ХУТГА ТУЛГАСАН “ЭВ НЭГДЭЛ”

Нэг нөхөр “захиалга” өгч байна. “Цагаан сараар хүмүүст ярьчихмаар олигтойхон аналииййз хийгээдэх” гэнэ ээ. За яахав, хийхээс л биш. АН Засгийн Газраа авч үлдэв. Үүгээрээ бат чанд “эв нэгдлээ” харуулсан гэж ард түмэнд ч хэлж чадахгүй, өөрсдөө ч хэлж чадахгүй байна. Хэрэв “эв нэгдлээрээ” бахархаж чадахгүй бол тэр нь ор тас байхгүй гэсэн хэрэг юм. Тэгвэл тэрхүү “эв нэгдлийг” яаж “хангаж”, хэрхэн “бүрдүүлсэн” байж таарахав. Энэ тухай товч өгүүлье…
АН дахь бүлэг фракцууд…
АН-ын мөн чанар бол МАН-ыг эсэргүүцсэн түүнтэй тэмцэгч олон бүлэг, бүлэглэлийн механик нийлбэр, МАН-аас тасарч салсан буюу “урвасан”, мөн зориудаар явуулсан этгээдүүд, тэдгээрийн “өвдөл цөвдлөөс” бүрдэх учраас фракцитай байх нь АН-ын “мөнхийн хууль” юм. Иймээс фракци хоорондын тэмцэл бол АН-ын салшгүй дагуул мөн.
Гэтэл сая Засгийн Газрыг авч үлдсэн гээд АН-ын фракциуд алга болоо юу ?! Гайгүй байлгүй. Харин яаж нэг удаа “эв нэгдлээ” хангаж чадсан хийгээд тэр нь ямар үр дүнд хүргэхийг ярьсан нь хамаагүй өлзийтэй…
АН-ын фракцууд хийгээд тэдгээрийн хөдөлгөөнийг хангалттай, залхтал тайлбарласан болохоор одоо нэмж ярих нь илүүц. Харин АН-д болж буй “үе солигдолт” талаас нь хөндвөл илүү сонирхолтой бөгөөд өгөөжтэй.
АН-д үед солигдолт болж байна. Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж, Н.Бат-Үүл, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг нар болон түүний үеийнхэн аль хэдийн музейн үзмэрт очих цаг нэгэнт болжээ. Гэхдээ нэг том зовлон байгаа нь АН-ын лидерүүд биологийн нас нь залуу боловч улс төрийн нас нь харьцангуй хөгшин юм. Ухаандаа Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёрыг хэн ч харсан залуу гэж харах боловч үнэндээ бол тэр хоёр шиг “хөгшин төгцөг” монголын улс төрд байхгүй. Өөрөөр хэлбэл нийгмийн шилжилтийн эмх замбараагүй үед юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй, нусгай юмнуудыг төрд гаргаж ирсний балаг нь энэ. Энэ хэдийг “юм үзүүлж, ажил хийлгэж сургах” гэж Монгол Улс тэр аяараа туршилтын лаборатори болсон юм. Одоо ч гэсэн эдний сурч мэдээд гийгүүлчихсэн юм гэж бараг үгүй. Энэ ч харин жичид нь судлах сэдэв мөнөөсөө мөн…
Олон жилийн хувьсал өөрчлөлтийн явцад АН-д Ц.Элбэгдорж гэсэн “хөгшин” лидер дээр Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, З.Энхболд гэсэн 3 лидер төрөн гарав. Нарийн яривал 2012 оны сонгуулийн дараа Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гэсэн гурвал Ц.Элбэгдорж, З.Энхболд, Ч.Сайханбилэг гэсэн гурвалаар л солигдсон юм. Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр солихоор АН, төр, засаг бүхэлдээ донслон үймдэг нь яаж байгаа юм ?! Уг нь бол Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийн “хамгийн дотно”, ЗГХЭГ-ын дарга байсан хүн шүү дээ…
Чухам үүнд л АН-ын фракц хоорондын болон нам дамжсан зөрчил, дайсагнал байгаа юм ш дээ.
Н.Алтанхуяг АН-ыг “5 дараалан” сонгуульд ялуулсан хэмээх алдар суутай бөгөөд МАНАН-гийн болон алдарт “Алтангадас”-ын сонгодог төлөөлөгч, чингэхдээ “завсрын үеийн” төлөөлөгч юм. АН дотроо буюу ҮЗХ дотроо хамгийн хүчирхэг байр суурьтай байв. Тэгээд яагаад Н.Алтанхуягийг гадаад дотоодгүй бүгдээрээ нийлээд “шаачихдаг” байна ?! Энийг л ярих хэрэгтэй ш дээ. Харин миний хувьд хэлдгээ хэлж ярьдгаа ярьсан. Худлаа гэвэл: “Хямралын гурван шалтгаан” 2014.04.25, “Хямралын гуравдахь шалтгаан” 2014.06.03, “Сүйрлийн үр ба ургац” 2015.05.07 аналитик өгүүллүүд одоо ч миний блогт байгаа.
Хэн “давхар дээл” гэж хамгийн их бахирсан юм ?! МАН гэж бодож байна уу ? Үгүй ш дээ. АН-ынхан, Ц.Элбэгдорж л хамгийн их бахирсан ш дээ. Ингээд хэлэхээр нэр нэрээр нь санах л байх. Одоо зарим нь 3 давхар дээлтэй давхиж явахад Ц.Элбэгдорж бахирах нь яасийм ?!
Асуудал юундаа байсан гэхээр Н.Алтанхуяг бондын мөнгөндөө найдан Оюу Толгой, Таван Толгойг жаахан гацааж байгаад өөртөө авах гэсэн л байхгүй юу ?! Өөр юу байдгийм.
2014 оны 4 дүгээр сарын 24-нд бичсэнээ дахин ишлэе:
“Рио Тинто”-гийн сүүлчийн сануулга давхар дээлийг тайлах асуудлаар далимдуулж Засгийн газрыг хөнтрөх шахаж байгаа бөгөөд хэрэв Засгийн газар унавал дараагийн Засгийн газар “Рио Тинто”-гийн дуулгавартай зарц болох бодит аюул байгаа юм. Үүнд МАН-ынхан идэвхтэй туслаж байна. Тэднийг саяхан Монголд ирсэн С.Баяр чиглүүлж байгааг хэлэх нь илүүц. Үнэндээ С.Баярын хаусны зураг твиттерээр тархсан нь мөн л С.Баярцогтынхтой адил шалтгаантай байж болох талтай…
Дараагийн Засгийн газар бийлэгжүү загнах нь тодорхой, яагаад гэвэл “Рио Тинто”-оос гарцаагүй их хэмжээний зээл авна. Тэр зээл “Оюу толгой”-д орсноор хөрөнгө оруулалт сэргэж байгаа мэт харагдана. Гэхдээ тэр бол ирээдүйд дааж давшгүй өр болно. Оюу толгойн гэрээ тэр цагаас одоо ч, ирээдүйд ч Монголд ашиггүй болно…”

Одоо энэ л үйл явц болж байна. Гэхдээ шинэ Засгийн Газар ганц Оюу Толгой төдийгүй, монголын гялайж гялтайх бүхнийг зарна гэж дайрсан юм. Энэ үед би “Гурван томын төлөө” 2015.09.02 аналитик өгүүлэл бичсэнийг санаж байгаа гэж найдана.
Тэгэхлээр МАНАН-гийн дээдэс-олигархи бүлэглэл, тодруулбал АН-ын бүлэг фракциуд “Гурван том”-оос болж алалцаж байгаа нь хэн бүхэнд тодорхой юм. Үүнээс бусад бүх тайлбар, тухайлбал “нам мам, эв нэгдэл мэгдэл” энэ тэр бол зүгээр л нэр хаяг, үзүүлэн реклам төдий зүйл мөн.
Судалгаа хийгээд анализын тухай
Сүүлийн үед Монголд судалгааны байгууллагууд олширсон боловч олон нийтэд үйлчилдэг нь ганц ч үгүй. “Сант Марал” л ганцаараа судалгааныхаа дүнгээс гэм халгүй хэсгийг нь хааяа нэг танилцуулдаг. Ингээд л монголын олон нийтийн мэдэх судалгаа дуусч байгаа юм. Харин бодит байдал дээр бол сонгуулийн өмнөх судалгааг 2 нам хоёулаа хийдэг. Хийх хийхдээ найдвартай байдлыг дээшлүүлэхийн тулд зэрэгцээ, давхар судалгаа олныг хийдэг юм. Мөн нэр дэвшигчид болон горилогчид аймаг, дүүргийн болон орон нутгийн түвшний судалгаа маш олныг хийсэн. Эндээс дүгнэхэд Монголд судалгаа бол дэндүү хангалттай. Харин чанарыг бол жичид нь ярьж болох л байх…
Эдгээр бүх судалгаа “дээд зэргийн нууц”-ын зэрэглэлтэй байх нь хууль. Энд 2 том шалтгаан буй. Судалгааны үр дүнг нууцлах энгийн шаардлага. Энэ нь байж болох ч ерөнхий “дүн нурууг” нь, “намын ерөнхий рейтинг” мэтийг нууцлах өчүүхэн ч шаардлага үгүй. Өмнө нь хэлдэг, гайхуулдаг л байсан ш дээ.
Гэтэл хэлж болохгүй “цоо шинэ” шалтгаан үүссэн юм. Энэ бол АН, МАН-ын рейтинг хоёулаа навсайтал унасан явдал юм.
Хуучин бол нэг нь унахад нөгөө нь өсдөг, жишээлбэл МАН-ын рейтинг унахад АН-ын рейтинг өсдөг, АН-ынх унахад МАН-ынх өсдөг зүй тогтолтой байсан юм. Гэтэл энэ удаад хоёулаа зэрэг унаад байгаад “шинэ зүй тогтлын” хачирхалтай учир оршино. Иймээс 2 нам таг дуугай болсон хэрэг…
Би “улсын нууцаас илүү” эдгээр бүх судалгааны бүх үр дүнг мэдэхгүй нь мэдээж хэрэг. Гэхдээ л монгол судлаачийн хувьд ямар нэг “зах сэжүүр” олох нь бас л мэдээж хэрэг. Надад байгаа мэдээллээр МАН-ын рейтинг 9 орчим хувь, АН-ын рейтинг 8 орчим хувьтай байгаа нь тодорхой байна.
Цаашаа, аналитик өгүүллийн тухайд. Засгийн Газрыг огцрох эсэх талаар бичсэн өмнөх “Өрөг ба хориг” өгүүлэлд МАН-ын асуудлыг би огт хөндөөгүй. Энэ нь би МАН-ыг судлахаа байсан гэсэн үг огт биш. Харин тухайн нөхцөлд МАН-ын бүлэг Засгийн Газрыг огцруулна гэсэн шийдвэр нэгэнт гаргасан учраас энэ нөхцөлд МАН-ыг “судлах” шаардлага байхгүй юм. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг АН-ын бүлгээс хавьгүй илүү сахилга баттай учир түүнд эргэлзэх шалтгаан байхгүй. Мөн Г.Уянга болон бие даагчдад бас эргэлзэх үндэслэл байхгүй учраас бас л судлах шаардлага байхгүй.
Харин “Шударга ёс эвсэл” зарим талаар сонирхолтой. Хамгийн сонирхолтой нь АН-ын бүлэг фракцуудын байдал, үйл хөдлөл, түүний хандлага байсан юм. Ингээд “Өрөг ба хориг” өгүүлэл үндсэндээ АН-ын фракц, бүлгүүдийн хөдөлгөөнийг шинжилсэн өгүүлэл болох нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь зөвхөн АН-ыг шинжилсэн өгүүлэл үү гэвэл тийм биш юм. Энэ онцлогийг мэдэхгүй энийг ч бичсэнгүй, тэрийг ч ярьсангүй гэх бол зүгээр л тэнэгүүдийн солиорол юм.
Өнөөгийн “Монгол төрийн” мөн чанар, зүй тогтол
МАН “даргатай”, АН “орлогчтой” Алтангадас буюу МАНАН тогтоод олон жил болсон байв. 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон нь улс төр, нэн ялангуяа эдийн засаг дахь хүчний харьцааг ихээхэн өөрчилсөн юм. Н.Энхбаярын дарангуйллаас ангижрах гэсэн С.Баяр түүнд зүйрлэшгүй тус хүргэсэн билээ. Асар удалгүй Н.Энхбаярын бүтээсэн авилга, хүнд суртлын системийг халах мэт эхэлсэн үйл явц энэхүү системийг хэн дангаар залгамжлах вэ ? гэсэн асуудал болон хувирав. 2012 онд байдал орвонгоороо эргэж АН “дарга”, МАН “орлогч” болов. МАНАН-гийн “дарга” С.Баяр “халагдаж”, Ц.Элбэгдорж “жинхлэв”.
Ингэж Монголын эдийн засгийн “ноёлох өндөрлөгийг” дангаар эзэгнэх хатуу ширүүн бөгөөд хайр найргүй тулалдаан эхэлсэн юм.
Бусад улс орны эдийн засгийн ”ноёлох өндөрлөг” бол цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор, том том концернууд, үндэстэн дамжсан корпорациуд байдаг бол манайд ердөө л банк, төр хоёр байх бөлгөө.
Монголбанк нь УИХ-ын мэдэлд нэртэй боловч нидэр дээрээ том баячуудын, чингэхдээ гадаад оролцоо бүхий баячуудын мэдлийн луйвар дээрмийн байгууллага юм.
“Надад наад Монгол чинь хамаагүй” 2015.12.14 өгүүлэл гараад удаагүй байна. Харсаар байтал маш олон гэмт хэргийн сэжүүр хөндсөн эл өгүүллийг Монголын олон нийт ихэд сонирхон уншсан атал Монгол төрийн бүх байгуулллага, холбогдох албан тушаалтнууд ус балгасан мэт таг дуугай байна. Өөрийгөө өмгөөлж хамгаалах дуртай, мөн өөрсдийнхөө агуу ухаантайг гайхдаг, гайхуулдаг банкныхан хар цагаан дуугүй байгаа нь би хөдөлбөргүй үнэнийг илчилснийг харуулж байна.
Энэ бүхэн миний эхний сум байгаа яг 10-т оносон гэсэн хэрэг бөгөөд үүний цаана маш ноцтой олон асуудал байгааг хөдөлбөргүй нотолж байна.
Монголын Төрийг нь УИХ-ын дарга, Засгийн Газрын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэсэн 3-хан хүн захирах ба энэ нь МАН, АН-ын хэдхэн хүнтэй бүлгийг давхар захирна.
Энд төр нь намаа захирах уу, нам нь төрөө захирах уу гэсэн асуулт тавих нь тэнэг бөгөөд илүүц зан болно. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын аль нэг намаа заавал даргална. Үүнийг “ардчилал” энэ тэр гэж мянган будаг нялавч монгол заншлаар “төр, шашныг хослон барина” гэдгийм. Харин энэ дээр байнга маргаан гарч “алалцдаг” ба мянга түмэн “онол” зарчим ярьдаг ч мөн чанар нь үл хөндөгдөнө.
Хэрэв Монгол төрийн энэ мөн чанарыг мэдэж авбал эдийн засгийн “ноёлох өндөрлөгийн” төлөө тэмцэл голдуу “төрийн гурван өндөрлөг”-ийг тойрон явагддагийг хялбархан ажиглаж болно. Эндээс монгол төрийн “мөнхийн” зөрчил тэмцлийн зүй тогтол буюу “10 хар зарчмыг” ерөнхийд нь гаргаж болно.
1. Монгол төрийн мөн чанар бол эдийн засгийн “ноёлох өндөрлөгийг” дангаар эзэгнэх тэмцэл мөн.
2. Монголын эдийн засгийн ”ноёлох өндөрлөг” гэдэг бол банк, төр (төрийн 3 өндөрлөг) хоёр л юм.
3. “Монголын төр” гэдэг нь УИХ-ын дарга, Засгийн Газрын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэсэн 3-хан хүн байдаг. Өөрөөр хэлбэл “монголын төр” бол “төрийн гурван өндөрлөгөөс” бүрдэнэ.
4. Үүний дээрээс “сөрөг хүчин” гэсэн ганцхан тоглогч буюу хүчин зүйл нэмэгдэнэ.
5. “Монголын төр” нь “сөрөг хүчин”-тэйгээ эдийн засаг, улс төр, уламжлал, “ах дүүгийн” болон эрх ашгийн бат нягт холбоо сүлбээтэй. Зөвхөн тэдний байр л солигддог.
6. Монгол “төрийн гурван өндөрлөг” өөр хоорондоо толхилцож, бие биенийхээ бөгсийг ухаж, түлхэн унагахад цаг ямагт бэлэн байх нь хууль. Учир нь сонгуулийн дараагийн 4 жилд ахин “төрийн өндөрлөгт” байхын тулд ингэх зайлшгүй бөгөөд гарцаагүй шаардлагатай.
7. Төрийн 3 өндөрлөгийн 2 нь эрх баригч намыг удирдах боломжтой. Энэ нь тэмцлийн бас нэг том талбар нээж өгдөг. Аль нэгнээ дийлэхгүй бол сөрөг хүчнээсээ тусламж авах г.м. өргөн боломж ямагт гардаг.
8. Монгол дахь улс төрийн намын бүх зорилго, үйл ажиллагаа зөвхөн дээрх зорилтуудад чиглэн явагдах бөгөөд Монголын улс төрийн намуудад өөр ямар ч зорилго байхгүй.
9. Монголын улс төрийн намуудын бүх бүлэг фракциуд “төрийн 3 өндөрлөгийн” аль нэгийг дагасан буюу эсэргүүцсэн том жижиг бүлгүүдэд хуваагдах ба тэдгээр нь шаталсан бүтэцтэй.
10. Монгол “төрийн 3 өндөрлөг” гурвуулаа хулгайч, дээрэмчдийн ахлагч, толгойлогч бөгөөд зохицуулагчид мөн. “Сөрөг хүчин” ч гэсэн мөн адил. Учир нь тэд “төрийн 3 өндөрлөг” байсан буюу мөдхөн болох юм.
Ингээд Та бүхнээс “Монгол төрийн хар зарчим” гэх 10 “зүй тогтлыг” сайн цээжлээд авахыг хүсч байна.
Үүнийг би Та нарт мөн ч олон жилийн турш янз бүрийн хэлбэрээр хэлэхээрээ нэг болсон. Ерөөсөө “тогтоож” байгаагүй. Одоо бүр аргаа бараад Бурхны лүндэн байдлаар, тэр ч байтугай Библийн сургааль байдлаар яг 10 болгож хялбаршуулж бичлээ. Яахав, “Төрийн 10 хар нүгэл” гээд цээжилчих…
Харин би “Монгол төрийн 10 цагаан зарчмыг” тунхаглах цаг тун ч дөхсөн гэж бодож байна…
“Төрийн 3 өндөрлөг”
Ингэхлээр энэ удаад төрийн 3 өндөрлөгийг шинжлэх нь зүйд нийцнэ.
1.Ц.Элбэгдорж.
Энэ нөхрийн намтрыг яриад ч юүхэв. Н.Энхбаярыг С.Баяртай нийлж “нядалсны” дараа түүний рейтинг нэлээд өссөн юм. Энэ нь АН-д түүнээс өөр тодорсон лидер байгаагүй, мөн МАН-ын С.Баяртай “аятайхан” харьцаж байсанд байгаа юм. Мөн эдийн засгийн зөрчилт эрх ашгийг зохицуулж, энэ дундаас хувьдаа ашиг завшаан олох ажлыг ч муугүй хийж ирсэн. Гэтэл ямар ч суурь мэдлэг боловсролгүй, зарчимгүй ойворгон зан нь тэр дороо танигдаж, мөн хувийн шунал, хууль бус олон бизнес нь ил болсны улмаас түүний нэр хүнд навс унасан юм. Энэ уналт эхлээд бараг 2 жил шахаж байна. Түүний нэлээд хүчирхэг баг сүүлийн хэдхэн сард хаврын цас шиг хайлан алга болж одоо хуруу дарам хэдхэн хүн ёс төдий л байж байна. “Улс төрийн нас” гэсэн нэг айхтар ойлголт байдаг. Дуусдаг золиг л доо…
Ц.Элбэгдорж нэг талаас Монголын улс төрд тасралтгүй 27 жил болсон хамгийн хөгшин улс төрч боловч, нөгөө талаас нас залуу байгаа нь түүний хамгийн том зөрчил мөн. Түүний зан араншингийн судалгаанаас үзвэл Ц.Элбэгдорж хэзээ ч сайн дураараа улс төрийг орхихгүй. Иймээс тэр эв нь таарвал “монгол Дэн Сяо Пин” болох, эвгүй бол “монгол Ельцин” болох олон хувилбарыг аль хэдийн бодчихсон байгаа нь лавтай. Үүний тулд Ц.Элбэгдорж эхлээд ямар ч гэсэн АН-ын суурь бүтцийг хадгалж үлдэх, найдвартай хүнд “өв залгамжлуулан” үлдээх нөхцлийг хангасан байх ёстой. Тэр саяхан болтол АН доторх олигтой гэсэн болгоныг өрсөлдөгч гэж үзэн даран сөнөөж ирсэн юм. Харин одоо бол тэр “найдвартай хүний” эрэлд хатаж байна. Тэр нь хэн бэ ? Лав л Н.Алтанхуяг биш. Тэгвэл З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын аль нь вэ ? Аль эсвэл өөр хүн үү ?!
Асуудал огт өөрөөр ч эргэж болно. Ингэхэд Ц.Элбэгдоржийг “залгамжлахыг” АН дотроос хэн ч хүсэхгүй бол тэр яахийм ?! Н.Энхбаяр шиг тэмцэх үү ? Тэгвэл “оймс гозойж” ч болно шүү дээ. Би муу ёрлоод байгаа юм биш, Ц.Элбэгдорж өөрөө л ийм жишиг тогтоосон биз дээ…
2.Ч.Сайханбилэг.
Р.Гончигдоржийн өөрийн гараар “сурган хүмүүжүүлсэн” хоёр луйварчны нэг. Биологийн нас нь залуу боловч улс төрчийн хувьд маш хөгшин. Эхлээд Н.Энхбаяр, улмаар С.Баярын итгэлийг хүлээж, нам дамжин ажиллаж сурсан цөөн хүний нэг. МАНАН-гийн сонгодог төлөөлөгч. Гэхдээ заавал С.Баярцогттой “хосоороо” ажилладаг.
Н.Алтанхуягийг унагасны дараа МАНАН-гаас зориудаар хамтран сонгосон “шилдэг боловсон хүчин”. Монголын “гурван том” буюу Оюу Толгой, Таван Толгой, Гачууртыг зарж МАНАН-гийн банк-санхүүгийн бүлэглэлд мөнгө олж өгөх цорын ганц зорилготой. Хэрэг бишидвэл гадаадад гарна гэдгээ олон улсын хурал дээр хэлж байсан. АН-ын аль ч фракцид үл хамаарагдах ба бүлэг хоорондын зөрчил дээр тоглож амьдардаг. Энэ удаад Оюу Толгой санхүүгийн цорын ганц эх үүсвэр болсон, гадаад багш нарын шахалт, банк-санхүүгийн бүлэглэлийг аврах шаардлага гарсны улмаас тэсч үлдсэн.
Хэвлэл мэдээлэлд хатуу цензур тогтоосон ба тэднийг айлган сүрдүүлж харьцдаг. Монголын биш, гадаадаас Ерөнхий сайдын тушаалд томилогдсон явуулын хүн бөгөөд боломж гарвал АН-ын даргын суудлыг булаан авах хүсэлтэй.
3.З.Энхболд.
Төрийн Өмчийн Хорооны дарга байхдаа Оросын Төрийн Өмчийн Хорооны дарга Альберт Кохтой хамтран “Эрдэнэт”-ийг булаан авах ажлыг эхэлж, Ж.Наранцацралтын Засгийн Газрыг огцруулахаас “ажлаа” эхэлсэн. Хожим А.Кох Эх орноосоо урваж эдүгээ АНУ-д аж төрж буй. АН дахь “Алтангадас”-ыг эсэргүүцэн “Шонхор” фракцийг 5 хүнтэй байгуулж байсан нь түүнийг УИХ-ын дарга болсноос хойш нэг хэсэг их өргөжсөн.
З.Энхболд АН-ын бүрэн эрхт дарга хараахан биш юм. Тэр заавал намын Их Хурлаас намын дарга “цол” авах ёстой. Зөвхөн энэ тохиолдолд л З.Энхболд АН-ын жинхэнэ лидер болж чадна. Энэхүү “мөн юм шиг, биш ч юм шиг байдал” З.Энхболдын хувьд туйлын эгзэгтэй асуудал юм. Энэ бол үнэхээр аюул юм шүү…
Ирэх сонгуулиар АН ялагдах нь бараг тодорхой. Энэ тохиолдолд намаа ялагдуулсан намын дарга огцрох хуультай. Харин МАН шиг захиргааны ресурс ашиглан АН-ын авах суудлын тоог бага зэрэг нэмэгдүүлж болно. З.Энхболд үүний тулд л үхэн хатан зүтгэж байна. Тэр өөрөө аймхай болохоороо бусдыг “би үхвэл нам үхнэ, ингээд бүгдээрээ үхнэ” гэж айлгаж байна. Гэхдээ “ингэж ойлгохгүй” хүмүүс АН-д дотор асар олон бий, бүр маш олон бий. Тэд “З.Энхболд үхвэл үхнэ л биз. Харин нам бол амьд” гэж хариулж байна. Ингээд “Шонхор” фракци нэг сайн хөөрч ирснээ буцаад бууж байна. Нисэлт нь тун муу байна.
Энэ нь З.Энхболдын төрөлхийн аймхай, хулчгар, шийдвэр гаргаж үл чадах, хариуцлага хүлээж бас л үл чадах хувийн чанараас ихээхэн хамаарч байна. Гадна талдаа мянга зоригтой харагдахыг хичээвч З.Энхболд хэзээ ч зориг шийдэмгий удирдагч биш гэдгийг бүгдээрээ харж ойлгож байна. Сүүлдээ тэр ердөө л банкны рекламчин болон хувирч байна.
Гадаад дотоод хүчин зүйлүүд
Н.Алтанхуягийн Засгийн Газрыг унагасан шалтгаан хийгээд нөхцөл юу ? гэсэн асуулт тавьж хариулт өгөхийг одоо болтол хэн ч оролдохгүй байна. Эхлээд гадаад хүчин зүйлийг шинжлээд үзье. Давхар дээлийн асуудал сөхөгдөж эхэлмэгц 2014 оны 4 дүгээр сард “Монгол дэлхийн хамгийн том шорон” өгүүлэл Блүүмбергт гарав. (http://news.gogo.mn/r/138823)
Монголд татвар төлөлгүй, гэмт хэрэгт холбогдоод Ц.Элбэгдоржийн өршөөлөөр оргон зугтсан Роберт Пейнтерийн дотнын найз, өөрийгөө Монголын байгалийн баялаг, уул уурхайн шинжээч хэмээн өргөжилдөг Ларри Эверс гэгч Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн дотнын найз юм. Ингээд Л.Эверс Монголын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг Нью-Йорк хотноо хүлээн авч уулзаад “Таныг Гадаад Хэргийн сайд болох гэж буйг бахархан дэмжиж байна. Л.Пүрэвсүрэн сайд болоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж…нарын хамтаар Монголд бизнесийн таатай орчин бүрдүүлэхээр ажиллах болно” гэж мэдэгдэж байжээ. (https://plus.google.com/ 117896547064120520172/posts/UQHmrfYFd34)
Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Ц.Элбэгдоржтой хамгийн ойр дотно Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болох гэж байгааг Монголд биш, АНУ-д мэдэж байжээ.
Монголын Засгийн Газар ид солигдож байх үе буюу 2014 оны 11 дүгээр сарын 14-нд АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалт Бээжинд эхэлсэн юм. Энэ үед Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн л Бээжинд байв. Тэр өдөр Рио Тинто групийн СЕО Сэм Уэлш “Монголын Засгийн газар солигдож байгаа нь төсөлд нааштай өөрчлөлт авчирна хэмээн найдаж байна” гэж дүгнэсэн юм. Сэм Уэлш л баярласнаа огт нуусангүй.
Дээр дурдсан баримтууд Н.Алтанхуягийн Засгийн Газар огцроход гадаадын дарамт, шахалт, нөлөөлөл гол хүчин зүйл байсан гэдгийг хөдөлбөргүй нотолдог.
Энэхүү гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр Колорадо болон Харвардын их сургуулийн Жон Кеннедийн Их сургуулийн Ц.Элбэгдорж, Денверийн Их Сургуулийн З.Энхболд, Жорж Вашингтоны их сургуулийн Ч.Сайханбилэг, Колумбын Их сургуулийн С.Баярцогт нарын “дангаар ноёрхол” Монголд тогтсон гэхэд хэтрүүлсэн болохгүй л байх…
Яг нарийн үзэх юм бол Ч.Сайханбилэг өөрөө мэдээд яриад явсан юм юу ч байхгүй. “Ирэх 9 дүгээр сард (2015 оны) хоёр тал гүний уурхайн санхүүжилтийн гэрээг зурна” гэсэн мессежийг Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг биш, харин Рио Тинто олон сарын турш дэлхий дахинаа цацаж эхэлсэн юм ш дээ.
Ч.Сайханбилэг Рио Тинтогийн гаргасан шийдвэрийг л Монголд тоть мэт давтсан. Харин дээрээс нь Ч.Сайханбилэг “популистуудтай” тэмцэх, хэвлэл мэдээллийг хянах цагдах ганцхан ажлыг чадан ядан хийсэн юм. Түүний хийж чадах бараг цорын ганц ажил нь энэ бөлгөө. Иймээс Ч.Сайханбилэгийн Засгийн Газар бол Оюу Толгойг Рио Тинтод оргүй, юу ч үлдээлгүй зарах “тусгай зориулалтын” Засгийн Газар мөн.
Үүгээрээ би Н.Алтанхуягийн Засгийн Газрыг мундаг сайн байсан огт хэлээгүй. Н.Алтанхуягийн Засгийн Газар бол АН-ын олон фракци дунд “өвлийн өвгөн” шиг ажиллаж, эдийн засгийг нураахын хамт МАНАН-гийн санхүүгийн том пирамид дотор өөрийн гэсэн жижиг пирамид буюу “жижиг Алтан гадас” байгуулах гэж шунаж яваад бүх хяналт удирдлагаа алдсан арчаагүй Засгийн Газар мөнөөсөө мөн. Энэ талаар би хангалттай их бичсэн болохоор дахин давтах нь энэ удаад илүүц…
Хутга тулгасан “сахилга бат” хийгээд “эв нэгдэл”
Эрх мэдлийн төлөө, нарийн яривал дээр дурдсанаар эдийн засгийн “ноёлох өндөрлөгийн” төлөө тэмцэл засгийн эрх барьж байгаагаараа АН-д илүү тод харагдана.
АН хамгийн эхлээд Н.Алтанхуягийг “нам дарах” үйл ажиллагааг нэн зоримог эхлүүлсэн юм. Тэр нь зөвлөх Л.Гансүх, хүргэн Дэнзэн нарын дуулиант хэргүүдээр олон түмэнд нэгэнт ил тод болжээ. Н.Алтанхуягийн эсрэг гүйцэтгэх ажил хүртэл явуулж ойр дотнын бүх хүнийг хяналтандаа авч “сүр хүчийг” үзүүлэв. Ухаад байвал одоогийн улс төрчдөөс гэмт хэрэггүй “цэвэр” гарах хүн нэг ч байхгүй нь даанч сайхан. Асуудлын гол нь АН-ын хамгийн том, хамгийн хүчирхэг “Алтан гадас” фракцийг оргүй арчих явдал байсан нь мэдээж хэрэг. Н.Алтанхуяг хашир хүн учраас “Алтангадас”-ын даргаар Я.Санжмятавыг тавьж, фракциа хагас нууц, унтаа байдалд оруулав. Өөрөө МҮДН-ыг бараадав. Тэр унтарч байгаа шүдэнз шиг зүгээр үхнэ гэж байхгүй л дээ. Ямар ч гэсэн “Алтангадас”-ын үлдэгдэл АН-д чамгүй их нөлөөтэй хэвээр байгаа. Харин өнөөдөр Н.Алтанхуяг нуруун дээрээ гозолзох хутгаа огт үл анзааран, нүд амаа гялалзуулан АН-даа “чин үнэнчээ” тангараглаж байгаа нь ердөө л жүжиг юм. Норовын хүү хэдийд, яаж “гозойтол тонгорохоо” мэдэхгүй бол нохойн хүү болно…
Дараа нь томоороо “Алтангадас”-ын дараа орох АН-ын унаган фракци, түүний нэр хүнд болсон МоАХ-ын эсрэг дайн зарлав. Энэ нь МоАХ-ны дотоод бослого самуун хийгээд түүний удирдагч Женко Баттулгын эсрэг явуулсан компанит ажил юм. Энэ нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчлан “Samsung CT” corporatian компанийн удирдлагуудад эрүү үүсгэсэн явдал юм. Төрөлхийн шийдэмгий, шазруун, ясны тэмцэж сурсан тамирчин гаралтай Х.Баттулгыг зүгээр нэг зодоод хөөгөөд явуулчихна гэж бодвол том эндүүрэл. Яахав, “намын жагсаалтад” орох гэж нэг удаад тэсээд өнгөрөө биз, харин дараа нь ямар мэх хийхээ Халтмаагийн хүү бодоогүй байвал ёстой алдас болно.
Энэ талаар “үй түмэн” тайлбар байж болох боловч АН хамгийн том-”Алтангадас”, МоАХ гэх хоёр гол фракцийнхаа эсрэг дайн зарлаж, түүнийгээ устгаж байгаа нь харин хөдөлбөргүй баримт юм.
МоАХ бол АН-ын амьд түүх, бэлэгдэл, нэр төр учраас арай ч устгачихаж чадахгүй нь тодорхой. МоАХ-г С.Эрдэнийн эдүгээ толгойлж буй “Ардчилсан хүчний Холбоо” түүнийг орлох нь юу л бол ?! Цаана нь “Шонхор” л харагдаж байгаа ш дээ…
Ингэхлээр “алъя” гэсэн хоёр фракци нь “үхээгүй” байж л байна гэсэн үг…
Одоо “Алтангадас”, “МоАХ” хоёрын оронд ямар “шинэ” фракци гарч ирэх вэ гэдэг асуулт тавих л үлдэж байна. З.Энхболд: “АН фракцигүй нам болно” гэсэн нь эсвэл тэнэг хүний яриа, эсвэл зүгээр л түүний өөрийнх нь мөрөөдөл юм.
З.Энхболдод нэг лут мөрөөдөл байдаг юм. Энэ бол “Шонхор” фракциа “хоёрдугаар “Алтангадас” болгох чин хүсэл юм. Харин энэ бол жинхнээсээ АН-ын “хоёрдугаар дайны эхлэл” болох юм. Энэ дайн аль хэдийн эхэлчихээд байна. Бие биенээ шоронгоор сүрдүүлж, бие биендээ “хутга тулгаж” тогтоодог “сахилга бат”, эв нэгдэл” гэж хаашаа харсан юм байдгийм ?!
Худлаа гэвэл АН-ын шинэ фракцуудыг тоолоод үзэхгүй юу. Гэхдээ Та нар ч бараг л “тоолж” чадахгүй байх. Мэргэжлийн судлаач би хүртэл заримдаа тоог нь алдчихдаг юм ш дээ. Ухаандаа Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр “Соёмбо” фракцийнх, Г.Батхүү “Чандмань” фракцийнх г.м. “зөв” тоолохгүй бол АН-ын фракцууд ч “их нарийн” шүү дээ…
“Эв нэгдэл” чинь энэ үү ?!
Энэ хэсгийг дараа дэлгэрүүлж ярих тул маш товч өгүүлнэ. Сая Засгийн Газрыг авч үлдсэний үндсэн бөгөөд гол шалтгаан нь ердөө ч “эв нэгдэл” биш, харин ердөө л: 1. сонгууль, 2. гадаад дарамт шахалт, 3. банк аврах явдал байсан юм.
Г.Уянга гэх ганц жижигхэн хүүхэн сөрөг хүчнийг бүгдийг нь цуглуулаад УИХ дээр Засгийн Газрыг унагана гээд ороод ирэхийг, УИХ-ын чуулган бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдахыг монголчууд анх удаагаа үзэв. Мөн энд эдийн засгийн бүх “ноёлох өндөрлөг”, “төрийн 3 өндөрлөг” бүгдээрээ морилон ирж хувь заяагаа “шийдүүлэв”.
Энэ чинь хэн нь том хэн нь жижгийг, мөн улс төр хийнэ гэж юу байдгийг хангалттай нотолж байгаа юм. Үүнээс илүү улс төр гэж үгүй. Засгийн Газрын дээр уугиж эхэлсэн түймэр эдүгээ АН, УИХ-ын дээр асч эхлэв. Том том цог үсрэн “төрийн 3 өндөрлөгийн” толгой дээр одоо ч гэсэн уугиж байна…
Одоо Г.Уянгад бүхэл бүтэн банк, намын байшинг ч “дэлбэлж” хүрэлцэх тэсрэх бодис ч байгаа, мөн түүнээс үүсэх түймрийг унтрааж чадах галын хор ч бас байгаа. Үүнийг бол би мэднэ. Харин Г.Уянга алийг нь, хэнд, яаж хэрэглэхийг би ёстой хэлж мэдэхгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 02 дугаар сарын 06.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

18 Responses to ХУТГА ТУЛГАСАН “ЭВ НЭГДЭЛ”

  1. Anonymous says:

    Та 2 Уянгыг олон дахин шvхэргvй нисгэвэл юу болохыг мэдэж байгаа биз дээ

    • Ганаа says:

      Г.Уянгаас бусад нь шоо хаяж азаа үзсэн. Харин Г.Уянга тооцооллын бүх хувилбартай байсан.

    • Anonymous says:

      Ганхуяг гуайд сар шинийн мэнд хүргэе. сайн сайхныг хүсье.
      Монголчуудын билгийг бодож он шилжихээс өмнө цөөхөн гэсэн хэдэн сайхан үг үгүүлбэр бичиж үлдээнэ үү. Санаж явахад тустай, сургааль болохуйц хэдэн сайхан ерөөл айлдана уу

    • С. Наранбат says:

      Чи та 2 гэж ойлгоод байна. Та 2-ынхоо ард нилээн олон тэг тавих гэж олгой ухаандаа оролд. Надтай харья гэвэл 99566770

  2. Anonymous says:

    ta say baabariin zadralion imnuh oros oron gedgiin esreg yum bicheech. mash sonirholtoi bolno shyy

  3. bismark says:

    ta saynii baabariin bichsen ih dainii umnuh delhii zadraliin umnuh oros gedgiin esreg yum bicheed uguch. mash hichirheg natsizmiig yalsan oros arai ch odoo heveere gedegt itgej bn

  4. Б.Ариунболд says:

    Улс орны дотоод хэрэгт оролцоод, хошуу дүрээд Улс орныг самарч бусниулаад байдаг энэ гадаад нөлөөллөөс яаж ангижрах вэ, энэ асар том аюулыг зайлуулахгүйгээр Монгол улс босохгүй.

  5. Anonymous says:

    Uyngiig demjih oligtoi hychin baina uu? Esvel bygd Saikhanbileg Bayartsogt shig uls turchidyy? Uynga uuriin namgyi bol haashaa yu ch hiij chadahgyi bulguu

  6. Anonymous says:

    Энэ нийтлэлээ sonin.mn дээр тавигдаагүй юм уу.

  7. delgermaa says:

    Sar schinedee saihan shineleerei! Eruul enh sudalgaani ajil tan ender amjilt hus’e

    • С. Наранбат says:

      Үгүй ядаж нэр усаа дурдах гэж, хаяг тавьдагт тань баярлалаа. Эрх мэдэл атгасан гэж өөрсдийгөө ойлгоод байгаа хулгайчууд л айж эмээж явах ёстой болохоос хулгайлж байгааг нь харж суугаа хэн ч айх байтугай болгоомжлох ч шаардлагагүй. Хэрэв та хүн ёсны шударга зарчмыыг эрхэмлэдэг л юм бол юунаас ч бүү ай. Зориглож л нэгнээ ил дэмжиж чадахгүй бол айсаар. харамссаар үргэлж дарлуулна шүү. Одоо боллоо бишүү?

  8. bi says:

    Sar shiniin mend hurgye!

  9. bi says:

    Saihan shineleerei

  10. Anonymous says:

    ENE BOL BIDNII GARGAJ IRSEN XUVALZNUUDIIN BAIGAA BAIDLIIG XAMGIIN OILGOMJTOI BAIXAAR TAILBARLASAN TAILBAR. ENE SONGUULID ARDCHILSAN NAM UNANA. XARIN XEN IRJ YU XIIXIIG MONGOLCHUUDIIN ZAYA MEDNE. YAGAAD GEVEL UURUUR GARGACHIX XUMUUS MEDEGDEEGUI BAINA

  11. bat says:

    Sar shinedee saihan shineleerei. Ervvl enh, az jargal hvsie.

  12. С. Наранбат says:

    Шинэ жил ирлээ. Муу нигурт ч гэдэг юмуу даа. Гэхдээ л ямартай ч шинэ жилээ билэгдэж, ерөөж угтдаг болохоор эрхэм ахын амрыг эрэхийн хамт хамгийн сайн сайхныг хүсье. Ядахдаа компьютерийн ардаас ч гэсэн үзэл бодлоо энэ блогт хандан илэрхийлж, стрессээ багасгаж байгаа та бүхэндээ ч шинэ жилийн мэнд хүргэе. Үргэлж дээрэлхүүлдэг, тэгсэн мөртөө дээрэлхээд, дээрэлхүүлээд байгаа үнэнийг нь цухуйлгасны төлөө зориглож үг дуугарсан нэгнээ үзэн яддаг хөөрхийлөлтэй ах дүү нартаа шинэ жилийн мэнд хүргэе.

  13. irgen says:

    Улсын их хурал дээр санал нууцаар хураадаг болохгүй бол шинэ гишүүд боолчлолоос хэзээ ч салахгүй

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: