Г.УЯНГА: ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН НЭР ХОЧ НЬ ХҮРТЭЛ ПОПУЛИСТ

УИХ-ын гишүүн Г.Уянгын ярилцлагыг хүргэж байна. Одоо түүнээс өөр Засгийн Газрыг шүүмжлэх хүн нэг их олон гарахгүй гэж бодож байна.

-АН, МАН, МАХН-МҮАН хамтран Засгийн газар байгуулж байна. Ингэж бүгдээрээ хамтрах нь улс орныг өнөөдрийн эдийн засгийн хүнд байдлаас гаргана гэж яриад байгаа. Та яаж харж байна вэ?
-Би итгэхгүй байна. Энэ засаг бол өмнөх МАНАН-гийн нэг хувилбар. Эдийн засгийг өөд татах тухайд энэ Засгийн газар хэдхэн тодорхой алхам хийх гэж байна. “Оюу толгой”, “Таван толгойг” зарах нь. Засгийн газрын өрийн босгыг нэмээгүй ч хувийн компаниудад Засгийн газраас баталгаа гаргаж өгөх болж байна.
Мэдээж Засгийн газрын өр нэмэгдэхгүй ч улсын өр нэмэгдэнэ. Одоо ч манай улсын өрийн гуравны хоёр нь хувийнхны өр, үлдсэн нь Засгийн газрын өр. Хэдхэн том компанид Засгийн газар өрийн баталгаа гаргаж өгөөд тэднээр дамжуулж зээл авна.
Тэр нь мэдээж уул уурхайтай холбоотой компаниуд, банкныхан л байна шүү дээ. Тэдний асуудлыг л шийдэх гэж байна. Байгаа нөхцөл байдал нь бахь байдгаараа, олсон мөнгөө тэрүүхэндээ эргэлдүүлээд, төсвөө хэдхэн том компанийн өрийн барьцаанд тавьчихаар босч чадахгүй.
Манай эдийн засгийн цусны эргэлт банкуудад очоод бөглөрчихдөг юм. Систем энэ бөглөөсийг гаргаж чадахгүй байгаа учраас тэрүүхэн тэндээ цус нь нөжрөөд, хөл гар нь хөрөөд хөшчихсөн өвчтэй хүн шиг эдийн засагтай байгаа юм.
Засгийн газар өрийн баталгаа гаргаснаа өр биш зүтгэнэ гэдэг жаахан хүүхэд нүдээ аньчихаад бусдад харагдахгүй байна гэж итгэхтэй адил инээдэмтэй л хэрэг болж байгаа юм даа. Одоо МАНАН-гийн олигархиудаа тэтгэсэн, тэдэнд үйлчилдэг эдийн засгийг л эндээс харж болно. Өөр юу ч хүлээх хэрэггүй, эдийн засаг улам бүр олигархжина.
-Засгийн газрын бүтэц ойлгомжтой боллоо. Бүрэлдэхүүнд нь орж ажиллах сайд нар тодорхой болчихлоо. Хэр нүдээ олсон гэж бодож байгаа вэ?
-Ерөнхийдөө хийх ажлыг нь сая хэллээ, түүндээ хэрэгтэй гэж үзсэн хүмүүсээ л сонгож авлаа. Гэхдээ энд тэнд нь гоёл чимэг наахаа наадуул чинь андахгүй л дээ.
-Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын үйл ажиллагаа бараг шөнийн 1.00 цаг хүртэл үргэлжиллээ. Та нэлээд бухимдалтай байсан. Гэхдээ бүлгийнхээ асуудлыг тэнд тавих шаардлага байсан уу гэж шүүмжлэх хүмүүс байлаа…
-Энэ бол Монгол Улсын их хурал. Энэ дотор болж байгаа бүхнийг мэдэх эрх олон нийтэд бий. Ингэснээрээ Монголын төр хэрхэн ялзарч дуусч байгааг, зайлшгүй өөрчлөх шаардлагатайг мэдэж, үүний төлөө юу хэрэгтэй талаар хэлэлцүүлэг нийгэмд өрнөөсэй гэж хүсч байсан.
Эцсийн дүндээ нийгэм ч Үндсэн хуулийн өөрчлөлт гарцаагүй гэдгийг олж мэдвэл энэ зовлонт үеийг хурдан гэтлэхэд нэмэртэй болов уу гэж бодох юм. Бүлгүүдэд байгаа талцал хуваагдал, зовлон ч бас л Монголын зовлон. Энэ бүхнийг анатомоор нь мэдэж байж зөв шийдэл олно шүү дээ.
-Шөнө дөлөөр хуралддаг дүрэм журмын талаар та асуусан. Гэхдээ Шударга ёс эвслийн бүлгээс болж чуулган орой хуралдахдаа хүрсэн гэлцэж байгаа…
-Хэнээс нь ч болсон юм, бүү мэд. Бүлэг юу байхав, МАХН өөртөө оногдсон сайд нараа томилох гээд л удсан бололтой юм.
-Парламентад суудалтай намууд эвсээд, хамтдаа улс орноо аваад явъя гэж байхад ганцаараа утоп зүйл ярих нь онцгүй байна гэж таныг дүгнэх хүмүүс ч байна…
-Үндсэн хуулийн өөрчлөлт хийж улс төрөө цэгцлээд улс орноо зөвөөр цааш авч явах тухай миний яриа тийм үл гүйцэлдэх мөрөөдөл үү, одоогийнхоо энэ байдлаар явсаар цэнгэлийн манлайд хүрнэ гэж итгэх нь үл гүйцэлдэх мөрөөдөл үү?
Та юу гэж бодож байна. Би ямар ч утопи юм яриагүй. Бодит байдлыг хэлсэн, бодит гарцыг санал болгож байгаа. Одоо тэгээд хамтраад улс орныг хааш нь чирэхийг харцгаая л даа. Би бол буруу гэдгийг нь хэлж өөрөөс шалтгаалах бүхнээ л хийлээ.
-Үнэндээ таны чуулган дээр үг хэлсэн үйлдлийг популизм хийж байна гэдэг утгаар харах хүмүүс байсан. Та юу хэлэх вэ?
-Популизм гэдэг үг л чөтгөр дарах тарни нь болж дээ. Зарим нь энэ үгээ ч сайн мэдэхгүй, аягүй бол популизм гэдэг нь нэг иймэрхүү жижигхэн шар чөтгөрийг хэлдэг гэж боддог болсон бололтой. Би популизм биш бодит байдлыг ярьдаг.
Харин манайхан өөрсдөө амьдралаас тасарчихаад миний ярьж байгааг популизм гэж бодоод байна. Энэ виртуаль сэтгэлгээ дээрээсээ доороо хүртэл, ялангуяа цахим орчинд түгээмэл байна. Монголд хоёр өөр ертөнц зэрэгцэн оршиж байгаа ч нэгнээ мэдэхгүй байна. Нэг дэх нь миний хэлдэг баруун зүүн дөрвөн зам, ордон-зайсан гэсэн тойрог, энэ тойрогт виртуал сэтгэлгээ ноёлсон, нөгөөх нь бодат ертөнц түүнийг бүслээд оршиж байгаа шүү.
Эмнэлгээр яваад шалан дээр хүүхдээ тэврээд хэвтэж байгаа ээжүүдийг харсан хүн энэрэнгүй нийгэм амжилттай байгуулж байна гэж итгэх үү? Цэцэрлэгээр орвол, захын хорооллоор явж үзвэл, сургуулиар орж үзсэн хүнд энэ нийгэм хүмүүнлэг санагдах уу? Энэ чуулганы хуралдааныг цаг алгасалгүй үзсэн хүмүүс ардчилсан нийгэмд байгаа гэж ойлгох болж байна уу? Ийм орчинд миний хэлж байгаа бүхэн популизм биш бодит байдал юм байна гэдгийг тэд биш ч олон нийт ойлгож байгаа.
25 жилийн эрх чөлөө, хүмүүнлэг нийгэм, энэрэнгүй нийгэм, ардчиллын тухай популизм нь “хий үзэгдэл” болох нь батлагдаж, ирээдүй нь харагдахгүй, өтгөн мананд төөрөлдсөн өнөөдрийн нийгмийг бүтээсэн гэдгийг ойлго.
МАНАН-гийнхан манан дотроо гэрэл гэгээтэй амьдарч байна гэж бодож байна. Харин би МАНАН-тай байна л гэж байгаа шүү дээ. Нэгэнт бий болсон бодат байдлыг ярьж, гарах гарцыг санал болгоод, хамтарч хийе гэж байгаа хүнийг ойлгохгүй, буруу цоллоод байна.
Оноо авах гэж энэ бүхнийг яриагүй, бусдыг өөрсөд шигээ бодох хэрэггүй л дээ. Би хуурч санал авдаг тэдэнтэй адил хүн биш. Шийдэл гарцаа олоод, гацаа Үндсэн хуульд байна шүү гэдгийг байнга хэлж байгаа.
Энэ бол популизм бүүр ч биш. Харин ч сүүлийн үед улам олон хүн энэ гацааг олж харж байх шиг байна, С.Баяр ч гэсэн ярилцлагадаа хэлж л байна билээ. Энэ маш сайн хэрэг.
-Та ЗГХЭГ-ын даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн С.Баярцогтыг эсэргүүцэж байх шиг байна. Гэхдээ Н.Алтанхуяг огцорч, оронд нь Ч.Сайханбилэг боллоо л бол С.Баярцогт нарын хүмүүс засагт орж ирэх нь тодорхой байсан байх. Тэгэхээр С.Баярцогтыг эсэргүүцэх байсан бол яах гэж Н.Алтанхуягийг огцруулах кноп дарсан юм бэ гэдэг асуулт танд ирэх байх…
-Эхлээд наадахиа Ерөнхийлөгчөөс асуух хэрэгтэй. Миний хувьд Н.Алтанхуягийг огцруулахаар Ч.Сайханбилэг болно гэж лав төлөвлөөгүй Харин Р.Амаржаргал болох гэж байсан санагдаж байна.
Гэтэл парламентын бүлгийн гаргасан шийдвэрийг нам нь татаж аваад, ҮЗХ нь өөрчилсөн.
Энэ үед төрийн эрх мэдэл хаана байсан бэ. Тэгээд АН-ын парламентын гишүүд нь ясаа булаалгасан нохой шиг гаслан, сүүлээ хавчиж ирээд намын шийдвэрийг парламентад тулгасан.
Үр дүн нь Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэдэг “МХЗЭ-ийн сиамын ихэр”. Энэ миний зуурсан бантан биш шүү. Нөгөө ариун нандин ардчилсан Үндсэн хууль нь хаана байна. Нэг нам л уландаа гишгэж байна. Дараа нь МАН-ын бүлэг яг ийм байдлаар өөрсдөө МАНАН-тсан муу нэр дуулахаас айж бас л Бага хурлаараа эвсэх шийдвэр гаргуулсан.
Миний бүхий л үйлдэл одоо байгаа Үндсэн хуулийг мөрдөхгүй байгааг илчлэх, хэн ч тоохгүй тэр тусмаа өмчилдөг АН нь нулимдаг энэ Үндсэн хуулийг өөрчлөх замаар нийгмийг өөрчлөх ёстойг харуулахад чиглэсэн. Шинэчлэлийн Засгийн газар л гэсэн, юу шинэчлэв?, одоо шийдлийн Засгийн газар л гэнэ, юу шийдэх юм. Засгийн газрын нэр хоч нь хүртэл харин ч популист санагдахгүй байна гэж үү.
-Ер нь Ардын намаас сайдад нэр дэвшигчдийг та яаж харж байна. Үнэндээ өнгөрсөн 2012 оны сонгуул ийн дуулианаар Өвөрхангайн хоёр гэдэг нэр автлаа алдаршсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нар ороод ирлээ. Ардын нам тэдний гомдлыг ингэж л тайлж байх шиг байна…
-МАНАН-гийн л идэвхтнүүд гэж харж байна. Гомдлыг нь АН тайлж байгаа юм биш үү. Гишүүнийг чинь авчихсан учраас сайд бол гэж. Наад хоёр намыг чинь салгаж ойлгох ямар ч аргагүй болсон.
-Нөгөө талаар У.Хүрэлсүхийг сайд болгох гэж Ардын нам Засгийн газрыг огцруулсан ч юм шиг болчихлоо. Нөгөө УИХ-ын гишүүнээсээ татгалзаад явсан хүнийг эргээд сайд болгох нь хэр нийцтэй юм бол. Та юу хэлэх вэ?
-Одоо үйлчилж байгаа системээр нам, фракцаас хэн ч ямар ч арга замаар орж ирж сайд болох бололцоотой, тэр ёсоор л явж байна. Тийм л учраас Үндсэн хуулиа өөрчилье, төрөө зөв болгоё гээд байгаа юм. Нам, фракцын систем бол магадгүй хамгийн адгийн амьтныг ч төрийн толгойд гаргаж ирнэ.
Яг жинхэнээсээ Монголд нам байхгүй. Жишээ нь АН бол фракцуудын нэгдэл. Аль нэг фракцад орохгүйгээр жинхэнэ намын, үзэл санааны, үндэсний эрх ашгийг ярьж тэнд оршин тогтнох аргагүй.
Фракцдаа үнэнч байж, тэндээ нөхөрсөг байж чадвал л дараагийн сонгуульд тойргоо авч чадна, сайд болж болно, албан тушаалд очиж чадна. Хамгийн энгийн дүрэм. Хэн түүнийг гаргаж ирсэн, түүнд үнэнч байх адгуусны энгийн зарчим. Өнөөдөр З.Энхболдод, Ц.Элбэгдоржид гэх мэтээр хувь заяагаа, бооцоогоо энэ хүмүүст тавьсан хүмүүс л байгаа.
Нөгөө талаасаа тойрсон хүмүүсийнхээ эрх ашгийг хангаж чадахгүй бол дээрх нь бас яг Н.Алтанхуяг шиг тасчуулна л гэсэн үг. Ийм л намууд төр барьж байна даа. Тийм л учраас дахиад Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярьцгаая.
У.Хүрэлсүхийн тухайд фракцгүй гэж бахархдаг МАН-ын “Зүүний хүчний холбоо” гэдэг фракц хүчтэйг харуулж байна. Гэхдэа ялаагүй, МАН, АН-ын фракц гэж байхгүй, харин МАНАН-гийн фракц гэвэл оновчтой.
-Энэ мэтчилэн шүүмжлэлтэй хандах хүмүүс нэр дэвшигчид дунд байгаа. Гэлээ ч тэднийг нэгэнт дэмжээд томилоод явах нь тодорхой болж байх шиг байна. Энэ тохиолдолд таны хувьд цаашид ямар байр суурь баримталж явах бол?
-“Шударга ёс” нь хүртэл МАНАН-д идүүлчихлээ. “Шударга ёс” гэдэг нэрийг манай бүлгийнхэнд хамаатуулж хэлэхэд хэл эвлэхгүй болов. Одоо юу хэрэгтэй вэ, хяналт л хэрэгтэй. Хяналт талд нь ажиллана. Гэхдээ би энэ улайрсан үйл явцыг зогсоож хүчрэхгүй байж магадгүй, харин илчилж чадна.
-Магадгүй “Шударга ёс” эвслээсээ гарах хэмжээнд хүрч магадгүй ч болчихсон юм шиг хандлага танаас сүүлийн үед харагдах боллоо?
-Гарах бол хамгийн амархан. Зөвөөр шийдэх үүргийг амлалтаараа хүлээсэн хэд хэдэн чухал асуудал эвсэлд бий. Эхнээсээ эхэлж байна, одоо Оюутолгойн асуудал юу юугүй ороод ирлээ. Хэрэв Оюу толгойн асуудлаар амлалтынхаа эсрэг ажиллавал эвсэл хий үзэгдэл болно. Намайг гарахаас урьдаад Шударга ёс байхгүй болчихоод байнаа, наана чинь.
-Шударга ёс эвслийн бүлэг дотооддоо үл ойлголцол ихтэй байгаа гэсэн. Чухам ямар асуудал байгаа юм бэ?
-Дотооддоо их сайхан ойлголцолтой эвийн цавуу шиг нам эвсэл энэ парламентад бас байна уу.
-Танай эвслээс сайдад нэр дэвшсэн гурван хүний талаар ямар байр суурьтай байна. Үнэхээр хариуцсан салбартаа сэтгэлд хүртэл ажиллаж чадах болов уу?
-Удахгүй харуулах биз дээ, надад одоо хэлэх зүйл алга.
-“Шударга ёс” эвсэл М.Энхсайханаас гадна хоёр сайдаа нэр дэвшүүлэх гэж бөөн юм болсон тухай сураг сонсогдох юм. Бүгд л албан тушаалын төлөө зүтгээд, зарим нь уйлж дуулсан тухай ч жиг жуг бий. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?
-М.Энхсайхан даргыг МҮАН-ын дийлэнх олонх дэмжиж нэр дэвшүүлсэн, МАХН-ын тухайд нэр дэвшигчдээ яаж гаргаж ирснийг мэдэхгүй юм.
-М.Энхсайхан даргын хувьд томоохон төслүүдийг хариуцан ажиллахаар болж байна. Таны шүүмжлэлтэй хандаад байдаг “Оюу толгой”, “Таван толгой” төслийг сайжруулах болов уу?
-Одоогоор М.Энхсайхан дарга хуулиар юу хийх нь тодорхойгүй, ямар ч эрх мэдэлгүй байна. Төсөвгүй, аппаратгүй, оффисгүй, тамгагүй. Мантуун бууз гэж бодсон чинь мантуу авчих шиг л боллоо.
Ер нь бол энэ үйл явц нэг хүнээс шалтгаалахаасаа өнгөрсөн. Тэгээд ч М.Энхсайхан дарга Ерөнхий сайд болоогүй учраас юу ч өөрчлөхгүй л болов уу. Оюутолгойг чадвал сайжруулаасай, чадахгүй бол хийх нүгэлд нь битгий оролцоосой л гэж бодож байна. Муу үйлийн баг болох хэрэггүй бизээ.
-Танай бүлгийн дарга яамгүй сайд бий болгох гэлээ гээд шүүмжлээд байсан. Гэтэл бүр МҮАН-ын даргыг яамгүй сайд болгочихлоо?
-Энэ Засгийн газар ч зүйрлэвэл нэг хуйцайрхуу л юм юмны холимог маягтай болчих шиг боллоо. Ингэвэл дагуулж өгдөг талх, мантуу нь манай дарга бололтой юм уу даа.
-Эцэст нь асуухад ямар ч байлаа гэсэн шинээр бүрдэх шийдлийн гэж нэрлээд байгаа эвслийн Засгийн газар бүрдчихлээ. Үлдсэн хоёр жилийн хугацаанд яаж ажиллаасай гэж хүсч байна вэ?
-“Оюу толгой”, “Таван толгой”-г битгий тавиад туучихаасай гэж чин сэтгэлээсээ залбирч сууна, харин тэнгэр миний энэ залбирлыг энэ манан, хэрүүл дундаас харж, сонсохгүй байх шиг байна. Үндсэн хуулийн өөрчлөлт рүүгээ орж улс төрийн гацаанаас гарах ажлаа шуурхай эхлээсэй гэж бодож байна.
2014 оны 12 дугаар сарын 11.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

11 Responses to Г.УЯНГА: ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН НЭР ХОЧ НЬ ХҮРТЭЛ ПОПУЛИСТ

  1. Bat says:

    Бурмаа гишүүн дан дээл дан дээл гэж байснаа өөрөө давхарлаад авлаа. Та юу гэж бодож байна энэ талаар…

  2. bi says:

    mongol mini hezee hogjih um bol doo mongolchuud ni hezee hun shig amidrah um bol doo

  3. deleted says:

    SHUDRAGA BAYTGAAYA GEJ HASHGIRAAD BAISAN ELBEGDORJ DAN DEELTEI BAIH YOSTOI GEJ HUTSAJ BAIGAAD SAIDUUDIIG N ZUVSHUURCH BNA. ZHU-G GORBACHEV ZADALSAN SHIG ELBEGDORJ MONGOLIIG MUHUUH UUREG GUITSETGEJ BAINA. IIM ZARCHIMGUI,SHIIDVER MUUTAI HUN ULS ORNIIG SUIRUULDEG UM. IIM HUMUUSIIG CIA GARGAJ IREED ZAAVRAAR AJILLUULDAG TUUH NEGENT BELEN BAINA.GORBACHEVIIN MONGOL HUVILBAR BOL ELBEGDORJ.UHAALAG TUR GEED BAISAN N HAANA BNA? DAHIAD L LUIVARCHID TURIIN TOLGOID GARAAD IRLEE.NIKAKOI MORALI,POSLEDOVATELNOSTI V EGO DEISTVIYAH NET

  4. deleted says:

    GORBACHEVIIN MONGOL HUVILBAR ELBEGDORJ ALGA BOLSON TSAGT MONGOL ULS ZUV ZAMDAA ORNO.

  5. Erdene says:

    ХҮҮХДЭЭ БУРУУ ЯВЛАА ГЭЭД АРГАА БАРДАГГҮЙ ГЭЖ ААВ ЭЭЖ НАРЫН ТУХАЙ ДУУЛДАГ. ХЭЗЭЭД ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ СЭТГЭЛ НЬ АБЙДАГ ГЭЖ ЯРЬДАГ ДАА. НИЙГЭМ ЭЦЭГ ЭХ ГЭЖ БОДВОЛ ЭНЭ ХЭДЭН ДАРГА НАР ХҮҮХДҮҮД ЮМ Л ДАА УУЛ НЬ. ЭЦЭГ ЭХ НЬ НЭГ Л МУУХАЙ ААШИЛБАЛ ХҮҮХДҮҮД НОМОНДОО ОРДОГ ЁСТОЙ. ОДОО АЛЬ Ч НАМД БАЙГАА ИДЭХ АВАХЫН ШУНАЛДАА ТАРХИ НЬ ЭРГЭСЭН ЗАЛУУЧУУДЫГ ХЭСЭГ НОМХРУУЛААД ЖИНХЭНЭ СЭХЭЭТЭН ХҮМҮҮСИЙГ ДЭМЖВЭЛ ЗАСРАХГҮЙ ТӨР ГЭЖ БАЙХГҮЙ. ДААНЧ МУУХАЙ НЬ САЙНАА БАРЬЖ ИДЭЭД БАЙНА. ТЭГЭХЭЭР ЭСВЭЛ УЯНГЫН ЯРИАД БАЙГАА ХУУЛИЙН ДАГУУ ЗАСАЛ ХЭРЭГТЭЙ, ЭСВЭЛ ТӨРИЙН ЭРГЭЛТЭЭР ЗАСАХ Л ҮЛДЭЭД БАЙНА

  6. Anonymous says:

    ODOO ARAI HOTSROOGUI BAIGAA DEEREE ZUV ZAM RUU YADAJ CHIGLEH UMSAN.

  7. Anonymous says:

    Өмнөх ЗГ нь Оюутолгойн монголд ашиггүй гэрээг хийх үндсэн зорилгоор 2 нам эвсэж Хамтарсан ЗГ байгуулсан. Тэр үндсэн үүргээ ч биелүүлсэн. Гэтэл одоо энэ удаа эдийн засаг хямарсан учраас хамтарах хэрэгтэй боллоо гээд бас хамтарсан ЗГ байгуулж бн. Гэтэл гол зорилго нь эдийн засгин хямрал ч биш Тавантолгой дээр гэрээ хийж эд бад хийх үндсэн зорилготой нь тодорхой болж бн. Үүний тулд М.Энхсайханыг ямар нэг тодорхой яам толгойлуулахгүйгээр монгол улсын сайд гэдэг хуурамч албан тушаал гаргаж ирж сайд болгож ЗГ-д оруулж иржээ. Энэ бол хууль бус зүйл. Нэгдүгээрт хариуцсан яамгүй сайд гэж байх ёсгүй. Хоёрдугаарт, бэлээхэн уул уурхайн яам нь байж байхад салбарын яаманд хариуцуулахгүйгээр Энхсайханаар хийлгэхээр болж байгаагаас харахад энэ бүхнийгээ бүр эртнээс тохирчихсон байсан бншд. МАН сөрөг хүчин байвал мэдээж ийм яамгүй сайд майдыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс сөрөг хүчингүй болгож байгаад ийм тохироо хийж бн. Гадаадынханыг дэмжихээс өөр юм мэддэггүй Энхсайханаар ч үүнийг хийлгэхийг зөвшөөрмөөргүй бн. Том том мега төслийг хариуцаж ажиллах тусгай сайд гаргаж байгаа гэсэн тайлбар хийсэн. Том мега төсөл нь Тавантолгойгоос өөр юу бхав дэ. Өмнөх Оюутолгой дээрээ муу гэрээ хийж одоо болтол хэрүүл уруул дагуулж байгаа тул түүнийгээ цэгцэлтэлээ Тавантолгойгоор оролдохыг хоиглож бн. 20 зуунд нээгдсэн монголын хамгийн том ордыг эднээр тоглуулмааргүй бн. Ер нь газараа ухаж зарахаас өөр юм хийхээ больсон эднийг болиульяа. Англо-Американ зэрэг америкийн гигант компаниуд өнгөрсөн жилээс орж ирж АН-ынхантай уулзаж эхэлсэн. Тэдэнд өгөх гээд эртнээс бэлдчихсэн бн. Тиймээс үүнийг эсэргүүцэх ажил ард түмэнд үлдэж бх шиг. Гадныханд ашигтай гэрээ хийхэд хамгийн тохромжтой хүн бол монголд бол М.Энхсайхан гэдэг нь тодорхой. Эсэргүүцэж бн.

  8. tumur says:

    toriin alba zasgiin gazar ih hural biznesiin baiguullaga bish gedgiig uul ni UIH gishuun hun medmeer jm.Zasgiin uureg bol huuli zuin orchingii ni bii bolgoh hyanaltandaa bailgah.Getel ene hun toroor biznes hiilgeh geed baih jm.Iim toriin tushee baij boloh uu.Tor tsever tatvaraar uls orniig avch jvah ystoi.Tatvar toloogui alba ami hench baisan gemt heregten.Ene olon hun jaagaad tor luu oroh gej uhen hatan dairch baina,Ulsiin uildver olon bolhoor hulgai hiih gej ,ugui jdaj huvtsaa ezemshih gej, shahaa hiih gej ,avilga avah gej, tyynees ene mongoliin uls oron ard tumnee avch jvah estoi eh oronch albuud ruu eh oron ,ard tymneer nuurnii aris hiisen hudlaa eh oronchid ju gej zutgeh ve dee.

  9. bat says:

    энэ ЗГ ч арай л худлаа боллоо доо. хичнээн их эвэр туурайтнууд, бялуу хуваах….ёстой оршихуйн тухай гунигт бодолд автлаа. эх орон, ард түмэн минь өөдийн бараа харах нь уу….

  10. Би says:

    Нэг л юм маш тодорхой харагдаж бн. Монголд чинь МАН, АН гэж 2 том нам байдаг. Хоорондоо засгийн эрхийн төлөө үзэлцэж байдаг гэж ард түмэн боддог. Гэтэл үгүй юм бн. Монголд бүх юмыг мэддэг Алтангадас гэдэг бүлэглэл л байдаг юм бн. Бүх юм тэдний тохиролцсон сценариар л явдаг юм бн. Алтангадасын гишүүдийг л нэрлэчихвэл бүх юм тодорхой болох юм бншд. Тэд төрийн толгойд байсан цагт ард түмний яриад байдаг улс төрд шинэ хүн, шинэ хүчин гарч ирж монголыг хөгжүүлэх энэ тэр бол зүгээр худлаа хоосон худлаа яриа болох юм бн.

  11. Anonymous says:

    Үндсэн хууль өөрчлөнө гэхийн өмнө намуудын тухай, сонгуулийн, засгийн газрын гэх мэт хуулийг Өөрчлөх. үндсэн хуулиа өөрчлөхийн өмнө биелүүлээч. Хуулиа биелүүлэхгүй бол хууль өөрчлөөд хэрэг байхгүй. Дээшээ цовхчихын өмнө доорохоо хөр доорхоо хийгээч.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: