Г.УЯНГА: БҮС НУТГИЙН ХӨГЖИЛ ХИЙГЭЭД ТОГТВОРТОЙ БАЙДАЛД ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ ОРНУУДЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮҮРЭГ

Саяхан ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Евразийн Эмэгтэйчүүдийн форум дээр Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын хэлсэн үгийн монгол эхийг хүргэж байна.
Роль женщин соседных государств в развитии и устойчивости в регионах
Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо!
Дэлхийд нэр хүнтэй энэ форумд оролцож байгаа Та бүхэнд монголын эмэгтэйчүүдийн нэрийн өмнөөс сайн сайхны ерөөлийг дэвшүүлж байгаадаа баяртай байна.
Би энэхүү форумд илтгэл тавих хариуцлагатай урилга авмагцаа сонирхож үзэхэд гендерийн асуудлаарх ном товхимол, судалгаа маш их байдгийг анзаарав. Зөвхөн Монголоор жишээлэн авч үзэхэд гендерийн асуудлаарх хурал, зөвлөгөөн маш олныг хийжээ. Энэ асуудлыг Засгийн Газрууд ч ихэд анхаарч, эрчүүд ч хамгийн түрүүнд энэ ажилд их тусалдаг аж. Санаа зовох юу ч алга.
Харин тэдгээрийн агуулга нь эмэгтэйчүүд бүх салбарт “тэгш эрхгүй дарлагдан зовж” байгааг “шинжлэх ухааны” хувьд бүх талаар нотолсон байх бөгөөд энэ асуудлыг шийдэхийн тулд Засгийн Газар болон олон улсын байгууллагууд мөнгө өгөх ёстой гэсэн гаргалгаа байх нь түгээмэл аж. Асуудал үнэхээр их байгаа нь үнэн боловч ингэж улиг болтол ном зохиолоор давтахаар бүдгэрч, сүүлдээ хүн тоохоо байдаг гэж би дүгнэсэн юм.
Түүнчлэн эдгээр жендерийн асуудлаарх цуглуулсан ном товхимолоо маш бүдүүн багцаагаар ангилж үзэхэд бүр ч сонирхолтой үр дүн гарав. Эдгээрийн 60 гаруй хувь нь даяар асуудлууд, 30 гаруй хувь нь улс орны буюу өөрийн “зовлонгийн” асуудлууд, харин ердөө 10 хүрэхгүй хувь нь бүс нутгийн асуудлууд аж. Энэ бяцхан ажиглалт бүрэн хэмжээний судалгаа биш боловч жендерийн асуудлын харьцааг ямар нэг байдлаар харуулж чадна гэж би бодож байна.
Жендерийн асуудал ярихад бид зөвхөн даяар болон улс орны асуудал ярьж, харин бүс нутгийн асуудлыг голдуу орхигдуулдаг юм байна. Мөн жендерийн асуудал бодит байдлаас нэлээд хөндийрч, ардчилал ярихад заавал байх ёстой дагавар, зарим талаараа түүний чимэглэл мэт болжээ гэсэн дүгнэлтийг хувьдаа хийлээ. Ардчиллын асуудалд нийтлэг зүйл олон байдаг бол гендерийн асуудалд улс орны нийгмийн онцлог, үндэсний зан заншил, уламжлал, сэтгэхүй нэн хүчтэй нөлөөлж байдаг. Хэрэв үүнийг үл харгалзвал жендерийн асуудал ардчиллын асуудалтай зарим талаар зөрчилд орж болзошгүй.
Чухам ийм учраас би бүс нутгийн гендерийн асуудлыг сэдэв болгож авсан юм.
Дурын даяар асуудал эхлээд бүс нутгаар дамжин дараа нь улс орнуудад хэрэгждэг. Үүний урвуугаар улс орнуудын асуудал бүс нутгаар дамжин даяар асуудал болдог. Иймээс “даяар-бүс нутаг-улс орны” гэсэн гурван түвшинт харилцаа үүсдэг. Гэтэл хүмүүсийн сэтгэл зүй даяар болон улс орны асуудал гэсэн хоёр түвшинг илүү анхаараад бүс нутгийн түвшинг тун бага анхаарч байна.
Монголчууд “айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж ярьдаг. Хэрэв хөрш, зэргэлдээ болон бүс нутгийн орнуудын харилцаа ойр дотно, найрсаг, элэгсэг байвал бүс нутаг, улмаар бүх даяар харилцаа мөн тийм байх нь мэдээж хэрэг. Мэдээллийн XXI зуунд дэлхийн аль ч улсын хэнтэй ч харьцах өргөн боломж бий болсон боловч хөршүүдээ алгасаад дэлхийтэй харилцахад үлэмж түвэгтэй. Ингэхлээр хөрш, зэргэлдээ орнуудын болон бүс нутгийн харилцаа бол анхдагч бөгөөд суурь харилцаа юм. Хэрэв эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэх гэвэл чухамхүү хөрш, зэргэлдээ орнуудаасаа эхлэн бүс нутгаар дамжин даяар асуудалд шилжих ёстой гэж би бодож байна.
Монголын уламжлалт нүүдлийн иргэншилд эмэгтэй хүн асар их үүрэгтэй, тэр хэрээрээ эдийн засаг, нийгэм, тэр ч байтугай улс төрийн ихээхэн эрх чөлөөтэй, багагүй нөлөөтэй байсан юм. Монголын эмэгтэйчүүд нийгмийн асар их үүрэгтэй байсныг гадаад, дотоодын олон эрдэмтэн тэмдэглэсэн байдаг. Тэд хүүхдийн хүмүүжлээс эхлээд аж ахуйн олон асуудлыг бие даан шийддэг, эр нөхрийнхөө олон шийдвэрийг өөрчилж чаддаг байсан юм. Гэхдээ энэ нь уламжлалт феодал-теократ, хамжлагат нийгмийн хүрээнд л ийм байсан.
XIX-XX зууны заагт Монгол Улс Хаант болон Зөвлөлт Оросын нөлөөний хүрээнд орж, тэдний дэмжлэг тусламжтайгаар орчин үеийн үйлдвэржсэн нийгэмд шилжин орж, ХХ зууны туршид нийгмийн асар их дэвшил хийсэн билээ.
Үүнийг голдуу үзэл суртлын үүднээс уламжлалт нийгмийг коммунизмаар хүч хэрэглэн устгасан гэж тайлбарладаг боловч үнэн хэрэг дээрээ шинэ болон хуучны, даяарчлал болон дангааршлын, уламжлалт болон европ гаралт иргэншил хоорондын, уламжлал болон шинэчлэлийн, орчин үе болон хуучин үеийн, үйлдвэржсэн нийгэм болон уламжлалт нийгмийн эсрэг тэсрэг тэмцэл байв.
Улс болгоны туулж өнгөрсөн энэхүү түүхэн урсгалын явцад Монгол Улс нийгмийн асар их дэвшилд хүрч, орчин үеийн Монгол Улсын дүр төрх чухамхүү тэр үед бүрэлдэн төлөвшсөн юм. Энэ үйлсийн явцад монголын эмэгтэйчүүдийн байр суурь, үүрэг асар их өөрчлөгдөж, шинэ нөхцөлд улам их нэмэгдсэн юм.
Энэ бүхний үлгэр жишээг зөвлөлтийн эмэгтэйчүүд бидэнд өгснийг ний нуугүй тэмдэглэн хэлэх ёстой. Хувьсгалын эхний жилүүдэд орос эмэгтэйчүүд бидэнд европ дотуур хувцас хэрхэн оёж өмсөх, ногоотой хоол хийхээс эхлээд бүхнийг зааж байлаа. Өөрөөр хэлбэл монголын эмэгтэйчүүдийн соёлжих, гэгээрэх, хүмүүжих, нийгэмших, боловсрох, иргэнших бүхий л үлгэр жишээ нь орос-зөвлөлтийн эмэгтэйчүүд болж байсан юм. Утга зохиол, урлаг, үзэл суртлын салбарт бид юугаараа ч ялгарч байгаагүй юм. Зөвлөлт, Монголын эмэгтэйчүүд Анна Каренина, Маргарита, Горькийн “Эх”, Шолоховын “Дөлгөөн Дон”-ы Аксинья, Дарья, Наталья, Чеховын “Эгч дүү гурав”, Айтматовын “Эхийн тал”-ын Толгонай, “Ингэн нүд” хийгээд Жамилья-г уншиж хүнийг хайрлах тэр л үзлээр хүмүүжсэн билээ.
Ийм болохоор бид бусдаас илүү ойлголцдог ба ойлголцох боломжтой төдийгүй ойлголцох үүрэгтэй бөгөөд эрхтэй. Харин сүүлийн үед үүссэн үнэт зүйлийн тодорхойгүй, замбараагүй байдал гэсэн нэг л саад биднийг хангалттай хөндийрүүлсэн юм. Ардчиллыг хөгжүүлэх нь тун зөв зүйтэй, зайлшгүй зүй тогтол боловч түүнийг хэт үзэл суртал болгож, хөрш болон зэргэлдээ орнуудын эв нэгдэл, тогтвортой байдлын эсрэг ашиглах гэсэн хандлага сүүлийн үед гарах болсон нь дэндүү харамсалтай хэрэг юм. Ийм байж хэрхэвч болохгүй гэж би үзэж байна.
Энэхүү хөндийрч холдсон харилцааг эмэгтэй хүний зөөлөн сэтгэлээр бүлээн дулаан, найрсаг болгож, хуучин байдалд оруулах нь бидний журамт үүрэг гэж үзэж байна.
Дөнгөж саяхан XIX зуунд Анна Каренина, ХХ зуунд Маргарита бидэнд үлгэр дуурайл болж байсан бол одоо нийгмийн сүлжээнд байгаа “хэн нэгэн” эмэгтэй тэднийг орлох болжээ. Бидэнд болон нийгэмд асар их нөлөө үзүүлж буй социал сүлжээний энэхүү “хэн нэгэн” эмэгтэйг ил гаргаж, зохион байгуулж, биетэй, бодтой ажил хийлгэдэг болгох нь бидний нэн чухал үүрэг гэж бодож байна.
Монгол бол Евроазийн эх газрын яг төвд байдаг. Түүнд ердөө л Орос, Хятад гэсэн хоёр том хөрш бий. Түүнчлэн Монгол орон газар зүйн хувьд Солонгос, Япон, пост зөвлөлтийн станы орнуудтай зэргэлдээ оршдог. Энэхүү газар зүйн ойр дөт байрлалыг би Монголын хөрш болон зэргэлдээ орнууд гэж нэрлэж байна.
Хэрэв эдгээр хөрш болон зэргэлдээ орны эмэгтэйчүүд энэ бүс нутагт энх тайван, тогтвортой байдал тогтоохын төлөө идэвхитэй хамтран ажиллаж чадвал Евроазийн бүс нутагт энх тайван тогтох нь эргэлзээгүй. Ийм асар их боломж бидэнд байгаа бөгөөд түүнийг ашиглах талаар хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулахыг би Та бүхэнд хандан уриалж байна.
Евразийн энэ бүс нутагт улс төр, эдийн засаг, нийгмийн асар их өөрчлөлт явагдаж байгаа ба асар удахгүй дэлхийн хөгжлийн нэг төв болох нь эргэлзээгүй юм. Энэ үйл явц чамгүй их зөрчил дунд явагдаж байгааг бид бэлхнээ харж байна. Хэрэв манай бүс нутаг хөгжлийн голомт болж, энд энх тайван тогтвортой байдал бий болж, бас болгож чадвал энэ бүс нутагт, улмаар дэлхий дахинд тустай үйл хэрэг болохсон билээ. Энэ үйлсэд хувь нэмрээ оруулах өргөн боломж энэ бүс нутгийн эмэгтэйчүүдэд бий.
Манай бүс нутагт улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын олон талт харилцаа асар их идэвхижиж байгаа нөхцөлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зайлшгүй бөгөөд гарцаагүй хүчин зүйл бөгөөд үүнд асар их мөнгө хөрөнгө шаардлагагүй, харин санаачлага, сэтгэл зүтгэл, идэвхи хийгээд оролцоо гол үүрэгтэй юм.
Манай улсын хувьд түүхэн утгаараа ч, улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын утгаараа ч Орос, Хятад хоёр хөрш бол манай хувьд хосгүй юм. Түүнчлэн Орос, Хятад хоёрын харилцаа болон тогтвортой байдлаас Евроазийн тогтвортой байдал үлэмж хамаарах нь эргэлзээгүй юм. Иймээс Орос, Хятад, Монголын эмэгтэйчүүдийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтын ажиллагаа тогтвол Евразийн эх газар тэр чигээрээ энх амгалан байх болно.
Энд хоёр арга зам бий. Эхнийх нь бүс нутгийн улс гүрнүүдийн хооронд нэгэнт тогтсон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын “бэлэн байгаа” холбоо харилцааг идэвхижүүлэх, түүнд эмэгтэйчүүдийн оролцоо идэвхийг нэмэгдүүлэх. Удаах арга зам нь орчин үеийн нөхцөлд нийцүүлэн шинэ маягийн байгууллагууд, харилцааны шинэ шинэ хэлбэрүүдийг бий болгох явдал юм.
Монгол Улсын эмэгтэй парламентчид санаачлан 2013 оны 11-р сард Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн парламентын эмэгтэй гишүүдийн чуулга уулзалтыг “Боловсролоор дамжуулан энхтайван, хөгжил дэвшлийг урагшлуулахад эмэгтэй парламентчидын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор амжилттай зохион байгуулсан. Энэхүү чуулга уулзалтын үеэр ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Холбооны зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн нийгмийн бодлогын хорооны гишүүн, хатагтай Татъяна Зоболотная энэхүү чуулга уулзалтыг тогтмолжуулах санаачилгыг дэмжин зохион байгуулагч орнуудын дунд шилжин явах тугтай байх санаачилга дэвшүүлж ихээхэн идэвхтэй оролцсоныг энд тэмдэглэн хэлмээр байна. Мөн Өмнөд болон Хойд Солонгосын парламентын эмэгтэй гишүүд чуулганы төгсгөлд гар гараасаа барилцан хоёр Солонгосын нэгдлийн тухай дуу дуулж олон хүний нүдэнд нулимс цийлэлзүүлсэн билээ.
Мөн ОХУ-ын төлөөлөгчид УИХ-ын даргатай уулзах үеэрээ эмэгтэй гишүүдийн эв санааны нэгдэл, эх хүний өгөөмөр нинжин сэтгэлийг ямар ч хурц асуудлыг шийдэх гарцыг олж чадна, үүний төлөө хамтран ажиллахад бэлэн байна хэмээн хэлсэнчлэн бид алхам тутамдаа ийм гарцыг эрэлхийлж, идэвхтэй санаачлагатай байх хэрэгтэй гэж үзэж байна. Мөнхүү уулзалтын дараа өнгөрсөн оны 6 сард ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенкогийн айлчлал бидний харилцааг улам дотносгож идэвхжүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн билээ.
Энэхүү буухиагаа тасралтгүй авч явах санал санаачилга, ажил хэрэгч үр дүн энэ хурлаас гараасай хэмээн хүсч байна. Тухайлбал, Бүс нутгийн орнуудын парламентын гишүүн эмэгтэйчүүдийн байнгын Зөвлөл байгуулан ажиллая гэсэн саналыг би гаргаж байна.
Энэхүү бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах нь Монгол Улсын үүрэг гэж бодож байна. Харин энэ үйлсэд эмэгтэйчүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж чадна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
2015 оны 09 дүгээр сарын 30.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: