ЁС ЗҮЙГ ЯРЬДАГ БИШ, МӨРДДӨГ…

Сүүлийн үед манайд ёс зүй ярих болов. Энэ нь муу зүйл биш л дээ. Хэрэв яриад байвал яриад дуусахгүй л дээ, энэ чинь. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа ярьж эхлээд одоо болтол дуусаагүй байгаа юмыг монголчууд одоо яриад ёс зүйтэй болно гэвэл ёстой гонжгор. Тэгвэл ярьсны хэрэггүй гэж байгаа юм уу ? гэж надаас асууна. Тэгвэл элдэв долоон онол ном чалчаад байлгүй зүгээр л хүн төрөлхтний нийтээр тогтоосон хийгээд тогтсон зарчмуудыг үг дуугүй дага, мөрд гэж хэлэх байна. Ингээд энэ тухай онол арга зүйн талаар бяцхан санаа өгүүлье.

Этик гэж…
Эртний грекийн ethos буюу ёс заншил хэмээх утгатай үгийг Аристотель анх зөв зан үйлийн тухай шинжлэх ухаан болгож томъёолсон юм. Тэр цагаас хойш этик философийн асуудал болсон бөгөөд одоо болтол үргэлжилж байна. Манайд ёс зүй хэмээн орчуулна.
Түүнээс хойш нийгмийн ухаан, нэн ялангуяа философиор оролдсон хүн болгон этикийн асуудлыг ямар нэг хэмжээгээр заавал хөнддөг жамтай бөгөөд хуультай болсон. Этикийн асуудлыг ямар нэг хэмжээгээр хөндөөгүй ганц ч том философич байдаггүй. Ингэлээ ч гэсэн этикийн маргаан хэзээ ч дуусдаггүй, одоо ч явагдаж байгаа.
Хүн төрөлхтний түүхэнд сэтгэж бодож олсон этикийн том онолуудыг тоочивч баршгүй. Гэхдээ хамгийн том систем болгож чадсанаар нь авч үзвэл этикийн хөгжлийг Аристотелийн этик, теологийн этик, Кантын этик, И.Бентам болон Ж.С.Миллийн утилитаризм, Ж.Дьюгийн прагматизм, Р.Хэарын түгээмэл прескриптивизм, Ю.Хабермасын дискурсив этик, хариуцлагын этик (Х.Йонес, Х.Ленк, Ю.Хабермас) гэсэн хэдхэн том шатанд хуваадаг.
Энэ бүгдийг “нийлүүлбэл” этикийн ердөө л 4 үндсэн суурь асуудал байдаг юм. Энэ нь: 1. Сайн, муугийн болон сайн үйлтэн, муу үйлтний шалгуурын асуудал, 2. амьдралын учир утга хийгээд хүний зорилго, ач холбогдлын асуудал, 3. хүсэл зоригийн эрх чөлөөний асуудал, 4. байвал зохих зүйл хийгээд түүнийг жам ёсны хүсэл аз жаргалтай хавсруулах асуудал болно.
Өө, үхсэн хойноо, ийм “амархан” байсан юм уу ? гэж монгол баагийнууд бодож болох боловч эдгээрийн хариуг өнө эртнээс авахуулаад одоо болтол хүн төрөлхтөн бодож олж чадаагүйг онцлон дурдаж байна.
Этикийн үндсэн асуудлууд нь хүмүүн төрөлхтний өөрийнх нь мөн чанарын асуудлууд учраас түүнийг яриад байвал хэзээ ч дуусахгүй бөгөөд чухам ийм учраас философчдын сэтгэлгээний гол асуудал болдог юм. Философчид л том том системийг нь боловсруулсан болохоос энэ бол бүх хүний “мэддэг” асуудал байгаа юм. Ийм болохоор дурын хүн, түүний дотор монголчууд ч гэсэн этикийн асуудлаар бүрэн хэмжээний “лекц унших” чадвартай байдаг.
Уг асуудал хэтэрхий өргөн дэлгэр, гүн гүнзгий, ихээхэн зөрчилтэй учраас “жирийн” хүмүүс түүнийг ялган үзэх нэг сайхан арга бодож олсон юм. Энэ нь этикийг түвшнөөр нь ялган зааглаж үзэх болсон явдал юм.
Ухаандаа хүн яах гэж үүссэн бэ, сайн, эсвэл муу үйлийн мөн чанар юу вэ гэхчлэн том том асуудлуудыг нь мета этик гээд философчид, теологичид хийгээд энэ чиглэлийн эрдэмтдэд үлдээсэн юм. Тэд л энэ асуудлаар философдож ерөнхий онол номыг нь гаргаж байг, харин бид бол “арай доогуур” буюу энэ нийгмийнхээ асуудлаар оролдох ёстой. Яг ингэж хэн ч хэлээгүй боловч хөгжлийн явцад ийм түвшин тогтчихсон юм шиг байгаам. Тэгээд “үлдсэн этик” дээр нь маргалдах гэхээр бас л “томдоод” болж өгдөггүй. Учир нь дэлхийн янз бүрийн иргэншил, соёл, үндэстний этикүүд, тэр тухай сургаалиуд хоорондоо таарна гэж номонд хазгай аж. Ингээд үүний учрыг олж хужрыг тунгаадаг түвшнийг ялган салгаад аксиологи болон этика, бас социологи зэрэг тусгайлан судлах болжээ. Үүнийг шинжлэх ухааны түвшин гэнэ.
Ингэж будилан будилан хассаар байгаад арай гэж “өөрийн гэж болох” этик үлдэх ба үүнийг практик этик гэнэ. Харин энэн дээр бол буруу ч бай, зөв ч бай ямар ч хүн ярьж болдог юм шиг байгаа юм.
Харин мета түвшин, шинжлэх ухааны түвшин, практик түвшин гурвыг холивол ёстой бантан хутгана гэсэн үг, зөв сэтгэх гэсэн хүн бол “толгой нь хага үсэрнэ” гэсэн үг, ингэж ярьдаг хүмүүс өөрсдөө этикийн тухай ямар ч ойлголтгүй гэсэн үг, ингэснээр ямар ч үр дүнд хүрэхгүй гэсэн үг юм.
Манайд яг одоо ийм үзэгдэл болж байна. Дурын Монгол хүн этикийн дурын асуудлаар “бөөлждөг” болж байна. Би монгол хүн этик ярих эрхгүй гэж байгаа юм биш. Харин этикийн бүх түвшинг холиод нэг дор ярьж тэнэглэж болохгүй л гэж хэлж байна.
Өрнө хийгээд дорнын этик
Этик бол тэнгэрт байдаг зүйл биш, харин түүнийг хүний нийгэм бий болгосон юм. Ийм ч учраас Өрнө болон Дорнын этик хийгээд түүний зарчмууд бие даасан байдлаар бие биенээсээ тусгай хөгжиж ирсэн юм. Эдгээрийг алийг нь илүү мундаг болох тухай асуудал хэрхэвч байж болохгүй. Учир нь уг этик тухайн нийгмээсээ гарч, нийгэмдээ нөлөөлж, түүнийг удирдан залдаг, түүнээс салгаж болшгүй мөн чанар юм.
Ухаандаа Барууны хүний ухамсрын тулгуур болсон индивидуализм бол гүн гүнзгий соёл-түүхийн үндэс суурьтай. Барууны иргэншил Сэргэн мандалт, Дахин Сэргэлт, Соён гэгээрлийн үе шатыг дамжин хөгжиж ирэхдээ хүнийг бүх зүйлийн хэмжүүр болгосон юм. Чухамхүү хүн, түүний оюун ухаан, түүний рационал шинжийг энд хамгийн гол үнэт зүйл гэж үздэг. Барууны нийгэмд материаллаг дэвшлийн ойлголт цаг ямагт нэн чухал байсаар ирсэн юм. Баруунд зөвхөн хүний бүтээсэн зүйл л ач холбогдол бүхий байдаг. Үүний улмаас өсөн нэмэгдэх материаллаг сайн сайхан байдлын төлөө хүлээх хувийн хариуцлагын зарчим баруунд ноёрхож, материаллаг дэвшлийг нийгмийн зүгээс урамшуулж, хүндэтгэж байдаг. Энэ санааг барууны иргэншлийн тэргүүлэх шашин болсон протестантизм хамгийн анх хүлээн авсан юм. Ийм соёлд буй хүн ажил хийж, хувийн сайн сайхан байдлаа нэмэгдүүлэхийн тулд нийгмийн сайн сайхныг бүтээх ёстой. Чухам энд л барууны соёлын хамгийн ерөнхий үндэс орших бөгөөд эндээс л барууны хүний прагматизм, рационализм, өрсөлдөх чадвар зэрэг шинжүүд урган гардаг юм.
Чухам ийм болохоор нь энэ талаар хамгийн гүн гүнзгий судалгаа хийсэн Макс Веберийн “Протестант этик хийгээд капиталист үзэл санаа” бүтээлээс орчуулах эхлэл хийгээд байгаа юм. Гэтэл манайхан өөдөөс олон юм донгосч, элдвээр цэцэрхэх нь арай хэтэрч байна ш дээ. Хэрэв либерал капиталист зах зээл рүү явах гэж байгаа бол тэрнийхээ мөн чанар болсон этикийг мэдэх ёстой нь зүйн хэрэг. Гэтэл тэд намайг өөдөөс бараг гэмт хэрэгтэн гэж үзэж байна…
Харин Дорно дахин бол асар их соёлын өв сантай, этикийн арвин их баялагтай. Энд күнз, даосизм, буддизм зэрэг сургаалийн хүрээнд этикийн арвин баян өв сан хуримтлагдсан юм. Дорнын соёлд хүн хэзээ ч өөрийгөө ертөнцийн төвд тавьж байгаагүй, тэд сансрын зохицол, нийгмийн зохиролыг илүүд үздэг зарчимтай байсан. Дорнын соёлд хүний эрх биш, харин үүрэг нь хувь хүнийг бүрэн тодорхойлдог. Эндээс Дорно дахинд хамтач ёс, уламжлал хэвшмэл байдаг уламжлалтай.
Үүнээс уламжлан Өрнө, Дорнын хүмүүсийн ялгаа гарч ирдэг. Барууны хүмүүс материаллаг үнэт зүйлсийг эрхэмлэх бөгөөд юуны өмнө материал баялгийг эзэмших эрхээ олохыг эрхэмлэнэ. Тэдний хамгийн гол үнэт зүйл нь: өмч, баялаг, ая тух, эрх мэдэл, алдар нэр, ур чадвар, эсэн мэнд, хүч чадал, эрүүл мэнд, сэтгэл ханамж, ажил хэрэг, эрх зэрэг болдог. Гэтэл Дорнын хүмүүс оюун санааны үнэт зүйлсийг эрхэмлэх бөгөөд ёс суртахуун шашны зарчим баримталдаг. Тэдний хамгийн гол үнэт зүйл нь: хамтач ёс, бүлгийн эв нэгдэл, нийтлэгт үнэнч байх, ёс суртахуун, зохиролд тэмүүлэх зэрэг болно.
Энэ нь Өрнө, Дорнын хүмүүс өөр өөр ёс суртахуунтай, этиктэй гэсэн үг бөгөөд эдгээр нь өөр өөрийн нийгэмд тохирон хөгжиж ирсэн юм. Түүнээс биш аль нэгийг нь давуу буюу дутуу гэж үзэж болохгүй. Нэг талаас аль аль нь асар олон саад бэршээл дамжин хөгжсөөр өнөөг хүрсэн, нөгөө талаас бие биендээ уусан, дэвшилтэт чанараа харилцан солилцсоор ирсэн. Энэ үйл явц одоо ч үргэлжилж байгаа. Гэхдээ бие биедээ бүрэн уусаад шингэсэн үг хараахан биш. Язгуур үндэс нь өөр болохоор цаашдаа ч тийм байх биз.
Хүн төрөлхтний асар их дэвшил хөгжлийн явцад протестант угшилтай барууны этикт суурилсан хүн төрөлхтний нийтлэг этик бүрэлдэн тогтсон юм. Энэ нь шинжлэх ухаан техник, технологийн дэвшил барууны үнэт зүйл зонхилсон Барууны иргэншил даян дэлхийд түгэн дэлгэрсэнтэй холбоотой. Базаж хэлбэл даяарчлалын этик нэгэнт тогтсон гэсэн хэрэг. Тодруулж хэлбэл түүнийг хэрэглэх зарчим, хэмжээ ерөнхийдөө тогтсон гэсэн хэрэг. Энэ нь барууны гаралтай этик хөгжсөөр яваад шинэ эрин үед даяар шинж чанартай болсон хэрэг юм.
Одоо манайх олон долоон онол ном донгосоод байлгүй энийг л шууд мөрдөх хэрэгтэй ш дээ…
Манайх…
Манай нүүдэлчдийн этикийг тусгайлан судалсан бүтээл нэн ховор. Улмаар монгол хүнийг тухайлан судалсан ажил бас л ховор. Хэдэн жилийн өмнө би “Монгол менталитет”, “Монголын нийгмийн харилцааны онцлог” өгүүллүүд бичсэн нь яг этикийн асуудлыг судлаагүй ч монгол хүнийг онолын социологи, сэтгэл зүйн талаас тухайлан судлах оролдлого байсан юм. Зүй нь энэ судалгааг үргэлжлүүлбэл тун зүгээрсэн.
Ямар ч гэсэн монголчуудыг нэг их этиктэй ард түмэн гэж дэлхийн ямар ч судлаач үздэггүй. Би л лав тийм юмтай бараг таарч байгаагүй. Энэ нь тэдний этикийн үндсэн ойлголт хийгээд түүнийг “хэмжих” үзүүлэлт, шалгуур манайхтай огт тохирохгүй байсантай холбоотой нь эргэлзээгүй юм.
Тэгвэл бид этикгүй ард түмэн юм уу ? Этикгүй ард түмэн гэж байхгүй л дээ. Энэ асуудал аяндаа судалгааны нэн сонирхолтой сэдэв юм. Ямар ч гэсэн бид энэ Монгол нутагтаа “хаантай бол хаантай, харцтай бол харцтай улс шиг улс” гэж кинонд ярьдаг шиг өөрийн гэсэн этиктэй, ёс суртахуунтай яваад ирж. Харамсалтай нь үүнийг энэ хир нарийвчлан судлаагүй…
Ингээд ХХ зуун болоход хувьсгал ялж монголын нийгэмд асар их өөрчлөлт гарав. Энэ нь европын этикийн нэгэн төрөл, түүний ихээхэн том нэгэн салаа юм. К.Маркс анх 10 зүйл бүхий “Коммунистуудын ёс суртахууны дүрэм” (кодекс) гэдгийг бүр эрт гаргахдаа Библийн этикээс үндсэн санааг нь авсан гэвэл одооны хүмүүс заяа нь надад үнэмшихгүй. Гэхдээ энэ бол үнэн юм. Намайг шалгаад тулгаад үзсэн ч болно. Энэ бол европын этик үзэл санааны нэг л сурвалжтай гэдгийг бат нотолдог юм.
Этик энэ тэр гээд нэг сүрхий онол ном болдог боловч яг хүмүүсийн дагаж мөрдөх дүрэм журамд тулаад ирэхээрээ этик мөрдлөгүүд голдуу 10 байдаг нь гайхмаар. Библийн нүглийн тухай 10 сургааль, коммунистуудын 10 дүрэм, Буддын 10 хар нүгэл гэх мэт. Хүн битгий ал, хүрээ битгий тал, худал битгий хэл, хулгай битгий хий, хүнд тус болж бай, ахмадыг хүндэл, ажилсаг бай гэхчлэн энэ хэд л байдаг.
Үүнийг манай аваргууд юун амархан юм гэж бодож болохгүй л дээ. Хүн гээч энэ “хачин тэнэг” амьтныг ухаажуулах гээд Библи ч, коммунистууд ч, Будда ч хүчрэхгүй байгааг бид харж байна. Ингэхлээр хэн нэгэн монгол сэхээтэн этикийг “хялбар асуудал” хэмээн үзвэл ёстой лай л байна…
Манайд европ этикийн нэг том төрөл хамтач ёсны этик төлөвшиж эхлэж байтал 1990 оны хувьсгал гараад капиталист буюу протестант угшилтай этик рүү явах юм болов.
Ингээд дорнын нүүдлийн этик, европын хамтач этик, барууны капиталист этикийн дунд монгол хүн хавчуулагдах болов. Өөр хүн байсан бол үйл тамаа эдлэх ёстой атал монгол “хүн дураараа дургив, дунд чөмгөөрөө жиргэв”. Ингээд хүн биш, араатан шинжийг олов. “Нэг” этиктэй хүн ихээхэн зовч зүдэрч байж амьдралынхаа асуудлыг шийддэг байхад “гурван этиктэй” монгол хүн юу ч байхгүй хоосон үлдэх нь мэдээж хэрэг юм. Өнөө үеийн монгол хүн этик болгоныг “мэдээд” байдаг нь үүнтэй холбоотой.
Шинжлэх ухааны хэллэгээр бол монгол хүн эдүгээ үнэт зүйлс, эрхэмлэлийн системийн зөрчилд ороод байна. Толгой нь эргэсэн тэрбээр үзэгдсэн харагдсан номоо уншиж, үзэгдсэн харагдсан “хүн” болгоныг дуурайх гэж оролдовч энэ үйлдэл нь түүнийг улам их зөрчилд оруулж, улам мунхаг болгох бөлгөө. Үүнийх нь дээрээс төр засаг шиг ухаантай юманд нь этиктэй амьтан ганц ч байхгүй учраас нийгмийн оюун санааны амьдралыг хорь гаруй жил зөнд нь хаясан юм.
Үүний улмаас XXI зуунд Монгол хүний зэрлэгшил нэн хүчтэй явагдсан, үүнийг засаж залруулах оролдлого энэ хир хийгээгүй. Харин сүүлийн үеэс хэсэг сэтгүүлч залуус үүнийг анхааран зарим нэвтрүүлэг хийж эхэлж байгаа нь тун ч сайн, дэмжүүштэй хэрэг юм.
Этикгүй хүн бол араатнаас ялгаагүй бөгөөд ийм болгох ажлыг зориудын санаатайгаар хийсэн байж болох юм. Этикийн хамгийн “доод” хэсэг буюу прагматик этикийн яг хүмүүн харилцааны дүрэм журмыг этикет гэж ялган нэрлэдэг. Энэ бол хамгийн амархан, үзэгдэх, өнгөц хэсэг юм. Сүүлийн үед үүнийг этик гэж ойлгоод энийг л сурчихвал өөрийгөө соёлтой хүн гэж ойлгох болов. Тэгээд бусад хүнээс этик нэхэх болов. Мэдээж этикет хүний амьдралд чухал хэрэгтэй боловч түүнийг этикээр оруулах боломжгүй. Учир нь хэрэв цаана нь худал хэлэх, хулгай хийх мөн чанар байгаа бол түүнийг этикетээр халхлах халхавчлах боломжгүй. Харин монголчууд болохоор болно гэж бодоод байдаг нь гайхалтай.
Үүний тод жишээ нь манай нийгэмд үлэмж дэлгэрээд буй тангараг өргөх ёслолууд болно. Монгол хүн 16 нас хүрээд иргэний андгай тангараг өргөнө, дараа нь дээд сургуульд элсээд оюутны тангараг өргөнө. Цаашаа бол Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, эмч, багш, хилчин, цэрэг, цагдаа, тагнуул, онцгой байдал, шүүх, прокурор, гааль татвар, мэргэжлийн хяналт гэхчлэн төрийн албаныхан ганц ч хүн үлдэхгүй тангараг өргөх. Лам нар бурхандаа, бөө нар Тэнгэртээ тангараг өргөдөг биз. Бараг л надаас бусад нь тангараг өргөдөг. Энэ учир тоймгүй олон андгай тангарагийн үр дүнд төр, нийгэм, хүмүүс маань хараал хүрсэн мэт яг эсрэгээр нь явж байна. Дэлхийн бүх хүн тангараг өргөсөн л бол яс биелүүлдэг бол одооны монголчууд албатай юм шиг тангараг өргөчихөөд бас л албатай юм шиг эсрэгээр нь үйлддэг заншилтай болсон байна. Нэгэн сайхан цагт монголын “за” гэсэн үг андгай тангараг байсан үе бий юм шүү дээ. Энэ нь монгол хүн этикгүй болсонтой шууд холбоотой. Мөн үүний үндсэн бөгөөд гол шалтгаан нь ийм нөхцөл байдлыг бий болгож, өөрөө түүнийг байнга төрүүлж, “шилдэг” үлгэр жишээ үзүүлж байгаа Монголын төр засаг мөн.
Чухам эндээс л бид үлэмж зэрлэгшиж, араатан шиг болсон гэсэн дээрх дүгнэлт гарсан юм.
Уг нь этик бол соёл юм. Түүнийг хар багаасаа эзэмшиж сурсан байх ёстой. Тэрнээс ном үзээд мэддэг юм биш. Нөгөө талаас одоо монгол хүн гадаадад их явж, юм үзэж нүд тайлж байгаа учраас тэндэхийн этик зарчим, хэм хэмжээг мэдсэн, сурсан байх ёстой. Гэхдээ энэ бол зөвхөн харилцааны түвшний явдал, асуудлын өнгөн тал юм. Үүний цаана уг этикийн мөн чанар, хүний яс маханд шингэдэг үнэт зүйл, эрхэмлэл, соёл, хүмүүжил зэрэг бүхэл бүтэн тогтолцоо байдаг юм.
Энэ нь байхгүй учраас гадаадад байсан Монгол хүн Монголдоо ирэнгүүтээ “барууныхаа” этикийг тэр дор нь мартаж орхидог юм. Барууны этик ч юу байхав, хүн төрөлхтний нийтлэг этик байгаа юм…
Ямар ч гэсэн бүх этикийг хольчихоод удаан явбал бүгдээрээ араатан болно гэдэг нь дэндүү ойлгомжтой байна. Иймээс бид одоо сонголт хийх ёстой болж байна. Аль этикийг нь авах вэ ?
Энэ асуулт угаасаа харьцангуй юм. Харилцааны анхдагч түвшинд барууны гэгдэх түгээмэл этикийг үг дуугүй авч даган мөрдөх ёстой. Харин шинжлэх ухааны түвшинд бол сайтар судалсны үндсэн дээр язгуур монгол суртахууны эрхэмлэл, зарчим, хэм хэмжээг энэхүү түгээмэл этиктэй зохистой хослуулан үндэсний этик шинээр гарган авах ёстой. Харин мета түвшинд бол энэ бүхнээ бүх талаас нь үндэслэж өгөх ёстой. Харин үүнийг бол дурын хүн биш, мэргэжлийн хүн хийдэг юм.
Сүүлийн үед манайхан ёс зүйг анхаарч, ярьж эхэлж байгаа нь тун ч сайн хэрэг. Тэр ажилд нь тус нэмэр болох гэж л зарим асуудал хөндсөн энэ өгүүллийг бичсэн юм.
Уг нь задлаад дэлгэрүүлээд ярих юм бол их л олон зүйл ярьж болох. Харин нэг зүйл сануулахад доод түвшин нь дээд түвшингөөсөө мэдлэгийн эх сурвалжаа олж авдаг учраас этикийн практик түвшингөөс шинжлэх ухааны түвшин рүү, түүнээсээ мета түвшин рүү ойртохыг аль болох хичээвэл зохилтой. Харин түвшингүүдийг л хольж болохгүй.
Иймээс этиктэй болъё гэвэл ярьдаг биш, мөрддөг хүмүүсийг төрд шинээр гаргах хэрэгтэй. Аман дээрээ этик яриад ачир дээрээ яг эсрэгээр нь туудаг өнөөгийн төр ямар байгааг харж байгаа биз дээ…
Тангаргаа там болгочихоод этик ярьдаг хүмүүс ямар ч этикийн, улмаар ямар ч нийгэм, ямар ч төрийн дайсан байдаг бөгөөд тэдний ааш авир, зан араншин ямар байдгийг Та телевизээ залгаад л харж болно…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 10 дугаар сарын 21.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

32 Responses to ЁС ЗҮЙГ ЯРЬДАГ БИШ, МӨРДДӨГ…

  1. Эрдэнэбатын Эрдэнэсүх says:

    Танд эрүүл энх, сайн сайханыг хүсье!

  2. Naraa says:

    Bid darui erhemleh durial boloh zuil, murduh yos zuigee todorhoilj gargaj tavihgui bol tsaash yavahgui yum baina gej oilgoloo.

  3. Erdene says:

    ёс зүй гэдэг энэ хэм хэмжээг бидний аав ээж, өвөө эмээгийн үед ухамсарлаж мөрддөг байсан. за яахав хажуугаар нь “социалист” хүмүүжил хавсарсан л байх. гэхдээ тэр нь баталгаатай мөрдүүлэх хөшүүрэг болсон. харин 60-аад оны бидний үеийнхэн багын суурь хүмүүжил нь ёс зүйг ойлгуулсан боловч 90-ээд оны савалгаагаар туйлбаргүй нэгнийх нь ёс зүйтэй хүмүүжлийг балруулдсан. одоо үеийн хүүхдүүд тухайлбал 70, 80-аад оныхон бол өөрийн төлөө “эхээ ч худалдах” гэсэн ойлголтоор амьдарч байна. 50.60-аад онд төрсөн ёс зүйгүй “ахмад”-ууд бол зүгээр л тухайн үеийн нийгмийн хог шаар байжээ.

  4. delgermaa says:

    Saihan namarjij bna uu ganaa ahaa? Thomas Piketty-n “21 zuuni kapital” nomig orchuulan niigemdee hurgevel tustai zuil boloh baihaa, sain angli/german heltei ediin zasgiin mergejliin humuus chadna

    • Ганаа says:

      Сайн уу ? Дээгий. Ах нь сайн, “хэрүүлээ” хийгээд сууж л байна. Наад номыг чинь энэ мундаг хүмүүс нь орчуулдаг юм байгаа биз. Би л лав өмнөх ажлаа барахгүй 24 цаг хүрэлцэхгүй байна. Харин чи хааяа ярьж байгаарай…

  5. bi says:

    mash goe bichjee manaihan suuliin ued hamgiin zov umiig gargaj irj bgaa ni mash saishaaltai bn dotor mini baga zergiin gerel suumelzen asah shig bolov zambaraaguituulen holij hutgaad uy ch bish bolgoj orhih vii bitgii tegeesei gej gej zalbirah ni holgui bn

  6. Bold says:

    Socialist systemiin ued humuujsen ueiinhen iim yos zuigui bgaa n gaihaltai. Ulsaas une tulburgui bolovsrol gadaad dotoodod surch ezemshsen humuus shuu dee.90 onoos hoish tursun huuhduud turd garahad bur zerleg bh vii gej aih yum daa.

  7. Баярлалаа Ганаа ах. Маш хэрэгтэй юм бичлээ. Эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

  8. bayanaa says:

    Зурхайд тангарагаа зөрчиж болох өдөр бдаг энэ л жинхэнэ өнөөгийн монгол хүний этик дээ

  9. sainaa says:

    Энд байгаа таны эртний нэг өгүүлэлд феосоцкапиталист холимог гэж байсан. Мөн энд ёс зүйн хувьд нүүдлийн, хамтач, капиталист гэсэн бас л холимог дунд бид байгааг хэлжээ. Төөрөлдмөөр ч юм мэдрэгддэг шүү.

  10. tuvshin says:

    Сайхан зөв зүйл бичсэн таньд баярлалаа,Хүмүүс залуус маань ямар ч ёс зүйгүй болж байгааг хараад их харамсдаг энэ бүхнийг засаж залруулж болох уу,Нийгмийг нийтэд хамарсан компанит ажил болгож болох уу,хэрэв болно гэвэл юунаас яаж хэн эхлүүлэх вэ

    • Ганаа says:

      Болно, бүрэн боломжтой. Тийм болоод л ярьж эхлээд байна. Хүмүүс ч ойлгож байх байна. Харин миний хувьд юунаас эхлэхийг удахгүй ярина…

  11. tuvshin says:

    Таны блогт үргэлж зочилж маш өргөн хүрээтэй хэрэгтэй сайхан мэдээлэл олж авдагтаа их баярладаг шүү, /унших хоббитой нэгэн/

  12. gns says:

    Ганаа ах минь үзээд л байна уу? Таны хувьд Маркс намбарван байхаа больж ээ дээ…

    • Ганаа says:

      Марксын олон бүтээл монгол хэлээр буй. Харин бусад нь байхгүй. Монголчууд бүгдийг нь мэдэж байх ёстой. Шалтгаан нь ердөө л энэ. Чи намайг шинжилж олон долоон юм донгосоод байлгүй зүгээр л унш. Чам шиг пацаан намайг шинжлэх боломжгүй. Тэгээд ч энэ чинь утгагүй…

  13. gns says:

    номын сангийн тань булангаар аясын салхи сэвэлзээд л байна уу

  14. gns says:

    Ганаа ах та гэхдээ нэгэнт эхэлсэн юм бол бүрэн дуусгах хэрэгтэй биз дээ? Энэ талаар яг юу гэж бодож байгаагаа хэлнэ үү.

    • Ганаа says:

      Мэдээж бүрэн дуусгах ёстой. Гэхдээ би машин биш, намайг төмрөөр хийгээгүй. Би өдөрт 12-14 цаг ажиллаж, олон хүний хийхийг ганцаараа хийж байна. Гэтэл Та нар надаас зөвхөн шаардаж байна. Гэтэл ухаандаа миний бичвэрийг түгээн дэлгэрүүлэх, маргаан мэтгэлцээн явуулах, уулзалт, ярилцлага, лекц, семинар зохион байгуулж болохгүй гэж үү ?! Та нарт үнэндээ ямар ч идэвхи санаачлага ална. Тэгээд надаас л шаардаад байдаг, өөрсдөөсөө эхлээд шаард л даа…

  15. gns says:

    Таны дараагийн нийтлэл юу байхыг тун их хүлээж байна. Таныг бичсэний дараа коммент вар болдог нь жам болоод байх шиг. Таны дайснууд таны найзууд таныг шүүмжлэгчид ба та бүгд л алхам урагшилж байна даа…

  16. dk says:

    Судлаачийн ажилд амжилт хvсье.

  17. Oska says:

    Big Like гэмээр л байна. чамаар дутаа юу гээ л загнуулах байх дее

  18. Anonymous says:

    Amjilt Ganaa ahaa

  19. Цэнгүүн says:

    Гайхалтай. Тэр нэвтрүүлэгийг үзэж байх даа судлаач Ахын хэлэх үгийг хүлээж байлаа. Уг нь тэр нэвтрүүлэгт орсон бол.. Амжилт. Баярлалаа.

  20. Bataa says:

    Сайн байна уу та. Залуу үе биднийгээ гэгээрүүлж, ухааруулах үйлсэд тань их баярладаг шүү. Ажилд тань амжилт хүсье.

  21. Болд says:

    ХҮН байхын утга учир зөв буруугийн дэнс гээд “мита этик” ярьж байхаар эндээ Ганаа ахын блог дээр хүртэл нэгнээ хүндэлж ойлгоод, настай, номтой, судалгаатай мэдэж ярьж бгаа нэгнээ дэмжээд эвсээд нэгдээд, үр дүнтэй бодитой үйл ажиллагаа болгож чадвал том л ЭТИК, ирээдүйгээ гэсэн батламж болно доо.

  22. Болд says:

    Reblogged this on Ганболд and commented:
    Бид өнөөдөр энд судлаач Ганаа ахын блогыг өөрсдөө уншаад баярлах төдийгүй бусаддаа хүргэн таниулж байх маань ч бас том л ЭТИК болно гэж бодох юм.

  23. Anonymous says:

    сайн байа уу та надаа социологийн судалгааны аргуудын талаар хэлж өгөөч

    • Ганаа says:

      Социологийн ном унш. Залхуу новш вэ..

  24. suvd says:

    Этикийн тухай сайхан өгүүлэл байна. Та Аксиологийн тухай сонирхож, судалж байсан уу? Аксиологийн тухай яг ийм час хийсэн сайхан тайлбар, өгүүлэл олж унших юмсан.

    • Ганаа says:

      Та нар ямар хачин юм?! Миний судалсныг асууснаас өөрсдийнхөө судалсныг хэмжсэн чинь дээр. Өөрсдөө юу ч судлаагүй байж хүний судалсныг “судлах” нь инээдтэй. Ямар ч тайлбар хэрэггүй, чи шууд л дайраад ор, тэгвэл чамд ш/у-ны зам нээлттэй..

  25. Gombo says:

    ЭНЭ НОМ ЗҮЙ НЬ БАЙНА УУ?

    • Ганаа says:

      Би залхуу новшнуудыг үзэн яддаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: