СҮЙРЛИЙН ҮР БА УРГАЦ

Нэлээд олон том үйл явдал зэрэг зэрэг болж, чингэхдээ хэт хурдан болж байгаа нь олон монгол хүний толгойг эргүүлж байна. “Хоёрхон гишүүнт” үйл явдал Таван Толгой, Оюу Толгойн алийг, эсвэл “гуравхан гишүүнт” Засгийн газар, С.Баяр, Ц.Элбэгдорж нарын асуудлын алийг ярихаа бараг хэн ч мэдэхгүй болов. “Дөрвөн гишүүнт” бол бүр баларч байгаа нь тэр. Бүгдийг нь хараах гэхээр хэний ч шүлс хүрэлцэхгүй болов. Энэ “хүнд нөхцөлд” бодох, эрэгцүүлэх, сэтгэх, үнэлэх, цэгнэхэд чинь хэрэг болно гэж үзээд саяхан хийсэн системийн анализаа толилуулж байна. Системийн анализ хийхээр загнадаг, хийхгүй болохоор бас загнадаг монгол зангаа татсан чинь дээр гэдгийг “уламжлал ёсоороо” сануулж байна.

Үнээнийхээ сүүтэйг үхэхээр нь мэдэв
А.Баатархуяг Ордны шатан дээр гишүүн Г.Баярсайхантай уулзаад зогсож байна. Г.Баярсайхан “Тойргоороо уулзалт хийлээ, манай намынхан Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсанд их дургүй байна” гэхэд нь “Хөгшөөн, үнээнийхээ сүүтэйг үхсэн хойно нь мэдэв гэж нэг үг байдаг даа” гэж явуулж байна. Энэ бол тун ч онож хэлсэн зүйрлэл бөгөөд А.Баатархуяг шинэчлэлийн Засгийн газрын түүхээс сануулж, Н.Алтанхуягийн хэлснийг давтаж даапаалсан хэрэг.
Харин шийдлийн Засгийн Газар нь яав ?! Яг үнэндээ өнөөдрийг хүртэл нэг ч юм шийдсэнгүй. “Оюу толгой” унасан, одоо “Таван толгой” унана. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт” эдийн засаг гэсэн. Одоо харвал “нэгдүгээр эдийн засаг-Оюу толгой” нь явахгүй болсон, “хоёрдугаар эдийн засаг-Таван толгой” нь явахаа байв, үүнээс улбаалаад гуравдугаар эдийн засаг буюу төсөв сүйрэх нь байна. Ингэвэл ч ёстой “шидлийн Засгийн газар” гэгч болох байх…
Яагаад гэвэл “Оюу толгой”-н зээл, “Таван толгой”-н урьдчилгаанд хамаг найдлагаа тавьсан комсомолчид Монгол Улсын Засгийн газрын зайлшгүй хийх ёстой ажлыг хийсэнгүй. Уг нь төсвийн хямралыг сүйрэл болохоос сэргийлэх ёстой байсан юм. Өөрийнхөө толгойг мэддэггүй, өөр толгойнд найддаг хүмүүс ийм л юм хийнэ, юун улс толгойлох…
Хэдийгээр би АН-ынхныг шүүмжилдэг ч сүүтэй үнээгээ “үхсний” дараа нэг удаа “зөв сонголт” (намынх нь сонгуулийн уриа шиг санагдаж байна) хийх дөхсөн. Гэвч чадаагүй, уг нь тэр “зөв сонголт” нь “галочкатайгаа” Р.Амаржаргал байсан юм. Тэр хатуу хэмнэлтийн бодлогын баримт бичигтэй явсан, түүнийгээ гишүүдэд танилцуулж явсан нь боломжийн гэх дүгнэлтэд хүргээд байсан юм.
Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг АН-ын ҮЗХ орвонгоор нь эргүүлсэн, тэгэхээр үхсэн үнээндээ харамсахаас яах юм ?! Нам нь төрөөсөө илүү эрх мэдэлтэй болсны нэг гай энэ…
Өмнөх Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн “Хямралын гурван шалтгаан” ба “Хямралын гуравдахь шалтгаан” өгүүлэлдээ би Н.Алтанхуягийн засгийн газар үнэндээ тэр үед өрөг нь буруу тавигдсанаас унах нь гэдгийг сануулж байсан. Алсдаа С.Баярын балагаас болоод балрана гэдгийг ч хэлсэн.
Харин энэ удаад эхнээсээ буруу явснаас “бошгыг халахынхны” айл гэр болж тоглох гэсэн дэггүйтлээс болоод улсыг самарч хаяхдаа тулсныг бичихгүй бол наадам ч байхгүй, наргиа ч байхгүй болчих гээд байна. Баабарыг дуурайж зөнч мэргэнээ гайхуулаад яахав, одоо өнгөрснөөс ирээдүй маань илүү ноцтой болоод байхад…
Наад төсөв өө…!!!
Манай комсомолчид үнэнхүү тэнэг хос юм. Төсөв нь баларч сүйрчих гээд, хэрэв эдийн засагч хүн бол боогоод үхчихмээр юм болоод байхад дуугүй сууж л байх. Ядаж Ч.Сайханбилэг нь биш юм гэхэд С.Баярцогт нь мэдэрдэггүй. Тэр чинь 20 мянган хувьсагч боддог гэж телевизээр ярьдаг хүн шүү дээ. Улс гэр удирдах нь гадныханд найр тавихаас зарчмын хувьд огт өөр зүйл, улс удирдахын тулд ажиллах ёстой, зовох ёстой, гэтэл энэ бэртэгчингүүд зовж, зүдэрч, махаа зулгааж ажиллахаас л үхтлээ айдаг бололтой.
Энэ оны эхний гуравдугаар улиралд манайх 1,7 тэрбум ам.долларын зээлийн үйлчилгээ хийх ёстой. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 25 жилд тавьсан өрийн эхний төлбөр хийх цаг болж. Гэтэл гадаад өрийн төлбөр хийх байтугай цалингаа тавьж чадахгүйдээ тулаад 500 тэрбумын дотоод бонд гаргах гээд сууж байдаг Засгийн газар гэж байх уу ?! Ерөөсөө зээл л аваад байвал улсын ажил яваад байна гэсэн ганцхан гаргалгаатай ажиллаж байна. Гэвч бүх юманд, тэр дундаа манай төгрөгт ч “уналтын дээд хязгаар” гэж бий л дээ…
Засгийн газраас авсан их том арга хэмжээ нь УИХ-д өрийн хэмжээгээ мэдээлсэн явдал байв. “Тоогоо нэгтгэе” ч бил үү, нэг балай нэртэй танилцуулга хийсэн, үр дүнд нь манай улс 20 гаруй тэрбум ам.долларын өртэй болохыг санал нэгтэй хүлээн зөвшөөрөв шүү дээ. Нөгөө айхтар их өрийг даруй нугалсан дүн. Уг нь энэ талаар Н.Алтанхуягийн Засгийн газар мэдээлэл хийхээр бэлтгэж байсан нь Ч.Сайханбилэгийг оронд нь томилох асуудлаас болоод хагас жил хойшилсон байж. Тэгээд “аймаар их ажил” хийж, тоогоо тогтсон ч тэр нь 2014 оны эхний хагас жилийн байдлаар л тогтсон хэрэг. Үүнээс өөр ямар ч бодитой алхам энэ Засгийн газар хийсэнгүй ш дээ…
Ч.Сайханбилэг ажлаа аваад асуудлын голыг олж, ажлаа шүүрч авах байсан ч түүнийгээ хаяад популизм хийхээ л бодсон. Тэгэх тусмаа бүр бусдыг популист гэж харааж байгаад шүү ! Тэд хоёрхон зүйлд найдаж байж, “Рио Тинто”-д бушуухан бууж өгөөд барууны банкуудаас мөнгө зээлүүлэх, “Таван толгой”-н гэрээг яаж ийж батлаад 200 сая ам.долларын урьдчилгаа аваад түүгээрээ сонгууль хүртэл зүтгүүлнэ гэж боджээ.
Өө, бас нэг алдартай ажил бий. Эдийн засгийн форум гэсэн. Форум дээр хэрэв ингээд ингээд ялагдвал “Гадаадад сурахаар явна” гэсэн гэнэ ээ гэлцэхийг би цуурхал гэж бодож байсан юм, гэтэл үнэн бололтой дог оо. Эдийн засгийн тооцоо судалгаагүй энэ популист хосын цээжний тооцоо нь одоо өөрсдийг нь унагах нь гарцаагүй. Тэд унаад зогсдог бол ч яахав…
Ямар ч тэнэг хүн өмнөх Засгийн газрын зарим аятайхан арга хэмжээг анзаармаар юм. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед З.Энхболдтойгоо учраа олоод төсвийн хөрөнгө оруулалтыг хянах нэрээр хэдэн зуун төслийг царцааснаараа төсвөө тавиад туучихалгүй бариад байсан юм. МАН-ынхан 6000 аж ахуйн нэгж дампуурчихлаа гэж их л тоо баримттай, боож үхэхдээ тулаад орилолдоод байсны учир нь хөрөнгө оруулалтаас асар их мөнгө иддэг, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлыг хамаатан, хамсаатнуудтайгаа хуйвалдаж аваад баяжиж байсныг нь гэнэт зогсоосных. Үр дүнд нь төсөв хэсэгтээ тогтворжиж, цалингаа бага ч болов нэмэх бололцоотой болсон.
МАНАН хамтармагцаа өнөөх царцаасан төслүүдийг буцаагаад төсөвт тусгаад зүтгүүлсэн, үр дүнд нь цалингаа тавьж чадахгүйдээ тулаад байна. Ингэхэд энэ Ч.Сайханбилэг өмнөх Засгийн газрын ХЭГ-ийн дарга байхдаа юу ойлгож, юу хийж байсан хүн бэ ?!
Хажуугаар нь Ц.Элбэгдорж гэж нэг нөхөр бантан хутгаж “Шилэн данс” гэж популизмдаад нэг их ажил хийсэн аятай аахилан суух. Үнэндээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд төсвийн зардлын хяналтыг сүрхий чангатгасан, урсгал төсөв Сангийн яаманд сайн хянагддаг, үүнд “шилэн данс” ямар ч хэрэггүй л байхгүй юу.
Гэхдээ луйварчид мөнгө саах төсвийн цоорхой нүх үлдээсэн нь “Хөрөнгө оруулалт”, түүнийгээ хаацайлахын тулд тендер энэ тэр гэж сүржигнэдэг ч тэр тендерээ нулимдаг байсан. Харин Н.Алтанхуягийн алдаа нь “Хөгжлийн яам” гэж байгуулаад хөрөнгө оруулалтаа нарийвчлан хянах гэтэл Портуун гэж нөхөр тулгандаа хийж шатаагаад үнс болгож хаясан.
Дөнгөж Засгийн газраа аваад МАН-ын бүлэгт мэдээлэл хийсэн Ч.Сайханбилэгийг Ц.Нямдорж “Урт Алтанхуяг” гэж, Ч.Хүрэлбаатар “Та эрүүл үү ? Портуунаасаа солиотой амьтан байна шүү дээ” гэж хэлээд гаргасан тухай ордноор л нэг ярьж байна. Хэрэв Ч.Сайханбилэг нөгөө хоёроосоо илүү “аймаар амьтан” юм бол энэ засаг ч сүйрчээ, сүйрч гэлцэх. Гэхдээ МАН-ынхан хэн Ерөнхий сайд болох гэж байгааг мэдсэн хэр нь өөрсдөө орох гээд дэмжчихсэн байна. Үнэндээ Ч.Сайханбилэг томилогдохдоо ялагдчихсан байсныг бүгдээрээ л мэдэж байсан юм.
9 ба 90-ийн гай
Энэ засаг сүйрээд тогтдог бол яахав, эдийн засаг нь хамтдаа сүйрэх нь. Хэрэв тогтсон цагт гадаад өрийн үйлчилгээг хийхгүй бол, яг сарын дараа ОУВС Монголд дефолт болсныг зарлах болно. 2013 оны 10 дугаар сард намайг дефольтын тухай бичихэд бараг бүгдээрээ барьж идэх шахаа биз дээ. Одоо тэр чинь л болох гэж байна. Харин өнөөгийн эрх баригчид санхүүгийн дефолт өөрсдийнх нь улс төрийн дефолт болоод хувирчих вий гэдгээс үхтлээ айж байгаад манай онцлог оршино.
Ийм хүнд нөхцөл байдал бий болчихоод байхад тэгэхээс тэгэх гэсэн юм шиг Ц.Элбэгдорж ASEM-ийн уулзалтыг Монголд хийхээр болсон гэж популизм хийх юм. Тэр хурал хэнд хэрэгтэй юм, огцорсныхоо дараа ЮНЕСКО-д шигдэхэд нь өөрт нь хэрэгтэй болохоос Монгол Улсын тухайд уутны нь ёроолыг эргүүлээд сэгсэрсэнтэй адил шүү дээ. Олон орон хүнд байгаа эдийн засагтаа дарамт учруулахаас болгоомжилж тэр уулзалтыг авахаас цааргалсан тул Монголд гай болж оногдсон, түүнээс Ц.Элбэгдоржийн олон улсын нэр хүнд энэ гайг авчраагүй юм. Тэгээд нүүрээ ширлээд “хужаа” нараасаа мөнгө гуйж, өнөөдүүл нь төв засгийн газарт мөнгө байхгүй, орон нутагт л юу юм гэхээс гэж буцаасан гэлцэнэ. Тэр орон нутаг нь Өвөрмонгол л байх даа. Монгол Улс Өвөрмонголын автономиос мөнгө гуйх уу ?! Одоо Монгол Улс ASEM-ийн уулзалтын зочид буудлын мөнгийг ч дийлэхгүй сөхрөх гэж байна ш дээ. Энийг зүй нь Ц.Элбэгдорж төлөх ёстой юм л даа, гэхдээ энэ балайгийн бэлэн амнаас болж монголын ард түмэн л махаа идэж таарч байна…
Ерөнхийлөгчийн алхам бүр эвдэн сүйтгэх шинжтэй болж байгааг онцлон дурдах ёстой. Нэгэнт экспорт буурч, эдийн засаг хямарч, төсөв хүндэрч байгаа бол санхүүгээ аль болох нэг гарт төвлөрүүлж, чанга хатуу хянах ёстой байтал “Орон нутгийн бие даасан байдлыг хангах” нэрээр “бүр илүү цац” гэсэн хууль оруулж ирж байгаа нь үэнэ утгагүй. 700 гаруй тэрбумыг хэдийнээ цацчихаад үр дүнгүйг нь мэдсээр байж яагаад дахин хуульчилж тараагаад төсвөө гөвөх гээд байдаг юм бол ?! Ер нь Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёр манай талд байна уу ?!
Дээр нь мөнгө өгөхгүй бол шударга байж чадахгүй гэж байгаа хуульчдын цалинг сая саяар нэмэх гэх мэт ядаж байхад ярнууд нэмэгдсээр. Тэр бүрийг парламент зогсоох гэж оролдох бүрийд “хамгийн муу парламент, парламент бүхнийг гацааж байна, 76 мангуу” гэхчилэн хувийн сайт, худалдагдсан твийтэрчдээр дайруулдаг болж…
Энэ бүхний ард нэгэнт хүрэлцэхгүй төсвийг тарааж хаяад аргаа барахын цагт хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн маргаанд буулт хийлгэх сонирхол байна гэж би дүгнэж байна. Ц.Элбэгдоржийн найз Р.Пэйнтэр нь ТЕГ-ын мэдээлэгч, өөрөө “хямдхан” байрныхаа мөнгийг “Оюу толгой”-гоор төлүүлсэн, “том Алтан гадасын ноён” С.Баяр АНУ-д үл хөдлөх хөрөнгийн томоохон наймаа дүнгэнүүлэх хөрөнгөтэй болсон зэрэг нь ил тод болчихоод байхад ийм юм хийж байдаг хүн гэж байх уу ?! Цэвэр популизм гэж яг үүнийг л хэлээд байгаа юм ш дээ. Олон улсын нэр хүнд, орон нутгийн бие даасан байдал гэх мэт бөөлжис цутгам, нулимаад хаячихмаар хуурамч үгээр ядран доройтсон эдийн засгаа нураахыг оролддог Ерөнхийлөгч байж болох уу ?! Монгол Улсыг холбооны улсын зарчимд шилжүүлж, бие даасан феодалын вант улсуудад жижиглэн хуваах хорт бодлогоо энэ хүн хэзээ болих юм ?! Үндсэн Хуульт засаг төр байсаар байтал “иргэний танхим” гэсэн зэрэгцээ төр байгуулж, монгол төрийг сүйрүүлэхээ хэзээ болих юм ?!
Холбоотнууд
МАН чухамхүү энэ сүйрлээс болгоомжилж Засгийн газраас гарах гэж амь тэмцэн тийчигнэж байна. Нэгэнт сүйрэл ирсэн бол АН-ыг хаяж өгөх нь зүйтэй. Р.Амаржаргал нэг ярилцлагадаа “Нэгэнт сүйрэх юм бол ядаж МАН-ыг тэврээд сүйрье” гэж тохиролцсон тухайгаа ярьсан. Нөгөө татаарууд шиг дэр авч үхнэ гэгч болсон байна. Үүнийг хожуу боловч МАН-ынхан ойлгожээ.
Засгийн газраас зарласнаар манай Засгийн газрын гадаад өр их өрөөс давж 13,5 тэрбум ам.доллар болсон, дотоод өр 2,1 тэрбум ам.доллар. Үүний дээрээс компаниудын өрийг тооцвол улсын ДНБ-тэй тэнцэх өртэй болсон байна. Яг одоогоор нийт өр ДНБ-ны 74 хувьтай тэнцэж байна. Хэрэв би андуураагүй бол өрийн таазыг төсөвтэй харьцуулдаг байсан санагдана. Энэ жишгээр бол төсвөөс бараг хоёр дахин давсан өрийн дарамтанд Засгийн газар байна.
АН-ын нэр хүнд чөлөөт уналтын хурдаар унаж байна. Хэрэв уналт үргэлжилбэл АН 2016 оны сонгуульд үсгүй хусуулна. Яг 2000 онд 72:1-ээр цэвэр тавиулсан шиг. Тиймээс АН жагсаалтаас зуурч байна. Тойрогт тулсан нь бүгд ялагдлаа ч, эрхбиш намын гишүүдийн дэмжлэгээр хэдэн хувь санал цуглуулна, түүнийг нь хамж шимж байгаад хэдэн хүн УИХ-д хавчуулна л гэж тооцож байна. Нэр дэвшигчдээ тодруулахаар ярилцаж эхэлсэн АН-ынхны хувьд жагсаалтын эхний 5-аас хойш найдваргүй гэсэн теорем үйлчилж байна шүү дээ…
Одоохондоо АН-д буух аянгыг МАН л зайлуулж байна. Гэхдээ сайндаа ч биш. Учир нь МАН-ын нэр хүнд ч унасан бөгөөд дараагийн сонгуульд эрх барих хэмжээнд ялах магадлалгүй нь мэргэжлийн судалгаанаас харагдаж байна. Ийм нөхцөлд зүй ёсны мөрдлөг гарна. Үүнд нэгд, Засгаас гарах, хоёрт, 2016 оны сонгуульд хамт унаснаас УИХ-ыг тараагаад ээлжит бус сонгуульд орох замаар ялах магадлалаа нэмэх, гуравт, МАХН-ыг өөртөө нэгтгэх. Үүний дараа л эрхбиш олонх болох боломжтой. Хэрэв Засгийн газрыг унагавал дахин Засгийн газар байгуулагдахгүй байх нөхцөл болон бэлтгэлийг хангахыг МАН хичээж байна. Өөрөөр хэлбэл МАХН-ыг талдаа татсанаар Засгийн газар байгуулах 39 суудал “үлдээхгүй” байх ёстой. Ингэвэл Засгийн газраа томилж чадахгүй УИХ тарна. Харин энэ нь Ерөнхийлөгчид ашигтай, тэр яг үүнийг хүсэж байгаа гэж мөрийцөхөд ч бэлэн байна.
Нэг талаас аянга зайлуулж байгаа мэт боловч нөгөө талдаа МАН АН-д булшны нүх ухаж байна. АН-ын нөлөөллийг бууруулахад С.Баярын нэр хүнд унасан нь аятайхан боломж болж байгаа юм. МАН үнэндээ С.Баярыг өмөөрөхгүй, өмөөрөхийг хүсэх ч үгүй, нөгөө талаас С.Баяр өнөөдөр “хэн ч биш”, дугаар хорооны иргэн болсон. С.Баярт ямар ч эрх мэдэл байхгүй, нөлөөллийн бодит механизм байхгүй учраас тэр одоо ердөө л “эрдэмтэн Доуэлийн толгой” болон хувираад байна.
Гэхдээ нэг “бэрхшээл” байгаа нь С.Баярын орыг залгах дотоод тэмцэл МАН-д өрнөж эхэлсэн байна. У.Хүрэлсүх, М.Энхболд нарын зөрчлийг нөлөөллөөрөө дарж байсан С.Баярын нуралт ийм нөхцөл рүү түлхэж байна. Энэ дундаас Ө.Энхтүвшин Н.Энхбаярын дэмжлэгтэйгээр санаачлагыг гартаа авахыг оролдох нь зүйн хэрэг юм. Хэрэв энэ асуудлаа шийдвэл МАН Засгийн газраас гарахад бэлэн байна.
Харин АН-д өөр тохироо хийгдэж байна. М.Энхболд Женко Х.Баттулгатай бүлэглэсэн ба “Таван толгой”-н уналт нь Засгийн газраа ширвэж, тэдэнд нөлөөгөө тэлэх боломж олгоно. Тиймээс “бүрэн засагч” болохын тулд Н.Алтанхуягийн дэмжлэгийг авахыг хичээж байна. Ингэснээр Ч.Сайханбилэг ба Ц.Элбэгдоржийн гэсэн жижигхэн бүлэглэл цаана нь үлдэж байна. Чухам энэ шалтгаанаар Ц.Элбэгдорж М.Батчимэг, Ц.Оюунгэрэл зэрэг америкчилагдсан сулхан хүчээр Таван толгойг дэмжүүлэхээр шахаж байна. Бас Ж.Батзанданд Таван толгойг дэмжихийг тушаасан авч нөгөөх нь эрх мэдлийн хуваарилалт хаана төвлөрч байгааг мэдэх тул бүр адарч, Таван толгойг зогсооход идэвхийлэн оролцож эхэлжээ.
Гэхдээ 2016 АН ялагдах нь тодорхой учраас З.Энхболд, Х.Баттулга нар 2017 оны сонгуульд бэлтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчид З.Энхболд дэвшинэ. Тохироо нь хэрэв Засгийн газар унавал Х.Баттулга Ерөнхий сайд болохыг хүснэ. З.Энхболдыг “шавартай хутгаж болохгүй”, тэгвэл парламентаа ч, Ерөнхийлөгчөө ч тавьж туугаад намаараа шинэ Ганц худгийг дүүргэж, нарлахдаа хуралддаг болно. “Таван толгой”-г гацаахад идэвхийлэн оролцогсод сайдын шанстай учраас Ц.Элбэгдоржид түшиглэж байсан УИХ-ын гишүүд намын дарга З.Энхболд руу эргэчихээд байгаа юм. Гэхдээ Таван толгойн гэрээ сайн гэсэн үг биш, үнэндээ Таван толгойн гэрээ гэгч нь Оюу толгойн ХОГ-ын бас нэг хувилбар мөн.
Цаад шалтгаан нь Монголчууд “Рио”-той нэг стандарттай, “Шинхуа”-тай өөр стандарттай байж болохгүйг Хятадууд сануулсан. Тиймээс хамгийн гайтай нь Оюу толгойн гэрээ энэ мөчөөс эхлэн зөвхөн эдийн засаг санхүүгийн биш, улс төрийн муу нөлөөгөө үзүүлж эхлэсэн хэрэг.
Харин МАН талаас М.Энхболд, У.Хүрэлсүх нар нэр дэвшихээр санаархаж байна. Чухамхүү МАН-ын дотоод зөрчлийн уг шалтгаан энэ юм. М.Энхболд намаа Засгаас татаж чадвал У.Хүрэлсүх шалдан бөгсөөрөө газардах ба нэр хүндээ алдвал Ерөнхийлөгчид дэвших боломжгүй болно.
Эдгээр хувилбарын аль аль нь намуудыг шороотой хутгах ба өнөөгийн нөхцөл байдлыг үргэлжлүүлж “чөтгөрийн тойрогтоо” эргэлдэхээс өөр үр дүн харагдахгүй байна.
Өөр хувилбар…
Түүх давтагддаг. Худлаа гэвэл 1996 оны түүх АН-д давтагдаж байна. Хэрэв АН Засгийн газраа сольбол Ерөнхий сайдаар зайлшгүй эдийн засагч хүн л тавихгүй бол өөрсдөө улс төрийн дефолтод өртөнө. Тэгэхээр шинэ Засаг байгуулагдлаа ч эцэстээ бас л унаж, Р.Амаржаргалд өгөөд өнөөх нь хагас жил болоод дуусах төлөвтэй байна.
З.Энхболдын байдлыг харвал Таван толгойг зогсоосон ч “Оюу толгой”-г явуулахыг хичээнэ. Өөр гарц наадуул чинь харна гэж ёстой гонжийн жоо. “Оюу толгой” төсөлд зээл авахыг “Рио Тинто”-д зөвшөөрөх нь Засгийн газрын өрийг нэмснээс ялгаагүй юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын PR-ийг хариуцсан залуус хэтэрхий мэргэн жараахайнхаа зөвлөснөөр “Рио Тинто”-гийн зээл бол хөрөнгө оруулалт болохоос өр биш гэж ойлгуулахыг хичээж байгаа. Гэхдээ яаж ч бодсон тэр 4,2 тэрбумын 34 хувь нь 4,215 хувийн хүүтэй манай өр болж таарна. Гайтай нь энэ зээлийг авахуулахын тулд “Рио Тинто”-гийн 3,4 тэрбум долларын луйврыг тэмээн дээр ямааны гарз гэгчээр 100 сая ам.долларын татварын “өршөөлтэй” хамт зөвшөөрсөн “эвлэрлийн гэрээ” байгуулах шахаанд Засгийн газар орчихоод байна.
Ингэвэл бас 3,4 тэрбумын хөрөнгө оруулалтын хэтрэлт ба баримтгүй зарцуулалтын 34 хувийг Монгол өөртөө наана. Нийт дүнгээрээ 2,6 тэрбум ам.долларын өрөнд нэг л өдөр орчих юм. Аюултай нь “Рио Тинто” зээлээ “Оюу толгой”-д оруулах магадлал маш бага, учир нь тэд “зэсийн үнэ буурсан” гэж байнга улиглаж байгаагийн дээр өөрсдөө сүйрлийн ирмэгт зогсож байгаа ба “Глинкор”-т үнэтэй зарагдаад замхрахыг хичээж байна. Ийм ангалын аман дээрх Монгол улсыг түлхэхийн тулд “Рио Тинто” Монголын “либерал” гэгдсэн бүх тавдугаар цувааныхныг дайчлахаас гар татахгүй байна. Үнэндээ “Би үхэхээр чи үх” л байхгүй юу. “Том төслүүдээ явуулъя” гэх мэт зохион байгуулалттай жиргээчдийн бүлэг, “Баялаг бүтээгч” нэрийн дор цугласан хэзээ ч баялаг бүтээж байгаагүй адгийн шааруудын элдэв ТББ-ууд ийм өрөнд улсаа оруулахыг хүсэж байна. Харин тэд эзэдтэйгээ нэг араншингаар их адилхан нь “Монгол сүйрвэл гараад явчихна” гэсэн бодолтойгоо нуудаггүй юм билээ.
Эдийн засгийн энэ будлиантай яг адилхан үзэгдэл Монголын улс төрд ажиглагдаж байгаа нь МАХН МАН-д үнэтэйхэн зарагдахын тулд хэдийнээс бөгсөө хаялаад эхэлсэн бөгөөд сүүлийн үед улайм цайм өндөр рейтингтэй улстөрийн хүчин болохоо батлах гэж усан тэнэг үйлдлүүд олноор хийх болов. Үүний жишээ нь “Тусгал” хэмээх судалгааны агентлагийн судалгааны дүн юм. “Сант марал”-ын судалгаанаас олон нийтэд хамгийн хүчтэй туссан дүнг хуулж “үнэний баталгаа” болгоод МАХН-ын рейтингийг өсгөж, үлгэрлэвээс үрчгэр хөгшин авгайг зуузаан энгэсгээр хулдах мэт гоёод зарахыг хүсэж байна. Яахаараа судалгааны дүнг Н.Энхбаярын мэдлийн “Зууны мэдээ” зарлаж, түүнээс нь төлбөртэй эшлэхдээ сайт нь Н.Энхбаярын зургийг дурайтал наагаад, “Энхбаяр даргын нэр сүр өндөр байна” гэж гарчигладаг юм, яахаараа “Сант марал”-ын судалгааны дүнг засахдаа бие даагчдын хувиас хассанаа тэр чигээр нь “Шударга ёс” эвслийнх дээр нэмчихээд шууд зарлачихдаг юм ?! Ийм хогийн бүдүүлэг бохир заваан ажлыг харахаар мэргэжлийн хүний бөөлжис цутгах юм байна ш дээ. Ухаантай хийсэн бол ядаж муу залийг нь үнэлэхсэн…
Сүүлийн үед намууд цагаандаа гарч иймэрхүү улайм цайм юм олныг хийж байна. Хямралтай улсын Ерөнхий сайд гэж нэг нөхөр сахлаа гялайтал хусчихаад, гял цал оргиод популистуудыг хараах нь инээдтэй. Засгийн Газар ажиллахгүй байна аа гэдгээ нотлож байгаа аятай. Н.Алтанхуягаасаа үлгэр аваасай даа, хаа очиж цаадах нь нүд нь хавдаж, хоолой нь сөөчихсөн, турж эцсэн амьтан л парламентад элдэв хууль оруулаад, зөв буруу ярьж, хэрэлдэж, сөрөг хүчиндээ шоолуулаад зүтгэдэг байсан. Гэтэл залгамжлагч нь үргэлж худал ярина. “Таван толгойг муусайн популистууд гацаах гэж байна” гэж төлөгдөөд занаад байсан, гэтэл тэр нь З.Энхболд, Х.Баттулга болж таарлуу ?! Татвар нэмэхгүй гээд байсан маргааш нь хотын татвар, хөрөнгийн татвар байнгын хороогоор орж байх юм. Ядаж өөрөө УИХ-ын гишүүний хувьд мэдээлэл авчихаж болно биз дээ ?! Ядарсан ардаас татвар нэмж аваад хүүдээ өгөх гээгүй юм бол тэр татвараар Бат-Үүл юу хийх юм ?! Улсад орохгүй, бас нэг “бие даасан байдлын” баталгаа болох л эд. Гэтэл үүнийг ч анзаарахгүй байна, манай Ерөнхий сайд. Төрийн гурав дээр хотын дарга нь нэмэгдээд дөрвөн мөчнөөс нь татахаар энэ улс тэлэгдээд балрах нь байна шүү дээ…
Үнэндээ ийм унхиагүй “шидлийн” ЗГ-ыг огцруулах нь гоё мэт боловч санхүү улс төрийн маш том сүйрэлд улс орон ороход бэлэн байна. Уг нь үүнээс “хохирол багатай” гарах арга зам бий, гэвч тэр замыг Ерөнхийлөгч нь чагталчихсан.
Энэ шааруудаар тоглуулж бүрмөсөн балрахгүйн тулд шууд “Үндсэн хууль”-ийн өөрчлөлт рүү орохоос замгүй болж эхэллээ.
Чухам ийм учраас бид өнөөгийн нөхцөл байдлыг урьдаас таамаглан шинжлээд Үндсэн хуулийг өөрчлөх санаачлагыг 10 гаруй жилийн өмнө эхэлсэн юм. Гэтэл энэ санаачлагыг замаас нь булаан авах гэж МАНАН бүхэлдээ МАХН-тайгаа улайран зүтгэж эхэлснийг бүгд л харж байна.
Үндсэн Хуулийн шинэчлэл бол өөрсдөө Үндсэн Хуулийг уландаа гишгэсээр байгаад улс орноо дампууруулчихсан хуучин намуудын сонгуульдаа ашигладаг реклам огтхон биш…
Гэхдээ энэ бүхний ард С.Баяр, Ц.Элбэгдорж нар алгаа үрчин хүлээж байгааг мартаж болохгүй. Яая даа байз, дахиж баахан баримтан дээр сууж анализ хийж байгаад үргэлжлэлийг ойрын хугацаанд хүргэе…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 05 дугаар сарын 07.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

16 Responses to СҮЙРЛИЙН ҮР БА УРГАЦ

  1. bat says:

    аа яа яа, энэ улс төрийг улс төрчдийг… эх орон ард түмнээр минь тоглож байна даа…

  2. sainaa says:

    Баярлалаа. Таньд.

  3. zandkaa says:

    Zovson ard tymen uhaantai hymyyseessee nycgen yneniig l olj medehiig hicheedeg.Ta tusladag.Bid bajrladag.hen hyn bodit baidaliig l olj medseneer caashid aldah esehee boddog.aldval yeriigee haraana uu gehees sanuulsan hynee muuldaggyii!

  4. gandash says:

    Судлаач та үнэнийг их гоёоор, наргиантайгаар бичиж, ард биднийгээ ухааруулах юм.Үүнд тань баярлаж явдаг.Ардаа мунхруулах биш сэхээрүүлэх энэ ажил хүнд ажил.Биеээ бодож ажиллаарай.Монголчууд, ер нь хүн муу муухай дотор удаан байх дургүй.Яавал сайхан амьдрал бий болох талаар боддог болж эхэлж байна.Бид зөвхөн Монголдоо биш дэлхийд гэрэл түгээх цаг хурдан ирэх болтугай

  5. Anonymous says:

    Amjilt sain saihnyg husiye.

  6. Үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээж мөн бусдад түгээнэ ээ.

  7. bi says:

    Yana da mongol uls dampuurah ni de dampuuraad tsaashaa zasagdaad boloh estoi protsess ni jamaara boloosoi gadnii huchin enen deer toglolt hiij tusgaar togtnol mini ganhah vii gedgees unheltsgee hagartal aih um tiim um uzsenees uhsen ni deer sanagdah um huvisgal garahaas oor arga bga umuu z enhbold battulga nariig deed tenger mini iveeg

  8. Шидлийн засгийн газар гэж яг үнэнийг сайхан хэлжээ. Хэрээг хэрээ л гэхээс, бүргэд гэдэггүй гээд Баабарын цэцэрхсэн үг байдаг бил үү.

  9. delgermaa says:

    Ene edriin mend Ganaa ah aa, suuliin 19jil manai teriin tusheediin uils Tusgaar Togtonson Mongol ulsaas eshee avch bui(helmegdesediin suns baih aa) adil sanagdaad baih um, medleg bolovsrol taaruu baij bolno, gehdee SETGEL baival bolohgui butehgui gej baimaargui um

  10. Anonymous says:

    Судлаач Д. Ганхуяг Танд ажлын амжилт сайн сайхныг хүсье!

  11. regzen says:

    Хөх тэнгэр минь нүцгэн үнэнийг ийм ойлгомжтой ядарсан ард бидэнд хэлдэг хүн “та” байгаад нь гүнээ талархаснаа хөх тэнгэрт өчсү. Баярлалаа хорон муу санаатангуудаас биеээ хамгаалж яваарай. Ард түмэн нойрноос сэрээсэй билээ

  12. Erdene says:

    ТАХИР ДУТУУ ХҮН ШИГ ҮЛГЭН САЛГАН ТӨРИЙН ТОГТОЛЦОО ЭНЭ БҮГДИЙГ ОЛОН НИЙТЭД ГАРГАХГҮЙГЭЭР НУУЖ ЧАДАЖ БАЙНА. ХАМГИЙН ГОЛ НЬ БУРУУ БҮХЭН ЗӨВ БОЛСОН ЮМ ШИГ ЭНЭ НИЙГЭМД БИД ҮНЭХЭЭР ЖИВСЭН БАЙНА. ХӨДӨӨГИЙН ФРАКЦИЙН ХЭЛ АМТАЙ, ХОТЖИХ ГЭСЭН УВАЙГҮЙ ХҮМҮҮСИЙН БАЛАГ ДАХИН МОНГОЛ УЛСЫГ СҮЙРҮҮЛЖ БАЙНА. СЭХЭЭТНИЙ ЖУДАГ ГЭЖ ЮМЫГ МЭДДЭГ ХҮН Ч ХОВОР БОЛСОН. ЯАЯ ДАА БАЙЗ

  13. Anonymous says:

    танд амжилт хүсье

  14. Зүйрлэн says:

    ШИДЭЛ гэдэг муухай үгийг ШИЙДЭЛ гоё үгээр халхалсан байжээ. Ёстой муухай хүмүүс юм даа.

  15. Aagii says:

    Irgen dugariin talaar bichsen niitlelee oruulaach

  16. Ганбаатар says:

    за үйл явдал таны таамаглалаар өрнөлөө гэж бодоход З.Энхболдод 2017 онд ер нь шаанс байгаа юм болов уу даа. ерөнхийлөгч болохын тулд улс орноо дампууралд оруулдаг бас л том амбицаа. Ер нь таныхаар ТТ-н гацаанаас гарах гаргалгаа юу байна? магадгүй таны болон Уянга гишүүний яриад байдаг хувьсгалын тохироо бүрдчихсэн юм биш үү? монголчууд бид жинхэнэ утгаараа амаараа шороо үмхэж байж, өөрөөр хэлбэл дефолт болж байж л сэргэж энэ үхээнц байдлаасаа гарах байх.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: