв сонголт болно.
“Оюутолгой” төслийн талаар миний тов тодорхой байр суурь ийм байна.
УИХ-ын гишүүн Г.УЯНГА.
2014 оны 9 дүгээр сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

11 Responses to Г.УЯНГА: ГАЛУУН ЦУВААНЫ ТҮҮЧЭЭ БА ОЮУ ТОЛГОЙ

  1. dk says:

    zuw asuudal bna, Uyanga gishuuniig demjij bnaa

  2. Эрдэнэбатын Эрдэнэсүх says:

    Илүү хэтрүүлсэн 2 тэрбум долларыг манай новшнууд гадны новшнуудтайгаа нийлээд хуваагаад идсэн юм байна л даа. Энэ нь өдөр ирэх тусам улам тодорхой болоод байх шиг. Хэрэв энэ нууцыг нь риогоос задалбал бараг иргэний дайн болох байлгүй. Манай новшнууд гадны новш нартаа маш чанга хөдөлж чадхааргүй бөлдөгөө базуулждээ янз нь. Тиймдээ л одоо хүртэл хэдхэн энгийн асуудлыг шийдэж чадахгүй байх юм даа.

    • монголойд says:

      баярцогтын мартдаг сая долларыг сануулдаг чинь бусдад нь өгч байгаа анхааруулга шүү дээ.

  3. монгол says:

    1990 оноос хойш Монголд тусгаар тогтнол гэх юм огт үгүй болсныг, оросууд биднийг ийм цөөврүүдээс хамгаалж байсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Зөвхөн зэвсэгийн хүчээр тусгаар тогтнолыг байлдан олж авдаг, хамгаалж хямгадаж байдаг. Бусад нь хоосон үг хулхи яриа…. Барууны хөрөнгө оруулагчид гээд бгаа цагаан арьст цөөврүүд ер нь бусдыг бидний монголчуудыг хүн гэж тооцдоггүй юм аа. Иймд тэдний хувьд хүн биш-ноход хуцаж л байдаг, тэд баялгийг нь дээрэмдэж л байдаг… Тэмцэгчийн хулхи дүр эсгэгчид хэн бэ !!!???????

  4. би says:

    Баабар л үүнд буруутай

  5. хс says:

    Wow bravo.. Гоё бичжээ. Тун зөв зүйтэй санал байна. Оюу толгой мөнгийг арай л дэндүү баруун солгойгүй цацаж дуусгасан нь үнэн шдээ. Тэдэнтэй харилцдаг наад захын хүн ч мэдэхээр байсан. Гадаад мэргэжилтнүүд нь тэндээ ажиллдаг байжийж энд УБ-т маш өндөр үнээр орон сууц түрээслээд л…. За Доричуудын нүүдлийн харах л үлдэх шив

  6. Anonymous says:

    ГОЁ
    Сайхан болоод явчлаа.

  7. Nimka says:

    Tiimee mash zov demjij bn

  8. Hr says:

    Н. Энхбаярын гадаад орогнолын талаар
    ЭНЭ ОТ-ийн далд уурхай ажиллахгүй байгаа гэдэг нь тухайн үедээ АМ компанийн хорт хочит Боб тэзү хийлгэсэн явдал байгаа юм.Үүнийг нь РИО сонирхоно гэж тэд огтхон ч төсөөлөөгүй биз. Тиймээс тэр үедээ худлаа гаргасан нөөцийн тайлангуудаа одоо нөхөж гаргах гэж хайгуулын нэмэлт зардлыг авахаар нэмж 4,9 миллиард доллар гаргуулааар улайран ажиллаж байна. Хайгуул хийхээр нөгөөх нь батлагааждаг юм биш л дээ, азаа үзэх гэж байхгүй юу, нөхөд.
    ОТ-н далд уурхайн нөөц гэж ёстой дуулаагүй юм байна, алив тэр зураг нь хаана байна, гаргаад ир л дээ?
    Одоогоор удааж байгаа ганц л шалтгаан байна, тэр дүгнэлт гаргадаг байгууллагууд алга болохыг хүлээж хариуцлага тооцох эзэнгүй болгох гэж байгаа юм.
    Н. Энхбаяр харин энэ бүхнээс хол байх нь зүйн хэрэг биз.

  9. bat says:

    mash zuv,Uyanga gishvvniig demjij bna

  10. Anonymous says:

    Saihan heljee gevch iim bodoltoi hun deer her olon bol

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: