ГЕОРГ ВИЛЬГЕЛЬМ ФРИДРИХ ГЕГЕЛЬ: ТҮҮХИЙН ФИЛОСОФИЙН ЛЕКЦҮҮД № 1

Георг Вильгельм Фридрих Гегелийг (1770-1831) сонссон хүн олон ч уншсан хүн энэ дэлхийд цөөн, тэр дундаас ойлгосон хүн хуруу дарам цөөн. Харин Монголд бол нэрийг нь барьж солиорох баагий үй түм. Гегель, одоогийн “барууны” дуудлагаар Хегел бол германы сонгодог философийн ноён оргилын нэг, романтизмын философийн эцэг болой. Дэлхий дээр философийн систем бүтээж чадсан хүн суут гэсэн ангилалд орох бөгөөд ийм эрхэм алдрыг философич болгон хүртээд байдаггүй. Харин Гегель “абсолют идеализмын” гэгдэх бараг төгс гэмээр систем бүтээж суут хэмээх алдрыг хүртсэн цөөн суутны нэг юм. Түүний олон бүтээл мөнхөд алдаршсаны дотор “Түүхийн философийн лекцүүд” бүр ч цуутай. Чухам эндээс л хүн төрөлхтний түүхийг үзэх үзэлд эргэлт гарсан бөгөөд ухаандаа К.Марксын түүхэн материализм эндээс эхтэй.
Ингээд зүрх алдан алдан байж, агуу их Гегелийн “Түүхийн философийн лекц”-ийн зарим хэсгээс орчуулахаар шийдэв. Гегелийн энэ суут бүтээлтэй монголчууд эх хэлээрээ анх удаагаа танилцаж байгаа нь энэ болов уу даа. Учир нь түүнийг социализмын үед ч орчуулж байгаагүй юм.
Гегель 1822-1830 онуудад Берлиний Их Сургуульд энэ сэдвээр цуврал лекц уншиж байжээ. Энэ лекцийн үндсэн дээр энэ бүтээлийг эмхтгэн бий болгож, түүнийг нас барсны дараа хэвлүүлжээ. Яг Гегелийн өөрийн текст бол их хүнд, барагтай хүн ойлгохын аргагүй. Харин энэ лекц “их амархан” хэллэгтэй байгаа нь хожим нөхөн сэргээсэнтэй холбоотой байх. Гэхдээ нягт нямбай германчууд утга санааг огт алдагдуулаагүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болно.
Гегелийн бүтэн лекц 500 орчим хуудас том ном болох “бүх юмыг” багтаасан лут эд байдаг ба үүнийг бүтнээр нь орчуулах бол мань мэтийн бардаг ажил биш юм. Иймээс ихээхэн бүдүүн зүрх гарган байж, монголчуудад хамгийн хэрэгтэй бөгөөд сонирхолтой болов уу гэж үзсэн зарим бүлэг хэсгээс ялган авч орчуулав. Миний багцаагаар орчуулсан хэсэг маань 5 орчим цуврал болно гэж бодож байна. Гегелийн энэ суут бүтээл хөл толгойгоо олохоо байсан чухам өнөө үед манай монголчуудад тун их хэрэг болж, үзэл санааны ихээхэн хүч, эрчим өгөх нь эргэлзээгүй гэж би бодож байна.
Харин Гегелийг загнахад бэлхэн хийгээд эх бүтээлтэй нь тулгаж үзэлгүй орчуулга шүүмжлэх гэсэн усан тэнэгүүдэд өмхий амаа хамхиж яв гэж хэлэх байна. Аливаа үзэл санаа үйлдэлд, түүний дотор ардчилалд ч гэсэн философийн үндэслэл, цагаатгал байх ёстой. Иймээс хий хоосон ардчилал гээд солиороод байлгүй философи гэдгийн анхан шатны мэдлэг олоод ав л даа, эндээс…
ДЭЛХИЙ ДАХИНЫ ТҮҮХИЙН ГАЗАР ЗҮЙН ҮНДСҮҮД
Ёс суртахууны бүхэллэгийн түгээмэл шинж, түүний хувь хүнд үйлчилж буй орь чанартай (единичный) харьцуулах аваас байгальтай тогтоосон ард түмний амин сүнсний (дух -Орч.Х.Д.Г.) холбоо харилцаа гаднын зүйл огт биш ажгуу, чухам ийм учраас бид үүнийг амин сүнсний хөгжил явагдаж байдаг тэрхүү хөрс суурь хэмээн авч үзэх ёстой ба энэ нь мөн чанартаа зайлшгүй язгуур үндэс болж байдаг юм.
Манай анхдагч зүйл (пункт) бол амин сүнсний үзэл санааны (идей) дэлхий дахины түүх бол үнэн хэрэг дээрээ нэлээд олон гадаад хэлбэртэй бөгөөд эдгээр нь тус бүрдээ бодитойгоор оршин буй ард түмэн байдлаар өөрийн илэрхийллийг олж байдаг гэсэн баталгаа юм.
Гэхдээ оршихуйн энэ тал цаг хугацааны хувьд ч, орон зайн хувьд ч жам ёсны оршихуйн хэлбэрээр өгөгдөх ба даян дэлхийн-түүхэн ард түмэн тус бүрт ногдсон онцгой ийм зарчим энэ үед тухайн ард түмэнд байгалиас заяагдмал байдлаар өгөгдсөн байдаг. Ийм маягаар эдгээр жам ёсны хэлбэрүүдэд биежсэн амин сүнс өөрийн онцгой илрэлүүдийн салан тасралтыг бий болгодог, учир нь салах тасрах бол жас ёсны шинжийн хэлбэр юм.
Эдгээр жам ёсны ялгааг юуны өмнө онцгой боломж гэж авч үзэх ёстой бөгөөд чухам эндээс л амин сүнс хөгжиж, ийм маягаар л тэд газар зүйн үндсийг бүрдүүлдэг.
Бид гадаад газар орны хөрс шороог биш, харин газар шорооныхоо үр хүүхэд болсон тухайн ард түмнийхээ хэв маяг, зан араншинтай (характер-Орч.Х.Д.Г.) нягт холбоотой газар орны жам ёсны хэв маягийг (тип-Орч.Х.Д.Г.) судлахыг илүүтэй сонирхож байгаа юм.
Энэхүү зан араншин нь ард түмэн ямар маягаар дэлхий дахины түүхэнд оролцож байна, тэд түүнд ямар байр, ямар байр суурь эзэлж байна гэдгээр л тодорхойлогддог. Байгалийн ач холбогдлыг ихэсгэх ч хэрэггүй, багасгах ч хэрэггүй юм; ионын зөөлөн уур амьсгал Гомерийн тансаг яруу найрагт мэдээж маш их нөлөөлсөн, гэхдээ ганцхан уур амьсгал Гомерийг төрүүлж чадахгүй, яруу найрагчид дандаа төрөөд байдаг юм биш; туркийн засаглалын үед нэг ч яруу найрагч төрөөгүй.
Одоо орнуудыг дэлхий дахины түүхээс үүрд хасчихдаг жам ёсны тийм чанаруудад анхаарлаа хандуулаад үзье: дэлхий дахины түүхийн ард түмнүүд хөгждөг тийм орон хүйтэн бүсэд ч, халуун бүсэд ч байж чадахгүй.
Учир нь өдөөгдөн сэрсэн ухамсар эхлээд зөвхөн байгальд бий болох ба түүний аливаа хөгжил өөрийгөө байгалийн жам ёсны хараат байдлын эсрэг тавьсан амин сүнсний хариу үйлдэл (рефлекси-Орч.Х.Д.Г.) болох юм.
Энэхүү тусгаарлалт бол байгалийн агшинд (момент- Орч.Х.Д.Г.) хамаарна; энэ нь анхны үзэл санаа бөгөөд хүн үүгээрээ өөрийн эрх чөлөөнд хүрч болно. Энэхүү чөлөөлөлт нь байгалийн хүчнээс болоод хүндрэлд учрах ёсгүй.
Амин сүнстэй (дух-Орч.Х.Д.Г.) харьцуулахад байгаль нь ямар нэг тоо хэмжээст зүйл, байгаль өөрөө бүхнээс хүчтэй байхын тулд түүний эрх мэдэл (власть) тийм ч аймаар их биш байх ёстой тийм л зүйл юм. Халуун болон хүйтэн бүсэд хүн чөлөөт хөдөлгөөн хийх боломжгүй, энд халуун болон хүйтэн нь амин сүнс ертөнцийг өөртөө зориулан бүтээж чадахааргүй тийм хэтэрхий их хүчирхэг хүч болж байдаг.
Аристотель: “Зайлшгүй хэрэгцээгээ хангасан хүн нийтлэг, дээд зүйл рүү тэмүүлдэг” гэж хэлж байсан. Гэхдээ халуун болон хүйтэн бүсүүдэд зовлонт хэрэгцээ хэзээ ч хангагдахгүй; хүн байгаль руу байнга хандаж халуунд халж, хүйтэнд хөрөх ёстой болдог.
Ийм учраас дэлхий дахины түүхийн жинхэнэ тавцан бол аядуу зөөлөн бүсүүд, чухамдаа бол түүний хойт хэсэг болно, чухам энд л дэлхий эх газрын (континентальный-Орч.Х.Д.Г.) шинж чанарыг олж, грекүүдийн хэлдгээр цээж өргөн болдог.
Гэтэл үүний урвуугаар дэлхийн өмнөд хэсэг янз бүрийн хошуу үзүүрүүдэд хуваагддаг. Энэхүү агшин байгалийн янз бүрийн бүтээлүүдэд илэрч байдаг. Хойт хэсэгт маш олон төрлийн түгээмэл зүйлийн амьтан, ургамал буй; өмнө хэсэгт газар хэсэглэн хэрчигдсэн, жам ёсны байдал нь бие биенээсээ өөр өөр онцлогтой.
Дэлхийг Хуучин ба Шинэ ертөнц гэж хоёр хуваадаг нь тодорхой, Шинэ ертөнц гэсэн нэр нь бид Америк болон Австралийг хожим нээсэнтэй холбоотой. Гэхдээ дэлхийн энэ хэсэг харьцангуй шинэ төдийгүй, ерөөсөө биет болон амин сүнсний шинж чанараараа шинэ юм. Эдгээрийн геологийн эрт урьдын явдлыг бид огт сонирхохгүй. Би дэлхий үүсэх үед далайгаас анх цухуйсан гэх нэр алдрыг Шинэ дэлхийгээс авах гээгүй. Гэхдээ Өмнөд Америк хийгээд Азийн хоорондын ольтриг биет байдлаар залуу; эдгээр арлуудын ихэнхи хэсэг далайн гүн ёроолоос цухуйн гарсан хад асганы шороон бүрхүүл төдий бөгөөд ямар нэг хожуу үүслийн шинж чанартай юм.
Яг ийм газар зүйн залуу шинжээрээ Австрали ялгардаг; хэрэв бид Английн эзэмшлээс энэ орны гүн рүү явах юм бол өөртөө гольдрил гаргаж чадалгүй, намгархаг тэгш газар хүрээд зогссон аварга том урсгалын ул мөрийг олж болно.
Америк, түүний соёл, ялангуяа Мексик хийгээд Перугийн соёл бол төгс анхдагч (натурал-Орч.Х.Д.Г.) байсан ба тэр нь амин сүнс ойртон ирэхээр мөхөж сөнөх ёстой байсан гэж үзэх мэдээ баримт бидэнд буй.
Америк бол биет болон оюун санааны хувьд цаг ямагт хүчгүй байсан ба одоо ч тэр нь үргэлжилсээр байна. Учир нь европчууд Америкт ирсний дараа уугуул хүмүүс европын үйл ажиллагааны үлээлтээс болж бага багаар үхэж мөхөх болсон.
Хойт Америкийн Нэгдсэн Улсын бүх иргэд уугуул хүмүүстэй холилдож чадаагүй, гэхдээ тэдэнд шахагдсан европчуудын үр удмын шинжтэй. Уугуул хүмүүс европчуудаас мэдээж хэрэг зарим урлаг сурсан, дашрамд дурдахад өөрсөд нь хөнөөлт нөлөөтэй архи уух урлагийг сурсан юм.
Харин өмнөдөд бол уугуул хүмүүсийн хувьд хавьгүй илүү хүч хэрэглэсэн арга хэмжээ авсан; тэднийг хүнд хэцүү, харгис хатуу ажилд албадав. Номхон хүлцэнгүй хийгээд үлбэгэр дорой зан, креолууд (латин америк дахь испани, португалын колоничлогч нарын удмыг ийн нэрлэдэг- Орч.Х.Д.Г.), тэр тусмаа европчуудад хүлцэнгүй хийгээд боолын ёсоор дуулгавартай хандах нь өмнөд америкчуудын зан араншингийн гол шинж бөгөөд тэдний өөрийн давуу талаа мэдрэх мэдрэмжийг европчууд мөддөө сэргээж чадахгүй.
Эдгээр хүмүүс бүх талаараа, тэр ч байтугай өндрөөрөө европ хүнээс намхан байдаг нь бүх юманд харагддаг; зөвхөн хамгийн өмнө Патагонид байх овог л европчуудаас хүчтэй, гэхдээ тэд бүдүүлэг, зэрлэг байдлын жам ёсны байдлаасаа гарч чадаагүй байгаа.
Иезут хийгээд католик сүм хийдийнхэн индианчуудыг европын соёл, европ ёс заншилд сургах гэж (тэд Парагвайд улс байгуулж, Мексик болон Калифорнид сүмүүд байгуулсан нь тодорхой) тэдний дунд орж, тэднийг насанд хүрээгүй хүүхэд мэт өдрийн турш юу хийхийг нь зааж сургаж байв.
Индианчууд ямар ч залхуу байсан эцгийн нэр хүндэд захирагддаг байсан юм. Энэ дэг журам нь (шөнө дундын хонх гэхэд л тэдэнд эхнэр нөхрийн үүргийг сануулах үүрэгтэй байв) үнэн хэрэг дээрээ ерөөс хүний хэрэгцээний өдөөгч шалтгаан болсон хэрэгцээг юуны өмнө өдөөж байсан юм.
Өмнөд америкчуудын бие бялдрын сул дорой байдал нь үйлдвэрлэлийн ажилд хүчийг нь ашиглах зорилгоор негрүүдийг Америкт авчрах гол шалтгаан болсон юм. Учир нь негрүүд индианчуудыг бодвол европ соёлыг хамаагүй илүү хүлээн авч чаддаг байв.
Английн нэгэн жуулчин негрүүд маш сайн санваартан, эмч болж чаддаг (нэг негр хинины холтос хэрэглэхийг анх нээсэн) гэдгийг баталсан олон жишээ гаргасан байдаг, тэрээр нэг уугуул хүнийг сургааль айлдахад сургасан бөгөөд тэр нь хэт архи ууснаас болоод удалгүй үхжээ.
Өмнөд америкчуудын сул зохион байгуулалтын дээрээс бат бөх засаглалд хүрч болох туйлын гол зүйлс байхгүй явдал нэмэгджээ. Энэ нь өмнөд америкчуудыг юунаас ч өмнө ялалтад хүргэж чадах байсан адуу хийгээд төмөр хоёр байсан ба энэ хоёр тэдэнд байхгүй байв.
Ингээд анхдагч үндэстэн устсан буюу бараг бүрэн алга болов. Ингээд Америкийн үйлч хүн ам голдуу Европ гаралтай болж, Америкт болж байгаа бүхэн Европоос үүдэлтэй болсон юм.
Европ илүүдэл хүн амаа Америк руу хаяж байлаа; тэр үед царцсан гар урлал ноёрхсон эзэнт гүрний хотуудаас албадлага байхгүй, албан татварын дарамт багатай өөр хот руу дүрвэдэгтэй төстэй үзэгдэл болсон юм. Ийм маягаар Гамбургын дэргэд Альтон, Франкфуртын дэргэд Оффенбах, Нюрнбергийн дэргэд Фюрт, Женевийн дэргэд Каруж хотууд үүссэн билээ. Хойт Америк Европтой яг ийм харьцаатай байлаа.
Олон англичууд алба татвар байхгүй тэр газарт, европт хуримтлуулсан хөрөнгө, европ урлаг эзэмшсэнийхээ ачаар өргөн уудам, хэн ч эдлээгүй тэр газар оронд суурьшсан юм. Үнэн хэрэг дээрээ энэ нүүдэл суурьшил олон давуу талыг дагалдуулсан, яагаад гэвэл шилжин суурьшигчид эх орондоо айж ичмээр зүйлсээ орхиж, харин давуу талынхаа европ мэдрэмж, урлагийн олон дадал зуршлыг өөртөө тээн авчирсан юм. Хүчлэн ажиллахыг хүссэн, үүндээ Европт хөрөнгө бэл олж чадахгүй байсан тэр хүмүүст Америкт үйлдлийн талбар эргэлзээгүй нээгдсэн юм.
Америк бол хоорондоо хүзүүвчээр холбогдсон хоёр хэсгээс бүрддэг нь тодорхой ч энэ нь тэдний харилцааг хөнгөвчилдөггүй юм. Харин ч эсрэгээр энэ хоёр хэсэг бие биенээсээ эрс ялгардаг.
Умард Америкийн зүүн эргийн дагуу өргөн уудам эрэг орчмын зурвас үргэлжилнэ, түүнийг залган Цэнхэр уулсын нуруу үргэлжилнэ, харин түүнээс хойт зүг Аллеганы уулс сүндэрлэнэ. Эндээс эх авсан голууд далай орчмын газрыг чийглэх бөгөөд энэ газар нутаг бол Умард Америкийн Нэгдсэн Улсад дээд зэргийн ашигтай нутаг юм, ийм болоод энд анх улс бүрдсэн юм.
Энэ нурууны цаана асар том нуурууд үүсгэн Ариун Лаврентий гол өмнөөс умар зүг урсах ба эргээр нь Канадын умардын колониуд байршина. Үүнээс баруун талд өөрийн цутгалан Миссури болон Огайгаа Мексикийн буланд цутгадаг аварга том Миссисипи мөрний сав газар буй. Энэ мужаас баруун тийш Мексик, Панамын хүзүүвчийг дамнан үргэлжилсэн, Америкийн бүх баруун хэсгийг Өмнөд Америкаас тусгаарлагч Анд болон Кордильер гэж нэрлэгдэх том нурууд буй.
Энд үүссэн эргийн зурвас Умард Америкийн эргийн зурвасыг бодвол тохь багатай. Тэнд Перу, Чили улсууд байдаг. Дорнод хэсэгт зүүн зүгийг чиглэн Ориного болон Амазонка хэмээх аварга том мөрнүүд урсана; эдгээр нь аварга том хөндийнүүд үүсгэх ба гэхдээ энэ нь таримал ургамалд тохиромжгүй, зүгээр л өргөн уудам тал нутаг юм. Зарим эхээ Кордильерээс, заримыг нь Рио-де-Лаплатын сав газрыг Амазонкын сав газраас тусгаарлах уул нуруудаас эхээ авсан Рио-де-Лаплат мөрөн урсана. Рио-де-Лаплатын сав газарт Бразиль болон испанийн бүгд найрамдах улсууд оршино.
Колумби бол өмнөд америкийн хойт хэсэгт орших эрэг хавийн орон бөгөөд үүний Андын нурууг дагаж тогтсон баруун хэсгээс Ариун Магдалина гол урсаж, Карибын тэнгист цутгадаг.
Өмнөд Америкт Бразилаас бусдад нь газар сайгүй, Умарт Америкийн нэгэн адил бүгд найрамдах улсууд үүссэн юм. Хэрэв Мексикийг хамаатуулаад Өмнөд болон Умарт Америкийг харьцуулах аваас бид гайхалтай их ялгааг олж харна.
Бид Хойт Америкаас аж үйлдвэрийн өсөлт, хүн амын өсөлт хийгээд иргэний дэг журам, бэт бэх эрх чөлөө гэж нэрлэгдэх тэр зүйлсийн хэт амжилтыг олж үзэж болно; мөн энд бүх холбоо (федераци) нь нэг л улсыг бүрдүүлж, тэндээ улс төрийн төв нь байдаг.
Гэтэл үүний урвуугаар Өмнөд Америкт бүгд найрамдах улсууд зөвхөн цэргийн хүчинд тулгуурлах ба тэдний бүхий л түүх тасралтгүй эргэлтийн түүх байдаг, холбооны улсууд задарч, бусад улсууд нэгддэг боловч энэ бүх өөрчлөлтүүд цэргийн хувьсгалын замаар хийгддэг.
Хэрэв Америкийн хоёр хэсгийн ялгааг нарийн тодорхойлбол тэдгээрт нэг нь улс төрийн хүрээнд, нөгөө нь шашны хүрээнд гэсэн хоёр эсрэг тэсрэг хандлага ажиглагдана.
Испаничууд суурьшиж, ноёрхсон Өмнөд Америк бол католик орон юм, харин Умард Америк бол хэдийгээр шашны олон сект оршин байдаг боловч голдуу протестантууд давуу орон болно. Цаашдын ялгаа гэвэл Өмнөд Америкийг булаан эзэлсэн, харин Умард Америкийг колоничилсонд оршино.
Испаничууд улс төрийн албан тушаал эзэлж, шулан мөлжих замаар ноёрхож, баяжихын тулд Өмнөд Америкийг эзэлсэн. Тэдний хамаарч байсан төв улс нь (метрополи-Орч.Х.Д.Г.) асар хол байсан нь дур зоргоороо аашлахад өргөн боломж нээж өгсөн юм. Ингээд тэд өөрийн хүч чадал, чадвар, давуу талын мэдрэмжээрээ индианчуудыг даван гарч чадсан.
Харин Умард Америкийн Нэгдсэн Улсад үүний урвуугаар европчууд нэвт шувт колоничилсон юм. Англид гэхэд л пуританчууд, епископын сүм хийдийнхэн хийгээд католикуудын хооронд зогсолтгүй хэрүүл маргаан хийж, ээлж дараалан ялж дээш гарч байв, ингээд олон хүн дэлхийн нөгөө хэсэгт шашны эрх чөлөөгөө олох гэж цагаачлан явсан юм.
Энэ бол газар тариалан, тамхи, хөвөнгийн тариалан эрхэлж байсан хөдөлмөрт дуртай европчууд байлаа. Удаж төдөлгүй ажилд тэмүүлэх явдал бүх нийтийн эрмэлзэл болж, хэрэгцээ, амгалан тайван байдал, иргэний шүүх, аюулгүй байдал, эрх чөлөө хийгээд нийгмийн байгуулал зэрэг нь хувь хүний ашиг сонирхлын анхдагч зүйл (пункт-Орч.Х.Д.Г.) болж, бүхэллэгийн гол чанар (субстанц-Орч.Х.Д.Г.) болон хувирав, энд улс бол өмчийг хамгаалахад л үйлчилдэг ямар нэг гаднын зүйл төдий болон хувирсан байна.
Протестант шашнаас хувь хүмүүсийн харилцан итгэлцэл, бодол санааны дүрд итгэх итгэл үүдэн гарсан ба учир нь протестант сүм хийдэд шашны ажил хэргийг бүх амьдрал, ерөөс бүхий л амьдралын үйл ажиллагаа бүрдүүлж байдаг юм. Үүний урвуугаар католикуудад бол ийм итгэл төрүүлэх үндэслэл байж чадахгүй байв, учир нь дэлхийн ажил хэрэгт хүч болон сайн дураараа захирагдах гэсэн хоёр л зүйл үйлчилдэг гэсэн тэдний үндсэн хууль гэж нэрлэдэг тэр хэлбэрүүд итгэл төрүүлж чадахааргүй, туйлын хэрэгслүүд байсан юм.
Хэрэв бид цааш нь Умард Америкийг Европтой харьцуулах юм бол энд олон жил оршин байсан бүгд найрамдах улсын үндсэн хуулийн жишээг олж болно. Энд субъектив нэгдэл оршин байна, учир нь төрийн тэргүүнд ерөнхийлөгч байгаа, гэхдээ эрх мэдэлд шунан хаант ёсны эрмэлзэл төрүүлэх явдлаас сэргийлэхийн тулд түүнийг зөвхөн дөрвөн жилийн хугацаатай сонгодог.
Өмчийг бүх нийтээр хамгаалж, алба татвар бараг байхгүй нь байнга магтдаг баримт юм. Чухам үүнд л хувь хүн ашиг шавхан олоход тэмүүлэх, хувийн ашиг сонирхол давамгайлах, чингэхдээ нийтлэг зүйлд зөвхөн хувийн ашиг тусын үүднээс хандах зэрэг оршдог зэрэг үндсэн тодорхойлох шинжүүд илэрч байдаг. Энд мэдээж хэрэг, эрх зүйн дэг журам, хэвийн хуулиуд үйлчилж байгаа, гэхдээ энэхүү хэлбэрийн төдий хуульт ёс нь шударга ёсгүйгээр оршдог. Ийм маягаар америкийн худалдаачдын талаар тэд “эрхээр халхлан хууран мэхэлдэг” гэсэн муу нэр түгсэн юм.
Протестант сүм хийд бидний дээр дурдсанчлан нэг талаасаа, итгэлцэлд ихээхэн ач холбогдол бий болгосон, нөгөө талаасаа, чухам үүнээс болж түүнд (протестантизмыг хэлж байна-Орч.Х.Д.Г.) хамгийн дур зоргийн үйлдэл болон хувирдаг мэдрэмжийн агшин (момент-Орч.Х.Д.Г.) ач холбогдолтой байдаг. Энэ үүднээс хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байж болно, ингэхлээр өөрийн хувийн шашинтай байж болно. Үүгээр ухаан мэдрэлгүйн дээд хязгаарт хүрдэг үй түмэн сект болон задардаг явдлыг тайлбарлаж болно. Эдгээр сектийн олонхид улангаслаар (экстаз-Орч.Х.Д.Г.), заримдаа мэдрэмжийн чамирхлаар илэрхийлэгдэх мөргөлийн ёс буй.
Энэхүү бүрэн дур зоргийн авир нь янз бүрийн нийтлэгүүд өөртөө зориулан санаанд орсноороо сүнслэг хүмүүсийг томилж, тэднийгээ дахин халж байдаг, учир нь сүм хийд ямар нэг өөртөө байгаа юм буюу өөртөө оршин байгаа юм биш, уг чанарын (субстанц-Орч.Х.Д.Г.) сүнслэг шинж бүхий буюу гадаад зохион байгуулалт биш, харин шашин гэдэгт хамааруулж байгаа тэр зүйлсийг санаан зоргоороо тайлбарлаж байдаг юм.
Умард Америкт аливаа уран сэтгэмжийн (фантази-Орч.Х.Д.Г.) жолоо цулбуургүй зэрлэгшил ноёрхож байдаг ба европын улсуудад хадгалагдан үлдэж, хазайлтыг нь цөөн тооны шашнаар л хязгаарлаж байдаг шашны нэгдэл байдаггүй.
Умард Америкийн улс төрийн бодлогын хувьд гэвэл түүний ерөнхий зорилт хараахан тодорхой бус, хар аяндаа ямар нэг тогтмол зүйл мэт ойлгогддог, бат бэх эв нэгдлийн хэрэгцээ хараахан байхгүй, ийм учраас жинхэнэ улс, жинхэнэ засгийн газар бол язгуур угсааны (сословие-Орч.Х.Д.Г.) ялгаа нэгэнт оршин байдаг, баян хийгээд ядуу нь маш их бөгөөд ийм харилцаа үүссэн, улмаар олон түмэн хэрэгцээгээ дадсан сурсан аргаараа хангаж чадахгүй болсон тэр үед л үүсдэг юм.
Гэхдээ энэхүү хүчдэлт төлөв байдал Америкийг хараахан заналхийлээгүй байна, учир нь тэрээр колоничлолд оршин байдаг төгсгөлийг (исход-Орч.Х.Д.Г.) ихээхэн хэмжээгээр байнга ашиглаж байгаа болно, мөн олон хүн Миссисипи мөрөн урсдаг тэгш газар руу тасралтгүй тэмүүлж байна. Энэ хэрэгслийнхээ ачаар дургүйцлийн гол сурвалжийг устгаж, өнөөгийн хөрөнгөт байгууллын цаашдын оршихуйг хангаж байна.
Ийм учраас Умард Америкийн Нэгдсэн Улсыг Европын орнуудтай харьцуулж болохгүй, учир нь Европт аливаа цагаачлал байдаг хэдий ч хүн амын тийм их түрэлт байхгүй юм: хэрэв германы ой мод урьдын адил оршин байсан бол францын хувьсгал гарахгүй байсан нь мэдээж хэрэг.
Хэрэв Америкийн Нэгдсэн Улсын Европтой харьцуулах гэвэл эдгээр улсуудын эзэлж буй хязгааргүй уудам орон зайг хүн ам дүүргэж, иргэний нийгэм чигжүү нягт болсон тэр тохиолдолд л харьцуулж болно. Умард Америкт газар тариалангийн үзэл ноёрхдог. Умард Америкт Европын нэгэн адил тариачдын тоо энгийн ихсэх явдал зогсож, газар руу тэмүүлэхийн оронд хотын аж үйлдвэрлэл, тээврийг хөгжүүлэхэд санаа тавьж, иргэний нийгмийн авсаархан систем бүрдсэн тэр үед л тэдэнд амьд (органик-Орч.Х.Д.Г) төрийн хэрэгцээ бий болно.
Умард Америкийн Нэгдсэн Улсад европын улсууд бие биенээ хардан мөшгиж, тэдний эсрэг байнгын цэрэг байрлуулах ёстой болдог шиг тийм харилцаа бүхий нэг ч хөрш улс байхгүй. Канад, Мексик хоёр тэдэнд аймшигтай биш, Англи тавин жилийн туршлагаасаа чөлөөт Америк бол хараат америкаасаа ашигтай гэдгийг мэдэж авсан. Эрх чөлөөнийхөө төлөө Умард Америкийн Нэгдсэн Улсын цагдаагийн отрядууд II Филиппийн үеийн голландууд шиг тийм их зоригтой байсан юм; гэхдээ бие даасан байдлаа олж авахаас өөр хэрэгт бол газар сайгүй хүч дутагдах болов, ийм маягаар 1814 онд америкийн цагдаагийн отрядууд англичуудын эсрэг сөрөн зогсож чадаагүй юм.
Улмаар Америк нь ирээдүйн орон бөгөөд үр дагавар нь дэлхий дахины түүхэн ач холбогдол нь илрэх Өмнөд болон Умард Америкийн хоорондын тэмцэл байж болох юм; энэ орныг хуучин Европын түүхийн музейгээс уйдсан бүх хүн зорин тэмүүлж байна.
Энэ хуучин Европ миний уйтгарыг төрүүлж байна гэж Напалеон хэлсэн гэдэг. Америкийг одоо болтол дэлхийн түүхийн тавцан болж байсан тэр орнуудын тооноос хасах хэрэгтэй. Тэнд одоо болтол болж ирсэн тэр зүйл бол хуучин ертөнцийн цуурай, бусдын амьдралын илэрхийлэл юм, харин ирээдүйн улс орны хувьд гэвэл энд тэр (америк-Орч.Х.Д.Г.) бидний анхаарлыг огтоос татахгүй; учир нь бид түүхэндээ бол байсан болон байгаа зүйлийг үздэг, мөн философидоо бол зөвхөн байсан зүйл, бас зөвхөн бий болох зүйлийг биш, харин байгаа болон мөнх байх тэр зүйл- оюун ухааныг үздэг, энэ нь бидэнд хангалттай юм.
Ингээд бид Шинэ ертөнц хийгээд түүний хүсэл мөрөөдлийн талаар дамжуулж болох зүйлсээ дуусгаад одоо дэлхий дахин түүхийн тавцан болсон Хуучин ертөнц рүү оръё…
Үргэлжлэл бий…
Орос хэлнээс орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 05 дугаар сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

9 Responses to ГЕОРГ ВИЛЬГЕЛЬМ ФРИДРИХ ГЕГЕЛЬ: ТҮҮХИЙН ФИЛОСОФИЙН ЛЕКЦҮҮД № 1

  1. sainaa says:

    Уншихаас өмнө коммент биччихнээ.

    Орь ганцаараа /един/ гоё буулгалт. Баярлалаа.

    ГЕГЕЛЬ “Байгалийн философи” гээд орчуулгын ном, номын санд байхаар нь аваад унших гэсэн ёстой “түй” ч ойлгоогүй. Тгээд Гегель бол ойлгогддгүйм байна гэдгийг ойлгосон. кк. “тухай” -гаар дамжуулаад өнөө, тез, антитез, синтез -ээ диалектик гээд хараар буулгачихсан, бас болоогүй. Толгойдоо.

    • Ганаа says:

      Философийн ямар ч номыг уран зохиол шиг ганц сайн шударна гэж байхгүй л дээ. Их удаан, олон дахин нухацтай уншиж байж ойлгодог юм. Би ч залуудаа Гегелийг унших гээд ойлгогдохгүй юм байна гээд орхиж байсан удаа бий. Гэхдээ шантарч болохгүй л дээ. Манайхан л философыг “амархан” гэж боддог болохоос…

  2. Билгүүн says:

    Ганаа ах аа, “Сүйрлийн үр ба ургац”-ынхаа үргэлжлэлийг хэзээ бичиж оруулах вэ? Өдөөр болгон хүлээгээд л байгаа шүү.
    Танд амжилт хүсье!

  3. bi says:

    Dajguin bn tor gehees iluu bi gesen uzel noerhdog gazar iluu zambaraagui yaduu bdag um bn tuuniig batlah filosofiin undes end haragdah shig

  4. Филисофийн анхдагч мэдлэггүй над мэтийн хүмүүс “юу нь анхдагч вэ, амьдралын мөн чанар юу вэ” гэсэн асуултаар л төсөөлдөг. Сүүлийн хэсэг нь тун их таалагдлаа.

  5. lhagvaa says:

    Bayarlalaa, Olon humuusd hureesee, olon humuus unshaasai.

  6. bat says:

    Ganaa ahdaa ih bayarlalaa.baga baihad l Gegeliin philosophy gej aihtar yumnii tuhai sonsoj baisan,mun bayarlalaa, vneheer jild vgvisgeliin huuli-vgvisgeliin vgvisgel-esreg tesregiin negdel temtsliin huuli bilvv geh metiin talaar unshij baisan.nuhatstai unshihgui bol oilgohod amargvi yum baina…

  7. Их сургуулийн философийн багш нэг эрдэмтэн бид ч хөрөнгөтний философичид гэж байгаад сургаар их л шүүмжилдэг байлаа гэж үнэнээ хэлж байхыг сонссон юм байна. Эх бүтээлтэй танилцаагүй, уншаагүй, ишлэл, хялбаршуулсан бүтээлүүдийг нь уншдаг байсан гэсэн үг байх л даа.

  8. Sukhbaatar says:

    Их амархан гэж тесеелеед барахгуй болохоороо шантардаг байхаа. Урьдчилсан бэлтгэл их чухал бол уу. Энэ талаар бас

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: