ҮНДЭСНИЙ ҮЗЛИЙН СИСТЕМ БҮТЭЭХ АСУУДАЛД

Өнөөдөр доктор, профессор Б.Даш-Ёндонгийн 70 насны ойд зориулсан “Монголчуудын сэтгэлгээний өөрчлөлт: асуудал хандлага” эрдэм шинжилгээний хурал хуралд болж байгаа юм. Тэр хурал дээр тавихад бэлтгэсэн үгээ хүргэж байна.

“Үндэсний өөрийн ухамсар байхгүй ард түмэн бол дээр нь бусад ард түмэн ургадаг өтөг шивх мөн” гэж Хаант Оросын төрийн зүтгэлтэн Петр Столыпин тун гайхалтай онож хэлсэн байдаг.
Монгол Улс бодлогын гэх асар олон баримт бичигтэй боловч үндэсний үзэл санааг тээсэн нь ганц ч байхгүй. Энэ байхгүй зүйлийг бүтээх ажлыг эхлүүлэх зорилгоор үндэсний үзлийн систем бүтээх асуудлыг энэ илтгэлд хөндөж байна.
Үндэсний стратегийн эх загвар (матриц)
Уг нь цэргийн онолд анх гарсан “эд” боловч эдүгээ аль ч төрийн бодлогод ихээхэн хэрэглэдэг болсон болохоор би сануулж байгаа ухаантай юм.
Үндэсний стратегийн эх загвар (матриц) гэдэг бол үндэстэн өөрөө болон түүний түүхэн менталь шинж, түүнчлэн үндэстний түүхэн хөгжих газар (Л.Н.Гумилевын онолоор) болох “амьдралын орон зай”, үндэстний ареал хэмээх суурьшлын эзэмшил, уг үндэстний хянаж буй орон зайг хэлдэг юм.
Ингээд үндэстний стратегийн матрицад дараах байнгын хүчин зүйл ордог юм. Үүнд:
1. Голлох буюу уугуул үндэстний чанар болон хүчин чадал
2. Үндэстний эрхэмлэл болон үндэстний соёлын хүчин чадал
3. Үндэстний олонхоос “нэр төртэй хийгээд зөв” хэмээн үзэж буй үндэстний амьдралын хэв маяг (аж төрөх ёс)
4. Түүхэн ёсоор хүрсэн буюу олж авсан орон зай
5. Нөөцийн (ресурс), шинжлэх ухааны болон технологийн чадавхи
6. Үндэстний цэргийн чадавхи
7. Удирдлагын нэн тодорхой “үзэл санаа” бүхий ажиллах чадвартай үндэсний удирдлага, өөрөөр хэлбэл хөгжил болон аюулгүй байдлын үндэсний стратеги зэрэг болно.
Энд дурдсан бүхэн өөрөө бие даасан том систем бөгөөд эдгээрийг суурь судалгаанд үндэслэн, маш олон хувилбараар тооцоолж гаргадаг бөгөөд хамгийн эхэнд ард түмэн нь ойлгож байж л алив үндэстэн дэлхийд өөрийн гэсэн байр сууриа эзэлж, өөрийн гэсэн түүх, соёлын объект болон субъектын үүргээ биелүүлж байж үндэстэн гээч болдог юм.
Эдгээрийн аль нэг нь алга байвал “үндэсний хөгжил”, “үндэсний аюулгүй байдал”-ын тухай ярих ч боломжгүй. Манайд байдал ямар байна ? Новшийн, үнэхээр хөгийн байгаа. Үүнийг хийх гэж оролдсон хүнийг үндэсний үзэлтэн гэж олон жилээр хавчин хяхаж байгааг би гэрчилнэ. Яагаад гэвэл хэрэв Монголын үндэсний үзлийн цогц систем бүрэлдэн тогтвол бусад ямар ч улсад нэн халгаатай бөгөөд аюултай. Хэдий ийм боловч бид Монголын үндэсний үзлийн цогц систем бүтээхийг чармайн хичээх ёстой.
Үндэстний үзлийн суурь ойлголтууд
Манайхан үндэстнийг нэн эртний, бүр маш эртний ойлголт гэж үздэг нь туйлын буруу юм. Үндэстэн бол феодал хамжлагын харилцаа нурж, хүн төрөлхтөн аж үйлдвэрийн хувьсгал хийж эхэлсэн тэр үед анх бүрэлдэж бий болсон харьцангуй саяхан үүссэн шинэ ойлголт юм.
Яг одооны тодорхойлолт нь бол: Үндэстэн бол аж үйлдвэрийн эрин үед үүссэн нийгэм-эдийн засаг, соёл-улс төр, оюун санааны нийтлэг мөн.
Харин үндэстнийг үзэх хоёр янзын хандлага буй. Нэгдэх нь үндэстэн бол тодорхой улсын иргэдийн улс төрийн нэгдэл мөн, хоёрдахь нь нэг хэл хийгээд нэг ижил өөрийн ухамсар бүхий угсаатны нийтлэгийн хэлбэр гэх хандлага. Энэхүү хоёрдахь хандлагаас үндэстэн бол нэг буюу хамтран амьдарч буй хэд хэдэн угсаатны нийтлэгийн хэлбэр мөн гэж дүгнэж болно. Мөн олон улсын эрх зүйд үндэстэн гэдэг нь “үндэстэн-улс” гэх тулгуур ойлголттой дүйдэг.
Харин бидний хэрэглэдэг монголоос бусад элдэв нэршил бол ястан, угсаатан гэсэн ойлголтын системд хамаарна. Социализмын үед энэ нарийн ялгааг үл ойлгосноос болоод иргэний паспорт дээр “яс үндэс” гэсэн ойлголт гаргаж ирсэн нь оросын “национальность” гэсэн үгийн буруу орчуулга юм.
Энд үндэстэн болон угсаатан гэсэн хоёр тулгуур ойлголт гарч ирж байна.
Ямар ч гэсэн Баруун Европын үндэстнүүд Шинэ үеийн эхэнд буюу XYII зуунд, бусад бүс нутаг буюу Дорнод Европт XIX зуунд, Ази болон Африкт ХХ зуунд бүрэлдэн бий болсон нь хөдөлшгүй баримт юм.
Тэгвэл энд хоёр том ноцтой асуулт үүснэ. Нэгдэх нь: үндэстнээс өмнө юу байсан юм ? Хоёр дахь Монголд хэзээ үндэстэн бий болсон бэ ? Их ноцтой асуулт шүү…
Үүнд хариулахын тулд эхлээд өөрсдийгөө шинжилье. Монголын олон сэхээтэн үндэстэн болон үндэсний үзлийн талаар ямар ч ойлголт төсөөлөл байхгүй бөгөөд тэд телевиз, радиогоор үндэсний үзэл зөв, үндсэрхэх үзэл буруу, иймээс би үндэсний үзлийг дэмжиж, үндсэрхэх үзлийг үзэн яддаг гэж хуцацгаадаг. Олонхи тохиолдолд энэ хоёрыгоо хольж хутган будилах явдал байдаг нь юу ч мэдэхгүй байж сургаар цуурдаг монгол сэхээтний бэртэгчин, утгагүй зан юм.
Үнэндээ монголын сэхээтнүүдийн ядмаг тархинд нэвт шингэсэн энэхүү үндэстний тухай тодорхойлолт болон дүгнэлт нь аль дивангалавт буюу 1914 онд И.В.Сталины бичсэн “Марксизм ба үндэстний асуудал” хэмээх онолын жижиг атлаа алдарт товхимлын дүгнэлтүүд юм.
И.В. Сталины үндэстний тухай алдарт тодорхойлолтын эхний 3 шинж нь К.Каутскийгаас, дөрөв дэх шинж нь Б.Бауэрээс хуулсан байдаг. Ингэж хуулахдаа маш олон бүдүүлэг алдаа гаргасан байдаг. Монгол сэхээтнүүд И.В.Сталины алдаатай тодорхойлолтыг ХХI зуунд тоть шиг давтаж байгааг харахаар өмнөөс нь ичиж бөгс халуу оргидог юм. Бүхэл бүтэн 100 жилийн дотор монгол сэхээтнүүд оюун сэтгэлгээний ямар ч ахиц гаргаагүй байгааг харахад нүд хальтирам.
Энд би үндэстний асуудлыг шийдвэрлэх гэсэн “тэнэг” зорилго тавиагүй. Харин: 1. Үндэстэн, угсаатан гэсэн хоёр тулгуур ойлголтыг ялган зааглахын хамт хүйн холбоог судлан олох, 2. Монгол үндэстний хувьсал хөгжлийн явцыг шинээр орчин үеийн үзэл баримтлалын хүрээнд судлах, 3. Үндэстний үзлийн систем бүтээх үйлсийг нэн даруй эхлэх ёстой гэдгийг л хэлж байна.
Одоогийн мэдлэгийн түвшин хийгээд хүрээнд дараах дүгнэлтийг хийж болно.
1. Дэлхийд ноёрхогч монгол гэсэн хэт угсаатан буюу (супер этнос) Монголын үзэнт гүрний үед бүрэлдэн тогтжээ. Энэ нь маш олон угсаатнаас бүрэлдэж байв.
2. Хувьсал хөгжлийн явцад Монголын эзэнт гүрэн нурсантай холбогдон монголын хэт угсаатан задралд оржээ. Эхлээд харь буюу өөр угсаатнууд салан тусгаарлаж, дараа нь үндэстний дотоодын хямрал болжээ.
3. Гэсэн хэдий ч хэт монгол угсаатны цөм хэсэг нь уугуул Монгол нутагтаа иргэншил, соёл, хэл болон аж төрөх ёс, газар нутгаа хадгалан үлдэж чаджээ.
4. XIX-XX зууны заагт аж үйлдвэржилт, социалист үзэл санаа өргөн дэлгэрсэн түүхийн шинэ эрин үед Монгол угсаатан эрх чөлөө, бие даасан байдлын төлөө тэмцэж үндэсний тусгаар тогтнолоо олж авчээ.
5. Даян дэлхийн аж үйлдвэржих түүхэн аварга үйл явцад татагдан орсноор монгол угсаатан монгол үндэстэн болж хувирах түүхэн үйл явц эхэлжээ. Энэ аварга үйл явц асар их зөрчил тэмцлийн дунд өрнөсөн боловч нийгмийн дэвшлийн асар их амжилт олжээ.
6. Багцаагаар 100 жил үргэлжилсэн энэхүү аварга үйл явцын үр дүнд хэт монгол угсаатны үлдэгдлийн оронд шинэ монгол үндэстэн ХХ зууны туршид бүрэлдэн төлөвшжээ. Уугуул монгол угсаатны цөм хэсэг орчин үеийн буюу модерн нийгэмд шилжих явцдаа монгол үндэстэн болон бүрэлдэн төлөвшсөн байна.
7. Энэ аварга үйл явцын үр дүнд хуучны угсаатан, ястнууд холилдон нэгдэж, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюун санааны нэгдмэл байдалд хүрч монгол үндэстэн бүрэлдэх үйл явцын цөмийг бүрдүүлсэн байна.
8. Өнөөгийн Монгол Улс монгол казак гэсэн 2-хон үндэстэнтэй. Гэхдээ түүхэн болон угсаатны утгаар авч үзвэл казак нь монголтой төрөл буюу ойр үндэстэн юм.
9. Одоогийн Монгол Улсад үндэстний тулгамдсан хурц асуудал байхгүй буюу бараг байхгүй. Харин шовинизмын бүдүүлэг хэлбэр, ксенофоби буюу бусад үндэстнийг ад үзэх үзэл нэлээд хэмжээгээр байгаа.
10. Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын болон хамгийн гол нь угсаатан-үндэстний бүхий л хүрээнд гарсан энэ аварга өөрчлөлтийг одоо болтол хэн ч судлаагүй шахам байна. Шалтгаан нь үндэстний тухай онолын буруу үндэслэл баримталж, түүнийг хэт догм болгосон бидний сэтгэлгээ хийгээд гадаад гүрнүүдийн алсын бодлоготой холбоотой.
11. Өвөр монгол, буриад, халимаг, тува зэрэг монгол угсаатнууд бол тухайн улсынхаа дотор “жижиг буюу үндэстэн” гэх ангилалд орох боловч Эх Монгол үндэстний хувьд угсаа гарваль нэгтэй бидний ахан дүүс бөгөөд Монгол үндэстэн цаашид хөгжихүйн нэг гол нөхцөл мөн.
12. Сүүлийн жилүүдэд нийгэм атомжиж, хүмүүс аминч үзэл болон бэртэгчин зантай болж, монголын үндэсний үзэл санаа бүдгэрч, хамтач ёс бараг бүрэн устсан нь гадаадын оролцоо, хэт туйлширсан үзэл сурталтай холбоотой бөгөөд үлэмж ноцтой аюул занал юм.
13. Эдүгээ Монгол үндэстний амин чухал зорилт бол өөрийн философи бүхий үндэсний үзлийн цогц систем бүтээх явдал юм.
Манайхан “онол ном” уншиж толгойгоо цэнэглэх амин шаардлага үүсээд байна. Шинжлэх ухааны нээлт хийдэггүй юмаа гэхэд түүний хүрсэн түвшингөөс хоцорч үлдмээргүй байна. Үндэсний асуудлаар бол английн онолч Эрик Хобсбаум-ын “1870 оноос хойшхи үндэстэн ба үндэсний үзэл” (1990) хэмээх алдарт номыг уншиж судлахын хамт энэ түвшинд заавал хүрэх ёстойг зөвлөж байна.
Секьюритизацийн онол
Копенгагены Их Сургуулийн профессор Б.Бузан 1983 онд “Хүмүүс, улсууд, айдас” хэмээх ном бичсэнийг эдүгээ “пандорын хайрцгийг” нээсэн гэж зүйрлэж байна. Үнэхээр ч энэ онол олон улсын харилцаанд хэрүүлийн алим тарьж, түүнийг цоо шинээр үзэх болгожээ.
Бузанаас өмнө олон улсын харилцааг голдуу цэрэг дайны үүднээс авч үздэг байсан юм. Манайд бол 1780-1831 онуудад амьдарч, “Дайны онол” ном бичсэн Карл Филипп Готтлиб фон Клаузевицын онолыг галзуутай сайн мэддэг юм. Яг үнэндээ Клаузевичийг уншсан хүн Монголд тоотой хэд боловч түүний үзэл санаа монгол хүний тархи толгойд хадаатай байдаг. Дандаа байлдаантай кино үзсээр байгаад ийм болчихсон ч байж магадгүй. Тийм болоод л хятад, оросын танк ороод ирнэ гэх мэт солиороод байхгүй юу. Хуучин онолоор бол аль нэг объектыг аюулгүй байдалд заналхийлэгч гэж үзэж болдог байв.
Аюулгүй байдлыг үзэх уламжлалт хандлага дэлхийн дайны үед боломжтой бөгөөд учир нь энэ үед улсууд хүчний болон засгийн давуу байдлын төлөө цаг ямагт тэмцэлдэж байдаг. Харин дайнаас бусад цагт уламжлалт хандлага олон чухал асуудлыг харааныхаа гадна үлдээж, зарим талаар үгүйсгэдэг ба энэ үед аюулгүй байдлын өөр шинэ хүчин зүйлүүд гарч ирдгийг огт анзаардаггүй байна. Жишээлбэл, үндэсний үзэл, шашин, өөрийн адилтгал (identity) зэрэг олон зүйл байна. Энэ болон бусад олон хүчин зүйлсийг өмнөх онолуудад огт тооцож байсангүй. Б.Бузан энэхүү тооцож байгаагүй хүчин зүйлүүдийг тооцохыг оролдсон байна.
Секьюритизаци гэж юу вэ ? Секьюритизаци гэдэг бол тодорхой объект аюулгүй байдлын асуудал болон төсөөлөгдөх үйл явцыг хэлнэ. Аюулгүй байдлын ойлголт бол цаг ямагт тэсэн амьдрах асуудалтай холбоотой байдаг, ингэхлээр тухайн объектын оршин амьдрахуйд аюул занал учрах тухай асуудал сөхөгдөж байна.
Секьюритизацийн онолын үүднээс нийгэм дэх дурын асуудал энх тайван болон аюулын шинжтэй байж болдог. Мөн улс бүрийн аюул заналын нөхцөл байдал өөр өөр байдаг.
Ухаандаа Иран, Саудын Арав, Бирм зэрэгт шашны асуудал улс төртэй их хамаатай, энэ хэрээрээ их аюултай. Гэтэл Франц, АНУ-д шашны асуудлыг бараг тоохгүй байх жишээний. Бас хуучин ЗХУ болон Иран зэрэгт соёл ихээхэн ач холбогдолтой байхад Их Британи, Нидерландад бараг ялгаагүй байдаг. Энд улс орон бүр өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд түүнийг харгалзан үзэх нь зайлшгүй гэдэг нь нэн тодорхой байна. Тодорхой нөхцөлд энх тайван хүчин зүйл аюул болж, аюулын хүчин зүйл энх тайван хүчин болон шилжиж болдог.
Ингээд Б.Бузан аюулын төрлүүдийг ангилахын хамт анги хэсэг тус бүр бие даасан хэрнээ харилцан уялдаатай сүлжээ систем болж чадсан юм. Ингээд Б.Бузан аюулыг дараах байдлаар ангилсан:
1. Цэргийн
2. Улс төрийн
3. Эдийн засгийн
4. Социеталь (нийгмийн гэхээс дээ-Х.Д.Г.)
5. Инвайронменталь гэсэн 5 бүлэгт хуваан үзсэн.
Цэргийн аюул нь хүн бүхний мэдэх зүйл боловч тухайн улсын давших болон хориглох боломж, түүнчлэн хоёр улсын харилцах хүсэл эрмэлзлээс хамаарна.
Улс төрийн аюул нь аль ч улсын санаа зовох асуудал юм. Төр нь улс төрийн нэгдэл болдог учраас энэхүү нэгдэл сулрах нь цэргийн аюултай эн зэрэгцэнэ. Манай төрийн эв нэгдэл тун муу байгаа нь нууц биш юм. Төрийн аюулгүй байдал нэн тэргүүнд төрийн тогтвортой байдал, түүний удирдлагын систем, мөн үзэл суртал зэргээс шууд хамаардаг. Эдгээр нь ямар байгаа гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа.
Эдийн засгийн аюул нь эдийн засгийн өөрийн мөн чанараас хамааран тодорхойлоход хамгийн түвэгтэй. Зах зээлийн эдийн засаг дахь тоглогчдын хэвийн зан үйл бол эрсдэлтэй, харгис өрсөлдөөн хийгээд тодорхойгүй байдал юм. Энд тогтвортой байдал хийгээд аюул заналын зааг хүрээ сайн ялгарч харагдахгүй. Харин Б.Бузан эдийн засгийн болон цэргийн аюулгүй байдлын хоорондын чухал холбоог анхаарсан юм. Цэргийн аюулгүй байдал нь наад зах нь төсвийн хязгаарлалтаас болоод эдийн засгаас хамаардаг. Эдийн засгийн аюулгүй байдал нь хүн амыг хангах хийгээд төрийн засаглалын сайн сайхан байдлын хангалттай түвшинг тэтгэх зайлшгүй хэрэгтэй нөөц, санхүү болон зах зээлийн хүрэлцээтэй холбоотой юм.
Социеталь (нийгмийн) аюул нь нийт нийгэм, хүмүүсийн өөрийн адилтгал (identity), түүний бүрэлдэхүүн хэсэгтэй холбоотой. Зарим төр адилтгал, соёлын ялгааны учрыг олж чадахаа байдаг. Манай төр яг ийм, эргүү төлөг шиг байгаа. Өнөөгийн нийгмийн олонхи зөрчил чухамхүү нийгмийн шинж чанартай байдаг. Миний ойлгож байгаагаар Монголд учирч буй хамгийн их аюул занал чухамхүү энэхүү социеталь хүрээнд буюу манай нийгэмд байгаа. Учир нь сүүлийн хэдэн жил монголын нийгэм атомжин задарч, хүмүүсийн зан үйл бэртэгчин шинжтэй болж, адилтгалын нийтийн шинж үгүй болж, үндэсний зүйлс бүдэгрэн доройтсон. Үүнийг бүр санаатайгаар хийж, Монголын нийгмийг задалсан. Би энэ талаар “Монгол ба нийгмийн идэвхи” өгүүлэлдээ тодорхой өгүүлсэн.
Инвайронменталь аюул бол манайхан мэддэг, ярьдаг атлаа огт тоодоггүй аюул юм. Эндээс монгол хүн хэр богино ухаантай болсныг хялбархан мэдэж болдог юм. Түймэр гарч, үер болоход хэд хоног шуугиад л мартах жишээний. Цаашилбал даяар дулаарал, цөлжилт, орчны бохирдол, озоны давхраа цоорох гэх мэт олон аюулыг дурдаж болно. Эдгээрийг тоодог “амьтан” Монголд бараг үгүй гэхэд хилсдэхгүй.
Монголын “язгуур үндэс” ба монгол үндэстэн
ХХ зууны 40-өөд он болтол Монголд “үндэстэн” гэсэн ойлголт байгаагүй нь хачирхалтай боловч баримт юм. Тэгвэл монгол үндэстэн гэж байгаагүй хэрэг үү? гэсэн асуулт гарна. Үүнийг ярихын тулд бүх уг сууриар нь хөндөх ёстой. Энэ бол “язгуур үндэс” гэсэн ойлголт юм.
1911, 1921 оны үеийн баримт бичгүүдэд “язгуур үндэс” болон “шашин үндэс”, “уг үндэс”, “ах дүү монголчууд” гэсэн нэр үг, нэр томъёо хамгийн их гардаг. Эдгээр нь Монгол гэсэн бүх юмыг нэгтгэн илэрхийлсэн үг юм. Өнгөц харахад “язгуур үндэс” нь тодорхойгүй, хэт ерөнхий мэт санагдана. Гэхдээ XIX-ХХ зууны зааг үеийн ямар ч монгол хүн энэ үгийн мөн чанарыг ямар ч тайлбаргүй ойлгодог, мэддэг, мэдэрдэг байсанд эргэлзэх зүйлгүй.
ХIХ зууны сүүл үеийн Манжийн шинэ засгийн бодлогыг “үндсийг таслах, шашныг сөнөөх” гэж баримт бичгүүдэд нэгэн дуугаар нэрлэдэг. Энэ бол аюул заналыг илэрхийлсэн хэрэг юм.
Улмаар энэ уламжлал 1921 оны хувьсгал хүрч иржээ. 1921 оны 3 дугаар сарын 20-д орчмоор “Бүх олон Монгол ах дүү ард түмэнд тунхаглан сонсгох нь” хэмээх МАХН-ын Төв Хорооноос гаргасан нэгэн Тунхаг бичигт: “Үүнээс хэд хэдэн зуун оны урьд манай Монгол улс харгис хятадын саварт базагдаж, элдэв зүйлийн гашуун зовлон эдэлсэн ба эцэг өвгөдөөс уламжлан ирсэн бурхан шашин, язгуур үндэс, зан суртал юугаан дарлагдсан төдийгүй, мах цусыг элдвээр идэгдэн шимэгдэж үлсэн Монгол ах дүү нар бүгдээр сонсогтун…”
“Тэрслүү цагаантанд мэхлэгдэн хоригд(вол)…бидний өвгөдийн алдар нэрийг гутаан, хойт үеийн олонд хүчир гашуун хор үлдээх байтугай, дээд тэнгэр авралт бурхан түүнийг эс өршөөн, үргэлжид элдэв зовлон гамшгийг эдлэн хүлээх нь магад болохын дээр бидний язгуур үндсийг арилгах тэнгэрийн зохиол буухаас сэргийлэх хэрэгтэй”.
Ийм баримт бичиг асар олон бий. Эндээс “язгуур үндэс” гэсэн нэр томъёо тухайн үедээ хэн бүхэнд ойлгомжтой, монгол иргэншил, монгол үндэстний эрхэмлэл, үнэт зүйлсийг илэрхийлж байжээ.
Язгуур үндэс бол иргэншил соёлоо тэмдэглэх монгол ойлголт юм. Иргэншил соёлыг шинжлэх ухааны хувьд: 1. язгуур 2. уламжлалт, 3. олдмол, 4. үүсмэл гэж хуваан үздэг соёлын ангиллын шалгуураар ангилбал зүйтэй гэж санана. Нэрт эрдэмтэн, сод ухаантан Б.Сумъяагийн анхлан гаргасан энэ ангиллийг одоо бид өргөн ашиглах хэрэгтэй.
Иргэншил соёл байнга хөгждөг, харь буюу гадаад зүйлээр баяжихаас гадна өөрөө бусдад элементээ өгөх замаар хөгжиж байдаг. Ингээд “цэвэр” иргэншил соёл гэж байдаггүй. Энэ диалектик зүй тогтлыг манайхан тун бага анзаардаг. Манай өнөөгийн соёл дээр дурдсан язгуур, уламжлалт, олдмол, үүсмэл 4 соёлын өвөрмөц хольц юм. Гэхдээ язгуураараа монгол юм.
Мөнхийн зөрчил
Дэлхийн аль ч үндэстэн мөнхийн зөрчил дунд оршиж, тэдгээрээс сонголт хийж амьдардаг. Ийм зөрчил “үй түм” буй. Нэг тал нь нөгөөгүйгээр оршихгүй. Өөрөөр хэлбэл, философийн хэллэгээр эсрэг тэсрэгийн нэгдэл ба зөрчлийн хууль болж байгаа юм. Үй түмэн зөрчил дундаас гол, том, байнгын, мөнхийн шинжтэйг нь ялган үзвэл тийм ч олон биш. Энэ нь үлгэрлэвэл дараах хос категори байдалтай байж болно:
1. Хамтач ёс Аминч үзэл
2. Эх оронч үзэл Интернационализм (космополитизм)
3. Шударга ёс Хууль сахих ёс
4. Нийгмийн өмнө гавъяа байгуулах Мөнгөтэй байх
5. Улс нийгмийн эрх ашиг Хүний эрх ашиг
6. Эдийн засгийн хангалттай байдал Даяаршил
Ингээд 12 хос категори болж байгаа юм. Бүх 12 категори оршин байх “эрхтэй”. Эрхтэй ч юу байхав, амьдрал дээр оршин байдаг. Гэхдээ нөгөө категорио үгүйсгэдэг. Эндээс л мөнхийн зөрчил үүсдэг. Мөн өөр хоорондоо үйлчилж асар олон хувилбар үүсгэдэг. Хамгийн дээд хувилбар нь 2-ын 6 зэрэгт буюу 108 болно. Ингэхлээр аль ч нийгэм 108 хувилбараар хөгждөг гэж маш бүдүүн тоймоор ойлгож болно.
Гэхдээ аль ч үндэстэн эдгээр хос категори дундаас түүхэн цаг үе, өөрийн ахуй байдал, зан заншилд тохирох “алтан тэнцвэрийг” олж хөгждөг. Энэ нь их хэцүү. Бүр маш их хэцүү…Дэлхийн бүх улс үндэстэнд энэ бүх асуудал “зовлон” болох бөгөөд “зөв” шийдлийг олох гэж улс гүрнүүд оршин байдаг. Үүний тулд хамаг оюун ухаан, хөрөнгө мөнгөө зарцуулдаг. Мөн цорын ганц “зөв”, “мөнхийн” шийдвэр бас байхгүй. “Зөв” шийдвэрүүд цаг үеийн дуудлагад “зөв” хариу өгөхгүй бол маш амархан “буруу” болно. Хэцүү нь чухам ийм мөнхийн байдагтаа оршино.
Эл асуудалд хандах “арга зүйг” манай дээдэс “төв үзэл” гэж туйлын зөв томъёолсон юм. Монголд анх удаа Б.Даш-Ёндон багш “төв үзэлд” суурилсан үндэсний үзлийн систем бүтээх гэж асар их хүчин чармайлт гаргасан боловч мунхаг харанхуй, адал балмад этгээдүүд түүнийг хөсөр хаясан юм. Харин УИХ-ын гишүүн Г.Уянгын эрхлэн гаргаж байсан “Улс төрийн сонин” Монголд ганцаараа “Монголын үндэсний үзэл мандтугай” гэсэн уриатай гарч, үндэсний үзлийг сурталчилж байсныг би онцлон дурдаж байна.
Эдүгээ энэ үйлсийг сэргээн хөгжүүлэх нь бидний зорилго байх ёстой.
Дүгнэлтийн оронд
Дөнгөж хэдхэн хоногийн өмнө В.Путин: “Орос оронд эх оронч үзлээс өөр ямар ч нэгтгэх үзэл санаа байж болохгүй юм” гэж мэдэгдээд “эх оронч үзэл бол үндэстний үзэл санаа юм” гэж онцлон тэмдэглэв.
Хятадад “Хятад үндэстний агуу их сэргэн мандалтыг” тунхаглаж, “хятад бахархал”-ыг үзэл суртлаа болгож байна. Тэнд социализм байгуулахыг зорилго биш, харин үндэстний сүр хүчийг хангах хэрэгсэл гэж үзэх болжээ. Дэлхийн бусад оронд ч үндэсний үзэл антиглобализм буюу даяарчлалын эсрэг хөдөлгөөний хэлбэрээр түгэн дэлгэрч байна.
Гэтэл Монгол ганцаараа “ардчилал”, “хүний эрх, эрх чөлөө”, “даяарчлал”, “зах зээл” гэж солиорч үндэстний үзэл санааны илрэл болгоныг хавчин шахаж байна. Түүгээр ч үл барам төр шиг муу зүйл байхгүй гэж сурталдаж байна. Энэхүү либерал тэнэглэлийг нэн даруй таслан зогсоох ёстой.
Бусад улс гүрэн үндэсний үзлээ гол үзэл суртал болгон тунхаглаж болдог, харин Монголын үндэсний үзлийг “панмонголизм“, “шовинизм”, “явцуу үзэл” гэж хавчин гадуурхах нь зориудаар үйлдэж буй гэмт хэрэг мөн.
Монголын үндэсний үзэл мандтугай !

Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 03 дугаар сарын 10.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

28 Responses to ҮНДЭСНИЙ ҮЗЛИЙН СИСТЕМ БҮТЭЭХ АСУУДАЛД

  1. Erdenebatiin Erdenesukh says:

    Mongoliin undesnii uzel uurd mandan badrag! Negdsen Mongol Uls baiguulagdakh boltugai!!!

  2. Баярлалаа. Та Эрик Хобсбаум болон Бузан нарын нэрийг англиар тавьчихвал хайхад тус болох байхдаа.

  3. Erdene says:

    ЁСТОЙ МУНДАГ ИЛТГЭЛ БАЙНА. ҮҮНИЙГ ӨНӨӨГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЛБАРТ АЛБА ХАШИЖ БАЙГАА, ЕР НЬ МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ САНАА ТАВЬЖ ЯВДАГ ХҮН БҮР ОЙЛГОЖ АВАХ ОНОЛ, АРГА ЗАМЫН ХАМГИЙН ЦОМХОН, ЗӨВ АГУУЛГАТАЙ БОЛЖЭЭ ГЭЖ ХУВЬДАА ОЛЗУУРХАЖ БАЙНА. ЯДМАГ, ӨЛМИЙ ДОРХОО ХАРЖ БАЙГАА БИДНИЙ ХУВЬД ГАРЫН АВЛАГ БОЛГУУШТАЙ. ХЭТ ҮНДЭСТЭН, БУСАД УГСААТНЫ ТАЛААР Ч ИЙНХҮҮ ХЭЛЖ БАЙСАН ЦААС ХАЛТАРТУУЛАГЧИД БАЙХГҮЙ БАЙЛАА. ҮҮНИЙГ БОДОХГҮЙ БАЙХ ЭРХ БАЙХГҮЙ ГЭЖ СЭХЭЭРСЭН ИРГЭН БОЛГОН ХЭЛЖ, МӨРДЛӨГӨ БОЛГОЖ БАЙМААЖИН БИД ТЭСЭЖ ҮЛДЭХ БОДЛОГОО ОЙЛГОМЖТОЙ, ТУУШТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛНО. БАЯРЛАЛАА ТАНД

  4. amgaa says:

    Bayarlalaa tanid. Ene tsag ued ene tuhai l oilgoh heregtei ard irged.

  5. Boldoo says:

    Ganaa ah shatarand her ve?

  6. Ч.Дэлгэр says:

    Үнэхээр их баярлалаа. Танаас дандаа ийм л зүйлийг хүсдэгээ нуух юун. Монгол үндэсний үзлийг, Монгол үндэсний эв нэгдлийг онолын үндэслэлийг нь мэдэхгүй байсан ч хамаагүй, хүмүүжил төлөвшлийнхөө хэрээр, ухаан бодлын цараар, өөрийн чадал тэнхээгээрээ сурталдаж явдаг даа би.

  7. Ганаа says:

    Mongolchuud tusgaar,хараат бус улс болсон 20 гаруй жилийн хугацаанд анх удаа шахуу Undestnii asuudlaar гарч байгаа нийтлэл учир танд туйлаас их баярлаж байна. Монголчууд терийн баримтад Монгол Ундэстэн гэдэг хэллэг хэргэлдэггуй нь ямар учиртай, юунаасаа айдаг юм бол? Бид бие даагаагуй хэвээр байгаа юм биш биз, аль нэг улсын … Эсвэл арыг нь даах ухаан мэдэлт эрхмуудэд алга юм бол уу?

  8. delgermaa says:

    GANAA AH MOLODEC!!!

  9. Ёстой хэрэгтэй сэдэв хөнджээ. Харин 2-ын 6 зэрэгт яаж 108 болов?

  10. gantumur says:

    Unuugiin zaluuchuud tuuh niigmiin zuzaan zuzaan nomuudig unshaad suudguimaa gehed yadaj ene site.ruu orj iimerhuu niitlel unshij tovhhon ch gesn oilgolttoi bolj bval sainsandaa….

  11. gantumur says:

    Залуучууд ядаж энэ сайтруу ороод олон жилийн судалгаа нотолгоотой иймэрхүү нийтлэлийг уншиж бага ч болов ойлголттой болж байх хэрэгтэй байхдаа.. тэр зузаан зузаан түүх, нийгмийн номуудыг уншдаггүй юмаа гэхэд

  12. Батжа says:

    Сонирхолтой санал дэвшүүлжээ. Үндэсний үзлээс айсандаа хэрэглэхгүй байгаа юм биш байх аа. Үндэсний үзлийн сайн, муу тал 2ланг нь бодож үзэх хэрэгтэй. Үндэстэнээ авч үлдэх тухай бол зөв. Хөгжилд хэрэгтэй зүйл гэвэл буруу. Бусад үндэстнээс дээгүүр тавих гэж ойлговол бас буруу. Мандаж буй их Наран – Япон улс, агуу их ямато үндэстэн гэж сагсуурч байж толгой дээрээ 2-ын 2 атомын бөмбөг дэлбэлүүлсэн, агуу их ари үндэстэн Герман улс гэж толгой нь эргэж байж бас 2-ын 2 удаа хандаа ичгүүртэйгээр хага даруулсан түүх байна. Монголчууд бид үндэсний үзлийг дэвэргэгчид ба түүнийг үл дэмжигчид гэсэн бас нэг санаатай лагерь, хагаралд орцгоочихов!

  13. Enkhbold says:

    Үндэсний үзэл ба Нармай Монгол үзэл?

    • Boldoo says:

      Нармай монгол буюу панмонголизм бол милитарист японы стратегийн бодлогын хүрээнд буриадын сэхээтнүүдийн дунд 19-р зууны эхэнд үүсээд явсаар 2-р дайнд япон сүйрэхэд хамт сүйрсэн үзэл л дээ. Цэвээн Жамсрано гэх мэтийн улсууд төлөөлөгчид нь. Харин төвлөрсөн язгуурын үндэсний үзэл бол халхад алтан ургийн ноёдоос эхлүүлж бас 20-р зууны эхээр панмонголизмтай хамт паралеллаар үүсээд 37 оны яргаллаар бас дарагдсан үзэл. Ханддоржоос эхлээд их найрагч Нацагдорж гэх мэт төлөөлөгчид байгаа. Анхны 7 бол бас л энэ хүрээний философд хамаарч байсан. Бүгд алуулсан. Цэдэнбалын үед интернационал болж түүхийн хүрээнд бүр бутарч фрагментчлагдаж хэдэн арван тусдаа ястан болж тарсан. Оросуудын бодлого их бий үүнд. Үндэсний үзэл сэргээх маяг оруулсан Төмөр-Очир, Ренчин нарыг намалдагласан. Ингээд хий хоосон хөвж явсаар 90 онд Даш-Ёндон, Бямбасүрэн зэрэг хүмүүс үндэсний үзлийг дахин гаргаж иртэл газар авалгүй либертари үзэл, Айн Риндийн зохиол, эдийн шуналд живсэн. 2014 оноос судлаач Ганаа ах, улс төрч Уянгаа эгч нар дахин үндэсний үзлийг гаргаж ирж байна даа.

    • Ганаа says:

      Бяцхан тодруулга: Г.Уянгын эрхлэн гаргаж байсан “Улс төрийн сонин” бүр 2006 оноос “Монголын үндэсний үзэл мандтугай” гэсэн уриатай гарч, тэнд энэ сэдвээр цөөнгүй өгүүлэл нийтэлж байсан…

  14. Erdene says:

    МОНГОЛЫН ТӨР ДҮЛИЙ ЮМ. ДҮЛИЙ ТӨРИЙГ СЭРЭЭХ, ЦОЧООДОГ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ЖИШЭЭ БАЙНА. ХЭЗЭЭ СЭРЖ ЦОЧДОГ ВЭ ГЭХЭЭР ИРГЭД НИЙТЭЭРЭЭ ГУДАМЖИНД ГАРЧ БАЙЖ СЭРДЭГ БАЙНА. ЕВРОПЫН АРДЧИЛАЛ ҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ.ТӨР СЭРЖ БАЙЖ ЗӨВ ГОЛЬДРОЛЫГ ХАЙНА. ӨӨР АРГА БАЙХГҮЙ

    • Batja says:

      Манай Монголчууд бүгдээрээ нүүдэлчин Монголчуудын үр удам. Нүүдэлчин соёл иргэншилтэй гэсэн үг. Дор дороо өөрийгөө болгоод явдаг даруухан амьдралыг дээдэлсэн соёл иргэншил. Түүнээс биш бөөнөөрөө дайраад асуудлыг шийддэг тийм соёл бидэнд байхгүй. Хэн нэгэн нь мөнгө өгвөл харин сүүлийн үед хамаагүй босоод байх шиг байгаа юм.

    • Гантулга says:

      Нүүдэлчин соёл иргэншил гэхээрээ ганц ганцаараа жалгаар нэг тараад довоо борлуулаад явдаг. Нэгдэж нийлэх ойлголт байхгүй… Энэ их гажиг ойлголт. Болохгүй бүхнийгээ тийш нь чихдэг хогийн сав шиг болчихсон. Социализмын үед суурь сууриар нь мал өгөөд ганц ганцаар нь цөлчихдөг болсон. Гэхдээ бүгд биш. Монголчуудын боловсролтой, хотын, сэхээтэн энэ тэр гэж гайхуулаад байгаа нөхдүүд өөрсдөө хэзээ ч мал маллаж амьдарч үзээгүй. Ганц гэрээрээ мал адгуулж амьдарна гэдэг бараг боломжгүй зүйл ш дээ. Цахиур төмөр л Дулмаатай суугаад нэг оролдсон байх. Чингисийн үед нэг өрх аравтаа орхих, аравт зуутаасаа салахыг хатуу цээрлэдэг байсан. Эрдэнэ шиг салаад Итгэлт дээр ирж болохгүй гэсэн үг. Өнөөдөр хот айлаас хол ганц гэрээрээ байгаа айлд ороход хулгайчийх л байдаг. Хажуу хот айлаасаа мал гаргадаг гэсэн үг. Ихэнхдээ хазгай хэлтэй. Ёс журам зохион байгуулалт гэдэг нь алга болохоор ийм болно. Удахаараа хоорондоо алалцана. Хот айл гэхээрээ ах дүү голдуу, нэгийгээ бүгд мэднэ. Арай дөнгүүрийгээ даргаараа сонгоод /тэр нь аравтын дарга/ нөгөө хэд рүүгээ явуулахаар дундаасаа бас нэг гайгүй гэснийгээ сонгоод /тэр нь зуутын дарга/ дараагийх руугаа явуулна. гэх мэтчилэнгээр хэрэв өнөөдрийн яриад байгаа үндэсний үзэл тэр үедээ юу ч гэдгийн эцсийн бүлэгтээ энэ сонгох, хүлээн зөвшөөрөх санаа нийлэх гэдэг нь Хаан дээр иртэл тасралтгүй байж чадвал Ертөнцийн талыг байлдан дагуулж чадсан атал “өө манай нүүдэлчин ахуйд санаа нийлнэ гэж байдгүй юм” гээд л донгосцгоогоод байж болох уу. Энэ нь байхгүй бол нөгөө хөнжилдөө унтах завгүй… гэдэг нь болно. Учиргүй байлдах дуртайдаа бол биш байх. Тэгэхээр энэ нэг нүүдэлчин гээд л эхэлдэг худлаа онолоо больцгоочих хэрэгтэй юм болов уу гэж…

  15. Р.Мөнхтулга says:

    Монголын Үндэсний үзэл мандтугай! Даян дэлхийн монголчууд нэгдэгтүн!

  16. Erdene says:

    ҮГҮЙ БАЙХАА. 37 ОНД ИР ЗОРИГИЙГ НИЛЭЭД ДАРСАНААС БИШ БАТМӨНХ ДАЯН ХААНЫ ҮЕД Ч МЯНХАЙ ТЭРГҮҮТЭЙ ДУРГҮЙЦСЭН АРДУУД БОССОН ТУХАЙ КИНО Ч БАЙГАА. ТҮҮГЭЭР ИХЭС ДЭЭДСИЙН ДУР ЗОРГЫГ ДАРСАН БУС УУ

  17. Hangal says:

    Bayarlalaa tand,, biyee bodooroi ta

  18. unshigch says:

    Таныг өөрөөр бодож байсаан би, гэтэл миний бодож байснаас өөр хүн юм. Бичээд байгаарай та. Олны логик сэтгэлгээг хөгжүүлж байгаад талархъя.

  19. Anonymous says:

    Баярлалаа Ганаа ахаа !!!!!!!!!!!!

  20. regzen says:

    Баярлалаа “Дэлхийд ноёрхогч монгол гэсэн хэт угсаатан буюу (супер этнос)” өвөг дээдэсээсээ үлдсэн /тануулж тасдуулж алдсаар / энэ газар нутаг эх орондоо ҮНДЭСТЭН шиг үндэстэн байж оршин тогнохын тулд Монгол хүн бүр уншаасай ойлгоосой билээ. Ядаж ойлгохыг хичээгээсэй билээ. Өвгөн би ядаж үр хүүхэд ач гуч нартаа уншуулнаа. Эс уншиж үндэсний үзэл ухамсар хүмүүжил эс тогтвоос ТУСГААР ТОГТНОЛ маань дээсэн дөрөөн дээр байна шүү.

  21. Пүрэвдулам says:

    Баярлалаа, та залуучуудад санал болгох номын жагсаалт гаргаж болох уу? Мэдээж монголын үндэсний үзлийн түүний сэргэн мандалтанд тус болох номнууд.

  22. Bayar says:

    Монголын Үндэсний үзэл мандтугай! Даян дэлхийн монголчууд нэгдэгтүн!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: