Г.УЯНГА: БОДЛОГЫН БАРИМТ БИЧГЭЭР ЗОРИЛГОД НЭГДЭХ ЁСТОЙ !

УИХ-ын гишүүн Г.Уянгын шинэ ярилцлагыг хүргэж байна.

-АН МАН-ыг засгаас хөөх талаар ярьж байна. МАН-ынхан хөөгдөж байснаас өөрсдөө гарна гэсэн байр суурьтай байгаа. Хамтарч засаг байгуулсан атлаа гэрээгээ муу биелүүлсэн гэж бие бие рүүгээ бурууг тохож байна. Таны хувьд энэ бүхнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Нэгийгээ засгаас хөөх, нөгөө нь гарах эсэх нь надаас шалтгаална гэж үү

-Шийдлийн Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ. АН, МАН хоёр нэгдээд ажил урагшлах нь уу гэтэл бас л үгүй юм шиг. Шийдлийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж байх шиг байна. Энэ тал дээр таны байр суурийг сонирхвол?

-25 жил үзсэн кино, сонссон хөгжим бол МАНАН. Энэ хоёрыг урд хойно нь оруулаад Монголыг өөрчлөхгүй. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Нийгмийнхээ суурь гэрээ-Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр ямар ч найдвар хэнээс ч хүлээх хэрэггүй. Засгийн газрыг огцруулах талд санал өгөөд, санаачилга гаргаад байгаа нь өөрчлөгдөнө гэж найдсаных огт биш. Ердөө л зовлонг хурдан дуусгах гэснийх.

-УИХ Засгийн газрын ажлыг гацаагаад байгаа талаар хөндөх боллоо. Тухайлбал Ерөнхий сайд Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг яаравчлуулахыг УИХ-аас хүссэн. Үнэхээр Засгийн газрын ажлыг УИХ гацаагаад байна уу?

-“Шийдлийн” нэртэй Засгийн газрын “шийдчихсэн” ажлуудыг нь гацаах байтугай таслан зогсоох ёстой, тэгэхгүй бол “Шидлийн засаг” болох гээд байна. Монголыг өрөнд тавиад тууж байхад нүдээ аниад л явуулаад байж болохгүй. Оюутолгой, Тавантолгой төслийн тухайд ярьж байна. Хуулийн төслүүдийг УИХ журмаараа хэлэлцээд батлахыг нь батлаад, болохгүйг нь буцаагаад л явуулж байгаа.

Ер нь энэ парламентад хэн нь ч гомдол тавиад байх учиргүй. Нөгөө 25 жилийн өмнө баталсан Үндсэн хуулиар мөрөөдсөн “ардчилал” чинь энэ шүү дээ. Одоо нэг их ад үзээд л, уурлаж бухимдаад, шоолж баалаад байх явдалгүй. Монголын ардчилал өөрөө өөрийгөө толинд харж байгаа нь энэ шүү дээ.

-Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурагдчихлаа. Одоо эдийн засаг сэргэх болов уу?

-Одоо сэргэж байгаа юм шиг санагдаж магадгүй, ер нь бол үгүй. Ард иргэдийн амьдрал бол бүр ч сайжрахгүй гэдгийг баталгаатай хэлмээр байна. Яагаад гээч?

Нэгдүгээрт, энэ гэрээ нийгмийн олонхид ямар ч хамаагүй. Оюутолгойд ажилд ордог, тэнд бараа шахдаг, түүгээд дамжиж бизнес нь хөдөлдөг компаниудын олонх нь эрх мэдэлтэн, мөнгөтнүүдийг тойрсон хүрээллийнхэн.

Хоёрдугаарт, төсөлд зээл авч цааш явуулснаар хүмүүс ажилтай болно, ОТ ажилчдаа халахгүй болно гэдэг. Энэ сайн, гэхдээ хүмүүс ажиллаад цалингаа аваад явж байгаа нь 1-2 мянган хүн. Цөөн хүн амьжиргаагаа залгуулж байгаа нь эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ цалин бол дотоод хуримтлал бий болгодоггүй.

Ер нь уул уурхайн салбар ажлын байр олноор бий болгодоггүй. Дээр нь монголчуудаас илүү гадныхан олноор ажиллаж хамаагүй их цалин авч байгаа. “Оюу толгой”-н уурхайг барихад ч, ашиглахад ч тэр. Манай татварын албанаас “Оюу толгой”-г шалгасан шалгалтын дүнг нууцалж байсныг олон нийтэд ил болгосон. Тэндээс энэ баримтыг харж болно.

Мөн компаниуд ажилтай болно, түүгээр дамжиж олон мянган хүн дам ажлын байраар хангагдана, тэр компаниудаас татвараа авна, үүгээр төрийн албан хаагчдын цалинг тавина гэлцдэг. Гахайн хялгасаар дээс томж найзыгаа уснаас аврах гэдэг дэвхрэг, шоргоолжны үлгэртэй адилхан сонсогдож байгаа биз. Гэвч үүнийг мушгиж, муулах шалтгаан алга. Бас л сайн хэрэг. Гэхдээ цөөн нийлүүлэгч компанийн ажилчид болон төсвийн ажилчдын нэг хэсэг амьжиргаагаа залгуулна, эндээс бас ямар ч хуримтлал үүсэхгүй. Компани ашгаа хийнэ. Тэр ашиг ч бас л хуримтлагдсан өрийг төлөхөд ямар ч падлийгүй, эзний л орлого юм.
Гэтэл хоёр жил хүрэхгүй хугацааны дараа төлж эхлэх энэ их өр зээлээ яах болж байна аа, хэдүүлээ? “Оюу толгой”-гоос ашиг хийж байгаа компани нь цөөхөн. Харин өрийг нь монголчууд гурван саяулаа төлөлцөнө гэдгээ мартаж болохгүй…

-Уг нь тэр даруй долларын ханш буурсан. Харамсалтай нь шүүмжлэлтэй зэрэгцээд дахин өслөө?

-…Гуравдугаарт, долларын ханш буурч, төгрөгийн ханш тогтворжиж, эдийн засаг сэргэнэ гэдэг. Ханшны бууралт түр зуурын үзэгдэл. Бид импортлогч, хэрэглэгч, нэг компаниас хараат төсөвтэй улс хэвээр байсан цагт төгрөгийнхөө ханшийг тогтвортой удаан хугацаанд барих чадваргүй байх болно. Ханш Уянгаа Ганбаатар хоёроос болж хөдөлдөггүй гэдгийг эхлээд ойлгож авах хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, “Оюу толгой” зээлээ авч цаашаа явах нь дэлхийд эерэг мессэж түгээж хөрөнгө оруулалт Монгол руу цутгана гэдэг. Монголд мөнгө цутгаад байх төсөл бараг алга. “Оюу толгой”, “Таван толгой”, түүний дундах цахилгаан станц гэсэн гурвалаас олигтой орлого олохооргүй гэрээг бид хийчихсэн. Эдгээр төслүүдээс Монголд зүйрлэвэл, хусам нь, алимнаас ганц зүсэм, поончигноос бол нүх нь оногдох юм даа. Дэлхийд үнэтэйд тооцогдох том ордоо амьжиргаа залгуулах төдий орлогын төлөө бусдад найр тавьж болохгүй л дээ, төрт улс л юм бол.

“Оюу толгой”-н хангалтын дийлэнхийг гадны компаниуд хийдэг юм шүү дээ. “Жиангсу Жиангду” гэдэг Хятадын групп 2010-2012 он гэхэд л барилгын ажлын 8 гэрээ байгуулж, тэрбум 71 сая ам.доллар доллар авсан байх жишээтэй. Тэр байтугай манай хөрөнгө оруулагчид өөрөө өөртөө зээлээр тоног төхөөрөмж нийлүүлээд хүүтэй нь биднээр төлүүлж суудаг юм шүү дээ. Хамгийн гайхалтай нь үүнийг шалгаж мэдсэн манай Засгийн газар ард түмнээс, бүр УИХ-ын гишүүдээс үүнийг нуудаг.

Муу гэрээг улам муутгахад бидний амьдрал сайжирч, эдийн засаг сэргэнэ гэж байх уу? Харин ч нэг их удалгүй энэ их өрөө төлөх гэж томоохон асуудалд орно. “Оюутолгой” одоо найдвар биш дарамт л болно доо, хэрэв гэрээг энэ чигээр нь явуулсаар байвал. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниудад төлөх үндсэн өр бараг 3 тэрбум ам.доллар болчихоод байна.

Яг энэ янзаараа үргэлжилбэл, уучлаарай, бид эндээс ногдол ашиг ч горьдолтгүй. Ноогдол ашиг байтугай өрөнд ороод салах болчихоод байна. Ерөнхий сайд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхдөө улсаа тэр чигээр нь ангал руу чирээд байх хэрэггүй.

-Ер нь та энэ гэрээний төлөвлөгөөнд гарын үсэг зурахыг хамгийн ихээр эсэргүүцэж байгаа гишүүдийн нэг. Эсэргүүцэх шалтгаан тань юу вэ?

-Энэ бол төлөвлөгөө биш гэрээ. Бичиг мэддэг хэнбугай ч уншаад л мэднэ. Дубайн гэрээгээр өмнөх засгийн газрын гурван сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг юу ч биш болгосон. Энэ шалгалтаар 1,4 тэрбум долларын хөрөнгө оруулалтын үндэслэлгүй хэтрэлт, 1,8 тэрбум долларын санхүүгийн зөрчил илэрсэн. Нийт 3,2 тэрбум долларын асуудлыг зүгээр л дарчихсан. Энэ чинь шудраад л арилгачихдаг тийм бага мөнгө үү?!

Хоёрдугаарт нэмж 6 тэрбум долларын өр тавихдаа ОТ ордын бүх лиценз, эрхийг барьцаалахыг зөвшөөрсөн. Үүнтэй холбогдуулж Монгол Улс бүхий л талаар үүрэг хүлээх, жишээ нь хууль тогтоомж, эрхийн актуудаа уг гэрээнд нийцүүлж тайлбарлаж байх үүрэг хүлээсэн.

Гуравдугаарт, ордоо барьцаалж зээлсэн энэ их мөнгө хамтарсан “Оюу толгой” компанид биш хамтрагч “Рио Тинто” компанийн дансанд байрлаж, төсөлд хэрэглэх болохоороо тэндээс хүүтэй зээлж авахыг хүлээн зөвшөөрсөн. Мөн ТЭЗҮ-г заавал мөрдөх баримт бичиг биш гэж үзсэн. ТЭЗҮ бол эдийн засгийн суурь тооцооны баримт бичиг. Үүнгүйгээр хөрөнгө оруулалтыг хянаж дүгнэх бололцоогүй. Яаж ингэж чаддагийг би ойлгохгүй байна. Дээрээс онцолж хэлэхэд одоо авах энэ зээл зөвхөн нэг бүлэг ордын нэг л үе давхаргад хамаатай. Дараа дараагийн үе давхаргуудад хамаагүй гэж заасан. Үе давхарга болгон руугаа орохдоо зээл авах эрхийг нөгөө талд нээсэн гэсэн үг. Зээлж ирсэн мөнгөнөөсөө нөгөө тал менежментийн төлбөр, зээл зуучилсан хөлс гэхчилэн баахан суутгал хийгээд үлдсэнээс нь төсөлд зээлнэ гэсэн байгаа.

Ийм гэрээнд зурсан Ерөнхий сайдыг огцруулах бол наад захын л хариуцлага. Монголчуудыг нийтэд нь өрөнд бариулж өтөнд идүүлэх энэ гэрээг байгуулсан, үргэлжлүүлсэн бүх хүмүүс улстөрийн төдийгүй эрүүгийн хариуцлага хүлээх учиртай юм л даа, юм ном ёсоороо байдаг бол, уг нь.

Үүнийг бүр заалт бүрээр бичиж сайтад гаргасан. Гэтэл манай ард түмэн юм уншихгүй байна. Юмыг ухаж ойлгохыг хичээдэггүй болж. Фэйсбүүкээр тавьсан мэдээлэл маань Америк Англид хүрэх боловч төрийн ордноос 2км-ийн цаана байгаа гэрийн хорооллын иргэдэд хүрэхгүй байгаа нь эмгэнэл юм даа. Үнэндээ сүүлийн үед хэдэн жилийн өмнө мөрөөдөөд ч олохооргүй барим тавим баримтууд дэлгэгдэж байна. Үүний эсрэг эрх баригчид зохион байгуулалттай сөрөг суртал явуулж байна. Тэгээд эцэст нь өөрсдийнхөө тараасан тэр сурталдаа өөрсдөө итгээд түүндээ дулдуйдаж шийдвэр гаргадаг, нэг тийм бодат бус ертөнцөд л нэг хэсэг нь амьдраад байна даа.

Гэтэл асуудлыг ингэж шийддэггүй, тооцоо судалгаанд үндэслэж, мэргэжилтнүүдээ ажиллуулж, шалгалтын дүнд үндэслэж өөрийн эрх ашгийг хамгаалж, бодож боловсруулж шийддэг. Ингэхгүй юм бол яах гэж олон олон шалгалтын ажлын хэсэг байгуулж, цаг алдаж жүжиглэсэн юм бэ? Улс орны аливаа асуудлыг шийдэхдээ эсрэг нотолгоо гаргаж ирснийг нухчин дараад цаад талтайгаа хамтарч язгуур эрх ашгийнхаа эсрэг тэмцдэг ийм л хүмүүс төрийн удирдлагад хэт олонх болчихоод байна.

Хэдхэн зальт этгээд дээрээ бөөгнөрчихөөд төрийн албан хаагчдын хийсэн ажлыг хүртэл баллуурдаж харийнханд үйлчилж суудаг болж.

-Та С.Баярын нууц хөрөнгөнүүдийг ил гаргасан. Гэвч энэ бас асуудал дагуулаад байгаа бололтой. Энэ асуудал АТГ-д шалгагдаж байгаа гэсэн. Юу болж байгаа вэ?

-АТГ иргэн С.Баярыг шалгаж эхэлснээ надад албан бичгээр мэдэгдсэн. Миний хувьд баримтуудыг олон нийтэд хүргэж, тэдний хяналтыг бий болгосон. Анхны эх сурвалжтай нь ч холбож өгсөн. Одоо шалгах газар нь шалгаж дүгнэлтээ гаргаад, хуульд заасан арга хэмжээ авах ёстой гэдгийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн та бүхэн хянаж, сануулж байх л үлдлээ шүү дээ. Би хувьдаа үүргээ “онцсайн” гүйцэтгэлээ. АТГ-г харцгаая. Ямар дүгнэлт гаргах нь вэ гэдгийг. Үүгээр мундахгүй төсөв авдаг АТГ-г өөрийг нь бас давхар шалгаж байгаа хэрэг. Нийгмээ, төрөө ямар болчихоод байгааг харах бас нэг том индикатор юм даа, энэ хэрэг. Одоо энэ асуудлыг надаас биш АТГ-аас асуу.

-С.Баяр болохоор өөрөө надад ийм хөрөнгө байхгүй гээд байгаа?

– Тэр долоон байшин Ерөнхий сайд асан С.Баярт байгаа бүх хөрөнгө гэж би л лав огт итгэхгүй. Тэр баримт АНУ-д байгаа хөрөнгийг нь, бас мөнгө угаадаг сүлжээг нь илрүүлсэн. АНУ-ын бүртгэлийн систем, ил тод байдал үнэхээр манай ардчилагчдад үлгэр жишээ болохоор “дүр эсгээгүй” байгаа биз? Үүнийг нь сурах, нэвтрүүлэх хэрэгтэй л дээ. Тэр дундаа “бүртгэлийн төгөлдөршилт”-өд уриалсан хүн өөрөө төгөлдөршсөн бүртгэлийн системийн үр ашгийг үнэлж цэгнэх биз. АТГ үүнд бас анхаарч мэргэжлийн түвшинд ажиллах ёстой.

-Өрийн таазыг дахин нэмэх талаар яригдаад удлаа. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед өрийн таазыг нэмэх нь хэр оновчтой юм бол?

-Жаахан хүүхэд нүдээ гараараа дарчихаад өөрийгөө бусдад харагдахгүй байна гэж итгэдэг шиг гэнэн л юм даа. Миний харахад юунд, хэрхэн зарцуулахаа мэдэхгүй байж нүдээ аньж өр тавиад байх хэрэггүй. Манайхан эдийн засгаа агшааж болохгүй, өрийн таазаа нэмэгдүүлж зээл аваад цаашаа явах хэрэгтэй гэж яриад байх юм. Бодтой эдийн засагт агших тухай ойлголт байхгүй, хэт хөөсөн эдийн засаг л бодат байдалтайгаа нүүр тулах асуудал байгаа.

Үүний улстөрийн хариуцлагыг хүлээх учиртай одоогийн эрх баригчид, 25 жил эдийн засгаа үлээсэн бөмбөлөг шиг болгосон хүмүүс бодат байдалтай тулахаараа сандралдаад байгаа юм. Чөлөөтэй л бай, хүн болгон юу дуртайгаа хий гэсэн 25 жилд тасралтгүй хөөс үүссэн. Үйлдвэрлэл байхгүй, худалдаа-үйлчилгээ зонхилсон, мал аж ахуй таваарлаг бус, газраа ухаад зардаг ийм л улс бүтээсэн. Ийм улс нэг компанитай тулахаараа шалчийж байгаа юм. Энэ хөөс бодат байдалдаа бууна гэдэг нэлээд юм болох байх. Түүний аригийг төр засаг, улс төр нь даана гэдэг л амаргүй болчихоод байна.

Уг нь идэхээ л больчих хэрэгтэй, даан ч ингэж чадахгүй болчихсон, 25 жилд бүтээсэн машинаа өөрсдөө зогсоож дийлэхгүй болсон. 10 дахин өндөр өртгөөр хөлдүү соёлын төв, хальс шиг нимгэн зам барьж, хөшөө босгож, муу хийснээ нууж ард түмнийг ховсдохын тулд төсөвлөсөн мөнгөнөөсөө суварга босгож, наадам хийж, дундаас нь мөнгө зувчуулж сурсны гайгаар төсвийн хөрөнгө оруулалт гэж дааж давшгүй ачаа болсон байна. Орон нутагт соёлын төв бариад байдаг гэтэл хүмүүс маань тэр төвд нь соёлжихын оронд нийслэлд нүүж ирээд байна шүү дээ. Хэт нягтарснаас хотод сургууль цэцэрлэг барих газар ч олдохгүй болж. Үүнийг нь далимдуулж дүүрэг хотынхон төрдөө үнэтэй газар шахах санаатай гүйлдэнэ. Үүнээс болоод манай төсвийн хөрөнгө оруулалт хүнээ дагадаггүй, засаг захиргааны хуваарь, тойрог дагасан үр ашиггүй үрэлгэн болоод байна.

Тэвчиж болох хөрөнгө оруулалтуудаа түр царцаагаад түүгээрээ цалин хөлсөө тавиад, өр зээлээ нэмэхгүй шиг байж, төсвийн дарамтнаас салчихаад Оюу толгойтой тухтай тулхтай хэлэлцээрт орж болох л байсан. Гэвч хамтарч байгаад үрж цацаж, хэдэн зуун тэрбумын бонд гаргаж нөгөө мөнгө иддэг ёроолгүй сав руугаа асгаад байна. Тэгээд төсөв муудлаа, бүсээ чангал, ээмэг бөгжөө тавь гэж айлгаж байгаад ашиггүй гэрээнд нууцаар гарын үсэг зурж байна.

Хөгжлийн яамаа буулгачихсан, сангийн яам нь өрийн босготой босгогүй өр тавьж төсвөө нохойн ам нийлүүлж, Монгол банкныхан нь нэг нэгэндээ хэдэн зуун саяар нь мөнгө тарааж байхад энэ улс яаж өөдөлдөг юм. Энэ бүхнийг ганцхан зээлээр л шийддэг, түүнийгээ эдийн засаг тэлж байна гэж тайлбарладаг байж болох уу?

Үнэндээ эдийн засаг зээлээр тэлж, хүүгээр хөөсөрч байгаа.Түүний оронд байгаа мөнгөө зөв зарцуулахад түлхүү анхаарах хэрэгтэй. Эдийн засаг салхи үлээхэд хийсч оддог хөөс байж болохгүй. Бат тогтвортой, салхи байтугайгаар цохиж унагах гэхэд ганхдаггүй эдийн засагтай байна гэвэл үйлдвэрлэлийг л хөгжүүлэх.

-Одоо бий болоогүй үйлдвэрлэлд хугацаа хэрэгтэй? Тэр болтол хямрал үргэлжлэх хэрэг үү?

-Харин энэ л хөөсөн эдийн засаг бодат тавцандаа буухыг, тэр хугацааг даван туулахыг “зовлонтойгоо нүүр тулах” гэж хэлээд байна л даа. Уртаашаа гуравхан сая хүнтэй зах зээлд 90 гурилын үйлдвэр, эм импортлогч 150 компани, 100 их дээд сургууль, мянга гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэдэн зуун барилгын компани, 600 аялал жуулчлалын компани байна гэх мэт статистик бол яавч эрүүл биш байгаагийн шинж. Нөгөө үл үзэгдэгч гар зохицуулах биш боомилж байна эднийг. Багтаамж муутай зах зээлд ёстой л өлсөж үхэхгүйн төлөө ажиллаж байна шүү дээ. Эд бүгд амьд үлдэх ямар ч боломжгүй, уучлаарай. Үүнийгээ бид эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнийг зохицуулах үүрэг нь төрд байгаа.

Өр зээлээр бүгдийг нь аварч үлдэх ямар ч бололцоо байхгүй. Наад зах нь ийм зовлонтой бид тулах хэрэгтэй болно. Өвдөнө, харин үхэж болохгүй. Үхэхгүйн тулд өвдөлт тэвчих шаардлага заавал гарна. Хийж эхлэх л хэрэгтэй.

Дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа юухан хээхнээ ч гэсэн валют гадагш урсгаж импортлохоо болимоор байна. Гутал, хувцас, хүнс, барилгын материал, тавилга, бусад бэлэн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд эхлээд импортоо нарийн судалж ангилах хэрэгтэй байна. Зайлшгүй импортлох шаардлагатай, эндээ үйлдвэрлэдэггүй, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний импортын татварыг тэглэе. Шууд өндөр татвар тогтоовол хомсдол үүсч үнэ хөөрөгдөх бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлийг нь дэмжихтэйгээ зэрэгцүүлэн үе шаттай, аажмаар нэмье. Тансаг хэрэглээний болон дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ импортын татварыг хэдэн хувь ч нэмж болно шүү дээ.

Дэлхийн худалдааны байгууллагад элсэхээр худалдааны нөхцөл таатай болдог гэсэн ганцхан үндэслэлээр нэгдчихсэн маань одоо үйлдвэрлэлийн хөгжилд тушаа болох хэмжээнд хүрч байна. Экспортын цөөн бүтээгдэхүүний компаниуд маань өрсөлдөж байгаа нь энэ гэж үнээ унагаж бусдын аманд багтаж явдаг болж. Эдийн засагт нөлөө бүхий экспортын гол нэрийн бүтээгдэхүүнд төрийн монополь байх ёстой.

“Политэконом” гэж олон хүн дуулсан байлгүй, улстөрийн бодлогын үр дүнд л эдийн засгийг хөгжүүлдэг. Түүнээс зөнд нь хаячихдаггүй, хаявал өнөөгийнх шиг л болно. Салбар дундын баланс гэж бас сонссон байх. Салбаруудаа зохицуулж, ашигтайгаар нь ашиг багатайгаа чирч босгож болно, улсын “дотаци” өгөх нь гэж мушгих хорон санаатан зөндөө л байгаа байх, үнэндээ татварын зохицуулалт шүү дээ. Шинэ салбарууд нээж, компаниудыг ашигтай бизнес рүү чиглүүлж өгөх үүрэгтэй.

Дээр нь бид толгой төслүүдийг гацаа гээгүй, дотоод асуудлаа шийдээд, “Рио”-той эрх ашгаа хамгаалсан гэрээ хийгээд, хөрөнгө оруулалтаа татаад ажиллаад яв л гэж байгаа. Энд гэрээ хэлэлцээрийг сайн муу хийсэн тухай асуудлыг ярьж байгаа болохоос төслийг явуулах, явуулахгүй тухай асуудал огт байхгүй. Эцсийн дүндээ Уянга, Ганбаатар хоёр л Рио, МАНАН хоёрыг зогсоогоод, долларын ханш хаашаа хөдлөхийг шийдээд байна гэж дайрдаг болж. Хэрэв тийм бол би намайг ингэж үнэлсэнд баярлалаа.

Нөгөө талаар энэ юу гэсэн үг вэ гэвэл үнэн бидний талд байна гэсэн үг. Тиймээс бид зоригтой байгаа юм. Үнэн ямар хүчтэйг л эндээс харж болно. Харин тэд айж, бэмбэгэнэж, ил мэтгэлцэхээс зүрхшээж байна. Оронд нь хөлсний бичээч, сэтгэгдэлчдээр явуургүй хараалгаж, үндэслэлгүй нэр хоч өгч байх шив дээ. Тэрнээс чинь би мөн ч их “айна” даа.

Ер нь бол бие даагчид биднийг хасахад 70 хүн ямар ч асуудлыг хүчлээд явж чадна. Зөв шийдээд ёстой нэг монголоо гэсэн сэтгэлээр ажиллаад үр дүнд хүрээд эхэлбэл бид ч баярлана, ард түмэн ч баярлана. Ингээж урваганаад улцаганаад цээжний наймаа бодоод байвал хямрал удаан үргэлжилнэ, зовиуртай үргэлжилнэ.

-Манай улс Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын зээл авах талаар яригдаж байна. Зээл тусламж нэмж аваад байхаар өрийн таазад нөлөөлөх юм биш байгаа. Таны хувьд юу гэж бодож байна вэ?

– “Бид л амьд үлдэж байвал бусад нь яахав”, “Монгол дампуурна, гэхдээ намайг засаг барьж байхад л биш шүү” гэдэг хөгийн зарчмаар энэ Засгийн газар, манай Ерөнхий сайд ажиллаад байна шүү дээ. Энэтхэгийн зээл бол дэд бүтцэд өгч байгаа зээл юм билээ. Бас геополитикийн сонирхол ч байгаа л байлгүй. Манайх шиг өргөн уудам нутагтай газар хөнгөлөлттэй зээлээр дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай. Гэхдээ өнөөгийн төсвийн хөрөнгө оруулалт шиг зарчмаар бол бас л элсэнд асгасан ус болно. Үр ашигтай, төвлөрсөн байдлаар асуудлыг шийдэх нь эдийн засгийн хүч нөөц султай улсад илүү ашигтай харагддаг.

-Тавантолгой гацаанд орж, өнөөдрийг хүртэл хэрхэх бол гэсэн хүлээлт үүсэж байна. Та юу гэж бодож байна вэ?

-Тавантолгойн одоогийн гэрээ бол Оюу толгойн гэрээний хувилбар. Оюу толгойн зээлээр “Рио Тинто” өрөө төлж хүндрэлээс гарна, Таван толгойгоор “МСS” өрөө төлж хүндрэлээс гарна. Харин энэ хоёр гэрээ энэ чигээрээ явбал Монголчууд бүгдээрээ хэдэн үеэрээ амь зуух баялгаа алдаад л дуусна даа.

-Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Энержи ресурс” компани маш их хэмжээний өртэй гээд байгаа. Түүгээр ч барахгүй ойрын хоёр жил дампуурах магадлалтай гэсэн. Ер нь энэ асуудлыг олон талаас нь харвал энэ хаврын чуулганаар Тавантолгойг хөдөлгөх найдвар байна уу?

-Ер нь хөдлөхгүй таг гацчихаад байгаа юм биш, ОТ, ТТ аль аль нь явдгаараа л явж байгаа. Зогсчихоод, тэр зогсолт нь монголчуудаас болоод гацсан зүйл байхгүй. Манайхан бас мэдэж байж яримаар байна. ОТ-н ил уурхай хэвийн ажиллаж байгаа. 2018 оныг дуустал ямар ч саадгүй хэвийн л явна. ТТ ч гэсэн нүүрсээ гаргаад л борлуулаад л явж байгаа. МАНАН-гийн 2008 оны амлалтын өрийг л түүгээрээ төлөөд байгаагаас биш. Удахгүй харин төлж дуусах юм билээ. Гацаад зогсчихоод байгаа гэж сурталдаад байгаа нь амжиж идэж уух гээд сандарч байгаа хүмүүсийн яриа. Бид бол Засгийн газар эзэн хүний ёсоор ажил хэрэгч хандаад салбаруудаа зохицуулаад явчихвал гол нь ажлаа л хийвэл тэгтлээ хүндрээд байх айхтар шалтгаан байхгүй. “Рио Тинто” элдвээр дарамт учруулж байгаа ч бид чинь эрхбиш нэг улс байна даа, даваад гарчихмаар л санагдах юм. Эдийн засгийн өсөлт буурснаас хасах болоогүй, гагцхүү бүх зүйл учир замбараагаа алдсанаас улстөрийн, оюун санааны эдийн засгийн замбараагүйтэл нүүрлээд байгаа юм.

-Нэг хэсэг “Стэнд бай” хөтөлбөрт орох юм ярьж байсан. Одоо Оюутолгойн далд уурхайгаа ажиллуулахаар энэ хөтөлбөр яригдахгүй юу?

– Уг нь ямар ч Засгийн газар ядаж нэр төрөө бодоод эрх мэдлээ гадны байгууллагад шилжүүлэхгүйг хичээдэг баймаар. Гэтэл манай ЗГ тийшээ л зүтгээд байна. Өөрсдөө зохицуулах чадваргүй юм бол больчих хэрэгтэй шүү дээ уг нь.

Бид хямраагүй байхдаа хямарлаа гээд бууж өгөхдөө тулж байгаа бол жинхэнэ хямралтай тулахаар яах вэ? гэж. Бидний оюун санаа сэтгэлийн хат ийм л байна. Хэрэв бид далд уурхайн үе давхарга бүрийн ашиглалтын зардлыг өнөөгийнх шиг өртгөөр, ийм зээлээр шийдээд байвал цаашдаа улсаараа дааж давшгүй өрөнд орж дефольт зарлана. Мэдээж Оюу толгойн зээлийн өсөлт манай эдийн засагт сүрхий тэлэлт авчрахгүй, харин ч улам дордуулах нь одоо тодорхой болчихлоо. Тийм үед манай улсын өрийг Лондонгийн клуб шийднэ.

Жишгээр 30 хувь хямдруулаад зарвал өмнөд хөрш л авч таарах байх. Харин тэр өрөндөө Дубайн гэрээгээр барьцаалсан томоохон ордуудыг маань эзэмшинэ гэвэл яахав. Тиймээс бид асуудлыг бага дээр нь дарж явах ёстой. Бага дээр нь ч гэж дээ, одоо ч их дээрээ л явж байх шиг байна. Гэсэн ч их алдсанаас алдааг зогсоосон нь ямагт дээр

-Эдийн засгийн энэ хямралаас одоо яаж гарах вэ? Танд ямар гарц харагдаж байна…

-Би дээр жишээгээр хэлсэн, зовлонтойгоо зоригтой учиръя гэж. “Аймхай үндэстэн оршин тогтнох эрхгүй” гэж Ницше хэлсэн байх аа? Хямралаас гарахын тулд эхлээд хямарсан эсэхээ тогтооно, тэгээд оюун санаандаа хямраад байгаа юм биш биз? гэж бодох ёстой. Хэрэв хямрал ноцтой үргэлжлэхээр бол, Рио Тинтотой эрх ашгаа хамгаалсан гэрээ хийж чадахгүй бол цаг алдалгүй шийдэмгий алхам хийх л болох байх. Өвдөлт мэдэрч болно, гэхдээ үхэж байснаас энэ нь уул нь дээр юм. Бодлого нэг хэсэгтээ л төвлөрч, зангидагдаж байж бид хүндрэлээс гарна. Экспорт, импортоо төр зохицуулж, нэг сувгаар гаргах шаардлага бол эхний шаардлага. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний нэг цонхны бодлогыг гарцаагүй төр барих ёстой. Түүний орлогыг хянадаг болох ёстой. Энэ өвдөлтөөс том компаниуд айж байгаа.

Хамгийн их өвдөлд мэдрэх нь тэд учраас. Гэхдээ эрүүлжихээр өвдөж байгаа нь энэ гээд бүх том компаниудаа сүйрүүлж бас болохгүй. Тэднийхээ нөхцөл байдлыг зөв үнэлж авч үлдэх хэрэгтэй. Том компаниудаа сонсоё, тэдний зовлонг ярилцаж шийдвэрлэе гээд байгаа маань тэднийгээ аварч үлдэе л гээд байгаа юм, уул нь. Гэтэл яагаад ч юм аль аль тал нь зугатаад байна. Асуудал ихтэй бололтой, цаанаа. Гагцхүү улсаа зараад компани аварч болохгүй шүү дээ. Дотооддоо ажлын байр бий болгож байгаа, дотоодын гол хэрэгцээгээ хангадаг, импорт орлож байгаа, экспортын гол үйлдвэрүүдээ, томоохон бүтээн байгуулалтын чадвар сууж тэнхээжиж байгаа компаниудаа нурааж хаяж болохгүй.

Харин Монголын баялгийг ухаж зарчихаад мөнгийг нь офшоор дансандаа хийчихдэг, гадаадад үл хөдлөх хөрөнгө болгодог, казино тоглодог, эхнэр хүүхдээ брэндээр тансаглуулдаг эзэнтэй компаниуд бол энэ хямралаар зөв компани болох хэрэгтэй л дээ. Аль нэг үйлдвэрийн салбар руу ор, МАА гэж том салбар ханхайгаад өрсөлдөөнөө хүлээж байна, ийшээ орцгоог. Төр харин түүнийг нь дэмжиж, татварын дэмжлэг, зээлийн баталгааны дэмжлэг үзүүлж болно шүү дээ.
Уул нь бид цөөхүүлээ, Монгол жижигхэн учраас зөв бодлого, зөв эдийн засгийн суурийг тавибал тэгтлээ удаан өвдөж шаналах ч шаардлагагүй, дороо л эрүүлжчихнэ. Ингэнэ гэхээр эдийн засгийн өвдөлтөө хэт хөөсөн том компаниуд, улстөрийн өвдөлтөө МАНАН даахгүй өвдөлтийн шокоор талийчих гээд байна. Ажил хийж сураагүй, асар их хулгайн мөнгөөр тансагласаар өөхөлж нялхарсан, дундаж түвшинд амьдарвал амиа хорлохоор болтлоо арчаагүйтсэн бэртэгчингээр дүүрсэн бүхэл бүтэн хоёр нам байна шүү дээ энэ улсад. Дээрх өөрчлөлтийг шийдэмгий хийж чадах улстөрийн хүчин, удирдагч л Монголд хэрэгтэй.

-Та бүхэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөж байгаа. Байн байн Засгийн газраа унагаад байвал ажил урагшлахгүй биш үү?

-Байлгаад байсан ч урагшлахгүй. Нэгдүгээрт унах ажлаа Ерөнхий сайд өөрөө хийлээ. Дубайн гэрээгээр үндэслэн түүнийг унагах ч багадна. Зүй нь эрүүгийн хариуцлагад татах ёстой юм. Засгийг унагаах нь зорилго биш, энэ нь том зорилгод үйлчилж чадах уу, хэрэгтэй юу гэдэгт л байгаа юм. Би хэрэгтэй гэж үзэж байна.

-Тэгвэл дараагийн Засгийн газар ямар байх ёстой юм бэ. Бас л дахиад нэг Засгийн газар гардаг, унагана, огцруулна гэдэг асуудал өрнөх юм биш байгаа даа?

-Би бол Үндсэн хуулийн асуудал руугаа орох ёстой гэж үзэж байна. Хэрэв олонх түрээд дараагийн засгийг байгуулна гэвэл тэр нь надаас шалтгаалахгүй, эрх баригчдын хийх ажил. Ер нь бол засаг солигдоод Монголд юу ч өөрчилж чадахааргүй болсон.

-Сонгуулийн хуулийн талаар ид яригдаж байна. Таны байр суурийг сонирхвол?
-Төсөл нь хараахан орж ирээгүй байна. Тухайн үед нь ярилцаж болох байх. Хардахад дахин МАНАН хувилбарыг сонгох хувилбарууд л яригдаж байгаа болов уу. Түүнийг давах хүчтэй субъект “Шударга ёс” эвсэл байж чадсангүй. Хүмүүс дахиад өөрийг эрж хайж байна. Ер нь нэр хүндээ алдсан, айдас хүйдэст автсан улстөрчид, улстөрийн хүчнүүд л тэсч үлдэхийн тулд сонгуулийн хуулиар оролддог. Сонгуулийн хуулинд ач холбогдол өгч элдэв тооцоо хийж байна гэдэг нь аль аль нь сэтгэл зүйн хувьд хэдийнээ ялагдчихсан л гэсэн үг.

-Бие даагч гишүүд та нарыг нам байгуулах гэж байна гэж нэг хэсэг шуугисан. Юу болж байгаа вэ?

-Ер нь хүмүүс тийм хүчнийг эрж хайхын сацуу бидэнд шахалт үзүүлж байна. Гэвч үүнд “хошгорч” бас хэрэггүй юм.Өнөөдрийн ийм хүнд нөхцөлд улстөрийн хүчнийг зүгээр л сэтгэлийн хөдлөлөөр, 2016 оны сонгууль хараад, томоохон суудал авах найдвартай болохоор нь байгуулчихаж болохгүй л дээ.
Суурь үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдэж байж л зөв, бат тогтвортой, удаан оршин тогтноно, хамгийн гол нь Монголыг цааш зөв авч явж чадна. Тийм улстөрийн хүчнийг бий болгож чадахгүй бол дахин нам болж тоглож ард түмний хамаг итгэлээр наадах хэрэггүй гэж хатуу бодож байна. Бид ярилцаж л байна.
Монголын ард түмэн ухаантай юм болохоор чадалтай мэдлэгтэй хүмүүс зөндөө л байна. Гагцхүү улстөрийн ажил хийх зориг, хүсэл, тэвчээр байна уу үгүй юу, хүн нь зөв төлөвшсөн үү? Ирээдүйн Шагдар биш байгаа гэх мэт олон асуудлыг цэгцлэх шаардлагатай. Тэгээд бодлогын баримт бичгээр, зорилгод нэгдэх ёстой л гэж бодож байна.
2015 оны 08 дугаар сарын 03.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

11 Responses to Г.УЯНГА: БОДЛОГЫН БАРИМТ БИЧГЭЭР ЗОРИЛГОД НЭГДЭХ ЁСТОЙ !

  1. Almas says:

    Ёстой А, Б гэж байгаад ойлгомжтой ярьжээ. Даанч хэдэн хүн уншиж, хэдэн хүн ойлгож, бас үүнийг яаж өөрчлөх юм бол доо 😦

    • Ганаа says:

      Өөрчилнө. Гэхдээ удахгүй. Харин чи угаасаа юм хийж чадах биш, хүлээж л байхгүй юу…

  2. Balja says:

    Ай даа яг энэ цаг үед монголд амьдарч байдаг. Учиртай болоод л ирсэн байх. Өвөг дээдэс маань Манжийн үеийг даваад л гарсан юм чинь бид бас энэ үеийг даваад л гарах ёстой болж байна.

  3. bat says:

    mongol hvn am bilegees ashidiin bileg gedeg. bidend hiih yum ih baina.bvh yum saihan bolno doo…

  4. DN says:

    Энэ яриа эрүүл саруул байна. Хүн бүр чадах бүхнээ хийх ёстой. Алмайж суух цаг үгүй. Монголын энэ бугшсан бузрыг хэрүүл зодооноор биш эв эеэр шийдэх боломж байж л таараа.

    Уянга гишүүний хэлсэнчлэн монголчууд одоо бодлогын баримт бичгээр, зорилгод нэгдэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Бодлогын баримт бичиг нь үргэлж бүх нийтэд ил тод бөгөөд нийгмийн шаардлагаар шинэчлэн сайжруулах боломжтой, зорилго нь дэлхийн хамгийн шударга, нээлттэй улс болох… байвал сайхан аа… гэж мөрөөдөв.

    Японд Үндэсний хөгжлийн стратегийн зөвлөл гэж байгууллага байдаг ба аль ч нам сонгуульд ялсан бай Засгийн газар нь дээрх зөвлөлийн боловсруулсан бодлого чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэж сонссон. Иймээс тэдний төрийн залгамж чанар гайхалтай тогтвортой байдаг юм байна. Үүн шиг нэг тогтвортой бүтэц Монгол улсад хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөд үүнийг тусгах нь зүйтэй болов уу. Бид социализмын үед захиргаадалтыг хэт шүтэж эрх чөлөөгүйн зовлон эдэлсэн бол ардчиллын үед эрх чөлөөг хэт шүтэж эмх цэгцгүйн зовлонг эдлээд байх шиг. Энэ нэг туйлширсан өрөөсгөл сэтгэхүйгээ өөрчлөх асуудал бас чухал байна. Зүй нь улс гэрт эмх цэгц ч, эрх чөлөө ч хэрэгтэй шүү дээ.

    Бүр цаашилбал, ер нь бол дэлхийд одоогоор байхгүй цоо шинэ нээлттэй төрийн бүтэц, цоо шинэ ухаалаг улс нийгмийн зохион байгуулалтыг сэтгээд, өөрсдөө хэрэгжүүлээд явах боломж бидэнд ч, хэнд ч нээлттэй л байгаад байдаг… Бидний толгой бусдаас илүү л гарна уу гэхээс дутахгүй дээ. Гагцхүү өөрсдөдөө итгээд, өөрсдийн замаар зоригтой явах…

  5. DADA says:

    Санал нэг байна. Эрүүлжинэ. Шинэ хүчин хүчтэй гарч ирнэ. Харин энэ удаад засгийг унагаад дахин шинээр байгуулахыг дэмжихгүй, шинээр гарсан засаг үлдсэн хугацаанд дутуугаа гүйцээж, дундуурыгаа дүүргэх гээд өмнөх засгаасаа ч илүү ихийг ар хаалгаар гаргана. Энэ засаг юм хийхгүй ч шинэ гарах засгаас бага иднэ. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд нилээн идээд сэтгэл нь жаахан цадсан байх ёстой.

  6. Манжийн үед Монголчуудыг ингэж шулж байгаагүй юм шиг санагдаад байх юм худлаа юу ? Яг үнэнээр нь нэг хэлээд өг дөө.

    • Ганаа says:

      Яг үүнийг би харьцуулж үзсэн. Манжийн үед хятадын мөнгө хүүлэгчид ч гэсэн монголчуудыг ингэж шулж байгаагүй. Сүүлийн үеийн судалгааны бүтээлүүд надад ийм боломж олгож байгаа. Тухайлбал, Даашинхүүгийн пүүсний талаар маш сонирхолтой судалгааны бүтээл саяхан гарсан.

  7. Чинбат says:

    Авилгачдыг оршоосон Оршоолийн хуулийн талаар Ганаа нийтлэлчийн байр суурийг мэдмээр байх юм. Би ч бослого гаргах цаг болж гэж бодож байна

  8. Чинбат аа. Энэ миний амьдралдаа сонссон хамгийн ноцтой үгс байлаа. Их олон зүйл, удаан бодлоо. Бослого гаргах гэдгийнхээ хэлбэрийг тодорхой хэлнэ үү. Надад энэ тухай нэг бодол байна. Юу гэвэл бид яг одооноос Ерөнхийлөгчийн хэлсэн тэр “Монгол үндэстний их эв нэгдэл”-ийн тухай идэвхтэй ярилцах хэрэгтэй. Энэ тухай ярилцаад ойлголцолд хүрсэн нөхцөлд одоогийн байдлыг бүх монголчуудад хохиролгүй, ухаалаг, оновчтой замаар шийдэж болох санаа байна. Энэ бол чухам бидний яриад байгаа тэр эв нэгдэл гэж би бодоод байгаа юм.

  9. Бүх монголчууд аа. Ах дүүс ээ. Монголд олон асуудал байна. Энэ бүхнийг нэг мөр шийдэх ухаалаг, оновчтой, хүнлэг, гайхалтай арга бий. Бид асуудлаа нэг мөр шийдэхийн тулд авилгач ба авилгач бишээрээ талцаж тэмцэлдэхээс илүү ухаалаг, оновчтой, хүнлэг, гайхалтай ажил бий. Тэгэхээр бүгдээрээ нийтээрээ илүү чухал ажлаа хийцгээе ээ монголчууд аа. Бүү талц.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: