МӨНГӨ БАЙХГҮЙ БОЛ ШВЕЙЦАР ЦЭРЭГ Ч БАЙХГҮЙ…

Сүүлийн үед манайд төвийг сахих уриа лоозон дэлгэрч түүндээ Швейцарийг жишээ болгон бахархан дурдах болов. Энэ бол бүр нэрт соён гэгээрүүлэгч Цэвээн Жамсрановын үеэс анх дэлгэрсэн тун ч сайхан мөрөөдөл юм. Гэтэл сүүлийн үед Ц.Элбэгдорж бараг 100 жилийн дараа бас л төвийг сахих үзлийг тунхаглаж эхлэв. Ц.Элбэгдорж Цэвээн Жамсранов болчихоо юу ?! Тийм утгагүй тэнэг юм гэж байхгүй л дээ. Харин Монгол, Швейцар хоёр юугаараа ялгаатай, Швейцарийн төвийг сахих уламжлал хаанаас яаж үүссэн гэдгийг олоод мэдчихэд л Ц.Элбэгдоржийн тэнэг хийрхлийн цаад учир ойлгогдох юм. Ингээд Швейцарын тухай товчхон…
Швейцар гэж…
Швейцар бол Баруун Европт оршдог, хойт талдаа Юрын уулс, төв хэсэгтээ Швейцарын тэгш газар, өмнө талдаа Альпийн уулсаар хүрээлэгдсэн далайд гарцгүй байгалийн нэн үзэсгэлэнт өчүүхэн жижиг газар оршдог. Түүнийг газрын диваажин гэж ч нэрлэдэг. Энэ газар нутаг хойт талдаа Герман, өмнө талдаа Итали, баруун талдаа Франц, зүүн талдаа Австри болон Лихтенштейнтэй хиллэдэг нь түүний түүхэн хувь заяаг тодорхойлж иржээ. Нэр нь ч яахав, анхны гурван кантоны (аймаг ?) нэг “швиц” нэрээс үүсчээ.
Ийм учраас Швейцар албан ёсны гурван хэлтэй: герман, франц, итали. Мөн ретороман хэл ашигладаг. Үүнийгээ дагаад “швейцар” гэх үндэстний 65% германшвейцар, 18% франкошвейцар, 10% италошвейцар, 1% нь ретороманчууд гэж явдаг. Гэвч би энэ тухай ярих гээгүй.
Швейцарын хөлсний цэрэг
Одоо ч гэсэн зочид буудлын өмнө “зүгээр” зогсож байдаг формын хувцастай үйлчлэгч нөхдүүдийг швейцар гэж нэрлэдгийг олон хүн мэднэ. Яахлаараа “элбэгдорж” гэхгүй, заавал “швейцар” гэдэг юм бол ?! Харин үүнийг яагаад, хаанаас үүссэн гэдгийг мэдэх хүн цөөн. Энэ тухай цухас өгүүлэх гэсэн юм.
Ноён Баабар л монголчуудыг “орондоо орох завгүй, олзлолдон байлдаж байдаг”, “нүүдэлчид эв нэгдэл байхгүй дандаа байлдаж байдаг” гэж дүгнэн бичдэг юм. Хэрэв Европын түүхийг хальт ч болов уншвал Европын түүх бол учир утгагүй алаан талаан, наад тал нь 30 жилийн цаад тал нь 100 жилийн дайн яргаллаар дүүрэн бөлгөө. Үүгээр Баабарт монгол үндэстэн ямагт муухай харагдаж, европ үндэстнүүд ямагт сайхан харагддаг гэдгийг хялбархан нотолж болно.
Цаашаа. Дундад зууны Европын том жижиг олон улсын том жижиг олон дайн самуун дунд нэг аймаг улс ялгаран гарсан нь швейцар байжээ. Тэд байлдах, дээрэм хийх хоёроос өөр зүйл мэддэггүй шахам байж. Франц, Герман, Испани, Итали зэрэг томоохон улсуудаас эхлээд бүх европын худалдаачин наймаачдыг Альпийн нуруун дээр дээрэмдэнэ гэдгийг үзүүлээд өгдөг байж. Нэгдсэн төр улс гэж ч байсангүй. Гэхдээ тэдэнд сайн чанарууд байжээ. Хэлсэн үгэндээ хүрдэг, сайн байлддаг, үнэнч шударга талдаа байсан нь тухайн цаг үедээ ч, одоо ч гэсэн эрхэм чанар юм. Ингээд тэд Европын том улсын хаадуудад хөлсний цэргээр ажиллах болсон байна. Энэ явдал анх XIY зууны үед эхэлжээ.
Анх 1373 онд Италийн язгууртан Висконтын цэрэгт олон швейцар цэрэг байлдаж эхэлсэн мэдээ байдаг. Ингээд зуугаад жилийн дараа швейцарчуудын алдар нэр асар их өсчээ. 1444 онд YII Карл хаан Сент-Якобын дэргэдэх шийдвэрлэх тулалдаанд швейцарчуудын эр зоригийг үзсэнээс хойш швейцарчуудыг цэргийн албанд авах явдал Францын төрийн бодлогын нэг зорилго болсон байна.
Сонирхуулах үүднээс Бургундын герцог Зоригт Карлын эсрэг Францын Людовик XI хааны швейцарын нэгэн сууринтай хийсэн гэрээг сонирхуулъя: Энэ гэрээгээр хаан амьд ахуйдаа эл сууринд жил тутам 20.000 франк өгөх ба үүнийг тэд өөр хоорондоо тэгш хуваан авна; хэрэв хаан дайн хийж, тусламж хүсвэл суурин зэвсэгт хүмүүс гаргаж өгөх ба энэ үед хүн тус бүрт сар тутам 4 ½ гульден-гийн цалин өгнө, тулалдаанд орох бүртээ 3 сарын цалин авах ба хааны цэргийн эдлэх хангамж эдэлнэ. Хэрэв суурин өөрөө Бургундын эсрэг дайнд орж, хаанаас тусламж хүсээд хаан саатах юм бол дээр дурдсан төлбөр дээрээс улирал тутам 20.000 рейны марк уг сууринд төлнө.
Ийм гэрээ хийхээр чинь хөлсний цэрэгт орох, байлдах дайтах урамшуулал бий болж, эдийн засгийн ихээхэн үр ашигтай байх нь мэдээжийн хэрэг.
Ийм төрлийн гэрээ байгуулсан YIII Карл Орлеоны герцогтой хийсэн дотоодын дайндаа 5000 швейцар хөлсний цэрэгтэй байсан бол Неаполийн аян дайн хийх үедээ 20.000 хөлсний цэрэгтэй болж чадсан байна. Ингээд YIII Карлын үед хааны Ордонд швейцарын байнгын цэрэг бий болсон бөгөөд үүнийг Cent Suisses гэж нэрлэх болжээ.
Швейцар хөлсний цэргүүд нэлээд тохиолдолд хааны бие, гэр бүл, орд өргөөг биечлэн хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байжээ.
Энэ үлгэр дуурайлыг Европын бусад улсууд удалгүй авсан бөгөөд эхлээд Италийн Савойн герцог, улмаар Венец швейцар цэргүүдийг хөлслөх болов. Сүүлдээ Ромын папууд хүртэл швейцар цэрэг хөлслөх болжээ. Энэ ажлыг IY Сикст пап эхэлж, ялангуяа II Юлий пап бүр цэцэглүүлсэн байна. Испани ч гэсэн хоцорсонгүй, XY зууны сүүлчээс швейцар хөлсний цэрэг ашиглах болж чингэхдээ элдэв орд харшийг хамгаалах үүрэгтэй болгожээ.
Ингээд XYI зуун болоход Францын шашин хоорондын дайн болоход мань швейцарчууд тэрэнд оролцож, гугенотын цэрэгт хүртэл орж байв. Харин Италийн Флоренцын Медичи швейцарчуудаас бүрдсэн гварди бүрдүүлсэн нь банктай холбоотой байх.
Ингээд XYIII зуун болов. Франц швейцарын бараг бүх суурингуудтай гэрээ хийж эхлэв. 30 жилийн дайны үеэр швейцарчуудын хоёр ч хороо цэрэг байлдаж байжээ. Людовик XIY-ын үед Францын Засгийн Газар Швейцараас 6000-аас 16.000 цэрэг татах гэрээтэй байсан ч хэрэг дээрээ түүнээс ч олныг татдаг байжээ. Үүний дүнд Людовик XIY-ын дэргэд нэг үе 32.000 хөлсний швейцар цэрэг алба хааж байсан удаа ч бий. Суут Макиавелли:”Франц улс швейцарын хөлсний цэргээс хэт их хамааралтай болсныг” дургүйцэн тэмдэглэж байлаа.
Францын хувьсгал гарснаар швейцарчууд бурбончуудад үйлчлэхээ больсон боловч одоо бол бүр ч олон талд ажиллах болов. Тэдний зарим нь Бүгд Найрамдах Улсын төлөө тулалдаж байсан бол зарим нь түүний дайснууд: Конде, вандейчууд, Корсикын Паоли, тэр ч байтугай Генуягийн хөлснөөс оргогсдын талд тулалдаж байв. 1808 онд швейцарын хоёр хороо Испанийн эсрэг, таван хороо Испанийн тусгаар тогтнолын эсрэг тулалдаж байв.
Напалеон гарч ирээд швейцарчуудаас бүрдсэн 3 хороо байгуулсан бөгөөд эдгээр нь Испани болон Оросын эсрэг дайнд онц гарамгай дайтсан юм.
XIX зуунд XYIII Людовик бурбонуудыг сэргээж Cent Suisses-г дахин бий болгов, 100 өдрийн дайны үед швейцаруудын нэг корпус бас л Напалеоны төлөө тулалдаж байв. 1816 онд швейцарын 6 хороо “шинэ” Францын талд, 4 хороо Нидерландын шинэ улсын талд үйлчилж байв. Мөн Испани, Прусст ч гэсэн тэд ажиллаж байв. 1832 оноос XYI Григорий пап өөрийн албанд зөвхөн хөлсний швейцар цэрэг ажиллуулж эхлэв.
Шинэ тутам бий болсон Швейцарийн төр засаг хөлсөөр цэрэг болох явдлыг хориглосон боловч хөлсний швейцар цэрэг 1861 он хүртэл “ажлаа хийж” ирсэн юм.
1870 онд Папын эрх мэдэл италийн хааны мэдэлд шилжсэнээр швейцарын хөлсний цэргийн олон зууны намтар түүх дуусч тэд “Швейцарын гварди” нэртэйгээр Ватиканыг хамгаалах үндсэн үүрэгтэй үлдсэн юм. Одоо ч гэсэн тэд Ватиканыг хамгаалж байдаг.
Ингэхлээр швейцарчууд мөнгөнийхөө нэлээд хэсгийг өөрийн цус, хөлс, хөдөлмөрөөр олж авсан гэж дүгнэж болно. Эл өгүүллийн гарчиг болгож авсан “Мөнгө байхгүй бол швейцар цэрэг ч байхгүй” гэдэг бол францын зүйр үг юм. Тун их учиртай үг юм билээ л дээ…
Швейцарын банк
Домог ёсоор Альпийн нуруунд аянчдыг хамгаалсан нэг швейцар, түүнийг дээрэмдэх гэсэн нөгөө швейцартайгаа таарсан байна. Хоёулаа насан туршаа ингэж явах ёстой юу гэж ярилцаж гэнэ. Тэгээд ингэж дээрэм хийж байсанд орвол урагш хойш, баруун зүүн тийш явж байгаа аянчин жинчин, худалдаачин наймаачдад үйлчилж, тэдний аюулгүй байдлыг хангаж мөнгө олж байя гэж тохирчээ. Домогт ингэж өгүүлдэг боловч түүхэн урт цаг хугацаанд яг ийм үзэгдэл жам ёсоор болжээ.
Европын олон улсын хоорондын бараа таваар, худалдаа, мөнгөний урсгалын аюулгүй байдлыг хангана гэдэг бол угаасаа эдийн засаг мөн юм. Ингээд дээрэм хийдэг байснаа үйлчилдэг, аюулгүй байдлыг хангадаг болжээ. Яваандаа тэдний алт, эрдэнэс, мөнгө хөрөнгийг нуудаг хадгалдаг, хүргэж өгдөг болжээ. Энэн шиг амархан юм байсангүй. Эд хөрөнгө хамгаалах, харж хамгаалах, амласандаа хүрэх, үнэнч байх явдал швейцар хүн бүрийн бараг мөн чанар юм. Энэ нь соёл, менталитет гэсэн агуулгад хамаарна байх. Ингэж “сайхан” үйлчлээд ирэхээр дээрэм хийснээсээ хамаагүй илүү мөнгө олж болох нь тодорхой болжээ.
Ингээд Европын дайн самуун, хувьсгал, хувьсгалын эсэргүү явдлаас зайлсхийх гэсэн хэн бүхэнд амгалан тайван газар хэрэгтэй байсан нь Швейцар болсон байна. Энэ нь зөвхөн Швейцарт төдийгүй Европын бүх улсуудад таатай бөгөөд ашигтай ажил хэрэг байжээ. Сүүлдээ татвараас зугтсан, засгийн газрын мөрдлөгөд өртсөн, мөнгө хөрөнгөө нуух, хадгалах, найдвартай мөнгө зээлэхийг хүссэн хүн болгоны хамгийн хүсүүштэй газар болон хувирчээ. Тухайн үедээ хаад ноёд, тайж язгууртан, том лам нарт мөнгө зээлүүлэх, тэдний мөнгийг хадгалах явдал бол банкны үндсэн ажил байжээ. Зөвхөн хаад ноёд, язгууртнууд л авсан зээлээ эргүүлж төлдөг, мөн их хэмжээний мөнгө зээлэн авдаг байжээ. Энэ үйл явц бүр Людовик XIY-ийн үед эхэлж Францын хувьсгалаар бүр хүчирхэгжин Дэлхийн I болон II дайныг дуустал явагдсан байна.
Швейцарын банкны анхны захиалагчид нь Францын үе үеийн хаад байсан гэдэг. Людовик XIY-ын үед 1685 оны Нантскийн гэрээг цуцалсны дараа мөрдлөгөд өртсөн франц гаралтай протестантууд швейцарын анхны банкуудыг байгуулсан гэдэг. Хаан хүн буруу номтон протестантуудаас мөнгө зээлнэ гэдэг тухайн үедээ байж болшгүй зүйл учраас нууц гэдэг чухал зүйлийг сахих зайлшгүй шаардлага гарчээ.
1713 онд Женевийн Их Зөвлөл (кантонуудын зөвлөл) хамгийн анхны банкны нууцын тухай хууль эрхийн акт гаргажээ. Үүнд:”захиалагч хийгээд түүний гүйлгээг банк бүртгэнэ”, “чингэхдээ хотын зөвлөлийн илтээр өгсөн зөвшөөрөлгүйгээр тийм мэдээллийг гуравдахь этгээдэд дамжуулахыг хориглоно” гэж заасан юм. Энэ зарчмыг Швейцарын банкууд олон зуун жил хэлбэрэлтгүй мөрдөж иржээ. Энэ үйл явц олон зуун жилийн турш явагдаж ирснийг бид анхаарах ёстой.
Бүр XIII зууны үед Генуя, Флоренцын мөнгө хүүлэгчид Швейцарт ирж суурьших болсон баримтууд байдаг. Монголын армийн довтолгооноос зугтааж “банкныхан” тийшээ явсан гэж тайлбарласан ч буруудах зүйл гарахгүй л юм билээ.
Дараа нь XIY зууны үед епископ Адемар Фабри гэгч зээлийн капиталаас хүү авахыг женевийн банкируудад зөвшөөрсөн байдаг.
XY зуун болоход Жан Кальвин банкны салбар дахь католик дүрэм журмыг либералчилж, мөнгө хүүллийг ил болгожээ. Үүнээс өмнө христийн сургааль хийгээд практикт мөнгө хүүллийг Бурхны хүсэл зоригийн эсрэг гэмт хэрэг гэж үздэг байв. Сан-Жиминьяногийн сүмийн чимэглэлд чөтгөрийг тарган гэгчийн мөнгө хүүлэгчийн аманд алтан зоосоор бааж байгаагаар дүрсэлсэн зураг одоо болтол байдаг.
Энэ бүх түүхэн хөгжлийн явцад Швейцар дэлхийн мөнгө-санхүүгийн гол төв болж чаджээ. “Бүх улсын бүх мөнгийг” хадгалж байдаг учраас Швейцар улс төвийг сахих нь зүйн хэрэг юм. Түүхэн ёсоор бол Швейцар аль дивангалавт төвийг сахисан. Харин бидний мэддэг олон улсын эрх зүйн төвийг сахих явдлыг бүр хожим, саяхан буюу 1815 онд баталгаажуулсан.
Аль нэг улс өөрөө зарлахаар төвийг сахичихдаг юм биш. Түүнийг эргэн тойрны бүх улс хүлээн зөвшөөрөх ёстой. Ухаандаа Швейцарын байнгын төвийг сахих явдлыг Австри, Их Британи, Франц, Орос, Прусс, Португал 1815 онд хүлээн зөвшөөрөөд 1919 онд Версалийн энх тайвны гэрээгээр баталгаажуулсан юм. Үүнийг монголоор тайлбарлавал: хэн нэгэн улс Швейцар руу ганцаараа дайран орж олон улсуудын мөнгийг ганцаараа булаан авч болохгүй гэсэн утга юм. Швейцарын төвийг сахих ёс нь эдийн засгаараа баталгаажсанд гол асуудал нь байгаа юм. Тэрнээс биш, Швейцарт хайртай дуртайдаа хамгаалаад байгаа юм огт байхгүй.
Швейцарын түүхэн хөгжил Баруун Европ дахь Сэргэн мандалт хийгээд Соён Гэгээрлийн эрин үе, Англи, Франц, Герман, Нидерландад зэрэг орнуудад болсон хувьсгалуудыг дамжин олон зууны туршид бүрэлдэн төлөвшсөн орь ганц үйл явдал болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл төвийг сахина гэдэг бол улс төр, эдийн засаг, нийгэм, түүхийн нэн тодорхой нөхцөл шалтгаантай, түүгээр баталгаажсан байдаг аж.
Туркмены дараа Монгол
Тусгаар тогтнолоо олсон үеэс Швейцар лугаа хөгжих үзэл санаа монголын дэвшилтэт сэхээтнүүдийн мөрөөдлийн өвөрмөц нэгэн төрөл болсон юм. Бараг 100 гаруй жил ингэж мөрөөдөж байна. Монгол ганцаараа мөрөөдөөд байна гэвэл үгүй юм. Шинэ залуу, хөгжиж байгаа жижиг улс болгон мөрөөддөг байна.
Харин “Швейцар лугаа төвийг сахиж хөгжсөн” улс ганц ч байхгүй гэдгийг дэлхийн нэн шинэ түүх тодорхой харуулдаг. Яагаад гэвэл төвийг сахих болсон түүхэн нөхцөл шалтгаан нь бүгдээрээ Швейцариас өөр байдаг учраас тэр.
Үүнийг дээр өгүүлсэн түүхэн тоймоос хялбархан мэдэж болно.
Хэн ч гэсэн төвийг сахьчихаад амгалан тайван амьдрахыг бодох нь мэдээж хэрэг. Гэтэл хүн төрөлхтний ааш араншин, түүхэн зөрчил, нөхцөл байдал ийм боломжийг хүссэн болгонд олгодоггүй юм. Түүхэн үед байнгын төвийг сахих статусыг Бельги (1831-1919), Люксембург (1831-1944) онуудад эдэлж байв.
Харин одоо үед бол байнгын төвийг сахих статустай хэдэн орон буй. Энэ нь: Швейцар, Ав¬стри, Лаос, Камбож, Мальт, Туркмен болно. Эдгээрээс хамгийн их сонирхол татах нь 1995 онд төвийг сахисан Туркмен болно.
Туркменийг 1995 оноос Ерөнхийлөгч Сапармурат Ниязов удирдаж эхлэв. Тэрээр дорхноо “Туркменбаши” буюу “Бүх Туркменчүүдийн эцэг” цол хүртэж дарангуйлал тогтоох үедээ төвийг сахижээ. Үүнийг нь Баруунд маш их дэмжиж, НҮБ баталгаажуулжээ.
Ингээд 2006 онд С.Ниязов нас барав. “Туркменбаши” шинээр Ерөнхийлөгч болсон Гурвангулы Бердымухамедов гэгч залууд нэн хүнд өв үлдээжээ. Туркменд 2007 онд анхны интернет-кафе нээгдэв, 2007 онд ШУА-ыг сэргээв, 2008 онд анхны валют солих цэг нээгдэв, 2013 онд цензурыг халав. Бүх ард түмнээрээ жил тутам “Туркменбашид” үнэнч байх тангараг өргөдөг балай ёслолыг саяхан халжээ. Ингэж Туркмен улс дөнгөж одоо л сэргэж байна.
Гэтэл “төвийг сахих” гэдэг балай юм нь бөөн аюул болж эхэлжээ. Учир юун хэмээвээс узбек, тажик, туркмен гурав мөнөөх гайт Афгантай шууд хиллэдэг юм. Эдний дундаас Туркмен ганцаараа “төвийг сахидаг” учраас цэрэг, хил хамгаалалт гэх юм бараг байхгүй аж. Харин талибуудад хар тамхи зөөх сул дорой хил хэрэгтэй болохоос Туркмений төвийг сахисан эсэх нь ёстой нохойн жогорхой аж. Ингээд “төвийг сахисан” Туркмены нутгаар хар тамхины зам зурайтал гарах нь тэр. Үүнийг хаах гэхээр “төвийг сахисан” улс цэрэг зэвсгээ нэмж болохгүй, бусад улсаас цэрэг, зэвсгийн тусламж авч болохгүй, ер нь “юм юм” болохгүй аж. Харин талибууд дайраад “бүрмөсөн” эзэлсэн тохиолдолд олон улсууд нийлж байгаад хамгаалах хууль журамтай аж.
Сүүлийн үед Исламын улс гэж хар гай нэмэгдэв. Ингээд Туркмены хилчдийг үе үе хонь шиг алдаг, уйдсан үедээ миномётоор бууддаг “сайхан ажилтай” болж. “Төвийг сахиж” энх тайвныг олон жил сурталчилснаас эх орноо хамгаалах хүсэлтэй хүн цөөрчээ. Халуун цэгт цэргийн алба хаах уу, 1500 ногоон төлөөд цэргээс чөлөөлөгдөх үү гэж туркмен залуусаас асуувал яаж ийгээд бүгдээрээ 1500 ногоон олж өгөөд зугтаад алга болдог болсон аж.
Сүүлдээ туркменчүүд талиб болон исламын улсын зэвсэгт бүлэгт олноороо элсэх болжээ. Зөвхөн 2015 оны эхний саруудад 150 орчим “туркмен-исламчуудыг” илрүүлэн баривчилжээ. Ингээд аргаа барсан Туркмен “төвийг сахихаас” татгалзаж, “маш нууц” байдлаар цэрэг армиа бэхжүүлж эхэлжээ. Хэрэв Туркменүүдэд үндэсний эрх ашиг гэж байдаг бол ямар ч гэсэн Хятад-Орос-Европыг холбосон хийн хоолой, Кара-Корумын суваг, нефтийн асар их нөөцтэй ордоо хамгаалах ёстой биз дээ. Ингэж хамгаалах гэвэл төвийг сахиж биш, Орос юмуу, Хятадыг түшиж л хамгаалах нь мэдээж хэрэг…
Харсаар үзсээр байтал “төвийг сахих” явдал ийм лайтай байтал Туркмены араас орох улс гараад ирдэг юм байна. Тэр нь Монгол…
XXI зуун гарч геополитикийн төвүүдийн өрсөлдөөн ид гаарч байгаа үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэв гэнэт “төвийг сахина” гэсэн онол дэвшүүлэв. Онол ч биш юм, харин шууд манай гадаад бодлого, улс төрийн практик юм.
Ц.Элбэгдорж хөдлөх болгондоо Монгол Улс, монгол үндэстэнд хорлогчинтой юм хийдэг нь түүний хувь тавилан уу, эсвэл гадаадын захиалга уу гэдгийг би ёстой хэлж мэдэхгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 10 дугаар сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

14 Responses to МӨНГӨ БАЙХГҮЙ БОЛ ШВЕЙЦАР ЦЭРЭГ Ч БАЙХГҮЙ…

  1. Б.Ариунболд says:

    Ц.Э Монгол улс төвийг сахисан улс болно гэж дэлхий даяар зарладаг нь ямар учиртайн бол. Ийм хорлогчинтой санаа нь хаанаас нь төрдөг байнаа, цк цк

  2. Эрдэнэбатын Эрдэнэсүх says:

    Танд их баярлалаа. Эрүүл энх, ажлын амжилтыг хүсэе.

  3. Bayar says:

    Зочид буудлын швейцар нь…?

  4. Tugs says:

    Sonirholtoi bn. Bid Elbegdorjiin eldev busiin sanaachilgiin hariug daaj davah bolov uu daa…

  5. Erdene says:

    нийгэм гэдэг маш инерцитэй хөдлөгөөн үйлддэг. энэ элбэгдоржийн ингэж их олон янз бүрийн нийгмийн хөдлгөөн нь хэт их бужигналтыг л дагуулж байна. үүнээс ядаж сүү уух нь ч үлдсэнгүй. аюулгүй байдлын хөдлөгөөн бол улс орон бүрэн эрхээр оршин тогтнох асуудал учраас хагас дутуу үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй, цэргийн зөвлөхгүй элбэгдорж улаан армийн комиссарын мэдлэгээр энэ салбарт хошуу дүрж үл болно

  6. Anonymous says:

    Үнэхээр сонирхолтой түүх байна. Та Ц.Э-тэй уулзаад ярилцаж илүү нарийн төлөвлөгөө юу байгаа зэргийг нь ярилцаж болохгүй юу? Ингээд л нэг нэгийгээ үгүйсгээд ямар нэг байдлаар 2 талд өөр юм бичээд орхичихоор хэт их зогсонги байдалд ороод байна л даа. Монголчууд урагш ахихгүй, эсрэг бодолтой хүмүүс нь бие биенээ тушаад урагш алхаж чадахаа больчихлоо шүү дээ. Зогсонги байдал гэдэг л аймшиг шүү.

  7. Ганаа says:

    Хэрэв “тэр нөхөр” санаачлахгүй бол би түүнийг дуудах болон уулзах боломжгүй. Тэгээд ч би биш, тэр тэнэглэж байгаа…

  8. Наба says:

    Энэ Эбэ нээрээ арай л бишээ. Хэлсэн хийсэн болгон нь лай болох юмаа. Энэ либерал нийгэм Монголд зохихгүй гэдэг нь харагдаж байна ш дээ одоо. 90 онд ардчилалынхан алдсан туршлагажсан, одоо бидэнд алдах эрх байхгүй гэж хуцаад байсан. Ганц боломж олдсон тэрийгээ алдлаадаа муусайн новшнууд. Цаанаасаа л тэнгэр бурхан болохгүй гэдгийг эь сануулаад байгаа юм шиг л.

  9. Мягмар Чинтүшиг says:

    Ротшилд, Рокфеллер, Морганы гэр бүлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

  10. Наба says:

    Жүүдүүдийн протокол биелэлээ олсон юм бишүү. /Баатархуяг нийтлэл/

    • Юcер says:

      Кара корумын cуваг гэж монгол үг биш биз!??

    • Наба says:

      Чи юугаа асуугаад байнаа. Тодорхой юм бишүү.

  11. Anonymous says:

    yumnii ug uchiriig gargasan saihan niitlel baina. bayarlalaa, yum gedeg uchirtai l yum daa.sanaa zorgooroo tuviig sahina ene ter gej chalchih hereggui l yum…

  12. regzen says:

    ЭБэ ерөнхийлөгч хөдлөх хэлэх болгондоо Монголын тусгаар тогтнолд халтай үг хэл үйл хөдлөл гаргах юм. Энэ хүнд чинь ЗӨВЛӨХ гэж хүмүүс байдаг биз дээ. Тэд нар нь хориглож эс чадав гэхэд чиглэлийг өөрчилж чадахгүй юү? Аль одоогийн хэллэгээр бүгд “цунк баригч уу. аль … нөгөө их хурлын гишүүний зөвлөх мэт “тагнуул” уу. Монголд ер монгол “төр” байна уу?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: