УНААТАЙ ХӨХ ХОТ

Дээхэн би Хөх хот яваад ирэв. Хөх хотод нэг ижил унадаг дугуй их олон болж. Би хятадууд дугуйнд дуртай болоод л тэр биз гээд эхэндээ нэг их тоосонгүй. Гэтэл тэд хотынхоо тээврийн асуудлыг үнэн ухаалаг шийдэж байна. Энэ туршлага манайд нэн хэрэгтэй учраас энэ тухай өгүүлэх гэсэн юм…
Хамгийн хямд, хамгийн ашигтай хөрөнгө оруулалт
Хөх хотод энд тэндгүй унадаг дугуйны орчин үеийн зогсоол барьжээ. Лавлаад үзсэн чинь одоогийн байдлаар 120 ийм зогсоол бариад байгаа гэнэ. Ноднинхон байхгүй байсан юм. Уг нь Хятадын биш, барууны загварын зогсоол л доо. Гэхдээ ухаалаг нэвтрүүлж, ашиг тусаа өгч байвал тэргүүн туршлага хаанахын хэний байх нь ямар хамаа байна ?!
Ингээд сонирхоод хэл мэддэг хүнээр интернэт хайлт хийлгэж бяцхан лавлагаа хийлгүүллээ. Нэг зогсоол 50 дугуйны багтаамжтай, автомат ажиллагаатай, цахим картаар ажиллана. Одоогоор хотын хэмжээнд 5100 дугуй үйлчилж байгаа гэнэ. 14-70 насны ямар ч хүнд үйлчилдэг гэнэ. Олон хүнд таалагдаж байгаа тул энэ үйлчилгээгээ улам өргөжүүлж байгаа аж.
IMG_2594
Дугуй нь дунд гарын, өмнөө жижиг сагстай, тоолууртай, орчин үеийн дизаинтай, их аятайхан, такси шиг нэг стандарттай, цэнхэр өнгөтэй эд байна.
IMG_2595
Үүнийг унахын тулд эхлээд 210 юаны барьцаа мөнгө төлж үйлчилгээний цахим карт авна. Мөн 20 юань төлж урьдчилгаа мөнгө төлнө. Нийт 230 юань төлөөд л дугуй дураараа унах эрхтэй болох юм байна.
Дугуй унах нөхцөл нь иймэрхүү. Эхний 1 цаг үнэгүй. Дараагийн 1 цагаас эхлэн цаг тутам 1 юань. Харьцуулж хэлэхэд Хөх хотод автобус зэрэг нийтийн тээврээр зорчиход 1 юанийн үнэтэй. Дугуйг 24 цаг унаж болох ба энэ хугацаанд багтан хотод тараан байрлуулсан 120 зогсоолын аль нэгэнд буцаан тавих ёстой.
IMG_2596
Би тоглоом хийгээд дугуйгаа 55 минут уначихаад аль нэг зогсоол дээр тавьчихаад дараагийн дугуйгаа аваад 55 минут унаад цаашаа яваад байвал мөнгө төлөхгүй байж болох уу ? гэж “монголоор сэтгэж” асуулаа. Хөтөч маань нулимсаа гартал инээснээ “болох байхаа” гэснээ хүн дугуй яаж ч их унасан өдрийн хөлс нь 10 юанаас илүү гарахгүй байхаар үнийн бодлогыг нь зохицуулсан шүү дээ гэв.
Энэ үйлчилгээ маш олон хүнд таалагдаж. Угаасаа дугуйнд дуртай ард түмнийг хэлэх үү, сургуулийн хүүхдүүд, албан хаагчид, хүүхнүүд, ер нь бараг бүгдээрээ шахам энэ “такси” дугуйгаа унаад эхэлсэн байна.
IMG_2593
Миний ойлгосноор энэ нь хотын тээврийн асуудлаас гадна эрүүл мэндийн асуудлыг давхар шийдэж буй тун ч ухаалаг шийдэл болсон байна. Хамгийн гол нь энэ бол асар ашигтай хөрөнгө оруулалт гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой юм…
Энэ бол хотын тээврийн асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй ч гэсэн ихээхэн хөнгөвчилж, улмаар эрүүл мэнд, нийгэм, эрүүл мэнд хийгээд экологийн асуудалд давхар эерэг нөлөө үзүүлж байгаа цогц шийдэл болох нь эргэлзээгүй юм.
Усан тэнэгүүдийн хөрөнгө оруулалт
Монголд болохоор дандаа усан тэнэгүүд нь дарга болдог юм шиг ээ. Үүний тод жишээ нь Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл болно. Тэрээр Улаанбаатар хотын дундуур төмөр зам барьж вагон явуулах аргаар тээврийн асуудлыг шийдэх гэсэн анхны хотын дарга юм. Н.Бат-Үүл 2014 оны 5 дугаар сарын 19-нд 3,9 сая долларын өртөгтэй Railbus хүлээж авав.
Хэд хэдэн зогсоол, тавцан хийх болон засварлахад 300 сая төгрөг зарцуулсан, мөн 3,7 км шинэ төмөр замын ажил эхлүүлсэн. Мөн railbas-ын 6 зогсоол барих ажлыг эхлүүлсэн. Мөн хос төмөр зам барих ажлыг эхлүүлсэн. Нийтдээ 18,4 тэрбум төгрөгийн төслийн ажил эхлүүлсэн ба түүний ихэнхийг үрэн таран хийсэн. Нөгөө Railbas нь суух хүн байхгүйн улмаас хэдхэн сар ажиллаад зогссон.
Н.Бат-Үүлийн ажил гэж дандаа ийм хөгийн “юм” байдаг. Ингэхлээр чинь Улаанбаатар яаж мөнгөтэй байх юм ?!
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 01 дүгээр сарын 27.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to УНААТАЙ ХӨХ ХОТ

  1. urnaa says:

    Ёстой сайхан санаа бна. Өвөл яадаг юм гэхээр бусад 3н улиралд нь дугуй унаад бвал эрүүл мэнд, эдийн засаг талдаа ч аль алинд нь хэрэгтэй юм.

  2. bat says:

    аятайхан юм байнаа.эвтэйхэн зардал багатай иймэрхүү шийдэл манайд мөн ч хэрэгтэй юм даа

  3. bi says:

    Medehgui l um bn hoh hot zam guuree ehnii eeljind saijruulchihsan um chini dugui unah asuudalgui bh mongold zamaa guure davhar zamuuda shiidchihed boloh asuudal bishuu ene solongost bj l bdag humuus ni ch heregleh ni heregledeg gehde osol ih garch hun ih uhdeg um bn le uneheer yaraltai ued l uyn um gehees mashinaa iluud uzeh ni heveere

  4. Anonymous says:

    зөв асуудал хөндөж байгаад тань талархаж байна. Санаа авах зохих түвшний дарганцарууд нэгэн зүйл бодвол хэрэгтэй л зүйл.Дугуйн асуудал бол олон талын ашигтай эд дээ.Үүнийг улсын хэмжээнд ажил болгочих ухаантай улс байхгүй л юм байх даа? Сайн сайхан юмыг эх орондоо нэвтрүүлэе гэсэн эрх мэдэлтэй улс байхгүй шахуу байна, Бүгд надад ямар ашигтай, хэдэн хувь надад өгхөв л гэсэн өлөн чоноор дүүрэн

  5. gerleekhuu says:

    Хотын даргын хийж байгаа бүхэн таалагддаггүй замын хөдөлгөөний зохицуулалтанд шинчлэл хийгдсэнгүй хязгаарлалт хогний уут хочроос өөр юм ч хийхгүй байсаар гурван жил боллоо энэ бүхэнээ их ухаантай хүний хийсэн ажил мэтээр өөрийгөө рекламдсаар байна үнэн хэрэг дээрээ хөдөлгөөний зохицуулалт юу ч хийгдээгүй зохицуулалт хийх ёстой тэмдэг тэмдэглэл гэрлэн дохионы тавилт хийц хэв загвар нь хоцрогдлийн туйл тэнэг хүний жинхэн дүр төрхийг эндээс харж болно энэ их түгжирэл осол аваар хүний амь энэ тэнэглэлээс болж гараад байхад машин ихдсэнээс болоод байгаа гэж ухаантан минь айлдсаар хязгаарлсаар энэ мэт таны авууштай санаа оноог олж харах завгүй л яваж байх шиг байна да

  6. Anonymous says:

    Судалдаг л байх даа хөөрхий, даанч ажлыг системтэй хийж мэддэггүй, нэг бол сэтгэлийн хөөрлөөр, нэг бол мөнгөний исгэлэн амтаар л ажил хийхгээд байгаа нь харагддаг, одоогийн энэ хотын дарга

  7. Red says:

    Зарим хотуудад бол төрийн албан хаагчид нь л унах эрхтэй байдаг. Манайхыг хэрэв төрийн албаныханд энийг нэвтрүүлвэл бослого гаргах байлгүй.

  8. халиун says:

    Сургууль, супермаркет, банк, Их дэлгүүрүүдийн урд болохоор их амар хол л явахгүй бол барьцаа мөнгөөрөө бараг үнэгүй хэрэглэдэг. Гадаад хүмүүс хэрэглэх боломжтой. Худалч хүнд нүд эрмэхийн зуур л байгуулчихсан.

  9. orgil says:

    Дугуй уналаа гэхэд хаагуур яаж унах болж байна вэ? Улаанбаатарт бол дугуйтай байтугай явган хүн явахад бараг зай байхгүй шүү дээ. За тэгээд дугуйн зориулалтын зам энэ тэр байхгүй. Тэгээд машин замд явбал бүдүүлэг жолооч нар нь дайрч алчих гээд, явган хүний замаар явахаар явган хүнтэй мөргөлдөөд салахгүй биз дээ? Ийм байхад Ганаа судлаач хүмүүсийг хаагуур нь яаж дугуй унуулах гээд байгааг ойлгосонгүй. Хөх хотод бол дугуйн тусгай зам, талбай, хүмүүс нь бие биеэ хүндэлдэг соёлтой энэ тэр гээд дугуй унах бүх нөхцөл бүрдсэн байна.

    • Ганаа says:

      Би чамд дугуй авч өгөх гээгүй байна. Ногоон уутны мөнгөөр дугуйн зам барих тухай ярьж байна. Эргүү чинь чи тоолоод үзээрэй…

  10. Жавхаа says:

    Уг нь бол явсан газраасаа “юу авч” мартжээ, суусан газраасаа шороо атгадаг гэдэг шиг л… Гэвч их хэцүү. Би дугуй худалдаж аваад 3 сар л унаж билээ. Ажил гэрийн хооронд их боломжийн санагдсан. Уг нь эрүүл агаараар амьсгалаад гэж бодсон чинь хажуугаар өнгөрөх машины угаараар амьсгалаад, дээрээс нь нар салхинаас болж борлоод, эцэст нь “эзэн” нь гэрийн хаалга эвдэж ороод аваад явсан даа. Аргагүй биз дээ, тэр үеийн төсвийн ажилтны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний үнээр авсан, хажуугаар зөрсөн хүн болгон л нүд амаа бүлтийлгэж байсан эд. Хэсгийнхээ цагдаад очиж мэдэгдсэн чинь бид нарт тийм жижиг юмаар хөөцөлдөх завгүй гэж томорсон доо.
    Дугуйн зам бариад, электрон тооцоо энэ тэр гээд байх бүх л нөхцлийг хангаж өглөө гэхэд монголчууд чинь харлаж борлохоос их л жийрхдэг хүмүүс биш билүү. Үүнээс болж мөн ч их олон төрлийн цайруулах тос хурдан зарагддаг. Бас дугуй унах хугацаа богино.
    Дээр үед уншиж байсан нэгэн санаа энд хэлэхэд илүүдэхгүй болов уу.
    Нэгэн жижиг гарын бизнесмен Африкйин нэг улсад очиж амарч байхдаа нутгийн уугуул иргэдийн шүд тун бараан өнгөгүй байгааг анзаарч шүдний оо, сойзны наймаа хийвэл тун хурдан ашгаа өгөхийг ухаарч нутаг буцаад бизнесээ эхлүүлж гэнэ, гэтэл бүтэлгүйтэж орхижээ. Шалтгаан нь маш энгийн, тэндэхийн иргэд хар шүдтэй байх нь царайлаг, хөөрхөнд тооцдог байжээ.
    Яг үнэндээ жаахан нас ахисан эсвэл дугуй унаснаар өрхийн эдийн засагт нь ахиц үзүүлэхүйц хүмүүс л дулааны улиралд унана. Хотын хүн амын олонхи болсон залуус борлохоос жийрхээд нэг их үйлчлүүлэхгүй гэж таамаглаж байна. Европт бол жилийн 9-10 сарын турш дугуй унах боломжтой, монголд бол ихдээд 5 сар, би Хөх хот орж үзээгүй, харин хүйтний улиралд Бээжин, Энэтхэгийн хэдэн хотоор явж үзсэн, жилийн ихэнх улиралд дугуй унах боломжтой улиралтай. Бас Энэтхэг киноноос харж байсан рикша “Rickshaw”-р үйлчлүүлэх дуртай болж билээ. Сонирхолтой нь тэр рикша-г монголд нэвтрүүлэх талаар хүмүүс их л дуртай ярьдаг хэрнээ хэн нь ч одоог болтол хийгээгүйг бодоход дулаан уур амьсгалын тэрэг болдоггүй л байх. Судалгаа сайн хийвэл болохгүй гэх газаргүй байх. Эсрэг сэтгэгдэл бичсэнд хүлцэл өчье.

    • Ганаа says:

      Эсрэг ч гэсэн чи үндэслэлээ гаргасан байна. Ингэвэл ч харин ярьж болно. Уг нь би ганцаараа дугуй унаж давхих гээд байгаа юм биш. Дэлхийн бүх хотууд ингэж байна. Чиний үндэслэл “борлохоос айх”, хүйтэн улирал хоёр юм байна, миний үндэслэл эрүүл мэнд хийгээд эдийн засаг л даа. Та нар дургүй бол заавал албатай биш л дээ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: