“ПЕРИМЕТР” БУЮУ “ҮХСЭН ГАР”-ЫН ТУХАЙ

Зэвсэг зэвсгээс цөмийн зэвсэг хамгийн аймшигтайг хүн болгон мэднэ. Харин цөмийн зэвсгийн систем гэж юу байдгийг тэр болгон мэдэхгүй нь лавтай. Иймээс Оросын “Периметр” хэмээх цөмийн хариу цохилтын автомат системийн тухай товч өгүүлэх гэсэн юм. АНУ ч гэсэн мөн ийм системтэй.

Хүйтэн дайны “үр шим”
Энэ бол ОХУ-ын Стратегийн зориулалтын Пуужинт Цэргийн Пуужин-Их Бууны Удирдах Газрын ангиллаар 15Э601 гэсэн индекстэй пуужин удирдах автомат цогцолбор юм. Нэрийг нь “Периметр” гэдэг. Харин АНУ болон НАТО-д бол “Dead Hand” буюу “Үхсэн гар” гэж нэрлэдэг.
“Периметр” систем бол цөмийн гэнэтийн бөгөөд бөөгнөрүүлсэн цохилтод хариу цөмийн цохилт өгөх удирдлагын автоматжуулсан цогцолбор юм.
Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Стратегийн зориулалтат Пуужинт Цэргийн Удирдах Газар зэрэг удирдлагын дээд шатны байлдааны тушаалыг холбооны систем эвдэрсэн зэрэг онцгой байдал учирсан тохиолдолд байлдааны жижүүрт байгаа стратегийн пуужингийн командын байр, тухайлсан хөөргөгч төхөөрөмжид баталгаатай хүргэх зориулалттай. Гэхдээ автоматаар ажилладаг.
АНУ-д гэсэн пуужин хөөргөх тушаал дамжуулах үүнтэй төстэй “Emergency Rocket Communications System” систем байдаг.
Үзэл баримтлал
“Периметр” нь цөмийн зэвсэг бүхий бүх төрлийн цэргийн командлах системийг орлох альтернатив систем болно. Ухаандаа АНУ өөрийн үзэл баримтлалын дагуу “Цөмийн хязгаарлагдмал дайн” эхэлж Оросын командлалын “Казбек” систем хийгээд Стратегийн зориулалтат Пуужинт Цэргийн холбооны бүх шугам эхний цохилтоор устлаа гэхэд “Периметр” холбооны нөөц систем болно. Чухам үүнд л түүний гайхамшиг хийгээд аймшиг оршино.
Энэ үүргийг баталгаатай биелүүлэхийн тулд “Периметр” системийг бүрэн автомат, цөмийн бөөгнөрүүлсэн цохилтын үед хүний оролцоогүй буюу цөөн хүний оролцоотойгоор өөрөө бие даан цөмийн хариу цохилт өгөхүйцээр тохируулан хийжээ.
Энэхүү системийг заримдаа ёс зүйгүй гэж нэрлэдэг ч түрүүлж цохилт (превентив) өгнө гэдгээ ил тод тунхагласан боломжит дайснаа тогтоох барих цорын ганц найдвартай арга гэж үздэг байна.
“Периметр” системийг боловсруулагчийн нэг Владимир Ярынич “Дээд удирдлага шалгагдаагүй мэдээлэлд үндэслэн яаруу сандруу шийдвэр гаргах явдлаас бүрэн сэргийлж чадсан” гэж мэдэгджээ.
Пуужингийн довтолгооны тухай мэдээлэл системээс авсан Төрийн тэргүүн зүгээр л “Периметр” системээ идэвхижүүлээд хүлээгээд сууж байх ёстой гэнэ. Энэ үед цөмийн довтолгоо болж хариу цохилтын тушаал өгөх ёстой бүх хүн амь үрэгдсэн байлаа ч гэсэн өш хонзонгийн зэвсэг гацна гэж айлтгүй, баталгаатай өөрөө ажиллана гэнэ. Чингэхдээ хуурамч түгшүүрийн үндсэн дээр хариу цохилт өгөх ямар ч боломжгүйгээр тохируулсан байдаг аж.
Стратегийн зориулалтат Пуужинт Цэргийн дээд шатнаас тушаал авсны дараа тусгай командын байрнаас 15Б99 тусгай толгой бүхий 15П011 тусгай пуужин хөөрнө. Энэ пуужин нисэх замдаа бүх пуужин хөөргөх байр, Стратегийн зориулалтат пуужин бүхий командын бүх байруудад “хөөр” гэсэн команд өгнө. Оросын бүх пуужинд энэ дохиог хүлээн авах төхөөрөмж байдаг гэнэ. Ингээд бүх пуужин өөрөө хөөрч “өмнө нь заасан” маршрутын нисэх аж.
“Периметр”-ийн бүрдэл хэсгүүд
“Периметр”-ийн хамгийн гол нь удирдах хэсэг юм. Энэ нь маш нууц бункерт байрладаг аж. Аман яриагаар бие биетэйгээ холбоотой, мөн бие биенээ орлож чадах 4 адилхан удирдах төв энд тэнд байрладаг аж.
Дараа нь командын пуужин 15А11 орно. “Южное” зохион бүтээх товчоонд бүтээсэн ба МР УР-100У пуужингийн суурь дээр “ухаалаг толгой” залгаж, ямар ч саадыг нэвтрэх болгожээ. Нийтдээ 7 удаа туршилт хийхэд 6 амжилттай, 1 хэсэгчилсэн амжилттай байсан аж.
Удаах нь хүлээн авах төхөөрөмжүүд болно. Ийм төхөөрөмжүүд оросын цөмийн триад буюу гурвал гэж нэрлэгддэг Стратегийн зориулалтат Пуужинт Цэргийн бүх хөөргөх цэгүүд, Стратегийн зориулалтат бүх Шумбагч Онгоцнууд, мөн стратегийн бүх бөмбөгдөгч онгоцонд байдаг.
Автомат хяналт- командын систем
“Периметр”-ийн хамгийн үлгэр домог шиг хэсэг нь энэхүү хяналт-командын систем юм. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар энэ нь байлдааны нөхцөл байдлыг хянадаг холбоо, дохиоллын асар олон системээс бүрддэг аж. Энэ систем байлдааны давтамж дээр явж байгаа яриа хийгээд түүний эрчимд хяналт тавьж, Стратегийн Зориулалттай Пуужинт Цэргийн бүх постуудаас дохио хүлээн авч, мөн газрын гадарга хийгээд агаарын радиацийн түвшинг тогтоож, гол гол координатад буй ионын болон цахилгаан соронзон долгионы үүслийг тогтоож, энэ нь зүгээр газар хөдлөлт үү, эсвэл цөмийн тэсрэлт үү гэдгийг ялган тогтоодог байна. Мөн өөрийн командлах байруудад амьд хүн үлдсэн эсэхийг автоматаар шалгадаг байна.
Дээр дурдсан олон хүчин зүйлд анализ хийсний үндсэн дээр “Периметр” систем хариу цөмийн цохилт өгөх шийдвэрээ өөрөө гаргана.
“Периметр” систем ажиллах өөр нэг горим байдаг. Энэ нь пуужингийн довтолгоо боллоо гэдгийг мэдсэн Дээд Ерөнхий Командлагч “Периметр” системийг бэлэн байдалд оруулна. Үүний дараа Дээд Ерөнхий Командлагч байлдааны горимыг өөрчлөх тушаал өгөхгүй хэтэрхий их удвал (энэ нь Командлагч өөрөө сөнөсөн учраас тушаал өгөхгүй байна гэсэн хэрэг юм) систем мөн л өөрөө цөмийн хариу цохилт өгөх шийдвэр автоматаар гаргана.
“Периметр” системийг боловсруулагчийн нэг Владимир Ярынич “Wired” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Хямралт нөхцөлд байдлын үед өндөр дээд албан тушаалтнууд идэвхижүүлэх хүртэл “Периметр” нам жим, битүү байдалд байдаг. Түүний сейсмологи, радиаци, атмосферийн үзүүлэлтүүдийн сүлжээний хэмжигчид цөмийн цохилтын шинж тэмдэг илрэх эсэхийг л хянаж байдаг. “Периметр” цөмийн хариу цохилт өгөхөөсөө өмнө дөрвөн “хэрэв”-д хариулах ёстой: эхлээд систем оросын нутаг дэвсгэр дээр цөмийн цохилт болсон эсэх, болсон бол хаана болсон гэдгийг тогтоох ёстой. Хэрэв энэ нь үнэн бол систем Жанжин Штабын армийн бүх хэсгүүдтэй тогтоосон холбооны сүлжээг шалгана. Хэрэв холбоо хэвийн байгаад цөмийн цохилтын аюулын дохио цааш нэмэгдэхгүй бол систем 15 минутаас 1 цагийн дотор автоматаар өөрөө унтрана. Хэрэв ямар ч холбоо харилцаа байхгүй таг чиг байвал аль нэг бункерт амьд үлдсэн аль нэг дээд тушаалтны командыг хэсэг зуур хүлээнэ. Ингээд амьд хүний ямар нэг команд ирэхгүй бол “Периметр” систем “тэнгэрийн гэсгээл” хүртээхээр өөрөө бүх пуужингуудаа автоматаар хөөргөнө.
“Периметр” системийг анх 1974 онд хийж эхэлсэн ба хэд хэдэн удаа шинэчилж 1985 онд байлдааны жижүүрт гарч эхэлжээ.
Ингээд стратегийн давшилтын зэвсгийг зэвсгийг хорогдуулах хүрээнд “Периметр” системийг хэсэгчлэн татан буулгасан юм. Гэтэл АНУ “цөмийн гэнэтийн түрүүлэх цохилтын номлол” гаргаж ирсэн учир оросууд “Периметр” системээ дахин идэвхижүүлж эхэлжээ. Баруунд энэ системийг “үхсэн гар” гэж нэрлэдэг нь маш оносон нэр томъёо юм.
2011 оны 12 дугаар сард Оросын Стратегийн Пуужинт цэргийн командлагч дэслэгч-генерал Сергей Каракаев: “Периметр систем” байгаа бөгөөд одоо ч байлдааны жижүүрт гарч байна” гэж мэдэгдсэн билээ.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 08 дугаар сарын 28.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to “ПЕРИМЕТР” БУЮУ “ҮХСЭН ГАР”-ЫН ТУХАЙ

  1. Anonymous says:

    Yostoi mundag system bn.

  2. Anonymous says:

    aihtar zevseg baina, neg ni noyon bolj busdiigaa deerelhehgui l yum bna hhh

  3. gandash says:

    Үүндээ ч хандыг нь дарж байдаг байх нь, дэлхийд ноёрхох хүсэлтэй улсуудын дурыг албаар хязгаарлагч юм байна л даа

  4. Anonymous says:

    АНУ нэг нартай өдөр мөхөх нь тодорхой. Угаасаа дэлхийн түүхэнд тийм улс байгаагүй. Бусдын газар нутгийг дээрэмдэж уугуул иргэдийг нь хядаж суусан

    • DN says:

      Сайн яривал аль ч улс түүхэнд огт байгаагүй байж байгаад л үүссэн шүү дээ. АНУ-д дургүй, дуртай байх нь хувь хүний хэрэг. Гэвч элдэв сэтгэл хөдлөл, туйлширсан үзэл мэдлэгт хэрэггүй.

    • bat says:

      negdsen ulsiin uussen tvvh ugaasaa l oliggvi shvv dee. uuguul irgediig hair nairgvi hyadaj ezen suusan. deeremchid tonuulch luivarchidaas ehelsen shig sanagdah yum daa hu

  5. Bayar says:

    Сонирхолтой л юм… Хамгийн гол нь дайснаа хэн гэдгийг яаж мэдэх, цөмийн цохилт хаанаас ирснийг хэрхэн тодорхойлох, тэр дундаа хариу цохилт хаашаа чиглэхийг систем яаж шийдэх нь хамгийн сонирхолтой байна… Зүгээр л өөрсдөө сөнөсөн юм чинь дэлхийг сөнөөнө л гэж ойлгогдохоор байна

    • Ганаа says:

      Энэн шиг амархан юм байдаггүй юм. Манай армид ч гэсэн их буу, пулёмет хаанаас, аль цэгээс буудаж байгааг тодорхойлдог машин дээр суурилуулсан төхөөрөмж байдаг.

    • Anonymous says:

      ОХУ-ын хиймэл дагуул болон радарын систем үүнийг найдвартай илрүүлнэ шүү дээ.

    • Anonymous says:

      Хамгийн гол нь энэ системээс айсандаа хэн нэгэн цөмийн дайн өдөөж чадахгүй гэсэн үг. Хүчээр бас айдастайгаар энхтайвныг тогтоогч систем гэсэн үг.

  6. regzen says:

    Бидний монголчууд шиг “би ухаантай тэнгэрээс төрсөн, хөх толбо”-той хэмээн хийрхэж хэрэлдэж, хоорондоо тэмцдэггүй, нэгдэж ухаанаа уралдуулж хөдөлмөрлөдөг улс ямарч тохиолдолд туурга тусгаараа үл алдах агаад бусадын гарын шүүс болох нягуураас духаа цоортол мөргөж биш зөв хөдөлмөрлөж гарчээ Энд жинхэнэ ТӨР удирдаж залж байх шиг Харин манай ТӨР ???

    • DN says:

      Зүгээр ээ, бүх юм сайхан болно. Олиггүй хүмүүсээ давраасан нь энэ цагийн монголчууд бидний буруу. Бид алдаагаа засч чадна.

  7. b says:

    АНУ энэнээс дутхааргүй биз. Ганаа ах зүгээрл өөрийн мэддэг энрий хайрт орос орноо бичсэн байна.

    • Ганаа says:

      Би АНУ-д мөн ийм систем байдгийг дурдсан. Чамайг өөрийнхөө энхрий хайрт америк системийнхээ тухай бичихийг хэн ч боль гээгүй.

    • Anonymous says:

      Мэддэг мэддэг хэлнийхээ хүрээнд л мэдээлэл авна шүү дээ энэ хүмүүс. Тэгээд бүүр сүүлдээ иймэрхүү экстремистүүд болж хувирнадаа.

  8. Daria says:

    ЭНЭ ХҮН ТӨРӨЛХТӨНД ХЭРЭГТЭЙ СИСТЕМ ГЭЖ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ. ДАВАРСАН УЛСУУДЫГ ХҮЧЭЭР БАРИХ ТЕХНОЛОГИ БАЙНА. БҮХ УЛС ГҮРНИЙГ УСТГАСАН Ч ГЭСЭН АВТОМАТААР АЖИЛЛАЖ БУЦААН ХАРИУ ЦОХИЛТ ӨГНӨ ГЭДЭГ. ЕР НЬ ХАМТДАА ҮХЬЕ ГЭСЭН ҮГ. ХАРИН ТЕРРОРИСТУУД АЛБААР ЖИЖИГ ЦӨМИЙН ХОШУУ ДЭЛБЭЛЭЭД ХАЯСАН ЧИНЬ АВТОМАТААР АЖИЛЛААД СҮЙД БОЛОХ

  9. sky says:

    Хүйтэн дайны үед АНУ тив алгасч нисч очоод өгөгдсөн солбилцолын дагуу байгаа онох пуужингийн систем бүтээхэд Зөвлөлт хариуд нь тэр пуужинг замд нь програмчлаад буцаагаад ирсэн газарлуу нь илгээх технологийг нь гаргаж байсан гэж дам яриа сонсож байсан энэ хэр үнэний ортой бол Ганаа ахаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: