М.ЭНХСАЙХАНЫ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ БА БИДНИЙ ҮЕИЙНХЭН

Саяхан М.Энхсайханы хачин хувиралын тухай биччихсэн чинь зарим мартамхай нөхөд уурлаад жигтэйхэн. Тэгвэл би хэлсэн үгээ баримтаар нотолж чадна. Аль эрт 2006 онд “Улс төрийн сонин”- д: “либерал М.Энхсайханы амнаас үндэсний үзлийн хэлтэрхий ч унахгүй”, “үндэсний үзэл бол бүтэлгүйдсэн либералчуудын хоргодох сүүлчийн сүүдрэвч” гэсэн дүгнэлт хийж, энэ нь ямар үр дүнд хүргэхийг урьдчилаад биччихсэн байсан юм. М.Энхсайханыг “дахин төрөхөөс” хамаагүй өмнө “Улс төрийн сонин” гав ганцаараа “Үндэсний үзэл мандтугай” гэсэн уриатай гарах эр зоригтой байсан ба зөвхөн энэ сонинд монголын үндэсний үзэлтэй холбоотой цуврал өгүүллүүд тасралтгүй гардаг байсан юм. Энэ сонинг одоогийн УИХ-ын гишүүн Г.Уянга, сэтгүүлч А.Баатархуяг нар эрхлэн гаргаж байсныг олон хүн мартаад байх шиг. Иймээс одоо, хэзээ хойно үндэсний үзлийн “автор” болох гэвэл утгагүй гэдгийг М.Энхсайхан болон бусад зарим хүмүүст зөвлөх байна. Ингээд “Улс төрийн сонин”-ны 2006 оны 7 дугаар сарын №29 (47)-д дээрх гарчигтайгаар гарсан өгүүллийг дахин толилуулж байна. Бүр 8 жилийн өмнөөс ноён М.Энхсайханы хийх алхам болон “хувь төөргийг” шинжлэх ухааны аргаар “зурчихсан” байсан гэж одоо бүрэн итгэлтэйгээр хэлж чадах учраас энэ өгүүллийг дахин тавьж байгаа юм. Үүнийг л шинжлэх ухааны анализ, системт шинжилгээ хэмээн нэрлэж болно…

Үндэсний үзэл ба үндсэрхэх үзэл
Үндэсний үзэл бол томъёолоход бэрх үзэл. Гэхдээ энэ үзэл хүн бүрийн оюун санаанд байдаг учраас хамгийн хүчирхэг үзэл юм. Тэр ч байтугай үндэсний үзэл нь улс төрийн ямар ч үзэл онолыг баримтлагчдын оюун санаанд ямар нэг хэмжээгээр зайлшгүй байдаг. Үндэсний эрх ашгаа хэрхэн яаж хангах вэ гэдгээс үүдэлтэй барууны “сонгодог” үзэл онол дээр тулгуурласан маргаан үргэлж үл тасалдан орших ажээ.
IMG_2496
Энэ өгүүлэл бүхий “Улс төрийн сонин”-ы 2006 оны 7 дугаар сарын № 29 (041) дугаарын нүүр хуудас.
Өнөөдрийг хүртэл Монголын үндэсний үзлийн тулгуур зарчмуудыг томъёолоогүй байна. Үндэсний үзлийг томъёолоход учрах гол бэрхшээл нь үндэстэн бүр өөрийн гэсэн үндэсний үзэлтэй байх агаад энэ нь хүн бүрт өөр өөрөөр бүрэлдсэн байдагт оршино. Хэдийгээр дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үзэл, онолууд нь илүү хүчирхэг бөгөөд нөлөөтэй мэт харагдавч чухамдаа тухайн улс үндэстэн хөгжин дэвшиж, сэргэн мандах гол үзэл нь үндэсний үзэл байдаг.
Монголын үндэсний үзлийг өнгөцөөр шарын шашны уламжлалд түшиглэн онцлог байдлаа харуулах төдийхнөөр ойлгож болохгүй. Энэ бол дуртай улс төрчийн нэр хүндээ өсгөх арга төдий л зүйл. Үндэсний үзэл бол зөвхөн онцгойрох эрмэлзлээс үүдэлтэй байж болохгүй.
Уламжлалаас үндэсний үзлийг хайх нь тийм ч зөв гарц биш. Тэр тусмаа түүхчлэх үзлийн дээсэн дөрөөнд үндэсний үзлийг тулгуурлаж огт болохгүй юм.
Монгол дахь үндэсний үзэл үндсэрхэх үзэл рүү хальтран ороход туйлын ойрхон байна. Үндсэрхэх үзлийг зөвхөн нэг талаас нь ноёхогч, бусдыг үл тоомсорлогч, дээрэнгүй үзэл гэж ойлгож ирсэн. Гэвч манайх шиг жижиг улсад өөрөөр, бусад үндэстэнд үл итгэх, түгжигдмэл байдлаар онцгойрох хэлбэрээрээ илэрнэ. Бүр тодруулбал, манайд Хятадын эсрэг, Оросын эсрэг үзэл маягаар илэрдэг.
Дөрвөн жил шахам үргэлжилсэн хямралын явцад Монголын улс төрийн орон зайд дутагдсан цорын ганц үзэл санаа нь үндэсний үзэл байлаа. Үлгэрлэвээс Монголын улс төрчид шинэ гэрээ барих гээд бүгдээрээ нэг нэг унь бариад 17 жил зүтгэцгээлээ. Гэтэл тооно нь алга. Тооногүй учраас ямар ч улс төрчийн баримталж буй үзэл санааны эцсийн зорилго нь тулгуургүй болж, хий л агаар хатгаж, унинууд дуу чимээтэйгээр унаж байна. Зарим тохиолдолд тооногүй урцархуу юм шовойлгоод орогнох гэж үзсэн ч бас л болсонгүй.
Өнөөг хүртэл улс орны ирээдүйн талаарх нэгдсэн үзэл санаа, төлөвлөгөө бэлэн болоогүй нь үндэсний үзэл санаа дутагдсаны шинж гэж дүгнэж байна. Үүний учир нь ганцхан зүйлд л байгаа. Тэр нь үндэсний үзлийг хэзээд хоёрдугаарт тавьж байсан. Энэ алдаа Ардын хувьсгалаас эхлэн үргэлжилсэн.
Далдлагдсан үзэл санааг хайх нь
Хүчирхэг гүрнүүдийн үзэл санааг хуулбарлан дуурайж, хөгжих оролдлого хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөхийн үлгэрээр оруулж байна. Их гүрнүүдийн томъёолсон үзэл санаа нь үндэсний үзлээ ямагт чадамгай далдалж байдаг. Тэдгээр орны удирдагчид өөрийн үзэл санааг түгээх замаар бага буурай орнуудад нөлөөгөө тогтоодог.
Германы фашизм ч, Оросын коммунизм ч, Америкийн либерал үзэл санаа ч үүнийг илчилдэг. Харин жижиг орны удирдагчид энэ үзэл санаануудыг нутагшуулалгүй, догматик, мухар сохроор хүлээн авснаараа том гүрнүүдийн нөлөөнд ордог.
Өнөөгийн Хятадын хөгжлийн нууц нь юунд байв ? Хятадууд ердөө л үндэсний үзэл номлолоо нэгдүгээрт тавьж, түүндээ бусад үзэл санааг нийцүүлсэнд оршино. Үүийхээ төлөө Оросуудад ч, Америкт ч муучлуулж, шүүмжлүүлж байсан. Гэхдээ хэзээ ч үндэсний үзэл санаагаа илэрхий номлоогүй юм.
Хятадын хөгжлийн нууц юунд байв ? Дэн Сяопин мундаг эдийн засагч байсан уу ? Тэр аль үзэл онолын төлөөлөгч вэ ? Тэр жинхэнэ коммунист байгаад Лениний шинэ эргэлтийн бодлогыг хуулбарлаж, улс орноо сэргээн босгосон гэж марксист хууччуул дүгнэж байна. Гэтэл барууны либералчууд болохоор “Үгүй, Дэн авхай Хятадын коммунист дэглэмийг либерал эдийн засагтай хослуулснаараа гайхамшгийг бүтээсэн” гэж нотолдог.
Гэхдээ хэн нь ч Хятадыг, Хятадын удирдагчдыг өөрийн үзэл санааны хүрээний хүн гэж зарлаж чаддаггүй. Эцсийн дүндээ Дэн ямар үзэл санаатай байх нь хамаагүй, тэр хятадуудаа их сайн мэддэг л хүн байсан гэж дүгнэж байна. Харин Хятад улс өнөөдөр коммунист улс уу, капиталист улс уу гэж асуувал хятад бол хятад гэж хариулах юм билээ. Хятадын үндэсний үзэл күнзийн сургааль, эцгийн эрхт ёс, өөрсдийгөө ертөнцийн төв гэх их гүрний бардам санаанд тулгуурладаг.
Байхгүй хий хоосон үзэл санааны хойноос солонго барих гэж буй хүүхэд мэт гүйх, эсбөгөөс аль нэг улсыг хуулбарлаж хөгжих боломж байхгүй. Олон нөхцөл байдал улс орон, үндэстэн бүрийг хөгжлийн өөр өөр замыг сонгох зам руу түлхдэг.
Япон, Өмнөд Солонгос, Сингапурын хөгжлийн загварууд ч өөр өөр. Ерөнхийд нь “бар” улсуудын эдийн засгийн хөгжлийг экспортод чиглэсэн үйлдвэрлэлийн хөгжлийн загвар гэж томъёолдог. Харин өнөөдөр энэ загвараар хөгжих бололцоо бий юу ? Өнөөгийн дэлхий ертөнцийн нөхцөл байдал эдгээр улсуудын хөгжлийн гарааны үеийн нөхцөл байдлаас огт өөр болсон байна. Хүйтэн дайны хуваагдмал дэлхий ертөнц түүх болон алсалж, дэлхий дахинд шинэ дэг журам тогтож, хуваагдал өөр замаар явж байна.
Энэ үед Монголын хөгжлийн загвар ямар байх вэ ? Үүнд л үндэсний үзэл санааны гол цөм нь орших учиртай. Үндэсний үзэл санаа бол “консерватизмаас ч илүү хуучин” юм биш, либерализмаас ч илүү шинэ зүйл байх ёстой. Ингэж ойлговол Монгол хөгжинө. Монгол гэдэг улс, үндэстнийг аль нэгэн үзэл санаанд “нааж” хөгжих биш, харин аль нэг үзэл санааг Монголд “нааж” байж хөгжих ёстой гэсэн энгийн логикийг бид яг өнөөдөр, эрх чөлөөгөө олж авснаасаа хойш 16 жилийн дараа л ойлгож байна. Магадгүй энэ нь хөгжлийн гарцаа олох хамгийн богино хугацаа ч байж магадгүй.
Либералчуудын реклам ба үндэсний үзэл
Либералчууд голдуу үндэсний үзлээр реклам хийж, олон нийтийн саналыг өөртөө татахыг хичээдэг. Ялангуяа посткоммунист орнуудад бий болсон шинэ намууд үндэсний үзэл санааг тактикийн зорилгодоо ашиглаж эхлээд, эцэст нь хэмжээнээсээ хальж, эрүүл саруул сэтгэлгээнээс салж, үндсэрхэх үзэл рүү хальтирснаараа дэмжлэгээ алдаж, фашист маягийн жижиг нам болон хувирсан жишээ хангалттай олон бий. Хуучин коммунист орнууд нь хараат байдлаас гарч, үндэсний эрх чөлөөгөө олж авсан учраас үндсэрхэх үзэл хүмүүсийг соронзон мэт татах нь ойлгомжтой байлаа. Тэд өмнөх үеэ үндэсний эрх ашгаа эв хамт үзлээр сольсон гэж шүүмжилдэг. Гэхдээ энэ нь хамгийн хялбар мэт боловч эцэстээ мухардал руу түлхдэг.
Дэмжлэгээ алдсан олонхи либералчуудын хувьд эцсийн амьдрах орон зай нь “үндэсний нэртэй үндсэрхэх үзэл” болдог. Чухам иймээс олон нам либерал нэртэй хэрнээ фашист нам болсон байна. В.Жириновскийн Либерал Ардчилсан Нам үүний сонгодог жишээ. Энэ нь ганцаардсан удирдагчийн өөрийгөө сануулах сүүлчийн боломж л юм. Энэ бол үндсэрхэх үзэл улс орныг ямар ч зам руу оруулахыг нотлох нотолгоо болдог.
Монголд ийм үйл явц жамаараа үргэлжилж байгаа бөгөөд энэ зам мөрийг сонгож авсан хүн нь М.Энхсайхан болжээ.
Тэрээр либерал үзэл санаагаар Монголыг эрчимтэй шинэчлэх оролдлого хийсэн, тэр нь муугаас илүү сайн нөлөө үзүүлсэн. Гэхдээ л Дэн хятадуудаа мэддэг байсан, харин М.Энхсайхан монголчуудаа мэддэггүй хүн байлаа.
Бас нэг хүчин зүйл нь тухайн үед түүний толгойлж байсан Ардчилсан Нам нь жам ёсны үзэгдлээр Монгол дахь үндэсний болон үндсэрхэх үзлийн цөмийг өөртөө агуулж байсан юм. Өнөөдөр ч Ардчилсан Нам яг хэвээрээ. Гэхдээ тэр үеэс М.Энхсайхан бол үндэсний үзэлтэн гэсэн ойлголт олон нийтэд лав суусан. Учир нь тэр үед Ардчилсан хүчин анх удаа засгийн эрхэнд гарснаар Монголд үндсэрхэх үзэл гаарна гэж хөрш орнууд болгоомжилж байсан юм. Гэтэл тэр яг үнэндээ хатуу либерал үзэлтэн л байсан. Түүний амнаас үндсэрхэх үзлийн хэлтэрхий ч унахгүй.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дэвшүүлсэн арван зүйл мөрийн хөтөлбөртөө тэрбээр үндэсний үзэл санааны шинжтэй нэгэн зүйл оруулсан нь “хутагт хувилгаадыг тодруулах уламжлалыг сэргээнэ” гэсэн байв. Өнөөгийн монголчууд ямарваа зүйлээс эдийн засгийн ашиг харж сонголт хийдэг болсон байна. Эдийн засгийн ач холбогдол нь жуулчин татах л юм биз дээ.
Энэ нь шинэ дэглэм тогтож буй дэлхий ертөнцөд Монголчуудын оюун санааны тусгаар байдалд алсдаа сайнаар нөлөөлөх хүчин зүйл байж магадгүйг харсан заалт байсан юм. Монголд шарын шашны төвийг татан авчрах нэг нөхцөл ч энэ байсан биз. Гэхдээ үүнийг нь Монголчууд анзаараагүй.
М.Энхсайханы үндэсний үзэл ба тэнүүчлэл
Монголын үндэсний үзлийг томъёолох болохоор уламжлалаас сууриа хайдгийг дээр шүүмжилсэн. Харин М.Энхсайхан энэ алдааг давтаж байна. Тэр либерал үзэлтэн болохоос үндэсний үзэлтэн биш гэдгийг дээр дурдсан. Тэр өөрийн либерал үзлийн “реклам”-нд үндэсний үзлийг ашигласан, өөрөөр хэлбэл хоёрдагч ач холбогдлоор нь ашиглахыг зорьсон юм.
Ингэхдээ тэр шашны үүрэг ролийг өндөр тавих замаар олон нийтийн талархлыг хүлээх гэж оролдсон. Энэ нь Н.Энхбаярын имижийг анх зөв тавьсан тэр зам мөр юм л даа. Гэхдээ түүний хутагт хувилгаадтай холбоотой санал, өөрийнх нь имиж хоёр нэг л авцалдаж өгөхгүй зовоож билээ.
Яг үнэндээ тэр шашныг үл тоомсорлогч хүн үү гэвэл бас үгүй. Олон нийтийн хардаж байсан шиг энэ хүн шашныг зүгээр л богино хугацаанд ашиглаад мартчих хүн бас биш юм. Тэр хутагт хувилгаадыг тодруулах ажлыг эхлүүлэх байсан гэдэгт зуун хувь итгэж болно.
Тэрээр үндэсний үзлийг бас л бусдын адил эрт урьдын түүхээс хайж байна. Ингэхдээ Монголын үндэсний үзлийн цөмийг шарын шашнаас хайж байна. Шашны нөлөө, хүчин зүйлийг ашигласнаар олон нийтийг талдаа татаж чадна гэж тооцжээ.
Үндэсний шинэ намаа зарласныхаа дараахан Чингис хааны хөргийг шарын шашны бурхны тэгээр зуран залсныг “үндэсний үзэл санаа сэргэхэд тустай” гэж тайлбарласан нь олон хүнийг гайхашралд оруулсан билээ. Монголд Чингис хаанд илүү хайртай байх уу, Будда илүү хайртай байх уу гэж асуувал хоёулаа нийлээд илүү хайр илгээнэ гэж гэсэнтэй адилавтар юм уу даа. Энэ бол коммунизм, либерализм хоёрыг хольж хутгах гэсэнтэй адил зүйл юм л даа.
Яг энэ үүднээс үзвэл тэрээр нөхдийн хамт зүүн европын шоовдорлогдсон либералчуудын замаар орж, оршин тогтнох сүүлчийн орон зайгаа үндэсний гэх тодотголоор тэлэхийг оролдож байна. Тэр яг Жамуха цэцэн шиг таван нөхрийн хамт тэнүүчлэн явж байна.
Монголчууд коммунизмын туршилтаас лберализмын туршилт руу
Сүүлийн хоёр жил эрчимтэй өрнөсөн нийгмийг шинэчлэгч хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаа нь илүү үндэсний эрх ашгийн төлөөх шинжтэй байсан юм. Үүнийг гадаадын улс орнууд үндсэрхэх хөдөлгөөн ч гэж дүгнэж байсан. Ер нь бол хатуу байр суурьтай үндэсний үзэл заримдаа үндсэрхэх шинжтэй ойлгогддог тал бий.
Нийт үндэсний эрх ашгийг гадаадын хөрөнгө оруулагчид болон дотоодын олигархи, улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашигтай тэнцүүлэх буюу давуулах нь хөдөлгөөнүүдийн гол уриа, зорилго байсан билээ. Энэ нь ч олон нийтийн дэмжлэгийг олж байсан юм. Харин биднийг коммунистууд нь “неофашистууд” гэж байсан бол либералчууд “неокоммунистууд” гэж зүхэж байсан.
Монгол хүн бүрт ашигтай байх тийм хувилбаруудыг хөдөлгөөний зүгээс санал болгож байсан. Хөдөлгөөний тэмцлийн явцад ялигүй улайрснаас гаднынханд болгоомжлол төрүүлэхүйц шаардлагууд гарган тавьж байсан ч ямар боловч үндсэрхэх үзлээс (бусад үндэстэнд үл итгэх, түгжигдмэл байдалд орох) ямагт хол хөндий байхыг хичээж байснаараа олон нийтийн тогтвортой дэмжлэгтэй байсан юм.
Коммунистууд, либералчууд байна, харин үндэсний үзэл нь хаана байна гэж бид асууж байсан. Яагаад коммунизмаас салсан Монголчуудыг дахин либерализмын туршилт болгох гэж оролдоод байгааг асууж байна.
Монголчууд энэ үзэлд нийцэх биш, харин эдгээр үзлийг Монголд “нутагшуулах” ёстой гэж үзэж байсан юм. Үндэсний үзэлтэн шинэ үе өнгөрсөн хугацаанд бий болж эхэлсэн бөгөөд одоохондоо цэгцрээгүй ч хийсэн ажилдаа сэтгэл ханамжтай байна. Одоохондоо ард түмэн юу хүсэж байгааг хөдөлгөөнүүд илүү сайн мэдэж байна. Өөрөөр хэлбэл шинэ үеийнхэн ард түмнээ илүү сайн мэдэж байна.
Ийм үед ард түмнээ барууны үзэл онолоор удирдан жолоодохыг хичээх бус, харин ард түмний хүсэл эрмэлзлийг хөгжлийн хүч болгон нэг чиглэлд оруулахыг оролдох ёстой. Ард түмнээ удирдан жолоодох гэсэн ихэрхэлд л өмнөх үеийнхний алдаа байгаа юм. Анзаарсан бол өнгөрсөн зууны туршид хорин жилийн давтамжтай өрнөж байсан шинэчлэх хөдөлгөөнүүд нь ямагт нутагшаагүй үзэл санаанд Монголчуудыг шахан оруулах гэсэн оролдлогыг эсэргүүцсэн үндэсний үзлээс улбаатай байсан юм. Энэ удаад ч түүх давтагдаж үндэсний эрх ашгийн төлөөх хөдөлгөөн өрнөсөн юм. Энэ бүхэн эцэстээ ганцхан зүйлийг, үндэсний үзлийг, бүх үзэл санааг Монголд тохируулахыг л шаардаж байна.
Өнгөрсөн нийгмийн алдаа давтагдаж байна. Монгол хүн бүрийн цээжний мухарт байдаг тэр хүсэл зоригийг шинэ либералчууд илэрхийлж чадахгүй байгаа учраас нийгэмд дахин үзэл санааны засвар шаардагдсан юм. Илүү боломжтой нь илүү ихийг хүртэх үү, энэ улс үндэстний эд эс бүр гагцхүү хувийн эрх ашгийг төлөөх мөнхийн тэмцэл, өрсөлдөөн, сөргөлдөөн дунд орших уу ? гэж асууж байна.
17 жил либералчлалын туршилт болсон Монголчууд, хөдөлгөөнийхөн яагаад бусдын төлөө тэмцээд байна вэ ? Энэ нь зөвхөн өөртөө ашиг олох зорилготой байж таарна гэж хардаж байна. Бусдын төлөө тэмцэх нь коммунист хэнхэглэл гэж шоолох ч хүн байна. Гэхдээ өнөөдөр аль ч намын уриа, аль ч намын сонгуулийн уриа “эв нэгдэл” гэсэн үгтэй байгаа. Энэ нь өнгөрсөн алдаагаа засах гэсэн оролдлого л юм.
Дахин төрөх боломжгүй дундчууд
Хүн бүхэнд байдаг учраас үндэсний үзэл бол хамгийн хүчирхэг үзэл юм. Үүнийг М.Энхсайхан ба түүний нөхөд мэдрэн тусгаж авсан бөгөөд намынхаа нэрний ардчилал, шударга ёсны гэсэн тодотголоо “Үндэсний шинэ” гэсэн сэтгэл татам тодотголоор сольсон билээ. Үүнийгээ олон гишүүд нь прагматик алхам л гэж харж байгаа болохоос бус намаа жинхэнэ үндэсний үзлийн төв болно гэж харж чадахгүй байгаа юм.
Уг нь энэ нэрээрээ М.Энхсайхан, хүч байгаа бол Ардчилсан нам ба МАХН-ыг холбох заагт намаа байршуулж чадна. (Тэр үед МАН, МАХН гэж хоёр салаагүй ганц МАХН гэж байв-Х.Д.Г.) Энэ нэрийг авснаараа өөрийн үеийнхэн ба шинэ үеийнхний дундын орон зайг эзлэн авч чадна.
Гэхдээ коммунизмын дараах жилүүдэд либерализмаар өвчилсөн эдгээр дунд насныханд үзэл санааны хувьд дахин төрөх боломж байгалийн жамаар нэгэнт хаагдсан байна.
ҮШН-ын үндэсний үзэл нь бүтэлгүйдсэн либералчуудын хоргодох сүүлчийн сүүдрэвч төдий зүйл бөгөөд удахгүй тэд энэ тодорхойлолтоо шинэ үеийнхэнд алдах болно. Учир нь өнөөдөртөө тэдний эзлэж байгаа заагийг шинэ үеийнхний анхны түрэлт л мэдэлдээ авах болно. Яагаад гэвэл бид үндэсний үзлийн цөм нь түүх ч бус, уламжлал ч бус, үндэсний эрх ашиг л гэж харж байна.

“Улс төрийн сонин”
2006 оны 7 дугаар сар. № 29 (041)
Дахин сийрүүлсэн: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 10 дугаар сарын 10.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: