ГАДААД ДОТООДОО ЯЛГАХАА БОЛИВОЛ…

Ноён Н.Алтанхуяг “ид шидэт” бүтцийн өөрчлөлтөө танилцуулж эхлэв. Түүнийг бүхэлд нь ярих дур сонирхол алга. Яагаад гэвэл угаасаа утгагүй юмыг ярихад утгагүй л байдаг. Харин бүр илүү тэнэгтэж, дэлхийд хаа ч байхгүй зарчим гарган ирж байгаа гол тэнэглэлийг хөндөх гэсэн юм…

Төрийн систем хийгээд түүний гадаад дотоод бодлого
Аливаа төрийг систем гэж үзвэл түүний үйл ажиллагааг гадаад дотоод гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваана. Систем нь орчинд байна. Монгол Улс олон улсын дунд оршино. Энэхүү орчин уг системд таатай, таагүй нөлөө үзүүлнэ. Үүнийг зохицуулах гэж гадаад бодлого байна. Энэ нь тухайн улсын дотоод бодлогоос урган гарна.
Тэгвэл дотоод бодлого бол нийгмийн системийнхээ тогтвортой, аюулгүй, давшингуй хөгжлийг хангах гэж дотооддоо явуулж буй үйл ажиллагааг хэлнэ. Монгол төрийн цорын ганц үүрэг бол нийгэм, үндэстнийхээ амгалан тайван, аюулгүй, элбэг хангалуун амьдралыг зохион байгуулах явдал болно. Энд гадаад болон дотоод бодлого ихээхэн нөлөөтэй. Нөлөөтэй гэдэг нь энэ хоёрыг холино гэсэн хэрэг огт биш.
Хэрэв төрийн бодлогыг харьцангуй бие даасан зүйл гэж үзэх ахул гадаад бодлого дотоод бодлогоосоо урган гардаг. Энэ бол дэлхийн бүх улсад байдаг, хатуу хэрэгжүүлдэг зарчим.
Дотоод бодлого маш олон янз. Эдийн засгийн, цэргийн, соёл-урлагийн, боловсролын, эрүүл мэндийн, нийгмийн, шинжлэх ухаан-техникийн гэх мэт. Эдгээр дотроос эдийн засгийн бодлого ихээхэн чухал боловч бусдыгаа орлохгүй. Наад зах нь бусадтайгаа уялдаа, зохирол, зохицуулалттай байж хөгжих ёстой. Эдгээрийг бүгдийг нь нийлүүлбэл “жинхэнэ” дотоод бодлого гарах бөгөөд үүнийг гадаад үйл ажиллагаагаар хангахыг гадаад бодлого гэнэ.
Тэрнээс биш дан ганц эдийн засгийг сайн хөгжүүлэхээр гадаад бодлого болдог гэсэн тэнэг юм огт байхгүй.
Энд нэг зүйл онцгой байр суурь эзэлнэ. Энэ бол гадаад худалдаа болон эдийн засгийн гадаад харилцаа юм. Үйлдвэрлэл нь дотооддоо явагддаг учраас энэ бол “цэвэр” дотоод эдийн засгийн үзэгдэл мөн. Харин худалдаа хийхдээ гадаадтай хийдэг учраас “дотоод гадаадын завсрын” шинжтэй үйл ажиллагаа юм.
Энд гадаад харилцаа, гадаад эдийн засгийн харилцаа гэсэн хоёр ойлголт үүсч байна. Эдгээр нь хэлбэр, үзэгдлийн хувьд адилхан мэт харагдавч агуулга, мөн чанарын хувьд ихээхэн өөр ойлголт юм.
Гадаад харилцаа бол ихээхэн өргөн дэлгэр агуулга бүхий улс төрийн маш гүнзгий ойлголт мөн. Харин гадаад худалдаа бол эдийн засгийн үйл ажиллагааны гадаадтай харилцаж буй зөвхөн тэр хэсэг мөн. Сүүлийн үед гадаад эдийн засгийн харилцаа, худалдааны ач холбогдол, цар хүрээ ихээхэн өргөжин тэлж буй боловч гадаад харилцааг орлосон нь үгүй. Ийм ч боломж байхгүй.
Тэгээд ч гадаад харилцаа бол улс төрийн, дээд эрэмбийн, анхдагч үйл явц, гадаад эдийн засгийн харилцаа бол түүнд захирагдмал, туслах шинж чанартай, үүсмэл үйл явц.
Ийм учраас дэлхийн ямар ч улсад гадаад яамд улс төрийн үйл ажиллагаа явуулдаг, харин гадаадтай эдийн засгаар харилцах асуудлыг огт өөр мэргэжлийн байгууллагууд хийдэг. Олон улсын, бүх дэлхийн жишиг ийм.
Оросын Гадаад яам юу хийдэг вэ…
Тэд гадаад бодлогоо л явуулна ш дээ. Өөр юу хийхийм ?!
Надад үнэмшихгүй бол тэдний үүргийг дурдая л даа. ОХУ-ын Гадаад Яамны хуулиас товчлон авснаа сийрүүлбэл:
1. Улс орны гадаад бодлогын ерөнхий стратегийг боловсруулах.
2. Үндсэн Хуульд нийцүүлэн улс орны гадаад бодлогыг хэрэгжүүлэх.
3. Гадаад улсууд, олон улсын байгууллагуудтай дипломатын болон консулын харилцааг хангах.
4. Улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал хийгээд бусад ашиг сонирхлыг олон улсын тавцанд дипломатын болон олон улсын эрх зүйн хэрэгслээр хамгаалах.
5. Хилийн чанадад буй иргэд болон хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг дипломатын болон олон улсын эрх зүйн хэрэгслээр хамгаалах.
6. Улс орны хууль тогтоох, шүүх зэрэг бүх шатны байгууллагууд, гүйцэтгэх засаглалын байгууллагууд, тэдгээрийн албан тушаалтнуудыг олон улсын тавцанд ажиллахад нь туслалцаа үзүүлж, улс орны гадаад бодлогын нэгдмэл чанарыг хангах, түүнийг хэрэгжүүлэх явдлыг хангана.
7. Улс төрийн нэгдмэл бодлого явуулах үүднээс гүйцэтгэх засаглалын байгууллагуудын олон улсын үйл ажиллагаа, улс орны гүйцэтгэх засаглалын субъектуудын олон улстай харилцах, олон улсын байгууллагуудтай тогтоосон холбоо харилцааг зохицуулах.
8. Хилийн чанадад суугаа эх орон нэгтнүүдтэйгээ холбоо харилцаагаа хөгжүүлэх.
Энэ чинь асар их ач холбогдолтой, нэр төртэй ажил байгаа нь илт байна. Энд гадаад худалдаа, эдийн засаг гэсэн ганц ч үг байхгүй байна.
Монголчуудын америк өвчин
Сүүлийн үед монголчуудад америкийг дуурайх өвчин бүх салбарт ихээхэн газар авсан юм.
Америкт Төрийн нарийн бичгийн дарга гэх нэг том албан тушаал байдаг бөгөөд манайхан л “гадаад яамны сайд” гэж ойлгодог. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бол гадаад бодлого тодорхойлдог гол хүн мөн ч гэсэн тэр чинь хатуу хяналтад байдаг юм. Түүнийг Ерөнхийлөгчөөс гадна Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх гэж бас нэг том хүн хянаж байдгийг манайхан мэддэг ч үгүй. Шал өөр систем байхгүй юу…
Монгол бол харсаар үзсээр байтал унитар улс атал холбооны шинжтэй америкийг дуурайх гэсэн хэнээтнүүд олшров. Үүний тод жишээ нь гадаад харилцааг “эдийн засагжуулах” гэсэн тэнэглэл юм.
Үүнийг анх МАН санаачилсан гэдгийг би онцлон дурдаж байна.
Энэ тэнэглэлийн үр дүнд монголын мэргэжлийн дипломатын алба бараг бүрэн устаж, тамхины контрабандистуудаас эхлээд ганзгын наймаачдаар манай гадаад харилцааны систем пиг дүүрсэн билээ. Худлаа гэвэл байж байгаад л нэг дипломат гадаадад гардуулдаг, хэрэг мандуулдаг жишээ асар олон. Тэр ч байтугай олон улсын хил дамнуулан хүн хулгайлах ажилд манай дипломатчид оролцсон. Ихэнх нь виски ууж, худал чалчихаас өөр юм мэдэхгүй. Гаднаасаа л нэг их мэргэн цэцэн харагдахаас цаашгүй. Монголын дипломатуудын олонхи дарга нарыг тосох, угтах, дагуулж далжигнахаас өөр хийх ажилгүй шахам хоосон толгойнууд. Үүнийг би “үй түмэн” жишээгээр нотолж чадна.
Гадаад харилцааг “эдийн засагжуулахуй”
Бүтцийн өөрчлөлт хийхэд функци гэж “нэг юм” заавал хөндөх ёстой л доо. Үүнийг би 20 жил хэлж байна. Функци бол системд цаанаасаа байдаг юм. Гадаад харилцаа бол яг ийм. Энэ функцийг гүйцэтгэхийн тулд бүтэц хэрэгтэй. Үүний урвуугаар бүтцийн тулд функци зохиодоггүй.
Ухаандаа цаад үндсэн функцээ хэрэгжүүлж чадаж байвал “Гадаадад байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах яам”, эсвэл “Морин хуурын яам”, эсвэл “Гадаадаас гадаад машин худалдан авах яам” гэж байгуулсан ч болно. Энэ бол бүтэц юм. Энийг л манай Засгийн Газрууд ярьдаг. Одоо Н.Алтанхуяг ч ярьж байна. Харин функци ярьдаг, боддог хүн Монголд байхгүй. Тодруулбал бидний жишээнд өгүүлж буй гадаад харилцаа, гадаад худалдааны функцийг мэдэж байгаа хүн Монголд алга.
Н.Алтанхуяг үндэслэлээ ийн хэлж байна: “Энд тэнд дагуулж явахад нэр төрийг нь өргөх гэж”. Н.Алтанхуягийг “дагаж явахаар” Лу.Болдын нэр хүнд өснө гэж байхгүй л дээ. Лав л миний судалгаагаар энэ хоёрын рейтинг “үнэн навс” байгаа ш дээ…
Дараа нь “гадаад харилцааг эдийн засагжуулахад” юу болох вэ ?! Энэ ч харин тов тодорхой асуудал юм.
Эхлээд “тамхины контрабандистууд” чөлөөтэй худалдаа наймаа хийх эрхтэй болох нь. Нууж хаах, айж ичих юмгүй, санаа амар, айн…Дараа нь ихээхэн хөгширч жагсаалаас гарч буй монголын худалдаачин наймаачид мэргэжлийн дипломат нарыг хөөж, монголын гадаад харилцааг эзлэн аваад тэр чигт нь “эдийн засагжуулна”. Ёстой янзтай…
Цааш нь гадаадынхан Монголд ирж монголын бизнесүүдтэй ярилцдаг байсан бол одоо гадаадад буй монголын дипломатуудтай уулзаж асуудлаа шийддэг болох нь.
Ингээд Монголын гадаад бодлого эргээд дотоод бодлогоо тодорхойлдог болох нь. Гэхдээ нэг талаас биш, олон талаас зэрэг зэрэг нөлөөлдөг болох нь.
Ингэвэл ч Монголын гадаад бодлогыг Улаанбаатарт биш, дэлхийн том том нийслэлүүдэд шийддэг болох нь. Хэрэв Монголын эдийн засгийн жижиг хэмжээг харгалзвал өөрөө сайн дураараа улсаа сүйтгэсгээс ялгаа юун.
Дипломатуудаа “худалдаачин наймаачин” болгох гэж зүтгэснээрээ Монголын төр засаг энэ дэлхийн хамгийн тэнэг гэдгээ нотлохоос гадна дипломат албаны нэр төр, ач холбогдлыг жорлонгийн цаас болгож байна.
Монголын улс төрчид ч яахав “ганзгын наймаачдаас” үүсэл гаралтай байж болох байх. Гэхдээ Монголын төрийг ганзгын наймаа шигээ үзэж болохгүй ш дээ…
Би дандаа хэлдэг. Монгол Улсыг сөнөөх гэсэн “ямар нэг юм” байгаад байна гэж…
Хэрэв гадаад дотоодоо ялгахаа байвал Монгол Улсыг мөхөөхтэй дүйцэнэ…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 10 дугаар сарын 03.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to ГАДААД ДОТООДОО ЯЛГАХАА БОЛИВОЛ…

  1. Anonymous says:

    Unen bichjee

  2. Anonymous says:

    Ах сайн байна уу. Засгийн газрын олон л бүтцийг харж биеэр туулж байна. Харин энэ удаагийнх шиг ийм марзан, гадаад, дотоодоо мэдэхээ байсан, түүхэн уламжлалаа хөсөр нулимсан бүтцийг анх удаа харж жигшин зэвүүцэж байхад та үгээ хэллээ. баярлалаа.

  3. Erdene says:

    сайн байна уу ах. засгийн газрыг бужигнуулсан олон хувилбар, бүтцийг үзэж өнгөрүүллээ. энэ удаагийнх шиг ийм марзан, хаан төрийн түүхэн уламжлалаа нулимсан, хоноцын сэтгэлгээтэй хувилбарыг харж байсангүй. их зэвүүцэж байна.

  4. gns says:

    Үнэхээр хэлэх үг алга

  5. Tugs says:

    Тодорхой дүгнэлт байна. Ганхуяг гуайд баярлалаа.

  6. bayarjargal says:

    Манайхан АНУ аас эхлээд доод тал нь л БНСУ тай бүх юман дээр өөрсдийгөө харьцуулах юм. Эсвэл монгол өөр гээд л цоо шинээр юм зохиож гаргах гээд л үзчинэ.Ойролцоо хүн амтай, адил төстэй, бүх алдаа оноогоо үзсэн, гэхдээ хэнээс ч дутахгүй амьдралтай улс зөндөө л байдаг байх даа. Финланд ч юмуу тиймэрхүү улсаас шууд хуулийг нь аваад хэрэгжүүлж болдоггүй юм байх даа, энэ хэдэн ямааг гайгүй хууль батлахыг нь харсаар байтал нас гүйцэхгүй нь

  7. erbold says:

    ah sain bnu. saikhan heljee

  8. bat says:

    saihan heljee

  9. Эвсанаа says:

    системын хандлага хамгийн зөв нь үү?.. би өөрийгөө нэг систем гэж үзээд л цааш нь бодоод явчихдаг юм л даа..мэдээж бүгд л тэгдэг байх…тодорхой сайн үр дүн гарч л байна…гэхдээ бүх юм нд ингэж хандах хэрэгтэй юу….

    • Ганаа says:

      1. Системийн хандлага хамгийн зөв нь. 2. Маш бүдүүн тоймоор бол чи өөрийгөө бусад системтэй харилцан нөлөөлөлд байгаа гэж сэтгэх ёстой. 3. Бүгдээрээ тэгж чаддаггүй, чаддаг байсан бол ингэж тэнэгтэхгүй. 4. Нэгэнт системтэй хандаж чадаагүй учраас ямар ч үр дүн гарахгүй. 5. Бүх юманд системтэй хандах ёстой. 6. Огт хальтлахгүй байж ийм юмаар битгий оролдож бай…

  10. Anonymous says:

    “uher mongol tuuhendee teneg nertei yavsan ch uunees iluu teneg yavsan ue ugui …” gej hen negen helsen baidgiig zassangui ulam dorduullav

  11. Эвсанаа says:

    өөртөө зориулаад гэхиймуу..өөрийгөө бүрэн ойлгохын тулд гэхиймуу ашиглахыг л оролдоод байна л даа…болно биз дээ..

    • Ганаа says:

      Чи “хүн болгон хэрэглэдэг”, “тодорхой сайн үр дүн гарч байгаа” гэсэн. Тэгэхлээр хэн гэсэн чамайг нэвтэрхий мэддэг гэж ойлгоно…

  12. Эвсанаа says:

    тийм л дээ, таны зөв…би энэ том онолын тухай юугаа мэдэхэвдээ…яахав энд тэнд таарсан номны системын тухай энэ тэр гэсэн хэсэг, хүмүүсийн бичсэн зүйлээс л барагцаа авч явсаар байгаад л хэрэгтэй гэдгийг нь ойлгосон. ..би өөрөө ингэсэн болохоор хэрэгтэй гэдгийг нь дөнгөж ойлгож байгаа ямарч хүний хувьд адилхан тусдаг байх гэж бодоод л бүгд л тэгдэг байх гэж хэлсэн юм…тэрнээс биш байгаа бүх хүмүүсийг хэлээгүй л дээ…сайн үр дүн гэж урьд нь өөртөө тодорхойгүй байсан зарим зүйлийг тодорхой ойлгож эхэлснийгээ л үр дүн гарсан гэж л хэлсиймаа…

  13. tsend_baatar says:

    Ганаа! Монгол, Орос, Хятадын санаачлагуудыг уялдуулах талаар таны бодол?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: