САЙН ДУРЫН БООЛЧЛОЛ

Энэ удаад дэлхийг сэнхрүүлсэн нэгэн ишлэл хийгээд түүний тайлбарыг өгүүлэх гэж байна. Эхлээд ишлэлийг өгүүлсү…

…Дарангуйлагчдыг зэр зэвсэг, морьтой явган зэвсэгт хүмүүс хамгаалдаггүй, харин итгэхэд хэцүү ч дарангуйлагчийг хоёр гуравхан хүн дэмжиж, түүний төлөө бүхий л улс орныг боолчлолд байлгадаг юм. Дарангуйлагчийг тойрон хүрээлэгсэд голдуу таваас зургаан хүн л байдаг; тэд харгис үйлдлийн оролцогч, хүсэл таашаалийн анд нөхөр, зугаа цэнгэл зохион байгуулагч, хулгай дээрмийн хам хэрэгтэн болохын тулд эсвэл дарангуйлагчийн итгэлийг хүлээж, эсвэл түүнд ойртон шадарладаг. Энэхүү зургаан хүн эрх мэдлийнхээ дор зургаан зуун хүн барьж байдаг ба тэд нь энэ зургаад дарангуйлагч шигээ ханддаг. Энэхүү зургаан зуун хүн өөрийнхөө дор зургаан мянган хүн барьж байдаг ба тэд энэ зургаан зуугийн шунал, харгис занд үйлчлэхийн тулд орон нутгийн буюу мөнгөний ажил хэргийн удирдлагыг атгаж байдаг. Эдгээрийн араас бүр ч олон дагалдагсад гарч ирдэг. Энэ торны сүлжээг тайлсан хүн зөвхөн зургаан мянга төдийгүй дарангуйлагчийн гинжинд хадагдсан зуун мянга, сая сая хүнийг олж харж болно. Зөвхөн үүний тулд л албан тушаал үржиж байдаг бөгөөд энэ бол дарангуйлагчийг дэмжихүйн бүхий л мөн чанар юм…
Энэ суут үгийг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстой хэлсэн гэж олон хүн боддог юм. Үнэн хэрэг дээрээ энэ бол францын гүн ухаантан, зохиолч Этьен де ла Боаси-гийн “Сайн дурын боолчлол” алдарт бүтээлийн нэг хэсэг болой.
Олон зуун жилийн дараа суут Л.Н.Толстой Этьен де ла Боаси-гийн энэ бүтээлийг оросын уншигчдад өөрөө орчуулж хүргэсэн байдаг. Л.Н.Толстой оросын ард түмэн, сэхээтнүүдийг сэнхрүүлж, гэгээрүүлэхийн тулд бусад алдарт зохиолчидтой хамтран “Унших тойрог” гэсэн цуврал гаргаж, түүндээ Европын суут сэтгэгчдийн бүтээлүүдээс оруулж байсан юм. Этьен де ла Боаси-гийн “Сайн дурын боолчлол” Л.Н.Толстойн 90 боть бүрэн зохиолын эмхтгэлийн 1904-1908 оны цувралд орсон байдаг. Олонхи хүмүүс нэгэнт Л.Н.Толстойн цувралд орсон болохоор түүнийг хэлсэн гэж эндүүрэх болсон аж.
Этьен Боаси гэж хэн бэ ?
Францын зохиолч, гүн ухаантан, гуманист Этьен де ла Боаси (1530-1563)-ыг заримдаа хуучин дуудлагаар Боати гэж ч нэрлэдэг. Тэрээр агуу их Мишель Монтенийн дотнын нөхөр байсан юм.
Этьен де ла Боаси Орлеаны Их Сургуулийн хуулийн анги төгсөж, ердөө 25 насандаа Бордо-гийн парламентад зөвлөхөөр ажиллах болжээ. Энэ үедээ “Сайн дурын боолчлол” хэмээх алдарт зохиолоо бичсэн юм. Тэрээр 1563 онд цэл залуугаараа тахал өвчнөөр нас барсан юм.
Энэ үед нь алдарт Монтень дэргэд нь сахиж байсан бөгөөд зохиолч энэ бүтээлийнхээ гар бичмэлийг түүнд гэрээслэн үлдээсэн байдаг. Монтень ч гэсэн эл бүтээл олон түмнийг үймүүлнэ гэж үзэж байсан учраас хэвлүүлж зүрхлээгүй, харин зүгээр л магтдаг байсан аж. Ингээд бүр хожим 1576 онд л хэвлүүлсэн байна.
Гэвч IY Генрихээс эхлээд францын абсолютизмын үеийн бүхий л хаад ноёд энэ бүтээлийг хааснаас болж бараг бүрэн мартагджээ. Арай хожим 1600 оны үед алдарт хамба лам Ришельё асар их мөнгө төлж байж арай гэж ганц хувийг олж уншиж байсан гэдэг.
Ийм ховор алдартай зохиол байсан учраас Л.Н.Толстой зориуд олж өөрөө орчуулаад “Унших тойрог” цувралдаа оруулж олон нийтийн хүртээл болгосон байна. Түүнээс хойш олон нийт “Сайн дурын боолчлолыг” Л.Н.Толстойн бүтээл гэж эндүү ойлгож, ишлэл авах болжээ.
Асуудал хэний ишлэл байх нь гол биш, агуулгадаа байгаа гэж би бодож байна. Юу ч гэсэн дээрх алдар ишлэлийг сайн тогтоож авах хэрэгтэй дээ. Тэгээд болж өгвөл “Сайн дурын боолчлол”-ыг бүтнээр нь олж уншвал бүр ч сайн.
Энэ ишлэлийн агуулга, мөн чанар өнөөгийн манай нөхцөлтэй олон талаараа дүйнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хэрэв 460 шахам жилийн өмнө бичсэн юмыг ойлгож чадахгүй бол ардчилал энэ тэр гэж ярьсны ч хэрэг байхгүй л дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 12 дугаар сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

7 Responses to САЙН ДУРЫН БООЛЧЛОЛ

  1. dk says:

    сүүлийн үед хараад мэдрээд байхнаа 1989~1990 онд монголд ардчилсан хувьсгал биш “ардчилсан хуйвалдаан” болсон гэж бодогддог болоод байна, тиймээ “АРДЧИЛСАН ХУЙВАЛДААН” !!!
    монголд ямарч хувьсгал болоогүй, зүгээр л “хуйвалдаан” болсон!!!

  2. Anonymous says:

    Зөв бодолтой хүчтэй удирдагч удахгүй гарах биз. Харин тэр үед хүчирхийлэл бага гараасай л гэж найдья даа. Угаас цэвэрлэгээ хийгдэх нь тодорхой шүү дээ. ..

  3. regzen says:

    Хүчтэй удирдагч Путин, Назарбаев шиг түүхийн захиалагаар төрдөг л гэх юм…Ард бид чинь “би ч мөнх бус” харин “Монгол үндэстэн туурга тусгаар Монгол” минь мөнх байгаасай… Монголыг аваад явах нэг сайн хүү төрөөсэй гэж бодож сэтгэж нэгдэж чадахаа больтлоо ухаан санаа маань доройтоогүй л байлтай. Арилжаа /эх орноо арилжагч/ авилгалч бусадыг /гадаадын шуналтанг/ эрхэмд бодон зуйрагч энэ бузар феодал-каптализмаас салахсан МӨНХ ХӨХ ТЭНГЭР МИНЬ

  4. Tttt says:

    Санал 100% нийлж байна. Олигархиудын гол амьдруулагчид нь хурган дарга нар, тендер горилсон компанийн нөхдүүд

  5. С. Наранбат says:

    Хүн гэдэг адгуус, араатантай л адилхан сүргийн амьтан юм. Адгуусан сүргийг манлайлагч амьдралын туршлага, бусад шинж чанараараа бусдадаа хүлээн зөвшөөрөгдөх ба бэлчээр, хоол тэжээл олох, нүүдэллэх замд сүргээ дагуулан нийт сүрэгтээ хамгийн ашигтай шийдвэр гаргадаг.
    Харин бид өөрсдийн арчаагүйгээсээ хамгийн олхиогүй байдлаар сонголтоо хийж удирдагчаа гаргаж байгаа бөгөөд сонгосон удирдагчид маань нийт сүрэгтээ хамгийн хорлонтой, зөвхөн өөрт нь ашиг болж болох шийдвэр гаргаж байгаа.
    Энэ байдлыг үнэнээр хэлсэн хүнийг бид нийтээрээ харааж байж тайтгардаг.

  6. orgil says:

    novshiin systemiig nuraahad daranguilagchiin doorh 5-6huniig nuraah heregtei gesen uguu.

  7. Энэ зохиолыг хаанаас олж унших вэ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: