ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ХЭН БЭ ?

Зүгээр л “үхчихсэн” Засгийн Газрыг “амьд” байлгаад байгаагийн учир юу вэ ?! “Гарын үсэг зурвал гарыг чинь тайрна” гэж сүрдүүлэхээр болчихдог юм уу ?! Хүнд чинь нэр төр гэж эрхэм юм байхгүй юу ?! Энэ тухай өгүүлсү…
Айлгах төлөвлөгөө
Саяхан С.Эрдэнийг дараагийн Ерөнхий сайд болох нь гэсэн “бор шувуу” баахан нисэв ээ. Энийг тааж ядаад байх юм байхгүй, зүгээр л “хамгаалалтын” эцсийн арга юм. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгийн оронд С.Эрдэнэ Ерөнхий сайд болно гэвэл бүгдээрээ айсандаа өмдөндөө чацга алдах юм байна л даа…
АН-д үүнээс муу сонголт байхгүй гэж бодтол байдаг л юм байна. 2012 оноос хойш тасралтгүй сайд хийж байгаа С.Эрдэнийг Ерөнхий сайд болно гэхээр ингэтлээ ”айж” байгааг бодоход. Бие биенээсээ ингэж “цочтилоо” айж байгаа бол нам гэж байгаад үхснээ хийнэ ?!
Энэ талаар “Өдрийн сонин” Г.Уянгаас асуужээ, “(Ч.Сайханбилэгийн) Засгийн газар огцорлоо гэхэд илүү сайн Засгийн газар бүрдэх үү?…”гэж. Хариулт нь их гоё “Үүнээс илүү Засгийн газар байгуулж чадахгүйдээ тулсан бол тэр нь АН-ын л байж байгаа царай. Наадах чинь явуургүй пиар”.
АН байтугай олон нийт Ч.Сайханбилэгийг огцрох шалтгааныг Р.Амаржаргал гэж харжээ. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгийн оронд Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоно гэхээр нийгэм түрхрэн дэмжиж байгааг анзаарсан хэрэг. Тэгээд Р.Амаржаргалыг С.Эрдэнээр солиод үзье л гэж бодсон хэрэг. АН амиа хорлох гэж байгаа юм уу хаашаа юм ?! Ч.Сайханбилэг сайн муугийн яг “О” цэг нь юм байна л даа. Одоо АН-ынхаан, хар даа. Та нар яг “О” цэг дээрээ зогсож байна.
Магадгүй Ч.Сайханбилэг өөрөө огцрох өргөдлөө барьж магадгүй байна. Өөрөөр хэлбэл гарын үсэг зурсан 20 дахь гишүүн. УИХ-ын чуулган дээр асуух юм байна л даа. “УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг та Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах гэсэн шалтгаан чинь юу вэ?” Энгийнээр бол Ч.Сайханбилэг гэдэг бие хүн юу ч биш, давхар дээлнүүдийнх нь нэг нь нөгөөгөөсөө асууж байгаа хэрэг шүү дээ…Хариулт нь: “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болбоос Дубайд очиж Оюу толгойн ордыг гадаадын 15 банкны зээлийн гэрээний барьцаанд тавихыг зөвшөөрсөн учраас”… Энэ хууль гэдэг чинь ийм л логик жүжгээр явдаг эд л дээ. Эсвэл эсрэгээр ч байж болно. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг миний бие Дубайн гэрээнд гарын үсэг зурахыг хүсээгүй авч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөвшөөрсөн нь миний сэтгэлд нийцэхгүй байгаа тул огцруулмаар байна аа ч гэх юм уу. Ийм логикоос нь болоод нийгэм (мэргэжлийн бус хүмүүс) хуульчдыг “тэнэг” гэж шоолдог байхгүй юу.
Манай хуульчид яг ийм байдлаар асуудлыг шийдсэнийхээ төлөө сардаа 4,0 сая төгрөг авдаг. УИХ үүнд нь суралцах гэж аргаа барж атаархсандаа “хуульч багш нарынхаа цалинг” хасах нь. Харин энэ “хүнд хэцүү” хөдөлмөрийг нь төр засаг үнэлэхгүй байгаад хуульчид “гомдож” байна. Лүндэндоржийн тайлбарласнаар “Цалинтайгаа дүйцэхүйц зээл авахуулсан төр засагтаа гомдож байгаа” гэнэ. Хууль гэж юу байдаг тухай байтугай “хууль” гэж хуучин монголоор яаж бичдэгийг мэддэггүй Ганбат тэднийг өмөөрч байна. Харин А.Бакейгаас асуувал арабаар яаж бичдэгийг хэлээд өгч магадгүй байх шүү. Ухаандаа Лүндээжанцанд цалинг нь мянга дахин нэмсэн ч энэ мангуу, усан тэнэг чигээрээ л дуусах л байхгүй юу…
Засгийн газрыг огцруулах гарын үсэг үндсэндээ бүрдчихжээ. Дубайн гэрээг байж болшгүй зүйл болохыг илчилсэн Ч.Улаан, ТБД (Энэ хүний нэрийг биш компанийнх нь нэрийг монголчууд илүү мэддэг учраас ингэж бичив) нар гарын үсгээ зурахгүй бол хоёр нүүр гаргасан болох нь. Хашир туршлагатай, цагтаа БНМАУ-ын СнЗ-д (юу ч мэддэггүй хэрнээ мэдэмхийрэх дуртай жаалуудад зориулсан “АХА”) магадлалтай гэгдэж байсан санхүүч Ч.Улаан Ерөнхий сайдад Дубайн гэрээний асуудлаар албан бичиг явуулж, гэрээг залруулах талаар хэд хэдэн асуудал санал болгожээ…
Наймаа
Одоо гарын үсэг 17 байна. Асуудал чуулганд ороод ирвэл харин унагах бол асуудал биш ээ. Харин дараагийн Ерөнхий сайдаа тохироогүй гэж байгаа ч үнэндээ тохирсон. Тэр ч байтугай Н.Алтанхуягийг дахин Ерөнхий сайд болгох замаар намын эв нэгдлээ хадгалах нь зөв гэсэн байр суурь ч дэвшүүлж үзжээ. Харин Н.Алтанхуяг татгалзсан байна.
С.Баярцогт Засгийн газраа хамгаалж чадахгүй байна. “Хэрэв би хөндлөнгөөс оролцвол бүр ч муугаар нөлөөлнө” гэж тооцож байгаа бололтой. Тиймээс Ч.Сайханбилэг өөрөө биечлэн үзэж тарж байна. Тэр ч байтугай гарын үсэг зурсан гишүүдийг нэгбүрчлэн дуудаж уулзаад гарын үсгээ “штрихдэх”-ийг шаардаад хариуд нь голдуу л “салаавч” үзэж байна. Байдал найдваргүй тийшээ эргэснийг бүгд мэдэж зайгаа барьж эхэлжээ.
“Ядаж байхад яр” гэгчээр яг энэ үед Н.Энхбаяр “Өршөөлийн хууль”-аар Ерөнхий сайдыг чангалж байна. “Хэрэв Ерөнхий сайд ухаантай юм бол намаа хамаандлаад Өршөөлийн хуулийн хоригт хамрагдсан миний долоон заалтыг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргуул. Ингэж чадахгүй бол би Хасар, Басар нохойгоо суллана” гэсэн шахааг МАХН-ынхан хийж байна. Хасар, Басар нь Улаан, ТБД хоёр л доо. Хэрэв тэр хоёр нь зурчихвал 19 гишүүнээр Засгийн газар “өргөгдөн баригдана”. Яагаад “-гдах”вэ? гэвэл Г.Уянга бүрдсэн гарын үсгийг дарж удаах эрхгүй болчихож байгаа юм.
Өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр Өршөөлийн хуулийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвсэл завсарлагаа сунгажээ. АН-ыг завсарлага аваач гэж гуйсан ч юу гэж зөвшөөрөх вэ? Тэгж намаа алснаас тэмээ хариулсан нь дээр. Аргаа бараад “эвсэл” завсарлагаа сунгажээ. Гурав хоногийн завсарлага авсан ч үнэндээ өмнөх тав хоногоос хугацааны хувьд ялгаагүй. Яагаад гэвэл баасан гарагт авсан завсарлага дараагийн пүрэв гарагийг чуулган хүртэл үргэлжилнэ. Гэвч энэ бүхэн усанд живэгч дэрснээс шүүрэхтэй л адил. Нэг өдөр хожлоо гээд аврагдах уу? Өвс тасарна.
Эвслийн хоригийг хүлээн авахгүй байх талынхан ингэж чардайж байгаагийн цаад учир нь НЭ даргадаа: “Өөрөөс шалтгаалах бүхнийг хийлээ, Та гомдолгүй биз ?!” гэж мөлхөх шалтаг хэрэгтэй. Тэр “өөрөөс шалтгаалах бүхэн” нь “өөрийг ахиж сонгохгүй бүх л шалтгаан” болж байгааг анзаарахгүй байна гэж үү? Эсвэл жагсаалтаас зуурчихна гэж бодож байна уу ?!
Өршөөлийн хуулийн хоригийг Г.Уянга, Л.Цог, Сономпил нар шууд дэмжинэ. Эвсэл дотроо ч ил тод шүүмжлэлтэй хандаж байгаа. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар түдгэлзсэн байр суурьтай байна.
Хашин чононууд цадахдаа ч хонио бүтэн байлгах ухаан сүвэгчилж байгаа хэрэг. Харин сайдаар ирээдүйгээ худалдсан хэд бол улайран зүтгэхээс өөр зам алга. Баасанхүү шокноосоо гарч “учраа олбол” өөрт нь өлзийтэй. Эргүүтчихээд “ухаантай царайлах” бол утгагүй…
МАНАН-гынхан, ахиж сонгогдох хүсэлтэй хүн бүхэн хуучин берданк шиг болсон Гончигдоржоо харин ч нэг тоохгүй гишгээд явчихна л даа. Уг нь АН гэдийж МАХН бөхийх ёстой байтал яагаад тэр хөгшин гэзэгт бөхийж, МАХН гэдийгээд байгааг гайхаж л байгаа. Бөлдөг ч уг нь их эмзэг л дээ. Гэхдээ үүний учир шалтгааныг заавал би бичих албагүй л дээ…
Тиймээс хоригийн асуудал чуулганаар орлоо л бол хүлээн авна. Хоригийн “тоог үсгээр солих”-ын хооронд хэдэн мянган хүний хувь заяа яаж хохирч байгааг бүгд харж л байна. Н.Энхбаяр гэж үнэн заяагүй шуналтай хог, хоригоос өөрт хамаатай долоогийн долоон заалтыг авч хая гэж зүтгээд хэдэн нохдоо шар махтай нь хатааж л байдаг.
Өршөөлийн хууль хэрэгжихгүй байгаагийн цорын ганц буруутан Н.ЭНХБАЯР мөн. Өөр хэн ч биш, увайгүй ноёны унхиагүй албатуудаас нь болоод парламент муу нэрийг нь зүүж, эвсэл нь тарж бутрахдаа тулж байгаа болохоос…
Сүүлчийн удаа бадамлаж байгаа зулыг харахаар амьдралын гүн ухаан л бодогдох юм.
Харин ард түмэн болохоор Н.Энхбаяр мундаг байна аа гэж харж байна гэдэгт өөрөө итгэчихээд байгаа л даа. Угаасаа зан нь тийм юм. Адилхан ялтнууд болохоор өөрийг нь өөрийн хүн гэж өрөвдөнө гэж тооцоогүй л байлтай. Одоо тэр Засгийн газрыг огцруулах гарын үсгийг өөрийн эрх ашигт нийцүүлэн тоглох гэж оролдож байна.
Хамгийн ТОМ наймаа бол энэ л юм. МАН, МАХН-ын бусад нь яахав дээ байнгын хороон дарга, тендер, зээл мэтхэнээр л өөрийгөө худалдчихаж байгаа юм. АН-ынхны хувьд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурвал ахиж дэвшихгүй гэж ам шүдээ өгсөн учраас айж байна. Айхдаа даргаасаа биш л дээ, дэвших хүсэлтэй үй олон хүн АН-д байгаа учраас өрсөлдөгчөө түлхэж унагах барьц тэдэнд өгөхгүй гэж байгаа юм л даа. Гэхдээ Та нарын одоо хийж байгаа судалгаанаас өмнө миний хийсэн судалгаа гэж байгаа юм шүү дээ. Би Та нараас ямагт түрүүлж ирсэн, энэ чигээрээ л байна…
Сүнсгүй Засаг
Яг унахын өмнө Засгийн газар ийм сүр сүлдгүй болдог юм. Айхтар төсвийн таналт хийх хууль оруулж ирж, цалинг чинь хасна, туслахыг чинь хасна гэж УИХ-ыг айлгах (айлгах төлөвлөгөө № 2 нь) гэж оролдсон ч бүр тахилыг нь буруу өрчихөж. Бүгд л шүд зууж байна. Хасахаас чинь өмнө өөрийг чинь хасчихъя л даа. АН-ынхан бүр ч дургүйцэв. Төрийн байгууллагуудад 180 мянган хүн ажиллаж байна. Сонгуулийн өмнө тэдний цалинг хасахаар АН яаж ялагдах бол ? Гүнбалай ч үгүй болно. Тэр тусмаа хөдөө орон нутагт бэлэн мөнгө тогтвортой гар дээрээ авдаг нь төрийнхөн. Төрийнхнийг хохироолоо гэхэд тэдний мөнгийг эргэлдүүлдэг орон нутгийн жижиг бизнес эрхлэгчдийг яах вэ ? Энэ Ч.Сайханбилэг “манай тал” уу, МАН-ын “тал” уу? Р.Амаржаргал ялагдахдаа цалинг нь нэмж өгчихөөд явсан, харин Ч.Сайханбилэг хасаж өгөөд явах гэж байна. Улс төрчдийн ч, эдийн засагчийн ч хувьд энэ мөн их ялгаа шүү.
Ч.Сайханбилэг “Засгийн эрхэнд гармагцаа бүх тэтгэвэр тэтгэмж хасна” гэж ард түмнээ айлгаад хадны мангаа болчихсон хүн. Арай гэж “Хэн нь бүсээ тасартал таргалж, хэн нь гэдсээ тасартал турж байгааг” хэлж байж зогсоосон. Тэгээд зогссон бол яая гэхэв ? нэмээд ард түмнээ алт, мөнгөө авчирч тушаа гэж комсомолчлоод бүр баларсан. Зангианыхаа хавчаарыг авч байгаад хэлдэг байгаа даа, энэ үгээ. Хэрэв түүнд итгээд тушаасан бол, тушаал алт мөнгөтэйсэн бол эд бүр баллах байж. МАН-ынхан л анх хамтрахдаа “нокаут шаагаад” ой санамжийг нь алдуулчихсан байх, эсвэл МХЗЭ-ийн нууц гишүүн хэвээрээ байна уу ? Энийг ч гэсэн ярьж болно ш дээ…
Саяхан гэнэт ой санамж нь орж Засгийн газар төслөө бушуухан татаж авав. Энэ зуур төрийн сангийн санхүүжилтийг царцаасан учраас төсвийн байгууллагууд урсгал зардлаа дийлэхээ байж хулгай хийх зам руугаа оров. Өөр яах ч юм. Ингэж тооцоо судалгаагүй шийдвэр гаргаад, ядаж байхад түүнийгээ хэрэгжүүлэх чадваргүйгээсээ болоод тогтсон системээ эвдэн сүйтгэж байна. Үүнийгээ тэгээд зогсоо зайгүй пиардаж төрийн байгууллагуудын ажиллах идэвхийг үлэмж сулруулав. Ингэснээрээ төрийн байгууллагууд болон ард иргэдийн хооронд яс хаясан муухай үйл хийлээ. Бид энэ улсыг идэж уудаг олигархууд биш, харин энэ төрийн байгууллагын ажилтнууд л муухай, цалинг нь хасаж байвал таарсан новшнууд гэж харагдуулах гээд байгаа юм уу хаашаа юм ?!. Тэр төрийн байгууллагын ажилтнууд чинь ард түмний нэг хэсэг мөнөөсөө мөн. Дээр нь төрийнхнийг (өөрсдөө төрийнхөн биш юм уу ?!) гадаадын хөрөнгө оруулагч нараар угжуулж амь дүйж байсан либерал нэртэй адгийн шааруудаар хараалгаж, твийтэр фейсбүүкээр баахан бөөлөв.
Харилцаа холбооны газрын даргаар ажиллаж байхдаа зохион байгуулсан тэр бүтцээ сэргээж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгсөн телевиз, сайтуудын эрхийг барьцаалж дарамтлав. Бүх мэдээлэл Засгийн газрын хяналттай, тэдний тавдугаар цувааны бууны нохдоор дүүрсэн твийттэр, фейсбүүкт аажим төвлөрч, бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд “авъяастан тодруулахаас” өөр ажилгүй болов. “Фейсбүүк, твитэрийн” хувьсгал” хийх гэсэн биш урвуу үр дүн үзүүлэв. Одоо Засгийн Газрыг өмөөрдөг “зоригтой” фээсбөөкч”, “жиргээч” гэж бараг байхгүй болов. Ганц нэг усан тэнэг л засаг төрийг өмөөрч байна.
Н.Алтанхуягийн үед “Оюу толгой”-г шалгуулж баахан будлиан ухаж гаргачихаад байсныг ямар үүрэг рольгүй хэрнээ Дубайд далдаганаж очоод дарсан. Баахан шүүгч прокурор байцаагчдаар авилгачдад ял өгүүлчихээд одоо авилгачдаа өршөөх гэж байна. Хэдэн авилгачид ял өгүүлэх шүүх хурлыг өөд уруугүй, өглөө оройгүй цацаж хуулийн байгууллагыг шороотой хутгасан. Эцэст нь цалинг нь хомроголон хасаж “шийтгэх” юм гэнэ.
Улсын өрийн хэмжээг тооцохдоо зөвхөн гадаад өрийг биш, дотоод өрийг нэмж тооцоод дааж давшгүй өрөнд орсон мэт сэтгэхүйг нийгэмд халдаачлаа. Уг нь өрийн харьцааг зөвхөн гадаад өрөөр л тооцож гаргадаг. АН яагаад ингэж муу дээрээ муухай үйлдэл хийгээд байна ? Ядаж ямар ч Засгийн газар өөрийгөө муулдаггүй атал улам бүр муу муухай болгох ажлыг системтэйгээр хийж байна. Энэ нь Монголын засгийн газруудын нэр хүндийг унагаж байгаа болохоос Ч.Сайханбилэгийн Сайханбалаг төдий юм биш шүү дээ. Энэ бүх хорон муухай гажуудал унхиагүй удирдлагатай АН болон түүний Засгийн газар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөс болсон болохоос төрийн албан хаагчдаас болоогүй. Энэ бүхнийг гардан хийсэн нам цаашид яаж амьдрах юм бол оо ?!
Асуудлыг оруулж ирэхдээ өдөөн хатгагч, хорлон сүйтгэгчдийн ч бодож оломгүй балиар муухай мэдрэмжтэй юм. Тэртэй тэргүй цалин хасахтай холбоотой нийгэмд таагүй байдал үүсээд байхад Гацууртын ордыг ашиглах хуулийг оруулж ирж байна. Нийгэмд шууд эмх замбараагүй байдал үүсгэх шалтаг болохгүй юу? Цалингаа хасуулах гэж байгаа цагдаа, хүчнийхэн Засаг төрөө хамгаалах уу ?! Энэ бүхэн яавч Монгол төрийн бодлого биш. Энэ цаанаасаа удирдлагатай украйнжуулах явц мэт санагдаж байна.
Хамгийн хатуу шүүмжлэгч бид хүртэл энэ бүхнийг хараад болгоомжлох сэтгэл эрхгүй төрж байна. Ямар нэгэн үймээн самуунд турхирч буй мэт санагдах энэ бүх үйлдлийг Ерөнхий сайд нь хийж байна гэхээр шанзав Бадамдорж амилсан мэт хүйтэн мэдрэмж төрөх боллоо. Үүнийг нягталж шалгахаар өнөө л АНУ-ын ТЕГ-ын агент Роберт Пэйнтэртэй хийсэн олон нийттэй харьцах зөвлөгөө авах 11 тэрбумын гэрээ рүү гарцаагүй ороод байна. Төрийн байгууллагынхны цалинг хасаж бүрдүүлсэн мөнгөө 11 тэрбумын гадаад төлбөр нэрээр зувчуулах гэж байна.
Энэ байж боломгүй хорлонтой муухай үйлдлийн цаана ямар санаархал байна ?! Мөнгөгүй мөнгөгүй гэх атлаа АСЕМ-ийн хурал хийнэ гэж бүр ч алийг нь алдуулж байна. Энэ улсыг элгээр нь хэвтүүлэх ямар нэг бодлого яваад байна. Энэ нь мань мэтийн судлаачид байтугай жирийн хүмүүст мэдрэгдээд байна. Ингэж элгээр нь хэвтүүлчихээд “төвийг сахих” юм гэнэ.
МАН-ынхан ч гэж маанагууд. Цалин хасах төсвийг нь эсэргүүцэж хэдэн гишүүн нь цээжээ дэлдэж цэрээ ховхлохын оронд чимээгүйхэн хүлээж авч баталчихаад АН-ыг үнсээр хийсэхээр нь буцаагаад нэмчихэж болохгүй гэж үү ? Архангай аймагт аавынхаа дурсгалд зориулж бариулах гэж байгаа С.Эрдэнийн захиалгат спортын төвийг байхгүй болгочиход ч тэр мөнгө нь гараад л ирнэ. “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэ хийгээд одоогийн лухгар худалч Эрдэнэ хоёрыг ялгахаа байчихсан юм уу, хаашаа юм ?!
Төсөвт мөнгө байхгүй биш байгаа. Хэн ч төсвийн үлдэгдлийг асуудаггүй. Ердөө л “хулгай” их байгаад асуудлын гол байгааг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн сануулсаар байна. Төрийн банкинд хийсэн шалгалтын материалаар шантаажилж байгаад нэг тэрбумын хөрөнгө тойрогтоо тавиулсан Ү.Хүрэлбаатар тэр мөнгөөрөө 10 суманд суурь тавьж тууз хайчилсан байна. Энэ байгууламжууд хэзээ ч ашиглалтанд орохгүйн дээр, нөгөө хүнд байгаа төсвөөс 1 тэрбум төгрөг салхинд хийсч байна. Энэ 10 суурийг гүйцээх нэрээр хэдэн тэрбумыг завшихыг хэн ч одоо таахгүй. Тэр ажлын хэсэгт нь М.Энх-Амгалан ч орсон.
Ийм байдлаар улс орныг удирдах нь ердөө л сүйрэл.
Ядаж хэсэгхэн боловч хугацаанд удирдлагагүй байвал харьцангуй хөнгөн хямрах байх. Ийм харь сэтгэлтэй “америк шанзав Бадамдоржийн” араас Сүй Шү Жан нь гараад л ирнэ. Үүний төлбөрийг төлж ч байна.
“Ардчилал” гэж хорин жил хоосон орилохоор ардчилал чинь жорлон болж байна. “Жорлонгийн дарга” хийх утгагүй. Одоо Та нар “ардчилал гэж юу вэ ?” гэж БИДНЭЭС асуух цаг болсон…
Учир нь Монголд төр гэж байхгүй болоод тун их удаж байгаа бөгөөд эдүгээ ЖИНХЭНЭ ТӨР-тэй болох нь монгол үндэстний амин чухал зорилт мөн.

Судлаач Д.Ганхуяг.
2015 оны 10 дугаар сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

7 Responses to ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ХЭН БЭ ?

  1. С. Наранбат says:

    ОЮУТОЛГОЙН ҮЛГЭР
    Эрт урьд ч биш энэ цагийн өнгөнд юм гэнэ.
    Аав, ээж, хүү гурав алс газар амьдран суудаг байжээ.
    Бензингүй машин нэг, “Оюутолгой” гэдэг нэртэй бор халзан хонь нэгтэй юмсанжээ. Машиндаа бензин хийж нүүгээд сумын төв орчихвол тэднийг өндөр цалинтай ажил, хангалуун сайхан амьдрал хүлээж байгаа гэнэ. Гэтэл бензин авах ямарч мөнгө байдаггүй. Мөнгө болгочихмоор юм нь нөгөө ганц хонь нь. Заръя гэтэл арьс мах авдаг хүмүүс амьдаар нь бол маш хямдхан авна, үгүй бол төхөөрөөд ирвэл авна гэж дээ. Хясахад тэднийд хонио төхөөрөх ямарч хутга байдаггүй, гэрийн эзэд өөрсдөө төхөөрч мэддэггүй.
    Тэгтэл нэг өдөр тэдний энэ байдлыг гадарласан нэг алдартай ченж тэднийд ирэв гэнэ.
    Тэр ченж гэрийн эзэнд шил архи сэмхэн харуулчихаад, “-За хөө, хоёулаа хамтарч хонийг чинь төхөөрч зараад ашгаа хувааж авъя.” гэжээ.
    Ченжтэй наймаалцаж, дараах хэдэн хувилбараас аль нэгийг нь сонгох болж гэнэ:
    1. Эзэн хонио, ченж хутга ба хонь яаж төхөөрөхийг зааварчлах хүнээ дааж, хамтдаа хонио төхөөрөөд гарсан арьс мах, цувдай толгойг нь хамтран зараад ашгаа 34:66 хувиар хувааж авах, ингэхдээ эзэнд нөгөө архийг өгөхгүй;
    2. Эзэн хонио, дээр нь ченжийн худалдаж авах хутганы үнийн 34%-г гаргах. Нэгэнт өөрт нь мөнгө байхгүй болохоор хутга авахад оруулах мөнгөө ченжээс өндөр хүүтэйгээр зээлж авах. Ченж ямар үнэтэй хутга авахаа өөрөө шийдэх. Энэ тохиолдолд эзэнд архинаас амсуулах. Ер нь бол хутга 4 түм гаруй төгрөгт л багтах.
    3. Эзэн хонио ченжид бэлэглээд, хутганы үнийн талыг даагаад, хонио төхөөрч өгөөд ченжээс хонь төхөөрөхөд оролцсоны хөлсөө авах. Ченж эзэнд архиа бүтнээр нь өгөх ба хонины мах, арьс сайн зарагдвал гаргасан гэх бүх зардлаа нөхөж аваад яваандаа сайхан зан нь хөдөлвөл эзнийг харж үзэх, өөр ченжүүдэд эзнийг магтах.
    Гэрийн эзэн хар бор ажилд оролцдоггүй танхи мөртлөө гэрийнхээ бүхий л юмыг толгой мэдэж шийддэг, аль өнгөтэй өөдтэй, шимтэй, амттайг нь эхнэр хүүхэддээ ч хүртээлгүй өөрөө хэрэглэдэг олхиогүй нэгэн байж.
    Эзэн архинаас амсах хорхой нь хүрээд, хонио эргэлтэнд оруулах 20 түмэн хувьсагчтай эдийн засгийн модель толгойдоо босгон, мэдээлэл, мэдлэг сайтай гэж өөрийгөө өргөмжлөн, бусад хүмүүс ингэж л хийдэг, хуулийн заалтад бүрэн тохирч байгаа гэж эхнэр хүүхдээ эргүүтүүлэн молигодож байгаад ченжтэй хоёрдахь хувилбараар тохиролцчихжээ. Ченж, “-Тохиролцсоноосоо буцвал торгуульд нь адуу авна, чамайг хэлсэндээ хүрдэггүй гэж ченжүүдэд хэлнэ, тэгвэл чамтай ямарч ченж харьцахаа болино” хэмээн айлгачихсан тул нэгэнт буцалтгүй болсон эзэн энэ шийдвэрээ гэрийнхэндээ дуулгажээ.
    Эхнэр хүүхдүүд нь “-Энэ ченжид ингэж шулуулахаа мэдсэн бол хонио хямдхан ч гэсэн амьдаар нь зарчихдаг байж” хэмээн маш их халаглан харамссан ч эзний алдааг арга буюу уучлан, “-Бид тал үнийг нь хүүтэй зээлээр төлөх болохоор өндөр үнэтэй хутга л битгий авахуулж үзээрэй” гэж гуйж, үүнээс дор тохиролцоо хийвэл хэрхэвч зөвшөөрөхгүй, тэмцэнэ гэж сүрдүүлж гэнэ. Үүнийг сонссон ченж, “-Би таван түм гаруй төгрөгөөр л хутга аваад ирнэ, та нар санаа зоволтгүй” гэжээ.
    Ченж ишгүй хутга барьсаар зааварлагчаа дагуулаад ирэв. Эзэн дорой дуугаар хутганых нь үнийг асуувал, “-Энэ бол үнэ нь байнга өсч байдаг, маш ховор, бренд хутга. Ишийг нь тусад нь авчирч угсардаг. Их үнэтэй эд.” долоон түмэн төгрөг гэж гэнэ. Ишгүй хутгаар хониныхоо өрийг нь цоолж, голыг нь таслаад, цааш эвдэж, янзлах гэтэл болдоггүй. Эзэн ченжээс “-Та тав гэж хэлчихээд яагаад долоон түмээр хутга авчраа вэ?, Би үнийнх нь талыг төлөх юм чинь хоёр түмэн төгрөг нь хаачсаныг мэдмээр байна. Хутганы ишийг нь хэзээ авчрах вэ? гэвэл эзний гачигдаж, хэцүү байдалд байгааг мэдэх ченж, “-Би чамд архинаасаа амсуулсан. Чи надтай хоёр түмэн төгрөгний маргаан хийх хэрэггүй. Тохиролцсон хоёрдугаар хувилбараараа явахаар хутганы ишинд нэмж зургаан түмэн төгрөг хэрэг болоод байна. Тэгэхээр хоёулаа ерөөсөө гуравдугаар хувилбарт шилжье. Би хүүгээр чинь хонины өвчүү түшүүлж, эхнэрээр чинь гэдэс цэвэрлүүлээд шагнана. Эхнэр хүүхдээрээ үүнийг зөвшөөрүүлээд ирвэл би архиа бүтнээр нь өгнө” гэжээ.
    Архинд шунаж, эрээ цээрээ алдсан эзэн, “-Ченж бидэнд маш сайхан санал тавилаа. Хүүд маань хонины өвчүү түших, чамд гэдэс цэвэрлэх “ажлын байр” гаргаж, шан өгнө гэсэн. Ченжийн буянаар би хонио төхөөрөлцөж хөлс аваад, хүү маань өвчүү түшиж, чи гэдэс арилгаад хишиг хүртэх нь байна шүү дээ. Та нар намайг гуравдугаар хувилбараар тохиролцохыг зөвшөөр” хэмээн эхнэр хүүхдээ ятгаж яваа гэнэ шүү.
    Эзнээс хонийг нь яаж салгахыг харж суугаа бусад ченжүүд хонины эзэнд эцэг өвгөдөөс нь өвлөгдөн ирж байгаа бусад хөрөнгө, адуу малыг яг л тэгж авна гэж нөгөө ченжтэй барьцахаар зэхэж байгаа сурагтай…
    Үлгэр цааш өрнөнө.

    1. Эхнэр хүүхдээ ятгаж суугаа эзэн сэхээрч, ухаажих болов уу?
    2. Дундынхаа өмчийг архичин, танхи гэрийн эзнээрээ сүйтгүүлж суугаа эхнэр хүүхэд хүлцээд л амьдрал дордохыг тэвчээд л байгаад байх юм болов уу?
    3. Бусдын өмчийг дэндүү хуншгүйгээр луйвардан тоногч ченж гэнэт хүн чанартай болж, тэднийг харж үзэх юм болов уу?
    Эрхэм уншигч та нар үлгэр яаж төгсөөсэй хэмээн хүсэж байна вэ?
    Уг нь үлгэр амар сайхандаа жаргаж л төгсдөг дөө.
    Үлгэрийг зохиосон ……………. (нэрсийг нь уншигч та нар мэднэ), тэмдэглэсэн С. Наранбат.
    2015 оны 7-р сарын 19.

  2. Daria says:

    Гаргалгаа
    Иргэдэд өгөх Зөвлөмж

  3. Б.Ариунболд says:

    Энэ янзаараа явсаар байгаад сонгууль хүрж чадах бол уу? Сонгуулиар бидэнд найдлага бий юу? Найдлага хаана байна вэ?

  4. ganaa says:

    uimraa ovgon maani odoo buur suurin deeree l ergeed baidag boljdeee he he. Lag meddeg yum shig heseg shaasan. Odoo chadal ni baragdaad tolgoi ni hurehee baigaaad suurin deeree hed ergej shaaj bnaa kkk. Ter uyanga mangariihaa gariin useg 2-3 r nemegdeh toolond l neg tolgoi ni ergesen yum bichij suudag boljdee

  5. regzen says:

    Еээ ХӨХ ТЭНГЭР минь Эдэнд чинь Монгол хүн гэж байна уу? Цадна дэвтэнэ гэж байна уу? Аль “түм” насалдаг хуандай” гээч нь юм уу? “Би” 100 хүрэхгүй наслах авч, энэ газар шороон дээр мөнх орших “Монгол ард түмэн, Монгол үндэстэн” гэж ойлгодоггүй тийм сэтгэлгүй бүгд “ХОНЦ” гаднын тагнуулууд юм уу? Хайранч өвөг дээдсийн алтан амь, цус, нульмас,, итгэсэн сэтгэл найдвар…

  6. Saikhnaa says:

    Сайханбилэг унаад дахиад нэг Сайханбилэг гараад ирнэ шүү дээ. Дахиад сайд нарын томилгоо, төрийн албан хаагчдыг халах солих, өөрийн хүнээ тавих гэх мэт томилгоонууд үргэлжлэнэ шүү дээ. Уг нь тэр хүмүүс уг албандаа хэдэн жил ажиллаад туршлагажиж мэргэшээд, төрийн албыг залгуулах ёстой байдаг. Тэгээд дахиад унагах гэж 19 гишүүний санал цуглуулах гэж дахиад бөөн юм болно. Гол юм нь манай төрийн тогтолцоо, эрх мэдлийн хувиарлалтууд болж өгөхгүй байх шиг санагддаг. Төрийн тогтолцоог өөрчлөхгүйгээр манай улс төрийн хямрал зогсохгүй гэж боддог. Судлаач Ганаа та энэ тал дээр юу гэж бодож явдаг бэ?

  7. G.Batjav says:

    Г.Батжав

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: