Г.УЯНГА: ТЭМЦЛИЙГ ХААНА Ч ЯВУУЛЖ БОЛДОГ

УИХ-ын гишүүн Г.Уянга сүүлийн үед хийсэн улс төрийн алхмуудаа ийн тайлбарлажээ.
– Саявтархан “Жудагт Монгол” хэмээх хөдөлгөөний зохион байгуулсан чуулганд таны хэлсэн үг олны анхаарлыг багагүй татлаа. Таны хувьд энэ хөдөлгөөнтэй ямар холбоотой вэ ?
Улсад хийсэн бүтээсэн үйлстэй, нэр хүндтэй нийгмийн ахмад зүтгэлтнүүд нийгмийн шинэчлэлийн асуудлыг ил тод хүчтэй тавьж, олон нийтэд хандаж байгаа нь маш сайхан хэрэг. Арван жилийн өмнөөс биднийг иргэний хөдөлгөөн зохион байгуулан босч байхад улс орон удирдагчаа шүтээд, айгаад тэр аяараа нуувчиндаа байлаа шүү дээ.
10 жилийн тэмцэл маань шинэчлэл зайлшгүй гэдгийг бүх түвшинд хүргэж чадсан байна.Жудагт Монголынхноос Л.Цог, Ч.Хурц, С.Нарангэрэл, Д.Бямбасүрэн гуай бид дээрх жилүүдэд ил далд хамт байсан хүмүүс, бас Л.Дашням гуайтай ч байнга санал солилцдог байсан, одоо ч хувийн сайн харилцаатай. Манай “Улстөрийн сонин” авилгачдыг зайлуулж, улс орны төлөө зүтгэх шударга, зөв хүмүүсээр шинэ парламент бүрдүүлэхийг санал болгон уриалж байсан цувралд эдгээр хүмүүс бүгд багтаж байв. Энэ хөдөлгөөнийг зохион байгуулагч ахмадуудтай санаа бодол ижил байгаа. Зохион байгуулалтад нь ямар ч холбоогүй. Харин ахмадууд ач холбогдол өгч урьсанд очих үүрэгтэй гэж бодож очиж үг хэлсэн.
– Таны хэлсэн угнээс нэлээд экстремист байр суурь сонсогдож байна. Үндсэн хуулийн хэм хэмжээг зөрчих уриалга ч багагүй харагдсан. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ ?
Экстремист…? Асуултад зөв хариулахын тулд эхлээд томъёоллоо зөв ойлголцох шаардлагатай. Экстремист гэдгийг “эрсдэлтэй” алхам руу уриалсан гэсэн утгаар хэрэглэж байгаа бол тийм эрсдэлд би уриалаагүй. Би хэзээ ч экстремист уриалга гаргаж байгаагүй. Эмх цэгц, дэг журам, зохион байгуулалтад уриалсан нь ямар ч агуулгаар экстремист байж таарахгүй. Харин өнөөдөр засгийг эрхшээгчид экстремист зам сонгож, улс орныг ийм зам руу түлхэж байна. Асар их өр тавьж байна, харин яаж төлөх нь тодорхойгүй. Тэр их мөнгө хаачсан нь тодорхойгүй.
Бид харин ч арван жилийн турш “Үндсэн хуулийг” өөрчлөх тайван замын хувьсгалд л уриалж ирлээ. Үндсэн хуулийн хэм хэмжээг чухам хэн нь зөрчөөд байна? Ард түмнийг бүхлээр нь ядууруулан хоосруулж, улс үндэстнээ өр ширэнд живүүлж, эх захгүй, эмх замбараагүй байдалд оруулах нь Үндсэн хуулийн зорилт уу? Эх үрийг салгаж, нялх хүүхдийг өлсгөж байж хэрэг хүлээлгэх нь Таныхаар бол Үндсэн хуулийн хэм хэмжээг, “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн” зарчмыг ягштал биелүүлж байгаа хэрэг үү? Эхлээд ийм болгосон ардчилагчидаасаа, МАНАН- гаасаа наад асуултаа асуух хэрэгтэй юм байна.
Ардчиллыг өмчлөгчид, би 1 энэ нийгмийн байгуулсан юм гэж цээжээ дэлдэгчид дур зоргоороо авирлаж өөрсдөө байгуулсан нийгмээ эвдэн сүйтгэж байна. Түүнд нь жирийн иргэд нэрвэгдэж байна. Нэг хэсэг нь зөрчих байтугай уландаа гишгэж болдог тэр үндсэн хуулийн хэм хэмжээ гэдэг чинь ер нь юу болчихсон юм бэ? Жишээ нь Ц.Элбэгдоржийн хэм хэмжээ юм уу? хэрэв тэд өөрсдийн энэ булай тогтолцоог “минийх” гэж байгаа бол түүнийг нь өөртэй хамт өөрчилж, буруу тогтолцооных нь төлөө тэдэнтэй хариуцлага тооцох ёстой.
Монгол 25 жил хэтэрхий их үнэ төлж сургалтад суулаа, одоо больцгооё. Эмхэрч Цэгцэрье, төртэй болъё, улс үндэстнээ өөд нь татъя гэж би хэлсэн. Тэр бодлогынхоо зах зухаас танилцуулсан.
– Таныг ХҮН-д элсэх тухай таамаглалууд их явж байна. Нэг тийш болгосон хариулт өгч болох уу ?
Бүүр хуучирсан асуулт байна. Би энэ талаар “Цензургүй яриа”-нд орохдоо ойлгомжтой хариулсан.Тэдгээр залуус хараахан болоогүй, улстөрийн хувьд арай л нялх байна. Ийм нялхсаар төр бариулаад Монгол 25 жил юу болсныг харж байгаа биз дээ? Даргын цүнх баригчаас гаднын болон олигархуудын санхүүжилттэй нам, тэгээд л нэг хүн урдаа барьж нүдүүлж байгаад Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, хууль тогтоогчид. Ингэж болдоггүй гэдгийг бид биеэрээ үзэж хашраад сууж байгаа ард түмэн биш бил үү?! Гэхдээ залуу хүмүүс үзэх ёстойгоо үзэж туулах ёстойгоо л туулаг.
Энэ бүхэн нь системээ бүрэн танин мэдэхэд нь тус болно. Ингэлээ гээд зогсох хэрэггүй. Улстөрд тууштай байя гэвэл энэ ард түмнээ, үндэстнээ танин мэдэж, зөв замд гартлаа тэмцээд л, унаж босоод л яваад байх хэрэгтэй. Нэгэн цагт бид зөв зам дээр уулзах ч юм бил үү. Бид нэгэн цаг үеийн залуус, хэн хэн нь энэ улс орон, ард түмнийхээ төлөө санаа зовниж байгаа нь эргэлзээгүй. Арга зам, зарчим нэгдвэл тэр цагтаа уулзах газраа уулзах биз дээ, яарах юун.
– “Жудагт Монгол” хөдөлгөөнөөс энэ сарын сүүлээр томоохон жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн тухай мэдээлэл байна. Та энэ талаар мэдээлэл өгөх үү?
Би энэ хөдөлгөөнд оролцоогүй, зохион байгуулалтад огт хамрагддаггүй учраас энэ талаар мэдэх юм алга. Цуглаанд оролцож үг хэлэхийг хүссэн, би үгээ бэлдэж байна.
– Бүлгээсээ гарсан шийдвэрийг тань ордноос гадуур тэмцэл явуулахын дохио гэж үзэх хүмүүс байна?
Дөрвөн жилийн турш “Шударга ёс”-ны пайз зүүчихээд далдуур алхам тутамдаа “Шударга бус”-ыг үйлдэж байсан бүлгээс гарсан нь тийм ч гайхаад байх зүйл биш. Шударга бус хүмүүс “шударга ёс” гэдэг үгийг шударга бус үйлийнхээ халхавч л болгож ирсэн. Нэгийгээ торноос мултлах гээд бүр олуулаа торны цаана орохдоо тулж байна гэдэг шударга бус замаар явсных.
Хэрэв зөв замаар тууштай явсан бол бид өөр үр дүнд хүрэх байсан гэж арван жил ярьж байна. Бүлэгтээ ч хэлээгүй биш хэлсэн. Ийм янзаар явбал “Шударга ёс” биш “Шударга бус” эвсэл болно шүү гэдгийг бүлгийн анхны хурал дээр л хэлсэн. Гэтэл юу ч хэлээгүй, жудаггүй энэ тэр гэж мэдэгдэл гаргаж байгаа нь ерөөсөө зөв шударгаар явах талын ойлголт, тийм үгийг сонсох Хүлээн авагчгүй байгааг нь харуулаад байна. Оюутолгойн ордыг сайдын суудлаар сольсноос нь хойш бүлгийн хуралд орно гэхээс дургүй хүрдэг болсон.
Оюутолгой, Гацуурт гээд томоохон асуудлуудад бүлгийн дэмжлэг хэрэгтэй учраас шүд зуугаад л явж байсан. Ц.Нямдорж гишүүнийг “Шударга бус” эвсэл гэж хэлэхийг сонсох бүр миний дотор зарайж гүтгүүлж буй мэт мэдрэмж төрдөг. Харин нөгөөдүүл яадаг юм, чадаж байгаа юманд арга байхгүй гэж боддог байлгүй. Эсвэл бас эрх баригчид шиг дөжирчихсөн байх. Ийм увайгүй бэртэгчин байж болохгүй. Тиймээс тэр шударга бусаас холдоё гэж бодсон.
Тэмцлийн тухайд бол зорьсон зорилгодоо тэмцэж байж л хүрдэг. Урсгалаар явбал, тэмцэх ёстой тэр бүтэцтэйгээ зохицож явбал зорьсон газраа биш өөр газар хүрчихсэн байх вий. Тэгэхээр зорилготой хүнд амьдрал бол тэмцэл л юм, өөр юу ч биш. Тэмцлийг хаана ч явуулж болдог.
Тэр тусмаа зөв зам дээр байвал ганцаараа ч явж болно. Харин өнөөдөр парламент дотор биш юм гэхэд нийгэмд бид их олуулаа болсон байна. Одоо тэр хүчинд эмх цэгц, дэг журам, зохион байгуулалт хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл энэ “Шударга ёс” эвсэл шиг ороод олонхидоо уусчихгүй байх тийм итгэл нэгдэл хэрэгтэй байна.
2016 оны 03 дугаар сарын 30.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to Г.УЯНГА: ТЭМЦЛИЙГ ХААНА Ч ЯВУУЛЖ БОЛДОГ

  1. Erdene says:

    Монгол 25 жил хэтэрхий их үнэ төлж сургалтад суулаа, одоо больцгооё. Эмхэрч Цэгцэрье, төртэй болъё, улс үндэстнээ өөд нь татъя гэж аргагүй л улсынхаа төлөө санаа нь зовж явдаг сэхээтний үгийг хэлжээ. үнэндээ болж байгаа юм нэг ч алга. амьдралд зүгээр л урсаж байна иргэд.

  2. bat says:

    uls oron hetsvv bna daa.25 jil baga hugatsaa bish.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: