ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 12.

“Юм бичих” тухай
Ойрдоо улс төр гэж давхисаар байгаад хамгийн гол ажлаа мартах шахсан байна. Надтай уулзсан бараг бүх залуу хүн “яаж юм сайхан бичдэг болох вэ ?”, эсвэл “Та юмаа яаж бичдэг вэ ? гэхчлэн асуух. Ингэхлээр энэ удаа “юм бичих” тухай өгүүлнэ…

– Орчин үеийн залуу хүнд “юм бичих” шаардлага байнга гарна. “Юм бичнэ” гэвэл ямар ч гадаад хүн ойлгохгүй боловч монгол судлаач залуу Та түвэггүй ойлгох нь мэдээж хэрэг.
– Оюутны курсын ажлаас авахуулаад бакалавр, магистрын, улмаар докторын зэрэг горилох бүтээл хүртэл, эсвэл зүгээр л ажил төрлийн болон хувийн хүсэл сонирхлоор Таны бичиж буй бүх зүйлийг монгол заншлаар “юм бичих” гэж нэрлэж байна.
– Мэдээж юм бичих нь даалгавраар болон өөрийн хүслээр гэж 2 хуваагдана.
– Гэхдээ энд нэг эндүүрэл буй. Ухаандаа элдэв төрлийн курсын болон дипломын ажил бол хэрхэвч даалгавар биш юм.
– Энэ бол Та сурсан мэдсэнээ харуулах нэн таатай хэлбэр. Чухам энд л Таны бүтээлч, сэтгэн бодох чадвар хийгээд мэргэжлийн ур чадвараа хэр эзэмшсэн чинь илрэх ба Та зөвхөн өөртөө зориулан хийж буй бүтээл юм.
– Энэ үед багш бол Танд зөвлөж Таны ажлын явцыг хянах л үүрэгтэй. Харин эцсийн үр дүнг Та л хариуцна.
– Харамсалтай нь тун олон залуу үүнийг даалгавар, тун хүнд дарамт гэж ойлгодог нь түүнийг эхнээсээ л буруу замаар хөтөлдөг. Мөн нэлээд тохиолдолд багш нар ч өөрийн энэ үүргийг ойлгодоггүй. Энэ ч манай боловсролын системийн дутагдал биз.
– Нөгөө нэг хэлбэр нь өөрөө хүслээрээ бичих явдал юм. Энэ бол харин Таныг хэр зэрэг нийгмийн идэвхтэй хувь хүн, хэр сайн мэргэжилтэн болохыг харуулах цорын ганц үзүүлэлт мөн.
– Яагаад гэвэл дандаа буюу насан туршдаа хүний даалгавар гүйцэтгээд байвал алсдаа сэтгэн бодох чадваргүй болж, бүтээлч сэхээтэн болж хэзээ ч чадахгүй.
– Иймээс аль ч газрын залуу хүн голдуу өөрөө бичихийг оролддог. Манайд ч гэсэн тун олон залуу хүн ингэдэг, энэ бол тун ч дэмжүүштэй хэрэг мөн.
-Харин энд л жинхэнэ асуудал үүсэх ба бичнэ гэдэг там эхэлдэг юм. Харин бичээд сурчихвал, өөрөөр хэлбэл Та сэтгэн бодож байгаагаа цэгцтэй илэрхийлээд сурчихвал энэ бол хүний хамгийн дээд жаргал байдаг юм.
– Олон хүн надаас Та “Яг яаж бичдэг вэ ?”, “Ямар хугацаанд” бичдэг вэ ?” гэж асуудаг юм.
– Энэ нь яг ширээний ард сууж үзгээ аваад бичихийг, эсвэл компьютерийн ард суугаад яг “балбах” ажлыг, түүнд зарцуулах хугацааг асууж байгаа нь илт юм.
– Тэгвэл би юм бичих ажил 2 том шаттай байдаг гэдгийг онцлон дурдаж байна.
– Нэгдэх нь Таны сэтгэлийг зовоож байгаа тэр асуудал, толгой дотор чинь эргэлдэж Таныг зовоох үе юм. Хоёр дахь шат нь толгойд байгаа юмаа цаасан дээр буулгах ажил юм.
– Миний туршлагаас үзэхэд “зовох” ажил хамгийн хүнд, түүнд зарцуулах хугацаа хамгийн их байдаг.
– Хэрэв толгойд нэг цэгцэрсэн бол цаасан дээр буулгах хоёрдугаар шат бол гялс манас асуудал бөгөөд “хүүхдийн тоглоом” юм.
– Манай практикт шууд л цаас үзэг аваад эрдэмтэн царайлаад шууд л үзэж тардаг. Эхлээд бодоогүй юм чинь толгойноос чинь бараг юу ч гарахгүй л дээ.
– Дашрамд дурдахад би ч залуудаа үзгээ аваад шууд дайрдаг “хатан зоригтон” байснаа Та нараас нуухгүй ээ. Харин одоо бол “хатан зоригтнуудыг” зад загнадаг нас чинь болчихож.
– Социологийн бүх сурах бичигт программ, төлөвлөгөө боловсруулахад нийт хөдөлмөр зарцуулалтын 70-80%-ийг зарцуулдаг гэж сургадаг нь туйлын үнэн.
– Яахав, ажлын байдлаас болоод төлөвлөгөөгөө цаасан дээр хийж ч болно, мөн толгойдоо бодоод “зовоод” явж ч болно.
– Практикаас харахад сүртэй том судалгаа биш л бол цаасан дээр төлөвлөгөө хийдэг монгол судлаач гэж бараг өдрийн од. Монгол хүн шууд л “аваад хаядаг” юм. Энэ нь угаасаа толгой сайтайн шинж ч байж магадгүй, эсвэл бүр лаг залхуугийн шинж ч байж магадгүй.
– Яг эрдэм шинжилгээ судалгааны ажилтан бол төлөвлөгөө, программаа заавал цаасан дээр хийвэл зохино.
– Зүй нь бусад ажил мэргэжлийн хүмүүс ч ингэж үйлдэх ёстой л доо.
– Гэхдээ би монгол хүний “шууд дайрдаг” сэтгэл зүйн онцлогыг харгалзаад толгойдоо төлөвлөх буюу “зовох” тухай цухас өгүүлэх юм.
– Ингээд Та юм бичихээр болж. Огт юу ч мэдэхгүй бол юм бичнэ гэж хэн ч зориглохгүй. Ингэхлээр Та бичих сэдвээрээ ямар нэг хэмжээний “мэдлэгтэй” байна гэсэн үг.
– Магадгүй энэ асуудал амьдрал дээр болж өгөхгүй Таны санаанд нийцэхгүй, сэтгэл зовоосон асуудал байх нь элбэг. Ер нь голдуу ийм л байдаг.
-Харин нэлээд тохиолдолд моод болсон зүйл байх нь элбэг буй. Энэ ч голчлон явцгүй байдаг юм.
Хувцсанд моод хөөсөн хүн ядахдаа хэдэн хувцастай үлддэг бол шинжлэх ухаанд моод хөөсөн хүн юу ч үгүй нүцгэн үлддэг юм.
– Түүнчлэн Та гадаадад энэ асуудал ямар байгааг бас л ямар нэг хэмжээгээр мэдэж байгаа. Үүнийг Та мэдэхгүй байсан ч хэдхэн ном зохиол уншаад маш амархан мэдэж болно.
– Ингээд Та бичихэд бараг бэлэн болно. Бараг л бичиж эхлэх болов уу даа.
Энэ бичлэг чинь ёс мэт дараах бүдүүвчид багтана: 1. Манай асуудлыг (проблем) буюу “зовлонг” тоочно. 2. Гадаад онол буюу гадаад туршлагыг “бахдан” бичнэ. 3. Түүнийг даган дуурайж монголын асуудлыг шийдвэрлэх “арга замыг” зааж өгнө.
– Сүүлийн 20 гаруй жилд манайд бичиж байгаа “бүх юмны” лавтайяа 95% энэ бүдүүвчид багтана.

– Ухаандаа манайд хамгаалж буй бүх эрдмийн ажил дээрх бүдүүвчид заавал мэт багтдаг. Үүнийг батлах уу ?! Их амархан ш дээ…
– Диссертацийн эхний бүлэг “Онол-арга зүйн хэсэг” гэсэн ерөнхий нэртэй байх нь хууль бөгөөд энд сэдэвт холбогдох гадаадын онол, ном зохиолыг хуулан бичнэ. Их хуулбал сайн, бага хуулбал арай бага үнэлгээ авна.
– Дараагийн 2 дугаар бүлэг “Монголын (дахь)….асуудал” гэсэн нэртэй байх нь бас л хууль. Энд мэдээж бага сага судалгаа оруулах ба гэхдээ л дээр дурдсан асуудал (проблем) тоочих аргыг хэрэглэнэ. Их зовлон тооцвол сайн, багыг тоочсон ч адилхан.
– Хамгийн сүүлчийн 3 дугаар бүлэг ерөнхийдөө “Арга зам” гэсэн нэртэй, мөн “боловсронгуй болгох”, “төгөлдөржүүлэх”, “хөгжүүлэх” гэж голдуу нэрлэдэг. Өөрөөр нэрлэх тохиолдол бараг үгүй. Энд эхний бүлэгт бичсэн “онолын” дагуу 2 дугаар бүлэгт тоочсон “зовлонг” шийдвэрлэх “арга замыг” тоочин бичнэ. Олныг тоочвол онц, цөөнийг тоочвол сайн дүн авна. Харин дунд буюу муу авна гэж ёстой гонжгор.
– Энэ нь салбар болон мэргэжлээс огтхон ч үл хамаарах хаана ч гэсэн усны дусал мэт адилхан. Ингээд би манай сэтгэлгээний хэвшмэл бүдүүвчийг нотолж чадсан гэж бодож байна.
– Би гайхаад байдаг юм. Монголчууд бид яахаараа ингэж адилхан сэтгэдэг байна аа гэж ?!
– Энэ бол хамгийн амархан атлаа хамгийн буруу, хамгийн ойлгомжтой атлаа хамгийн явцгүй арга мөн.
Үүнийг “хайч цавууны арга” гэж европт шоолдог ба “плагиат” гэж нэрлэн үзэн ядаж түүнийг хуулиар хориглодог. Бүдүүн тоймоор бол европ стандартаар “4 үг дараалан орсон санааг” хүнээс хуулсан бол заавал иш татах ёстой.
– Манайд бол санаа хуулах бол жирийн үзэгдэл, ардын ёс заншил. Заримдаа зохиогчийн нэрийг хасаад тэр чигээр нь хуулаад туучихаж байгаа юм чинь. Энэ л биднийг алж байгаа юм. Үүнээс болоод бид бие даан сэтгэн бодох чадвараа бараг алдаад байна.
Түүнээс гадна хүнд чинь нэр төр гэж, бас бусдыг хүндэтгэх гэж хамгийн чухал юм байдаг ш дээ. Энэ байхгүй бол хүн байхгүйтэй адил юм.
– Эдүгээ “юм их нарийсч” байна. Цаашдаа бүр ч “нарийсна”. Ичих нүүргүй хуулсан тэр зүйл чинь хожим Танд болон Таны нэр төр, тэр ч байтугай ажил амьдралд нөхөж баршгүй хор хохирол учруулах нь гарцаагүй.
– Иймээс Та энэ бүдүүлэг, хоцрогдсон, ужиг болсон, хэнд ч хэрэггүй,явцгүй, үлэмж хортой энэ аргаас хамгийн түрүүнд татгалзах ёстой.
– Ер нь бол оюуны залхуурлын үндсэн шалтгаан болсон энэ бузар аргаас бүх нийтээрээ, эртхэн шиг салах нь монголчуудад өлзийтэй.
Сэтгэлгээний энэ үхээнц байдлаас гарахын тулд танин мэдэх арга зүй, системт хандлага, системийн анализын шинэлэг арга зүйд суралцах хэрэгтэй.
– Ингэхэд Танд сэтгэн бод гэж толгой заяасан. Гэтэл Та энэ тохиолдолд сэтгэн бодох өөрийн чадвар боломжоо огт ашигласангүй. Хамгийн гол нь энэ ажилд Та болон Таны гэх юу ч байхгүй.
– Хэрэв ийм маягаар ажил хийж болдог бол мэргэжил эзэмшихийн хэрэг байхгүй. Ийм ажлыг зааж зааварлаад өгвөл дурын хүн, түүний дотор дунд сургуулийн хүүхдээр ч хийлгэж болно.
– Сэтгэлгээний энэ түгээмэл алдаа, арга барил зөвхөн залуу судлаачид төдийгүй, манай төр засгийн дээд түвшинд хүртэл халдварлан тархсан нь манай гол лай ланчиг мөн.
– Үнэнийг хэлэхэд би ухаантай болоод үүнийг хэлээд байгаа юм биш. Би ч гэсэн энэ аргаар нэлээд явж, олон удаа толгойгоо дүүртэл, хаширтлаа унасан учраас үүнийг хэлж байгаа юм.
– Тэгвэл яах ёстой юм ?!
– Гадаадын онол, ном зохиолд өгүүлсэн асуудлууд, түүнийг шийдсэн аргууд нийгмийн шал өөр системийн үзэгдэл учраас монголын нийгэм дэх ижил төстэй мэт харагдах асуудлуудаас мөн чанар, агуулга хийгээд шийдлийн аргын хувьд үлэмж ялгаатай.
– Гаднын ном зохиолд хийсэн дүгнэлтүүд зөвхөн өөрийнхөө нийгмийг судлан гаргасан болохоос Монголын нийгмийг судалж гаргасан дүгнэлт огтхон ч биш.
-Түүнээс гадна яг гадаад арга зүйг хуулж Монголд явуулсан судалгаанууд зөв гарна гэж номонд хазгай. Энд гадаад арга зүйд засвар оруулах их том асуудал үүснэ. Энэ талаар жичид нь бичих зав гарна гэж бодож байна.
– Үүгээрээ би монголын нийгэмд хүний бусад нийгмээс шал өөр хууль, зүй тогтол үйлчилдэг гэж хэлээгүй. Харин Монголын нийгэм ихээхэн онцлогтой гэдгийг л хэлж байна.
– Наад зах нь л хөдөлмөрийн хэт нарийн хуваарьт орсон хөгжингүй нийгмийн зүй тогтлыг түүнд бараг ороогүй байгаа монголын нийгэмтэй дүйлгэн үзэх нь ядаж л арга зүйн хувьд буруу юм.
– Эсвэл суурь үндэс, мөн чанар нь огт өөр аграр нийгмийн зүй тогтлыг манай нүүдлийн угшилтай нийгэмд шууд хэрэглэх нь бас л арга зүйн хувьд буруу юм.
Чухам энэ онцлогийг олж харах, олж барих, түүнийг механизмын учир шалтгааныг олох нь Таны үүрэг юм.
– Эндээс л там эхэлнэ дээ. Та “ерөнхийдөө мэдээд” байдаг, яг бичих гэхээр болж өгдөггүй юм. Эсвэл мэдсэн юмнууд “холилдоод”, эсвэл “зарим нэг жижигхэн юм” дутагдаад гэхчлэн…
– Энд Та янз бүрийн ном зохиол үзэж, эргэлзээгээ тайлах арга буй. Энэ бол дэлхий дахины сонгомол бөгөөд тогтсон арга мөн. Гэхдээ энд бас л ихээхэн аюул байдаг. Яагаад аюултай гэж ? Одоохон…
– Та энд тэндээс ном зохиол цуглуулна. Залхуу бол цөөнийг, ажилсаг бол олныг. Ингээд эдгээрийгээ “нийлүүлнэ.” Энд л аюул байгаа юм.
– Хэрэв Та ажилдаа бүтээлчээр хандаагүй тохиолдолд олон ном “урж байгаад нийлүүлсэн” юм хийж таарна. Яахав орчин үед “copy, paste” гэж нэрлэсэн ч ялгаагүй л дээ.
– Залхуу бол тэр чигээр нь “ураад нийлүүлнэ”, арай “ажилсаг” бол урснаа мэдэгдэхгүй гэж дунд нь элдэв юм хольж хавчуулна. Энд зарчмын ямар ч ялгаа байхгүй л дээ.
Ингэж “олон ном урж нийлүүлсэн”, “copy, paste” ажлууд манайхаар пиг дүүрэн. Үүний хэмжээ далайц, тархацыг би хэлэх нь илүүц.
– Хэрэв Та ажилдаа бүтээлчээр хандаж чадвал олон ном бүтээлээс улам их мэдлэг мэдээлэл олж авч чадна. Хамгийн гол нь бид ахиад л зовох буюу толгой дотроо цэгцлэх асуудал руу ахин орж байна.
– Иймээс Та эхлээд үндсэн ойлголтууддаа тайлбарлал өгөх ёстой. Энэ талаар бараг бүх сурах бичигт өгүүлдэг, мөн би ч гэсэн товч өгүүлсэн.
Үндсэн ойлголтоо цэгцлээгүй бол бичнэ гэж саналтгүй. Энэ л хамгийн хүнд ажил юм шүү. Яагаад гэвэл онолын болон практикийн хамаг гол үндэслэлүүд энд байдаг юм. Энэ талаар би нэгэнт өгүүлсэн хэдий нэмээд ярих хэрэг гарах байх.
– Ингээд Та ямар ч юм бичсэн бага ч гэсэн судалгаа хийх ёстой. Нэг их сүртэй биш ч гэсэн заавал хийх ёстой. Чингэхдээ гадаад биш, монгол судалгаа байвал зохино. Энэ их учиртай үгийг анхаарна буй за.
– Дараа нь сэдэвт холбогдох статистик мэдээ, судалгаа, энэ талаар гарсан ном зохиол зэргийг системтэй үзэж судлах ёстой.
– Ингээд бичиж буй асуудлын мөн чанар, түүнд нөлөөлж буй хүчин зүйл, түүний нэгдэл зөрчил зэргийн тойм Таны толгойд аяндаа ороод ирнэ. Заримдаа хурдан, заримдаа их удаан.
– Би зарим “юмаа” хэдэн жил бодож их зовж бичсэн бол заримыг нь ердөө л хэдхэн цагт бичдэг юм. Энэ нь чухам юунаас хамаардгийг би мэдэхгүй. Магадгүй бүтээлийн онгод гэж байдаг байх.
– Судлаач хүнд толгойд бодол эвлэхгүй байх шиг тамтай юм байдаггүй. Заримдаа бодож “зовж” яваад гудамжинд таньдаг хүнтэйгээ мэндлэхгүй өнгөрөх удаа ч бий.
– Намайг “олон ааштай”, “шизотой” гэсэн үг тэндээс гарсан байх гэж би боддог юм. Гэхдээ ингэж бодож, зовж зовж, санаагаа гэнэт олох шиг аз жаргал судлаач хүнд байдаггүй юм. За энэ ч яахав…
– Ер нь бол энэ болон үүнээс цаашхи юм бичих дэс дараа, арга барилыг бараг бүх ном зохиолд өгүүлдэг. Харин би энгийн үгээр маш задгай өгүүлж байна.
– Одоо бол цаасан дээр буулгах ажил үлдэнэ. Энэ ч харин урамтай ажил л даа.
– Одоо би “Яаж Тань шиг мундаг, гоё бичдэг болох вэ ?” гэсэн хэвшмэл асуултад хариулахыг хичээе.
– Ер нь бол бүх бичлэгийг дундаж боловсролтой бүх хүн ойлгох хэмжээнд бичвэл сайнсан. Харин улс төрийн буюу хялбаршуулсан бичвэрийг бага сургуулийн буюу 4 дүгээр ангийн боловсролтой хүн ойлготол нь бичих ёстой.
– Энэ бол тийм ч хялбар зорилт биш шүү. Үүний тулд Та монгол хэл, түүний хэлц үгүүд, өгүүлбэр зүйн зэгсэн сайн мэдлэгтэй байх ёстой. Сүүлийн үед монгол хэлээр англи өгүүлбэрийн бүтцээр бичдэг явдал түгээмэл болсон учраас би үүнийг зориуд хэлж байна.
– Ухаандаа “байшин баригдав”, ” зарагдсан бараа” гэхчлэн. “Гдс” орсон буюу үйл үгийн бусдаар үйлдүүлэх хэлбэрийг монгол өгүүлбэрт бараг хэрэглэдэггүй гэхчлэн олон жишээ авч болно.
– Бичлэгийн стиль бол тэр хүн өөрөө гэсэн үг. Энэ бол гарын үсэг, бичгийн хэв шиг бараг үл өөрчлөгдөнө. Нэлээд туршлагажсан тохиолдолд нэргүй бичвэрийг стилээр нь хэн бичсэнийг хялбархан тогтоож ч болно.
– Иймээс Та аль болох хурдан өөрийн бичлэгийн стилийг олж авах хэрэгтэй. Энд өгөх зөвлөмж бараг байхгүй. Ердөө л өгүүлбэрээ аль болох богинохон, хамгийн уртдаа л 4-5 мөрөнд багтааж бич гэдгийг л хэлмээр байна.
– Юм бичих талаар “Өгүүлэл бичих нь” зөвлөгөөндөө дурдсаныг Та санаж байгаа байх.
– Та хамгийн гол нь бичиж байгаа зүйлээ үнэн сэтгэлээсээ хийх ёстой.
Бусдын дарлал боолчлолд байгаа мэт, эсвэл яаж ийгээд аргалчих санаагаар бичвэл тэр чинь ёстой бүтэхгүй. Ер нь сэтгэл шингээгүй бол ямар ч ажил утгагүй байдаг.
– Та бичиж байх үедээ бичиж буй асуудалдаа орж, аль болох уншигчдаа “харж”, сэтгэл хөдлөлөө гаргавал зүйтэй. Сэтгэлийн тэсрэлт бол бүр ч сайн.
– Таны бичсэн “юмнаас” Таны хөлс, хөдөлмөр, зовлон шаналал, эргэлзээ, хүсэл зориг, тэмүүлэл, эрмэлзэл бүгдээрээ үнэртэж байвал Та амжилт оллоо л гэсэн үг. Энэ нь Танд ч, уншигчдад ч хар аяндаа мэдрэгддэг юм. Энэ бол судлаач хүний аз жаргалын агшин байдаг.
– Харин огт судалгаагүй “тэсэрвэл” бөөгөөс ялгаагүй болно гэсэн үг. Сарандаваагийн төрсөн дүү болох гээгүй бол ингэж тэнэглэж болохгүй л дээ.
– Энэ утгаараа судлаач хүн тайзнаа дуулж буй дуучин, барилдаж буй бөх, шинийг туурвин бүтээж буй инженерээс бараг ялгаагүй юм. Тэр шинийг бүтээж байна. Чингэхдээ тэр хамгийн хүнд хэцүү оюуны бүтээл туурвил бүтээж, нийгэм үндэстэндээ ач тус болж байна.
Энэ нь Танд алдар нэр, нэр төр авчирч, хувийн амжилтыг чинь чимэглэх нь гарцаагүй. Та эхлээд хүнд өгөөд дараа нь өөртөө нэр төр олох дэс дараа байгааг анзаарч байгаа байх.
– Ингээд тамирчин хүн бэлтгэлээ хийдэг шиг, урлагийн хүн дасгалаа хийдэг шиг Залуу судлаач Та ч гэсэн цуцалтгүй, бүхий л хүч чадал, сэтгэл зоригоо дайчлан ажиллаад бай. Харин энд оюун ухаан мэдлэг гэсэн манай мэргэжлийн нэг л үг нэмэгдэнэ.
Та болж өгвөл олон юм зэрэг бичихийг оролдвол тун зүгээр. Энэ нь хэд хэдэн сэдвээр зэрэг зэрэг бодно гэсэн үг л дээ. Нэг л нийгэм учраас хаа хамаагүй, огт холбоогүй сэдэв гэж байдаггүй юм.
Нэг сэдвээс нөгөө сэдвийн санаа урган гарах тохиолдол нэн элбэг. Эхэн үедээ энэ тун хэцүү. Нэгийгээ барахгүй “нусаа гоожуулж” байж юун хоёр гурвыг зэрэг бодохтой (бичихтэй) мантай гэж Та бодож болохгүй.
Санаа зовж буй сэдэв олон байх тусам Таны системчлэх чадвар нэмэгддэг гэдгийг сайн санах хэрэгтэй. Би “үй түм” гэж хэлээгүй, 2-3, болж өгвөл 3-4 сэдэв байж болно биз дээ.
– Ухаандаа дуучин гэхэд нэг дуун дээр биш, урын сан дээрээ ажилладаг байх, тамирчин хүн нэг барилдаан биш, мэхийн системээ боддог байх. Тэрэнтэй л адилхан ш дээ.
Таны амьдрал нэг өгүүллээр дуусахгүй, Та цаашдаа маш олон юм бичих учраас зэрэг зэрэг бодох нь зөв.
– Гадаадын аль ч хэлэнд “юм” бичнэ гэдэггүй, зөвхөн тодорхой сэдэв бүхий зүйл л бичнэ гэж ярьдаг. Харин монголд л ганцаараа “юм бичнэ” гэж ойлгодог ба ярьдаг. Монгол хэлэнд юм гэдэг нь: “аливаа байгаа бүх бодот, зарим хийсвэр зүйлийн ерөнхий нэр” юм.
– Ингэхлээр “юм” бичнэ гэвэл “бүх юмыг” л бичиж таарна даа. Энэ ч яахав шоглож хэлж байгаа юм.
– Дуучин хүн үзэгчдийн байдлаас хамаарч уран бүтээлийн сангаасаа аль нэгийг л сонгож дуулдаг, тамирчин хүн үйлээ үзэж сурсан хэдэн мянган мэхнээсээ тухайн үед нэгийг л сонгож хэрэглэдэг.
– Та ч гэсэн мэдлэгийн санд буй олон сэдвээсээ нэгийг л сонгож бичиж сурах хэрэгтэй.
– Нэг юм бичээд “сум” нь дуусчихвал ямар олиг байхав. Иймээс Та цаг ямагт “буу сумтай” явах ёстой. Сум аль болох их байвал мэдээж сайн хэрэг. Энэ бол Таны мэдээллийн сан юм. Энэ нь бас мэдлэг хийгээд туршлага юм. Энэ тухай би бас л бичсэн.
– Зовохгүй хийдэг, бүтдэг, амжилт олдог ажил хөдөлмөр, мэргэжил гэж энэ дэлхийд байхгүй байх. Харин бусад ажил мэргэжил зөвхөн залуу насандаа л амжилт олж болдог бол судлаач хүний оюуны хөдөлмөр насан туршдаа амжилт олох боломжтойгоороо л ялгагдана.
Иймээс судалгааны ажил бол насан туршийн үйлс мөн.
– Ингээд Эрхэм залуу судлаач Таны “юм бичихэд” хамгийн их амжилт хүсэн ерөөе.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 05 дугаар сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

20 Responses to ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 12.

  1. bat says:

    Ganaa ahdaa bayarlalaa.saihan zuvluguu baina.sudalgaanii ajil ch saihan l daa.manaid yamar ch yumiig neg hevend tsutgachihaad l zvtgvvleed baidag yum daa.yostoi copy, paste ih tusam sain.tegeed l erdmiin zuvlul ene ter ni gadaadad yu gej uzej baigaa yum be, olon ulsad zuvshvvrugdsun arga zvi, impact factor undurtei setgvvl ene ter geed l. huuchin orost tugssun oros school toi, arga bariltai hvnii shavi hetsvv…bagsh ni uuriinhuu sursnaar yarij bichne, nuguu svvliin veiin nuhduud ni nuguu svvliin veiin method, angli hel deerh setgvvl, baruunii yumaa yarij svrhii tsarailana…

  2. Enee says:

    Tand ikh bayarlalaa.Tanii bichsen. Zaluu sudlaachdad uguh zuvluguu nertei tsuvral-g shimten unshij uurtuu hevshuuleheer meriij bainadaa. Ene meteer uuriin turshlaga, surgamjiig zaluus bidend setgeleesee zaaj surgah huntei baih uneheer saihan yum. Dahin bayarlalaa tand! Eruul enkhiig huseye.

  3. sainaa says:

    Тун их баярлалаа Танд… хэзээ бичиж оруулах болоо л гэж бодож байв.

    … тэр бүдүүвч нээрээ гол татуултал бууж байна шүү. кк. Хуулна гэснээс “обьект” их чухал юм бол уу! Ухаандаа, анагаах ухааны салбарт алив эмнэлзүйн аргыг нэвтрүүлэн судлан тавьхад үндсэн сууриараа тохирсонгүй гэх зөрчил барагтаа гарахгүй гэж бодох.

    Гэснээс, Гадны ялангуяа АНУ-гийн тийм эрдэмтний “стандарт загвар” “загвар” гэсэн бэлэн аргачлалаар судалгаагаа хийгээд үрдэнлэх явдал байдаг. Болно, болохгүй нь тухай биш…

    Бичлэгийн стиль дээр, Найруулгын ном харахаар ангиллууд байгаад байдаг академик, албан бичгийн … гэх мэтээр. Заавал энэнд баригдах уу! Жишээлбэл таны бичлэгийн стилл яг энэ хэвээрээ академик бичвэр дээр буугаад ирвэл энд нэг их буруудахгүй биз дээ. Уншихад гоё ш дээ.

  4. Anonymous says:

    Oor hev mayagaar bichiheer huleej avaad tootsoj dugneh hun hovor yum da. Ihenh n l uhshirmel huuchin setgelgeegeer unelj zaaval deerh shig bichihiig shaardana

  5. dald shavi says:

    Танд их баярлалаа намайг орох газаргүй болтол уудалсанд. Эхлээд гуниг төрж, дараа нь бага зэрэг сэтгэж, одоо шинээр бүх юмыг эхлэх урам зориг орлоо.

  6. Anonymous says:

    bayarlalaa

  7. dald shavi says:

    Их баярлалаа намайг уудалж, шинэ чиглэл өгсөнд. Гашуун ч гэсэн үнэн үг гэж…..

  8. tsendjav says:

    Sain zovlogoo ogsond bayarlalaa

  9. Жаргал says:

    Сайн байна уу, хэрвээ түгээмэл, Баруунд бараг маргаангүй үнэн гэж үнэлэгддэг зарим онол теоромыг шууд Монголын нөхцөлд ашиглаж болох уу:

  10. Anonymous says:

    Гялайлаа, энэ зөвлөмжөө битгий тасалдуулаарай.

  11. Anonymous says:

    Гайхамшигтай.
    Тэр бүдүүвчийн тухайд бол… яг ийм дарааллаар бичих ёстой гэдэг ядаргаа диссертацид байдаг юм болов уу гэж бодсон. Яг баригдмал. Унших хүнд амар байх талаасаа юм уу эсвэл яагаадыг мэдэхгүй.

    Таны цаашдын ажилд амжилт хүсье!
    Бичээд байгаарай.

  12. у says:

    Баярлалаа

  13. Anonymous says:

    Баярлалаа

  14. anonymous says:

    Танд баярлалаа.

  15. Ganzorig says:

    Сургамжтай бодууштай зүйл бичсэнд баярлалаа. Нэг зүйл лавлах гээд “Чингэхдээ” гэж хэд хэдэн удаа гарсан учраас ийм үг байдаг юм бол уу гэж бодлоо? Эсвэл үсгийн алдаа юу?

  16. bor says:

    Заавал мундаг сайн бичих шаардлага байхгүй өөртөө байгаа боломжоор чадлаараа бичиж л байх хэрэгтэй чадвартай мундаг эрхэмүүд тоож уншихгүй ч үр хүүхэд аав ээж найз нөхөд нь унших л байх даа . Хэрэгтэй сайхан зөвөлгөө байна.

  17. bold says:

    bayarlalaa.

  18. Ariuka BT says:

    Сайн байн уу? Ганаа ахаа би саяхан Москвад Социологийн мэргэжилээр төгсөөд ирсэн юмаа, Тэгээд одоогийн байдлаар ажил хайж байгаа, Манай монголчууд нийгмийн ажилтан юмуу гээд сайн мэдэхгүй байгаан энэ мэргэжлийг. Танитай боломж байвал уулзаж зөвөлгөө авмаар байнаа. Уг нь миний энэ мэргэжил нь төрөл бүрийн судалгааны аргыг ашиглаж нийгмийг судлах олон нийтийн аж байдал болон үзэл санааг илэрхиййлэх зорилготой мэргэжил гэж боддог. Тэгээд та боломжоороо надад зөвлөгөө өгөөрэй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: