Г.УЯНГА: НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ ИХ САЛХИ ДЭГДВЭЛ Ч ДЭГДЭГ

УИХ-ын гишүүн Г.Уянгын шинэ ярилцлагыг хүргэж байна.

-Ээлжит бус чуулган завсарлалаа. Ээлжит бус чуулганыг хүмүүс өөр өөрийнхөөрөө дүгнэж байна. Таны хувьд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-МАН-ын чөлөөлөгдсөн сайд нарын оронд сайд томилж Засгийн газраа бүрэн бүтэн болгох асуудал хамгийн чухал нь байсан байх. Өршөөлийн хуулийг батлахгүй бол тэр нь бүрдэхгүй нөхцөл байдал үүссэн учраас Өршөөлийн хуулийг баталлаа. Гэвч энэ нь бас л мордохын хазгай болчихлоо.
-Ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлуудтай холбоотойгоор улс төр савалж эхэллээ. Нөхцөл байдал яаж шийдэгдэх бол. Тодруулбал Засгийн газрыг бүрдүүлэх гэх мэт?
-“Шударга ёс” эвсэл Засгийн газрыг бүрдүүлэхийн тулд эхлээд Өршөөлийн хуулийг батална гэдэг нөхцөл тавьсан учраас энэ хуулийг баталлаа. Гол нөхцөл нь ээдрээт байдалд орсон учраас Засгийн газрыг бүтэн болгох асуудал ч үүнтэйгээ уялдаж л таарах гээд байх шиг. Миний хувьд Дубайн гэрээтэй холбоотойгоор Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг хөндөж тавьсан учраас байгуулах талаар тааж чадашгүй нь.
-Ер нь “Шударга ёс” эвсэл л Засгийн газарт ажиллах сайдуудынхаа нэрийг оруулахгүй хүлээлт үүсгээд байгаа юм биш үү?
-Энэ талаар миний байр суурь “Шударга ёс “эвслийнхтэй нийлэхгүй байгаа. Эхлээд Дубайн гэрээтэй холбоотой гаргасан байр суурь, дүгнэлт, мэдэгдлүүдээ эргэн санаж Засгийн газрын тэргүүний асуудлыг цэгцлэх ёстой гэж бодож байна. Эвсэл 10 гишүүнтэй, гурав нь Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэж үзэж бичигт гарын үсгээ зурсан. Хоёр нь ч бас энэ талаар маш тодорхой хатуу байр суурьтай байсан.
Ч.Улаан гишүүн, Д.Тэрбишдагва гишүүн нар Сангийн сайд, Шадар сайд байхдаа ажлын хэсэг томилж Оюу толгойн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгуулсан. Үүгээр 3.2 тэрбум долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт, зөрчил илэрсэн. Хоёр сайд хийсэн ажпынхаа үр дүнг хатуу хамгаалж, зөв байр суурьтай байдаг.
Тиймээс энэ Засгийн газартай хамтрахыг маш ойлгомжтой шалтгаанаар үл зөвшөөрч байгаа таван гишүүн эвсэлд байна. Асуудлыг дэс дараатай шийдэх ёстой учраас хэдэн сайд авах, хэн сайд болох нь бүүр сүүлчийн асуудал.
-Ер нь Өршөөлийн хуульд хориг тавих эсэхээс хамаарч “Шударга ёс” эвсэл цаашдын улс төрийн тоглолтоо хийх юм биш үү. Нийгэмд тийм ойлголт л тарчихаад байна?
-“Шударга ёс” эвсэл маш сайн ажиллалаа. Улстөрийн шахалт үзүүлж Өршөөлийн тухай хуулийг батлуулснаар амьдралдаа алдаж эндсэн олон залуус, эмэгтэйчүүд өршөөгдлөө. Ц.Мөнхбаяр маань өршөөгдөхөөр боллоо. Үүнийг үнэлүүштэй. Улстөрийн хүчин ингэж л ажиллах ёстой.
Харин авлигач, албан тушаалтнууд, төрийн мөнгийг зувчуулсан, мөнгө угаасан хүмүүсийг тэдний далбаан дор өршөөнө гэвэл шударга ёсны дэнс, зааг эвдэгдэнэ. Шударга бусын халхавч бамбай болбол тэр хүчин Шударга бус эвсэл болно. Аяга усыг дусал бэх харлуулдаг шиг олон сайныг нэг муугаар гутааж болохгүй.
-Өршөөлийн хуулийг МАХН дэмжээд МҮАН эсэргүүцэж байгаа гэх юм. Энэ үнэн үү. “Шударга ёс” эвсэл гэж нэгдсэн танай хоёр намын гэрээ зөрчигдөхгүй юу?
-Байр суурь яг таг намаараа хуваагдчихаад байгаа зүйлгүй. Л.Цог гишүүн бид хоёрын байр суурь яг ижил байгаа. Хоёр намын дарга оролцож яг энэ асуудлыг хэлэлцсэн хуралд О.Баасанхүү гишүүн байгаагүй. Ч.Улаан гишүүний байр суурь минийхтэй ойролцоо л юм шиг байсан. Д.Тэрбишдагва гишүүн ч бас ойролцоохон байгаа юм шиг л санагдсан шүү дээ.
Тэр хуралд би хэлсэн, манай эвсэл эр тахианд хөөгдөж байхдаа “Би арай л хурдан гүйгээд байна уу даа, бүдрээд уначихдаг юм бил үү” гэж боддог эм тахиа шиг битгий аашил гэж. Дубайн гэрээгээр маш тодорхой байр суурь илэрхийлчихээд, шийдвэртэй буруушааж байсан Ерөнхий сайдынхаа дор ажиллана, хоёр биш гурван сайд авна гэж шал өөр юм ярьж болохгүй шүү дээ.
-Тэгвэл таныхаар яах ёстой юм бэ. МАН гарчихсан, танайх оролцохгүй гэвэл засаг бүрдэхгүй шүү дээ?
-Эхний гарц, Дубайн гэрээний алдаатай заалтуудыг засч сайжруулна, Оюу толгойн хамтран ажиллах амлалт гэрээтэйгээр энэ засагт орж болно. Хоёрдугаар гарц, Ерөнхий сайдыг огцруулаад дараагийн засагт хамтарч болно. Гурав, ерөөс Засгийн газарт оролцохгүй бол АН, ИЗН, бие даагч нийлээд 40 болно, засаг бүрдүүлж болох тоо. Дөрөв, сонгуулийн үеэр ярьж байснаа-Шударга ёсны таван хувьсгалаа эргэн санаж, Үндсэн хуулийн өөрчлөлт рүү эргэлт буцалтгүй орохын тулд засагт хамтрахаас татгалзаж болно. Ингэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт рүү орно, улмаар ээлжит бус сонгууль руу чиглэнэ. Энэ бүх сонголт “Шударга ёс” эвслийн гарт байхад эм тахиа шиг аашлах хэрэг юун.
-Өршөөлийн хуулийг батлахгүйгээр “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяртай холбоотой гэмт хэргийн асуудал шийдэгдэхгүй гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Өршөөлийн хуулийг эсэргүүцсэнээрээ та эвслийн тэргүүнийг эсэргүүцэж байгаа хэрэг үү?
-Өршөөлийн хуулиар гэмт хэрэгтнүүдийг л өршөөдөг. Харин манай “Шударга ёс” эвслийн гишүүдийн олонх нь Н.Энхбаяр даргыг гэмт хэрэг хийгээгүй гэж итгэдэг, тиймээс өршөөгдөх биш цагаадах ёстой хүн гэж үздэг. Тэгсэн мөртлөө Өршөөлийн хуулиар даргаа аварна гэдэг жаахан логикгүй л юм.
Харж байхад даргаа гэмт хэрэгтэн гэж эвслийн олонх үзээд ч байгаа юм шиг. Миний байр суурь бол эвслийн тэргүүн Н.Энхбаяр даргыг биш авлигач, түмний хөрөнгийг зувчуулагч гэмт хэрэгтэн албан тушаалтнуудыг эсэргүүцэж байгаа эсэргүүцэл.
-Ерөнхийлөгч сая хэлсэн үгэндээ цагаатгал, өршөөлийн талаар маш тодорхой байр суурь илэрхийлнэ лээ?
-Би Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүтэн сонсоогүй. Одоо бүрэн унших санаатай танай сониныг бариад явж байна. Хүмүүс ерөнхийдөө ам сайтай, итгэл найдвар тавьсан хандлагатай байсан. Өршөөлийн тухай хуулиар бол үнэхээр сайн хэлсэн. Хориг тавьж байгааг нь бүрэн дүүрэн дэмжиж байна. Би хувьдаа хоригийг хүлээж байсан, хүлээж авна.
Гурван мянган хүн суллахад дотор нь гурван авлигач багтах л юм бол энэ нийгэмд бусдаасаа хамаагүй их гай тарина. Албан тушаалтан, авлигачдыг, төрийн мөнгөөр хөлжигсдийг өршөөхгүй байх санаачилга бие даагч гишүүд бид гаргаад дэмжигдэлгүй унасан. Тэр танхимд ганцаардаж цөөдөх тохиолдол бишгүй бий.
Харин хориг томоохон хань, найдвар боллоо. Хоригийг хүлээж авахгүй бол энэ парламент хэний эрх ашгийг төлөөлж байгаагаа тодорхой харуулна. Тэгвээс ийм парламенттай байснаас тараасан нь дээр.
-Хоригийг их хурал хүлээж аваад Н.Энхбаяр дарга өршөөгдөхгүй бол “Шударга ёс” эвслийн байр суурь ямар болох бол. МАН хүлээж авахаа илэрхийлсэн тул хориг хүчин төгөлдөр болох нь бараг ойлгомжтой байгаа?
-Урьдчилж тааварлаад яахав, үйл явцыг харъя, бурууг зөв болгох талд нөлөөлөхийг хичээцгээе. Хоригийг хүлээж авна гэж хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэг нь үзэхэд л хориг хүчин төгөлдөр болно. Би ч бас шийдвэр сайнаар гарна гэсэн хүлээлттэй байна. Ардчилсан намд ч хоригийг хүлээж авах гишүүд цөөнгүй байгаа. АН энэ хуулийн буруу заалтыг хүслээр биш хүчинд автаж кноподсон.
-Таны хэлснээр Өршөөлийн хуулийн тухайд АН биш “Шударга ёс” эвсэл эрх баригч шиг байсан. Одоо хориг хүчин төгөлдөр болбол гол тохиролцоо нурах нь. Бие даагчид засагт хамтрахгүйгээ илэрхийлсэн тул эвсэлгүйгээр засаг бүрдэхгүй нь дээ?
-Хэрэв ингэвэл бас нэг их муу юм байхгүй шүү дээ. Энэ систем бүрэн нурж цаашид оршин тогтнох чадамжгүйгээ төрийн байгуулалтын түвшинд хангалттай харуулна. Үндсэн хуулийн өөрчлөлт рүү эргэлт буцалтгүй орохоос өөр гарцгүй болно гэсэн үг. АН үүнд эмзэглэх шаардлагагүй, харин ч Монголын нийгэмд хоёр дахь томоохон өөрчлөн байгуулалт, нийгмийн дэвшил хийх бололцоо дахин АН-ын эрх барьж байх үед тохионо.
Үүнийг зөв чиглүүлж ухаалгаар хамтран ажиллах хэрэгтэй болно. АН эрх барьж чаддаггүй, АН засгаа унагадаг гэх мэт нөгөө талынхаа явган ярианд эмзэглэлгүй нэгэнт шигдчихсэн энэ намгаас гарах нийгмийн өөрчлөлтийн энэ чиг шугамаа бариад явбал уул нь бүгдээрээ л хожино. Би ингэж бодож байна.
-Одоо яригдаж байгаа сайдын хуваарилалт хийгдэх юм бол МҮАН-аас шинээр сайд томилогдох уу. Нэг ёсондоо МҮАН-д сайдын суудал оногдох уу?
-Тэр талаар нэг их сонирхсонгүй. Дээр хэлсэн өмнөх зарчмын асуудлуудаа шийдчихээд засаг байгуулахад хамтрах хэрэгтэй гэж үзвэл М.Энхсайхан нарын хоёр гурван хүнд л цалин өгдөг, яамгүй, шийдэх асуудалгүй сайдын суудлаас МҮАН татгалзах хэрэгтэй гэж би намынхандаа хэлсэн.
-Ерөнхий сайдыг огцруулах таны санаачилгыг хичнээн гишүүн дэмжээд байна вэ?
-Одоогоор найман гишүүн гарын үсгээ зурчихаад байна. Түүнээс цөөнгүй гишүүд зурна гэдгээ илэрхийлсэн.
-Асуудлыг хэзээ дэвшүүлж, өргөн барих юм бол?
-19 гишүүний гарын үсэг бүрдмэгц өргөн барина.
-Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа таныг сайдын албан тушаалд улайрч байна гэх юм. Ер нь таныг сайд бол гэвэл хүлээж авах уу?
-Ерөнхий сайдыг томилогдоход нь Оюу толгойн гэрээр ашиггүй байдлаар үргэлжлүүлэх алхам хийвэл Таныг өөрөө өргөн барина гэдгээ хэлсэн. Тэр хүн санаснаа хийж би хэлснээ хийж байна. Сайдын тухайд бол тэртэй тэргүй ачаа болж ирэх албан тушаалд одоо яарах хэрэг юун. Нас залуу байна. Харин хүрээд ирэхэд нь ачаа даах тэнхээтэй байж, биеэ бэлдэх хэрэгтэй гэж бодож байна.
Сайдын албан тушаал хүссэн хүн авах гэж уралдаж гүйдэг амттан биш, баргийн аавын хүү ээжийн охин халгаж бэргэх амаргүй ачаа, төрийн хүний жинхэнэ шалгуур болох тэр цагт л чи бэлэн байх хэрэгтэй гэж өөртөө хэлдэг. Би сайд болноо, гэхдээ одоо биш. “Мөхөх төрд үгээ гамна, мандах төрд амиа бүү хайрла” гэж эртний үг байдаг даа.
-Ирэх намрын улс төрийн өнгийг хэрхэн харж байна вэ?
-“Намрын халуун өдрүүд” болох бололтой. Яг тэр кино шиг. Гэхдээ энэ нийгмийг өөрчлөх их салхи дэгдвэл ч дэгдэг гэж бодож байна.
-Одоо чухал асуудлуудыг хэлэлцэн батлахад тун бага хугацаа үлдлээ. Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн нэгдсэн хууль, Үндсэн хууль зэргийг энэ парламент гаргаж чадах болов уу?
-Үндсэн хуулийн асуудлаа цэгцэлж чадвал бусад нь түүнийг дагалдана. Үндсэн хуулийн төсөл бэлэн болсон сураг дуулдсан. Үндсэн хууль бол энэ системийн суурь. Түүнийг хөндвөл их л зөв хөндөх учиртай.
Бараг тэр чигээрээ аль нэг намын төлөөлөл болсон, одоо гацчихаад байгаа тогтолцоог үүсгэсэн хүмүүс дийлэнх энэ Их Хурлын бүрэлдэхүүн Үндсэн хуулийг өөрчлөх эрх бүхий зөв бүрэлдэхүүн гэж би үзэхгүй байгаа. Явцуу бүлэглэлийн төлөөлөл дийлсэн 76-хан хүн дангаараа Үндсэн хууль өөрчлөх эрхгүй.
2015 оны 08 дугаар сарын 18.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

9 Responses to Г.УЯНГА: НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ ИХ САЛХИ ДЭГДВЭЛ Ч ДЭГДЭГ

  1. gandash says:

    Эрхэм Уянга гишүүн төрийн хүний сайхан ярилцлага өгсөн байна.Харин сурвалжилагч энэ боломжоо сайн ашиглаж, ухаалаг, цаг үеээ мэдэрч хэрэгтэй асуултууд тавьсан бол бүр янзтай ярилцлага болох байж, даанч тийм сур-чид манайд байхгүйтэй адил.

  2. Uugiiii says:

    Халх голыг чөлөөт бүс болгох нэрээр харийханд өгөх тогтоол баталж байхад энэ хүүхэн яагаад дуугай байв?????????????????

    • Ганаа says:

      Г.Уянга өөр маш их их ажилтай байсан. Та нар ганц хүнээс хэтэрхий их, бараг бүх юмыг шаардаж байна. Тэр хаанаа ч хүрэхгүй байна. Чи УИХ-ын бусад гишүүдээс шаардаж болохгүй юу ?!

  3. Түвшин says:

    “Шудрага бус” эвсэл

    • Ганаа says:

      Г.Уянга тэгж л хэлээд байгаа ш дээ…

  4. delgermaa says:

    Харин манай “Шударга ёс” эвслийн гишүүдийн олонх нь Н.Энхбаяр даргыг гэмт хэрэг хийгээгүй гэж итгэдэг, тиймээс өршөөгдөх биш цагаадах ёстой хүн гэж үздэг. “Olonh” dotor Uyanga gishuun eeree oroogui gej naidahaas, es tegvel “ENKHBAYARIZM- garcaagui zev” gesen oilgolt garah…uls teriin iimerhuu HAMLETiin togloltiig echuuhen bi uneheer oilgohod berh um

  5. gandash says:

    Нөгөө ам амаа авалцан худал маргадаг улсууд яасан нам жим болчив? Хөлсний бичээчид, турхирагчид? Үнэнд гүйцэгдэх цаг ирж.

  6. Erdene says:

    нийгмийг өөрчлөх салхи дэгдвэл дэгдэг гэж зоригтой хэлжээ. Уянгыг дэмжиж байна. хамтрах ч болно

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: