МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ТУХАЙ ЭРЭГЦҮҮЛЭЛ

Өнөөдөр Монголын шинжлэх ухааныг хөгжүүлэх, аврах тухай асуудал ид яригдаж байна. Мөн чанартаа бол шинээр сэргээн хөгжүүлэх тухай асуудал юм. Энэ тухай эрэгцүүллээ сэдэв (тезис) маягаар өгүүлэх гэсэн юм.

1. Шинжлэх ухаан гэдэг зүйл маш эрт үүссэн гэдэг боловч яг сонгодог утгаараа ердөө саяхан XIX-XX зууны үед үүссэн юм. Сонгодог утга гэдэг нь шинэ нээлтийг лабораторид хийдэг, тэдгээр туршилтыг дахин давтаж болдог, хажуудаа их дээд сургуультай, мөн үйлдвэрлэлтэй нягт холбоотой, өөртөө номын сан, архивтай, эрдэм шинжилгээний сан хөмрөгтэй, судалгаа шинжилгээний хамт олонтой, эцсийн дүндээ нийт нийгэмд тустай нийгмийн институтыг хэлнэ. Тэрнээс биш Чингис хаан Татаатунгааг дэргэдээ авчирсан, Хувилай хаан хажуудаа мэргэн хүмүүс цуглуулсан, Судар бичгийн Хүрээлэн байгуулсан зэргийг шинжлэх ухаан сонгодог утгаар хөгжсөн гэж үздэггүй.
2. 1942 онд Их Сургууль байгуулагдаж, 1950-иад онд ШУА болон түүний хүрээлэнгүүд байгуулагдсан үеэс Монголд шинжлэх ухааны суурь үндэс тавигдаж шинжлэх ухааны институтийн систем бий болсон.
3. Манай улсын шинжлэх ухаан Зөвлөлтийн шинжлэх ухааны том системийн дэд хэсэг байсан ба суурь нь орост, хавсарга нь монголд хөгжиж байсан гэж ойлгож болно. Зөвлөлтийн шинжлэх ухааны систем дэлхийд хаа ч гологдохгүй, хүчирхэг системийн нэг байсан учраас манайд ч гэсэн шинжлэх ухааны тодорхой салбарууд мөн тэр хэмжээгээр муугүй хөгжиж байсан юм. Гэхдээ л хавсарга шинжтэй байсан учраас бие даах чадвар хомс байсан.
4. Хавсарга гэдэг нь манай физикчид гэхэд л оросын Дубна хотын цөмийн хурдасгуур дээр ажиллаж эрдмийн зэрэг хамгаалдаг байсныг хэлж байна. Манайд юу ч байхгүй юм чинь тэнд очихоос өөр арга байгаагүй. Ер нь ч тэгээд лабораторигүй физикч бол жинхэнэ утгаараа фикич биш юм. Энэ агуулга байгалийн шинжлэх ухааны бусад салбарт ч гэсэн хамаарна. Цаашилбал манай газар тариалангийнхан Тимерязяевийн Академид сурдаг гэхчлэн манай бүх мэргэжлийнхэн оросын харгалзах том том академи, хүрээлэн, институтэд очиж сурдаг, судалдаг байсан. Үүнийг л хавсарга ухаан гээд байгаа юм.
5. Манай эдийн засаг, нийгмийн хөгжлөөс ихээхэн түрүүлсэн шинжлэх ухааны нэлээд салбарыг үзэл суртлын үүднээс манайд хөгжүүлж байв. Энэ бол Зөвлөлтийн ач тус юм. Жишээлбэл, цөмийн физик болон физикийн зарим салбар, математик гэхчлэн. Энэ салбарт бэлтгэсэн боловсон хүчнээ манайх эдийн засаг, нийгмийн салбарт бүрэн ашиглаж чаддаггүй байсан. Иймээс тэд хийх юмгүй шахам байсан.
6. Нэгэнт “хийх юмгүй” хүмүүс улс төрөөр оролддог нь зүй ёсны хэрэг юм. 1990-ээд МУИС-ын Физик-математикийн факультет тэр чигээрээ, ШУА-ийн Математикийн Хүрээлэн тэр чигээрээ, ШУА-ийн Физик Техникийн Хүрээлэн тэр чигээрээ улс төрөөр оролдож бүгдээрээ “хувьсгалчид” болсныг тэд бүгдээрээ хийх ажилгүй байснаар л тайлбарлаж болно. Өөр ямар ч тайлбар байхгүй.
7. Р.Гончигдорж, Д.Ламжав, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ч.Улаанхүү, Э.Бат-Үүл гээд 1990-ээд оны бараг бүх хувьсгалчид ШУА-ын физикч-математикчид юм. Миний залхуу хүрээд дурдаагүй бусад хар мянган нэрийг нэрийг уншигчид гүйцээгээд олно биз. Би ямар улс төрч-физикч-математикчдын нэрсийг жагсаан бичих албатай биш. Одоо тэд үгүй ядаж хурган дарга хийж байгаа нь бодит баримт юм. Бүх физикчид нь хувьсгал хийдэг ийм маанаг, гаж тохиолдол энэ дэлхийн өөр хаана ч байхгүй. Орост гэхэд ганцхан Сахаров л байхад Монголд үй түмэн “саахаржав” төрсөн юм…
8. Нийгэм хийгээд улс төрийн талаар ямар ч төсөөлөл байхгүй эдгээр байгалийн ухааныхан улс төрд орж ирснээр монголын улс төр хийгээд шинжлэх ухаан хоёрыг хоёуланг сөнөөснийг эдүгээ бид харж байна. Аа, тийм тэд намаа хүртэл (МСДН) сөнөөсөн юм байна. Ингэхлээр тэд бүх юмыг сөнөөдөг гэсэн үг. Тэдний дийлэнхи олонхи өөрсдөө ч гэсэн улс төрч ч биш, эрдэмтэн ч биш, зүгээр л луйварчин, дээрэмчид болцгоов.
9. Хавсарга шинжлэх ухаан бие даан хөгжих ямар ч бололцоогүй байдаг жам ёсоор Зөвлөлтийн суурь шинжлэх ухааныг нулимж хаяснаар Монголын хавсарга шинжлэх ухаан үхлийн өвчин тусав. Үүнийг ардчилал гэсэн уриан дор олон жил анзаараагүй юм.
10. Шинжлэх ухааныг арилжааны хэлбэрт оруулах оролдлого хийсэн боловч барууныханд социализмын үед олсон ололтоо зарж үрэх төдий ажил хийв. Зарах юм нь хэдхэн жил болоод дуусав. Гэвч шинжлэх ухаан бол арилжааны хэрэгсэл биш, харин үндэсний эрх ашиг, эрхэмлэлийн асуудал юм.
11. Ардчиллын үед нийгмийн ухааныхан бүх суурь судалгааг ор тас орхиж дандаа “ардчилал” болон “зах зээл” судалдаг болов. Нийгмийн ухаанд оккультизм, парапсихологи, эзотерик, психотроник зэрэг хуурамч хог новшнууд дүүрэв. Сүүлдээ лам, бөө, далдын хүчний төлөөлөгчид шинжлэх ухааныг айлган сүрдүүлж, шинжлэх ухааны төлөөлөгчид тэднээс айн сүрдэж амьдрах болов. Монголын шинжлэх ухаан креационизмд дээрэлхүүлж амьд үхсэн нь мэдэгдэхгүй болов.
12. Үр дүн нь хавсарга шинжлэх ухаан ч үгүй, суурь шинжлэх ухаан ч үгүй болж Монголд шинжлэх ухаан бүрэн утгаараа сөнөв. Одоо бол цоо шинээр эхлэх ёстой болж байна.
13. Цоо шинээр эхлэхийн тулд Монгол орны суурь нөхцлийг харгалзах ёстой. Нөгөө талаас шинжлэх ухааны салбар болгоныг хөгжүүлэх боломж манайд байхгүйг харгалзах ёстой.
14. Хамгийн эхлээд манайд тогтсон гаж ойлголтуудыг эвдэн арилгах ёстой. Энэ бол ШУА-ыг шинжлэх ухаан гэж үздэг, ШУА-ыг шинжлэх ухааныг удирдах газар гэж үздэг, ШУА-ын Тэргүүлэгчдийн Газрыг шинжлэх ухааны яам гэж үздэг. Хүрээлэнгүүдийг агентлаг гэж үздэг хачин тэнэг ойлголт, төсөөлөл юм. Одоо бол ШУА-ын Тэргүүлэгчдийн Газар гэдэг балай газрыг татан буулгах ёстой.
15. Эдүгээ ШУА, Их дээд сургууль хоёрыг нэгтгэх, эс нэгтгэх тухай “онолын” маргаан болж байна. Энд ШУА болон Их дээд сургуулиудыг хамтад нь сөнөөсөн нөхдүүд туйлын идэвхитэй оролцож байна. Тэд Их дээд сургуулийг “илүү дээр” гэж бодож байна. Үнэн хэрэг дээрээ Монголын Их дээд сургуулийн систем ч гэсэн үхэл мөхлийн ирмэг дээр байгааг тэд анзаарахгүй байна. Тэд мөхөж байгаа хоёр юмыг нийлүүлэх, эс нийлүүлэх тухай ярьж байна.
16. Нөгөө талаас ердөө л ШУА, Их дээд сургууль гэсэн хоёрхон юмны дотор бодож байгаа нь үнэхээр өрөвдөлтэй байна. Монголд энэ хоёроос өөр шинжлэх ухаантай холбоотой нэлээд газар бий.
17. Монголд бие даан хөгжүүлж дэлхийд гайхуулах боломжтой хоёрхон том шинжлэх ухаан бий. Энэ нь археологи, палеонтологи хоёр юм. Учир нь Монгол орон өөрөө энэ хоёр шинжлэх ухааны өлгий юм. Иймээс энэ хоёр хүрээлэнг тусгайлан анхаарч Археологийн Хүрээлэнг Үндэсний Түүхийн музейтэй, Палеонтологийн Хүрээлэнг Байгалийн түүхийн музей болон Динозаврын музейтэй нийлүүлэн Үндэсний судалгааны том Төвүүд байгуулах ёстой.
18. Музейг “хуучны юм үздэг газар” гэсэн мунхаг харанхуй ойлголтоосоо бид салах ёстой. Олон улсын жишиг ч ийм байгаа. Археологийн болон Палеонтологийн Хүрээлэнгүүдээ музейнүүдтэйгээ нийлүүлсэн хүчирхэг Төв байгуулж чадвал бид дэлхийд тэргүүлэх, бас гайхуулах боломжтой. Тэртэй тэргүй музейнүүд чинь Боловсролын яамны мэдэлд байдаг биз дээ. Дэлхийг шагшруулсан үлэг гүрвэлүүд, нэн эртний түүхэн олдворуудаа подвалд хадгалдаг маанаг тэнэг улс Монгол л байна. Дээр дурдсан Шинжлэх ухааны цогцолборыг байгуулж чадвал дэлхийд алдаршсан эрдэм, шинжилгээ, судалгаа, онол, сургалт, түүх, соёл, аялал, жуулчлалын Үндэсний Цогцолбор хөгжүүлэх сайхан боломж нээгдэнэ.
19. Хэрэв энэ зарчмыг ойлгож чадвал “ШУА+Их дээд сургууль” гэсэн улиг болсон “хоёртын тооллын” мунхаг харанхуй сэтгэлгээнээсээ салж чадах бөгөөд энэ зарчмын дагуу бусад хүрээлэнгүүдийг ч цоо шинээр эмхлэн цэгцэлж болно.
20. Эдүгээ Монголд “Шинжлэх ухааны яамны” дарга болох гэсэн хүмүүсийн хооронд зодоон болж байгааг би сайтар ойлгож байна. Хэрэв дээр дурдсан орчин үеийн, чөлөөт, ирээдүйтэй, дэвшилтэт зарчмыг ойлгосон хийгээд зөвшөөрсөн тохиолдолд би бусад хүрээлэнгүүдийг яаж зохион байгуулах талаар саналаа хэлж болох юм.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 01 дүгээр сарын 10.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

21 Responses to МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ТУХАЙ ЭРЭГЦҮҮЛЭЛ

  1. Жавхаа says:

    Энэ ёстой мундаг өвгөн шүү. Сая таны твитэр дээрх монголын сар бээжин сар гэх сэтгэгдэл харлаа. Манай хэл сэтгэлгээ өөр гэдгийг европ-д ирээд хэл сурах гэж үйлээ үзэж байхдаа л мэдэрч байна. Ядаж байхад 30 гарсан хойноо хэл үзэж байгааг хэлэх үү. Миний ойлгож байгаагаар бол монголчууд хамаатуулах нөхцлөөр тухайн зүйл (subject) -ээ илэрхийлэх, -д хандах зэргээр ярьдаг. Мөн гадаад хэлний олон тооны зэрэг монгол хэлэнд хүч түрэмгийлэн орж ирж, хэл найруулгад их нөлөөлж байгаад санаа алдахаас өөр чадалгүй л байна даа. Зүгээр л ярианы хэлэнд “Дорнодод (аймагт) нар мандах үнэхээр сайхан маш том харагддаг” гэхэд хэн ч ойлгоно. Харсан хүн үнэхээр мэдэрнэ дээ. Нутгын салхи гээд л ярьдаг л биз дээ. Яг үүнтэй адилхан санаагаар хэлснийг тань ойлгож байгаа хэрнээ мушгин гуйвуулж цэцэрхэхийг яаж тайлбарлах вэ? Энэ цэцэрхэл нь ихэвчлэн тодорхойгоос ерөнхий рүү ярьдаг европ (indo-europe) зүгийн ойлголтоос эхтэй гэдэг нь илт мэдэгддэг. Ж нь: Монголоос одод (однууд гэх юмуу орчин цагийн хүүхдүүдийн хэллэгээр) их тод харагддаг гэж гадныхан ярина. Яг монгол хэлээр бол “Монголын од илүү тод”. Бид ч гэсэн заримдаа “манай монголын нар ч хурц шүү” гээд л ярьдаг. Бас тухайн харилцаж буй хүндээ хандан найз нь, хөгшин чинь гэх мэтээр ярьдаг. Хэл бол соёл гэж үнэн, харин эдийн засаг болон зэр зэвсгийн давамгай байдлаар өөрсдийн хэл, соёлоо тулгаж ирсэн европ хэлний дүрмээр монгол хэлний дүрмийг тайлбарлаж дийлэхгүй юм байна гэдгийг энд ирсэн хойно оо л ойлгов. Сүүлийн 20 жилд манай хэвлэл, мэдээллийнхэн хэт их гадаад найруулгатай бичдэг болоод байгаа нь илт анзаарагддаг. Мөн идэвхигүй хэлбэрт их бичдэг болсон байна лээ. Миний уншсан ном гэхийг надаар уншигдсан ном ч гэх шиг… заза баахан л өөрийн гомдлоо биччихлээ. Таны бичсэнийг байнга уншдаг шүү, Берлин-с нэгэн дэмжигч,

  2. Anonymous says:

    Urgeljleliig unshay Ganaa ahaa

  3. Мөнх says:

    Археологийн хүрээлэнг татан буулгах талаар хэдийн ажлаа хийгээд эхэлцээн ах минь

    • Ганаа says:

      Ингэвэл ганц боломжтой, ирээдүйтэй шинжлэх ухаанаа устгаж л таарна даа. Үнэн усан тэнэг шаарууд юм аа…

  4. Sainbayar says:

    Археологийн хүрээлэнгээ татан буулгаж өөрсдөө үлдэж байгаа Тэргүүлэгчдийн газрын хэдэн дарга нарыг нь л буулгах хэрэгтэй, ТАНЫГ ДЭМЖДЭГ ШҮҮ,ЗӨВ БИЧЖЭЭ.

  5. С says:

    Малын үйлдрийг сайжруулах, мал эмнэлгийн чиглэлийн ш у Монголд хэрэгтэй биш үү

    • Ганаа says:

      Би тэрийг дараа ярина гэж хэн ч ойлгохоор хэлсэн. Чи оюуны хомсдолтой биш бол юмыг гүйцэд уншиж бай…

  6. bi says:

    unen um bichjee

  7. ZOCHIN says:

    ХИМИ, ФИЗИК ХОЁР БОЛ ҮНЭНДЭЭ ДАВХАЦАЛТАЙ БАЙГАА ДЭМИЙ ТӨСӨВ ҮРДЭГ ГАЗАР ШДЭЭ. МУИС, ШУТИС ГЭЭД БҮГД Л ЭНЭ САЛБАРТ ХҮЧТЭЙ СУДАЛГАА ХИЙДЭГ ХАРИН ХҮРЭЭЛЭНГҮҮД ЮУ ХИЙСЭН НЬ ӨДИЙГ ХҮРТЭЛ ТОДОРХОЙ БУС БАЙГААШДЭЭ.

  8. монгол says:

    ‘Музейг “хуучны юм үздэг газар” гэсэн мунхаг харанхуй ойлголтоосоо бид салах ёстой… ‘, ‘Сүүлдээ лам, бөө, далдын хүчний төлөөлөгчид шинжлэх ухааныг айлган сүрдүүлж, шинжлэх ухааны төлөөлөгчид тэднээс айн сүрдэж амьдрах болов.’ Би өөрөө коммэнт бичих гэхийн оронд таны гайхалтай гоё онож хэлсэн энэ хоёр өгүүлбэрийг зүгээр л давтан хуулбарлаж энд тавихгүй байж чадсангүй. Браво.

    • Anonymous says:

      Хими, Физик хоёрыг ялгахгүй улстай юу ярих вэ? Физикийн хүрээлэнгээс үүссэн МОНЭЛ фирм аль 1980 онд Компьютер зохион бүтээж, Өнгөт ТВ угсран үйлдвэрлэж МОНГОЛ улс
      хүнээ сансарт нисэхэд бас хэдэн электрон бгаж хийгээд Гүррагчаад өгөөд явуулсан шүү.

  9. Erdene says:

    ШИНЖЛЭХ УХААН, ЗА ТҮҮГЭЭР ЭРДМИЙН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЖ ЯРИХААС ӨӨРӨӨР ЭНЭ САЛБАРЫГ САЙН МЭДРЭЭГҮЙ. МЭДРЭЭГҮЙ ГЭДЭГ НЬ ӨГҮҮЛЛЭГТ ДУРЬДСАН ХИЙХ ЮМГҮЙ НӨХДҮҮД ХУВЬСГААЛЧ БОЛСОН ГЭДЭГТЭЙ ХОЛБООТОЙ. ТҮҮХЭЭ Ч ОЛИГТОЙ МЭДЭХГҮЙ БАЙНА. ХИЙХ ХҮМҮҮС НЬ ХИЙСНИЙГ БИД ХЭРЭГЛЭХ ХУВААРЬТАЙ БАЙХ. ТҮҮНЭЭС БИШ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БИШ ЯАЖ БҮХ ЮМЫГ МЭДЭХ ВЭ… ЭНЭ ӨГҮҮЛЛЭГТ МАШ ТОМ САНАА БАЙНА. ЭНЭ БУЖИГНААНЫ ҮЕЭР ЭНЭ САНААГ Л ОЛЖ БАРЬЖ АВАХ НЬ ЧУХАЛ ЮМАА

  10. Anonymous says:

    ENE HUNII HELJ BAIGAAG OILGOOD HULEEJ AVAH UHAANTAI ZASAG TORTEI BOLOOSOI

  11. Bayanaa says:

    Baahan budlianiig tani ymiig unshij baij olgoloo. Uneheer taalagdsan bolohoor tesgelgui fb-tee share hiilee tsaash ni unshmaar bna.

  12. Anonymous says:

    Шинжлэх ухаан л гэж хэлээд бгаа тэр science гэсэн үг чинь ГРЕК хэлнээс нь хөрвүүлвэл таних мэдэх гэсэн л үг. би ч өөрөө тэр шинжлэх ухаан гээд бгаа зүйлийн нэг хэсэг гэхдээ би шинжлэх ухаанд биш мэдлэгийн салбарт ажилдаг хүн. Энэ шинжлэх ухаан гэдэг утгагүй орчуулгыг халмаар бн шүү

    • Ганаа says:

      Сүйрэл нэр томъёоны буруу орчуулгаас болчихсон юм биш. Чамаас эхлээд худлаа цэцэрхээд, балайраад солиороод байгаагаас болж байгаа юм…

    • Mongol says:

      Ganaa chi yg unen hariulsan baina. Odoo manaid ug zuiliin utga uchriig medehgui mortloo, hudlaa tsetserhej ooriigoo busdaas deeguur gej solior ch baidag humuusiin 1l bn shuu dee.
      Anonymous gesen chin shinjleh uhaan gej yu blhiig medehgui baitlaa orchuulga ni buruu meteer hogloj baina shuu dee. Harin Ganaadaa bayrllaa.

    • Saruulbileg says:

      Грек биш латин хэлнээс байх шүү

  13. bat says:

    estoi unen manaih shig jijig ulsad ehleed uursudduu heregtei l yumaa hugjuulj bgaad daraa ni busdiig bolmoor yumoo

  14. unshigch says:

    hatuu bogood unen dvr turhiig ni todorhoilson uguulel bna. busad hureelenguudiig yaj zohion baiguulval boloh talaarh sanaliig tani sonsohiig husch bna. tanii sanaliig demjij bna.

  15. Anonymous says:

    Хэрэв дээр дурдсан орчин үеийн, чөлөөт, ирээдүйтэй, дэвшилтэт зарчмыг ойлгосон хийгээд зөвшөөрсөн тохиолдолд би бусад хүрээлэнгүүдийг яаж зохион байгуулах талаар саналаа хэлж болох юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: