ЯЛГАА

Засгийн Газар бүрдүүлэх гэж үйлээ үзэж байна. Нэрийг нь ч яахав бодоод олчихсон. Авралын гэх мэт. Монгол хэл юутай баялаг. Харин агуулга бол ёстой түй. Мөдхөн онхолдож ойчихоосоо өмнө ардчиллын цагаан морьтой Монгол дээсэн дөрөө хийж байна. Энэ тухай өгүүлсү…

Хар машины алдаа
2012 онд АН хар машин авчирч байгаад, МАН захиргааны нөөцийн системээ ашиглаж байгаад сонгууль луйвардах гэсэн биш хэний ч хүсээгүй үр дүнд хүргэв. Сонгуулийн үр дүнд МАН ялагдсан зарчмын өөрчлөлтөд хүргэж, АН ялсан. Үнэн хэрэг дээрээ АН ялсан ч биш, ялагдсан ч биш хачин төлөв байдалд орсон юм.
АН цаг ямагт МАН-ын эсрэг хүчнүүдийн эрээвэр хураавар хүчнүүдийн цуглуулгын шинжтэй байсан ба гадаадын зөвлөхүүд эд нарыг нэгтгэх гэж бараг 20 жил зүтгээд одоо болтол дийлэхгүй байгаа юм. Ямар ч хүн бодсон ардчилсан хүчин мөн юм бол ардчилсан үзэл санаа, үнэт зүйл, суурь зарчмаа тойрч нэгдээд болчих мэт боддог. Гэтэл Монголд бол эдгээрийг зүгээр л ярьдаг, чалчдаг, тунхагладаг болохоос биш, сахидаг биелүүлдэг, дагадаг, мөрддөг ардчилагч Монголд ганц ч ширхэг байдаггүй юм.
Сонгуулиас өмнөх олигархуудын зөрчлөөс болж АН-ын тасархай МҮДН, МАН-ын тасархай МАХН үүсч эвсэл байгуулсан юм. Энэ нь Монгол Улсыг 4 намтай харагдуулдаг боловч үнэн хэрэг дээрээ хоорондоо хэрэлдсэн олигархи бүлэглэлүүд л юм. ИЗНН-ыг дансаар юу юм гэхээс намд тооцох хэрэггүй гэдгийг би олон удаа дурдаж байсан.
Ингээд 2012 оны сонгуулийн үр дүнд хүргэсэн билээ. АН олонхи болсон. Гэхдээ хараахан Засгийн Газар бүрдүүлж чадахгүй. Хэрэв Засгийн Газар бүрдүүлье гэвэл хоёрхон хувилбартай. Нэгдэх нь АН-МАН-ын буюу МАНАН-гийн хувилбар. Удаах нь одоогийн буюу Эвслийн хувилбар.
МАНАН-гийн хувилбарт бүх Монголчууд дургүй, жигшдэг, гэхдээ салж чаддаггүй, гэхдээ салахын түүс болж байгаа хувилбар юм. Удаах нь одоогийн балай хувилбар бөгөөд үүнийг Н.Алтанхуяг арай гайгүй гэж сонгож авсан ухаантай. Гайгүйгээ алд, дөрвөн талаас нь рекэтлээд алаад хаяж байна. Өмнөх өгүүлэлд би цухас дурдаад өнгөрсөн. Н.Алтанхуяг намд дотроо өргөн дэмжлэгтэй байсан гэж. Олон зүйл ярьж болох боловч нэгэн баримт дурдая. Засгийн Газрыг огцруулах эсэх тухай ярьж байх үед АН-ын сумын түвшний нэг нөхрийн хэлсэн үг энэ байна: “Ардчиллынхан бид нар МАН-ынханд дээрэлхүүлж хориод жил хүний нүүр эгц харж харж чадахгүй гудамжинд явсан. Дөнгөж 2012 оноос л бид ажилтай төрөлтэй болж хүн шиг болох гэж байтал муусайн новшнууд засаг төр үймүүлээд…Тэгвэл би Та нартай үзэж тарна…” Энэ бол АН-ын анхан дунд шатанд байгаа түгээмэл үзэл бодол гэж би бодож байна. Мөн энэ хугацаанд АН-ын Ц.Оюундарь элдэв төрлийн чуулга уулзалт хийж улс орноо бүхэлд нь тойроод байлаа. Явсан нохой яс зуудаг. Мөн миний өөрийн олон судалгаа ч бий. Ингээд Н.Алтанхуяг АН-ын Их хурал хүртэл тэссэн бол намын дэмжлэг хүлээх нь гарцаагүй гэсэн дүгнэлт би хийсэн юм. Гэтэл “сайн дурынхан” надтай маргах гэнэ. Битгий горьд. Би судалгаа тооцоогүй ямар ч дүгнэлт хийдэггүй.
Тэгвэл нам дотроо дэмжлэгтэй байсан юм бол яагаад уначихдаг юм гэсэн хачин тэнэг асуулт асуудаг юм. Уналгүй яадаг юм. АН, бас МАН бол намын олон түмнээсээ нэгэнт тасарсан явцуу бүлэглэл байдаг юм. Ийм болоод олон жил болж байна. Үүнийг ойлгуулах гэж би бас олон жил оролдож байна. Өөрөөр хэлбэл манай улс төрийн намууд дээд болон доод хэсгээс бүрдэх ба дээд хэсэг нь намын нэр барьж шийдвэр гаргадаг. Энэ шийдвэр нь намын эсрэг, улмаар ард түмэн хийгээд үндэстний эсрэг байх нь олонтаа болж сүүлдээ бараг зүй тогтол болсон.
Гэхдээ энд би Н.Алтанхуягийн зөв байсан гэж огт хэлээгүй, зүгээр л дээд ангийн сөргөлдөөн болж тэр унасан, дээд ангийн дотроос түүнийг унагасан гэдгийг л дурдаж байна.
Том “Алтангадас”-ын далд эзэн
Өмнөх өгүүлэлд “Алтангадас”-ын тухай цухас өгүүлсэн. Энэ нь мэддэггүй, мартамхай хүмүүст л сонин гэхээс тэнд сонин юм бараг үгүй. Үнэн хэрэг дээрээ 2003 онд нийтэд зарласан “Алтангадас” бол олон нийтийн байгууллага юм. Энэ бол бяр нь амтагдсан нам дамжсан олигархуудын зөвхөн ил үзэгдэх хэсэг юм. Өөрөөр хэлбэл олон нийтийн байгууллагаар дамжуулан ард түмэнд үзэгдэж байсан тэр л хэсэг юм. Харин үндсэн улс төр, эдийн засгийн цөм хэсэг нь цаанаа байдаг ба хэзээ ч ил гарч байгаагүй. Ингээд “Алтангадас” гэсэн нэршил тогтож үлдсэн ба яг одоо нийтэд зарласан “Алтангадас” бараг ажилладаггүй. Харин цаад жинхэнэ “Алтангадас” бол байнга ажилладаг систем юм. Харин энийг бол манайд мэддэг хүн бараг байхгүй атлаа хүн болгон шахам “Алтангадас” гэж ярьдаг. Нэг ярихаараа аймшигтай мангас ч юм шиг, нэг ярихаараа юу ч байхгүй сүнс сүг ч юм шиг л хачин хачин юм ярьдаг. Харин үүнийг ганц мэддэг хүн нь сэтгүүлч А.Баатархуяг гэсэн маань ийм учиртай.
Н.Энхбаярыг жагсаалаас гарсны дараа Р.Гончигдорж “Алтангадас”-ыг Н.Алтанхуягийн мэдэлд шилжүүлэх гэж боджээ. Н.Энхбаяр ч үүнийг дэмжиж, энэ нь Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёр ойртохын шалтгаан болжээ.
Н.Энхбаяр өөрт байгаа мэдээллээ аймшигтай зэвсэг гэж бодож байжээ. Энэ мэдээллийнхээ заримыг тэр саяхан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр ил болгов. Гэвч хэтэрхий оройтжээ. Мэдээлэл бол идийг нь гаргах субъект байхгүй бол хэнд ч хэрэггүй хог, хэрэв идийг нь гаргах хүнтэй бол аймшигт зэвсэг юм. Эртэдсэн буюу оройтсон бол, мэдээлэгч өөрөө зөрчилтэй бол мэдээллийн үнэ цэнэ буурдаг. Мөн мэдээлэл нийгмийн сонирхол татах үе гэж байдаг. Энэ үе өнгөрвөл мэдээлэл биш, түүх болдог. Н.Энхбаяр мэдээлэл биш, “түүх” ярив. Н.Энхбаяр “түүх” ярьснаараа олон хүний дургүй хүргэсэн ба энэ нь МАХН-ыг устгах эхлэл болж ч магад юм. Дандаа “юм” сүйтгэж явна аа…
Н.Алтанхуяг болохоор хамгийн том хоёр “дарга” Н.Энхбаяр, Р.Гончигдорж хоёроор дамжуулаад “Алтангадас”-ыг тас базна гэж бодсон нь эндүүрэл болов. Эхэндээ ч яахав, энэ нь мэдэгдэхгүй байв. Нэг даргын хөл нь гозойгоо л биз. Нөгөө нь Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр шавьтайгаа хажууд байж л байгаа ш дээ…
Ингээд Н.Алтанхуяг тусгаар тогтнож жижиг “Алтангадас”-ыг байгуулах ажилд оров. Байгуулах ч гэж дээ, “том” нөхдүүдийн тавгийг булааж, “жижиг” нөхдүүдэд өгөх ажил хийв. Өөрөө ч гэсэн хамгийн том таваг авч, бусаддаа гомдмоор жижиг таваг өгөв. Том тавгаа алдсан “алтангадасчууд” уур нь хүрэв.
Энэ тухай өмнөх өгүүллүүдэд хангалтай шинжилсэн болохоор энд давтахгүй. Ингээд Н.Алтанхуягийг мориноос нь унагаж нурууг нь хугалаад намын хурилтайн өмнө гадаадад явуулав. С.Баяр ч гэсэн мориноос унаж ууц нуруугаа гэмтээгээд Ерөнхий сайдаа өгч гадаадад явсан билээ. Унаж бэртэхэд морь мотоцикль хоёрын ялгаа юун…
Эзэнгүй “Алтан гадас”
“Алтангадас”-ынхан Н.Энхбаяр, Р.Гончигдорж нараас улс төрийн нөмөр нөөлөг хайсан болохоос даргаараа сонгоогүй юм. Тэд К.Попперийн бичсэн “эдийн засгийн эрх мэдэл байдаггүй улс төрийн эрх мэдэл гэж л байдаг” үндэслэлийг зарчим болгосон юм. Өөр юу ч байхгүй. Харин нөгөөдүүл нь болохоор өөрсдийгөө “даргаар” сонгосон гээд бодчихсон юм. Ингээд удирдах гэсэн биш, удирдуулж таарсан бөгөөд Монголын улс төр, эдийн засаг хэдхэн олигархийн мэдэлд орсны шалтгаан ердөө л энэ юм.
Эдийн засгийн талаар А ч байхгүй Н.Энхбаяр О.Чулуунбат мэтийн аманд өөрөө гүйж орон хамаг лай ланчгийг эхлүүлсэн юм. Нөгөө О.Чулуунбат мэт нь дэвэн дэлхийн санхүүгийн луйварчдыг Монголд оруулж ирэв. Жишээ нь: АНУ-ын “Артур Андерсон” байна. Монголын банк санхүүгийн системд бүрэн нэвтэрсэн байсан нягтлан бодох бүртгэлийн энэ фирм луйвар хийсний улмаас америкийн шүүхээр орж 2001 онд татан буугдсан юм. Америкийг сүйд хийсэн алдарт “Энрон”-ны санхүүгийн тайланг “Артур Андерсон” худлаа гаргаж луйвар хийж байсан нь АНУ дахь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. Шалгалтаас өмнө олон баримт хүртэл устгасан гэж байгаа. Улс төрийн хувьд гэвэл эдгээр хулхи фирмүүд Ерөнхийлөгч Ж.Бушийн бүлгийн дэмжлэгийг авч байсан нь бас баримт юм. Америкийн Засгийн Газрыг хуц гэдэг фирмүүд Монголын Засгийн Газар болон Н.Энхбаяр, О.Чулуунбат нарыг хүндэтгэдэг гэж хэн ч бодохгүй л байх. Эх орноо зарах явдал бүр тэр үед эхэлсэн.
Ганц “Артур Андерсон” төдийгүй энэ мэтийн олон олон фирм, үйл явдлыг тухайн үед нь би болон бусад цөөн хүмүүс чадлын хирээр бичиж байсан боловч баяжих шуналд автсан монголчууд огт тоож байгаагүй юм. Мэдлэг нь ч хүрдэггүй байсан биз. Өртэй болох явдал тэр үед эхэлсэн.
Харин Монголд үйл явц урвуугаар өрнөв. Нөгөө Н.Энхбаяр нь ардчилал биш, ганцаар дарангуйлагч мангас болон хувирав. Ингээд түүнийг зайлуулах шаардлага бий болсон юм.
Дээр дурдсанаар Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр үүнийг хавсран гүйцэтгэв. Үүнийг сэтгүүлч А.Баатархуяг тун гоё зүйрлэж: “Н.Энхбаярын ард С.Баяр дөрвөн хөллөж хэвтэхэд Ц.Элбэгдорж өөдөөс нь түлхэж годройтуулсан юм” гэж нүдэнд харагдтал хэлсэн юм.
С.Баяр Оюу толгойн гэрээг батлуулах, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болох гэж том тохироо хийсэн гэж дүгнэж бүрнээ болох юм. Хэргээ бүтээсэн С.Баяр гадаад явж, Ц.Элбэгдорж үлдэв.
Одоо бол “Алтан гадас”-ын ямар ч хүнийг авилга, шоронгоор айлгадаг болов. Ингээд ирэхээр МАН-ын сүр сүлд унадаг юм байгаа биз дээ. Сүүлийн үед шоронд орсон хүмүүсийг тоолбол дандаа МАН-ынхан байгаа. Гэхдээ дандаа дунд жижиг гарынхан. МАН томоос гадна удаан байсан болохоороо их идэж энэ хэрээрээ олон хүн шоронд орох нь зүйн хэрэг боловч АН-аас шоронд орохгүй байгаа нь Ц.Элбэгдоржтой холбоотой. Баабарын “шударга ёс” хэрэгжиж байгаа нь энэ. Тэгвэл яагаад Ж.Бадамжунай шоронд орохгүй, “алимаа” Батбаяр ороод байгаа юм гэдгийг хэн ч тайлбарлаж чадахгүй байгаад хамаг учир оршино. Манай сэтгүүлчдээс ийм асуулт асуух сэхээтэй хүн нэг ч алга.
Ингээд хүндийн төв АН руу шилжиж эхлэв. Тэгэхлээр АН-ын дарга Н.Алтанхуяг жижиг “Алтангадас” байгуулна гэж бодох нь түмэн зөв ш дээ. Гэхдээ л тэр алдаа хийсэн юм. Н.Энхбаярын үед манай хөрөнгөтнүүд нусгай хүүхдүүд байв. Их л сайндаа саяар хэмжигдэх ногоонтой байв. Тэд бушуухан улс төрийн нөмөр нөөлөг хайж байв. Н.Алтанхуягийн үед бол тэрбумаар хэмжигдэх ногоонтой, гадаад дотоод холбоо сүлбээтэй, бүдүүн хүзүүтэй лаг амьтан болсон байв. Гэтэл Н.Алтанхуяг тийм лаг том амьтдыг Н.Энхбаярын үеийн “хүүхдийн аргаар” удирдах гэж боджээ. Энэ бол ёстой тэнэг алдаа байсан юм. Энэ муу Эрээний наймаачин одоо юу вэ ?!!!
Гэхдээ л Н.Алтанхуяг жижиг “Алтангадас” байгуулах салбарт ихээхэн амжилт олсон юм. Тэр нам дотор өргөн бөгөөд бат дэмждэг олсноос гадна жижиг “Алтангадас” тасралтгүй томорч байлаа. Энэ бол аюул юм. Энэ бол хоёрдугаар Н.Энхбаяр удахгүй төрнө гэсэн үг байлаа. Энэ нь Ц.Элбэгдоржид огт таалагдаагүй юм. Шалтгаан нь ердөө л энэ…
Энэ “аюулыг” стратегийн хувьд Монголд хоёрхон хүн мэдэж байлаа. Нэг нь Ц.Элбэгдорж, нөгөө нь С.Баяр. Нэг нь албан тушаалтай учраас стратегийн нүүдэл хийж онол монол зохиосон шиг, төр мөр үймүүлсэн шиг суугаа бол нөгөө нь стратегийн сиймхийг хүлээн гадаадад сууж байв. Гэхдээ дан дангаараа Н.Алтанхуягийг дийлэхгүй байв.
Ц.Элбэгдорж “бие даан” АН доторх хүчийг ашиглан олон удаа дайралт зохион байгуулсан боловч хүчин мөхөсдөж байсан юм. Хамгийн сүүлчийн дайралтыг нуруугаа гэмтээн гэмтээн байж Японоос “удирдсаныг” бүгдээрээ санаж байгаа. Энэ талаар миний “Хэрэв анзаарвал” өгүүлэл ч байгаа. Би гайхаад байдаг юм. Монголын төр үймэх, үймүүлэх болгонд нэг хүний нуруу гэмтдэг зүй тогтолтой юм шиг байна. “1001 шөнийн үлгэр”-т л “Нуруугүй хүний үлгэр” гэж байдаг байсан бол орчин үеийн Монголд “Нуруугүй дарга нарын үлгэр” бий болов. С.Баяр, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг…
Нэгэнт дангаараа дийлэхгүй тул “гаднын хүч” хэрэгтэй болов. Энэ нь хэн байж таарах вэ ?! Мэдээж юу ч мэдэхгүй тэнэг биш, харин стратеги мэддэг, асар их туршлагатай хүн байх ёстой. Тийм хүн Монголд цөөхөн. Бараг ганцхан бий. Энэ бол Америкаас ирээд байсан С.Баяр байсан юм.
Оюу Толгой, Таван Толгойг хөдөлгөж мөнгөтэй болно, үүний тулд “Алтангадас”-ын хүнээр удирдуулсан Авралын Засгийн Газар буюу МАНАН-г дахин байгуулна. Ард түмэн энэ тэр ямар ч хамаа байхгүй, олсон мөнгөө хуваан авч сонгуульд оролцоно, завсрын бүх хүчнийг устгана. Биднийг хэн ч дийлэхгүй…
Ийм зоримог, ул суурьтай бодсон, түрэмгий (нахальный) стратеги зохиож чадах хүн С.Баяраас өөр Монголд байхгүй гэж мөрий тавьсан ч болох байна. С.Баяр бас ганцаараа энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж чадахгүй юм. Ц.Элбэгдоржгүй бол энэ боломжгүй. Ингээд хуучин холбоо сэргэснээр төлөвлөгөөний синергетик үр дүн айшигтай хүчтэй болов. Ингээд Н.Алтанхуягийн жижиг “Алтангадас”-ыг дотроос нь эвдэв. Чингэхдээ том “Алтангадас”-ыг сахилгажуулав. “Тэнэг шаарууд, одооноос эхлээд нэгдмэл удирдлагатай бай, одоохондоо…-ээр дарга хийгээд явж бай. Удахгүй мөнгөтэй болно. Одоо олон юм донгосоод байвал мөнгөтэй болохоороо амсуулахгүй шүү…” Ингээд л болоо ш дээ. Ингээд Алтангадасын Н.Алтанхуяг “Алтангадас”-аараа бөгс рүүгээ алтангадас шаалгуулж онхолдсон юм.
Н.Алтанхуягийн Засгийн Газар унах тухай яриа гармагц “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолш: “Монгол улсын Засгийн газрын тэргүүн өөрчлөгдөх гэж буйг Оюутолгой төслийг гацаанаас гаргах боломж, эерэг шинж тэмдэг байх болно гэдэгт итгэлтэй байна…Би Оюутолгойн төслийг үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Ажил хугацаандаа явагдахад би дуртай, гэвч Монгол эрх баригчдад энэ асуудлаа цэгцлэх хугацаа хэрэгтэйг ойлгож байгаа. Бид тэвчээртэй хүлээх болно” гэж Блүүмбүрг телевизэд ярилцлага өгөв.
Хачин муухай жишиг
Дэлхийн аль ч оронд төр нам хоёр нь тусдаа байдаг. Гэтэл Монголд төр нь асуудлаа шийдэж чадахаа байсан буюу төрийн асуудлыг нам нь булаан авч шийддэг хачин муухай жишиг тогтоод удаж байна.
Хамгийн сүүлд гэхэд л УИХ дахь бүлэг АН-ын Р.Амаржаргалын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлсэн. Энэ бол төр ажлаа хийж буй явдал юм. Гэтэл АН-ын ҮЗХ татаж аваад түүний эсрэгээр Ч.Сайханбилэгийн нэрийг зөрүүлэн дэвшүүлэв. Энэ нь төрийн ажлыг нам булаан авч буй хэрэг юм. Энэ нь АН-ын нэр хүндийг навс унагав.
Энэ явдал ганц АН-д байгаа болж байгаа юм биш. УИХ дахь МАН-ын бүлэг болон МАН-ын Удирдах Зөвлөл Засгийн Газарт орохгүй гэсэн шийдвэр гаргав. Гэтэл энэ асуудлыг МАН-ын Бага Хурал хуралдуулж шийдвэрлэхээр болж байна.
Шинэ Ерөнхий сайд хамтран ажиллах урилгыг УИХ дахь намын бүлгүүдэд явуулав. Энэ асуудлыг МАН-ын Удирдах Зөвлөл “үгүй” гээд шийдчихсэн байхад МАН-ын Бага Хурал шийдэхээр болж байна. Үүнийг намын “дотоод ардчилал” хэмээн тайлбарлаж буй боловч төрийн ардчиллыг устгачихаад намын ардчилал гэж ярих нь утгагүй.
Асуудлыг шийдэх АН болон МАН-ын ажлын арга барил яг адилхан байна. Энэ нь тэд яг усны дусал шиг адилхан болсныг хөдөлбөргүй нотолдог. Энэ мэтээр манайд нам төрийн ажлын ялгаа зааг бүрэн алдагдаад байна. Ард түмэн намууд төрийн дээр гарсан гэж ярьдаг нь үнэн юм. Энэ утгагүй үйлдэл манай төр, намуудад нэвтрээд олон жил болж байгаа бөгөөд би бас л хэлж үглээд олон жил болж байна.
Нам төр хоёроо ялгахгүй ийм утгагүй мал шиг тэнэг байж зарчим ярих бол утгагүй л байхгүй юу. Аман дээрээ зарчим ярьдаг ачир дээрээ уландаа гишгэдэг байж нам төрийг удирдах боломжгүй. Нэртэйгээр нь намын удирдах байгууллагуудаа УИХ-ын байнгын хороо гээд нэрлэчих л дээ. “Илүүдэл” байгууллага УИХ-аар яахийм ?! Манай Үндсэн хуулинд УИХ төр барьдаг болохоос намууд төр барина гэж заагаагүй. Жинхэнэ зарчим бол энэ.
Авралын Засгийн Газар
Одоо бол Засгийн Газар яаж бүрдүүлэх тухай “онол” хийгээд зарчмын талаар үй олон зүйл ярьж байгаа боловч суудал хуваарилах тухай л ярьж байгаа. Энэ бол хүн бүхний сонирхож байгаа цорын ганц сэдэв юм. Харин дараа нь яахав гэдгийг бодож байгаа хүн Монголд цөөхөн.
Ингээд хүн болгоны нүдээ бүлтийлгэн, чихээ дэлдийлгэн сонирхож байгаа асуудлаас эхэлье. Хэрэв Засгийн Газар бүрдүүье гэж бодож байвал Алтанхуягийн бүтцээр л бүрдүүлж таарна. Энэ бол гарцаагүй. Яагаад гэвэл хуучин бүтцийг өөрчлөх боломжгүй. Мөн 2012 оны сонгуулийн үр дүнг харгалзах ёстой. Энэ бол бас л гарцаагүй үндэслэл юм. Ингээд үзвэл Засгийн Газрын суудал дараах байдалтай хуваарилагдана.
Энэ нь 3 хувилбартай:
1. “Эв нэгдэл” хувилбар. Тоон харьцаагаар АН 7, МАН 5, “Шударга ёс” эвсэл 2, ИЗНН 1. Ингээд 15 болж байгаа. Үүний дээрээс шадар сайд болон Засгийн Газрын ХЭГ-ыг дарга гэсэн сайдын 2 суудал байгаа. МАН зүгээр сууж байгаад 5 суудал авах болж байна. Харин Эвсэл 4 суудлаа 2 болгон багасгаж байна.
2. МАНАН буюу “Алтангадас” хувилбар. Хэрэв хэлэлцээр болон МАН-ын Бага Хурал “амжилттай” болбол энэ хувилбар хэрэгжих ба энэ тохиолдолд “Шударга ёс” эвсэл “гүдбай” болно. Яг ч Эвсэл биш юм, МҮДН үлдэж, МАХН сөнөх нь гарцаагүй.
3. Хуучин буюу “Алтанхуяг” хувилбар. Гэрээ хэлэлцээрүүд амжилтгүй болбол АН гол ачаагаа үүрч хуучин хувилбараар Засгийн Газраа бүрдүүлнэ.
Гэхдээ Эв нэгдэл (1) болон МАНАН (2) хувилбарууд нь “Алтангадас” гэсэн нэг том хувилбарын хоёр дэд хэсэг юм. Одоо эдгээрийг ярилцаж байна.
Гэтэл Засгийн Газрын юу хийхийг “Алтан гадас” аль хэдийн шийдчихсэн байгааг олон хүн мэдэхгүй байна. Ард түмэн бол бүр ор тас мэдэхгүй байна. Юу хийх нь тэдэнд одооноос л тодорхой болж байна. Хэрэв сайн бодвол энэн шиг ойлгомжтой зүйл гэж үгүй…
МАН-ын зовлон
Ч.Сайханбилэг санал тавьснаар МАН зовлонд унав. 5 яам гэдэг тоглоом биш шүү.
МАН-ныхан боловсон хүчнүүд төрийн яам, агентлагуудаас хөөгдөөд хоёр ч жил бололгүй гуринхилж үхэхдээ тулжээ. Ийм нөхдүүд МАН-ын боловсон хүчний үндсэн цөмийг бүрдүүлдэг. Тэд хоёрхон жилийн дотор өмч хөрөнгө, халаасныхаа мөнгийг “дууссан” бөгөөд одоо дарга нараа “ажил олж өг” гэж “рекэтлэдэг” ганцхан ажилтай болсон юм. Ингэтэл Ч.Сайханбилэгийн сайхан санал ирж сайхан юм болов. Одоо бол Сайханбилэгийн сайхан саналыг сайхан гэгч нь хүлээн авч сайхан гэгчийн Засгийн Газар сайхан байгуулаад сайхан ажиллах л тэдэнд үлдэж байна. Ингээд намын дарга нараа шахаж эхлэв. Даргаасаа айдаг “сахилга баттай” МАН-ынхан дарга нараа айлгаж эхлэв. Энэ их амархан. “Сонгуулийн үеэр Та нарыг дэмжихгүй, өмнө хойно чинь гарч гүйхгүй.” Ингэж хэлээд л болоо.
МАН-ын Удирдах Зөвлөл С.Баярын үед 39 гишүүнтэй байсан бол одоо 21 гишүүнтэй. Социализмын үед 9-11, дараа үед 15 орчим хүнтэй байсан Удирдах Зөвлөлийг С.Баяр ингэж өргөжүүлсэн юм. Бага Хурал нь 310 гишүүнтэй. Уг нь сүүлийн Их Хурлын үеэр Бага Хурлын гишүүдийн тоог 250 болгож бууруулах санал оруулсан боловч хүлээж аваагүй юм. Намаа бодохгүй дарга болохоо бодчихсон дүүрчихсэн шаарууд. Бага Хуралд нь анхан шатнаас ганцхан хүн байдаг ба бусад бүгд “боловсон хүчин” буюу дээд дунд түвшний дарга, бизнесүүд юм.
Ингэснээр МАН-ын Удирдах Зөвлөл нь Бага Хурал болж, Бага Хурал нь Их Хурал болсонтой адил болсон юм. Харин намын Их Хурал бол зүгээр л баяр ёслолын өргөтгөсөн цугларалт юм. Ийм нам ажил хийх ямар ч чадваргүй байх нь мэдээж хэрэг.
Ингээд одоо МАН илт хоёр хуваагдсан нь харагдаж байна. Энэ бол зүгээр нэг засагт орох уу, үгүй юу гэсэн хуваагдал биш юм. Энэ бол шинэ ба хуучин, хөгшин ба залуу, алсыг харсан хийгээд прагматик, “Алтангадас”-ын болон түүнээс ангид, олигархи хийгээд олигархи бусчууд, мөн намын дарга нар хийгээд боловсон хүчин бас намын олон түмний гурамсан тэмцэл мөн.
Үүнийг товч тайлбарлая. МАН бол шийдвэр гаргагч дээд хэсэг, хэрэгжүүлэгч боловсон хүчин хийгээд намын олон түмнээс бүрдэнэ. Гэтэл дээд хэсэг шийдвэр гаргаж чадахгүй байна. Энэ нь боловсон хүчнээс шалтгаалж байна. МАН-ын ихэнхи боловсон хүчин төрд байж л амьдрах боломжтой, одоо “мөнгө нь дуусаад турж үхэх” гэж байгаа гэдгийг дээр хэлсэн. Энэ хэсэг дээд хэсгээ шахаж байж суух газаргүй болгож байна. Дээд хэсэг боловсон хүчнээ бодоод засагт орно гэхэд намын олон түмний дургүйцэл жигшлийг хүргэх гээд байдаг. Сонгуулиар яаж олон түмний нүүрийг харах юм. Ингээд хөзрөөр бол алцганаж байгаа юм.
МАН онолын хэллэгээр бол кадрын нам уу, олон түмний нам уу гэдгээ аль эрт шийдэх ёстой байсан юм. Энэ талаар намын хэд хэдэн зүтгэлтэнд хэлсэн чинь бүгдээрээ “хоосон онол” ярилаа гээд намайг шоолоод өнгөрсөн. Тэгвэл тэр “хоосон онол” чинь одоо тулчихаад байна. Тэгээд чаддаг юм бол шийдчих л дээ…
Шинжлэх ухааны үндэстэй юм хэлэнгүүт л “хоосон онол” гэдэг хоосон толгойнууд МАН-д пиг дүүрэн. Одоо МАН боловсон хүчнээ дагах уу, намын олон түмнээ дагах уу гэсэн асуудлыг шийдэх гэж байна. Уг нь интеграл, синергетик үр нөлөөтэй, зөрчилгүй байсан системийг МАН-ын удирдлага эвлэршгүй хоёр хэсэгт хуваагаад хаячихжээ. Боловсон хүчнээ дагавал засагт орно. “Алтангадас”-ын замаар замнана гэсэн үг. Олон түмнээ дагана гэвэл шинэ өөр зам гэсэн үг…
Би ямар МАН-ын занг мэдэхгүй биш, “орно” гэж дайрч таарна ш дээ. Гэхдээ тун удахгүй стратегийн гарцаагүй нуралт болоход хамгийн түрүүнд хаяад зугтах хүн бол С.Баяр юм. Үнэн ханилгаагүй, яагаад ч найдаж болохгүй хүн гэж байдаг даа…
Мэдээж асуудлууд
Энд би асуудлын улс төрийн улс төрийн талыг аль болох хөндөлгүй зөвхөн процессыг авч үзэхийг хичээе. Зүгээр л хэнээс ч үл хамааран болж өнгөрөх үйл явцыг жагсаах гэж оролдоё. Ингэмэгц ч нөгөө улс төр нь орж ирээд зовлон болох боловч ингэвэл бидний сэтгэлгээнд тустай.
Хамгийн эхлээд АН-ын Их Хурал болно. Шинэ жил, Цагаан сар, Мартын 8 ч яахав, болж л таарна. Монголчуудын ухаанаа алддаг баярууд л даа. Эдгээр баярын үеэр шинэ сайд нарын болон тэдний гэргий нарын царай зүс, өндөр нам, тарган туранхай, хөөрхөн муухайг баахан шинжих юм байна. УИХ дээр баахан хэрүүл, гацаа үүсч таарна байх. Баахан “зарчим” ярина шүү дээ…
Энэ үеэр Оюу Толгой, Таван Толгойг зарчихад тоох монгол хүн нэг их олон гарахгүй л болов уу. Их л сайндаа твиттер, фээсбүүкээр баахан хараана биз.
Он гараад сонгуулийн уур амьсгал орж эхэлнэ. Нэр дэвших нөхдүүд шинэ Засгийн Газрыг дүгнэхгүй юм бол хүн биш болно. Монголд ярих ганцхан сэдэв энэ болно. Ямар ч сайн суртал нэвтрүүлэг явуулсан Засгийн Газрыг муулах хүн гардаг юм байгаа биз дээ. Ганцхан сэдэвтэй юм чинь.
Хамгийн чухал зүй тогтол нь манай сонгууль хуулийн хугацаанаас хамаагүй эрт эхэлдэг явдал болно. АН-ынхан намаа муулна, МАН-ынхан намаа муулна, хоёр нам уламжлал ёсоор нэг нэгнээ муулахгүй бол номонд хазгай. Энэ үеэр болох адал явдлыг төсөөлөхөд миний хэрэг огт байхгүй. Дурын хүн дурын зохиолоо бичиж болно.
Удаах зүй тогтол нь нэр дэвшүүлэх сунгаа буюу нам доторхи дайн эхэлнэ. Энд ёстой алалцаан болно. АН ч тэр, МАН ч тэр. Үе солигдолт болж байгаа гэдгийг би олон удаа хэлсэн. Дашрамд энэ талаар суурь судалгаа хийсэн хүн 2 намд ганц ч байхгүй.
Гомдсон нам, хүмүүсийн дайралт эхэлнэ. Төрийн бус байгууллагуудын идэвхжил эхэлнэ. Бие даах гэсэн хүмүүсийн идэвхжил эхэлнэ. Эдгээрийг 2 намын зүгээс “удирдах” гэж оролдоно. Энэ мэтчилэн үй олон зүй тогтол байгаа. Харин энэ бол анализын хүрээнээс халин гарна.
Яг анализын хувьд гэвэл хуучин “Алтангадас”-ыг Н.Энхбаяр, Г.Гончигдорж нар байгуулан удирдаж, Ц..Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн Газрууд ажиллаж байсан бол шинэ “Алтангадас”-ыг Ц.Элбэгдорж, С.Баяр нар хамтран байгуулж удирдан Ч.Сайханбилэгийн хамтарсан Засгийн Газар ажиллах болж байна. Ялгаа байгаа юм уу ?!
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 11 дүгээр сарын 28.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

13 Responses to ЯЛГАА

  1. Erdenebatiin Erdenesukh says:

    Sonirkhogchiin huvid sanalaa khelekhed Mongol Uls maani 2 tankhimtai parliamenttai bolood, yurunkhiilugchuu parliamentaasaa songodog bolmoor uim shigee. Mun namuudiig turuus deeguur bailgakhgui baikh arga hemjeeg avmaar. Bodvol huuliuud maani tsoorkhoitoi bolokhoor namuud galzuurch baigaa uim uu gej bodoj baina.

  2. Erdene says:

    хуулиа оромдоод ч гэсэн батлаад байна. харин нэгийг ч мөрдөхгүй бол хоёр танхим манхим энээ тэрээ бүгд хэрэггүй

  3. Tomoo says:

    Авралын гээд байгаа Засгийн Газар 2015 онд Хятадаас 1тэрбум доллар авч 1 сарын дотор үрж дуусгаад дахиад 10тэрбум доллар өгөөч гэж гуйна. Хятадууд ав ав 2016 оны сонгуульд бүгдээрээ дахиад ялаарай гэнэ. Аваартай Засгийн Газараа гэж … нялх юм хөөрхийс,

  4. Naraa says:

    Таны задлан шинжилгээ сонирхол татсан ч Монголд хэн ч мэдэхгүй, хэн ч бодохгүй, хэн ч төсөөлж чадаагүй асуудлыг зөвхөн Та л боддог, мэддэг. Хааяа зарим нэгийг нь Баатархүү бас мэдээд байх. Иймэрхүү хандлага нь их “жол” санагдав. Үүнийг эс тооцвол таалагдлаа.

    • Ганаа says:

      Бараг л тийм. Монголд анализ хийдэг хүмүүс байдаг боловч над шиг ингэж ард түмний талд зүтгэж, тэдэнд үйлчилж анализаа хийдэг хүн байдаггүй. Тэднийг “хасахаар” би ганцаараа үлддэг юм. Үүний нотолгоо нь нетэд системийн анализаа над шиг үнэ төлбөргүй тавьж, чам шиг усан тэнэгүүдэд загнуулж буй судлаач Монголд ганц ч байхгүй. Чи чаддаг юм бол байнга анализ хийдэг минийхээс өөр сайт, блог нэрлэчих л дээ. Монгол Улс чинь үй түмэн академич, доктор, профессор, эрдэмтэд байдаг биз дээ. Тэд чинь хаа байгаам ?! Үнэн нь ийм л байна…

    • Anonymous says:

      “комментийн ухаантнаад” зоргоороо хуцах юмаа, хэ хэ

  5. Дорж says:

    Эд бүгд ” Их Засаг ” – ийн сургийг дуулгачихаад ид бад болцгооно.

  6. Otgoo says:

    Miye Enkhboldiig er ni l dugneh, shuumjilehees toirood yavah um ta, buruu oilgoson bol sorry. Yas uman deer Miyeeg Eebeetei ih oirhon gej uls amitan yaridag. ATG -giin darga hushga Ganbold bol jinhene Miyegiin tsereg. Tegeed ch tom Altangadast vldsen 2 leader ni ter 2 bishuu?

  7. Tumur Bat says:

    Усыг нь уувал ёсыг нь дагнаа гэж. Дэлхийн жишгээр оюу толгой компани монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа учраас тус компаны гадаад дотоод гүйлгээний бүх данс монголын банкинд байх ёстой бөгөөд монголын татварын албанд бүртгэлтэй байж оюу толгойгоос цалин авч байгаа бүх хүнээсээ авхуулаад гадна дотны хөрөнгийн биржээс босгосон мөнгө авсан худалдсан бүх гүйлгээ монголын банкаар дамжиж байж гэмээ нь тэр бүх гүйлгээний татвар монголд орох учиртай.34% бол ёстой хэрэггүй зүйл. Төр бизнес хийнэ гэж байхгүй төр бол аливаа нэгэн үйл ажиллагаа бизнес явуулж буй тухайн улсын нутаг дэвсгэр дээр амьдарч ажиллаж байгаа бүхнээс татвар авч хуримтлуулан туугээрээ улс орноо хөгжүүлэх бүрэн бүтэн байлгах хууль зүйн орчин бий болгох үүрэгтэй бас хариуцлагатай инстетуци. Харин 34% аа дотоодын компанид эзэмших боломж олгох талаар бодвол харин болмоор. 34 % Бол яах аргагүй эх оронч жагсагч Уянга Ганбаатар болон бусад эх орончдын монголын төрд үүрүүлсэн өр. Уянга болон бусад гишүүд дээрхи минии хэлсэн санааг буюу оюу толгойг 100% монголын хяналтанд үйл ажиллагаа явуулах хууль зүйн орчинг бий болгох дээр ажиллахыг уриалж байна.Яаагаад гэвэл үйл ажиллагаа явуулж байгаа компани тус уурхайг барьцаалж хөрөнгө босгосон учраас тэр босгосон цент бүхэн манай хяналтанд байх ёстой. Яагаад гэвэл Уянгын байрыг Ганаа ах барьцаанд тавьчихаад ганзганд явж байна. Шатчихвал Уянгаа чи байргүй болж гудамжинд гарна. Тийм учраас мөнгөний эзэн Уянга чи өөрөө учраас хяналт тавих учиртай. Болохгүй бол оргүй болхоосоо өмнө ямар нэг арга хэмжээ авах ёстой биз дээ.Үгүй ядаж тэр оюу толгойгоос өндөр цалин авдаг гадаад дотоодын нөхдүүд татвараа монголд төлөх ёстой.

    Reply

  8. Anonymous says:

    Хараал идсэн улс төртэйгээ, хошуугаа дүрсэн хэн болгон газар доор орог

  9. Bayar says:

    Сайхан анализ байна. Танаас хүлээдэг зүйл гэвэл прогноз байдаг юмаа. Маш сонирхолтой, олон өнцгөөс, алсаас харсан аналитикчийн хувьд ойрын 1 жил, 3 жил, бүр 10 жилийн эдийн засаг, улс төр, нийгмийн прогнозыг нүдэнд харагдтал бичиж өгөөч. Дараа нь “би хэлээгүй юу, худлаа гэвэл төдөн онд” гээд сууж байх сайхан биш үү.

  10. Миеэгомбо says:

    Нийтлэл таалагдлаа. Нээрээ л энд С. Баяр л гээд байхаас биш М. Энхболдыг ерөөсөө дурьдаагүй байх юм. Ер нь ч М. Энхболд Ц. Элбэгдоржтой үй зайгүй найзууд гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ шүү дээ. Таны яриад байгаа Алтангадас чинь энэ 2 биш үү? Яг одоо МАН-д хэн ноёрхож байгаа юм? Хотын фракц шүү дээ. Энэ нэгдэлтэй нэг хөнжилд ч юм уу тусдаа хөнжилд ч юм уу бүү мэд С. Баяр яваад л байдаг юм шиг харагддаг. Одоо ч тэгээд 2016 оны сонгуулиар 80-аад оныхон ороод ирэх байх. Тэр үед өнөө У. Хүрэлсүхийн хийсэн шиг шинэ хуучны дайн жинхэнэ ёсоороо болно гэж би хардаг юм.

  11. bat says:

    saihan niitlel

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: