ГАМШГИЙГ ДАВСАН САНХҮҮЧ

Манай эдийн засаг ер бусын хүнд байдалд ороод байна. Удахгүй дефольт ч зарлаж магадгүй. Ийм хүнд үед яах ёстой вэ гэдгийг би аль эртнээс судалж байгаа юм. Хүнд байдлаас гарах олон жишээ дэлхий дахинд байна. Гэхдээ худал яриад, байгаа бүхнээ зарж худалдаад хямралаас гарсан жишээ ганц ч байхгүй. Харин бүхий л хүч чадлаа дайчилж, зохион байгуулалтын ер бусын хатуу арга хэмжээ авдаг нь дэлхий нийтийн жишиг аж. Ингээд орчуулан буй мөнөөх номын нэг хэсгээс (параграф) толилуулж байна. Өмнө нь 5 хэсгийг Та бүхэн нэгэнт уншсан билээ…

“Ялалт бидэнд асар их үнэ цэнээр олдсон” (ялалт бүхэнд ганцхан, харин бид энэ үнэ цэнэтэй тэнцдэг) гэж бид ярьдаг атлаа түүний утга агуулгыг огт боддоггүй юм. Бидний төсөөллөөр энэ үнэ цэнэ бол 27 сая хүний амь нас, шатаагдсан хот суурингууд, дээрэмдүүлсэн Петродворец, Хатынь, Бабий Яр юм.
Энэ ч мэдээж хэрэг. Гэхдээ ямар ч дайн бол үгийн шууд утгаар үнэ цэнэтэй байдаг. Дэлхийн Хоёр дугаар дайн зөвлөлтийн эдийн засагт яг 2 триллион 569 миллиард рублийн үнэтэй байсан юм. Энэ тоо бол яг таг, үүнийг Сталиныг санхүүчид бодож гаргасан юм.
Дэлхийн түүхэн дэх хамгийн том байлдаан ийм л асар их санхүүжилт шаардсан ба мөнгийг нь хаанаас ч олох арга байгаагүй юм. 1941 оны намар гэхэд немцүүд улс орны эдийн засгийн чухал районуудын тал илүүг булаан эзэлсэн байлаа. 1941 оны 11 дүгээр сард ЗХУ-ын нийт хүн амын 40% орчим оршин суудаг газар нутаг эзлэгдсэн байв. Тэдгээрт ширэм үйлдвэрлэлийн 68%, хөнгөн цагааны 58%, ган хайлуулалтын 63%, нүүрс олборлолтын 63% ногдож байсан юм.
Засгийн Газар ахиад л хэвлэх машингаа залгахад хүрсэн ба энэ удаад тэртэй тэргүй галзуу инфляцийг хөөрөгдөхгүйн тулд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулаагүй юм. Эргэлтэнд оруулсан шинэ мөнгөний тоо хэмжээ дайны жилүүдэд 3,8 дахин өсөв. Энэ нь багагүй мэт боловч өмнөх Дэлхийн Нэгдүгээр дайны үеийг санах юм бол эмисс 5 дахин их буюу 1800% байсан юм.
Ийм хүнд ширүүн нөхцөлд ч гэсэн засаг зөвхөн өнөөдрөөр биш, маргаашаар амьдрахыг хичээж байв: эрт орой боловч дайн дуусна, тэгэхлээр эдийн засгийн ирээдүйн тухай бодох хэрэгтэй…
Одоо бага зэрэг хөндийрье. Бид хэчнээн ч удаа “хэт халсан хэвлэх машин” гэж ярив даа. Янз бүрийн эрин үед, янз бүрийн улсуудад, янз бүрийн улс төрийн системүүд байгаа боловч алдаа нь яг адилхан байдаг юм. Мөнгө нь хэчнээн их байна, тэр нь төчнөөн хурдан хямдардаг. Төгсгөл нь гарцаагүй хямралд хүргэдэг.
Гэхдээ биднээс өмнө үүнийг хэн ч мэдээгүй байсан хэрэг үү ? 4 зууны туршид бүх эрх баригчдын тэн хагасаас илүү нь тэнэглэл, мунхаг харанхуйгаас болоод ганцхан алдаа хийгээд байсан хэрэг үү ? Эдийн засаг муудаад байхад бүгдээрээ тэнэг юм шиг зүтгээд шинэ шинэ цаас үйлдвэрлээд байсан хэрэг үү ?
Үгүй гэдэг нь мэдээжийн хэрэг. Засаг болгон муу юм юу ч хүсэлгүй эмиссийг ихэсгэхдээ тэртэй тэргүй аймшигт төгсгөлийг ойртуулж байсан хэрэг.
Хүнд цаг үеийг туулж буй эдийн засаг бол шартаад зовж буй организмтай адил юм. Муухай зүйлээ гадагшлуулах нь өглөө шар тайлахтай адил юм. Шар тайлж болох ч биеийг улам дордуулна. Нэг удаа шар тайлж, өвчингөө түр хойшлуулж болно, гэхдээ яваандаа бие улам муудна.
Эрх баригч болгон энэ балай тойргоос гарах хүч чадал байдаггүй юм. Шар тайлахаас татгалзах нь хүмүүсийн дургүйг хүргэнэ, харин тайлбал ард түмэнд таалагдана. Гэхдээ удаан биш, дараагийн шар тайлах хүртэл. Ингээд ахиад л үргэлжилнэ…
Энэ утгаар Сталинд амар байсан юм. Тэр өөрийн албатуудыг эрхлүүлж сураагүй юм. Дайн ямар ч зовлонг цайруулдаг билээ, тэр тусмаа эдийн засгийн ачааллын ихэнхийг засаг ард түмний нуруун дээр үүрүүлэв.
Гитлерийг довтолсны дараагаас л иргэдийг сард 200 рублээс илүү мөнгө банкнаас авахыг хориглов. Шинэ татвар бий болгож, хүү өгөхийг хориглов. Архи, тамхи, үнэртний үнийг нэмэв. Хүн амаас улсын хонжворт зээлийн облигаци авахыг хориглохын зэрэгцээ цэргийн шинэ зээлийн облигаци худалдан авахыг бүх ажилчин, албан хаагчдаас шаардав. Нийтдээ 72 миллиард рублийн облигаци гаргасан юм. Түүнчлэн ээлжийн амралтыг хориглов. Эдэлж амжаагүй амралтын нөхөн олговрын мөнгийг хадгаламжийн дэвтэрт хийж байсан бөгөөд үүнийгээ дайн дуустал авч болохгүй байв.
Хатуу ширүүн, гэхдээ олон үг ярьж болохгүй юм. Үүнээс өөрөөр байх ч арга байгаагүй юм. Үүний үр дүнд дайны бүхий л 4 жилд улсын төсвийн гуравны нэгийг хүн амын хөрөнгөөр бүрдүүлж байсан юм.
Ингэж хэдэн алхам түрүүлж харж чадахгүй бол Сталин Сталин биш болох байлаа.
Дайн дуусахад бүхэл бүтэн хоёр жил дутуу байхад буюу 1943 онд Сталин Сангийн Ардын Комиссарт дайны дараах ирээдүйн шинэчлэлд бэлтгэх үүрэг өгсөн байна. Энэ ажлыг бүрэн нууц байдалд хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнийг Сталин, Зверев гэсэн хоёрхон хүн мэддэг байжээ.
Арсений Зверевийн нэрийг өнөөдөр зөвхөн мэргэжлийн явцуу хүрээнд л мэддэг ба түүнийг ялалтыг бүтээгчдийн тоонд хэзээ ч оруулж байгаагүй юм. Энэ нь дэндүү шударга бус явдал юм.
Дайн бол зөвхөн дайн тулалдааны талбарт ялах хэрэг биш юм. Мөнгөгүй бол дурын, тэр ч байтугай хамгийн баатарлаг арми ч байрнаасаа хөдөлж чадахгүй. Жишээлбэл, улс гавъяа байгуулсан цэргүүддээ өгөөмөр шагнал өгдөг байсныг цөөн хүн мэддэг. Нэг мотортой онгоц унагасан нисгэгч 1000 рубль, хоёр мотортой онгоц унагавал 2000 рубль авдаг байсан. Танк сөнөөвөл 500 рублээр үнэлдэг байлаа.
Сталины Сангийн сайдын ямар эргэлзээгүй гавъяа бол тэрээр эдийн засгийг агшин зуур цэргийн горимд шилжүүлж, санхүүгийн системийг ангалд унахын өмнө тогтоон барьж чадсан явдал юм. “Зөвлөлтийн мөнгөн систем дайны туршилтыг тэсэн гарч чадлаа” гэж Зверев Сталинд бахархан бичсэн байдаг. Энэ бол туйлын үнэн юм. Дөрвөн жилийн зүдэргээт дайн улс орныг хувьсгалын дараах аймшигт сүйрлээс ч илүү хямралд хүргэж болох байсан юм.
Зверевийг нэрэндээ тохирсон (энэ нь араатан гэсэн утгатай үг юм-Орч.Х.Д.Г.) хатуу, харгис гэж дургүйцдэг хүн олон байдаг боловч түүний мэргэжлийн онцгой түвшинг арга буюу хүлээн зөвшөөрдөг юм.
Зверев Арсений Григорьевич (1900-1969)
Зөвлөлтийн Ардын Комиссар- Сангийн сайд олон жил хийсэн (1938-1960). Авъяастай боловсон хүчнийг үнэртээд мэддэг араатны гайхам чанар Сталинд байсан юм. Өөрийгөө бүрэн илрүүлж ч амжаагүй хүмүүсийг тэр дээш нь суга татах нь элбэг байлаа. “Трехгоркийн” ажилчин, морин салааны дарга байсан Зверев тэдний тоонд орно. 1937 онд тэр ердөө л Москвагийн районы олон намын хорооны нарийн бичгийн даргын нэг байлаа. Гэхдээ тэр санхүүгийн дээд боловсролтой, мэргэжлийн санхүүчийн туршлагатай байсан юм. Боловсон хүчин аймшигтай дутагдалтай байсан үед (бараг өдөр тутам сандал хоосорч байв) энэ нь хангалттай байж, Зверев эхлээд ЗХУ-ын Сангийн Ардын комиссарын орлогч, гурван сарын дараа Ардын Комиссар болсон юм.

Бүхий л сайн нягтлан бодох нарын адил тэр маш шаргуу, бас зөрүүд байжээ. Зверев Сталинтай хүртэл зөрөлдөж зүрхэлдэг байв. Тэдний харилцааны үзүүлэлт гэвэл: удирдагч түүнийг үүнийг нь тэвчдэг төдийгүй, Ардын Комиссарынхаа үгэнд голдуу ордог байжээ.
Тэр ажлынхаа эхний өдрөөс эхлээд дутагдлын тухай нээлттэй ярьж, зөвлөлтийн онгироо эх оронч үзлийн ерөнхий өнгө аясаас эрс ялгарч ирсэн билээ. Бусдаас ялгаатай нь Зверев ард түмний үлгэр домог шиг дайсантай биш, харин урагшгүй захирлууд, салан задгай санхүүчидтай тэмцэхийг илүүд үзэж байв. Тэр хэмнэлтийн хатуу дэглэмийг шаардаж, бүтээгдэхүүний алдагдлыг арилгаж, монополизмтай тэмцсэн юм.
Зверев Сталинтай хүртэл маргаж зүрхэлдэг цөөн хүний нэг байсан ба удирдагч ч гэсэн түүнийг хүлээн зөвшөөрөх нь цөөнгүй байжээ. ЗХУ-ын Худалдааны Ардын комиссар-сайд Павлов дурдатгалдаа (Онц байдлын сайд Павлов биш шүү) ийм тохиолдол дурдсан байдаг. 1950-иад оны эхээр агуу залуурч Зверевт хамтралуудаас нэмэлт татвараар авах тухай тушаасан байдаг.
“Сталин хагас шог, хагас тушаал маягтайгаар Зверевт:
– Сангийн яамны санааг амраахын тулд хамтралчин тахиа худалдахад хангалттай биз дээ гэхэд:
– Харамсалтай нь ерөөсөө тийм биш, нөхөр Сталин, зарим хамтралчдад татвар төлөхийн тулд бүтэн үхэр ч хүрэхгүй гэж Зверев хариулсан байдаг.
Сталинд хариулт таалагдсангүй, Зверевийн яриаг тасалж, түүнийг ажил хэргийн байдлыг мэдэхгүй байна гэж хэлээд утсаа тасалжээ. Зверевийн байр суурь Сталины дургүйг хүргэжээ гэж үзэж болох байв” гэж бичсэн байдаг.
Удирдагчдийн уур хилэн бол үнэн ноцтой асуудал байсан юм. Сталин удахгүй хариугаа авна, цусы нь хольно гэдгийг бүх хүн мэдэж байв. Гэсэн хэдий ч Зверев өөрийнхөөрөө зүтгэв. Төв Хороонд бүхэл бүтэн комисс байгуулагдав. Энэ комисс бүхий л “за” болон “үгүйг” дэнсэлж, олон хүн илт гуйвав, гэхдээ Зверев эцсийн дүндээ Сталин түүнийг зөвийг хүлээн зөвшөөрөх тийм төмөр мэт үндэслэл гаргаж чадсан юм. Түүнээс гадна Сталин өмнөх хөдөө аж ахуйн татварыг гуравны нэгээр хасахыг хүртэл зөвшөөрсөн юм.
Бүр дайны дунд үеэс Зверев улс орны эдийн засгийг аажмаар сэргээн босгож эхэлсэн юм. Хатуу ширүүн хэмнэлтийн горимд тэрбээр 1944 болон 1945 оны улс төсвийг алдагдалгүй гаргаж, эмиссээс бүрэн татгалзаж чадсан юм.
Ингэлээ ч гэсэн ялалтын хавар болоход эвдэрхий балгас дунд улс орны тэн хагас төдийгүй, бүх зөвлөлтийн эдийн засаг хэвтэж байлаа. Бүрэн бүтэн шинэчлэл хийхгүй бол болохгүй байв: балгас дундах хүн амд хэтэрхий их мөнгө буюу бараг 74 миллиард рубль хуримтлагдсан байсан ба энэ нь дайны өмнөхөөс 4 дахин гэсэн хэрэг байв.
Зверевийн хийснийг түүнээс өмнө ч, хойно ч хэнбугай ч хийж чадаагүй юм. Зверев асар богино хугацаанд буюу ердөө л ганцхан долоо хоногийн дотор эргэлтээс бүх мөнгөн массын дөрөвний гурвыг татан авсан юм. Үүнийгээ ямар нэг ноцтой үймээн, будлиангүй хийж чадсан юм.
Өвөгчүүдээс асуугаад үзээрэй, Зверев, Павлов, Гайдар гурвын алинийх нь шинэчлэлийг илүү санаж байна гэж, хариулт нь ойлгомжтой доо…
1947 оны 12 дугаар сарын 16-аас хуучин рублийг нэг долоо хоногийн дотор сольж эхэлсэн юм. Мөнгийг ямар нэг хязгаарлалтгүй нэг арвын харьцаагаар сольж байв. Яагаад гэвэл шинэ рубль хуучны арван рубльтэй тэнцэж байсан. Асар их мөнгө байвал албаны хүмүүсийн анхаарлыг татаж байсан нь мэдээжийн хэрэг. Үүнтэй холбоотойгоор худалдаа, нийтийн хоолны ажилтнууд, дамын наймаачид, хар захынхан олон тооны заль хэрэглэн капиталаа ил гаргаж, асар их хэмжээний бараа, бүтээгдэхүүн худалдан авч байсан.
Үүнийг үл харгалзан шинэчлэлийн бэлтгэлийг чанд нууцалж байсан юм. Зарим домог мэт яриагаар Зверев өөрийнхөө эхнэрийг ванныхаа өрөөнд түгжиж, орлогч нараасаа мөн ингэхийг шаардаж байсан гэдэг. Гэвч мэдээлэл алдагдахыг бүрэн сэргийлж чадаагүй ажээ.
Мөнгө солихын өмнө нийслэлийн дэлгүүрүүдээс ихээхэн бараа таваар худалдан авчээ. Ресторануудад утаа бүрхэж, хэн ч мөнгө тоолж байгаагүй гэдэг. Узбекстанд хүртэл лангуунаас гүйлгээгүй бараа узбек малгай хүртэл алга болж байжээ.
Хадгаламжийн кассуудад дараалал бий болсон ба хадгаламжийг бүрэн энэрэнгүй сольж өгчээ. 3 мянга хүртэл рублийг нэг нэгийн харьцаагаар, 10 мянга хүртэл рублийн гуравны нэгийг нь, 10 мянгаас дээш бол нэг хоёрын харьцаагаар сольж өгсөн байна.
Ер нь бол хүн амын үндсэн хэсэг шинэчлэлийг тайван хүлээн авсан ба статистикийн дундаж зөвлөлтийн хүнд угаасаа тийм их мөнгө ч байсангүй, тэгээд ч тэд ямар ч зовлон бэрхшээлд дассан байсан юм.
Бүх Холбоотын Коммугист Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 1947 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хамтарсан тогтоолд: “Мөнгөний шинэчлэл явуулах үед тодорхой золиос гардаг нь тодорхой юм. Энэ золиосын ихэнхи хэсгийг төр өөр дээрээ хүлээж байна. Гэхдээ энэ золиосын тодорхой хэсгийг хүн ам өөр дээрээ авсан ба энэ бол сүүлчийн золиос юм.” гэж дурдсан байдаг.
Засаг мөнгөний шинэчлэлтэй нэгэн зэрэг картын болон нормын системийг халав. Тэгэхэд Англи гэхэд картынхаа системийг 1950-иад оны эх хүртэл хадгалж байсан юм.
Дашрамд дурдахад үүгээр сайн юм дуусаагүй юм. Засгийн Газар яагаад ч юм жил болгоны 4 дүгээр сарын 1-ний өдөр юмны үнэ бууруулдаг байлаа. Гэтэл Горбачев Павлов нар үүний эсрэгээр өсгөдөг болсон юм.
Энэ бүхнийг мэдсээр байж өнөөгийн либерал эдийн засагчид дайны дараах эдийн засгийн аймшгийн тухай бичсээр байгаа нь өрөвдөлтэй. Тэр үеийн амьдрал баян тарган, цатгалан хангалуунаараа гайхуулмаар байгаагүй. Хэзээ хаана, тийм сайхан байсан юм ?
Англи, Франц, Герман, ер нь бүх Европ санхүүгийн утгаараа сайхан байгаагүй, бүр ч илүү хүнд байсан.
Дайтсан бүх орнуудаас Орос л ганцаараа түрүүлж аж ахуйгаа сэргээж, мөнгөн системээ эрүүлжүүлж чадсан юм; энэ бол эрин үеийн мартагдсан баатар сангийн сайд Зверевийн маргашгүй гавъяа юм.
1950 он гэхэд л ЗХУ үндэсний нийт бүтээгдэхүүнээ бараг хоёр дахин өсгөж, дундаж цалингийнхаа бодит хэмжээг 2,5 дахин өсгөж чадаад тэр байтугай дайны өмнөх үзүүлэлтээс даван гарав.
Зверев санхүүдээ дэг журам тогтоогоод шинэчлэлийн дараагийн шат валютаа бэхжүүлэх ажилд оржээ. 1950 онд рублийг алтан суурь руу шилжүүлж, түүнийг 0,22 грамм цэвэр алттай тэнцүү болгожээ. Ингээд грамм алт 4 рубль 45 копеекийн үнэтэй болов.
Тэр үед Сергей Михалковын “Рубль, доллар хоёр” гэсэн шог дуу 1952 онд бичсэн бөгөөд энэ дуу их алдартай байжээ. Энд зөрчилдөгч хоёр валют уулзсаныг алив тоглоом шоглоомгүй ингэж өгүүлсэн байдаг:
Атаат дайснуудаасаа жилээс жилд
Ааг шараараа илүүрхэж байна
Аятайхан байгаарай та нар,
Зөвлөлтийн рубль ирж байна !
Зверев рублийг бэхжүүлээд зогссонгүй, түүний долларт харьцах ханшийг бууруулсан юм. Өмнө нь долларын ханш 5 рубль 30 копеек байсан бол одоо яг дөрөв болжээ. Ийм домог мэт яриа байдаг: эхлээд эдийн засагч-эрдэмтэд бэхжүүлсэн рублийн ханшийг тооцож үзээд түүний доллартай харьцах харьцааг хэвээр хадгалахыг санал болгожээ. Гэтэл Сталин эрдэмтдийг алдаж байна гэж хэлсэн байна. Манайд юмны үнэ 7 дахин буурсан, Баруунд инфляци болж байна. Ингэхээр рублийн зөв ханш бол 4 юм байна гэжээ. Эрдэмтэд тэр дороо л зөвшөөрсөн гэдэг.
Дараагийн 1961 оны шинэчлэл болтол энэ харьцаа өөрчлөгдөөгүй үлдсэн юм. Энэ шинэ шинэчлэлд Зверев мөн л удаан бэлтгэж байсан боловч түүнийгээ хэрэгжүүлж чадаагүй билээ. 1960 онд хүнд өвчний улмаас тэр арга буюу огцорсон ба ингээд тэрээр улс төрийн удаан наслалтын өвөрмөц маягийн дээд амжилт тогтоосон билээ. Улс орны ерөнхий санхүүчийн суудалд Зверев 22 жил тасралтгүй суужээ.
22 жил бол Чкаловаас авахуулаад Гагарин хүртэлх бүхэл бүтэн эрин үе юм. Хэрэв Арсений Зверев байгаагүй бол олон дахин хүнд, өлсгөлөн үе байхсан билээ…
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 04 дүгээр сарын 18.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

14 Responses to ГАМШГИЙГ ДАВСАН САНХҮҮЧ

  1. bi says:

    Ulsaa gesen zurh setgeltei gants hun ch gaihamshigiig buteej ter olon say huniig uls orniig avarch boldogiin bn

    • DN says:

      Тийм шүү. Ганц хүн цөөддөггүй л юм байна. Насан туршдаа шургуу тэмцсээр өөрийн мөрөөдлөө биелүүлсэн, тэгснээрээ дэлхийг өөрчилсөн хүмүүс бас зөндөө байдаг юм байна. Жишээ нь Стив Жобс байна. Уг нь хүн бүр өөрийн мөрөөдлийн төлөө тууштай явбал…

    • bat says:

      yamar elentsegiin chini Steve Jobs, Zverev bol hvnd hetsuu tsagt uls eh oron ard tvmend heregtei zviliig huviin erh ashigaasaa deegvvr tavij chadsan gaihamshigtai aguu hvn baina.Steve Jobs bol hvmvvsiin zailshgvi bish heregtseeg hangaj tom mungu hiisen l hvn, yahav namtar ntr ni yanga dramiin yumnuud bii l dee. uuchlaarai hvn hvnii bodol uur yum daa.

  2. bi says:

    iimerhuu belen surgamj jisheenuud delhiigeer neg bhad turshlaga sudlana geed ochnoon mongo zarj boonooroo gadgashaa yavdag nohduud hol bombog uzcheel irdeg bolohoor manaihan iim bdald ordog bh

  3. монгол Арсений Зверев хаа явна аа

    • Ганаа says:

      Байгаа…Гэхдээ эхлээд луйварчдыг зайлуулах ёстой л доо…

  4. Н.Батсайхан says:

    Самая важная деталь это дисциплина. Железная дисциплина.

  5. Anonymous says:

    Sain baina uu. Tand ene udriin mend hurgie! Tanias asuuj lavlah zuil bainaa, Ta mail hayagaa ugch boloh uu? Bi gadaadad surdag oyutan uma .

  6. regzen says:

    Ард түмэн бид унтаж /уншихгүй, гэгээрэхгүй, эвлэхгүй, тэмцэхгүй, хувиа хичээх хоронд хордож , гэдсэндээ хөлөө хийлцэж/ байхад луйварчид улам даврах нь мэдээж бөгөөд тусгаар тогтнолоо алдах вий гэж л айх юм Хөх тэнгэр минь шуурга болоосой

    • DN says:

      Айж, залбирч сууснаар юу өөрчлөгдөх вэ дээ. Үнэхээр санаа зовж байгаа бол бодитоор тэмцэх хэрэгтэй. Тэмцэнэ гэдэг нь буу шийдэм бариад олиггүй нөхдүүдийг алж хядах тухай биш, ердөө л наад зах нь өөрийн хэмжээнд үлгэр жишээ шударга иргэн байж чадвал энэ нь маш том тэмцэл юм.

  7. bat says:

    gaihamshigtai aguu, jinhene eh oronch hvn gehed ch bagadahaar yum…

  8. Б.Хүрэглтогоо says:

    Энэ номыг бичсэн тэр хүн мөн ч мундаг, үүнийг олж, мэдэрч орчуулсан Ганаа ах ч бас…
    Баярлалаа…

  9. Anonymous says:

    Minii sanaj baigaagaar ardchilal ehlehed 1 rubli 4 tugrug, 1 dollar 4 rubli orchim baisan baihaa. Bi aldaj baij magad shuu. Hervee tiim bol 60-aad onii dollar rubli haritsaa 90 on hurtel baisan baih ni. Yamartai ch sonirholtoi medeelel ugsun sudlaachdaa bayarlalaa.

  10. Anonymous says:

    их салхи нижигнэн хөдөлтүүгэй……….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: