ГЕОРГ ВИЛЬГЕЛЬМ ФРИДРИХ ГЕГЕЛЬ: ТҮҮХИЙН ФИЛОСОФИЙН ЛЕКЦҮҮД № 2

Дэлхийн гүн ухааны суутнууд, тэдний сор бүтээлээс монголчууддаа танилцуулахыг аминдаа их хичээх. Өөдөөс баярлалаа гэхгүй гэхэд нулимахгүй байж болмоор. Саяхан германы сонгодог философийн гол төлөөлөгчийн нэг Людовиг Фейербайхын “Шашны мөн чанар” бүтээлийг чадан ядан орчуулж олны хүртээл болгов. Гэтэл манай “ардчилсан сэхээтний” зарим ингэж дүгнэж байна: “Судлаач” хочтой Ганхуягийн бичиж байгаа зүйлийн агуулга их алсаас эхлэдэг. Жишээ нь шашингүй үзлийн тухай нэгэн герман философчийн аль 19-р зуунд бичсэн эрэгцүүлэлийг орчуулж тавьсан нь өнгөц харахад гэмгүй “мэдээлэлийн” чанартаа боловч алсуураа ардчилалын үндэс болсон хувь хүн түүний итгэл үнэмшил, хүний амьдралын сүнслэг чанарыг үгүйсгэж улмаар социализмийг зөвтгөх философийн үндэслэлийг хүмүүсийн тархинд цацаж байгаа арга нь гэж ойлгогддог.”
Хэрэв монголын “ардчилагчид” Людовик Фейербахыг хүртэл “социалист” гэх болтлоо балай тэнэг болж, дэлхийн философ сэтгэлгээний сонгодог туурвилуудыг үгүйсгэх хэмжээнд очсон бол тэднийг үтэр түргэн зайлуулах цорын ганц арга л үлдэнэ…

Юуны өмнө бид байгальд өгөгдсөн агшин хийгээд тодорхойлолтод анхаарлаа хандуулах ёстой. Америк бол хэдийгээр хүзүүвчээр холбогдсон боловч хоёр хэсэгт хуваагддаг, гэхдээ энэхүү хүзүүвчийнхээ ачаар өөр хоорондоо цэвэр гадаад холбоо л тогтоодог.
Гэтэл үүний урвуугаар Америкийн эсрэг талд байрлах, түүнээс Атлантын далайгаар тусгаарлагдсан Хуучин Ертөнц бол гүнзгий булангууд, Газрын Дундад тэнгисээр хэрчигдэн хуваагддаг. Хуучин Ертөнцийг бүрдүүлэгч дэлхийн гурван хэсэг үнэн хэрэг дээрээ өөр хоорондоо холбоотой бөгөөд нэгдмэл бүхлийг бүрдүүлдэг. Тэдний онцлог шинж бол эргэн тойрон далайгаар хүрээлүүлсэн байрлалтай, ийм учраас тэдний хооронд тохиромжтой зам харилцаа буй.
Гол мөрөн, далай тэнгис тусгаарладаггүй, харин ч нэгтгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Англи хийгээд Бретань, Норвеги хийгээд Дани, Швец хийгээд Лифлянди зэрэг нь өөр хоорондоо холбоотой.
Ингэхлээр Газрын Дундад тэнгис бол дэлхийн гурван хэсгийг нэгтгэгч, дэлхий дахины түүхийн төв газар (пункт-Орч.Х.Д.Г.) мөн. Энд дэлхий дахины түүхийн гэрэлт цэг болсон Грек буй. Дараа нь иудей болон христийн ёсны төв болсон Иерусалим Сирид оршин байгаа, түүнээс зүүн өмнө магометан шашны эх орон Мекка болон Медина байгаа; баруун талд нь Дельфи, бүр баруун тийш Рим буй; Газрын Дундад тэнгисийн эрэг дээр Александри болон Карфеган байгаа.
Ингээд Газрын Дундад тэнгис бол эртний ертөнцийн зүрх болдог, учир нь тэр түүнийг нөхцөлдүүлж, амьдруулж байдаг. Эртний Рим буюу Афиныг бүх юм болж өнгөрсөн форумгүйгээр төсөөлж болохгүйн адил энэ тэнгисгүйгээр дэлхий дахины түүхийг төсөөлж болохгүй юм.
Алсын дорнын орнууд дэлхий дахины түүхэн үйл явцаас алс хол бөгөөд түүнд оролцдоггүй, энэ нь Умард Европ бүр хожим үед л дэлхийн дахины түүхэнд үүрэг гүйцэтгэж эхэлсэн, харин эрт үед түүнд ямар ч оролцоогүй байсантай адилхан юм; түүнд зөвхөн Газрын Дундад тэнгистэй залгаа орнууд л оролцдог байсан.
Ийм учраас Цезарь Альпыг давж, Галлийг эзэлж, үүнийхээ ачаар герман болон Римийн эзэнт гүрний хооронд харилцаа тогтсон нь дэлхий дахины түүхэн дэх эрин үе болж ордог, яагаад гэвэл үүний ачаар тэр Альпыг даван гарч байна.
Дорнод Ази болон Альпын цаана орших орнууд бол Газрын Дундад тэнгисийг тойрон байрласан, дотор нь дэлхий дахины түүхийн эхлэл ба төгсгөл, түүний мандах хийгээд жаргах бүх хөдөлгөөн болж байдаг дээр дурдсан бүсийн хамгийн зах хязгаар болно.
Одоо бид газар зүйн ялгааг, чухамдаа бол тохиолдлын олон ялгаатай харьцуулахад сэтгэлгээний ихээхэн ач холбогдол бүхий ялгааг яг таг тогтоох ёстой. Ийм гурван онцлог ялгаа буй, үүнд:
1) өргөн тал хийгээд тэгш ухаа толгод бүхий усгүй тэгш өндөрлөг;
2) том гол мөрнөөр хэрчигдсэн хийгээд услагддаг завсрын орнууд бүхий нам дор газрууд;
3) далайтай шууд нийлсэн эрэг орчмын орнууд зэрэг болно.
Энэ гурван агшин мөн чанарын шинжтэй, эдгээр тус бүрт нийцэн дэлхий гурван хэсэгт хуваагдаж байгааг бид харж байна.
Эхнийх нь авсаархан (компактный-Орч.Х.Д.Г.), хамааралгүй (индефферентный-Орч.Х.Д.Г.), хахир хатуу (металлический) тэгш өндөрлөг бөгөөд дотогш бат бэх хаагдсан, гэхдээ мэдээж хэрэг өөртөө лугшилт өгөх чадвартай бөлгөө; хоёрдахь нь соёлын төвүүдийг үүсгэдэг бөгөөд хараахан судлагдаагүй байгаа бие даасан байдал юм; гурав дахь нь дэлхийн холбоог илэрхийлэх болон хадгалах ёстой юм.
1. Тэгш өндөрлөг. Бид тэгш өндөрлөгийг монголчуудын нутагласан (үгийн ерөнхий утгаар) Дундад Азийн тэгш өндөрлөгөөс олно; ийм тал нутаг Каспийн тэнгисээс Хар далай хүртэл үргэлжилнэ; дараа нь энд Аравий дахь элсэн цөл, Африк дахь Берберийн цөл, Өмнөд Америк дахь Ориновогийн эрэг болон Парагвай дахь тал нутгийг дурдах ёстой.
Заримдаа ердөө л бороо буюу голын үерээр услагддаг ийм тэгш өндөрлөг газрын, жишээ нь Ориновогийн эрэгт байх тэгш өндөрлөгийн уугуул хүмүүсийн ялгагдах онцлог нь эцгийн эрхт ёсны (патриархал-Орч-Х.Д.Г) амьдрал, тусгай тусгай гэр бүлүүдэд хуваагдах явдал болно. Тэдний амьдарч буй хөрс шороо нь зөвхөн богино хугацаанд үржил шимтэй буюу үржил шимгүй болдог; хүмүүсийн баялаг нь өчүүхэн орлого өгдөг тариан талбай биш, харин тэдэнтэй хамт нүүж явдаг мал амьтад байдаг.
Эдгээр амьтдыг нэлээд хугацаанд тал газар хариулна, өвс ногоог идэж дуусмагц нь өөр газар руу нүүнэ. Хүмүүс нь хааш хэрэг, өвлийн нөөц бэлдэггүй, үүний улмаас сүргийн хагас нь голдуу үхэж үрэгддэг.
Тэгш өндөрлөгийн энэ уугуул хүмүүст эрхийн харилцаа байхгүй, ийм учраас тэднээс зочломтгой зан хийгээд дээрэм хүртэлх туйлшралыг олж болно, ялангуяа тэднийг соёлтой орнууд хүрээлсэн үед дээрэм нэн их гаардаг, жишээ нь арабууд адуу, тэмээний дээрэм хийдэг болсон.
Монголчууд айргаар (зохиогч “адууны сүү” гэжээ-Орч.Х.Д.Г.) тэжээл авна, ингээд адуу бол тэдний хоол хүнс болохын хамт мөн зэвсэг нь болно. Тэдний эцгийн эрхт ёсны амьдрал ийм л юм, гэхдээ тэд үргэлж асар олноороо цугларна, ингээд ямар нэгэн лугшилтын хүчээр хөдөлгөөнд ордог.
(Энд зохиогч “ямар нэгэн лугшилт” гэсэн үг хэрэглэсэн ба үүнийгээ тайлбарлаагүй. Энэ нь санамсаргүй явдал биш байх. Үүнээс хойшхи бараг бүх бүтээлд “монголчуудын лугшилтын” тухай бичиж, асар олон онол гарсан. Тэгэхлээр энэ санааг Гегель анх хэлжээ – Орч.Х.Д.Г.)
Өмнө нь хүлцэнгүй тайван байсан тэд гэв гэнэт сүйрүүлэгч урсгал болон хувирч, соёлтой орнууд руу дайран орж, эргүүлж хаях бөгөөд энэ нь үгүйрэл сүйрлээс өөр ямар ч үр дүнд хүргэдэггүй.
Ард түмнүүдийн ийм хөдөлгөөн Чингис хаан, Тамерлан нарын удирдлагын дор болж байсан: тэд бүхнийг дэвслэн хаячихаад, дараа нь ойн сүйрүүлэгч үер болж өнгөрсөн мэт, түүнд амьдралын жинхэнэ эхлэл байхгүй мэт ул мөргүй алга болдог.
Энэхүү тэгш өндөрлөгөөс доош нарийн хөндийнүүд үргэлжилнэ; тэнд амгалан тайван уулын овгууд, малчид амьдрах ба дашрамд дурдахад тэд, швейцарууд шиг газар тариалан эрхэлнэ. Ийм овог аймгууд Азид ч буй, гэхдээ тэд ерөнхийдөө тийм ч чухал биш.
2. Нам дор газар. Энэ бол гол мөрөн урсдаг, тэдгээр гол мөрний үржил шимээр бүрдсэн тэгш хөндийнүүд юм. Ийм нам дор газарт Хятад, Инд болон Ганга мөрөн урсдаг Энэтхэг, Евфрат болон Тигр мөрөн урсдаг Вавилон, Нилээр услагддаг Египет орно.
Эдгээр орнуудад том том хаант улсууд үүсч, том улсууд бүрдэж эхэлдэг. Тэдгээрт ноёрхож буй газар тариалан хувь хүмүүсийн оршихуйн үндсэн зарчим болох ба энд жилийн дөрвөн улиралд зохицсон байнгын ажил хэрэгтэй; газрыг хуваан өмчлөх өмч үүсч, түүнд нийцсэн эрхийн харилцаа бий болсон, өөрөөр хэлбэл ийм харилцааны үед л боломжтой төрийн үндсүүд бий болсон юм.
3. Эрэг орчмын орнууд. Гол мөрөн, тэр тусмаа тэнгис улс орнуудыг бие биенээс нь заагладаг, ингээд усыг заагладаг хэмээн бодож заншжээ; ялангуяа сүүлийн үед улс орнууд бие биенээсээ байгалийн хилээр заавал зааглагдах ёстой гэж батлах болов; харин үүний урвуугаар үнэн хэрэг дээрээ ус шиг нэгтгэдэг юу ч байхгүй гэдгийг хэлэх ёстой, учир нь улс орнууд бол гол мөрний сав газраас өөр зүйл биш. Ухаандаа Силези бол Одерийн сав газар, Богеми болон Саксони бол Элбагийн сав газар, Египет бол Нил мөрний хөндий юм. Бидний хэлсэнчлэн тэнгисүүдийн тухайд ч мөн ийм зүйл хэлж болно. Зөвхөн уул нурууд л заагладаг. Ухаандаа Пиреней гэхэд л Испанийг Францаас бүрэн тусгаарладаг. Америк болон Ост-Энэтхэгийг нээсний дараа европчууд тэдэнтэй тасралтгүй харилцааг дэмжиж ирсэн, гэхдээ тэд Африк болон Азийн гүн рүү дөнгөж данган нэвтэрсэн, учир нь хуурай газраар явах нь усаар явахаас хамаагүй түвэгтэй байдаг.
Газрын Дундад тэнгис бол зөвхөн тэнгис байгаа учраас л төв болж чадаж байгаа юм. Одоо энэхүү гурав дахь ангиллын ард түмнүүдийн онцлогийг авч үзье.
Далай тэнгис бидэнд ямар нэг тодорхойгүй, хязгааргүй хийгээд төгсгөлгүйн тухай төсөөллийг өдөөдөг ба хүн энэхүү хэмжээ хязгааргүй гамшгийг өөр дээрээ мэдрэхэд энэ нь түүнийг хязгаарын заагт гарах эрмэлзлийг төрүүлдэг; далай тэнгис хүнийг булаан эзлэлт, дээрэм тонуул, түүнчлэн шулан мөлжих, олж хураах занд өдөөдөг; харин нам дор газар бол хүнийг газартай бэхлэн хаддаг; үүний улмаас тэр хязгааргүй олон харилцаанаас хамааралтай болдог; гэхдээ далай тэнгис түүний энэхүү хязгаарлагдмал хүрэээнээс гадна байдаг.
Далай тэнгисээр хөвөн явж буй тэр хүмүүс түүнчлэн олж хураах, шулан мөлжихийг хүсч байдаг, гэхдээ тэдний хэрэглэж буй арга хэрэгсэл өмчөөсөө хагацах хийгээд тэр ч байтугай амь насанд нь аюултай талаасаа оновчгүй юм. Ингээд тэдний арга хэрэгсэл хүсэн тэмүүлж байсных нь эсрэг тэсрэг зүйл болон хувирдаг. Чухамхүү энэ л олж авах хийгээд аж үйлдвэрийн үйл ажиллагааг өндөрт өргөж, тэднийг ямар нэг зоригтой, зөв үйлстэн болгодог. Тэр үед аж үйлдвэрийн үйл ажиллагаанд эр зориг гаргах ёстой байсан ба тухайн үеийн зориг хатуужил нь хэрсүү ухаантай нэгдэж байв.
Тэр үеийн далай тэнгистэй хийх тэмцэлд эр зориг заль мэхтэй хослох ёстой байлаа, ингээд хорлогчинтой, аюултай, мөн хамгийн хувирамтгай гамшигтай нүүр тулах ёстой болжээ.
Энэ хязгааргүй гадаргуу туйлын зөөлөн, ийм учраас тэр ямар ч даралт буюу тэр ч байтугай үлээлтэд эсэргүүцэл үзүүлэхгүй; тэрээр эцэс төгсгөлгүй гэм зэмгүй, буулт хиймтгий, нөхөрсөг бөгөөд энхрий, гэхдээ чухам энэхүү хүлцэнгүй байдал л далай тэнгисийг хамгийн аюултай, хамгийн аймшигтай гамшиг болгодог юм.
Ийм хууран мэхлэлт, хүчирхийллийн өөдөөс хүн зөвхөн модны жирийн нэг тасархайг л сөргүүлэн тавьж чадах байв; тэрээр өөрийн эр зориг, өөрийн сүнсэд л (дух-Орч-Х.Д.Г.) найдаж, ингээд хатуу газраасаа дороо ямар ч тулгуур байхгүй зүйл рүү өөрийн бэлтгэсэн хөрсийг авч яван орсон юм.
Өөрийн хурдан, шаламгай хөдөлгөөнөөр долгиолог гадаргууг зүсэх буюу түүн дээр тойрог зурж чадах далай тэнгисийн хун шувуу болсон усан онгоц бол хүний эр зориг хийгээд түүний оюун ухааны агуу их нэр төр болсон бүтээл байсан юм.
Газар дэлхийн хязгаарлагдмал байдлын чинадад гарах далай тэнгис рүү тэмүүлэх эрмэлзэл хэдийгээр өөрөө далайтай хиллэдэг Хятад мэтийн Азийн улсуудад байхгүй юм. Тэдний хувьд далай тэнгис бол зүгээр л хуурай газар дуусч байгаа хэрэг болно; тэдэнд далай тэнгист эсрэгээр хандах ямар ч харилцаа байдаггүй.
Далай тэнгис рүү даллан дууддаг тэрхүү үйл ажиллагаа нэн өвөрмөц; ийм учраас эрэг орчмын улс орнууд ихэнхи тохиолдолд цаг ямагт хэдийгээр тэд гол мөрнөөр холбогдсон хэдий ч далайтай нийлээгүй орнуудаас зааглагдаж байдаг. Ийм маягаар Голланд Германаас, Португал Испаниас тусгаарласан.
Одоо эдгээр зүйлсийн дараа дэлхийн гурван хэсгийг авч үзвэл зохино; энэ үед гурван агшин их бага ямар нэг хэмжээгээр тодорхой илэрнэ: Африкт хэвшмэл зүйл нь тэгш тал газар юм; Азид бол гол мөрний хөндий болон уулархаг улс орнуудын эсрэг тэсрэг байдал ноёрхоно; Европт энэ ялгаа холилдон байна.
Африкийг гурван хэсэгт хувааж болно: нэгдэх нь Сахарын цөлөөс өмнө зүгт орших жинхэнэ Африк бөгөөд энд далайн эрэг орчмын нарийн зурвас бүхий бидэнд нэн тодорхойгүй тэгш тал газар буй; хоёр дахь нь уг цөлөөс умар зүгт орших Европын Африк гэж нэрлэдэг, эрэг орчмын улс орнууд болно; гурав дахь хэсгийг Нил мөрний хөндий бүрдүүлэх бөгөөд энэ нь Ази руу залгасан африкийн цорын ганц хөндий болно.
Дээр дурдсан жинхэнэ Африк нь түүхэн үеийн туршид бусад ертөнцөөс таслагдмал байсан; энэ бол өөртөө түгжигдсэн, алтаар бялхсан, хүүхдийн улс орон бөгөөд өөрийн ухамсарт түүхийн чинадад оршиж, түнэр шөнөөр хучигдан байдаг. Түүний хаагдмал байдал зөвхөн дулаан бүсийн байгалиар төдийгүй, мөн үнэн хэрэгтээ түүний газар зүйн онцлогоор тайлбарлагдана. Түүний үүсгэн буй гурвалжинд (хэрэв бид Гвинейн хойгийг бүрдүүлэгч баруун эргийг маш том багтаагч өнцөг болгон нэг тал болгон авбал нөгөө тал нь Гвадафуйн хушууны зүүн эрэг болно.) түүний хоёр талаас шахсан зарим цөөн хэсэгт л амьдрах боломжтой, эрэг орчмын маш нарийн зурвас хаа сайгүй бий.
Үүнээс цааш гүн рүүгээ тансаг ургамлаар бүрхэгдсэн намгархаг бүс, зэрлэг араатан, элдэв төрлийн могойн эх орон болсон бүс орших бөгөөд эндэхийн цаг агаар европчуудад хортой.
Энэ бүс бол өндөр уулсаас бүрдэх бүсийн бэл хэсэг болох ба зөвхөн зарим хэсэгт л голууд урсдаг, чингэхдээ ийм байсан ч гэсэн эх газрын дотоод хэсэгтэй холбоо тогтоогоогүй, яагаад гэвэл эндхийн голууд уулсын өндөрлөгөөс нэлээд доогуур тун цөөхөн давчуу газраар уулсаа огтолдог учраас голдуу хүрч болшгүй хүрхрээ, хүчирхэг усан эргүүлэг үүсгэдэг.
Гурав дөрөв илүү зууны туршид болон үргэлжид европчууд энэ зурвасыг мэдэж, түүний зарим хэсгийг эзэмдэж байсан, харин маш цөөн удаа эдгээр уулсыг давсан ба тэнд хаана нь ч суурьшиж байгаагүй юм. Эдгээр уулсын цаана негрүүд нь тун цөөхөн бууж ирдэг үл мэдэгдэх тэгш тал газар оршино. XYI зуунд дотоод Африкийн нэн алслагдмал хэд хэдэн хэсэгт бэлийн харьцангуй эх тайванч уугуулууд руу уулгалан довтолдог асар олон цэрэг бий болжээ.
Энэ шуургыг өдөөсөн ямар нэг дотоод хөдөлгөөн болсон эсэх, тэр нь ямар байсан нь тодорхойгүй. Энэхүү дайн, аян дайнд эдгээр олон цэргийн гаргасан утга учиргүй харгислал, жигшмээр зэрлэг явдал хийгээд хожим номхорсныхоо дараа энх цагт европчуудтай танилцаад тэдэнтэй харилцахдаа гаргасан ааш авир нь эрс тэс ялгаатай байсан. Сенегал болон Гамби дахь уулсын дэвсэгт амьдрагч фуллах болон мандинго нар ийм байсан юм.
Африкийн хоёрдахь хэсэг нь Нилийн хөндий, Египет болох ба энэ нь бие даасан соёлын агуу их төв болоход зориулагдсан юм, чухам ийм учраас л Африк өөрөө дэлхийн бусад хэсэгтэй харьцуулахад тусгаарлагдмал, ганцаардмал, байрлалтай байдаг шиг энэ хэсэг ч гэсэн Африкаасаа яг тийм байдалтай байдаг.
Африкийн умард хэсгийг эрэг орчмын муж давамгайлсан гэж нэрлэж болно, иймээс ч Египет Газрын Дундад тэнгисийн зүгээс байнга шахагдмал байдалтай, өөртөө түгжигдмэл, Газрын Дундад тэнгис болон Атлантын далайн дунд байрладаг. Энэ бол эрт цагт Карфаген, одоо бол Марокко, Алжир, Тунис болон Триполи байрладаг гайхамшигт хязгаар юм.
Энэ хэсгийг эдүгээ францчуудын амжилттай оролдож байгаачлан Европт нэгтгэх ёстой бөгөөд хэрэгтэй юм; энэ нь Өмнөд Азийн нэгэн адил Европ руу хандсан байгаа; энд карфагенчууд, римчууд болон византичууд, мусульманчууд, арабчууд ээлж дараалан эзэн сууж байсан ба Африкийн энэ хэсгийг Европ өөрийн ашиг сонирхлын хүрээнд татан оруулахыг цаг ямагт эрмэлзэж ирсэн юм.
Африкийн зан араншингийн онцлогийг гаргах нь маш хүнд. Учир нь чингэх бүрд бидэнд орж ирдэг төсөөлөл бүрээс, чухамдаа түгээмэл шинжийн категориудаас бид бүрэн ангижрах ёстой. Негрүүдийн өвөрмөц онцлог нь тэдний ухамсар ямар нэг тогтмол бодит байдлыг бясалгах хэмжээнд хүрээгүй, жишээлбэл, хүний хүсэл зоригийг удирдах байсан бурхан, хуулийг тэр өөрийн мөн чанар мэтээр бясалгах тэр хэмжээнд хүрээгүй юм. Африк хүн төвлөрсөн нэгдлийн ялгааг мэдэхгүйгээсээ болж түгээмэл мөн чанарын нэгдлээс өөрийгөө орь ганц гэж ялган үзэх хэмжээнд хүрээгүй, үүний улмаас өөртэй нь харьцуулахад ямар нэг өөр, түүнээс илүү дээр байх туйлын мөн чанарын тухай мэдлэг огт байхгүй. Дээр дурдсанчлан негр хүн бол зэрлэгшил, номхотгошгүйн бүхнийг агуулсан жам ёсны хүн мөн: түүнийг зөв ойлгохын тулд мэдрэмж гэж нэрлэгдэх сүсэг бишрэл хийгээд ёс суртахуунлаг шинжээс бүрэн ангижирвал зохино; энэ зан араншингаас ямар ч энэрэнгүй ёсыг олох хэрэггүй.
Мессионерүүдийн тодорхой өгүүллүүд үүнийг бүрэн нотолж байна, харин зөвхөн магематын ёс л негрүүдийг иргэншилд ямар ч гэсэн иргэншилд зарим хэмжээгээр ойртуулсан бололтой. Магематынхан европчуудыг бодвол улс орны гүн рүү нэвтэрч чаддаг байв.
Соёлын энэ түвшин шашинд ч гэсэн тод харагдана. Үүнд бид илүү дээд хүчний тухай (хэдийгээр үүнийг ердөө л байгалийн хүч гэж ойлгож болох ч) хүний ухамсрыг болон түүнтэй харьцуулахад хүн өөрийгөө ямар нэг сул дорой, ямар нэг доод амьтан гэж үздэгийг ойлгож байна.
Шашин бол хүнээс илүү дээд ямар нэг юм оршин байгаа гэдэг ухамсраас эхэлдэг юм. Харин негрүүдийг Геродот хүртэл илбэч нар гэж нэрлэж байсан; илбэ жилбэнд бурхны тухай төсөөлөл байхгүй, ёс суртахууны сүсэг бишрэлийн тухай юу ч байхгүй, харин хүн дээд хүч болж, тэр ганцаараа байгалийн хүчийг мэдэж, түүнийг захирдаг тухай л байгаа. Ингээд бурхныг сүнслэг шүтэх тухай ч, эрхийн ноёрхлын тухай ч яриа байхгүй болж байна. Бурхан ниргэдэг, харин үл танин мэдэгдэнэ; хүний сүнсэнд бол бурхан нь аянга буулгагчаас илүү зүйл байх ёстой, гэтэл тэр нь негрүүдэд байхгүй юм.
Тэдэнд аянга цахилгаан, бороо хэрэгтэй, мөн бороотой цаг агаарыг зогсоох хэрэгтэй учраас тэд байгалийн үзэгдлээс хамааралтай гэдгээ ухамсарлах ёстой, гэхдээ энэ нь тэднийг ямар нэг дээд ухамсарт хүргээгүй; тэд гамшигт тушаал өгөх бөгөөд чухамхүү үүнийг илбэ жилбэ гэж нэрлэдэг.
Хаанд ийм сайдууд байдаг ба тэдгээрээр дамжуулан байгалийн өөрчлөлт гаргахыг тушаадаг, ийм маягаар газар орон тус бүр өөр өөрийн илбэчин шидтэнтэй байх бөгөөд тэд нь янз бүрийн хөдөлгөөн бүхий онцгой ёслол, орилоон шуугиан бүхий бүжиг хийж энэхүү чих дүлийрэм шуугиан дунд арга хэмжээгээ авдаг.
Дараа нь тэдний шашны хоёрдахь агшин бол тэд илт тодорхойгоор өөрийгөө энэхүү хүч чадал мэт төсөөлж, түүнийг гаднын зүйл, харин өөрийгөө түүний дүр мэтээр төсөөлдөг. Улмаар тэдний хүчин чадал хэмээн төсөөлж буй тэр зүйл нь ямар нэг бодит зүйл, өөртөө тогтвортой, тэднээс ялгаатай зүйлээс өөр юу ч биш юм, харин тэдэнд шидэт хүч олгож байгаа тэр дурын зүйл нь амьтан, мод, чулуу, модон онгод эсэх нь ямар ч ялгаагүй юм.
Энэ бол фетиш (цалиг шүтээн-Орч.Х.Д.Г) бөгөөд энэ үгийг португалчууд анх хэрэглээнд оруулсан, feitizo буюу ид шид гэсэн утгатай юм. Хэдийгээр цалиг шүтээнд хувь хүний дур зоргийн хувьд бие даасан байдал илэрдэг байх, гэхдээ л чухамхүү энэ бодит байдал нь өөрийгөө өөрөө бясалгах хүртлээ тэлсэн хувийн дур зоргоос өөр зүйл биш бөгөөд энэхүү дур зорго нь тэдний бүтээсэн дүрийг ч хүртэл ноёрхож байдаг. Чухам иймээс цалиг шүтээн нь урьдчилан сэргийлж чадаагүй ямар нэг таагүй зүйл тохиолдвол, ган буюу ургац алдвал негрүүд түүнийгээ хүлж, зодох буюу эсвэл эвдэлж, хаядаг, ингээд тэр дороо өөр нэг цалиг шүтээн бүтээх бөгөөд энэ нь мэдээж хэрэг тэднийг захирна.
Ийм цалиг шүтээнд шашны ч, тэр тусмаа уран сайхны бие даасан байдал байхгүй; тэрээр өөрийгөө бүтээгчийн дур зоргыг илэрхийлсэн бүтээл төдий болж, цаг ямагт түүнийхээ гарт үлддэг. Өөрөөр хэлбэл энэ шашинд хамаарлын харилцаа байхгүй юм.
Гэхдээ негрүүдийн заадаг ямар нэг дээд зүйл нь тэдэнд буй үхэгсдийг шүтэх явдал юм, энд тэд нас барсан эцэг эх хийгээд өвөг дээдсээ амьд хүмүүсийн хувьд хүч гэж хүлээн зөвшөөрдөг; чингэхдээ тэд эдгээр эцэг өвгөд нь хүнд өш хонзон санаж, ямар нэг хор учруулж болно гэж үзэх ба үүнийг дундад зууны үед эм шуламны тухай боддог шиг тийм утгаар ойлгодог; гэхдээ негрүүдийн бодлоор үхэгсдийн хүч амьд хүмүүсийн хүчийг давж гарч чадахгүй, ийм учраас негрүүд үхэгсэддээ тушаал өгч, тэдэнд гайхуулдаг; ийм маягаар уг чанарын (субстанциал-Орч-Х.Д.Г.) эхлэл цаг ямагт эрх мэдлийн субъектын мэдэлд үлддэг.
Негрүүд үхлийг хүртэл байгалийн түгээмэл хууль гэж үздэггүй, үхэл бол тэдний бодлоор хорон санаат хараалч жатгачдын улмаас ирдэг. Мэдээж хэрэг энд хүний тохиолдлын хүсэл зориг жам ёсны зүйлээс илүү дээд, хүн өөртөө дутагдсан тэр зүйлд түүнийхээ уг чанарт нь нийлүүлэн харьцахын оронд түүнд тушаал өгөхийгөө жам ёсны хэрэгсэл гэж үзэж байгаа нь хүн байгалиас илүү дээд гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг мөн. (Hegels Vorlesungen uber die Philosophic der Religion, 2,Aufl., I, S. 284—289.)
Үргэлжлэл бий…
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 05 дугаар сарын 15.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to ГЕОРГ ВИЛЬГЕЛЬМ ФРИДРИХ ГЕГЕЛЬ: ТҮҮХИЙН ФИЛОСОФИЙН ЛЕКЦҮҮД № 2

  1. saruul says:

    Гайхамшигтай сайхан орчуулга. Нөр их хөдөлмөр, судлаач хүний өгөөмөр сэтгэл, шинжлэх ухааны өргөн мэдлэг, мэдрэмж үнэртэх шиг боллоо. Дараагийн хэсгийг тэсэн ядан хүлээнэ.
    Танд эрүүл энхийг хүсье.

  2. bat says:

    Баярлалаа. их сонирхолтой, юмыг эргэцүүлэхэд хүргэсэн сайхан бүтээл юмаа. Гегель өөрөө их сонирхолтой хүн байсан гэж ойлгогдож байна. Дээр дурдсан “лугшилт” болон бусад зүйлийн талаар мань хүн өөрөө яаж танин мэдсэн байх вэ…Гегель өөрөө маш гайхалтай мундаг “хүн төрөлхтний эволюци дахь сэтгэлгээнүүдийн загваруудын “загварчлалтай”” хүн юм шиг санагдлаа…улам их судламаар сонирхолтой…

  3. bi says:

    Hun torlohtonii baigaliin togtotsoos shaltgaalsan 3 tom yalgaatai irgenshiluud bdag um bn ter ni ene 3 n toloologchidiinhoo buhii l shinjiig bii bolgoj ogch bdag um bn

  4. bi says:

    Gadaad hariltsaand lav tuuhiin filosofguigeer yavahgui um shigee irgenshiluud soleluudiin syyriig medehguigeer shu

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: