“ОРОЙТОЖ” ОЙЛГОСОН САНАА…

2012 оны 7 дугаар сарын 7 буюу шинээр сонгогдсон УИХ нээлтийн чуулганы анхны өдөр. Бүгдээрээ баяр хөөр болж шинэ засаг төрөө бүрдүүлж буй энэ үед УИХ-ын шинэхэн гишүүн Г.Уянга “Үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая! Хамтарсан засгийн гунигт түүхийг эцэслэж Үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая! гэж УИХ-ыг уриалан дуудсан ихээхэн гүн утгатай, ирээдүйг харсан, алсын үр дагавартай үг хэлж билээ. УИХ-ын бүх гишүүд юу ч болоогүй, юу ч сонсоогүй, юу ч хараагүй мэт “хамтарсан” Засгийн Газрын улигт мухар замаараа замнасан билээ. Энэ зам мухар, гарцгүй гэдгийг олж харахад сүрхий их ухаан хэрэггүй байсан юм. Гэтэл өнөөгийн УИХ худал хулгай, үгүйрэл сүйрлийн замаар мэдсээр байж явсан нь бодит баримт юм.
Эдүгээ 4 жилийн дараа төр засгаа шороонд хутгаж, Монгол Улсыг бараг бүрэн сүйрэлд оруулсныхаа дараа явах газаргүй, гарах гарцгүй болчихсон хойноо Үндсэн Хууль өөрчилнө гэж зүтгэж байна. Хэрэв аюулт өвчнийг 4 жил санаатайгаар дарвал юу болохов, хэрэв ноцтой гэмт хэргийг 4 жил хойшлуулан дарвал хор уршиг нь юу болохов ?! Та нар ийм бузар ажлыг мэдсээр байж санаатайгаар хийсэн. Та нар түүхэн боломжийг алдсан. Одоо Г.Уянгыг байгаагүй мэт, энэ үгийг тэр хэлээгүй мэт, Та нарт сануулан хэлж байгаагүй мэт, тэгээд гэв гэнэт ухаантайдаа өөрсдөө санаачилсан мэт аашлах чинь дэндүү утгагүй байна. Угаасаа толгой нь ажиллахгүй байж хүний санааг хав дарж байгаад өөрийн мэт “шинээр” гаргаж ирдэг наад адгийн аргыг чинь оюуны хулгай гэдэг юм. Оюуны хулгайг 4 жилийн дараа ухаантай царайлж хийвэл новш гэдэг юм. Би Та нарыг жигшин зэвүүцэж байна. Иймээс Та нартай тооцоо бодохоосоо өмнө УИХ-ын гишүүн Г.Уянгын 2012 оны 7 дугаар сарын 7-ны өдөр УИХ-ын нээлтийн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгийг бүтнээр нь хүргэж байна.
Ер нь бол энэ үгийн утга санаа, зорилго, ач холбогдол, логик холбоос, системт чанар зэргийг дахин дахин уншиж цээжлэх хэрэгтэй л дээ. Тэгээд ч дараагийн санаа, хувилбарын талаар Г.Уянгаас асууж л таарна даа. Учир нь Г.Уянгаас өөр хүнд ийм том зиндааны стратеги байхгүй учраас би ингэж хэлж байна…

Юуны өмнө түмэн олон монголчуудынхаа итгэлийг хүлээж төрийн эрх барих үүрэг хүлээсэн эрхэм гишүүддээ баяр хүргэе. Энэ удаа та бид Монгол Улс “орших эс оршихуйг” хамтдаа шийдвэрлэх түүхэн цаг үеийн заагт, түүхэн хариуцлагын өмнө бид тулж иржээ. 22 жилийн өмнө IV Үндсэн хуулийг энэ ордонд баталснаас хойш түүнд нийцүүлсэн олон зуун хуулийг энэ танхимд гаргажээ.
Монгол орны, Монголчуудын хувь заяаг шийдсээр ирсэн энэ танхимаас сүүлийн жилүүдэд Үндэсний эрх ашгийг хохироосон хуулиуд улам олон гардаг болсон. Чухам үүнийг засах эрхийг ард түмэн бидэнд өглөө. Бүх монголчууд биднийг аврал, найдварын харцаар харж байна. Энэ бол асар хүнд үүрэг хариуцлага мөн.
Хэрэв бид зориглон хөдөлбөл өмнөх их хурлуудын бүх алдааг засан залруулж, хойшид сонгогдох их хурлуудын бат найдвартай суурийг буй болгож чадна. Бид Үндэсний эрх ашгаар залуурдуулсан цоо шинэ замыг ирээдүйн өмнө нээж өгнө. Тиймээс бид амласнаа биелүүлэх төдийгөөр ажлаа хязгаарлалгүй, зайлшгүй хийх ёстой асар их зүйлийг яг одооноос хийж эхлэх шаардлагатай байна.
Юуны өмнө намчирхлаас салахаас ажлаа эхэлцгээе. Өнөөгийн намууд эрх мэдэл, албан тушаалын их дэлгүүр болжээ. Мэргэжлийн чадвар, ёс зүйн шалгуургүй хүмүүс албан тушаал худалдан аваад, очсон газартаа юу ч бүтээж, урагшлуулж чадахгүй, харин ч мэргэшсэн албадыг холион бантан болгож үй олон ашиггүй орон тоо бий болгож, хуйвалдагчдаа шургалуулж байна. Хариуцлага тооцдоггүйгээс тохиолдлын хүмүүс мэргэжлийн албадад шургалаад хулгайч, тонуулчид болж хувирдаг. Тэдний оронд дараагийн сонгуулиар яг адилхан, гэхдээ өөр намын хүмүүс очиж байна.
Хүний шуналд хязгаар үгүй тул ийм замаар ханаж цаддаггүй бирдүүдийн үржүүлгийн газар нь Нам болж хувирчээ. Үлгэрлэвээс намууд тараг мэт исэж, сүү шиг төрд тэр тарагны хөрөнгө орсноор Монголын төр ээдэж байна. Ичгүүр сонжуургүй энэ худалдаа наймаалцаан нийгмийг бүхэлд нь боомилон торлож, үүнээс гадуур гишгэх газаргүй болголоо. Улс төрийн бүх гарц, боломжуудыг хэрэн баглаж, түүн доторх хүмүүсийг хөдлөх аргагүй болгосон байна.
Улстөрд бугшин тогтсон энэ сүлжээ нийгмийг бүхэлд нь худалдаа наймааны талбар болгож байна. УИХ, яамд, шүүх, цагдаа, эмнэлэг, сургууль гээд бүх газар албан тушаалыг, дипломыг, ялыг, газар нутгаа, шударга ёсыг, улс орноо, ирээдүйгээ худалдаалж байна. Энэ бүхэн Намчирхсан тогтолцооноос л буй болсон юм.
Бид нэг л намтай. Тэр нь Монгол улс. Бид нэг л зарчимтай. Тэр нь та бидний энэ улс орныхоо хувь заяаг шийдэхээр сууж буй нэг танхим.
Бид бүгдээрээ монгол хүмүүс. Монгол эх орны аугаа түүхийн өмнө гавъяа байгуулах уу, гай тарих уу гэдгээ сонгох цаг ирээд байна. Монголын ард түмэн та бидэнд итгэл хүлээлгэж улс эх орноо энэ зогсонги, хямралт байдлаас гарган хөгжүүлж, хүчирхэгжүүл гэж онцгой томилолт өгсөн. Түүнээс биш нам бүлгээрээ талцаж, эсвэл ар хударгаараа хуйвалдаж албан тушаал, эрх мэдэл наймаалц гэж сонгоогүй. Бидний баялгийг гадныхны халаасанд хийх ажлаа дуусгаадах гэж сонгоогүй.
Энэ их хурал бол түүхэн хариуцлагатай их хурал. Бид хариуцлагыг хууль болгосон анхны Их хурал болъё. Нийгмийг бүхэлд нь бузарлан, тонож дээрэмдэж буй намчирхсан тогтолцоог тас цохисон анхны Их хурлынхан болцгооё. Намчирхсан энэ тогтолцоог л тас цохиж чадвал бид бүгдийг хийж чадлаа гэсэн үг. Тэгвэл бид гайхамшигтай том боломжуудыг өмнөө нээх болно. Намчирхаж эрх мэдэл наймаалцдаг өнөөгийн систем энэхүү гайхамшигт боломжуудыг харах нүдийг минь хааж, хэрэгжүүлэх боломжийг минь хясаад байгаа юм.
Тиймээс бид идээшиж бугшсан энэ аймшигтай тогтолцооны идээ бээрийг хайр найргүй шахаж, “Үндэсний эрх ашиг” гэсэн ганцхан шүүлтүүрээр бүхнийг хатуу шүүдэг анхны парламент болъё. Ийм жишгийг тогтооё. Ганцхан удаа, энэ дөрөвхөн жилд олон жилийн ужиг өвчин болсон нам бүлгийн болон хувийн эрх ашгийг хангах эрмэлзлийг Үндэсний эрх ашгийн төлөө зориглон зогсооё.
Бүлгэрхэн хуйвалдаж, эрх мэдлээ хадгалахын төлөө улс орныг тонон дээрэмддэг, намчирхаж бугшсан тогтолцоог халж, иргэншсэн нээлттэй, жинхэнэ ардчилсан тогтолцоо руу оруулах эхлэлийг зориглон тавья. Тэгвэл цаашид ийм жишиг баттай тогтоно. Төрийн түшээ болох гэж мөнгө цацаж, өөрийгөө магтаж, улайран байж гараад түүнийгээ нөхөх шаардлага алга болно. Ингэж чадвал бид 76-уулаа түүхэнд тодрон үлдэнэ. Монгол улсыг хүчирхэг болгон хөгжүүлэх үндсийг тавьсан, нам бүлгийн болон олигархийн эрх ашгийг тас цохисон баатрууд болж түүхэнд үлдэцгээе. Зарим нэг нь үүнийг сөрж магадгүй. Өнөөх сувдаг эрх ашгаа бодсон нам бүлгүүд араас тань хүчтэй хатгана. Ердөө үүнийг ганцхан удаа зориг гарган эсэргүүцэхийг та бүгдээсээ хүсч байна. Улс орныхоо, ард иргэдийнхээ, ирээдүйнхээ төлөө ийм зориг гаргахыг цаг үе Та биднээс шаардаж байна.
Үүн дээр парламентын зөвшилцөлд хүрч, цаашлаад үндэсний зөвшилцөлд хүргэх эхний гараа болгоё. Төрийн түшээд нь өөрсдөө үлгэрлэн жишиг болъё. Тэгвэл цаашид ийм жишиг баттай тогтоно. Шалгуур тогтоно. Хувийн, бүлгийн эрх ашгаа зүтгүүлж, Монголыг цөлмөж, тонон дээрэмдэж байсан цөөврийн бүлэглэлүүдэд Монголын төрд багтах газар үгүй болно. Тийм бузарлагчдыг төрийн тайзнаас үлдэн хөөж төрөө шимэгчдээс бүрэн цэвэрлэе. Төрийн түшээгийн энэ эрхэм суудалд шунамхайран улангасч тэмүүлэх биш, баргийн аавын хүү, ээжийн охин цэрвэн сүрддэг өндөр босго болгох жишиг тогтооё. Энэ дөрөвхөн жилд түмэн олон монголчуудаа бус өөрсдийн биеийг эцэст нь тултал шавхан зовооё.
Ингэж чадвал сая монголчуудын дээдлэн ярилцдаг, сүлдэндээ мөргөдөг Монгол төрийг буй болгож чадна. Төрийн түшээ гэдэг энэ нэр тос, өрөм хамдаг шагнал бус асар том хариуцлага болж тогтоно.
Хүн нэг бүр өөр дээрээ тулгаж бодвол энэ тийм ч амар үйл хэрэг биш. Араас тань сонгуулийн ажлыг тань дэмжиж санхүүжүүлсэн бүлгүүд болон нам бүлгийн өчүүхэн эрх ашгийн бүлгүүд та бүхнийг дайрч дарамтлах болно. Гэвч Монгол орны төлөө гэсэн чин сэтгэл байвал хийж байгаа болгоныг тань ард нийтээрээ талархан дэмжинэ. Эцэст нь энэ бүхнээс гарах үр ашгийг ойлгоод өнөөдөр саад болох гэсэн нам, бүлэглэлүүд ч дэмжих болно. Үндэсний хөрөнгөтнүүд ч дэмжинэ. Бид намжсан тогтолцоогоо таягдан хаяж чадвал эрх мэдэл, олз ашигт батгана шиг шавааралдсан бэртэгчингүүдийн оронд Үндэсний хамгийн шилдэг оюун санаануудыг нэгтгэж, тэр асар их хүчийг улс орноо өөд татах хөгжлийн зүг зүтгүүлж чадна.
Ингэж Монголчуудын олон зуунаар хүсэн хүлээсэн ялалт, хүчирхэгжил, нэгдлийн эхлэлийг Та бид тавина. Бид бүхэнд цорын ганц эрх ашиг бий. Энэ бол Үндэсний эрх ашиг. Үндэсний эрх ашгийн цаана Монгол хүн бүрийн амьдрал, ирээдүй, Монгол орны хөгжил, Монгол Үндэстний сэргэн мандалт, хүчирхэгжил бий.
Бид бол Монголын ард түмнээс сонгогдсон энэ орны хууль ёсны удирдагчид. Бидний гарыг хөшигний цаанаас хүүхэлдэй шиг хөдөлгөх эрхийг хэнбугайд ч зөвшөөрөхгүй. Хөшигний цаанаас та бүхнийг шахаж удирдах гэсэн хэн ч энэ улс орныг хэзээ ч бодож байгаагүй. Амин хувийн, нам бүлгийн өчүүхэн эрх ашгийг тэд улс үндэстний эрх ашгаас ямагт дээгүүр тавьсаар ирсэн, тэгсээр ч байх болно. Бид энэ удаа л таслан зогсоохгүй бол хэзээ ч дуусахгүй эрх мэдэл, албан тушаал, эд баялгийн энэ хэнээрхэл хэзээ ч дуусахгүй.
Тэдний тоглоомын золиосонд өнөөдөр улс орон, газар нутаг, түүний доорх баялаг, хамгийн гол нь Монголын ард түмэн хоосрон зэрэмдэглэгдэж дуусч байна. Та бүхнийг хэн ч дарамтлан шахах ёсгүй, бид ард түмнээс авсан эрхээ ямар ч бүлэглэлд алдаж болохгүй. Бид л тэдэнд эрхээ алдчихгүй бол тэдэнд хэн ч эрх өгөөгүй. Энэ улс орон эзэнтэй гэдгийг хөшигний ард наймаалцдаг эрх мэдлийн ичгүүргүй панзчдад нэг л удаа зориглоод харуулчих. Бид УИХ-ыг Монголын эзэнт гүрний Их Хурилдай шиг бүрэн эрхийнхээ дагуу улс орноо удирдан хөтлөх дээд байгууллага болгоё.
Энэ 76 дотроо намчирхаж, бүлгэрхэж, бие биенээ татан унагаж, эрх мэдлийн хор найруулж, хонжоо хайж биш, бие биенээ дэмжиж, итгэж байж л хөгжлийн суурийг тавьж чадна. Ингэж чадвал бидэнд маш их боломж нээгдэнэ. Биднийг сонгосон, биднийг харж буй Монголчууддаа сэтгэлд нь гал асааж, итгэл өгье. Сэтгэл зүрхэндээ эх орноо тээж явдаг тэдэнд Монголдоо шударгаар амьдрах боломжийг өөрсдөө үлгэрлэн нээж өгье. Эерэг санаачлагыг хүлээн зөвшөөрч, боломж бүрт бие биенээ дэмжих эхлэлийг тавья. Өөрсдөө үлгэрлэн харуулъя. Үндэсний зөвшилцлийн эхлэл болгож парламентын нээлттэй, шударга зөвшилцөлд хүрье. Үүний тулд Намчирхсан тогтолцоог халж, оронд нь Үндэсний эрх ашгийг хамгийн дээр залсан Үндсэн хуулиа баталъя.
1992 оноос хойших бүх сонголтууд монголчуудыг хамтрахыг, эвлэлдэн нэгдэхийг шаардаж байж. Гэхдээ энэ шаардлага хүсэлтийг нь намууд буруугаар хэрэгжүүлж байжээ. Хамтарсан засгийн газар байгуулж, албан тушаал хувааж биш, хамтарч гол цөм асуудлаа шийдэхийг шаардаж байжээ. Нам намаараа талцахыг биш намчирхлаас салж үндэсний эрх ашиг дээрээ нэгдэхийг сануулсан сонголт хийж байжээ. Энэ удаа дахин ийм сануулга өгч байна.
Хэн сайд болох вэ, хэнийгээ сайд болгох вэ гэж биш яавал Монголоо аврах вэ гэж бүгдээрээ бодоцгооё. Хамтарсан засгийн газар Монголыг аврахгүй ээ. Хамтарсан засгийн газар бидний дуншсан эмгэнэлт замыг л уртасгана. Хамтарсан засгийн газар дахин нэг МАНАН үүсгэнэ эсвэл будан үүсгэнэ. Дөрвөн жилийн дараа амлалтаа биелүүлсэн биелүүлээгүй, засагт орсон гарсан тухай хэрүүлтэй дахин нэг иймэрхүү сонгуультай л сууцгааж байх болно. Одоо больцгооё. Хамтарсан засгийн газрын улигт, гунигт түүхийг давтан үргэлжлүүлэлгүй, бүх намын гишүүн болон намгүй монголчуудын эвлэрлийн, монгол үндэсний их эв нэгдлийн эхийг тавьцгаая.
Яг одооноос бүгдээрээ хамтын зоримог шийдвэр гаргацгаая. Аль ч хүчин нь засгийн газарт орохоо больё. Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярилцацгаая. Одоогийн парламентад орсон хүчний харьцаагаар түр засгийн газар байгуулж шинэ V Үндсэн хууль батлагдтал улс орны аж ахуйн асуудлыг эрхлэн авч явах үүрэг хүлээлгэе.
Үндсэн хууль батлагдмагц түүний дагуу улстөрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах болно. Ингээд шинэ Үндсэн хуулиар шинэ сонгуулийн хуулиар шинэ Үндэсний Их Хурилдайгаа /парламентаа/ байгуулъя. Үүний дараа эрх баригч ба сөрөг хүчин гэж төрийн хүмүүс хоорондоо химлэлдэхгүй болно. Манай нам танай нам гэж иргэд хоорондоо талцахгүй болно.
Ганц олдсон эрхээ дөрвөн жил хадгалъя, дараагийн дөрвөн жилд дахин сонгогдох бололцоог эндээсээ олж авна гэж бодолгүй Монголын түүхэнд үүрд хадгалагдах бололцоогоо олж харцгаая. Өнөөдөр Монголын төрд үүрэг хүлээж байгаа хүн бүхэнд, тухайлбал бид 76-д Монгол үндэстний түүхийн өмнө энэ том шинэтгэлийг хийх бололцоо тохиож байна. Өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчид ийм бололцоог түүх дахин олгож байна. Бид үүнийг алдвал Мөнх хөх тэнгэр дахин хэзээ биднийг ивээх цаг ирэхийг хэдэн үеэрээ хүлээж суух бололцоо олдох болов уу?
Бид нэг л намтай. Тэр нь Монгол. Бид нэг л эрх ашигтай. Тэр нь үндэсний эрх ашиг. Их эвдэрлийн үүдийг хааж үндэсний их эвлэрлийн эхийг тавих ховор бололцоог түүх бидэнд олгож байна
Нэгдэцгээе ахан дүүс ээ, эвлэлдэцгээе монголчууд аа!
УИХ-ын гишүүн Гантөмөрийн УЯНГА
2015 оны 11 дүгээр сарын 13.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to “ОРОЙТОЖ” ОЙЛГОСОН САНАА…

  1. MONGOL says:

    ene ugiig daanch huleej avsangui. odoo ch huleej avahgui baihaa.sunuj baij oilgoh humuus bololtoi.9 suv n bituursen teneguud baina.

  2. DN says:

    Баабарийн сүүлд бичсэн нэг кинотой нийтлэл санаанд бууж байна. Дээд зэргийн бэртэгчин хүмүүсийн тухай… Уянга уг нь хамгийн ойлгомжтой, нэн түрүүнд идэвхтэй хэлэлцэх ёстой асуудлыг тодорхой хөндөж, ил тод уриалсан байна. Гэтэл ангийн нөхөд нь “төрийн төлөө оготно гэгчээр, тэр ирээдүй, түүх нтр надад падгүй” гэж хандсан бололтой. Энэ цагийн монголчууд бид олиггүй хүмүүсээ хэт давраасан нь үнэн. Алдаагаа засах л ёстой. Бүх зүйл байр байрандаа очих ёстой. Ажаад байхад АРД ТҮМЭН БОСОХ БОЛЖЭЭ… БҮГДИЙГ НЬ ХАТУУ ШИЙТГЭХ ЁСТОЙ… гэсэн хандлага нийгэмд гүн шингэсэн байна. Уг нь энэ бүх бантанг болж өгвөл цус үзэлгүйгээр шийдчихмээр байх юм. Ер нь ямар ч хэлбэрээр өөрчлөлт хийсэн бай, өөрчлөлт хийснийхээ дараа яах вэ, ямар байдлаар улс орноо зохион байгуулах вэ гэдгээ тодорхойлсон эцсийн зорилго, зураглал нь юуны өмнө бүрэн боловсруулагдсан байх ёстой гэж үзэж байна.

    Уг нь хүн нэг бүр жаахан жаахан л зориг гаргачихвал… ямар мал биш дээ, заавал цус үзэх шаардлага юун. Гагцхүү энэ жигшмээр бодит байдалтайгаа зоригтой нүүр тулж, хүлээн зөвшөөрч, завхралуудаа засах тэр ЭР ЗОРИГ л бүх шийдлийн түлхүүр мэт санагдах юм. Гэтэл хамгийн үлгэр жишээ байх ёстой тэр хүмүүс нь дээд зэргийн хулчгар зан гаргаж, бодит байдлаас зугтаж, тулгамдсан асуудлыг өр зээл, худал хуурмагаар түр намжаах тухай л сэтгээд байх шиг. Ер нь хувь хүн ч бай, улс үндэстэн ч бай хэдий чинээ өөрийгөө хуурна, төдий чинээ адгийн зовлон үзнэ шүү дээ…

    Ямартай ч бүх зүйл сайхан болно гэж л аливаад хандана. Энэ дашрамд эрхэм судлаач танд олон олон залууст үнэн зөв мэдээлэл мэдлэгийг түгээж, Монгол улсын эрх ашгийн талд бат зогсдогт тань туйлын талархан дэмжиж, танаас үлгэр дуурайл авч явдгаа илэрхийлье. Миний хувьд тухайлбал таны блогоор дамжуулж Уянга гэдэг хүнийг бага ч болов таньж, тэр хүний тухай төсөөлөлтэй болж, ийм хатан зориг, эрхэм чанартай хүн ТЭНД бас байгаа юм байна гэдгийг ойлгож, урамшиж байна. Баярлалаа танд.

  3. regzen says:

    Уянга үнэхээр үнэнийг “монгол”-оо гэсэн сэтгэлтэй хүн бол ойлгохоор хэлсэн ажгуу. Даанч илжигний чихэнд алт хийх лугаа адил бөгөөд Нам хэмээн хийрхэгч бүгд манжийн урвагч ноёдын сүнс гэмээр юм уу даа Тусгаар тогтнол маань дээсэн дөрөөн дээр байх шиг хөгшин өвгөн надад санагдах боллоо Гэтэл “дээдэс” хэрэлдсээр…Баярлалаа үнэнийг ТА-наас л унших юм

  4. irgen says:

    Za da manai zarim er ni ihenh ni oilgoh bolov yy daa!Bid l songoltoo hiihdee nytagrahdag dov jalgani vzel gargadag ni bas neg dampyyrah bas neg shaltgaan.Hyvia hicheesen ard tumnendee hol ogohgui bol oorsdiin bizness yavahgui gej oilgohgui haralgan hvmvvs de

  5. irgen says:

    Bid songoltoo l byryy hiijdee!

  6. Anonymous says:

    heregtei tsagt heregtei vgsiig helj baij dee.ter ved arai sergeg hvleej avsan bol

  7. Unshigch says:

    Uyangii unheer saihan oilgogdhoor yridag hun daanch neg tanhimdahuud n oilgolt muutai ym shig uls eh oron ard tumnee iim baidald oruulsana ardchilaliihan oilgohguil baiga ym oilogdog ulsuud bol sn duraaraa ogcrood uur niigem baiguulah bsan ym

  8. Bolor says:

    Uyanga gishyyniig Mongol ulsiin Eronxiilugchid devshuuleed demjmeer baina, Ene utgagui amidral xydal xyyrmag amidral yadyyral ajilguidel zalxaaj baina shyy dee.

  9. Чинбаа says:

    УХ-д оорчдолт оруулах тухай Уянгатай санал нэг байгаа Гол нь ямар оорчлолт оруулах вэ гэдэг нь чухал. Одоогийн тосол бол судалгаагуй, ур дагаварыг нь тооцоогуй, билэгдлийн тайлбартай, 3-р Рейхийн маягийн тортэй тостэй, ард тумнээс мандат авсан Еронхийлогчгуй, Канцляр маягийн ЕС- тай шуух нь УИХ- аас хамааралтай естой дарангуйлал уусэхээр торийн байгуулалтай болгох аюултай тосол урьдчилсан байдлаар мэдэгдэж байна лээ. Ийм илэрхий олонхийн оорсоддоо зориулсан хуулийн тослийн талаар Ганаа судлаач Ваабар зэрэг хумуус юу ч дуугарахгуй байгаад би л хувьдаа гайхаж байнаь

  10. ere says:

    Уянга үнэхээр мундаг байгаа, яг голыг нь олж хэлээд байгаа. Ер нь Монгол эрчүүд бол бүтэхгүй хөгийн новшнууд гэдэг нь тодорхой болсон. Пээдгэр, омогшдог боловч яс юман дээрээ амиа бодсон үнэн аймхай лаларууд, дээр нь хэнэггүй, хариуцлаггүй гээд ертөнцийн хамгийн дурак зангууд монгол эрчүүдээс эрчүүд рүү тахал шиг халдаж байна. Тэнэгээрээ гайхуулж өрсөлдөх юм. Би эр хүн гэхдээ би төрөх эмнэлгийн тендерийг будилуулж хэдэн жил баригдахгүй байлгах балиар юм хийхгүй. Энэ намууд ядаж Эрүүл мэнд болон Боловсролын салбарыг дээрэмдэхгүй гэж хоорондоо тохирох хэрэгтэйшд.

    • DN says:

      Хэхэхэ ядаж л энэ хоёр салбарт бусармаг юм хийхгүй гэж тохирох… нээрээ л ёстой аргаа бараад ингэж хэлмээр л болох юм…

  11. Их монгол says:

    Монгол төрийн үнэн дүр төрх ийм болж дээ. Зарим нэг нь арга ядахдаа эрүүл мэнд, боловсролын яамыг идэхгүй байгаач гэнээ. Аргаа барсан даа л энэ шүү дээ. Төрийн эрх баригчид минь ичиж амьдраад. Та нар ирээдүй хойч, ядахнаа өөрсдийн үр ач нараа бодооч. Энэ ҮХ-ийн өөрчлөлт одоо оройтсон бороо. “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг бүр дордохоор юм болно. Нэг бүдрэхээр 7 бүдрэнэ гэдэг юм болно. Энэ УИХ хурдан л хугацаагаа “Элэг бүтэн эсэн мэнд” дээрээ дуусаасай! Одоо бие биенээ барьж идэхэд их ойрхон болсон шүү…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: