СҮНС ХИЙГЭЭД ГАЛЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ НЬ

Сая Гегелийн “Түүхийн философийн лекцүүд”-ийг орчуулахдаа сүнс гэдэг үгийг өргөн хэрэглэсэн. Энэ нь манай төр нийгмийн өнөөгийн явдалтай үлэмж холбоотой юм. Одоо энэ тухай болон гүн ухааны зарим учир холбогдлыг товч тайлбарлахыг оролдоё.

Өрнийн гүн ухаанд…
Өрнийн болон Дорнын гүн ухааны ойлголт, категориуд өөр хоорондоо яв цав нийцэх нь бараг үгүй. Яагаад гэвэл анхдагч суурь үндэслэл, сургааль,түүний бүтсэн орчин болон хугацаа, системийн суурь ялгаа зэргээс болж нэг зүйл яриад байгаа мэт боловч түүндээ огт өөр агуулга оноосон байх нь ёс мэт. Иймээс энэ хоёр системийг харьцуулан үзэх ажил ихээхэн түвэгтэй, бараг боломжгүй.
Харин сэтгэлгээний ихээхэн өндөр түвшинд дүйлгэн үзэж, жишин цэгнэж болно. Энэ нь ч гэсэн аль нь илүү мундаг тухай асуудал болох ёсгүй. Яагаад гэвэл хүн сэтгэдэг болсон цагаас эхлэн дорнодод ч, өрнөдөд ч материаллаг хийгээд сүнсний буюу оюун ухааны асуудлыг ав адилхан сонирхож эхэлсэн. Энэ ч мэдээжийн хэрэг.
Ингээд сүнс болон оюун ухааны асуудлыг өрнийн гүн ухаанд хэрхэн үздэгийг маш товч авч үзье. Юуны өмнө өрнийн гүн ухаанд сүнс бол материаллаг бус эхлэлийг ойлгох гүн ухааны ойлголт, мөн бие хүн өөрийгөө тодорхойлж байдаг дээд чадвар юм. Энэ бол хамгийн ерөнхий, нэгтгэсэн дүгнэлт юм.
Үүнийг ярихын өмнө Монголд сүнсийг яаж ойлгож ирснийг товч дурдах нь зүйтэй. Уг нь Монгол хэл болон философид сүнсийг “оюун билгийн гол чанар” гэж үздэг. Би Дорнын гүн ухааныг дэлгэрүүлэн тайлбарлах зорилго тавиагүй ч зарим үндсэн ойлголтыг тайлбарлах эрхтэй гэж бодож байна. Ухаандаа дорнын гүн ухаанд “амь” бол хүнийг амьдруулдаг бол “сүнс” нь учир утгатай болгодог. Энэ утгаараа дорнын сүнс гэдэг нь европын “дух” буюу “оюун санаа” гэдэг ойлголтой ихээхэн дүйцнэ. Нийтэд нь бол бол “сүнс” гэж орчуулж болно. Социализмын үед үүнийг “санаа” гэж, Гегельтэй холбохоороо “туйлын санаа” (абсолютный дух) гэж орчуулж заншсан. Гэхдээ “санаа” бол биш, санаа бол зөвхөн хүнд л байдаг, харин Гегель бол хүн болон түүнээс гадна “санаа байдаг” гэж, үүнийгээ мөнх гэж үзсэн.
Манайд Гегелийн болон түүнээс уламжлан авсан “дух” гэдгийг “санаа” гэж орчуулж ирсэн ба үүндээ бараг дадсан байсан юм. Гэхдээ үүнийгээ “ухамсар”-тай байнга хольж хутгана. Ухаандаа “матери анхдагч уу, ухамсар анхдагч уу” гэсэн философийн үндсэн асуудлыг цээжлээгүй монгол хүн социализмын үед бараг байгаагүй. Энэхүү ухамсартай санаа нь хамт яваад байгаа хэрэг л дээ.
Гэхдээ уг агуулгаараа “санаа болон ухамсар” нь бодол, сэтгэл, үзэл, оюун ухаан зэрэг бүхий л оюунлаг зүйлсийн төвлөрсөн илэрхийлэл бөгөөд материаллаг зүйлсийн эсрэг байгаа оюун ухааны талын бүх зүйлс юм.
Түүнээс гадна монгол хэлэнд “санаа” бол зөвхөн хүнд л байдаг. Гэтэл европ ойлголтод “дух” буюу “санаа” нь хүнд ч байж болно, хүнээс ангид ч байж болно. Тэгвэл монгол хэлэнд хүнд байдаг атлаа хүнээс ангид байж болох “оюун ухаантай” холбоотой ойлголт бий юу ?! Байлгүй яахав. Энэ бол монгол хэлний “сүнс” гэсэн ойлголт юм. Тайлбар тольд “сүнс” гэдгийг: 1. “Оюун билгийн гол чанар”, 2. “Аливаа хэрэг явдлын гол утга, оньс” гэж тайлжээ. Монгол хэлний энэ утга материаллаг зүйлсийн эсрэг байх оюун санааны зүйлсийг нэгтгэн илэрхийлэхэд яв цав дүйнэ гэж би бодож байна. Иймийн учир би “сүнс” гэдэг нэр томъёог сонгон авсан юм. Сүнс гэхээр заавал үхэж үрэгдсэн муу зүйлтэй холбоотой байх албагүй. Ямар ч гэсэн би оюун ухаан, оюун билгийн шинжтэй бүх зүйлсийг “сүнс” гэсэн ойлголтод хамааруулан үзсэнээ уламжилж байна.
Манайд өрнийн философийг К.Марксаар дамжуулан, түүнээс цааш В.Ленин, түүнээс цааш И.Сталин, түүнээс цааш ЗХУКН-ын үзэл суртал гэж үзэхдээ “матери, ухамсрын харьцаа” гэж үзэж ирсэн бөгөөд материаллаг зүйлс анхдагч гэдгийг байнга номлож ирсэн. Угтаа бол энэ нь материаллаг болон оюун санааны зүйлийн харьцааны асуудал ажээ. Үүнийг ч гэсэн марксизмын философи буруу тодорхойлж байгаагүй юм. Учир нь манай дарга нар болон бусад нөхдүүдийн материаллаг шуналыг анхдагч гэхгүй юм бол өөр юуг анхдагч гэх билээ ?!
Европын гүн ухааны идеализм хийгээд спиритуализм хэмээх том чиглэл сүнсийг ертөнцийн анхдагч гэж үздэг. Энэ нь ойлголт (панлогизм), субстанци (пантеизм) болон бие хүний (теизм болон тодорхой хүнжүүлэх үзэл) гэсэн олон янзийн хэлбэрийг хөгжлийнхээ явцад олсон юм.
Германы сонгодог рационалист философийн систем үүссэнээр сүнсийг сэтгэлгээ болон ухамсартай адилтгах болсон ба энэ нь оросоор дамжин монголд XX зууны дунд үед нэвтэрчээ. Харин европын гүн ухааны иррационал чиглэлд сүнсийг зөн билэг (интуици), мэдрэмж, хүсэл зориг, төсөөлөл зэрэгтэй холбон ойлгож ирсэн байна.
НТӨ Y-YI зууны натур философид сүнсийг “хүн болон амьтны биен дэх түүнийг хөдөлгөгч ямар нэгэн хий хэлбэрийн амьдрах хүч” хэмээн тодорхойлж байжээ. Улмаар библи-христианы үзэл санаа сүнсний асуудлыг хувь хүний төгс зүйл хийгээд хүсэл зоригтой холбон үзэх болжээ. Харин экзестенциалист үзлийнхэн энэхүү ойлголтыг шинжлэх ухааны танин мэдэхүйн хүрээний гадна байдаг хэмээн үзэж байв. Ухаандаа Клагес гэгч сүнс сэтгэлийн эсрэг байдаг гэж үзэж байв.
Европ ойлголтоор сүнс нь ямар нэг юмны нэрийн өмнөөс (жи: дайны сүнс) үйлдэх хүч чадал олгодог ааш авир, зан араншин, мэдлэг, итгэл үнэмшил зэргийн нийлбэр болно. Түүнчлэн хүний ямар нэг нийтлэгийн түгээмэл шинж чанарын ач холбогдлыг тэмдэглэх, жишээлбэл, цаг үеийн сүнс (эрин үеийн, зууны гэхчлэн), ард түмний (үндэстний зан араншингийн ямар нэг төгс үндэс) зэргийг тэмдэглэхэд хэрэглэдэг. Ухаандаа Францын агуу их соён гэгээрүүлэгч Вольтер дээрх нэр томъёог байнга хэрэглэдэг байсан.
Байгалийн эсрэг зүйл болсон сүнсний тухай ойлголт Германы сонгодог философийн үе буюу тодруулж хэлбэл гүн ухааны романтизм, германы идеализмын цэцэглэлтийн үед бий болжээ.
Гегель “туйлын сүнсний” үзэл санааг бий болгохын хамт түүнийг төгс бүхэллэг, бурханлаг зүйл гэж үзээд үүнийгээ багтаасан философийн системийг бүтээжээ. Гегелийн бүтээсэн энэхүү гүн ухааны систем түүнийг магтан сайшаасан хийгээд дайран шүүжилсэн бүхнийг даван одоо болтол үндсэндээ хэвээрээ байгаа юм. Гүн ухааны ийм том системийг дайран шүүмжилж хэн ч чадах боловч түүнийг орлох системийг бүтээх нь хэн дуртай аавын хүүгийн ажил биш бөлгөө. Ийм нүсэр хүнд ажлыг К.Маркс гэдэг нэг л герман эр хийж чадсан, түүнээс хойш ийм нүсэр ажил хийх хоншоортой аавын хүү одоохондоо хүн төрөлхтний дотроос төрөөгүй байгаа билээ.
Гегелийн диалектикийн тухай товч өгүүлэх нь
Уг нь диалектик бол эртний грекийн гүн ухааны, бүр Платоны үеийн нэр томъёо боловч дорно, өрнө хоёрт нэгэн зэрэг хөгжиж ирсэн юм. Учир юун хэмээвээс диалектик бол философи дахь үндэслэгээний зарчим, түүнчлэн сэтгэлгээн дэх сэтгэн бодож буй агуулгын хэлбэр болон аргын тухай сургааль учраас энэ ертөнцийн хаана ч адилхан байх учиртай.
Харин Гегелийн үеэс, тухайлбал түүний систем бий болсон цагаас эхлэн диалектикийг метафизиктэй сөргүүлэн тавих болсон юм. Манай мангар сэхээтнүүд коммунистууд л диалектикийг метафизикт сөргүүлдэг гэж илжиг шиг боддог юм. Эргүү малнуудад философи сургах гэсэн биш, мэдсэн ч биш, мэдээгүй ч биш, ёстой гай болсон юм. Өнөөдөр энэ “улаан гайнуудын” гамшгийг бид амсахаараа нэг болж байна. “Муу үхэрт худаг бүү үзүүл” гэдэг юутай үнэн…
Агуу их Гегель диалектикийг хөгжүүлсэн гэдгийг бүдүүн тоймоор тодруулбал “гурван хууль, хос категориуд” гэж нэрлэдэг тэр зүйлс болно. Энэ нь “залхуу” монгол философичдын санаачилсан, гэхдээ тун ч онож нэрлэсэн нэр томъёо юм. Энэ нь: 1. Эсрэг тэсрэгийн нэгдэл ба тэмцлийн хууль, 2. Үгүйсгэлийн үгүйсгэлийн хууль, 3. Тооны хувьслаас чанарын хувьсалд шилжих хууль болно. Харин хос категориуд гэдэгт: 1. Агуулга ба хэлбэр, 2. Мөн чанар ба үзэгдэл, 3. Шалтгаан ба үр дагавар, 4. Зайлшгүй ба санамсаргүй, 5. Боломж ба бодит байдал 6. Эрх чөлөө ба зайлшгүй, мөн эрх чөлөө ба хариуцлага гэсэн 6 хос категориуд орно. Эдгээр нь одоо ч хоцрогдоогүй, монголоос бусад бүх газарт судалдаг. Харин манайхан “коммунист” гэж үзээд мартчихсан. Энэ бол хамгийн ичмээр бөгөөд шившигт үйл мөн.
Эдгээр хууль, категориудыг социализмын үед бүх их дээд сургууль болон улс төрийн боловсролын системээр дамжуулан “цээжилтэл” нь үздэг байсан. Зарчмын хувьд энэ нь туйлын зөв байсан. Харин өнөөгийн байдлаас үзвэл тухайн үедээ “3 хууль, 6 категори” гэж цээжилсэн нь олон боловч харин ойлгосон нь бараг нэг ч байхгүй юм. Яагаад гэвэл Гегелийн, хожим К.Марксын үргэлжлүүлэн хөгжүүлсэн танин мэдэх диалектик аргыг даван гарсан зүйлийг одоо болтол хүн төрөлхтөн бодож олж чадаагүйд хамаг учир нь байгаа юм.
Энэхүү диалектик нь европын философи, танин мэдэхүйн арга зүйн системийн ноён оргил бөгөөд тэр нь өнөө үед хамгийн эрчимтэй хөгжиж байна. Шууд хэлэхэд диалектикийн агуулга асар их тэлж, зарим бүрэн тодорхой утгаар шинжлэх ухааныг өөрийг нь хийсвэрлэлийн зарчимд үндэслэсэн диалектик гэж үзэх болжээ.
Гэтэл Монголд диалектикийг Марксын коммунист үзэл санаа гэж үзээд 20 гаруй жил болж, түүнийг бараг мартсаны улмаас манай монголчуудын сэтгэлгээ үнэхээр үхээрийн түвшинд хүртлээ бууран доройтсон байна. Энэ нь Баабар тэргүүтэй философи гэдгийг огт үл хальтлах үйлс нь үл бүтэх хүмүүн дүрстний хийсэн ажлын бодит үр дүн юм. Хөгжлийн хэт нам түвшингөөс эхлэх, чингэхдээ Дорнын нүүдэлчин ахуйгаас том үйлс эхлэх нь ихээхэн том зовлон аж.
Уламжлалт нийгмийн үед сайн бай муу ч бай буддын гүн ухааны системтэй байжээ, социализмын үед сайн ч бай, муу ч бай марксист философийн системтэй байжээ. Аливаа философийн систем бол ёс суртахууныхаа системтэй хамт байдаг. Гэтэл ардчилал бий болмогц ямар ч, бүр ямар ч систем байхгүй болов. Энэ бол оюун санааны хувьд үхэл мөхөлтэй адил хэрэг юм.
Дорно дахинд…
Дорно дахинд гүн ухаан Өрнөтэй зэрэг буюу арай өмнөхөн үүсчээ. Гэхдээ энэ тухай би ярихгүй. Харин Дорнын философийн нэгэн оргил болсон Буддизмын Монгол хувилбарын тухай товч хөндөнө.
Монголын буддын гүн ухааны сэтгэлгээнд эрхэмд үзэн дээдэлдэг сургааль нь мадъямаха философи буюу энэтхэгээр “прасангика”, төвдөөр “вум танжурвын ёс” болно. Самгарди хэлний мадъямаха гэдэг нь төв, дунд гэсэн утгыг илэрхийлнэ. Монгол Данжуурт үүнийг төв үзэл, дундад үзэл гэж орчуулсан байдаг. Энэ нь тухайн үедээ онож байсан боловч миний бодлоор “голч” гэх нь зөв байх, үүнийг ухаант өвөг дээдэс маань өршөөх буй за. Төв үзэл болон түүний онолыг монголчууд “эндүүрэлт урьд хойт хязгаараас машид хагацсан, эрхин дундын мөрийг тодорхой номлосон”, “хиргүй гүн утгат” гэж үзэж байв.
Тэгвэл энэ юу вэ ? Энэ бол үнэхээр гүн гүнзгий утгат диалектик буюу түүнээс ч давсан зүйл мөн. Европын философид алив үзэгдэл, юмсыг, түүний дотор матери, ухамсар хоёрыг цаг ямагт зөрчилдүүлэн авч үзээд үүнийгээ тойруулан бүхэл бүтэн гүн ухааны систем бүтээсэн бол Дорно дахинд үүний эсрэгээр шүтэн барилдлагын асуудлыг илүүтэй анхаарсан системт философийг төрүүлжээ.
Энэ тухай “Бодь мөрийн зэрэг”-т: “Би хэмээхүй нь алимад бодис нугуудын бусад дор үл тулгуурлах чанар өвөрчлөн буй. Тэр үгүй нь би үгүй болой” гэжээ. Энэ нь “би” гэх мунхаг үзлээс минийх, чинийх гэсэн алагчлах үзэл төрж, орчлонгийн зовлонг бүрдүүлдэг” гэдгийг тов тодорхой өгүүлсэн байдаг.
Хэрэв Өрнийн гүн ухаан матери, ухамсрыг сөргөлдүүлэн зуун зуун дамжсан гүн ухааны хэрүүл өдөөдөг бол Дорнын гүн ухаан энэ хоёрыг шүтэн барилдлагатай нэг юмны хоёр тал гэж үзээд аль нэг нь байхгүй бол юу ч байхгүй гэж үздэг. Энэ бол орчин үеийн системт хандлагын үндсэн зарчим юм.
“Дорнын диалектик” буюу төв үзлийн гол зарчим бол “үнэхээр эс бүтэхүй” хийгээд “шүтэн барилдахуй” хоёр байдаг. Адилхан л хос ойлголт байгаа биз дээ. “Үнэхээр эс бүтэх” хэмээх дорнын гүн ухааны ойлголт бол алив юмыг эгнэгт бодитой байна гэх эсвэл байхгүй гэж үгүйсгэхийг хориглоно. Энэ нь Гегелийн мөнх хэлбэр үгүйн буюу хөгжлийн диалектиктэй ерөнхийдөө дүйцнэ. Үүнийг системт сэтгэлгээний цараараа Гегелээс ч даван гарсан гэж үзэж болно.
Өчүүхэн миний бие энэ мэтээр Өрнийн диалектик хийгээд Дорнын төв үзлийг харьцуулан үзэхийг чадлынхаа хэрээр оролдсон боловч энэ талаар Б.Даш-Ёндон багш шиг гүн гүнзгий, Дорно, Өрнө хоёр талаас жигд харьцуулан үзсэн хүнтэй энэ хир тааралдаагүй явна…
Ухаандаа европын “форма” буюу “хэлбэр” хэмээх ойлголтыг манай гүн ухааны “дүрс” гэдэгтэй багцаагаар дүйлгэж болно. Хэрэв европт “форма”-гийн эсрэг “агуулга” гэсэн ойлголтыг сөргүүлэн тавьдаг бол манайд түүнийг “дүрст лагшин” гэдэг бөгөөд үүнийгээ “хоосон чанар” гэж үздэг. Тэр ч байтугай монголчууд “хоосны суурь” гэхчлэн язгуур ойлголтыг философид бий болгосон байдаг. Энэ нь европ ойлголтоор “утгагүй” мэт боловч хялбарчлан өгүүлбэл материаллаг болон оюуны зүйлсийн шүтэн барилдлагыг олох гэсэн нэн ухаалаг оролдлого мөн. Энэ талаар мянган зүйл ярьж болох ч “Монголын философи сэтгэлгээ европын диалектикаас үлэмж даван гарсан” гэдэг дүгнэлтийг би бүрэн итгэлтэйгээр хийж байна.
Тэгвэл монголчууд тийм мундаг, тийм гайхамшигтай гүн ухаантай байсан юм бол дундад зуунаас авахуулаад одоо болтол яагаад өсөж өөдлөөгүй юм ?! гэсэн зүй ёсны бөгөөд дэндүү шударга асуулт гарна. Энд нэгэнт философи ярьж байгаа учраас би тэр түвшинд л хариулахыг хичээе.
Өндөр Гэгээн Занабазар XYII зууны Монголын их хямралын үеэр “Цаг лугаа зохилдуулсан залбирал” буюу “Дөрвөн адистэдийн дээдийг хайрлагч Эх” зохиолоо туурвисан билээ. Энэ бүтээлд анх удаа: “Мунхаг цагийн их харанхуйгаар бүрхэгдэн” гэхчлэн тухайн цагаа нэвт шинжилсэн сургаалийг бясалгасан бөлгөө. Үүнийг хожмын их мэргэд “цагийн хүрдэний их хямрал” гэж нэрийдсэн бөлгөө. Үүнийг Агваанхайдав хамба дэлгэрүүлэн: “Цагийн хүрдэний хямрал нь амьтдын доторхи цагийн хүрдэний судас, хий дуслын орны ёс нийтдээ хийгээд ялангуяа хийн хоёр тэрбум нэг мянган, жаран хүрдний зорчих хөдөлгөөн чанх буруудаж, цаг бусын гай нийтэд зохилдон, боловсрох үйлийн эрхээр нэгэн цагт хямарсанд шүтсэнээс гаднах цагийн хүрдний нар, сар, од, гариг тэргүүтний зорчих хийгээд дөрвөн их махбодийн оршихуйн ёсон хямрах болой…” гэж тайлбарласан бөлгөө. Гадаад, дотоод хямралт нөхцөл зэрэг зэрэг бүрэлдсэн тохиолдолд дорнын ойлголтоор “муу ёрын есөн шинж” бүрдэнэ гэх ба өрнийхөөр “системийн бүрэн эвдрэлд орно” гэдэг. Энэ бол шашны хэллэгээр ч, шинжлэх ухааны хэллэгээр ч, тэр ч байтугай энгийн хэллэгээр ч, төр, үндэстний сүнс нь зайлж бузартаж, гундаж, гутсан хэрэг мөн.
Өнөө цаг бол “мунхаг цаг” мөн үү; мөн, “их харанхуй” мөн үү; мөн, тэдгээрт “бүрхэгдсэн үү”, бүрхэгдсэн. Өөр юу гэж хэлэх юм ?! Эсвэл европ ойлголтоор “системийн хямрал мөн үү”, мөн, “бүрэн дампуурал” мөн үү, мөн. Өөр юу гэж хэлэх юм ?!
Энэхүү дотоод, гадаад цагийн хүрдний хямралаас сэргийлэх тарнийг Өндөр гэгээн зохиосон бөгөөд үүнийг халх, ойрд даяар бүгд сүслэн уншиж байсан юм. Энэхүү зүрхэн тархийг “Жанлавцогзол” гэх бөгөөд эдүгээ бүх сүм хийд зөвхөн шашны зорилгоор л уншдаг бөлгөө. Тэрхүү тарнийн монгол утга нь:
“Үлэмж их цөвүүн цагийн балай харанхуйгаар бүрхсэн
Үйлсгүй муу амьтан биднийг нигүүлсэхүй сэтгэлээр аврах соёрх.
Эгэл муу үйл, нисванисын үр боловсорсон цагийн
Элдэв зовлонгийн хамаг түймэр намжиж
Эсрэг тэсрэгийн өшөө арилан
Энэрэл асрамжийн сэтгэлээр найрамдаж
Энх амгалангийн өлзийг дэлгэрүүлэн соёрх” болой.
Энэхүү “Жанлавцогзол”-ын цаад гүн утга, гүн ухааны бясалгалыг Монголчууд огтхон ч үл мэдэх агаад зөвхөн Ганданд л уншдаг мэт ойлготлоо бууран доройтсон юм.
Монголчууд Дорнын уламжлалт гүн ухааныхаа үндсийг, түүний дотор төв үзлээ ч мэдэхгүй байна. Үүнийг яахав өрнөджиж байгаа үйл явц хэмээн ойлгож болох. Тэгвэл Өрнийн философийг заавал мэдэх хэрэгтэй. Харамсалтай нь Өрнийн философид цээжлэх тарни байхгүй, гэхдээ гайхамшигтай онолууд бий. Гэтэл түүнийг мэддэг хүн Монголд ширхэг ч алга. Сүүлдээ үүнийг ярьсан хүний өөдөөс нохой шиг бөөрөлхөн дайрдаг болж байна.
Үүнийг чинь самуун цаг гэхгүй өөр юуг самуун цаг гэх юм ?! Дорныг ч мэдэхгүй, Өрнийг ч мэдэхгүй, тэгээд хаашаа явах улс юм, Та нар ?!
Саяхан Төрийн Ордны Засгийн Газрын хуралдааны танхим шатав. Үүнийг Дорнын гүн ухааны үүднээс “гадаад, дотоод номын хүрдэн буруу эргэлээ” гэдэг юм, Өрнийн философийн үүднээс “эсрэг тэсрэгийн тэмцэл”, “үгүйсгэлийн үгүйсгэл”,”тооны хувьслаас чанарын хувьсалд шилжих” гэдэг юм. Алин байсан ч энэ бол Өрнийхөөр “диалектик зүй тогтол”, Дорныхоор “орчлонгийн хүрд буруу эргэсэн” асуудал мөн. Харин “хүрдийг” хэн буруу эргүүлсэн, эргүүлж байгаа гэдэг нь монголчуудад тов тодорхой, С.Баяр, Ц.Элбэгдорж хоёроос өөр хэн байх билээ…
Харин монголчуудын заяа буян огтхон ч хаяагүй бөгөөд үүнийг Дорнын гүн ухаанд “Асар хотол төгссөний цогоор цэнгэх”, Өрнийн философид “системийн чанарын шинэ түвшинд хүрэх” гэдэг юм…
Энэхүү монголоор “асар хотол төгссөний цогоор цэнгэх” хийгээд европоор “чанарын шинэ түвшин” бол Монгол төрөө цэвэр ариун болгох явдал мөн. Энэ талаар өгүүлэх цаг удахгүй буй за…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 05 дугаар сарын 19.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

21 Responses to СҮНС ХИЙГЭЭД ГАЛЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ НЬ

  1. bi says:

    uuniig l haij baijee

  2. Anonymous says:

    Uneheer saihan

  3. bat says:

    Ганаа ахдаа маш их маш их баярлалаа.Үнэхээр гайхамшигтай нийтлэл байна.Өрнө Дорны гүн ухааныг гайхамшигтай харьцуулан дурджээ. Уламжлалт анагаах ухааны онолд гэхэд л өвчний шалтгааныг ганцхан л байдаг тэр нь “би үгүй” буюу төвдөөр “дагмэд” гэдгийн утгыг эс оносон ухаарсан нь мунхаг бөгөөд үүний улмаас бүх өвчин үүснэ гэж номлосон байдаг.Сэтгэлгээний хувьд яах аргагүй л Өрнөөс давуу гэх үү ямар ч байсан өөр л байгаа юм.Даанч прагматик тал дээр манай монголчуудын хувьд хэлэх юм алга.Иогачара, Саутрантика, Вайбхашика гэх мэт нь ямар онцлогтой юм бол?Миний хувьд “ЖанлавЦогзол” судрыг ийм гайхамшигтай зүйл гэж ухаараагүй юм байна, уг нь бараг л цээжинд байгаа л даа ккк. Тэгэхээр аргагүй мунхагийн харанхуйд автчихсан юм байна миний хувьд л…Нөгөө талаас уншлага уншиж мөргөл хийх мэт зан үйл нь залуусын хувьд бол хөгшин хүмүүсийн хийдэг зүйл, их догматик зүйл гэж санагддаг шиг байгаа юм.

  4. bat says:

    нэмж хэлэхэд сүүлийн жилүүдэд үнэхээр философигүй боллоо, явлаа. Бертольд Брехт хэлсэн гэлүү “их зорилго үгүй бол их урлаг үгүй” гэж. Түүн шиг яах гээд байгаа, юу бүтээх гээд байгаагаа мэдэхгүй, эсвэл мэдэгдүүлэх дургүйчүүдээр их л тархиа угаалгаж явж байна даа. Өнгө мөнгө философи гэж ухуулсан сионы сургаалд илбэдүүлээд…ийм байдалтай байна даа

  5. sainaa says:

    Сүнс гэхээр, таны сануулсан шигээ үхэлтэй хольдож буугаад байдаг даа. Толгойд. Гэтэл “хуулийн амин сүнс” гэхийг уншихаар СҮНС гэх нь өөрөөр буугаад ч ирэх шиг санагддаг. Учрыг нь сая уншлаа.

    “Ихийн 4 жилд” ирчихээд, юу юугүй тэр номын санд байсан зузаахан хөх хавтастай ДИАЛЕКТИК МАТЕРИАЛИЗМ гэх номыг аваад дуустал нь шургасан. Лав л жил тойрсон байх. Яг л хэлээд байсан юм даа, тэгэхэд. Сүүлд нь бодож байх нь ээ гараагаа зөв юмнаас эхэлчихсэн ч юм шиг, нөгөө бодохоор таны хэлдгээр “социализмын юм” -аас балайгаа хийж хүртвээ ч гэх шиг юм бодогдоод байдаг байлаа. кк.

    Н.ХАВХ гуайн /би мэдэхгүйч гуайлав/ номдоо сэтгэл догдлон буулгаснаар … хойн сурч ирээд эрдмийн ажил дундаа ажаад байх нь төв үзэл чинь өрнийн диалектиктай таарч буйг хараад…/эс санаад бүдүүн бараг буулгав/ гэж оршилдсон байсан.

    ДАШ-ЁНДОН гуайг унших гэхээр нэг л хийн таарч өгдөггүй юм. Миний бядуугийн өмнө тэр эрхэм уншигдах албагүй л дээ. Магадгүй надад жаахан нас хэрэгтэй байх. кк

  6. Гончигжав. says:

    Танд амжилт хусье!

  7. lamp city says:

    Монголын сэргэн мандал-Эцсийн физик онол ба Алтан дээд гэрээг сэргээн судлах явдал мөн үү?
    Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол орон өөрөөс бүтэж сэргэн мандана. Д. Бямбасүрэн
    Хөөж биш хүлээж гүйцэх нь Монгол ухаан.

  8. bg says:

    за ганаа ах сэмхэн зурагдсан ОТ гэрээний талаар яаралтай анализ бичвэл сайн байна.

    • bat says:

      харин тийм арабт очоод зурсан гэв үү

  9. Тамир says:

    Ухаж ойлгосон ухаан үлдэх, өнгөц оромдсон мэдлэг арчигдах. Философигүйгээр боловсрол олохгүй юм уу даа. Та боломж байвал танин мэдэхүй, эрдэм оюуны талаар залуучууд, дүү нартаа хэлж өгөөч. Яах гэж хүмүүс эрдэмд шамдана вэ?

  10. Anonymous says:

    Таны нийтлэлүүд энэ блогоос өөр мэдээллийн хэрэгслүүдэд тавигддаг уу? Үгүй бол яагаад?

    • Ганаа says:

      Бараг үгүй. Яагаадыг нь чи өөрөө мэдэж байгаа…

  11. Progress says:

    сайн байна уу, сайхан нийтлэл оруулсан Ганаа баярлалаа.

    Би саяхан нэг айхтар үг сонссон. би үнэн юм гэж сүүлийн 2 жил бодож байна.
    Философи ойлгодоогүй сайн инженерийг “ажлын машин” гэдэг юм байна, их бүдүүлгээр хэлбэл “ажлын мал”.

    Ямар нэгэн асуудлын цчир шалтгааны гаргалгааг сайн хийдэг хүн тухайн салбарынхаа философийг мэддэг юм байна.

    Батлан хамгаалахын салбарт бол. армийн философи,
    Боловстролын тогтолцоонд бол, шинжлэх ухааны философи,
    Инженерүүдэд бол, техникийн философи гэх байдаг юм байна.

    Тамир өөрөө ямар салбарын хүн бэ, тэр салбарынхаа философийг өөрөө олж уншсан дээрээ. Ганаа ахаар хоолоо бэлдүүлэхээ боль, өөрөө хийгээд ид.

    • bat says:

      Уучлаарай Прогресс оо, Тамирыг дэмжиж байна, Бууралаас үг сонс гэдэг байхаа.Тамир ч салбарынхаа философийг уншчих буюу уншдаг хүн байх гэж бодож байна.Ганаа ах бол “өөр даацтай” юм хийнэ шүү дээ…

    • Anonymous says:

      Сайхан хэлжээ. Баярлаа

  12. delgermaa says:

    ene edriin mend Ganaa ahaa, duugeeree ganc nom yavuulsan, tanitai holbogdoh baih-))

  13. regzen says:

    Энэ төр нэг л гайхмаар ард бидний өмнө барих ямар нэг философи /зорилго/ үгүй байлгах сонирхолтой мэт. Зугаа цэнгэл, зорилгогүй хийсвэр элдэв шоу, гэнэт хөдөлмөрлөхгүйгээр баяжих, мухар сүсэгээр баяжих,өнгө мөнгийг тэргүүнд тавих маягтай. Ядаж үндэсний үзэл /үндэсэрхэг биш/ эв эе, эв нэгдэл эх орон бие биенээ хайрлах монголоороо бахархах мэт нь тээр цаана ард иргэдээ хөдөлмөрлөхийг огт дэмжихгүй нь маш сонин агаад харамсаад баршгүй Уг нь монгол хүнд хөдөлмөрлөх боломж өгвөл гэр бүл үр хүүхдийнхээ төлөө амь биеэ хайрлахгүй хөдөлмөрлөдөг юмш дээ. Тэгээд цалинг өгөхгүй хийлгээд зальдана Тэгээд муу хэлнэ Монгол ажилчнаа осолоор алчихаад бурууг түүнд чихэнэ гэр бүлд нь хүн чанаргүйгээр /өмнөөс нь гол харалмаар / хуншгүй муухай хандана Төр шүүх ийм үед огт чихгүй бөгөөд хүрэхийн аргагүй хол агаад хүйтэн хөндий. Монгол хүн бие биеэндээ ийм байхад хятад биднийг хайрлах уу. Бид ер хөгжиж байна уу

    • Progress says:

      Manaihan shunalaa hogjij bna gej anduuraad bgaa yum. Shunal gdg tansag hereglee. Ter ch iphone 5, 6 avch gene, bi avna geed l… manaid iimerhuu teneglel zondoo bgaa. ter iphone 5, 6 buren ashiglaj ch bgaa yum bhgui. heden zurag darj fb-d oruulna, tegeed fb-d hairan tsagaa demii urne. Omno ni uher mongol baisan bol odoo ternees ch dor orchood bna daa… ee hoorhii…

    • bat says:

      tiimee vnen vg

  14. Хүн болгон уншиж бүр ухаж ойлгох ёстой зүйл. Заавал уншицгаагаарай.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: