ЭХ ОРНОО ИНГЭЖ ХАМГААЛДАГ

Хэдхэн хоногийн дараа фашизмыг ялсан Агуу Их Ялалтын 70 жилийн ой болох гэж байна. Энэ үеэр дэлхийн хамгийн сүрлэг, хамгийн түүхт цэргийн парад болно. Гэвч түүнээс бүр өмнө нэн түгшүүрт нөхцөлд болж, Их Ялалтыг анх дархалсан даруу боловч сүр жавлант парадын тухай өгүүлсү…

Эх орны зүрхэнд тулсан хутга
Германы фашистуудын хүчирхэг арми 1941 оны 6 дугаар сарын 22-нд цахилгаан дайн эхэлмэгцээ Оросын баруун хэсгийг ердөө л гуравхан сарын дотор тэр чигт нь эзэлж 10 дугаар сар гэхэд Москвагийн дэргэд тулан ирэв. Цэвэр цэрэг дайны үүднээс бол энэ бол давшилтын гайхамшиг байсан юм.
Германы командлал 1941 оны 9 дүгээр сард Москваг эзлэх “Тайфун” төлөвлөгөө боловсруулж, фельдмаршал фон Бокын мэдэлд армийн хүчирхэг “Төв” бүлэглэл байгуулав. Энэхүү “Төв” бүлэглэл танкийн 3 бүлэглэл, хээрийн 3 армийн хүчээр Улаан Армийн хамгаалалтыг сэтэлж, түүнийг Вязьма, Брянскийн районд бүслэн устгах төлөвлөгөөтэй байв. Дараа нь Москваг хойт, өмнө хоёр талаас нь бүсэлж эзлэн авах ёстой байв. Энэхүү давших ажиллагааг өвлийн хүйт орохоос өмнө дуусгахаар тооцжээ. Армийн “Төв” бүлэглэлийн бүрэлдэхүүнд 1 сая гаруй цэрэг офицер, 14 мянга илүү их буу, миномёт, 1600 танк, 950 танк байлаа.
Харин Москвагийн хамгаалалтын шугам түүнийг баруун талаас нь 120-130 километр зайтай хүрээлсэн, олон эгнээт Можайскийн шугам байлаа. Энэ хэсгийг ардын сайн дурынхнаас бүрдсэн, тус бүр нь 40 мянга илүү хүн бүхий 3 арми хамгаалж байв. Ардын сайн дурынхан бол үндсэндээ цэрэгт татагдсан энгийн хүмүүс юм. Ухаандаа ардын сайн дурын 18-р дивиз гэхэд л 6904 хүнтэй, түүний зэвсэглэлд 21 пулемёт, 295 винтов, 135 гар буу, 3216 гранат, 1680 шатаагч шингэнтэй лонх байсан юм. Учир нь гол гол нэгтгэлүүд баруун хэсэгт цохиулсан учир армийн том бүлэглэлүүдийг эмхлэж амжихгүй байжээ.
Нийтдээ Германы давшилтыг Зөвлөлтийн гурван фронтын 15 арми сөрөн зогсож байлаа. Энэ бол И.С. Коневын Баруун, С.М.Будённыйн Нөөц, А.И.Еременкогийн Брянскийн фронтууд байсан юм. Эдгээрт 1,2 сая хүн байсан ба тэд 9600 их буу миномёт, 1400 танк, 700 орчим онгоцтой байжээ.
Энэ нь тухайн үеийн Улаан армийн мэдэлд буй бүх буудлагын дивизийн 40%, танкийн нэгтгэлийн 35%, их буу нисэх онгоцны 44% болж байжээ.
Дайны эхний өдрүүдээс Москвад сөнөөгч батальонууд байгуулагдав. Эдгээр нь дайсны десантыг устгах, хотод дэг журам сахиулах, стратегийн объектыг хамгаалах, гал түймэртэй тэмцэх ажил хийдэг байв.
1941 оны 7 дугаар сараас эхлэн дайсан Москваг байнга бөмбөгдөх болов. Гэвч Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах систем маш сайн ажиллаж байсан учраас голдуу шөнөөр бөмбөгддөг байжээ. Германы хорлон сүйтгэгчид гэрлээр дохио өгдөг тул чухал объектын дэргэд шөнө гэрэл гаргаж дохио өгсөн хүнийг газар дээр нь шууд устгадаг байв.
Ингээд 9 дүгээр сарын 30-нд “Тайфун” операци эхлэв. Хэдхэн хоноод 10 дугаар сарын 6 гэхэд германууд Брянскийн фронтыг “хоёр тогоонд” бүслэн авчээ. 10 дугаар сарын 17-нд Брянскийн фронт бүрэн нурж, бүслэлтээс ердөө л бие бүрэлдэхүүний 10% хүрэхтэй үгүй нь гарч, 50 мянга гаруй цэрэг офицер олзлогдов. Дараа нь Вязьмийн районд хамгаалалт хийсэн боловч 10 дугаар сарын 8-нд зөвлөлтийн таван арми бүслэлтэд оржээ.
Энэ өдөр Дээд Ерөнхий Командлалын Газраас Баруун фронтын штабт И.Сталины бичсэн цахилгааныг дамжуулсан ба түүнд: “Бүслэгдсэн цэргийг Москва руу гарган ирүүлж чадахгүйн улмаас Москваг юугаар ч, яаж ч хамгаалах боломжгүй болоод байна. Давтан хэлье: юугаар ч, яаж ч.” гэжээ. Үүний хариуд Баруун фронтын штаб бүслэгдсэн анги нэгтгэлүүдэд: “Цэргийг Вязьмагаас гарга. Үүнээс өөрөөр бол сүйрэл болно. Өдөр шөнөгүй яв. Хоногт 70 км хурдтай яв. Та нар Москвагийн хамгаалалтад хэрэгтэй байна”.
Гэвч энэ тушаал биелсэнгүй. Вязьмийн тогооноос хэсэг бусаг жижиг нэгтгэл л сугаран гарч чадав. Эхний давшилтын явцад германы тал оросын 600 мянган цэрэг офицерыг олзолжээ. Гэхдээ л зөвлөлтийн бүслэгдсэн ангиуд амь хайргүй тулалдсан учраас хоёр долоо хоногийн дараа германы арми хүчний дахин бүлэглэлт хийв.
“Тайфун” операцын эхний шатанд германы цэрэг 250 км хүртэл давшиж чадсан байна.
1941 оны 11 дүгээр сарын 13-нд болсон армийн дээд командлалын зөвлөгөөн дээр Гитлер: “Москваг нэг ч орос цэрэг, хүүхэд, эмэгтэй хэн ч бай нэг ч хүн гарч чадахааргүй бүслэн авах хэрэгтэй. Москва болон түүний орчмыг аварга том байгууламж ашиглан усанд живүүлэхэд шаардлагатай бүхнийг бэлтгэх хэрэгтэй. Одоогийн Москва байгаа тэр газарт оросын нийслэлийг соёлт хүн төрөлхтнөөс үүрд халхлах аварга том тэнгис үүсгэх ёстой” гэж мэдэгдсэн байна.
Ингээд хоёр иргэншлийн үхэх сэхэхийн төлөө агуу тулаан эхэлжээ.
Сталины гэнэтийн санал
Москвагийн хамгаалалтын хамгийн хүнд 10 дугаар сарын 28-ны өдөр Сталин Москвагийн цэргийн тойргийн командлагч, дэслэгч генерал П.А.Артемьев, Улаан армийн Агаарын цэргийн командлагч, нисэх хүчний дэслэгч генерал П.Ф.Жигарев, Москвагийн бүсийн Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний командлагч дэслэгч генерал М.С.Громадин, Москвагийн бүсийн Агаарын цэргийн командлагч Н.А.Сбытов нарыг дуудан зөвлөгөөн хийх үеэр Октябрийн хувьсгалын 24 жилийн ойн парад, баярын хурал хийх асуудлыг хөндөн тавьжээ.
Дандаа хамгаалалт яриад дасчихсан, олон хоног нойргүй ажилласан тэдний хэн ч энэ тухай бодож байсангүй. Москва-Волгын суваг, үйлдвэр, заводуудыг минажуулж, гадаадын дипломат байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж байхад юун баярын хурал, юун парадтай мантай. Ингээд хариу өгөх хүн байсангүй. Сталин асуултаа гурав давтжээ. Тэгснээ тэд гэнэт ухаан орж, “тэгвэл ч цэрэг, ар талын санаа сэтгэлийг өөд татна шүү” гэж хариулжээ. Сталин “Үүнийг ойлгосон бол сайн байна” гэсэн гэдэг. Ингэж Сталины санаачлагаар асуудлыг шийджээ.
Дараа нь Баруун фронтын командлагчаар шинэхэн томилогдсон Г.К.Жуковоос асуужээ. Тэр ойрын өдрүүдэд дайсан томоохон давшилт хийхгүй гэдгийг батлан хэлжээ. Улмаар бусад фронтоос агаараас эсэргүүцэн хамгаалах болон нисэх хүчнийг нэмэн татжээ. 11 дүгээр сарын эхний өдрүүдэд Москва орчимд буй дайсны нисэх буудлуудыг хүчтэй бөмбөгдөж “цэвэрлэгээ” хийжээ.
Парад зохион байгуулах үүргийг Москвагийн Цэргийн тойрог, Москвагийн бүсийн хамгаалалтын цэргийн командлагч, дэслэгч генерал П.А.Артемьевт даалгажээ. Энэ үед Москвагийн төлөө хүнд хэцүү тулалдаан болж, дайны зурвас ердөө л 70-100 км зайтай байсан юм. Парадын бэлтгэлийг дээд зэргийн нууц байдалд хийсэн байна.
Гэтэл оркестр байдаггүй гэнэ. Алдарт В.И.Агапкиныг удирдаач болгож, хөгжимчид цуглуулах үүрэг өгчээ. Цуглуулсан хөгжимчдийн тоо цөөн учир Горький хотоос хөгжимчид нэмэн авчирчээ. Чимээ гаргахгүйн тулд хуучны морин тойруулгад хөгжмийн бэлтгэлээ хийж байв.
Метроны “Маяковская” өртөөг маш нууц байдалд бэлтгэв. Газар дорхи хонгилд хүртэл Дотоод яамны автоматчдын тусгай бүлгүүд байрлуулсан гэдэг.
Баярын хурлаас хэдхэн цагийн өмнө “Маяковская” өртөө орчмыг Кремлийн хамгаалалтын хоёр хороо цэрэг мэдэлдээ бүрэн авчээ. Удирдагчдыг “Белорусская” өртөө рүү оруулж, 10 вагон бүхий метрогоор “Маяковский” өртөөнд баярын хурал болохоос 5 минутын өмнө хүргэжээ. Нөгөө талын зам дээр өлгүүр, буфет, бас хөгжимчид бүхий бас 10 вагон бэлтгэжээ.
“Маяковский” өртөөнд 2000 хүнийг багтаасан баярын хурал болсон юм. Энэ хурал дээр И.Сталин урьдын адил үг хэлсэн. Тэр үгээ: “Бидний үйл хэрэг зөв учраас ялалт бидний талд” гэж дуусгасан.
Ингээд тэнд байгаа Улаан Армийн дарга нарт маргааш Улаан Талбайд болох цэргийн парадад жагсана гэдгийг 23 цагийн орчимд мэдэгджээ. Ингэж хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хатан зоригт, эх орны хөвгүүдийн агуу яруу алдарт парад эхэлсэн юм.
Ялалтыг зөгнөсөн парад
1941 оны 11 дүгээр сарын 7 болов. Оросууд ард түмэн болон дэлхий нийт Москваг чих тавин чагнаж байв. Германчууд аль хэдийн эзэлчихсэн гэх бол бүр энүүхэнд. Сталин болон Зөвлөлтийн нам төрийн бүх удирдлага Москвагаас дүрвээд явчихсан гэдэг цуурхал л хамгийн аймшигтай байв. Гэтэл гэтэл…
Улаан Талбайд Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан баярын хурал болдгоороо болж, цэргийн парад уламжлал ёсоороо хийдэг байна ш дээ. Энэ бол Зөвлөлтийн ард түмний сэтгэл санааг сэргээж, ялах итгэл найдвар төрүүлсэн хамгийн гайхамшигтай үйл явдал болсон юм.
Энэ тухай “Вечерная Москва” сонины 1941 оны 11 дүгээр сарын 8-ны дугаарт ийн бичиж үлдээжээ:
“Спасскын цамхагийн хонх найман цагийг цохиж талбайг дуурсгав. Парааад, Нооомхон ! Спасскын цамхагийн гулдан хаалганаас ЗСБНХУ-ын Батлан Хамгаалах Ардын Комиссарын орлогч, ЗХУ-ын маршал нөх. Будённый омголон сайхан морьтой гарч ирэв. Түүнийг угтан парад командлагч генерал нөх. Артемьев хатируулан гарч ирлээ.
Түүний рапортыг хүлээн авсан маршал Будённый генералыг дагуулан парадад хайрцаглан жагссан цэргийн эгнээг тойрон явж тэдэнтэй мэндчилэв. Дайчид маршалын мэндчилгээнд дайчин “ура” хашгирч хариулав. Маршал цэргүүдтэй мэндчилж дуусаад Мавзолейд дөхөн ирж, мориноосоо хөнгөхөн үсрэн бууж, индэр рүү өгсөв” гэжээ.
Оркестр “Бүгд сонсогтун !” дуудлага өгөв. Улаан Талбай чив чимээгүй болж, дараа нь Улсыг Батлан Хамгаалах Хорооны дарга, Дээд Ерөнхий Командлагч, ЗСБНХУ-ын Батлан Хамгаалахын Ардын Комиссар И.В.Сталины үгийг чих тавин сонсжээ. Тэрээр дараах товч үгийг хэлсэн байна.
Түүний энэ богино үг ард түмний эргэлзсэн итгэл найдварыг сэргээж, ялалтад дуудан зоригжуулж, домог болсон учраас энэ агуу үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
“Нөхөд улаан армийн цэрэг, улаан флотын дайчид аа, цэргийн дарга, улс төрийн ажилтнууд аа, эрэгтэй эмэгтэй ажилчид аа, эрэгтэй эмэгтэй хамтралчид аа, бүтээлч хөдөлмөрийн ажилтнууд аа, манай дайсны ар талд орж, немцийн булаан эзлэгчдийн дарлалд түр орсон ах, эгч, дүү нар аа, немцийн булаан эзлэгчдийн ар талыг сүйрүүлж байгаа манай яруу алдарт эрэгтэй, эмэгтэй партизанууд аа !
Зөвлөлт засаг, манай большевик намын нэрийн өмнөөс Та бүхэндээ Агуу Их Октябрийн Хувьсгалын 24 жилийн ойн баярын мэнд хүргэж байна.
Нөхөд өө ! Өнөөдөр бид Октябрийн Хувьсгалынхаа 24 жилийн ойг хүнд нөхцөлд тэмдэглэж байна. Немцийн дээрэмчид итгэл алдан довтолж, бидэнд тулган хүлээлгэсэн дайн нь манай оронд аюул занал учруулж байна. Бид нэлээд мужаа түр зуур алдаад байна, дайсан Лениград, Москвагийн хаяанд тулчихаад байна. Дайсан анхны цохилтын дараа манай армийг сарнин зугтана, манай эх орныг өвдөг сөхөрнө гэж тооцож байсан юм. Гэхдээ дайсан дэндүү их эндүүрч байна. Түр зуур амжилтгүй байсан хэдий ч манай арми, манай флот фронтын бүх шугамаар дайсны дайралтыг баатарлагаар няцааж, тэдэнд хүнд хохирол учруулж байна. Манай бүх Эх Орон манай арми флоттой хамт немцийн булаан эзлэгчдийг бут ниргэхийн тулд нэгдмэл дайчин лагерь болон зохион байгуулагдав.
Манай улс оронд үүнээс ч илүү хүнд байдалд байсан өдрүүд тохиолдож байсан юм. Бид Октябрийн хувьсгалын анхныхаа ойг баярлан тэмдэглэж байсан 1918 оныг санагтун. Тэр үед манай улс орны дөрөвний гурав нь гадаадын түрэмгийлэгчдийн гарт байлаа. Украин, Кавказ, Дундад Ази, Урал, Сибирь, Алс Дорнодыгоо бид түр алдсан байлаа. Тэр үед бидэнд холбоотон байгаагүй, Улаан Арми байгаагүй, бид армиа дөнгөж байгуулж байлаа. Бидэнд талх тариа хүрэлцээгүй, зэр зэвсэг хүрэлцээгүй, хувцас хунар хүрэлцээгүй байлаа. Тэр үед бидэн рүү 14 улс бөөрөлхөн дайрсан юм. Гэвч бид гасалж гансраагүй, сэтгэл санаагаар унаагүй. Тэр үед бид дайны гал дунд Улаан армиа зохион байгуулж, улс орноо цэргийн лагерь болгон хувиргасан юм. Тэр үед Агуу их Лениний үзэл санаа түрэмгийлэн эзлэгчдийн эсрэг дайнд биднийг уриалан зоригжуулж байлаа. Тэгээд юу болсон бэ ? Бид түрэмгийлэн эзлэгчдийг бут ниргэж, бүхий л алдагдсан нутгаа эргүүлэн аваад, ялалтад хүрч чадсан юм.
Одоо бол манай орны байдал 23 жилийн өмнөхөөс хамаагүй илүү байна. Одоо манай орон 23 жилийн өмнөхөөс олон дахин баян, аж үйлдвэр, хүнс тэжээлтэй байна. Одоо бидэнд немцийн булаан эзлэгчдийн эсрэг нэгдсэн фронтод нэгдсэн холбоотнууд байна. Одоо бид гитлерийн талхинд орсон Европын бүх ард түмний итгэл, дэмжлэгийг хүлээж байна.
Одоо бидэнд Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг улаан цээжээрээ хамгаалж байгаа гайхамшигт Улаан арми, гайхамшигт флот байна. Бидэнд хүнс тэжээл, зэр зэвсэг, хувцас хунарын онцгой дутагдал алга.
Манай улс орон, манай орны бүх ард түмэн манай арми, флотыг тулан түшиж, тэдэнд немцийн фашистуудын булаан эзлэгч ордыг бутниргэхэд нь тусалж байна. Манай хүний нөөц шавхагдашгүй биш юм. Агуу их Лениний үзэл санаа, түүний ялалтын туг одоо Эх Орны дайныг яг 23 жилийн өмнөх шигээ ивээн тэтгэж, зоригжуулж байна.
Бид немцийн булаан эзлэгчдийг ялж чадна, ялах ёстой гэдэгт эргэлзэх хэрэг байна уу ? Дайсан зарим аймхай сэхээтэн царайтнуудын дүрсэлж байгаа шиг тийм ч аймшигтай биш юм. Хэрэв жижигхэн гэж байгаа бол чөтгөр ч аймшигтай биш. Манай Улаан арми тэгж их магтаж байсан немцийн цэргүүдийг нэг биш удаа санд мэнд зугттал нь цохиж байсныг хэн үгүйсгэж чадах юм ?
Хэрэв немцийн суртал нэвтрүүлэгчдийн онгиргон үгээр биш, Германы бодит байдлыг авч үзэх юм бол германы фашист булаан эзлэгчид сүйрлийнхээ өмнө байгааг ойлгоход хүнд биш юм. Одоо Герман цусаар урсаж, түүний хүний нөөц дуусч, дургүйцлийн үзэл санаа немцийн булаан эзлэгчдийн дарлалд орсон Европын ард түмэн төдийгүй, дайны төгсгөлийг олж харахгүй байгаа германы ард түмнийг өөрийг нь хамран өргөжиж байна.
Немцийн булаан эзлэгчид сүүлчийнхээ хүчийг шавхаж байна. Герман ийм хүчдэлийг удаан тэсч чадахгүй гэдэгт эргэлзэх хэрэг байхгүй. Ахиад хэдэн сар, хагас жил, магадгүй жил болоход гитлерийн Герман үйлдсэн гэмт хэргийнхээ горыг даахгүй хагаран унах ёстой.
Нөхөд улаан армийн цэрэг, улаан флотын дайчид аа, цэргийн дарга, улс төрийн ажилтнууд аа, эрэгтэй эмэгтэй партизанууд аа !
Та нарыг немцийн булаан эзлэгчдийн дээрэмчдийн сүргийг устгах чадвартай хүч гэдгийг бүх дэлхий харж байна. Та нарыг немцийн булаан эзлэгчдийн дарлалд орж дарлагдан зовсон Европын ард түмнүүд чөлөөлөгчөө гэж үзэж байна. Агуу их чөлөөлөгч үүрэг (миссия-Орч.Х.Д.Г.) Та нарт ногдож байна.
Энэ үүргээ нэр төртэй биелүүлэгтүн ! Та бүхний явуулж буй дайн чөлөөлөгч дайн, шударга дайн юм. Энэ дайнд Та бүхнийг маань Александр Невский, Дмитрий Донской, Кузьма Минин, Дмитрий Пожарский, Александр Суворов, Михаил Кутузов нарын агуу их дээдсийн эрэлхэг дүр ивээн зоригжуулаг ! Та бүхнийг маань Агуу их Лениний ялалтын туг ивээн тэтгэг !
Немцийн булаан эзлэгчдийн бүрэн бут ниргэе !
Немцийн түрэмгийлэгчдэд үхэл !
Манай яруу алдарт Эх Орон, түүний эрх чөлөө, тусгаар тогтнол мандтугай !
Лениний тугийн дор ялалт өөд урагшаа !”

Үүний дараа В.Агапкины удирдсан оркестр “Интернационал” тоглож, Софийн дуганы эрэг дээрээс их буугаар ёслолын буудлага хийжээ. Монгол хүн “Интернационал” тоглосон гэхээр нэг сайн ойлгож өгдөггүй юм, учир нь тэр үед “Интернационал” Зөвлөлтийн төрийн дуулал байсанд хамаг учир оршино.
Үүний дараа генерал Артемьевын командаар яруу алдарт парад эхэлжээ. Түүнийг Л.Б.Красины нэрэмжит Москвагийн улаан тугт Их бууны дунд сургуулийн 1 дүгээр дамжааны сонсогчид эхэлжээ. Одоо ч гэсэн энэ сургуулийн сонсогчид парад эхэлдэг уламжлалтай санагдана.
Энэ парадад нийт 28.467 хүн оролцсон, түүний дотор 19.044 явган цэрэг (69 батальон), 546 морин цэрэг (6 сэлэмт эскадрон, 1 тачанкийн эскадрон), 732 буудагч болон пулемётчин (5 батальон), 2165 их буучин, 450 танкчин, 5520 ардын сайн дурынхан (20 батальон) оролцжээ.
Зэвсгээс гэвэл 16 тачанк, 296 пулемёт, 18 миномёт, 12 зенитийн пулемёт, 12 бага калибрын болон 128 дунд болон алсын тусгалт их буу, 160 танк оролцуулсан байна. Мөн 300 нисэх онгоц бэлтгэсэн боловч цаг агаарын нөхцлөөс болоод нисгээгүй байна.
Сонирхуулж хэлэхэд үйл явдлын гэнэтийн өрнөлтөд ч бүх талаар бэлтгэсэн аж. Улаан Талбайн эргэн тойронд эмнэлгийн 35 пост байрлуулж, 10 эмнэлгийн машин, 5 сэргээн босгох, 15 галын болон тусгай машин бэлэн байдалд байлгажээ. Энэ нь бүх талын бэлтгэл гэхээсээ нөхцөл байдал хэчнээн түгшүүртэй байсныг тод илтгэнэ.
Энэ парадад алхаж, Сталины үгийг сонссон цэргийн ангиуд тэр чигээрээ Москваг хамгаалах тулалдаанд залган орсон гэдэг. Гэхдээ тэд гарцаагүй үхлийг эрч хүчтэй, толгой дээгүүр, омог бардам угтсан гэж олон хүн өгүүлэх бөлгөө. Зөвхөн парадад оролцогчид төдийгүй, бүх фронт, бүх Зөвлөлт орны иргэн бүрийн санаа сэтгэлийг сэргээж, урам зоригийг сэргээсэн аж.
Энэ парад эргэлзэж байсан итгэлийг сэргэж, Зөвлөлт орныг нийтэд нь хөвчлөн дайчилсан сэтгэл зүйн асар том үйл явдал болсон гэж гадаад дотоодын түүхчид нэгэн дуугаар дүгнэдэг.
Дэлхий дахин сонсов.
Парад германчуудын хувьд зүүдэнд нь ч ороогүй зүйл болов. Тэд “галзуурсан Оросууд” гэхээс өөр дүгнэлт хийж чадсангүй. Үнэхээр ч тэд Оросын баавгайг шархдуулаад галзууруулчихжээ. Одоо тэрэндээ бариулах цаг ирэв.
Парадын үйл ажиллагааг радиогоор дэлхий даяар цацсан байна. Үүнийг Берлинд ч сонсжээ. Энэ мэдээг Гитлерт хэлэх зориг зүрхтэй хүн байгаагүй гэж хожмын дурдатгалуудад өгүүлдэг. Гитлер санаандгүй Москваг эзэлсэн эсэхийг сонсох гээд радиогоо залгаж орхиж. Гэтэл марш явж, цэрэг гутлын алхаа сонсогдох нь тэр. Тэр эхэндээ манай ялалтын хөгжим, алхаа гэж боджээ. Тэгснээ учрыг олмогцоо галзууртлаа уурлаж Дорнод фронтын бүх нисэх хүчинд Москваг бөмбөгдөх тушаал өгчээ. Үүнийг нь оросууд хүлээж байж. Германчууд нэг дор 34 онгоцоо алдаад буцжээ.
Энэ парадаас хойш фронтод ч тэр, ар талд ч тэр ухрах, хамгаалах тухай биш, дандаа давших, ялах тухай ярьдаг болсон гэж бүх ахмадууд өгүүлдэг.
Мөн энэ парад Германы армийг сэтгэл санаагаар унагасан юм. 1941 оны Москвагийн төлөө тулалдаанд германы арми оргосон, байрлалаа орхисон, тушаал биелүүлээгүй шалтгаанаар 62 мянган цэрэг офицероо цэргийн хээрийн шүүхээр оруулж, ихэнхийг нь буудан алсан юм.
Дашрамд дурдахад Октябрийн 24 жилийн ойн парадыг Куйбышев болон Воронеж хотуудад бас хийсэн юм.
Ингээд 1941 оны 12 дугаар сарын 6-нд их бууны галын хүчтэй бэлтгэл хийсний дараа Г.К. Жуковын удирдсан Баруун фронтыг сөрөг давшилт эхлэв. Бараг Москвагийн захад орж ирээд байсан герман армийг 1942 оны 1 дүгээр сарын эх гэхэд Москвагаас 100-250 км үлдэн хөөв.
Сэтгэл зүй-ёс суртахууны нөлөөллийн хүчээрээ 1941 оны 11 дүгээр сарын 7-ны парад цэргийн стратегийн операцид ялалт байгуулсантай дүйцэнэ гэсэн түүхчдийн дүгнэлт туйлын үнэн зөв юм.
Эх орноо ингэж хамгаалдаг гэдгийг дэлхий дахин оросуудаас мэдэж авсан юм. Чухам ийм болоод Агуу Их Ялалтын баяраа оросууд хамгийн их хүндлэн дээдэлдэг юм. Монголын ард түмэн энэ ялалтад өөрийн чадлаас хэтэрсэн хувь нэмэр оруулсан, цорын ганц үнэнч холбоотон болохоор хамт баярлах нь зүйн хэрэг юм.
Иймээс Агуу Их Ялалтын 70 жилийн ойгоор Улаан Талбайн Ялалтын парадад нүүр бардам алхах нь Монгол цэргийн нэр төр, алдар гавъяаны хэрэг мөн.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 05 дугаар сарын 05.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to ЭХ ОРНОО ИНГЭЖ ХАМГААЛДАГ

  1. bi says:

    эх орноо ингэж хамгаалдаг юм байна

  2. bat says:

    Gaihaltai. Oor heleh ug alga.

  3. Munkhtur says:

    Saihan bichjee!
    Unen shuu! Eh ornoo hairlah, hamgaalah, eh oronch baih gedeg bol ner turiin hereg mun. Augaa ih, eh orny daind yalsany oin bayaryn mend hurgeye! Eh bolson eh oron duudaj baina, bidniig!

  4. gandash says:

    Үнэн, ховор сайхан мэдээлэл тольдуулсан судлаач танд их баярлалаа.Бид дэлхийн түүхийг мартах ёсгүй үндэстэн билээ.Монголчууд хүчирхэг үндэстэн болох ёстойгоо хүн бүр, байнга ухаарч байх болтугай

  5. Dashkaa says:

    Үнэхээр сайхан нийтлэл болсон байна. Монголчууд бидэнд нэг иймэрхүү сэрээн дуудах үйл ажиллагаа дутагдаад байх шиг санагдах юм.

  6. Монголын ард түмэн энэ ялалтад өөрийн чадлаас хэтэрсэн хувь нэмэр оруулсан, цорын ганц үнэнч холбоотон болохоор хамт баярлах нь зүйн хэрэг юм.
    Иймээс Агуу Их Ялалтын 70 жилийн ойгоор Улаан Талбайн Ялалтын парадад нүүр бардам алхах нь Монгол цэргийн нэр төр, алдар гавъяаны хэрэг мөн гэж үнэхээр сайхан хэлжээ.

  7. Anonymous says:

    Ахад баярлалаа. Поздравляю вас с 70-летием Годовшина Победы Великой Отечественной Войны. (Орос хэл сайн мэдэхгүй лдээ. Парад үзэж байхад, парад командагч нь цэргүүдтэйгээ ингэж мэндчилж байсан шиг санагдаж бна)

  8. Түвшин says:

    Сэтгэл хөдлөв, нээрээ л манайхан цорын ганц үнэнч холбоотон нь байсан даа, үнэнч байсныхаа шагналыг ч шударгаар хүртэж тусгаар тогтнолоо олж авсан

  9. bat says:

    үнэхээр сэтгэл хөдлөм түүх байна. Ганаа ахдаа баярлалаа. Эх орноо ингэж л хамгаалдаг юм байна.. Эх орноо хамгаалахад үхэх юу ч биш…

  10. Anonymous says:

    Танд баярлалаа

  11. Anonymous says:

    Эх орноо ингэж хамгаалдаг гэдгийг дэлхий дахин оросуудаас мэдэж авсан юм. Чухам ийм болоод Агуу Их Ялалтын баяраа оросууд хамгийн их хүндлэн дээдэлдэг юм. Монголын ард түмэн энэ ялалтад өөрийн чадлаас хэтэрсэн хувь нэмэр оруулсан, цорын ганц үнэнч холбоотон болохоор хамт баярлах нь зүйн хэрэг юм.
    Иймээс Агуу Их Ялалтын 70 жилийн ойгоор Улаан Талбайн Ялалтын парадад нүүр бардам алхах нь Монгол цэргийн нэр төр, алдар гавъяаны хэрэг мөн. Маш сайхан зүйл бичсэн байна үргэлж мэдрүүлж нүд сэтгэлийг минь нээж өгч байдаг тань баярллаа

  12. Anonymous says:

    Баярлалаа гэхээс өөр сайхан үг орж ирдэггүй ээ, баярлалаа, Ганаа ах аа

  13. уншигч says:

    Ганаа ах таньд болон танай гэр бүлийнхэнд Аугаа эх орны ялалтын 70 жилийн ойн халуун мэндийг хүргэе.

  14. bi says:

    Orosuud yagaad 2r egneend mongoliin eronhiilogchiig zogsoov?? Huvi hunees ni bolov uu manai oruulsan huvi nemriig ingej unelev uu busad o.y hural ene tereere ingej medruulj boloh bolovch yalaltiin bayariin ueree iim uildel haruulj bga ni uyg heleed bn ve??

  15. Anonymous says:

    Сайхан юмны талаар сайхан бичсан юм унших сайхан байлаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: