ӨРӨГ БА ХОРИГ

Засгийн Газрын огцрох эсэх асуудлаас болж монголчуудын толгой ахиад л эргэв. Ахиад л үйлийн үртэйгээрээ би загнуулж байна. “Би яасийм ?!” гэсэн чинь анализ хийсэнгүй гэнэ. Анализ хийхээр загнана, хийхгүй болохоор загнана. За тэр анализ чинь энэ байна…

Г.Уянга Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан нь жинхэнэ улс төрийн ур ухаан шавхсан “тоглоом” болж байна. Ийм асар хүнд “тоглоомд” их нерв, их тэвчээр, их ухаан хэрэгтэй. Хэн түрүүлж хяналтаа алдсан нь ялагдана…
Ажиглаад байхад хамгийн нерв султай нь Ч.Сайханбилэг аж. Тэр хамгийн түрүүнд тэсэрч байна. Түүний цэнэглэгч С.Баярцогт харин алсаас удирдагчийн, араас өшиглөгчийн ажлаа хийж байна. Хөгшин морь Р.Гончигдорж сагагаа сэжээд гүйж байгаа ч түүнийг харин “түй” ч тоохгүй байна…
Нүүдэл 1: Дараагийн Ерөнхий сайд Р.Амаржаргал
Одоо тоглолтын өргийг харъя. Г.Уянга долоо хоногийн өмнө “өргөн барьж” болох байсан ч хаширлаж 20 гишүүнээр өргөн барьсан нь тэр даруйдаа мэдэгдэв. Уг нь Р.Амаржаргалыг штрихдэж байгаад өргөн барьж болох ч албаар АН-ын дотоод зөрчлийг илчилж орох нь зөв гэж тооцсон байна. Р.Амаржаргал тэр дор нь “Би нэрээ татахаа 2 сарын өмнө холбогдох хүмүүст нь хэлсэн” гэж жиргэв. Тэр “холбогдох хүмүүс” нь З.Энхболд, Г.Уянга хоёр юм. Гэхдээ хэлсэн “процедур нь” миний сонссоноор Г.Уянгатай уулзаад “З.Энхболд дарга миний нэрийг хасчих гэж хэлүүллээ” гэсэн байгаа юм. Мэдээж Г.Уянга “Яахаараа таны асуудлыг З.Энхболд дарга мэдэж, та өөрийн нэрийг хасах хүсэлтээ З.Энхболдын үг гэж хэлдэг юм бэ ?” гэж асуусан. Эндээс Г.Уянга хар авсан тул асуудлыг 20 гишүүнээр өргөн барьсан. Ингэсэн нялцгарууд цагаа тулахаар яаж новширдгийг дэндүү сайн мэднэ л дээ. Р.Амаржаргал нэрээ татлаа ч 19 гишүүн өргөн барьсан бол асуудлыг хэлэлцэж таарах юм. Үйлдлийн тооцоог ингэж хийдэг юм…
Үнэндээ бол Р. Амаржаргал тоглоомын эхэнд хаясан “пешка” юм. Даанч өөрөө мэдээгүй болохоос. Гэвч Р.Амаржаргал өөрийгөө “бэрс гарах тавилантай хүү” гэж бодож байгаа. Учир нь гарын үсэг өргөн барих тоонд дөхөх тусам тэрээр Засгийн газрыг шүүмжилсэн ярилцлагуудыг угсруулан өгч байсан. Хэрэв 19 гишүүнээр орж ирсэн бол Р.Амаржаргал нэрээ татахгүй байсан гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Тэр түүхийн “давтамжид” найдаж байгаа. 2000 онд яг ийм өргөөр тэр Ерөнхий сайд болж байсан. Түүний бүх ярилцлагыг уншвал Р.Амаржаргал намаа биш юм гэхэд Засгийн газрыг, тэр дундаа эдийн засгийн уналтыг зогсоох төсөөлөлтэй нь харагддаг. Босгохгүй ч унагахгүй хадгална гэдэг одоохондоо их том зорилт болчихоод байгаа ба уналтыг зогсоосны дараа өсөлтийн тухай ярьж эхлэх нь ойлгомжтой.
Түүний нэрээ татах шалтгаан нь Христийг цаазлах үеийн Понти Пилат шиг гараа угааж, нэрээ цэвэрлээд Засгийн газрыг унагалцсан ялаас мултарч, өөрөө Ерөнхий сайдаар томилогдох тактиктай нь холбоотой. Учир нь түүний ард МҮДН гэгч хүчирхэг фракцийн дэмжлэг бий. Хэдийгээр “Шонхор” хүчирхэг гэгддэг ч санхүү, улс төрийн нэр хүндийн хувьд жин дарах фракц нь МҮДН болчихоод байна. “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Фортуна” Н.Батбаяр, “Нэг ардчиллын” Лу.Гантөмөр, Р.Амаржаргал өөрөө, Аж үйлдвэрийн сайд, АН-ын бүлгийн ахлагч, намын генсек байсан Д.Эрдэнэбат нарын оролцдог фракцыг сул фракц гэх үү ?! Дээр нь Н.Алтанхуяг “Алтан гадас”-аа аваад МҮДН-тэй ойртсон байна. Учир нь түүний Засгийн газрын найдвартай гол тулгуур нь тэд байсан. Ялангуяа Д.Эрдэнэбат эцсээ хүртэл Засгийн газраа цээжээрээ хамгаалсан юм. Ийм тохиолдолд Н.Алтанхуяг шадар сайдаар томилогдох магадлал ч бий. Энэ бол АН-ын хувьд одоохондоо супер хувилбар юм.
Нүүдэл 2: УИХ-ын дарга, АН-ын дарга (?!)… З.Энхболд
Хэрэв З.Энхболд Засгийн газрыг хамгаалах байр суурьтай байсан бол Г.Уянгын өргөн барьсныг авахгүй удааж болох л байсан. Гэвч 15.00 цагт бэлэн болсон бичгийг 16.00 цагт дуртайяа хүлээн авсан. Хэрэв тэр “ганцхан цаг тэссэн” бол ажлын цаг дуусах байсан. Маргааш нь АН-ын ҮЗХ хуралдахаар зарлагдчихаад байсан учраас хойшлуулж болох л байсан. Ажлын зав чөлөөтэй холбоотойгоор, жишээ нь хэд хэдэн чухал асуудал хэлэлцэх гэж байгаатай уялдан пүрэв, баасан гарагийн чуулганаар далимдуулж хойшлуулсан бол 7 хоног хожиж болох л байсан. Энэ зуур Ч.Сайханбилэгт ажиллах боломж олдох ба наад зах нь бензиний үнийг буулгасан шоугаа урьтаад хийчих байсан ч З.Энхболд тийм завдал өгсөнгүй…
Цагтаа М.Энхболдын “Үндэсний эв нэгдлийн” гэх Засгийн газрыг унагахад цаг хугацааны хүчин зүйл яг ингэж таарч байсан ба Ц.Нямдорж асуудлыг 7 хоног хойшлуулж, амралтын өдрүүдэд бүлгийнхнээ “сахилгажуулснаар” Засгийн газраа авч үлдэж байсан. Гэтэл тэр үед М.Энхболд цүнхэнд мөнгө хийгээд ордны өрөө болгоноор оруулж өөрийгөө хорлож байсан бүтэлгүй толгой. Ийм үед мөнгө гүйдэггүй байхгүй юу…
Тиймээс З.Энхболд Засгийн газрыг унагах байрлалд тоглож байна. Ялангуяа 22-ны өглөөний чуулган дээр Г.Уянга, Ч.Сайханбилэгийн маргааныг амжилттай удирдаж Ч.Сайханбилэгийг “нервтүүлж” чадлаа. Хэн нервтсэн нь унана…
З.Энхболдын хувьд УИХ-ын даргаасаа салах тухай бодох ч үгүй. Энэ байр суурин дээрээ нэмж намын даргыг авах туйлын сонирхолтой байна. Ийм тохиолдолд намын даргыг нь хулгайлах гэж Ерөнхийлөгч рүү байнга гүйдэг Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр шиг хөгийн шаарууд хэрэггүй. Тэдний балиар хатгаасаас болж УИХ-ын дарга Ерөнхийлөгчтэй муудалцчихаад байгаа ба аль аль тал нь энэ асуудлаа нэг тийш болгох сонирхолтой ч дундуур нь байн байн хар муур гүйгээд байхаар яаж ч эвлэх билээ ?! Эцсийн дүндээ сонгуульд ороход Ерөнхий сайд биш, Ерөнхийлөгч хамгийн гол түшиг болдог. Учир нь сонгууль бол үзэл суртлын ажил бөгөөд тийм дэмжлэг аж ахуйн дэмжлэгээс хамаагүй хүчтэй. Нэгэнт нам удирдаж сонгуульд орж байгаа л бол зайлшгүй Ерөнхийлөгчтэй “гар барьсан” байх шаардлагатайг ойлгохооргүй мулгуу хүн биш л дээ, З.Энхболд.
Ийм нөхцөлд намын эв нэгдлийг задлан бутаргагч нь Ерөнхий сайд, түүний ХЭГ-ын дарга болж хувирч байна. Тэдний хорон үйлдлээс болж З.Энхболд, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Х.Баттулга нар дөрвөн тийшээ харж, АН эмх замбараагүй байдалд удаж, жижигхэн доргионд л салж унахдаа тулаад байна. Наад зах нь намуудын тухай хуулинд АН эвслийг талдаа татаж чадвал МАН-ын ялалтыг “нүхэнд унагах” боломж байгааг харсаар байвч яаж ч чадахгүй байгаа юм. Хар муурын үүргийг С.Баярцогт, М.Зоригт хоёр гүйцэтгэж байгаа учраас тэд учраа ойлголцоход их хүнд, тэр ч байтугай Г.Батхүү тэр үүргийг өөртөө аваад ч дийлэхгүй хоёр сар болж байна.
Харин энэ нүхнээс гарах цорын ганц гарцыг З.Энхболдоор Ерөнхий сайд тавих гэж харснаараа л бүгд эвээ олохгүй байгаа юм. Тодорсон манлайлагчгүй МҮДН-д Засгийн газраа даатгаад тэдний санхүүгийн эх үүсвэрээр “Алтан гадас ба Шонхор” гэсэн “цөм” фракц үүсгэж сонгуульд оролцох боломжоо алдсаар байна.
Фракц бүр дор бүрдээ Засгийн газраа эвтэйхэн солих арга сүвэгчлэх бүрийд АН-ын задрал улам хүчтэй явагдаж байгаад бүгд л санаа зовж байгаа. Х.Баттулга эвслийг задлах замаар Засгийн газраа унагая гэж байгаа бол МҮДН Ерөнхий сайдаа л сольё гэж байна. Харин “Шонхор” Засгийн газар дахь байр сууриа хадгалаад намын удирдлагаа авъя гэж байна. Ерөнхийлөгч дундын координаци хийх хүсэлтэй ч олон нийтийн дургүйцэл хэтэрхий их учраас ил алхам хийж болохгүй байна. Асуудал ойлгомжтой авч хэн ч түрүүлж нүүдэл хийж болохгүй болсон.
Х.Баттулга хөдлөөд эхэлмэгц түүнийг шоронгоор айлгаад эхэллээ. З.Энхболдыг хөдөлмөгц Ерөнхий сайд бол гэж шахаад байгаа учраас зогсчихож байна. МҮДН хөдөлмөгц бүгд эсрэг алхам хийх тул харзнаж байгаа ба намын хүчирхэг бүлэглэлтэй “Алтан гадас” мөн л АТГ, шорон хоёроос айж зогссон байна. Үйлийн лай гэж энийг л хэлдэг юм…
Ингэхэд Ерөнхий сайд ба түүний найз аль фракц вэ ? гэж АН-ынхан ч, сөрөг хүчин ч асуухгүй байна. Тэд аль ч фракц биш, зүгээр л “хөвөгчид” бөгөөд зөвхөн АН-ын хагарал дээр “баас живдэггүйн” үлгэрээр оршин тогтнож байгаа юм.
Ерөнхий сайд намын дарга биш учраас намаа хянах чадваргүй, тиймээс түүний оршин байх нөхцөл нь намаа “улам хагал, улам бутарга” гэсэн зарчим бөгөөд намдаа ийм хөгийн зарчим тулгаж байгаа юм. Ийм нөхцөлд АН улам хагарах ба Ерөнхий сайд ба ЗГХЭГ-ийн дарга тэсч үлдэхийн тулд “намаасаа бусад” чөтгөртэй ч эвцэлдэхэд бэлэн байдал руу түлхэж байна. Тэдний түшиг тулгуур нь МАН, МАХН болсон, гэвч МАН Г.Уянгыг дэмжсэнээр нэг гол тулгуураа алдаж байна. Ийм нөхцөлд Ерөнхий сайд “хаос” дээр тогтохыг оролдоно, өөрөөр хэлбэл “АН-ын хагарал” ба үүнээс урган гарсан хий хоосон “эв нэгдэл”-ийн уриан дээр л тогтохчоо аядаж байна…
Чухамхүү АН-ын ҮЗХ-ны хуралдааны үеэр Ерөнхий сайдыг солих тухай асуудал орж ирэхээр бэлтгэгдэж байсан ба муу тал нь З.Энхболдыг “дургүй ламд дарж байгаад сахил хүртээх” гэж байсныг тэр хойшлууллаа. Бас давхар заль гаргаж 19 гишүүнээр Засгийн газрыг өргөн баривал Р.Амаржаргалыг татуулах замаар намаа аварч үлдэх тоглоом бэлтгэж байсныг МҮДН мэдэж хурлыг хаяж гарчээ. Харин Г.Уянга хууртаагүй, 20-иор авч орсон тул өрөг нь зогссон юм.
Ч.Сайханбилэгт бүгдэд таалагддаг нэг увьдас бий. Тэр нь намын даргын эрх мэдэлгүй Ерөнхий сайд учраас бүх фракцын дарамтанд байдаг, иймээс аль аль нь энэ статусаа чангалахыг бодож байгаа юм. Харин үүнийг тэд өөрсдийн оршин тогтнох арга хэрэгсэл болгож, “нэг фракцад нь долоог, нөгөөд нь долоохныг” өгсөн мэтээр хооронд нь зөрчилдүүлж оршин тогтнож байгаа юм.
Чухам иймээс Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан даруйд Н.Алтанхуяг Л.Гансүхийгээ, Х.Баттулга Батзаяагаа суллуулахаар Ерөнхий сайдыг шахсан гэх бор шувууны мэдээнүүд хавтгай тарсан юм. Гэвч Ерөнхий сайд АТГ, Цагдааг мэдэхгүй, ТЕГ Ерөнхийлөгчийн мэдэлд байгаа учраас ямар ч үр дүнгүй нь ойлгомжтой. Цорын ганц арга бол өөрсдөө эрхээ авч, өөрсдөө бүхнийг гардан хийх…
Одоо З.Энхболд дараагийн хувилбарыг бодож байна. Харин тэр хувилбарыг нь Ерөнхийлөгч Давосаас хэлж өглөө.
Нүүдэл-3: Ерөнхийлөгч
Тэрээр хоёрдмол утгагүйгээр “…Дараагийн Ерөнхий сайдаа тодруул” гэж хэлэв. “Үндсэн хуулинд зааснаар дараагийн Ерөнхий сайд тодорч байж одоогийн Ерөнхий сайд унах ёстой” гэжээ. Ерөнхийлөгчийн “тодорхойгүй” байр сууринаас болж АН хүлээлтийн байдалд байгаа ч Ерөнхийлөгч мессежээ нэгэнт өгчээ…
Чухамхүү Ерөнхийлөгч Давос явахаасаа 7 хоногийн өмнө УИХ-ын гишүүн Г.Уянгатай уулзсан юм. Аль талаас хүсэлт тавьсан нь тодорхойгүй ч уулзсан нь факт юм. Ерөнхийлөгчийг Давосын чуулганд оролцохоор явмагц Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан нь санаандгүй давхцал уу ?! Бас өргөн барих асуудлыг УИХ-ын дарга яаравчлан хүлээн авсан нь тохиолдол уу ?!
Тохиролцоо хамгийн магадлалтайгаар бол дараахь байдалтай байх боломжтой. Н.Энхбаярыг Шадар сайд болгохгүйн тулд Ерөнхийлөгч бүхнийг хийж байна. Харин Ч.Сайханбилэг байдал найдваргүй тал руугаа хэлбийх тусам улам бүр Н.Энхбаярыг гэх болжээ. Тэрээр авилгын хэргээр баригдсан Г.Шийлэгдамбын орны хүнийг томилж чадахгүй байгаа нь Н.Энхбаярын Шадар сайд болох хүсэлтэй холбоотой. Харин Ерөнхийлөгч чухамхүү үүнийг хүсэхгүй байгаа ба Х.Баттулгын эвслийг задлах тоглоомыг далдуур хөхүүлэн дэмжиж байв. Г.Шийлэгдамбыг барьж хорив. Гэтэл Ч.Сайханбилэг өөрийгөө бодож намаасаа урваж Х.Баттулгынхныг намнаж эхэлжээ. Үүнээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хооронд хүйтрэл явагдаж эхлэв. Асуудлыг шийдэхийг шахах тусам Ч.Сайханбилэг улам бүр цааш зугтааж байв.
Энэ зуур Ерөнхийлөгч зүгээр суусангүй, өөрөө гар хөдлөж М.Энхсайханыг эвслээс гарахыг ятгаж эхлэв. М.Сономпил координацийг нь хариуцжээ. М.Энхсайхан ил тодоор Засгийн газрын алдаатай бодлогыг шүүмжлэхийн зэрэгцээ АН-тай хэлэлцээрт орохоор бэлтгэж эхлэв. АН-ын ҮЗХ-ны хурлаас намын дүрмийг өөрчлөх ба ингэхдээ Ардчилсан чиг баримжаатай бусад намтай эвсэж хамтрах өргөн боломжийг нээхээр тохироод байв. Харин Н.Энхбаяр зүгээр суусангүй. Тэр АН-ын олон фракцтай “мааслажээ”. Х.Баттулгын эвсэл задлах тоглоомыг өөрт ашигтайгаар хариулж байв. З.Энхболдтой Монгол банкаар дамжсан харилцааг тогтоож чаджээ. З.Энхболд ямар нэг сэжмээр бүлдэгдүүлжээ. Үүнээс болж З.Энхболд, М.Энхсайхан нарын харилцаа муудав. Аль аль нь маневрлах чадвар муутай, хөшүүн, чигээрээ хүмүүс учраас тэдний дунд резин шиг уян Н.Энхбаяр чадварлаг маневрлах орон зай үүсчээ.
Ерөнхийлөгч МАХН-ыг МАН-ын хуваагчаар сонгуульд оруулах, ингэхдээ 2016 онд суудалгүй үлдээх тоглолт сэдэж байв. Үүнтэй нь МАН зарим талаар нэгдэж байсан нь МАХН-ыг суудалгүй үлдээх, үүгээр шахаж өөртөө нэгтгэх байлаа. Нэгтгэхдээ Н.Энхбаяргүйгээр…Н.Энхбаяртай МАХН-тай бол яагаад ч бүтэхгүйг Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан хоёр сайн мэдэх юм. Тэр ч байтугай М.Энхсайханы үед “Эх орон” намын Д.Эрдэнэбат АН-ыг яаж балласан сургамжийг хамгийн тодоор санаж байв.
Ингээд эцсийн хувилбар нь Г.Уянгад Засгийн газрын асуудлыг өргөг барихад дэмжлэг үзүүлэх, дүрмийн өөрчлөлт хиймэгцээ АН, МҮАН, ИЗН-ыг нэгтгэх, дараагийн сонгуульд халз үзэлцэхээр болсон байна. Энэ зуур ч Г.Уянга бас давхар тоглоом бодсон байв.
Эцсийн дүндээ энэ бүхнийг бий болгохын тулд бүтэн жил тасралтгүй, бас цуцалтгүй зүтгэж санасандаа хүрсэн нь Г.Уянга юм.
Одоо АН-д нэг л асуудал үлдлээ. Дараагийн Ерөнхий сайдаа хурдан тодруулж, цагаан сараар амжилттай пиардаж, эдийн засгийг тогтворжуулах амлалт өгч, шинэ Засгийн газраа хурдан ажилд оруулбал байдал жигдэрнэ. Хэрэв тэгэхгүй бол МАН асуудлыг аль болох хойш татаж, олны хэл амны бай болгож гутаасаар цагаан сараар АН-ын нэр хүнд авах юмгүй болно гэж тооцож байна. Ийм хэл амны дараа тогтож үлдсэн Засгийн газар сүнс сүлдээ бүрмөсөн алдах ба нам, Засгийн газар, Ерөнхийлөгч гурав нь гурван тийшээ харж сонгуульд ороод АН үсгүй ялагдана.
Өргөн барьснаас хойш…
Уг нь 21 хүнээр өргөн барих байсан ч яаравчилсны учир нь Гацууртын ордыг “Сентерра голд”-од өгөхийг УИХ, Засгийн газар завдан байв. Тиймээс нэг өдрийн өмнө өргөн барьсан юм байна. Гарын үсэг тулж орсныг мэдсэн Засгийн газрын талынхан Р.Амаржаргалыг татна гэж мэдэгдсэний дараа Ц.Нямдоржийг хатгаж үзсэн ч урдаас нь салаавч тавив.
Засгийн газрыг өргөн барьснаас үүдэн АН-ын ҮЗХ-ны хуралдаан хойшлов. Учир нь төлөвлөлтгүй орсон асуудал, Засгийн газрыг огцруулах нөхцөл байдал намын дотоод дайнд хүргэж мэдэх байсан ба фракцуудын ҮЗХ-г хойшлуулах сонирхлуудын талаар өмнө өгүүлсэн. Одоо тохиролцоо явагдаж байна. Гол хувилбар нь аль болох цөөн сайд солих, ИЗН ба МҮАН-тай яаравчлан яриа хэлэлцээрт орох, тэгээд хэнийг Ерөнхий сайдаар томилох вэ ?!
Засгийн газрыг авч үлдэхээр ажилласан ч унагах дараа дараагийн хувилбарууд гарч ирсээр байна. Эхний хувилбар нь Засгийн газрыг авч үлдээд, намын ҮЗХ-оор хэлэлцүүлж Ерөнхий сайдыг солих асуудал яригдаж байна. Ингэвэл Р.Амаржаргал яг түүхэн давтамжаараа Ерөнхий сайд болно. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах нь Засаг огцруулснаас ялгаагүй.
Үүний тулд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнийг сольжээ. Ингэхдээ АН дангаараа ирц бүрдүүлэх боломжоо олж авахыг хичээж магадгүй гэж үзсэн ч сэлгээ хийсэн байна. Уг нь энэ байнгын хороонд Н.Батцэрэг байсныг Г.Батхүүгээр сольжээ. Учир нь Н.Батцэрэг байнгын хорооны хуралдаа ирсэнгүй, яаж ч магадгүй гэж харджээ. Зарга хийгээгүйн учир нь аль аль тал нь түүнийг хардсанд байгаа юм. Яаж ч бодсон УИХ-д байгаа нэг бүлгийн даргын хувьд Н.Батцэрэг энэ байнгын хороонд байх эрхтэй төдийгүй үүрэгтэй юм. Гэтэл огт байгаагүй асуудлыг гэнэт оруулж ирж шийджээ. Гэхдээ өргөтгөөгүй, өөрөөр хэлбэл ирцийг АН дангаараа бүрдүүлэхгүй хэмжээнд сэлгээ хийсэн нь цаанаа бас нэг но-той байгаа юм. Хэрэв Н.Батцэрэг ирж ирц бүрдсэн л бол Г.Уянга орж асуудлаа танилцуулахад бэлэн гэсэн сөрөг акц хийсэн нь бас л уран нүүдэл юм. Учир нь ирцгүй үед Г.Уянга ганцаараа орж асуудлаа танилцуулсан бол санал хураалт явагдаж 9:1-ээр “огцруулахгүй” гэсэн шийдвэр гаргаж магадгүй, өөрөөр гарч болох ч 5:4 байгаад ч нэмэргүй тул АН-ынхан бас Г.Уянгыг хүлээж байхыг ятган ярьсан байна. Тиймээс М.Зоригт нарын “шаарууд” Г.Уянгыг биш, Н.Батцэрэгийг эрэн сурвалжилсан бол дээр байсан юм. Одоо бол М.Зориг мэт нь Г.Уянгын зурагнаас ч гэсэн “айж” явбал өөрт нь хэрэгтэй л дээ…
АН-ын зүгээс байнгын хорооны хуралдааны дараа өргөн баригчдаас 5 хоногийн завсарлага авахыг сэм гуйжээ. Энэ зуур АН дараагийн Ерөнхий сайдаа тохирох боломж олж авах ба Ерөнхийлөгчөөс ирсэн “чиглэл” нь ийм юм…
Үүний дараа З.Энхболд Гацууртын ордыг гялс шургуулахыг оролдов. Ингэхийн учир нь хэрэв З.Энхболд шахагдаж Ерөнхий сайдаар томилогдох тохиолдолд Монгол банк найдвартай түнштэй үлдэх ёстой. Учир нь Төв банкинд байгаа алтыг зарж үрж дууссан ба түүнийг нөхөн хийх цорын ганц боломж нь Гацууртын орд болчихоод байгаа юм. Түүнээс ийм хоолойд тулсан шалтаг байгаагүй бол заавал энэ ордыг ухах гэж зүтгэх шаардлага байхгүй агаад Ноён уулыг хамгаалж үлдсэн нэрээр АН хангалттай пиар хийх бололцоо бий.
Харин энэ үед гарсан хэрүүлээс болж Ц.Нямдорж хурал хаяж гарсан ба ингэхдээ Гацууртын ордыг ашиглахыг дэмжих магадлалтай гишүүдийн картыг сугалж хармайлаад явчихжээ. Тусгай хамгаалалтанд зарим газар нутгийг авах санал хураалтыг З.Энхболд хүчээр явуулсан ба ингэхдээ өглөөний ирц буюу АН, МАН-ын 51 гишүүнээр тооцож хураагаад МАН-ыг эсрэг саналд тооцсон ч “ялсан” юм. Гэтэл яг Гацууртын ордын хувь хэмжээг тогтоох санал хураах болоход Г.Уянга, Ч.Сайханбилэг нарын хэрүүлээр далимдуулж намын бүлгийн даргаараа завсарлага авахууллаа. Үнэндээ З.Энхболдод яг өмнөхийн адил МАН-ыг ирцэнд тооцоод хураалгах боломж байсан, гэвч МҮДН-ын Д.Эрдэнэбат нар түүнийг нь эсэргүүцсэн бөгөөд МАН-ынхан бүгдээрээ, бас АН-ын МҮДН фракц, Г.Уянга, бие даагчид эсрэг дарсан бол “Сентеррагийн луйвар” нам унах байв.
Ч.Сайханбилэг газар нутгийг хамгаалалтанд авах асуудал дээр орж ирээгүй мөртлөө, Гацууртыг ашиглах асуудалд гүйж ирснээс хэрүүл эхэлсэн юм. Харин Ц.Нямдорж З.Энхболдыг хорлохдоо АН-д бараг үхлийн цохилт өгч байна. Учир нь Гацууртыг заавал АН-ын үед ашиглах ямар ч хэрэггүй бөгөөд сонгуулийн дараа тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөж байгаад МАН дангаараа ашиглавал ядаж намд нь илүү унацтайг МАН-ынхан ярилцаж тохирсонд байгаа ажээ. Нөгөө талаас Гацууртыг гацааснаараа МАН З.Энхболдыг барьцаанд хийх төлөвлөгөөтэй байна. Учир нь Н.Энхбаяр хаашаа ч гарах гарцгүй болсон тохиолдолд Монгол банкнаас алтны луйврын тухай зузаахан материалыг чирээд ирж чадах юм…
Сонгуулийн дараа Төв банкыг мэдэлдээ аваад шалгавал З.Энхболд ахиад Денверт “сурахаас” өөр аргагүй болно, юун Ерөнхийлөгчид нэр дэвших…Чухам үүнийг З.Энхболд болон банкныханд Г.Уянга байнга, цуцалтгүй сануулсаар байгаа…
Ийнхүү фронт огт санамсаргүй мэт өргөжиж гурвалжин дөрвөлжин тэмцэлд оров. Асуудал тав хоног сунана гэдэг АН-д хохиролтой, хэрэв АН Засгийн газраа хамгаалж үлдвэл Гацууртыг алдах болно.
Үүний дараах, удаах, давхар хувилбарууд бэлтгэгдэж байна. Н.Энхбаяр Г.Уянгын бичгийг Шадар сайдаар томилогдох боломж гэж хараад сурсан наймаагаа хийх гэсэн боловч хоншоороо тас цохиулжээ.
Уг нь Н.Энхбаяр ямар ч хүнийг аргалаад байдаг авч Г.Уянгыг бол ёстой гонжгор нь, цаад асуудал нь зөрчилдөө биш, Г.Уянга хэзээ ч дутуу дулим юм хийдэггүйд л байгаа юм. Нэг нь улстөрийг наймаа тохиролцоо гэж, нөгөө нь тэмцэл ялалт гэж хардагт эдний соёлын ялгаа бий.
Н.Энхбаяр намынхнаа цуглуулж, АН-ын аргыг хэрэглэж Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжсэн хүнээ дахиж дэвшүүлэхгүй гэж шахсан ч О.Баасанхүү “хүнээрээ байна” гэж зөрүүдлээд хаяж гарчээ. Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар хуралдаж байгааг сонссон Н.Энхбаяр бажгадав. Учир нь энэ гурав гөжүүдлээд бүлгээсээ гарлаа гэж мэдэгдвэл эвсэл задарч Засгийн газар бас л унах нөхцөл үүсэв. Х.Баттулгын хүсэл биелнэ гэсэн үг. Тиймээс яаран сандран З.Баянсэлэнгээр ИЗН-д албан бичиг хүргүүлж, бүлэгтээ нэгдэхийг шаарджээ. Харин С.Оюун “ойлгохгүй” байгаагаа илэрхийлэв. Учир нь ИЗН эвслийн хуралд оролцлоо гээд бүлэг нь бүрэлдэхгүй, учир нь бүлгийг сонгуулийн субьектээр байгуулдаг. Тэгээд ч С.Оюун Н.Энхбаяртай үхсэн ч нэгдэхгүй. Ядаж л Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийг харсаар байтал тийм юм хийх үү ?! Ер нь эдэнтэй эдэнгүй С.Оюун галзуурчихаагүй бол МАХН-тай яаж ойртох билээ ?!
Энэ бүхэн тун ноцтой эмзэг асуудал бөгөөд хэрэв Д.Тэрбишдагва “УИХ-ыг тараана” гэж баахан пиардсандаа хүрье гэвэл Засгийн эсрэг дарчихвал ч дарчихаар царайтай байгаа, дээр нь Ч.Улаан анх Оюу толгойн гэрээний “но”-г ажлын хэсэг томилж шалгуулчихаад одоо ширээний дор нуугдаж байгаа ч нэр төрөө бодоод Засгийг унагахаар дарчихвал Ч.Сайханбилэг найдваргүй болчихлоо. Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр ЗГ-ын гишүүн биш учраас ингэлээ гээд ёс суртахуунгүй гэгдэхгүй л дээ. Тийм шалтгаанаар Д.Тэрбишдагвын намын дэд даргаас халагдах өргөдлийг “ил гаргав”. Гэхдээ бас л алдаатай, учир нь албан бичиг хөтлөлтийн журам мэддэг, наад захын соёлтой хүн хэзээ ч өргөдлөө компьютероор бичдэггүй л байхгүй юу…Элчин сайд байсан хүн үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй учраас тэр өргөдөл хуурамч нь тодорхой. Өөрөө тайбарлах биз…
Харин Ч.Сайханбилэг “Живэх хүн дэрс шүүрэхийн үлгэрээр” Н.Энхбаярыг Шадар болговол Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн унагаах ажиллагаа эхэлнэ. Ингэхдээ тулбал МҮАН эвслээс гарснаа зарлаад бүлгээ тараачихаж чадна. Дөрвөн жил Н.Энхбаярын заль мэхэнд дарагдсаныхаа хариуг ингээд авчихлаа гэхэд бас л буруудахгүй, учир нь үүний дараа АН-МҮАН-ИЗН-ын хамтарсан Засгийн газар байгуулагдах хувилбар бэлэн зэхээний байгаа юм.
Унагах хувилбар дуусашгүй, харин Ч.Сайханбилэгийн Засгийн газарт үлдэх хувилбар үзээд өгье гэсэн ч алга даа. Их л сайндаа “төр самарлаа” гэж орилно биз, өөр яадгийм…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 01 дүгээр сарын 22.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to ӨРӨГ БА ХОРИГ

  1. Б.Ариунболд says:

    Г.Уянга гишүүнийг дэмжиж байна. Ямар ч гэсэн Гацууртыг энэ хавартаа новшуудаар ухуулчихгүйн байна гэсэн найдлага төрж бас баярлаж л байна.

    Харин засгийг унагалаа, АН-н нэр хүнд навс уналаа, ирэх сонгуульд МАН-ы шанс нэмэгдэх үү? Хамгийн гол зүйл нь одоо Уянга гишүүний нүүж байгаачлан элгээр нь хэвтүүлчихгүй сонгууль хүргэчлээ гэхэд сонгуулиар яах вэ гэдэг л хамгийн гол нь санагдана, одоо ч юу юугүй хаяанд бараг л ирчлээ. МАН гарвал ямар ч ялгаа байхгүй, гарсных нь дараа тэмцсээр байгаад л, хэдий чардайсан ч бага багаар юмаа алдсаар байгаад л таарна, жишээ нь Гацууртыг одоо биш ч дараа МАН гарвал яаж ийж байгаад л аваад л идчих байх.

    Олон хүчин зүйлийг тооцож мэдэхгүй юм, эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн санал бодол хэний талд байна, сонгууль яг ямар нөхцөлд явагдахыг ч таашгүй юм, сонгуулийн хууль нь ч ямар байгаан, өөр гадаад дотоод олон хүчин зүйлүүд бас яаж нөлөөлөх бол.

    Ямар ч байсан МАН-ыг ч АН-ыг ч гаргаж болохгүй гэдэг дээр олонхи тогтож байгаа байх, Гэхдээ оронд нь хэнийг дэмжих вэ? ХҮН нам уу? ХҮН нам-н талаар сөрөг PR ба эерэг зүйлс маш их байна, олонхи нь эргэлзэж байгаа ч зарим нь дэмжиж байна, нэг талаар боловсон хүчин сайтай, нөгөө талаар цаана нь ЭБИ ч юм уу хэн нь ч юм байгаа, Мүүн нь ч байгаа гэж байна. Гэхдээ хүчтэй яригдаж байна. Сонгууль болохоор МАН, АН-ыг сонгохгүй гэхээр хэнийг вэ? ХҮН-г үү?.Тэгэхээр ХҮН нь бас л ялгаагүй байвал хэрэггүй л дээ.

    НАМ харахгүйгээр хүн харж сонгоё гэхээр бидний олонхи чадах уу? Эргэлзээтэй.

    Улс төрийн, цаг үеийн тохироо бүрдэхээр манай гишүүний хүчин гарж ирэх л байх. Одоо гарч ирэхгүйг бодоход тохироо бүрдэхгүй байгаан болов уу, болоогүйн болов уу, ямар ч л гэсэн найдаад л хүлээгээд л байна, гэхдээ арай л оройтох гээд байна уу даа гэсэн бодол, айдас төрөөд байна.

    Ер нь 16-20 онд их өр төлөлтийн жил байх болохоор ялсан, Засгийн эрхийг авсан НАМ-д хүнд л жил байх болов уу. Тэглээ гээд эд нар шиг цайрчихаад бүдэрсэн дээр нь өшиглөнө гэгчээр улам дордуулахгүй, буцаагаад сэргээчиж чадах л байх.

    Баахан нуршуу, дэмий зүйл биччихлээ, Ганаа ах хүсвэл устгачаарай.

    • Д.Найдан says:

      Ер монголд төрийг тогтвортой байлгаж ажлыг нь дэмжие гэхээсээ элдэв наманцарруудын бүлэглэлүүд өөрийн явцуу эрх ашигтаа нийцүүлэхээр зүтгэцгээж бүх асуудлыг самарч байна

    • Ганаа says:

      Эрхэм ээ. Монголд мөн чанарын утгаараа төр гэж байхгүй…

    • Б.Ариунболд says:

      Яг л миний гайхаж байсан юманд Г.Уянга гишүүн Цэнзүүргүй яриагаар хариулт өгчихлөө. “МОНГОЛ” хүчин өсч өндийх ч боломжгүй болгож дарж байна муусайн юмнууд. Бас бидний дараагийн сонголт гэж итгүүлэх гэж ХҮН намыг төрүүлж байна даа.

      Ганбаатар гишүүний хувьд харамсалтай юм даа. Сайн мэдэхгүй юм.

  2. MONGOL says:

    saihanbileg,bayartsogiin sejgiin zasag shuvtarsan tsagaan bumbandaa orjee ashgui

  3. Anonymous says:

    Санал нэг байна…Эртхэн Сайханбилгийг унагаад шинэ үеийг ойртуулах нь зөв…цаг алдаж байна…25 жилийг үдсэн байна ш дээ…

  4. Anonymous says:

    Naizaasaa bolj unaj bgaa” gej oilgogdoj bna

  5. Anonymous says:

    aimar zadlaj bichsen bna l daa. Mini huvid iim hugiin uls tur yavad bgaa uchraas uls oron eruusuu hugjihgui bna gej oilgoj bna. Ali ch taaaraa huchtei lider alga daa. Uls ornoo hugjuulie ard irgediinhe amdral ahuig bodoj bga frakts bgaa talaar vner ch alga bna sh dee. yasan hugiin yum bee

  6. bat says:

    harj l suuya daa, ene AN bol ner hvnd gej baihgvi bolson shvv dee, ireh songuulid suudal avahuu

  7. dk says:

    Хүн нам бол итгэл төрүүлэх нам биш, харин ч эргэлзээтэй нам шүү гэдгийг Уянга гишүүн Цензургүй яриагаараа хэллээ.

  8. Unshigch says:

    Sudlaach ganaa uyanga gisuuniig l demdeg shuu ardchilsan nam elvegee z.enhbold amyrhiin erhsheelees garaagui cagt mongol uls oron hugjij devshin gej yu baihavde bas m.enhboldoos salaagui cagt!!!!

    • Anonymous says:

      Шинээр хучтэй ухаантай улс терч эмэтэй гарч эрж байгаад баяртай байна. Улс орон мань зев хурдан хегжвел газар нутаг том манайх дороол сайхан болондоо. Буруу санаатай хумуус хегжуулэхгуй еерсдее мелжеед ханахгуй харийн хуний хоол болгож дуусгах вий! !!!!!!!!!!

    • Б.Ариунболд says:

      Бид Монгол төрийг байгуулахад маш их саад бэрхшээл учирна. Одоо байгаа угжирчихсан том саадыг ховх татан зайлуулахад амаргүй байх болно. Бидний эсрэг учрах эсэргүүцэл бол цаанаа барууныхан нь суусан, маш хүчтэй, мөнгө санхүүтэй, хүн алах, бослого үймээн гаргах, төр эргүүлэх гэх мэт юу ч хийж чадах, улаан цагаандаа гарсан маш хүчтэй, аюултай эсэргүүцэл байх нь маш тодорхой, гэхдээ бид айх ёсгүй, эрхгүй, ялж чадах л болно.

  9. Erdene says:

    ЗАСГИЙН ГАЗАР УНАГАХ ЭНЭЭ ТЭРЭЭ Ч БОЛДОГООРОО БОЛНО. ГЭХДЭЭ ТЭР БАНКАНД БАЙСАН АЛТНЫ НӨӨЦ ДУУССАН, ТҮҮНИЙГ НӨХӨХ ЗОРИЛГООР УЛААН ЛУЙВАР ХИЙЦГЭЭЖ БАЙГАА НЬ АЙМААР

  10. Anonymous says:

    М.Энхсайханы үед “Эх орон” намын Д.Эрдэнэбат АН-ыг яаж балласан сургамжийг хамгийн тодоор санаж байв – энэ одоо юу гэсэн үг вэ. Яаж Эрлийн дарга АН-ыг баллаж самардаг байнаа. Энхсайхан л намаа будаа болгох гээд ядсан биздээ. Саяхны түүх ш дээ. худлаа яриад л байгаарай. эсвэл андуурсан юмуу.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: