ЗУЛ ӨРГӨХӨӨС ГАДНА ҮЙЛДЭЛ ХИЙХИЙН УЧИР

Дөрөвхөн настай бяцхан охины үхэл монголчуудын нинжин сэтгэлийг хөндөв. Хэвлэл мэдээллийн Хэрэгслээр ярилцлага өрнөж, зул өргөх ёслол олон газар болов. Хүмүүс яргачинг жигшин зэвүүцэж, асуудлын цаад учрыг шүүн хэлэлцэж байна. Энэ асуудал бол гэр бүл, хүүхдийн хүмүүжил, ер нь хүний нийгэмшлийг хамарсан ихээхэн том асуудал юм. Мөн хууль эрхийн болон ёс суртахууны олон талыг хамарсан цогц асуудлыг нэгээхэн хэсэг юм. Энэ асуудлыг социологийн үүднээс манай практиктай холбон үзэж зарим санаа өгүүлсү…

Манай хууль ба бусдын хууль
Гэр бүлийн хүчирхийлэл гэж төрийн бус байгуулллагууд л бахирдаг байх. Гэтэл энэ нь ердийн үзэгдэл болсныг нэг их олон хүн ярьдаггүй. Харин эмэгтэйчүүдийн эрх гэж хамгийн их ярьдаг. Дараа нь хүүхдийн эрх гэж ярьдаг. Ярихаас биш, хууль хуудас нь ямар юм, түүнийгээ яаж боловсронгуй болгохов гэдгийг боддог монгол хүн цөөхөн дөө…
Эдүгээ УИХ-д “Гэр бүлийн тухай” шинэ хуулийн төсөл өргөн бариад байгаа. Түүний хэлэлцүүлэгт орох урилга маш эрт гарсан боловч оролцсон хүн өдрийн од шиг.
Монголчуудын энэ алхаг залхуу байдлыг ашиглан хуульд хүртэл ихээхэн задгай заалт ордог цөөн жишээг би үзүүлэх гэсэн юм. Гэр бүл бол аль ч улс гүрний хувьд амин чухал институт учраас түүнийг уламжлал хийгээд шинэчлэлийн үүднээс маш их анхаардаг. Тухайлбал ОХУ-ын “Гэр бүлийн тухай” хуульд гэр бүлийн хуулийн зорилтыг ингэж тодорхойлсон байдаг:
“1. Гэр бүл, эхийн элбэрэлт ёс (материнство), эцгийн элбэрэлт ёс (отцовство), хүүхдийг энэрэн үзэх ёс (детство) зэрэг нь ОХУ-ын төрийн хамгаалалтад байна. 2. Гэр бүлийн хууль тогтоомж нь гэр бүлийг бэхжүүлэх, гэр бүлийн харилцааг харилцан хайр сэтгэл, итгэл хүндэтгэлийн мэдрэмж дээр бэхжүүлэх, гэр бүлийн гишүүдийг бие биеийн өмнө хариуцлага хүлээдэг болгох, гэр бүлийн хэрэгт хэн нэгэн дур зоргоор оролцохыг хориглох, гэр бүлийн гишүүд эрхээ саадгүй хэрэгжүүлэх, энэ эрхээ шүүхийн журмаар хамгаалах боломжтой байлгах зайлшгүй шаардлагаас урган гарна.”
Гэтэл эдүгээ УИХ-д өргөн бариад буй “Гэр бүлийн тухай хууль”-нд:
“Энэ хуулийн зорилт нь төрөөс гэр бүл, эцэг, эх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөл, журмыг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”
Энэ хоёр хуулийг харьцуулаад үзэхэд Оросын хууль гэр бүлийг бэхжүүлэхэд, Монголын хууль гэр бүлийг салгах, салах үед нь эд хөрөнгийн харилцааг зохицуулах зорилготой нь нэн тодорхой байна.
Цаашаа: Монгол хуулийн төсөлд: “3.1.1. “гэр бүл” гэж эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон гэрлэгчид, хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдээс бүрдсэн нийгмийн үндсэн нэгжийг” ойлгож байна.
Энд монголын хууль гэр бүлд хэчнээн хүйтэн цэвдэг хандаж байгаа нь тов тодорхой байна. Хэрэв би эндүүрээгүй бол гэр бүл хамгийн түрүүнд хайр сэтгэлээр холбогддог гэж санана. Монгол хуулийн төсөл зөвхөн гэр бүлийн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх зорилготой байгаа нь бас л тов тодорхой байна.
Цаашаа: Монголын гэр бүлийн хуулийн төсөлд: “3.1.4. “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа тэдгээрийн төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгож байна.
Сүүлдээ монголын улс төрч, хуульчид гэр бүлийн гишүүн гэдгээ ч ойлгохоо больсон мангуунууд болж гүйцэж. Яагаад гээч !!! Энд гэрлэгсдийн төрсөн аав, ээж нь алга байна ш дээ. Хэрэв төрсөн аав ээжээ хасвал энэ чинь монгол гэр бүл биш. Аав, ээжийг “төрлийн хүн” гэдэг ангилалд оруулжээ. Энэ чинь монгол ойлголт биш байна. Хаанаасаа ямар балай юм аваад хуулчихдаг усан тэнэгүүд байна аа…
Ер нь насан өндөр болсон буюу өвчтэй аав ээжийгээ өргөж асрах нь гэрлэгсдийн үүрэг гээд “Гэр бүлийнхээ хуулинд” заагаад өгчихөөд болохгүй гэж хэн ч хэлэхгүй буй за. Хэрэв ингэж чадвал сая монгол хууль болно.
Ингээд би “Гэр бүлийн хуулийн” төслийн хэдхэн жишээн дээр монголын нийгэм, монголчуудыг яаж хөнөөдгийг тодорхой харууллаа гэж бодож байна. Ийм хорт зүйлийг “хууль тоодоггүй” монголчууд огт мэддэггүй юм. Тэгээд дараа нь балардаг байхгүй юу. Ийм жишээ асар олон…
Монголчуудыг оюун ухаан, нийгэм (социум), соёл, ёс суртахууны хувьд устган сөнөөх гэсэн харийн хорт бодлого явагдаж байгаа гэдэгт би бат итгэдэг. Энэ бол хоосон хардлага биш. Гэвч энэ талаар ярьж бичихэд манай монголчууд бараг тоодоггүй нь үнэхээр гачлантай…
Монгол хүүхдийг гадаад хүнд үрчлүүлэхээ больё гэсэн санаачлага гараад овоо дэмжлэг авч байтал хуулийн шинэ төслөөр бүтэн бүлэг нэмээд энэ асуудлыг нээгээд өгчих жишээний…
Бүхэлдээ бол Монголын гэр бүлийн шинэ хуулиар бол гэр бүл болсноос салах гэж эд хөрөнгөө хуваасан нь хамаагүй дээр юм байна лээ. Либерализм хэт дэлгэрэхээр эд хөрөнгө амин чухал болж, хүн хийгээд түүний хайр дурлал, үр хүүхэд бол яамай л болдог юм байна.
Сүүлийн үед гэр бүл салалт асар их нэмэгдсэн ба салах үедээ монголчуудын олонхи хүүхэд өмч хоёрын өмчийг нь сонгодог болсон гэж хуульчид, холбогдох байгууллагын ажилтнууд ярьж байна. Ер нь бол монголчууд араатан шинжтэй болж гүйцсэн байна. Хуулийг энэ балиар шинжийг дарах, арилгах гэж гаргадаг болохоос “дагуулж”, “зохицож” гаргадаг биш л дээ. УИХ-д өргөн барьсан энэхүү гэр бүлийн шинэ хуулийн төсөл гэр бүл салахдаа өмчөө хэрхэн хуваах тухай хууль болсон гэж би хувьдаа ойлгосон.
Сая болсон золгүй явдлын үеэр олон монголчууд ихэд цочирдож хэлэлцүүлэг явуулж, зул өргөж талийгаач охины дурсгалыг хүндэтгэж байгааг би буруутгахгүй. Гэхдээ л энэ бол хагас дутуу, бүрэн биш үйлдэл юм. Миний ойлгож байгаагаар бид гэр бүлийн хуулиасаа эхлэн маш олон асуудлыг бид иж бүрэн анхаарах ёстой. Энэ нь дээр дурдсан жишээнээс тодорхой харагдана буй за…
Ухаандаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэнэ гэвэл эдгээр заалтаа “Гэр бүлийн тухай хууль”-ндаа хатуухан тусгаж таарна биз дээ. Аль эсвэл үгүй юм уу ?!
Социализмыг дурсах нь
Социализмын үед нэг ч хүүхдийг хараа хяналтаас гадна байлгахгүй систем байсан юм. Тэр үед хэрэв хүүхэд нь муу сурах буюу сахилга батын доголдол гаргавал эцэг эхийн албан газарт нь мэдэгддэг байв. Тэндээс нь намын болон захиргааны шугамаар тэрхүү эцэг эхэд шахалт үзүүлдэг байв. Нэг нөхрийг “хүүхдээ хүмүүжүүл” гээд ажлаас нь бүтэн сар чөлөөлж байсан тохиолдлыг би санаж байна. Үүнийг одоо бол “хүний эрх зөрчсөн” гэх л байх, гэхдээ үүнийг тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө хийсэн гэж би ойлгодог. Тэгээд намын төлөө хийж байгаа юм уу ?!
Түүнчлэн бүх хүүхдийг эсвэл урлагийн, эсвэл спортын дугуйлан, секцэд явахыг албаддаг байв. Энэ ч харин хамгийн тустай зүйл нь байсан нь мэдээж. Ухаандаа Монголын Пионерын Ордонд 5 танхим, 30 гаруй дугуйлан ажиллаж байсны тэн хагас нь үйлдвэрлэл, техникийн чиглэлийн дугуйлан байсан юм. Тэнд 3000 гаруй сурагч тогтмол хичээллэдэг байв. Мөн Залуу техникчдийн Ордны 26 дугуйланд 1000 гаруй сурагч тогтмол хичээллэдэг байв. Тэндээс мөн ч олон хүн ирээдүйн мэргэжлээ олж авсан, их ч сайн мэргэжилтнүүд болсон доо.
1990 онд ардчилал ялаад хамгийн түрүүнд Залуу техникчдийн Ордонг устгав. Хамгийн их ардчилал ярьсан тэр хүмүүс устгасан. Хамгийн гол нь эдгээрээс салбарласан бүх дунд сургуулиудад ажиллаж байсан дугуйлан, секцийн системийг бүхэлд нь устгасан юм.
Мөн хүүхдийг хар багаас нь “Таван онцын эзэн”, “Номын сайн нөхөр”, “Нацагдорж тэмдэгтэн” болгон урамшуулж, эвлэлд орсон хойно нь залуу хүний заавал унших номуудаар шахаж заавал шалгадаг байсан. Үүнийг “хүний эрх зөрчсөн” гэвэл ёстой дэмий л байна. Тэр ч бүү хэл залуу хүний заавал мэдэх ёстой 10 бүжгийг зааж нэг бүрчлэн шалгадаг байсан юм. Энэ бас л “хүний эрх зөрчсөн” болох уу ?!
Ер нь бол залхуугийн, соёлгүйн, мунхаг харанхуйгийн “эрхийг” ингэж зөрчсөн ч яадгийм ! Ингэж хүн нэг бүрийг хүмүүжүүлдэг байсан юм. Ингээд ардчилал ялж “дарлалаас ангижирсан” монголын хүүхэд, залуучууд зорилгогүй, хийх юмгүй болсон учраас “өөрөө өөрийгөө” хүмүүжүүлэх болов.
Өнөөдөр социализмын үеийн ажлын эдгээр хэлбэрүүд хоцрогдсон байж болно л доо. Гэхдээ бүхнийг хамарсан, удирдлага, зохицуулалтыг энэхүү мундаг системийг орлох үр бүтээлтэй систем бүтээх ёстой байсан. Гэтэл үүнийг одоо болтол хийж чадаагүй байна.
“Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриатай, түүнийхээ төлөө бүх нийтээрээ ажиллаж чаддаг нийгэм социализм л байсан. Хүүхдүүдийнхээ төлөө бүх нийтийн субботник хүртэл хийдэг байлаа ш дээ. Энэ нь социализмын үеийн “юм” болохоороо буруу болох ёстой юм уу ?!
Социализмын үед хүүхэд бүрийг “нам төр” хамгаалж байсан гэж би хэний ч өмнөх хэлж чадна. Одоо монгол хүүхдийг хэн хамгаалж байгаа юм ?! Худлаа “хүүхдийн эрх” гэж орилсон баахан “мангар юмнууд” л байна даг !!!
Гэр бүл, сургууль, үе тэнгийхэн, хэвлэл мэдээлэл зэргийг хүүхдийн нийгэмшлийн агент гэж үздэг. Гэхдээ энэ нь барууны сурах бичгийн ойлголт л юм. Үнэндээ бол манай нийгэмд хүүхэд хүмүүжүүлдэг газар гэж үгүй болов. Сургууль нь хүүхдэд “юм хэлж” болохгүй, эцэг эх нь “юм хэлж” болохгүй, тэгээд үе тэнгийхэн болон гудамж нь замбараагүй, хэвлэл мэдээлэл нь замбараагүй. Тэгээд хэн хүмүүжүүлэх болж байна ?!
Миний ойлгож байгаагаар монгол хүүхдийг сургууль, гэр бүл, төр гурав голлон хүмүүжүүлэх ёстой. Тэгвэл энэ гурав нь салаад явчихжээ. Энэ завсраар л ийм аймшигтай хэрэг олноороо гарч байгаа ш дээ. Сургууль (бас ясли, цэцэрлэг) гэдгийн цаана төр ч бас давхар байгаа. Гэтэл үүний завсар “хүний эрх хангах” болон бусад үй түмэн байгууллагууд орж ирээд саад болоод байна.
Тэд систем болон нэгдэж чадаагүй учраас тал тал тийшээ зүтгээд нэгдмэл систем болж чадахгүй саад болоод байна. Зүй нь эдгээр байгууллагууд сургууль, гэр бүл, төрийг холбосон системд хавсран үйлчилж баймаажин сая нэгдмэл систем болж чадах ажгуу.
Энэ талаар маш олон бодит ажил хийж болно. Манай олон улс төрчид бяцхан охиныг дурсан зул өргөж байна. Уг нь тэдний үүрэг бол ийм харгис явдал үл гаргах систем бий болгох, санаачлан хийх явдал бөлгөө. Үүрэгт ажлаа хийхгүй байж дараа нь зул өргөх бол “матрын нулимс” төдий зүйл юм.
Цаазын ялын тухай
Манайхан шиг энэ талаар их хамгийн “онолддог” ард түмэн байхгүй биз. Энд чинь “онолдоод” байх юу ч байхгүй. Манайх: 1. Дорнын нийгэм, 2. нүүдлийн нийгэм, 3. хоцрогдсон нийгэм. Аливаа нийгмийн гавъяа шагнал, ял шийтгэл нийгмийнхээ хөгжилд тохирч байх ёстой. Иймээс цаазын ялыг халсан нь манайд дэндүү эртэдсэн шийдвэр юм.
Нөгөө талаас хувь хүний төлөвшил болоогүй байна. Өөрөөр хэлбэл иргэнших, нийгэмших, боловсрох, гэгээрэх, соёлжих зэрэг олон үйл явц цэгцрэн жигдрээгүй байна. Энэ нөхцөлд бараг хүн гэж нэрлэж болмооргүй араатан олноороо төрөн гарч байна. Иймээс олон долоон юм яриад байлгүй манайд цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Сэргээх ч гэж дээ, Эрүүгийн хууль хэвээрээ л байгаа ш дээ…
Би хүн алах гээд дурлаад байгаа юм биш. Үгүй ядаж Эрүүгийн хуулиа янзлаад авъя, тэгээд Хууль Шүүхийнхээ системийг хэрүүл уруул багатайхан цэгцлээд авъя. Улмаар Гэр бүлийн хууль мэтийн суурь хуулиудаа гайгүй болгоод ирэхээр нийгэм ч аяндаа хүмүүнлэг болоод ирнэ. Тэр үед нь цаазын ялыг цуцалж болно ш дээ. Одоо бол үлэмж замбараагүй, бараг зэрлэг гэмээр нийгэмд энэ чинь болж өгөхгүй байна…
Ер нь ингэхэд цаазын ялын асуудал бол Ц.Элбэгдоржийн олон улсад өөрийгөө рекламдах хэрэгсэл огт биш. Энэ бол Та бидний хувь заяаны асуудал мөн.
Нэг л их эдийн засаг, улс төр ярьсан улсууд, наад оюун санаа, нийгэм, соёлын асуудлууд чинь түгшүүрийн харанга дэлдэж байгааг ухаармаар байна, Монголчууд аа. Иймээс одоо бодит үйлдэл, нийгмийн өндөр идэвх бол мянган зулнаас үнэтэй гэж би хэлэх байна…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 03 дугаар сарын 01.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to ЗУЛ ӨРГӨХӨӨС ГАДНА ҮЙЛДЭЛ ХИЙХИЙН УЧИР

  1. regzen says:

    Баярлалаа монголын төлөө үнэнийг хэнээс ч айхгүй бэргэхгүй судалгаатай баталгаа гаргалгаатай бичдэгт чинь. Бидний багад аав ээж бурхан байлаа үг нь үнэтэй, сургааль нь яруу найраг байлаа Хотолоороо хүүхдийн хүмүүлийг анхаардаг байж дээ

  2. cm says:

    Яг зөв

  3. Tugs says:

    Судлаач Ганхуяг гуайтай санал нэг би. Маш зөв хэллээ.

  4. Anonymous says:

    Танд баярлалаа, Монголын төлөө цохилох зүрхтэй танд эрүүл энх , сайн сайхан бүхнийг хүсэе

  5. Эрдэнэбатын Эрдэнэсүх says:

    элбэгдорж эргүүгийн өөрийнх нь хүүхдийг алчихвал, алуурчинаа өршөөх болов уу

  6. yerty says:

    Монголын нийгэм хүн амд сэтгэцийн өвчлөл ихэссэн. Цаашдаа ийм хэргүүд олон гарах байх. Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийг харж хандах төсөв байдаггүй. Шархадны эмнэлэг бушуухан хэдэн тариа тарисан болоод салж хагацах тухай боддог. Өвчтөнийг эмнэлэгт авдаггүй эм тариа дуусан гээд өөрсдөө дунд нь дамлаж байдаг газар. Ар гэр нь тухайн хүнээ харж асарч байх явцдаа алж эсвэл алуулж байдаг. Тэдгээр хэрэг ихэвчлэн амиа хорлолт гэгддэг. Ар гэр нь хаяж орхиж зугатаахаа боддог. Мэдээж хэн ч мэдрэл муутай амьтаныг насаар нь асарч амьдралаа үрэхийг хүсэхгүй. Тэдгээр хүмүүс ч буруутай гэр бүлээ байнга хорлож суудаг. Сэтгэцийн өвчтөнүүд үхэхийг их хүсдэг даанч амиа хорлох зориг хүрдэггүй юм байна лээ. Үхлээ гэхэд ар гэр нь л буруудна. Хууль нтр бол цаашаа шүү дээ. Сэтгэцийн эмнэлэгийн хурцын тасаг гэмт хэрэг хийсэн хүмүүс байгаа. Тэглээ гээд яах юм үхтэл нь л тэжээх байх. Тоо толгойг нь цөөрүүлэх арга байхгүй. Зарим нь зүгээр л мал болцон байгаа. Эмчлэгдэхгүй өвчин шүү дээ. Улам л хүндрэнэ. Цаазын ялгүй гээд насаар нь л тэжээх болно. Гэтэл эмчилгээ авах шаардлагатай өчнөөн хүн төсөв байхгүй гээд эмнэлгээс хөөгдцөн гудамжинд тэнэж байна. Шоронд байгаа алуурчид ажил хийнэ гэж бодий гэтэл сэтгэцийн эмнэлэгт байгаа нөхдүүд маш үнэтэй эм тариа хийлгэж биеэ энхрийлүүлж насаараа амьдарна. Амьдрах бололцоог өөр хүмүүст олгох нь зөв шүү дээ.

  7. sainaa says:

    Тиймээ санал нэгтэй байгаа. “Тэр” зүйлийг сэргээх хэрэгтэй. Ямар юмаа үндэслэж цаазын ялгүй орон больёо гэсэн юм болоо. Гадаад гүрнүүдэд муухай харагдаад байсым байх даа. Хүний өвчнийг өөр хүн тоох биш. Ядаж л үйлдэгдэж буй гэмт хэргийн сэдэл, хүнд хөнгөний зэргийн харьцаа энэ тэрээ харж байж шийдвэрлэсэн баймаар. Аль эсвэл хуулийн заалт бариад хилсээр баахан хүн цааш харуулчихсан юм байхдаа. Урьд нь. Хууль зүйт орон байна даа. Энэ ийшээ, тэр тийшээгээ ялгаж болмоор.

    Илт хэрцгий үйлдлээр хайртай хэн нэгнээ алдсан хүний занал ямар байх нь тод. Хуулийн дагуу өөрийн нь хүслээр хийхгүй бол, өөрөө хөдөлж магад. Давхар гэмт үйлдэл өдөөж магад.

  8. narantuya says:

    Tiim shvv yg vnen iimerhvv medeelliig hubilaad ter heden uls torchid hvvhdiin erh gej duugarahaas tsaashgvi heden baiguullaga huuli hynaltiinhand unshuulah heregtei huuli batalj gargahdaa ene met hvmvvsiin sanal sanaag dabhar tusgah heregtei abahii ni abaad hayhii ni hayj baij l chanartai huuli garna ard tvmenteigee oir baih heregtei songogdson l bol boloo gesen shig deer zalarchaad heregtei hereggvi huuli batalj suuhaasaa icheesei

  9. bat says:

    Ганаа ах яг голыг нь олж хэлжээ. Үнэхээр ямар ч монгол үнэр алга байна. аав ээж ахас ихэсээ хууль номондоо тусгамаар юм. мөн зул барьж ингэх нь зөв л дөө, гэхдээ бас л дутуу үйлдэл, манай монголчууд “сонин дээрээ соохолзоно” гэдэг. тэгж байгаад мартагдана. одоо ингэж жагсаж зул өргөөд бөөнөөрөө оролцож болсон юм чинь тэр хууль энэ тэрд нь ингэж дуу хоолойгоо нэмэрлэмээр юм байна. “төрийн төлөө оготно” болохгүй бол бид хэдийгээ наадуул чинь гишгэх газар шороогүй, гэр бүлгүй юу юу ч үгүй болгох нь …

  10. Anonymous says:

    Энэ хэрэг явдалд нийгэм хамгааллын 2006 оноос эхэлсэн бодлогын алдааны эзлэх хувь багагүй байгаа. Учир нь 2006 оноос шинээр гэрлэгсэдэд 500 мянган төгрөгийн урамшуулал өгч эхлэхэд 2007 онд 40443, 2008 онд 33754, 2009 онд 37210 гэр бүл шинээр төржээ. Харин 2009 оноос 500 мянган төгрөгийг зогсоотол 2010 онд 6769 гэр бл шинээр төржээ. Энэ нь даруй 700%-иар буурсан буюу 6 дахин багассан тоо. Эндээс үзвэл таны дээр дурьддаг гэрлэлт гэдэг ариун нандин харилцааг механик эдийн засгийн харилцааг сольсон явдал байна. Үүний гор нь эргээд гэр бүл цуцлалт өсч, болсон болоогүй хүүхдүүд гарсан учир эцэггүй, эхгүй хүүхдүүд олширч, түүнд эргээд эцэг эхүүд бухимдаж асуудал үүсч байна.

  11. chimeg says:

    Сайн байна уу, Ганхуяг гуай
    Таны бичсэнийг 2 өдрийн өмнө үзсэн боловч өнөөдөр сонин.мн дээрээс цаг шахам хайж байж дахин олж харлаа. Хүмүүсийн сэтгэгдлүүдийг мөн уншлаа. Хүмүүст хатуухан боловч хэрэгтэй зүйл хэлж байдаг таны цаг, хөдөлмөр, зүтгэлийг хүндэлж байна. Танд амжилт, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсье!

  12. Jenny says:

    баярлалаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: