Г.УЯНГА: ТӨВИЙГ ҮЛ САХИХ НЬ

УИХ-ын гишүүн Г.Уянгын бичсэн шинэ өгүүллийг толилуулж байна. Дашрамд дурдахад Г.Уянга шиг өөрөө өгүүллээ бичдэг улс төрч манайд бараг байдаггүй.

“Үндэсний өөрийн ухамсар байхгүй ард түмэн бол дээр нь бусад ард түмэн ургадаг өтөг шивх мөн” гэж Хаант Оросын төрийн зүтгэлтэн Петр Столыпин гайхалтай онож хэлжээ.
Манай Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс “байнга төвийг сахих” бодлогоо зарлахын өмнө УИХ-ын чуулганд энэ талаараа мэдээлсэн билээ. Түүний дараахан биднийг айлчилж очиход ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И. Матвиенко “Ерөнхийлөгч Элбэгдоржийн ярьж байгаа “төвийг сахих” бодлогыг та бүхэн ярилцаад санал нэгдэн зарлаж байгаа юу? Энэ юу болохыг ойлгож байгаа гэж найдаж байна.
Төвийг сахина гэдэг бол ямар ч стратегийн түншлэл байхгүй гэсэн үг” гэж шуудхан хэлнэ лээ. З.Энхболд дарга “Манай Ерөнхийлөгч энэ талаараа Владимир Владимировичтой санал солилцсон юм билээ” гэлээ. Тэгсэн байх. Манай Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчид энэ талаараа дуулгах нь дуулгасан бололтой. Таамаглавал, ноён В.В.Путин “Тэгж болохгүй шүү, нөхөөр. Нөгөө стратегийн түншлэл мүншлэл чинь будаа болно шүү” гэж шууд хэлэхгүй нь лав. Анхааралтай сонсож толгой дохиод “Хорошо” гээ биз. Түүнийг нь манай хүн “Сайн байна” гэж байна гээд ойлгочихоогүй байлтай.
ОХУ гадаад байтугай дотоод бодлогодоо ягштал нэг байр суурьтай байгаа учраас В.И.Матвиенкогийн үгийг харин В.Путины хэлж байгаа үг гэж төвөггүй ойлгож болно.
Урд хөршид ч зөвхөн энэ талаар онцгойлон асууж байна гэж тэнд очоод ирсэн гишүүд ярьж байна. Манай Ерөнхийлөгч “төвийг сахих” шинэ “үзэл”-ээ зарласан нь Монгол Улсын урд өмнө байгуулсан стратегийн бүх яриа хэлэлцээрийг уг сууриар нь хөндсөн, анхаарал татахуйц, ноцтой асуудал болжээ. Цаашилбал, монгол үндэстний оршихуйн суурь асуудлыг хөндсөн тул энэ талаар үзэл бодлоо тодорхой илэрхийлье гэж бодлоо.
Монцамэ агентлагийн захирал, сэтгүүлч А.Баатархуягийн төвийг сахих талаар бичсэн өгүүллийг түүний өөрийн нь итгэл үнэмшил, үзэл бодол гэхээс илүү асуудлыг олон талаас нь харахын тулд байж болох байр сууриудын нэгийг нийтлэлчийн хувиар тодотгон илэрхийлсэн, нөгөө талаар Монгол төрийн гадаад харилцаанд чухал байр суурь эзэлдэг агентлагийг тэргүүлж байгаагийн хувьд төрийн тэргүүний байр суурийг өмгөөлсөн хандлага илэрхийлсэн нь гайхаад байхааргүй зарчим юм гэж ойлголоо.
Их хурлын даргын айлчлалыг дагаж явахдаа олон уулзалтад оролцож Оросуудын хандлага байдлыг нэгд нэггүй дэргэдээс нь ажиглаж, мэдэрч байсны хувьд санаа бодлоо илэрхийлэхгүй байж боломгүй санагдав.
Өөрчлөлт
Саяхан БНХАУ Азийн Дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын Банк (Asian Infrastructure Investment Bank, AIIB) байгуулав. Энэ нь ОУВС, Дэлхийн банк зэргийн хэвшиж тогтсон эдийн засгийн системийн эсрэг зүйл гэж АНУ тэргүүтэй орнууд үзэж, ихэд дургүйцэж байсан юм. Бараг л түүнд орж болохгүй гэж сануулах шахуу юм болсон. Гэтэл Хятад, Орос, Бразилийн тэргүүлсэн уг банкыг яг байгуулмагц 57 улс үүсгэн байгуулагч болон элсэн орох нь тэр. Монгол Улс ч гэсэн 2014 оны 10 дугаар сарын 24-нд элсэн оров. Гэтэл бас л саяхан АНУ, ЕХ тэргүүлэн олон жил дуншсан “Трансатлантын Худалдааны Холбоо” гэсэн хүчирхэг байгууллага байгуулав. Хятад, Оросын эсрэг шинжтэй байгууллага гэсэн үг. Нөгөөдүүл мөн л элсээд орчихож. Ингэхлээр “эсрэг тэсрэг” байгууллагад элсэн орох нь хэвийн үзэгдэл болсон аж. Яг л, “Нэг нь эс боловч нөгөө нь тус болж л таараа” гээд бүх бурханд мөргөдөг XX зууны эхний, “Аль нь нэг нь ялж л таараа” гээд бүх намын батлахтай байдаг ХХI зууны эхний монголчууд шиг.
Үүнээс харахад хүйтэн дайнаас хойшхи олон улсын харилцаанд үзэл суртлын нөлөөлөл маш бага болж, харин эдийн засгийн прагматик эрх ашиг тэргүүн ээлжинд тавигдах болжээ. Энэ нь зүй тогтол биш юмаа гэхэд үзэгдэл, хандлагын шинжтэй болсон байна.
Саяхан Валдайд В.Путин: “Дэлхийн түүх цаг ямагт улс гүрэн хийгээд тэдгээрийн холбоотнуудын өрсөлдөөнийг дагалдуулж ирсэн. Миний бодлоор энэ нь зүй ёсны хэрэг юм. Хамгийн гол нь энэ өрсөлдөөнийг улс төр, эрх зүй, ёс суртахууны маш тодорхой хэм хэмжээ, дүрэм журмын дагуу явуулах ёстой. Үүнээс өөрөөр бол өрсөлдөөн, ашиг сонирхлын сөргөлдөөн ихээхэн хурц хямрал, гунигт тасалдалд хүргэнэ” гэж онцлон тэмдэглэв. “Улс гүрэн хийгээд тэдгээрийн холбоотнуудын өрсөлдөөн” дэлхийн түүхийг тодорхойлдог нь үнэн юм. Ердөө л хорь гаруйхан жилийн дотор дэлхий дахинд асар их өөрчлөлт гарчээ.
Хэдхэн жилийн өмнө АНУ тэргүүлсэн капиталист “барууны” хүчин, ЗХУ тэргүүлсэн социалист “зүүний” хүчин хоёр дэлхийд халз тулж байв. Эдийн засгийн салбарт баруунд ОУВС, Дэлхийн бан мэтийн хүчирхэг байгууллагууд байсан бол зүүнд СЭВ буюу Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл гэсэн түүнээс ч дутахааргүй хүчирхэг байгууллага ажиллаж байлаа.
Барууныхан НАТО зэрэг цэргийн эвслээрээ үүнийгээ хамгаалж байсан бол социалист орнууд Варшавын гэрээнд нэгдсэн орнуудын цэргийн эвслээрээ хамгаалж байв. Энэ хоёр том хүчирхэг эвсэл үзэл суртал, улс төр, эдийн засаг, цэрэг армийн хувьд сөрөн зогсож дэлхийг хоёр том лагерьт хувааж байсан юм.
Энэ Хүйтэн дайн АНУ тэргүүтэй барууны ялалтаар дуусав. Үр дүнд нь АНУ тэргүүтэй барууны орнуудын либерал ардчилал дэлхийд ноёлж, АНУ-ын дангаар ноёрхох зурвас үе эхлэв. ЗХУ-ын нөлөөн дор байсан социалист систем нуран унаж, ардчилал, зах зээлд шилжих аварга шилжилт эхлэв. Бид ч гэсэн үүнд хамрагдсан. “Нэг туйлт” гэж нэрлэсэн энэ систем хорь гаруй жилийн дараа ямар нэг байдлаар эвдрэлд орж, дэлхий дахин “олон туйлт” гэх шинэ төлөв байдал, хандлага руу орж байгааг эхэнд дурдсан жишээ харуулж байна. Үүнд нөлөөлсөн дараах гол хүчин зүйлүүдийг нэрлэж болно.
Хятад. Олон зууны “хоцрогдлоо л арилгах” гэсэн Дэн Сяо Пины “даруухан” бодлого Хятад өсөлтийн гайхамшгийг үзүүлж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг, АНУ-тай өрсөлдөх аварга том хүчин болон хувирлаа.
Орос. Хүйтэн дайнд ялагдал хүлээсэн Орос орон барууны загвараар хэдэн жил замнаж, хоёр ч удаагийн том хямралд автсаны дараа өөрийн онцлогийг сая анзаарч эдийн засгаа сэргээн босгосноор үл барам, цэрэг-аж үйлдвэрийн хувьд хүчирхэгжиж, улс орноо үзэл санаа, улс төрийн хувьд нэгтгэн бүс нутгийн төдийгүй Евроази, дэлхийн түвшний том тоглогч гэдгээ харуулж эхэллээ.
Бусад. Европын Холбооны эдийн засгийн байр суурь хэвээр мэт боловч суурь эвдрэлд орж эхлэв. Латин Америкийн бараг бүх орнууд “зүүний чиг” шугамыг барьж бие даасан Өмнөд америкийн иргэншил гэж ярих болтлоо хөгжиж байна. Дэлхийн II дайны дараа тогтсон Бруттон-Вудын гэгдэх валют санхүүгийн систем эвдрэлд орж, дэлхийн улсууд улс төр-эдийн засгийн өөр альтернатив хувилбар хайх болов.
Монгол ойлголт
Харин бид үүнийг хэрхэн дүгнэж байгаа билээ?!
Хориодхон жилийн өмнө магтан дуулж байсан Орос (Зөвлөлт) Монгол хоёр ахан дүүсийн найрамдалт харилцаа ЗХУ задармагц байхгүй болж түүний орон зайг АНУ тэргүүтэй барууны улсууд эзэлсэн. Америк, барууныг магтан дуулах, хоёр хөршөө муулах сэтгэл зүй бий боллоо. Гэтэл одоо АНУ-ын тэргүүлсэн барууны систем эвдрэл орж байгааг мэдэрмэгцээ АНУ болон барууны системийг хараан зүхэгчид хаана нуугдаж байв гэмээр шууд л гараад ирцгээв.
Монголчууд хархны зөнтэй улс бололтой. Үнэндээ бол хархны зөн ч биш, бас манай монголчуудын нийтлэг менталитет гэж өөрсдийгөө зөвтгөх шалтаг хайх ч шаардлагагүй. Ерөөс төрийн цэгцэрсэн бодлого, хэрэгжүүлэх тогтвортой механизм, улс үндэстний алсын хараа байхгүй, хамгийн товчхондоо төр байхгүй байгаатай л холбоотой гарч байгаа арчаагүй араншин юм даа.
Үнэндээ бол АНУ шиг хүчирхэг гүрэн “сөнөтөл” зай ч бий, лай ч бий. АНУ дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн хэвээрээ байна. Түүний эдийн засаг хийгээд цэрэг армийн хүчин чадал дэлхийд тэргүүлэх хэмжээнд хэвээрээ байгаа. Гагцхүү АНУ-ын тэргүүлсэн “нэг туйлт” бодлого мухардалд орж, түүнийг эсэргүүцсэн хүчин бий болж, түүнтэй өрсөлдөж, дэлхий дахин “олон туйлт” болж байгаа нь бодат баримт юм.
Тэгэхээр бид “АНУ-ын бодлого мухардалд орж байна гээд зугаталгүй, АНУ-тайгаа ч, хүчирхэгжиж байгаа Хятад болон түүнтэй олон зүйл дээр санал нэгдэж буй Орос хоёр хөрштэйгээ эвтэй найртай байж, эдийн засаг, аюулгүй байдлаа хангах нь манай зорилт хэвээрээ баймаар.
Нэгэн удаа АНУ-ын элчин сайд хатагтай Пайпэр Кембеллтай үдийн зоог барингаа энэ талаар санал солилцсон юм. “Ерөөс ардчилал, чөлөөт зах зээл ийм л байх ёстой гээд нэг л жор тулган хүлээлгэх нь явуургүй болж байна. Үүнийг Монголын 25 жилийн түүх ч нотоллоо.
Ардчиллыг цоо шинэ шатанд гаргаж, улс үндэстэн бүр өөр өөрийн онцлогтоо тулгуурлан өөрийнхөө хэрэгжүүлэх эрх чөлөөг нь олгох нь ардчиллыг өөрийг нь аврахад хэрэгтэй” гэсэн бодлоо хатагтай элчин сайдад дуулгасан билээ. Мөн “Хуучин ЗХУ ингэж чадаагүй учраас хүйтэн дайнд ялагдсан” гэж хэлсэн.
Бид түүхээрээ бахархан омогшиж болох авч түүгээр амьдрах бололцоогүй. Харин өнгөрсөн түүх, амссан зовлон, туулсан туршлагаасаа ирээдүй рүүгээ чиглэсэн үзэл санааныхаа эхийг гарган авч чаддаг үндэстэн л хөгжин дэвшиж чадна. Монголд хөгжлийн гүн ухаан, хөгжлийн үзэл баримтлал, үндэсний суурь үзэл санаа ярих цаг нэгэнт болсон байна. Шинэ Үндсэн хуулийг энэ сууриас нь эхэлж ярих ёстой хэмээн би үзэж байна.
Өгүүллийн эхэнд “Үндэсний өөрийн ухамсар байхгүй ард түмэн бол дээр нь бусад ард түмэн ургадаг өтөг шивх мөн” гэсэн ухаант үгийг эшлэсэн нь санамсаргүй явдал биш юм. Нэгэнт өөрийн шүүлтүүр шигшүүртэй үндэстэн ямар ч давалгаанд гуйвж дайвж хөл алдалгүй хэрэгтэйгээ авч ашиглаж чаддаг болно.
Бид хэн бэ? Бид хаана амьдардаг вэ?
Улс төрийн газар зүйн утгаар бол “Орос-Хятадын завсарт”. Газар зүйн утгаар Зүүн хойт Ази гэсэн ангилалд орох боловч яг нарийндаа бол Төв Ази, Зүүн Хойт Ази хоёрын заагт оршино. Алин байлаа ч Евразийн эх газрын хамгийн гүн дотор талд стратегийн ихээхэн ашигтай байрлалд оршино.
Түүхэн тодорхой үеүдэд энэ орон зайд Монголын Их эзэнт гүрний дөрвөн эзэнт гүрэн байсан. Монголын нүүдэлчид өрнө дорнын иргэншил соёлыг холбосон Евазийн их хуурай далайн эзэд нь байж. Энэ үеийг “Pax Mongolia” буюу Монголын их амар амгалан гэдэг.
Гэвч чухам өнөөдөр бид Эзэнт гүрний үеийг ярихаасаа илүүтэй, бутралын үеэ сайн ярих ёстой цаг үед байна. Феодалын бутралын үеийн түүх циклээрээ эргэн ирж байх шиг. Хамгийн гол нь давтамжит буюу цикл хөгжлийн зүй тогтлоо сайтар судлах ёстой санагдана.
“Хэн хүчирхэг байсан, тэр эргээд хүчирхэг болдог” гэсэн Гегелийн үг бий. Монгол нутагт мандаж буурсан улс гүрний түүх яах аргагүй тодорхой давтамжтай байдаг нь өдгөө зөвхөн түүхчдийн биш нийтийн мэддэг зүй тогтол болсон байна. Зүгээр бодоод үзсэн ч гэсэн аль нэг үндэстэн дандаа ялж мандаад, эсвэл дандаа бууран доройтоод байхгүй.
Суут Гегель:“…бид Дорноос эхлэх ёстой. Энэ ертөнцийн (дорнын) үндэс нь шууд ухамсар, субстанциал оюун санаалаг байдал мөн бөгөөд үүнд юуны өмнө сүсэг бишрэл, итгэл үнэмшил, даган захирагдах зэрэг хамаарна” гэжээ.
Бид хэн бэ гэдгээ эндээс ерөнхийд нь харж болох бус уу? Өөрийнхөө хэн бэ гэдгийг бүрэн ухамсарлаагүй үндэстэн хаачих вэ гэдгээ зөв тодорхойлж чадахгүй. Харин бид боолын сэтгэлгээнд хэтэрхий их автаж дасаад түүнээсээ гарч чадахгүй байна. Бууран доройтсон түүхээ таягдан хаяж, хүчирхэгжин мандах зүгийг зорих нь аль ч үндэсний зүй ёсны амбиц. Мэдээж энэ нь асар их тэмцэл, тэвчээр, ухаан биднээс шаардана. Иймээс Бид сэтгэж үйлдэхдээ гагц Монгол Улсын хүрээнд биш, харин Монгол Улсаа Евразийн, улмаар дэлхийн хэмжээнд тавьж, энэ зиндаанд сэтгэж сурах ёстой.
Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуайн хэлсэн үг огт санаанаас гардаггүй юм. Коммунизмын хил хязгаарыг хар даа, яг манай их эзэнт гүрний хилийг дарж давтсан байгаа биз гэж байсан. Өвгөн Ерөнхий сайд гэртээ Тэнгэр уулын Хантэнгэр оргилыг Чингис уултай зураад сууж байсан. Манай баруун хил энэ, баруун хилд ямагт хамгийн өндөр оргил байдаг номтой гэж байсан.
Эндээс бид өөрийгөө олж, таних ёстой. Бид чухам хэн юм бэ гэдгээ мэдэх ёстой. Бид дэлхийгээс Монголоо хайх биш Монголоо монголоосоо хайх ёстой юм. Бид хэн юм, хаана байдаг юм гэж өөрсдөөсөө асууя! Энэ хариултыг зөв олоход л бид хаачихаа, ямар замаар хэрхэн явах маань тодрох учиртай.
Хойд мөсөн далайгаас Өмнөд Хятадын тэнгис хүртэл, Берингийн хоолойгоос Каспийн тэнгис хүртэл Хятад, Монгол, Орос, Казахстан гэсэн дөрөвхөн орон байна. Евразийн хамгийн том тив-энэ эх газрын хүйг энэ дөрөвхөн улс эзлэн оршиж байна.
Хөгжил хаахна явна аа ?
Хөгжил дэвшил Евразийн дорно этгээдэд тухлахаар ирж байна. Манай “баруун талд” Евразийн эх газарт эртний их торгоны зам дахин нээгдэж байна. Манай зүүн талд Зүүн Хойт азийн интеграци асар хүчтэй явагдаж байна. Бүр манай хоёр талд зэрэг зэрэг эдийн засгийн дэлхийн хэмжээний төвлөрөл явагдаж эхэллээ.
Цаг хугацаа л жам ёсоороо эргэж арлын, тивийн улсуудын хүчирхэгждэг цаг үе алгуур холдож худалдаа арилжаа, ашигт малтмал, технологи дамждаг урсгал буцаад эх газарт ирж байна. Энэ бол бидний хүлээж байсан “тэнгэрийн цаг” биш гэж үү?! Суперцикл энэ эх газарт эгэн ирж байна. Гагцхүү бид хэрэгтэй үедээ хэрэгтэй газраа байж чадаж байна уу?!
Өмнөд хөрш торгон зам-цайны замыг сэргээх гээд байгаа нь далайн хүнд хүчир өрсөлдөөнд тамирдсанаас уламжлалт түүхэн замаа нээх нь илүү оновчтой гэж тооцжээ. Хятад – эх газрын гүрэн далайд өрсөлдөж байна, өмнөд хятадын тэнгист хөршүүдтэйгээ маргаантай байна. Ийм үед Торгон зам Европт хүрэх хамгийн найдвартай зам. Хятад энэ замыг дахин сэргээхийг хүсч байна.
Харин энэ бол манай сэргэн мандалтын эх гэж бид олзуурхах ёстой баймаар. Аливаа үндэстэн бусдаас тасран салснаар хөгжин дэвждэггүй, харин ч ойр харилцаж, заримдаа сайн муугаа үзэлцэж байж хатуужин өндийн босдог.
Оросууд түүхийг үзэх үзэл баримтлалаа хүртэл өөрчлөн “орос бол бие даасан иргэншил” гэж үзэх болсон нь өрнө дорныг хослуулах гэсэн стратегийн гол санаа. Япончууд дэлхийгээс хаалттай 200 шахам жил болсон ч ердөө хагас жарны дотор орчин үеийн гүрэн болон өндийсөн. Энэ нь феодалын бутралаа даван туулж, нэгэн хааны туган дор нэгдэж улс орноо орчин үежүүлсний, үйлдвэржүүлсний үр дүн болохоос хаалттай байсных нь үр дүн биш.
Гэтэл бид өнөөдөр “байнга төвийг сахих” нэрийн дор өөрсдийгөө түгжин хаах гэж байгаа нь хамгийн буруу. Монголчууд бид нээлттэй гэж ярьдаг боловч яг үнэндээ хоёр хөршөөсөө хаалгаа хаачихаад ганцхан сувгаар, зөвхөн барууны хөрөнгө оруулалтаар л босно гэж бодож байгаа бол бидний битүүхэн мөрөөдөл-хүчирхэгжил зулбана. Уг нь нүүдэлчид түгжигдмэл байдлыг биш харин ч өргөн харилцаа, худалдаа арилжааг дэмжиж, үүнээсээ эдийн засгийн ч ашиг хонжоо олж, соёлоо ч хөгжүүлж байсан уламжлалтай.
Хэрэв Монгол Улс байнга “төвийг сахих” сахивал “хаалгаа хаах”, “идэвхгүй байх”, “түгжигдэх“,”консервлогдох”, “ваакумд орох” нь гарцаагүй юм.
Гуравдагч биш гурав дахь хөршийн тухай
Газарзүйн байрлалаараа манай жинхэнэ гуравдагч хөрш бол Казахстан. Тэд Хятадын “Торгон зам”-ын сонирхлыг угтан алхаж байна. Цоо шинэ тулгар төр улс боловч биднээс илүү идэвхтэй байж, айдас хүйдэст авталгүй зөв чиглэлд алхаж байна. Маш хурдтай маневрлаж, газар зүйн байршлын давуу талаа зөв харж ашиглаж чадаж байна. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Н.Назарбаев анхаарахгүй байхын аргагүй мэдэгдэл хийж, дэлхий ертөнцийн шинэ нөхцөл байдалд “тэсч үлдэх” ялан гарах стратегиа зарласан.
Энэ ажлын хүрээнд Астана-Алма-Атаг холбосон хурдны төмөр замын төслөөсөө татгалзаж, бүх муж, хотуудаа холбосон төмөр замын сүлжээ байгуулахаар болсон байна. Энэ нь нэг талаас дотоодын аюулгүй байдлын сүлжээ, нөгөө талаас гол зам нь Ази-Европыг холбосон төмөр замын буюу “торгон замын” үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг. Дээр нь Хятадын хил рүү хурдны авто замыг яаралтай тавьж боомтоо холбожээ.
Дээрээс нь сэтгэлгээний хувьд бүр ч агуу гайхамшигтай байна. Н.Назарбаев Евразийн Холбооны стратегийн санаа олон жилийн өмнө боловсруулсныг В.Путин өлгөж аваад Евразийн Холбоо байгуулж байна.
Харин Монголын удирдагчид дэлхийн энгээр сэтгэж чадахгүй байна. Ядаж бүс нутгийн хэмжээнд ч сэтгэхгүй байна. Таваар мөнгөний шуналд хэт автаж, оюуны сүв нь битүүрсэн хүмүүсээс үүнийг нэхэх нь өөрөө тэнэг хэрэг болчихоод байна.
Бид 256 км замын хэрүүл 10 гаруй жил хийлээ. Биднийг ингэж хөдөлж ядах зуур Монголыг яг “хар нүх” болгож орхиод хөршүүд Казахстаныг оролцуулаад худалдааны замын сүлжээ бий болгож байна. Бид улаан хоолойгоо хаттал хийн хоолой ярьсаар.
Саяын айлчлалаар ч энэ талаар хөндөж ярилцсан боловч дорвитой хариу сонсоогүй. Хийн хоолойг Монголын тал нутгаар дамжуулах нь хамгийн дөт, эдийн засгийн үр ашигтай гэдгийг тэд ойлгоогүй, биднээр л хэлүүлэх нь дутлаа гэж үү. Энд огт өөр учир шалтгаан байна. Төр нь тогтворгүй, ярьсан хэлснээ биелүүлдэггүй, хамгийн гол нь юу хүсч байгаагаа ойлгоогүй, тулхтай, нухацтай биш төртэй юу ч ярьж болохгүй байгаа нь мэдрэгдэж байсан.
Бид жинхэнэ гуравдагч хөрш Казахстантайгаа сайхан ойлголцдог бол Монгол Казахстан хоёрын хооронд байгаа 70 орчим киломерт зурвасын ач холбогдлыг бууруулж, аль нэг нь өөртөө авах боломж бидэнд байсан.Гэтэл Казахууд Чингис хааныг маань булаах гэж байна гэсэн ядмаг үндсэрхлээс бидний санаа хэтэрсэнгүй. Казах бол Чингис хааны ууган хүү Зүчийн угсааныхны захирч байсан Алтан ордын нүүдэлчид. Тиймээс Казахууд бид бас Чингисийн угсаа гэж ярих эрхтэй хүмүүс.
“Бид адилхан нүүдэлчин гэж Киргизтэй эелдэг атлаа яагаад хөрш Казахуудтай ийм хөндий байдаг юм бол?” Бидний тухай Японы “Дипломат” сэтгүүлд бас ингэж гайхсан байна билээ. Цааш нь Хэрэв энэ хоёр улс ойр дотно харилцаатай бол Орос-Хятадын хооронд өргөн уудам нутгаар жийрэглэсэн давуу талаа ашигтай тал болгож бүрэн боломжтой гэж үзсэн байна.
Киргизүүд Монголоос туршлага судалж парламентын засаглалтай болсон гэж бид ярих дуртай, Кумторын алтны ордын асуудлыг шийдэхийн тулд Монголын “Бороогийн орд”-ыг сүйтгэсэн “Сентерра”-гийн талаар өөрсдийн туршлагыг ярьж өгсөн гэх дуртай. Гэтэл Киргизүүд манай туршлагаар Кумтор дээрээ үзэлцээд байдаг, харин “багш” нь болсон бид нэмээд Гацууртыг бэлэглэхээр ярьж байдаг. Энэ бүхэн манай гадаад нэр хүндийг унагадаг.
Хэрэв ойр дөт харилцаатай бол хоёр хөршийн дунд харьцангуй ижил төстэй байршилтайн хувьд Казахстан нөхдөөсөө ШХАБ-ын жинхэнэ гишүүн байхын ашигтай ба сул талыг бэлэн зэлэн мэдэж авч болно. Махаа Орост өгөх үү, Хятадад өгөх үү гэж царайчилж суух. Гэтэл Казахстанд адуу 3000 доллар юм байна. Манайд 300 доллар, яагаад бид ийшээ харж болдоггүй юм бол? Ингэж харилцан туршлага солилцож хамтран ажиллах нь айл хүний амь нэг гэдгийн цаад агуулга биш гэж үү.
Бидний оршин байгаа бүс нутаг цэцэглэн хөгжсөн, амар амгалан, маргаан зөрчилгүй, худалдаа наймаа саадгүй байх нь бидний л эрх ашиг. Түүнээс Ойрхи дорнод, Хойд Африкийн хямралд хутгалдаж, цэргээ илгээж сүржигнэх нь лав л манайх шиг жижиг улсын амбиц биш. Яаж ч бодсон энэ бол манайд наалдац муутай, хэт барууны гадаад улстөрийн бодлого.
Баруун хөрш Казахтайгаа идэвхтэй ажиллаж, эрх ашгаа хоёр хөрштэйгээ тэнцвэржүүлж чадахгүй байж Солонгосын хойгийн асуудалд хутгалдаж, хойг арлыг тэмтчих нь тийм оновчтой юу? Нөгөө “Амьдрал яах вээ, Анжела Дэвис юу болж байна?” гэж сумын өвгөнийг шоолох бид улсаараа гадаад ертөнцөд тэр өвгөн лугаа адил харагдаж байгаа бус уу? Зургаан талт хэлэлцээрийг оруулах “Улаанбаатарын яриа хэлэлцээр” санал санаачлага амжилт олохгүй байгаа нь бид хоёр хөршийнхөө итгэлийг олохгүй байгаагийнх.
Төвийг сахих нь Монголын эдийн засгийн ашиг сонирхлын эсрэг үйлдэл
2008 оны Бээжингийн олимпийн өмнөх гангийн хэрэгцээ манай нүүрс, төмрийн хүдрийг үнэд оруулж бид овоо тансагласан. Одоо эдийн засгийн ийм хандлагыг Токиогийн 2020 оны олимп бидэнд олгох болно. Улмаар 2022 онд Бээжин хотноо өвлийн Олимп болно. Энэ чинь манай Оюутолгой” 2037 онд ашгаа өгөхөөс хамаагүй өмнө болох явдал шүү дээ. Өөрөөр хэлбэл бид Оюутолгойд биш, харин Токио, Бээжингийн Олимпоос медалиас гадна эдийн засгийн үр ашиг горьдох нь илүү өлзийтэй.
Энэ нь манай эдийн засагт асар их боломжит талбар нээгдэж байгаа хэрэг юм. Гэхдээ амжилт Япон, Умард Солонгосоос гадна умард, өмнөд хөршийн харилцаанаас ихээхэн шалтгаална. Бид төмөр замаа ямар ч царигаар тавьсан эцсийн дүндээ хоёр хөршийн нутгаар л дамжуулна.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Зүүн чиглэлийн төмөр замыг тавихад анхаарлаа хандуулахаа мэдэгдлээ. Умард Солонгосын Ражин боомт дахь түрээслэсэн терминальд хүрэхийн тулд Оросын төмөр замаар зайлшгүй дамжина. Үүнд Оростой тогтоосон стратегийн түншлэл хэрэг болно. Гэтэл манай Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс “байнга төвийг сахих” бодлогоо зарласны дараахан Орос, Хятад хоёр лав илтэд дургүйцээд эхэллээ. Манай удирдагчид ард түмнийхээ чихэн дээр цэцэг ургуулдаг шигээ тэднийг тэгс ингэсгээд хуурчихаж дөнгөхгүй л болов уу. Бид өөрийн гэрийг төвхнүүлээгүй байж бусдын хашаан дахь хонийг маллах гэж гүйх шаардлагагүй. Бид дэлхий дахины үйл хэрэгт оролцох гэж хэт чармайх нь зарим талаар хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөхтэй адил үр дүн авчирч болзошгүй.
Бид давын өмнө бүс нутагтаа өөрийн байр суурийг олж, биднээс тойрч өнгөрөөд байгаа эдийн засгийн интеграцчилалд идэвхтэй оролцох ёстой. Нэгэнт бид АНУ-тай, эсвэл Европтой шууд төмөр замаар холбогдохгүйгээс хойш энэ интеграцид багтаж байж л галт тэргэнд суух эрхээ олно. Чухам ийм учраас би Санкт Петербургийн форумд тавьсан илтгэлдээ бүс нутгийн хамтын ажиллагааг онцолсон хэрэг. Бидний тасран ондооших гэж оролдоод байгаа энэ бүс нутаг бол уг нь саяхны шинэ түүхийн уламжлалт нэгдмэл соёлтой, нэгнээ сайн мэддэг, ойлголцоход дөхөм талбар юм.
Барууны хөрөнгө оруулагчдыг бурханчлан тахиж шүтсэнээс үүдэлтэй алдаагаа засах гэж бид гүнзгий хямралд автжээ. Бид улс төрийн гадаад харилцаандаа олон талт байхыг оролддог шигээ эдийн засгийн гадаад харилцаандаа олон талт байдлаар хандахгүйгээр дангаараа эрх ашгаа хангах болоцоогүй юм.
Рио Тинтотой харилцаагаа харахад, тэд биднийг байхгүй мэт ажиллаж байна. Үнэндээ бид 25 жил “энд”- энэ бүс нутагт байгаагүйн тод жишээ. Оюутолгойн олборлосон баялаг Хятадын зах зээлд нийлүүлэгдэнэ, үгүйдээ дамжина. Үүнийг улстөрийн арга хэрэгслээр зохицуулах өндөр эрх мэдэл бидэнд байгаа. Түүнийгээ ашиглаж чадахгүй, үндэстэн дамнасан ганц компанийн өмнө арчаагүйтэн сөгдөж байна.
Хоёр хөршийнхөө аль нэгтэй хамтарч тээвэрлэлтийг нь хянахад л баялгаас ноогдох ашгаа зөв тооцож авч чадах юм. Хэрэв ингэхгүй бол Дачин Тамсаг компанийн Матадаас зөөж буй нефтийг хянаж чаддаггүй шигээ алдана. Бид Оюутолгойн төслийн ханган нийлүүлэлтийг бас хянаж чадахгүй байна. Тэд Хятадад байгуулсан компаниудаар дамжуулж гол хангалтаа авч байна. Хангалтын хэдэн хувийг бид гэрээний дагуу авч чадаж байгаагаа хянахад өмнөд хөрштэй тогтоосон харилцаа маш чухал. Бид ядаж л Рио Тинто BHP-ийн Хятадтай үүсгэсэн төмрийн маргаанаас ашиг унагаж чадалгүй алдчихлаа.
Хүнд хэцүү үед баялгаа дэлхийн зах зээлийн үнээр биш геополитикийн үнээр худалдах, өндөр үнэтэй үед хямд, хямд үнэтэй үед үнэтэй нийлүүлэх замаар эдийн засгаа тогтворжуулахад мөн л түншлэл хэрэг болно.
Рио Тинто гэдэг акулыг нутагтаа оруулчихвал хөрөнгө оруулалт цутгаад юу юугүй хөгжчихнө гэсэн хаа байна?! Гэрээгээ мөрдүүлж, биелэлтийг нь хянаж чадахгүй байна. “Рио Тинто”-г хязгаарлахад хөршүүдтэй тогтоосон улстөрийн харилцаа л тус болно. Чухам ийм учраас Ерөнхийлөгчийн, шахалтад орчихсон мэт зарлаж буй “байнга төвийг сахих” бодлого гэгч нь манайд эдийн засгийн ашиггүй нөхцөл үүсгэх ихээхэн хор уршигтай байна.
Барууны хөрөнгө оруулагчид бидний менталитетийг сайн судалж биднээр тоглож сурчихжээ. Хятадаар айлгаж бүх хүслээ гүйцээдэг байсан уламжлалаа манай гадаад бодлогод тулгахдаа “ШХАБ-аар айлгах” хувилбарыг сонгосон байна. Олон нийттэй харилцах салбарыг гадарладаг хүний хувьд хамгийн эмгэнэлтэй нь, энэ “айлгах төлөвлөгөө” нь барууныхны ч ажил биш, харин тэдэнд тал олох гэсэн манайхны ов заль юм. Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой боохойноосоо ч аюултай гэж энэ.
Энэ байгаль дээр аймхай үндэстэн оршин тогтнох эрхгүй. Хэрэв бид хоёр хөршөө “дайсан биш” гэж үзвэл, гуравдагчаа ганцаарчлан шүтдэг энэ төөрөгдлөөсөө ангижрах хэрэгтэй. Одоохондоо төвийг сахих ямар ч шалтгаан харагдахгүй байна, цаашид ч хэрэггүй. Харин ч хоёр болон жинхэнэ гуравдагч хөрштэйгээ стратегийн түншлэлээ бэхжүүлэх шаардлага бол төвийг сахихаас хамаагүй илүү чухал байна.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс өмнөх гурван Ерөнхийлөгчийн үед гадаад бодлогод ийм хачин жигтэй үзэгдлүүд гарч байгаагүй, тогтвортой бөгөөд тууштай байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувь хүн төвтэй элдвийн пиар ажиллагаа, сонин гажиг үйлдлүүдийг дотооддоо бид “хүлээн зөвшөөрдөг”. Харин тэр гажиг үйлдлүүдээрээ улсаа, үндэстний ирээдүйг хорлож арай болохгүй.
Улсын Ерөнхийлөгч гэдэг бүрэн төлөвшсөн бие хүн байх ёстойг манай ерөнхийлөгч бидэнд хатуу ойлгуулж байна. Нүдээ эргэлдүүлж, гараа савчиж, чанга хашхирдаг үйлдлүүд барууны соёлд, хувь хүний пиард байж болох зүйл биз. Ерөнхийлөгчийн хувь хүнийхээ хувьд бүрэн төлөвшиж чадаагүй юм уу гэмээр хөнгөн үйлдлүүд, сэтгэл хөдлөлөө барьж сураагүй тавьтаргүй авирууд нь үгээ үгэн дотор боож хэлдэг, үзэгдлээс илүү мөн чанарыг эрхэмлэдэг дорнын соёлтой Монголын ард түмэнд нэг л буухгүй байна.
Дэлхий нийт эгзэгтэй, ээдрээтэй өнөө цагт Монголын гадаад харилцааны асуудал хувь хүний пиар төдий байж болохгүй. Өнөөг хүртэл бидний ганц бахархдаг зүйл нь хэдийгээр дотооддоо эв эвдрэлцдэг ч гадаад харилцааны асуудалд зангидсан гар мэт нэгдмэл байсан, гэтэл сүүлийн энэ аргамжаа өдгөөгийн ерөнхийлөгчийн үед алдарлаа. Систем задран унаж байгаагийн бас нэг илрэл.
Бид бүс нутгийн интеграцаас өөрийгөө хүчээр салгаж болохгүй. Бид энд 1990 онд нүүж ирсэн үндэстэн биш, төрт улс байгуултлаа олон мянган жил, төрт улсаа байгуулаад 2200 гаруй жил амьдарсан угсаатан гэдгээ мартаж боломгүй. Дэлхий дахин “олон туйлт” болчихсон өнөө үед “нэг туйлт” бодлого зүтгүүлж, тэр нь явцгүй болохоор “төвийг сахина” гэж мугуйдлан зүтгэх нь монгол үндэстнийг хорлож байгаа хэрэг юм.
Чуулган хааж байгаад газар хөдлөлтийн тухай биш төвийг сахих эсэхээ ярих ёстой байсан юм, уул нь. “Байнга төвийг сахих” хуулийг хэлэлцэх үед олдох 5 минутад энэ бүхнийг хэлэх боломжгүй учраас ийнхүү нуршлаа. Ер нь ч энэ хуулийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаа “мартчихвал” таарна. Манай их хурлын даргын шүүгээнд санаатай санамсаргүй “мартчихсан” хуулиуд тэртэй тэргүй хураалгаатай байж л байгаа юм чинь…
2015 оны 11 дүгээр сарын 05.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

14 Responses to Г.УЯНГА: ТӨВИЙГ ҮЛ САХИХ НЬ

  1. Dk says:

    Үнэхээр даацтай сайн нийтлэл болжээ. Олон олон хүн уншиж ухаараасай.

  2. MONGOL says:

    elbegdorj uls ornoo avch yavj chadahgui baij delhiin asuudal yarij tenegtdeg mal boloi

  3. MONGOL says:

    sain niitlel

  4. Erdene says:

    ЗА ДАА, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАРДАГ, СУДАЛДАГ ГЭЖ ЦЭЭЖЭЭ ДЭЛДСЭН ХҮРЭЭЛЭН, ГАНЦ НЭГ НОМЫН ИШЛЭЛ ЦУГЛУУЛАГЧДЫГ БОДВОЛ ХАРИН Ч УНШМААР ДҮГНЭЛТ-ШИНЖИЛГЭЭ БИЧЖЭЭ. ЮМ БОДИТОЙ БАЙХДАА Л МАНЬ МЭТДЭЭ ОЙЛГОМЖТОЙ. ХАРСААР БАЙТАЛ ХӨГЖӨӨД БАЙГАА НЭГ ГАРААНЫ ШАХАМ УЛСУУДЫГ НЭЭРЭЭ Л БИШРЭЭД ТЭНГЭР ЗАЯАТАЙ ГЭЭД ХООСОН ЯРИАД БАЙГАА БИД БАХЬ БАЙДГААРАА. ИЙМДЭЭ ОНЦГОЙ ЗАЯАТАЙ БАЙЖ МАГАДАА

  5. Sanchir says:

    Катасоновын ярилцлагыг үзээд сууж байгаад нэг сонирхолтой юм олж харлаа. Та 2 хоорондоо царайгаараа их төстэй юм бна штээ.

  6. erka says:

    TOVIIG SAHIH NI BURUU

  7. bi says:

    baatarhuyagiig tegj bichseniig unshaad ih gaihsan gehde deerhiig unshaad uchriig ni olloo ta 3t amjilt

  8. ere says:

    Мэдэхгүйээ. Манайхан мэдэмхийрдэг мөртлөө тэр нь худлаа болохоор хэлээ гаргаад хариуцлага хүлээхгүй алга болдог. Энэ асуудалд тэр гадаад яам болон мэргэжлийн олон улсын харилцаа судалдаг нөхөдүүд үндэслэлтэй тайлбар хиймээр байна.

    • ere says:

      Би дээрх комментоор Ганхуяг гуайг мэдэмхийрлээ гэж хэлээгүй шүү. Энд коммент хийсэн бусад хүмүүс болон зөв буруу гэж олон нийтийн хэрэгслээр дүгнэж ярьж байгаа хүмүүсийг хэлсэн болно.

  9. bat says:

    Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой боохойноосоо ч аюултай гэж энэ. энэ бол яаааг үнэн. золиг гэж.

  10. Tsooj says:

    Өнөөг хүртэл бидний ганц бахархдаг зүйл нь хэдийгээр дотооддоо эв эвдрэлцдэг ч гадаад харилцааны асуудалд зангидсан гар мэт нэгдмэл байсан, гэтэл сүүлийн энэ аргамжаа өдгөөгийн ерөнхийлөгчийн үед алдарлаа.

  11. Anonymous says:

    sain niitlel boljee.

  12. Anonymous says:

    Mash zov, olon hund yaj hurgeh ve

  13. Anonymous says:

    Ганхуяг судлаач, Уяанга гишүүн асуудлыг бодьтой талаас нь бусдад ойлгуулахыг чармайсан нь харагдаж байна. Гэтэл дипломатч Баярхүү тэс ондоо зүйл яриад сууж байх юм. Тэр нь манай улсын цаашид баримтлах бодлого бололтой. Энэ бол Үндсэн хуулийн асуудлыг бүх ард түмнээр хэлэлцүүлэхээс ч чухал асуудал гэж үзэж байна. Тав тасчуулсан Их Монголын хэлтэрхий Монгол Улс ороо бусгай энэ цагт төвийг сахиад суухын жаргал, зовлон юунд оршиж байгааг ухаж мэдээгүй дипломат корпусынхан Улсын Ерөнхийлөгчийг ийм алхам хийлгэхэд хүргэв үү?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: