ЛЮДВИГ ФЕЙЕРБАХ: ШАШНЫ МӨН ЧАНАР II

Монголчуудыг дэлхийн сор болсон, шинжлэх ухааны сонгодог бүтээлүүдтэй танилцуулах гэсэн эрмэлзэл маань ер бусын их эсэргүүцэлтэй тулгарч байна. Монголчуудыг харанхуй мунхаг байлгахыг хүсэгчид миний санаснаас олон аж. Тэд “мэргэн цэцэн” шүүмжлэл өрнүүлж, зөвхөн “онол” хийгээд түүний “тухай” л ярьж байна. Би “тухай” биш, сонгодог эх зохиол ярьж байна. Тэд “нууц” нэрийн цаанаас комментын хэрүүл дэгдээх аргаар надад саад болох гэсэн хэзээ ч бүтэхгүй, мунхаг тэнэг оролдлого тасралтгүй, зохион байгуулалттай хийж байна. Харин би тэдэнд бодит ажлаараа хариу өгч байна. Үүгээрээ би хүний бүтээл туурвил бол материаллаг бөгөөд бодитой байдаг гэдгийг, надад саад болох ямар ч боломжгүй гэдгийг ахин нотолж байна. Ингээд суут Фейербахын “Шашны мөн чанар”-ын 12-22 дугаар буюу удаах 11 тезис энэ байна. Харин энэ агуу бүтээлд нийт 55 тезис байгаа гэдгийг мартаж болохгүй шүү дээ…

12.
Байгалийг бүтээгч бурхныг бид байгалиас ялгаатай амьтан байдлаар төсөөлдөг, гэхдээ энэ амьтны хамарч, илэрхийлж буй тэр зүйл, түүний бодит агуулга нь зөвхөн байгал юм. “Үр жимсээр нь тэднийг мэдэж болно” гэж бид Библиэс уншдаг; түүнчлэн Павел ахуй болон бурханлаг амьтанд хүрэн мэдвэл зохих бүтээл бол ертөнц гэдгийг илэрхий зааж өгдөг, учир нь хэн нэгнээр бүтээгдсэн зүйл түүнийхээ мөн чанарыг агуулж байдаг ба бидэнд хэн болох, юу чадахаа харуулж өгдөг.
Ийм учраас байгаль дахь бидэнд байгаа тэр зүйл бүтээгч байдлаар буюу байгалийн шалтгаан гэсэн утгаар авсан бидний бурханд ч гэсэн байгаа, улмаар энэ нь ёс суртахууны биш, оюун санааны биш, харин зөвхөн жам ёсны, биет амьтан юм.
Байгалийн жинхэнэ культ нь зөвхөн байгалийг бүтээгч бурханд тулгуурласан, энэ нь хүнээс шавхан авсан ямар ч тодорхойлолттой холбоогүй, үүнийхээ зэрэгцээ түүнийг улс төрийн буюу ёс суртахууны байдлаар төсөөлөөгүй, өөрөөр хэлбэл хүний хууль тогтоогч гэж төсөөлөөгүй тийм культ байхсан билээ.
Бид байгалийг бүтээгчид оюун ухаан, хүсэл зориг нялзаадаг нь үнэн юм; энэхүү хүсэл зоригийн хүсэж буй, энэхүү оюун ухааны сэтгэж буй тэр зүйл бол чухамхүү хүсэл зоригт ч, оюун ухаанд ч хэрэггүй тийм зүйл юм, түүнд ердийн механик, физик, хими, ургамал хийгээд амьтны хүчнүүд хийгээд лугшилтуудад л хангалттай.
13.
Эхийн хэвлийд хүүхэд бүрэлдэх, зүрх цохилох, хоол боловсруулах хийгээд бусад органик функцууд бол оюун ухаан, хүсэл зоригийн үйлдэл биш юм, үүн лүгээ адил байгал ерөөсөө оюун санааны мөн чанарын үйлдэл биш, өөрөөр хэлбэл түүнд хүсэл зориг, бодол сэтгэлгээ өгөгдөөгүй.
Хэрэв байгал бүр анхнаасаа сүнсний бүтээгдэхүүн юм бол улмаар сүнсний үйлдэл, сүнсний үзэгдлүүд болох сүнсний илрэл байгалийн бэлэн үзэгдэлд ч гэсэн байна. А гэж хэлсэн хүн Б гэж хэлэх ёстой; хэт жам ёсны эхлэл хэт жам ёсны үргэлжлэлийг гарцаагүй шаардана.
Зөвхөн хүсэл зориг, ухаан бодлоосоо дор орсон үйлдэл оюун ухааныг ноёлон байдаг тэр газарт, бүх юмыг зөвхөн өөрөөсөө, өөрийн сэдлээс гарган тайлбарлаж байдаг тэр газарт, юу ч ойлгохгүй ба жам ёсны шалтгааны мэдэхгүй байгаа тэр газарт л хүн байгалийн шалтгааныг хүсэл зориг, оюун ухаанаараа тооцож байдаг, ийм учраас тэр энэ газар байгалийн тусгай тусгай бэлэн үзэгдлийн шалтгааныг жишээлбэл, ойлгомжгүй оддын хөдөлгөөнийг тайлбарлаж, бурхнаас буюу түүнд захирагдсан сүнснээс гарган авч байдаг.
Гэхдээ хэрэв одоо газар дэлхий хийгээд од гаригийн хөдөлгөөний тулгуур бурхны бүхнийг чадагч үгэнд нийцэхгүй, түүний эх сурвалж сүнсний буюу сахиусан тэнгэрийн бус, харин механик байх аваас энэ хөдөлгөөний шалтгаан ч гэсэн зайлшгүй, чухамхүү энэ хөдөлгөөний анхдагч шалтгаан нь механик буюу ерөөсөө жам ёсны зүйл байсан аж. Байгалийг хүсэл зориг, ухаанаас, ерөөс сүнснээс гаргах нь бүх зүйлийг холино гэсэн хэрэг, энэ нь юу ч мэдэхгүй эрд зөвхөн ариун сүнснээс аврагч төрүүл гэж эм хүнийг өгсөн хэрэг, энэ нь усыг дарс болгон хувиргах гэсэн хэрэг, энэ нь үгээр шуурга өдөөх гэсэн хэрэг, энэ нь уулыг үгээр хөдөлгөх гэсэн хэрэг, энэ нь үгээр сохор хүнийг хараатай болгох гэсэн хэрэг юм. Захирагдмал, хоёрдогч шалтгаануудыг шалихгүй үгүйсгэн, мухар сүсэг болох ид шид, чөтгөр шулам, сүнсийг жам ёсны үзэгдлийн шалтгааныг тайлбарлах суурь шалтгаан болгон аваад аливаа мухар сүсгийн анхдагч шалтгааныг хөндөлгүй үлдээж байгаа нь ямар өрөвдөлтэй гээч.
14.
Бурхны хүүхдүүд хүсэл зоригийн үйлдэл биш, гэхдээ жам ёсны бүтээгдэхүүн нь хүсэл зоригийн үйлдлийн өмнөтгөл болж, бурхны уг мөн чанар болдог гэж сүм хийдийн олон эцгүүд баталж ирсэн, ийм учраас төрөх үйл явц бол хүсэл зоригийн үйлдэл болох бүтээлийн үйлдлээс түрүүлж байдаг мөн чанарын буюу жам ёсны үйлдэл юм.
Хэдийгээр энэ нь бурхны мөн чанар болон хүсэл зоригтой асар их зөрчилтэй байдаг хэдий ч бурхны жам ёсноос хэтийдсэн хязгаар дотор ч гэсэн байгал үнэний эрхээ ингэж мэдэгдсэн юм. Төрөх үйлдэл хүсэл зоригийн үйлдлээс түрүүлдэг, байгалийн үйл ажиллагаа ухамсар, хүсэл зоригийн үйл ажиллагаанаас илүү анхдагч байдаг. Энэ бол төгс үнэн. Байгалиас ялгаатай зүйлс бий болж, өөрийгөө хүсдэг буюу сэтгэдэг зүйл байдлаар байгальд сөргүүлэн тавихаас өмнө эхлээд байгал байсан байх ёстой.
Бодол сэтгэлгээ (мысль-Орч-Х.Д.Г.) байхгүйгээс ухаанд (ум-Орч-Х.Д.Г.) хүрэх зам бол амьдралын мэргэн цэцний зам мөн, харин ухаанаас ухаан байхгүй руу явна гэдэг бол теологийн галзуугийн байр луу очих шулуун зам мөн. Байгальд сүнсний тулгуур өгөлгүй, үүний урвуугаар байгальтай сүнсийг нийлүүлэх нь толгойг хөлөөр нь, хөлийг толгойгоор нь тавьсан хэрэг мөн. Дээр байгаа нь доодохоо шаардана, дээр байгаа нь дээр байхын тулд дороо ямар нэг юмтай байх ёстой нь сүүлчийн биш ч, анхдагч энгүүн шалтгаан мөн. Логикийн хувьд доодох нь дээдэхээ шаардана, гэхдээ энэ нь хэзээ ч бодит-генетик байж чадахгүй. Гэхдээ амьтан хэчнээн дээшээ байх тутам төчнээн ач холбогдолтой байх бөгөөд төчнөөн их нөхцөл шаардана.
Ийм учраас анхны биш, гэхдээ бүр хожмын, сүүлчийн, хамгийн хамааралт, хамгийн хэрэгтэй, хамгийн нарийн нийлмэл амьтан бол хамгийн агуу их тэр амьтан юм, дэлхийн түүхэнд хамгийн хүнд бөгөөд нягт нь нэн эртний анхны хөрс, хүлэр болон бал чулуу биш, харин бүр хожмын, шинэ базальт, нягт лаав яг ийм байсан юм. Өөртөө юу ч байхгүй нэрийг (честь-Орч.Х.Д.Г.) нялзааж чадахгүй байгаа тэр амьтан мөн л хоосон нэртэй байна. Гэхдээ христианчууд юу ч байхгүйгээс ямар нэг юм хийдэг урлаг эзэмшсэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
15.
Бүх юмс бурхнаас гарч, хамаардаг, гэгээн итгэлийнхээ дагуу христчүүд ингэж ярьдаг, гэхдээ тэр дороо өөрийн бурханлаг бус ухааныхаа дагуу энэ нь зөвхөн тойруу замаар болдог хэмээн нэмж хэлдэг: бурхан бол ердөө л анхдагч шалтгаан, түүний дараа бол шалтгааныг зуучлагч бөөн олон зүйл, тоо томшгүй үймсэн олон захирагдмал бурхад тайзан дээр гарч ирдэг.
Гэхдээ зуучлагч гэж нэрлэгдсэн шалтгаанууд бол цорын ганц бодит хийгээд үйлчилж буй, цорын ганц зүйлт (предметный-Орч.Х.Д.Г.) бөгөөд хүртэж болох шалтгаанууд мөн. Хүмүүсийг Аполлоны сумаар ахин харваагүй, Юпитерийн аянга цахилгаанаар сэтгэл ахин түгшүүлээгүй, солир болон бусад галан үзэгдлээр үгширсэн нүгэлтнүүдийг тамд унагааж ахин гэсгээгээгүй, агуу дээд “бүхнийг чадагч” гараараа төмрийг соронзонд татаагүй, далайн таталт түрлэг өдөөгөөгүй, мөн шинэ үерээр ямагт заналхийлэгч дур зоргийн уснаас хуурай газрыг хамгаалаагүй тэр бурхан, өөрөөр хэлбэл зуучлагч шалтгааны хаанчлалаас хөөгдсөн тэр бурхан бол зөвхөн нэрээрээ л шалтгаан бөгөөд гэм хоргүй, маш даруу, сэтгэгч амьтан юм, энэ бол байгалийн анхдагч үүслийг буюу чухамдаа органик амьдралыг тайлбарлах онолын бэрхшээлийг шийдэх энгийн таамаглал юм.
Үнэн хэрэг дээрээ байгалийг тайлбарлахын тулд түүнээс ялгаатай амьтныг бий болгосон нь наад зах нь хамгийн сүүлчийн оролдлого бөгөөд энэ нь зөвхөн органик зүйл, ялангуяа байгалиас хүний амьдрал үүссэнийг тайлбарлаж болохгүйд байгаа юм, дашрамд энэхүү тайлбарлаж болохгүй байгаа нь харьцангуй бөгөөд субъектив шинжтэй; энэ үед теист хүн өөрийнхөө амьдралыг байгалиас гарган тайлбарлаж чадахгүй байгаагаа байгаль өөрөөсөө амьдралыг төрүүлэх чадваргүй болгон хувиргадаг; ийм маягаар тэр өөрийн оюун ухааны хил заагийг байгалийн хязгаар болгон хувиргадаг.
16.
Бүтээл хийгээд түүнийг хамгаалах хоёр бие биетэйгээ салшгүй холбоотой. Ийм учраас биднийг бүтээгч нь байгалиас ялгаатай амьтан бурхан юм бол тэрээр мөн л бидний хамгаалагч байна; ийм маягаар биднийг агаар, дулаан, ус, талхны хүч биш, харин бурханлаг хүч хамгаалж байна. “Бид түүн дотор амьдарч, хөдөлж, хооллож байдаг.” Лютер: “Бүх юмыг бурхан бүтээж хадгалж байдагтай адил талх биш, харин бурхны үг л жинхнээсээ бидний биеийг тэжээж байдаг” (“Еврей нарт 1”) “Иймээс талх оршин байдаг, тэр (бурхан) талхаар дамжуулан биднийг тэжээж, энэ талхны хийж байгааг бидэнд харуулдаггүй, бодуулдаггүй болгодог; харин талх байхгүй газарт тэр бусад тохиолдолд үүнийг талх байдлаар хийдэг шигээ талхгүйгээр зөвхөн үгээр тэжээж байдаг”.
“Ингээд бүх адгуусууд-бурхны хуурамч царай, багуудад тэрээр өөртэйгөө хамт үйлдэх боломж олгож, чингэхдээ хийж чадах юмаа хийхэд нь тусалдаг, мөн тэдний туслалцаагүйгээр хийдэг.” Хэрэв биднийг хамгаалагч байгаль биш, харин бурхан юм бол байгал зүгээр л бурханлаг байдлын нуугдах тоглоом болно, улмаар илүүдэл, хуурамч мөн чанар болно, үүний урвуугаар бид байгалиар хамгаалуулж байгаа бол бурхан нь илүүдэл, хуурамч амьтан болно.
Гэхдээ бид жам ёсны амьтны онцгой үйлдэл, чанар, хүчээр өөрийгөө хадгалж байгаа гэдэг нь илт бөгөөд маргаангүй юм; ийм учраас эцсийн эцэст бид өөрийн оршихуйгаар зөвхөн байгалд л өртэй гэж дүгнэх эрхтэй төдийгүй, үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Бид байгалийн дунд амьдардаг, иймээс бидний эхлэл, гарал үүсэл байгалийн гадна оршдог гэж үү ? Бид байгалийн дотор, байгалтай хамт, байгалийн ачаар амьдардаг, бид түүнээс гарсан биш гэж үү ? Ямар зөрчил байна !
17.
Газар дэлхий өнөөдөр байсан шигээ үргэлж ийм байгаагүй юм; тэрээр өнөөгийн төлөв байдалдаа хөгжил, хэд хэдэн хувьсгалын үр дүнд хүрсэн бололтой. Өнөөдөр бид геологийн ачаар хөгжлийн янз бүрийн шатанд одоо нэгэнт байхгүй буюу өмнөх үеийн аль нэгэнд оршихоо больсон ургамал, амьтад байсан гэдгийг мэдэж байна.
Дашрамд органик амьдрал хатуу дэс дарааллаар явагдсан мэт үзэл бодлыг би зөвшөөрдөггүй, тодорхой үед зөвхөн эмгэн хумс, нялцгай хорхой болон бусад доод хэлбэрүүд, зөвхөн загас, зөвхөн хуягт амьтан оршин байсан. Энэ үзэл бодлыг зөвхөн чулуун нүүрсний формацийн үеийн хуурай газрын сүүн тэжээлтний яс хийгээд шүд нээснээр л баталж болох саарал-вакковын үед хамааруулж болно. Одоо бол трилобит ч, энкрипит ч, аммонит ч, птеродактиль ч, ихтиозавр болон плезиозавр ч, мегатери болон динотери ч байхгүй юм. Яагаад ? Яагаад гэвэл тэдний орших зохих нөхцөл байхгүй болсон нь ойлгомжтой юм. Хэрэв зайлшгүй нөхцөл алга болоход амьдрал дуусч байгаа юм бол энэ амьдралын эхлэл нь эдгээр нөхцөл үүсэхтэй давхцана.
Одоо ч гэсэн амьтан, ургамал ямар ч тохиолдолд зөвхөн органик төрөлтийн замаар л дээд болон үүсдэг нь эргэлзээгүй юм, тэдний амьдралын онцгой нөхцөл гайхалтай, хараахан тайлбарлагдахгүй замаар өгөгдөж, аажмаар хязгааргүй тоо хэмжээгээр эдгээр амьтан, ургамал бий болж байгааг л бид харж байдаг.
Ийм учраас, органик амьдралыг тусгай тусгай үзэгдэл (акт-Орч.Х.Д.Г.), амьдралд зайлшгүй удаах нөхцлийг бий болгох дараагийн үйлдэл гэж төсөөлж болохгүй нь мэдээж, энэ бол юуны өмнө температур, агаар, ус, ер нь угаасаа газар дэлхий зохих чанарыг олж, хүчил төрөгч, ус төрөгч нүүрс төрөгч, азот зэрэг нь органик амьдралын оршихуйг өдөөгч болж нэгдсэн тэр агшинд болсон тэрхүү үйлдэл мөн; энэ агшин бол үүний хамт дээд дурдсан бодисууд органик биес болон нэгдсэн тэр агшин болно. Ийм учраас цаг хугацааны явцад байгалийн өөрийн хүчээр газар дэлхийд хүний зүйл (вид-Орч.Х.Д.Г.) гэж хэлж болох хөгжил, соёлын тэр түвшинд хүрчээ, өөрөөр хэлбэл тэр нь хүний оршихуйтай нийцэх, хүний оршихуйтай харгалзах төрөл, өөрийн хүчээр хүн бий болохыг өдөөх чадвартай байжээ.
18.
Бурханлаг бүхнийг чадагч хүчин чадал, өөрөөр хэлбэл хүний дүрслэх хүчнээс ялгаатай нь байгалийн хүчин чадал гарцаагүй хязгаарлагдмал юм; тэрээр дурын цаг хугацаанд, дурын нөхцөл байдалд бүхэнд хүрэх чадваргүй; түүний ололт, түүний үйлдэл тодорхой нөхцөлтэй холбоотой байдаг. Ийм учраас эдүгээ байгал өөрийн аясаар төрж чадахгүй, организм төрүүлж чадахгүй байгаа, эндээс байгал өмнө нь ч ийм чадваргүй байсан гэж дүгнэж болохгүй.
Одоо бол газар дэлхийн төлөв байдал тогтвортой байгаа; хувьсгалын үе өнгөрч, тэрээр тайван болжээ. Зөвхөн галт уулс л тусгай тусгай тайван биш газар болж байна; гэхдээ тэд массаараа нөлөөгүй, ийм учраас хэвшин тогтсон дэг журмыг эвдэж чадахгүй юм. Мексикийн Хорульо галт уул шиг хүн төрөлхтний ой дурдатгалд байгаа галт уулын гайхамшигт үзэгдэл хүртэл зөвхөн орон нутгийн шинжтэй доргион юм.
Гэхдээ хүн ер бусын хүчээ зөвхөн ер бусын үед л, зөвхөн өөрийн шууд үл хүчрэх нөхцлөөс гадуур төлөв байдлын үед л гаргаж, дээд хүчдэл, хөдөлгөөн хийж чаддаг; үүнчлэн ургамал ч гэсэн зөвхөн өсөлт, цэцэглэлт, тоос хүртэлтийн тодорхой үедээ дулаан үүсгэж, нүүрс төрөгч, ус төрөгч шатааж, улмаар амьдралын функци гаргаж (Дюмагийн үгээр өөрийгөө амьтан болгон хувиргаж), ердийн ургамлын гаргадгаас шууд эсрэг үйлдэл хийдэг; үүнчлэн газар дэлхий өөрийн зоологийн болон бүтээлч хүчээ зөвхөн геологийн хувьсгалын эрин үеүдэд гаргаж, түүний бүхий л хүчин чадал, түүний бүхий л бодисууд агуу их исэлт, долгилолт, хүчдэлд автдаг.
Бид байгалийг зөвхөн түүний өнөөгийн төлөв байдалд нь мэддэг; одоо байгальд байхгүй зүйл ерөөсөө хэзээ ч болж байгаагүй, тэр ч байтугай өөр цаг үед огт өөр нөхцөл, төлөв байдалд болж байгаагүй гэж хэлэх бид ямар ч эрхгүй юм. Энэ цөөн үгээр органик амьдралын үүслийн агуу их асуудлыг шийдчихсэн гэж тооцож болно гэж би бодоогүй нь хар аяндаа ойлгомжтой, гэхдээ дээр дурдсан зүйлс миний зорилтод хангалттай; үнэн хэрэг дээрээ би амьдралд байгалиас гадуур өөр эх сурвалж байж болохгүй гэдгийг л дам баталсан юм.
Шууд байгалийн шинжлэх ухааны баталгааны хувьд гэвэл үнэндээ бид зорилгоосоо ихээхэн хол байгаа, гэхдээ шинэ үед баталсан органик хийгээд органик бус үзэгдлийн адил байгалийн нээлтийн ачаар өмнөх үетэй харьцуулахад хангалттай их ахисан; хэдийгээр амьдралын үүслийн арга бидэнд тодорхойгүй, магадгүй үүрд тодорхой бус үлдэж болох ч ямар ч тохиолдолд бид амьдрал байгалийн үүсэлтэй гэдэгт өөртөө итгэлтэй байж болохоор ахиц гаргасан чадсан.
19.
Христчүүд онгод шүтэгчдийг жам ёсоор үүссэн амьтныг бурханлаг хэмээн шүтлээ гэж гайхаж чадахгүй байсан; ингэхийн оронд үүнийх нь төлөө магтах нь зүйтэй байсан, учир нь энэ шүтлэгийн үндэс нь байгалийг үзэх маш зөв үзэл байсан юм. Үүсэх гэдэг бол өөрийн хувь чанартай байна (индивидуаль) гэсэн хэрэг; хувь чанартай амьтад л үүсдэг; ингэхлээр нийтлэг, хувь чанараа алдсан, байгалийн үндсэн бодис, үндсэн элементүүд хэзээ ч үүсч байгаагүй; матери хэзээ ч үүсдэггүй. Гэхдээ хувь чанартай амьтан уг чанараараа хувь чанараа алдсан амьтантай харьцуулахад илүү дээд, илүү ариун амьтан болно. Төрөх бол ямар нэг ичгүүртэй зүйл, үхэх бол зовлонтой нь ойлгомжтой; гэхдээ хэн эхлэл төгсгөлтэй байхыг хүсэхгүй, хэн амьд амьтан гэж хэлүүлэхээс татгалзах ёстой юм.
Мөнх байдал амьдрах байдлыг (жизненность) үгүйсгэдэг, амьдрах байдал мөнх байдлыг үгүйсгэдэг. Хүн өөр төрүүлэгч амьтныг хайдаг нь мэдээж, гэхдээ энэхүү төрүүлэгч амьтан нь түүний дээр биш, харин төрөгч амьтны дор байдаг. Төрүүлэгч амьтан ахуйн шалтгаан мөн нь мэдээж, учир нь тэрбээр анхдагч амьтан юм, гэхдээ түүнийг бас өөр амьтны ахуйн үндэс хийгээд захирагдмал амьтан учраас энгийн хэрэгсэл, бодис гэж үзэж болно.
Хүүхэд эхээрээ тэжээгдэж, түүний хүч, шим шүүсийг өөртөө авч, түүний цусаар хацраа улаан болгодог. Хүүхэд эхийнхээ бахархал болж, эх хүүхдээ өөрөөсөө дээгүүр тавьж, өөрийн оршихуй, өөрийн сайн сайхныг хүүхдийн оршихуйн сайн сайханд захируулдаг: тэр ч байтугай эм араатан үр зулзгынхаа төлөө амиа золиослодог.
Аливаа амьтны дээд басамжлал нь (унижение-Орч. Х.Д.Г.) үхэл юм, гэхдээ үхлийн эх сурвалж нь төрөх үйлдэлд суурилж байдаг. Төрнө гэдэг бол өөрийгөө басамжилна гэсэн хэрэг, цаг хугацаанд автана, масст уусна, өөрийн хувь чанарыг, өөрийн бусад амьтнаас ялгаатай гэдгийг золиослоно гэсэн хэрэг юм. Байгалийн амьтан эрхэм дээд, нэн төгс, оюун ухаант амьтнаас төрсөн гэх бодол санаа шиг зөрчилтэй, ой гутам, утгагүй зүйл байхгүй. Энэ үйл явцаар бүтээл бол бүтээгчийн дүр учраас хүмүүн төрөлтний хүүхдүүд эхийн биеийн доод хэсэгт байх эрхтэн – умайгаас биш, харин дээд хэсэгт байх толгойноос гарсан байж таарах нь.
20.
Эртний грекүүд бүх булаг, худаг, гол, нуур, тэнгисийг далайд, дэлхийн урсгал буюу дэлхий далайд нийлүүлэн ойлгож байв, эртний персүүд дэлхийн бүх уулс Альборди уулнаас үүссэн гэж үзэж байв.
Энэ нь бүх амьтнаас нэг л төгс амьтныг ялган гаргаж байгаа тэр л явдал бус уу ? Ингэж ялгах нь сэтгэлгээний тэр л явцаар тодорхойлогдоно.
Альборди бол түүнээс үүсэн гарсан бүх уулсын адил тийм л уул юм, мөн уламжлагдан гарсан амьтдын анхдагч сурвалж, уг гарлаараа тэднээс үл ялгагдах сүүлчийн амьтан юм; Альборди уул нь
бусдаасаа өндөр зэргийн чанартай эзэмшдгээрээ ялгардаг, өөрөөр хэлбэл тэнгэр хүртэл, нар, сар хийгээд оддоос дээгүүр цэгт хүртэл уран сэтгэмжийн зэрэгт хүрсэн юм; ийм маягаар бурханлаг анхдагч амьтад хамгийн дээд, хязгааргүй, төгсгөлгүй бүх чанаруудыг эзэмдсэн байдгаараа бусад бүх амьтдаас ялгагддаг.
Гэхдээ усны анхдагч урсгал усны олон янзийн эх булаг биш, анхдагч уул бол бусад янз бүрийн уулсыг тодорхойлохгүй, үүнчлэн анхдагч амьтан бусад янз бүрийн олон амьтны эх булаг биш юм.
Энд нэгдэл бол үр нөлөөгүй, зөвхөн дуализм, зөрчил, ялгаа л үр нөлөөтэй. Уулыг бүтээж байгаа тэр зүйл бол зөвхөн уулнаас ялгаатай төдийгүй, өөрөө өөртөө ямар нэг дээд зэргийн зүйл юм; ийм маягаар усыг бүрдүүлж байгаа тэр зүйл бол зөвхөн уснаас ялгаатай бодисын нийлбэр бус, харин өөр хоорондоо ялгаатай, тэр ч байтугай зөрчилтэй зүйлсийн нийлбэр юм.
Хурц ухаан, шог, хурц хэллэг, эрэгцүүлэл зэрэг нь эсрэг тэсрэгийн тусламжтайгаар, зөрчлийн үр дүнд л хэрэгждэг, амьдрал ч гэсэн янз бүрийн зөрчил, тэр ч байтугай эсрэг тэсрэг бодис, хүч, мөн чанарын зөрчлийн ачаар л үүсэн бий болдог.
21.
“Чих бүтээсэн хүн сонсдоггүй гэж үү ? Нүд бүтээсэн хүн хардаггүй гэж үү ?” Энэ бол хардаг, сонсдог амьтнаас библийн болон теист байдлаар гарган авсан хардаг, сонсдог амьтан бөгөөд манай орчин үеийн философийн хэлээр төс бүхий сүнст, субъектив амьтнаас оюун ухаант, субъектив амьтныг аливаа усан масс бүхий үүлнээс дээгүүрх огторгуйн хуримтлалаас бороо гарган авдаг библийн тайлбартай яг адил, бусад бүх уулыг төрүүлдэг анхны Альборди уулын тухай персүүдийн үзэл бодолтой яг адил, бүх булаг, гол ус ганц далайгаас гардаг гэх грекүүдийн тайлбартай яг адил гарган авсан юм.
Уснаас ус, гэхдээ энэ ус нь дуусашгүй баялаг, бүхнийг хамарсан, уулнаас уул, гэхдээ энэ уул нь хэмжээлшгүй, бүхнийг хамарсан байдаг. Үүнтэй яг адил: сүнснээс сүнс, амьдралаас амьдрал, нүднээс нүд, гэхдээ төгсгөлгүй, бүхнийг хамарсан нүд, амьдрал, сүнс гардаг.
22.
Хүүхэд хаанаас төрдөг вэ гэсэн асуултад бид тэднийг тэжээгч хүүхдүүд загас лугаа хөвж байгаа худгаас гарган авдаг мэт “тайлбарыг” хүүхдүүддээ өгдөг. Органик, ерөөс жам ёсны амьтдын үүслийн теологийн тайлбар яг ийм юм. Бурхан бол уран сэтгэмжийн гүн гүнзгий буюу сайхан худаг бөгөөд түүнд бүх бодит байдал, бүр төгс байдал байдаг ба улмаар тэнд бүх юмс загас лугаа бэлэн байдлаар хөвөн явж байдаг; теологи бол эдгээр бүх юмсыг энэ худгаас гарган авдаг тэжээгч мөн, гэхдээ гол дүр нь энэ тайлбарт ерөөсөө анхааралд өртдөггүй, өөрөө хэзээ нэгэн цагт хүүхэд байсан, одоо хүүхдэд дуртай болсон, арван сарын турш өөрийн зүрхээр түүнийг тээж, хүүхдээ зовон байж төрүүлсэн эх хүн, байгаль мөн. Ямар ч тохиолдолд энэ тайлбар харанхуйгаас гэрэл рүү тоо томшгүй олон саад бэрхшээлийг дамжин зөвхөн дэс дараатай явж ирсэн жам ёсны тайлбарыг бодвол бурхны хүүхдүүдэд илүү сайхан, тааламжтай, хөнгөн, ойлгоход амар, үнэмшилтэй байгаа юм.
Манай сайхан санаат лам эцгүүд мөндөр, мал сүрэг хорогдох, ган, аянга зэргийг ид шидтэн, увьдистан, шулмасын үйлдлээр тайлбарладаг тэрхүү арга нь боловсролгүй хүмүүст бол одоо ч гэсэн эдгээр үзэгдлийн жам ёсны тайлбарлалаас хамаагүй илүү “уран сайхны”, амархан, үнэмшилтэй байдаг юм.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 10 дугаар сарын 25.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

11 Responses to ЛЮДВИГ ФЕЙЕРБАХ: ШАШНЫ МӨН ЧАНАР II

  1. bi says:

    buh zuiliin anhdagch ba burhan bol baigali um gesen etsiin dugnelt hiilee

    • Amraa says:

      “bi” – эрхэмд:
      Фейербах ” материалист (атейст)” vзэлтэн байсныг анзаарах ёстой байх!?

      “Das Wesen des Christentums” – “Сущность Хринстианства” – “The Essence of Christianity” – Христ шvтлэгийн мен чанар” бvтээл нь “материалист философчийн санаа оноо – шvvмжлэл” юм.
      Энэ бvтээлээ гаргахад хvргэсэн шалтгааныг нь давхар анзаарна биз ээ!?

  2. bi says:

    tegehleer baigalitai zohitson amidardag baigaliig shutdeg tus buriig ni amitai gej uzdeg nuudelchin amidral hunii togs amidraliin helber um bish uu medeej margaantai ch ludvig f.bahiin shashinii mon chanar tailbaraar bol shuu de

  3. bi says:

    erhem amraad:
    materialist filosofich idialist shashnii talaar bichsen sanaa onoo gej ooroo hellee ooroor helbel deerhi buteelee bichih bolson shaltgaanii tuhai medehgui ch (ene tuhai helj ogvol sain bn ) f.bah mater anhdagch bogood haragdah uzegdeh unerteh amtlagdah medregdeh buyu hunii 5n mederehuid hurtegdeh buhen l unen gej uzdeg materialist uzeltei filosofich ooriin ontsgoor shashnii tuhai (idealizmiig harj) ooriin buteelee bichjee gej uzej bga um uu

    • Amraa says:

      “bi” эрхэмд: “Big Bang”, “Secular evolution” – ний талаар юу хэлэх чинь сонин байна…

    • Amraa says:

      Жишээ нь: Библид “religion (latin) – релегия” гэдэг vг 3-нтаа тохиолдох, Библийн доктрин-оор “religion” нь “…бэлэвсэн эмд, енчин ереесен нэгэнд (хvvхэд), ядарсан зvдэрсэнд тус хvргэх vйлс” юм л даа.

  4. Adonis says:

    Buh talaas ni harahad unen haragddag zuil gants “baigal” l bolj taarch bna da…tegeheer baigaliin huuliar bol huchtenii umnu huchgui ni buruutai boldog horvoo biluu…esvel huchgui olnii dund huchten ni buruutan boldog ch ym uu?…tahal garahad darhlaa bie saitai humuus ni ehelj uheed hamgiin suuld ni sul doroi humuus ni amid gardag gej unshsan ym bna…tegeheer ali huuli ni unen ym?…esvel huuli gej bhgui zugeer l nuhtsul bdal( orshihui ch ymu) bdag ym uu?…yr ni huchiig amid garah chadvaraar uneleh ym bol hamgiin bertegchin, sul doroi ni huchten bolj taarah ni…aalznaas aih heregtei ym bna

  5. Amraa says:

    …религия…

  6. Amraa says:

    “bi” эрхэмд: “Сущность Религий – The Essence of Religion – Сvсэг бишрэлийн мен чанар” бvтээлд нь “секулиар эволюц” -н санааг “ашигласан” мэт, гэхдээ “пантейзм, анимизм” – ийн хандлага ч харагдах…

  7. Amraa says:

    “bi”-d: Шалтгаан нь: “Католик-ийн ноёрхол”, тэдний андуу ташаа доктрин, хэт “теологжсон” байдал, “худал хуурмаг явдал”…нь нэг талаас, негее талаас протестант гэр бvлд терсен Андреас материалист философийн нелеенд автсан явдал нь…

  8. Б.Хүрэглтогоо says:

    …усны анхдагч урсгал усны олон янзийн эх булаг биш, анхдагч уул бол бусад янз бүрийн уулсыг тодорхойлохгүй, үүнчлэн анхдагч амьтан бусад янз бүрийн олон амьтны эх булаг биш юм.
    Энд нэгдэл бол үр нөлөөгүй, зөвхөн дуализм, зөрчил, ялгаа л үр нөлөөтэй. Уулыг бүтээж байгаа тэр зүйл бол зөвхөн уулнаас ялгаатай төдийгүй, өөрөө өөртөө ямар нэг дээд зэргийн зүйл юм; ийм маягаар усыг бүрдүүлж байгаа тэр зүйл бол зөвхөн уснаас ялгаатай бодисын нийлбэр бус, харин өөр хоорондоо ялгаатай, тэр ч байтугай зөрчилтэй зүйлсийн нийлбэр юм.
    Хурц ухаан, шог, хурц хэллэг, эрэгцүүлэл зэрэг нь эсрэг тэсрэгийн тусламжтайгаар, зөрчлийн үр дүнд л хэрэгждэг, амьдрал ч гэсэн янз бүрийн зөрчил, тэр ч байтугай эсрэг тэсрэг бодис, хүч, мөн чанарын зөрчлийн ачаар л үүсэн бий болдог……хүн өөрийнхөө амьдралыг байгалиас гарган тайлбарлаж чадахгүй байгаагаа байгаль өөрөөсөө амьдралыг төрүүлэх чадваргүй болгон хувиргадаг; ийм маягаар тэр өөрийн оюун ухааны хил заагийг байгалийн хязгаар болгон хувиргадаг…. Баярлалаа ах даа… Эрүүл энх, сайн сайхан, аз жаргал хүсэе.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: