Г.УЯНГА: ЭР НӨХӨР, ГЭРГИЙ, ХҮҮХЭД ГЭСЭН МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ТУЛГЫН ЧУЛУУНЫ ТЭНЦВЭРИЙГ ДАХИН ТОГТООХ ЁСТОЙ.

“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” чуулганд УИХ-ын гишүүн Гантөмөрийн УЯНГА-ын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шийдвэр гаргах түвшний бүсгүйчүүд энд цугларчээ. Бүсгүйчүүд ээ, ээж нар аа! Монгол орон маань амаргүй нөхцөлд байна. Улс орон авилгал, шамшигдал, өрийн дарамтад идэгдэж, ажилгүйдэл, ядуурал хяналтаас гарч, эдийн засаг элгээрээ хэвтсэн тухай энд нуршин ярих илүүц бизээ. Улс нийгмээрээ “Хэрхэх вэ…?” хэмээн гарц гаргалгаа хайж байгаа энэ цаг үед та бид шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар ярилцахаар цугларлаа. Бид энд дан ганц эмэгтэйчүүдийн эрх, нэр дэвших квотын тухай яривал хэт өрөөсгөл, дэндүү аминчхан хэрэг болно. Улс гэр нь сүйрч байхад бид өөрсдийнхөө эрхийн тухай биш энэ гэрийг өөд нь татах үүргийнхээ тухай ярих ёстой.
Гэр доторхоо тойруулаад нэг харцгаая. Тэтгэврийн зээлтэй ядарсан хөгшид, архинд нэвчсэн, өвчинд нэрвэгдсэн хүмүүс, ухуулж онгичуулж ундуй сундуй болсон газар нутаг, цэцэрлэггүй хүүхэд, итгэлгүй ирээдүй, хулгайч, авлигач төр. Хүүхнүүд ээ, Яах вэ гэдэг асуултыг өөрсөддөө тавья.
Монголын 9 өрх тутмын нэг нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байгаа ба эдгээр эмэгтэйчүүдийн гар дээр 350 мянга гаруй хүүхэд өсч байна. Ийм тахир татуу өрхтэйгээр бид хөгжлийн тухай ярих төвөгтэй. Хөгжлийн суурь нь ийм хэврэг байна. Өрх гэрээ толгойлох эрчүүдийнхээ талаар бид л санаа зовж ярих, шийдэх хэрэгтэй байна. Өнөөдөр эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага, жил тутмын нас баралтын 2/3-ыг эрчүүд эзэлж байна. Тэдний ¼ нь осол гэмтлээр, 1/5 нь хавдраар 1/3 зүрх судасны өвчнөөр хорвоог орхиж байна.
Эрчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 5 дахин, хүчирхийлэлд өртөх нь 4 дахин, зам тээврийн осолд өртөлт 4 дахин, халдварт өвчин 2 дахин их байна. Харин эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь 3 дахин бага байна. Өнөөдөр Хятад, Солонгос, вьетнам зэрэг 101 орны арваад мянган ажилчид монгол эрчүүдийн хийж чадах барилга, зам, уул уурхай, үйлчилгээ, автомашин засвар зэрэг ажлуудыг хийж байхад яг үүнтэй бараг тэнцүү тооны буюу 12 мянга орчим архаг архичид бүртгэлтэй байна. Үр дагавар нь гэр бүлийн хүчирхийлэл жилд бараг хоёр дахин нэмэгдэж байна. Баталсан хуулиуд энэ бүхний үр дагавартай л тэмцэхээс уг үндсийг нь сугалан тасалж чадахгүй юм. Энэ бүхнийг таслан зогсоох, монгол гэр бүлээ, түүнээс эхтэй улс-үндэстнээ аваръя гэвэл гарцаагүй уг үндэс рүүгээ хандсан уламжлал соёлоо сэргээж, түүндээ суурилсан төрийн цогц бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай.
1990 онд коммунист тогтолцоо нуран унаж байхад төрд албан хаагчдын 25 хувь буюу ¼-ийг эмэгтэйчүүд бүрдүүлж байжээ. Коммунист систем нуран унаснаар энэ тоо шууд 4 хувь руу огцом унасан байна. Энэ тоог нэмэх цуцалтгүй оролдлого, хүчин чармайлтын дүнд өдгөө бүх шатны шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо буцаад 26 жилийн өмнөх түвшин рүүгээ дөхсөн. Гэвч ингэлээ гээд нийгмийн асуудлуудад дорвитой дэвшил гарахгүй байгаа нь манай системийн гажуудалтай холбоотой.
Бид нийгмийн энэхүү гажуудлын шалтгааныг тогтоохын тулд үндэснийхээ соёл, уг язгуураасаа эхлэн харах ёстой санагдана. Монголчууд эртнээс айлд зочлохдоо “Эрийн нэрээр орж, эмийн нэрээр гарна” гэж ярьдаг. Байгалийн хүнд ширүүн нөхцөлд аж төрөхийн тулд аж ахуйгаа эрх тэгш хөтлөн амьдрах зүй зохисыг хадгалж ирсэн нь Монголчуудын уламжлал, соёл юм. Энэ соёл нь монгол бүсгүйчүүдийг эрх нөлөөгөөр хэзээ ч дутааж байсангүй. Энэ соёл одоо ч хадгалагдсаар байгааг гадна дотнын судлаачид баталж байна, харин бид нотолгоо нь юм.
Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг жендерийн жил бүрийн судалгаагаар, эрүүл мэнд, амьдрах чадвараараа монгол эмэгтэйчүүд тасралтгүй нэгдүгээр байрт, эдийн засгийн эрхээрээ мөн л 1-3-р байрт тасралтгүй манлайлсаар байна. Ардын хувьсгалаас өмнөх үеийн ахуйгаа хөтлөх бүсгүйчүүдийн үүрэг эдийн засгийн хамгийн том эрхийг хүүхнүүдэд олгодог байсан. Тэр ч байтугай буддизмын зарим эмэгтэйчүүдэд халтай уламжлал ч хагас мянган жилийн хугацаанд Монголын эмэгтэйчүүдийн эрхийг багасгаж чадаагүй нь соёлын хөрш Төвдийн эмэгтэйчүүдтэй харьцуулахад тодорно. Шинэ түүхийн суурин соёл өрнийн эмэгтэйчүүдийн эрхийн ойлголтыг тал нутагт авчирахад уламжлалт суурин дээр амжилттай цэцэглэсэн.
XX зууны сүүлээр Монгол Улс модерн буюу орчин үеийн машинт үйлдвэрлэлийн системд орсон. Энэ нь нийгмийн бүтэц, зохион байгуулалт, харилцаа, үнэлэмжид суурь өөрчлөлт оруулж уламжлалт нийгмийн хуучин бүтэц эвдэрсэн ч сэтгэлгээний уламжлал амь бөхтэй хувьсан өөрчлөгдөж дасан зохицож уламжлагдсаар ирсэн юм. Энд л монгол үндэсний онцлог оршиж байна.
Энэ онцлог шинэ болон хуучны, уламжлал болон шинэчлэлийн, дорнын өвөрмөц иргэншил болон өрнийн иргэншлийн зөрчлийг даван гарсан юм. Бидний мэдэх формацийн онолоор феодализмаас социализмд нийгэм алгасан шилжихэд ч монголын эмэгтэйчүүдийн байр суурь сулран доройтоогүйгээр үл барам шинэ нийгмийн бүтэц, харилцаанд эмэгтэйчүүдийн үүрэг ролийг ихээхэн өндөр түвшинд тавьж чадсан юм. Албан байгууллага бүрт нам, эвлэл, үйлдвэрчний эвлэлтэй эн зэрэгцсэн эмэгтэйчүүдийн байгууллага ажиллаж, тэдний төлөө асар их ажил хийж байсныг үгүйсгэх зоригтон үгүй биз. Өмнөх нийгэм хүмүүсийг ангийн хувьд ялгаж байсан ч хүйсийн хувьд ялгаварлаж байгаагүй учраас эмэгтэйчүүдийн хувьд илүү дэвшилтэт нийгэм байсан юм.
Монгол улсын аж үйлдвэржилтийн жилүүдэд хөнгөн, хүнсний үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, урлаг соёл, холбоо мэдээлэл, үйлчилгээний салбарт хүүхнүүд давамгайлж голлох үүргийг гүйцэтгэх болжээ. Хууль санхүү, хөдөө аж ахуйн зэрэг салбарт тэнцүү шахам оролцоотой болсон ба эртний уламжлал нь тасраад байсан цагдаа, цэрэг зэвсэгт хүчний салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо өндөр түвшинд эргэн сэргэсэн юм. Нийгмийн бүхий л салбарт эрэгтэй эмэгтэйчүүд хамтран зүтгэж улс орноо хөгжүүлж байлаа.
Ардчилсан хувьсгалын дараах шилжилтийн жилүүдэд ч ганзага үүрсэн хүүхнүүд улс орноо сөхрүүлчилгүй авч гарсан. Нийгэм, систем өөрчлөгдөн солигдох бүрт эмэгтэйчүүд хамгийн ач холбогдолтой байр сууриа зүй ёсоор эзэлсээр байсан бөгөөд улс орны хамгийн чухал нэгж-гэр бүлийн дотор хэзээ ч эмэгтэйчүүдийн үүрэг нөлөө багасч байгаагүйгээр үл барам харин ч өдгөө улам нэмэгдэж байна. Монгол үндэстэн хэзээнээс хүн ам цөөтэй байсан, гэхдээ Чингис хааны хэлснээр “Цөөн боловч олноос дутуугүй” байсны цаад шалтгаан бол хүн амын тэн хагасыг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоонд байсан юм. Марко Пологийн бичсэнээр магадгүй энэ ертөнцөд эрчүүлтэйгээ адил өмд өмсөж, саадаг агссан эмэгтэйчүүд монгол эмэгтэйчүүд л байсан биз ээ… Гэтэл өмд өмсөх эрх нь дэлхийн олонх эмэгтэйчүүдийн 20 зууны тэгш эрхийн бэлгэдэл болдог нь монгол эмэгтэйчүүдэд хачирхалтай санагдана.
Харин 1990 онд ардчилсан хувьсгалаас хойш эмэгтэйчүүдийн асуудлыг барууны жишгээр сөргүүлэн тавих урсгал хөдөлгөөнийг бий болгосон юм. Энд бас л алдаа гаргасан ч харин манай эмэгтэйчүүд нийтээрээ түрхрэн дагаагүй нь уламжлалтай холбоотой. Бид уламжлалт соёлоор дамжсан тэгш эрхээ хэлбэр нь ижил төстэй ч агуулга нь эрс өөр харь ухамсарт үндэслэсэн өөр соёлын нөлөөтэй хутгаж, түүнд дулдуйдсан алдаатай алхмууд хийсэн байна.
Монголын нийгэм уг үндсээрээ, бүр цаанаасаа эмэгтэйчүүдийг хүндлэн дээдэлдэг зан заншил, ёс суртахуунтай, ийм хэм хэмжээ ёс заншил, соёл болж хэвшсэн улс юм. Өөрөөр хэлбэл Монголын нийгэм бол эцгийн эрхт ёс болон эхийн эрхт ёс хосолсон нийгэм. Иймээс одоо нүдэн дээр нуран унаж байгаа төр гэрээ өөд нь татахад та бидний үүрэг оролцоо хамгийн их шаардагдаж байна.
Бид одоо хэрхэх ёстой вэ? Бүхий л салбарт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тоог тэнцүүлэх тухай ярьж, үүнийгээ ажил хэрэг болгоно гэх нь үр дүнтэй юу? Эрчүүдэд байгалиас заяасан биеийн хүч чадал тэнхээ нь арми, хүнд үйлдвэр, уул уурхай, зам барилга зэрэг салбарт давамгайлах давуу бололцоо олгодог. Өнөөдөр манай улсын аж ахуйд ийм л салбарууд голлож байгаа учраас эмэгтэйчүүдийн ажлын байр цөөн байна.
Энэ ажлын байрны талыг нь бидэнд өг гэж шаардахын оронд тэнд ажиллаж байгаа эрчүүдийг гэр бүлтэйгээ ажиллах бололцооны тухай бид ярих ёстой. Эрдэнэтийн үйлдвэр нээгдмэгц хүн ам зүйн оновчтой бодлогоор хүнсний үйлдвэр, хивсний үйлдвэр, ахуйн үйлчилгээ, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг зэрэгцүүлэн барьж эмэгтэйчүүдийг тогтвортой ажлын байраар хангаснаар л Монголын хоёр дахь том хот бий болсон юм. Бид “Оюу толгой”-д хот барь гэж шаардахын цаад учир нь хэдэн байшинтай болоход биш харин эмэгтэйчүүдийг тогтвортой ажлын байраар хангахад оршдог. Үүнийг өнөөдөр манай эрчүүд ч гадны хөрөнгө оруулагчид ч ухаж ойлгохгүй байна. Хэрэв “Оюутолгой”-н орд зуун жил ашиглах орд юм бол бид ийм л асуудлыг гэрээндээ тусгах ёстой байсан.
Гэтэл хүүхнүүд ажлын байрны оронд гэрийн ажлаа нөхрөөрөө үнэлүүлэх тухай ярьж эхлэв. Гэрийн өдөр тутмын ажлаа, хүүхдээ харахаа нэргүй зарц, хөдөлмөрийн мөлжлөг хэмээн нэрлэж нөхөртэйгээ гэрийн ажлаар мөчөөрхөх нь монгол эмэгтэйн зан суртахуунд байхгүй соёл.
Харин ч бүсгүй хүнийг хүндлэх, эрхэмлэх соёл монгол эрчүүдэд дэлхийн хаа ч байхгүй өндөр түвшинд бий. Хэрэв энэ нь орчин үед алдагдаж байгаа бол мөнөөх л уламжлалт соёлоо гээж байгаатай л холбоотой. Бидний уламжлалт энэ ухамсар сэтгэхүйг “жендерийн тэгш байдал” гэдэг ухагдахуун яагаад ч бүрэн орлож чадахгүй. Жендер гэсэн ухагдахууныг бүсгүйчүүд дарлагдан зовсон мэтээр харуулж арай л эрэгтэй эмэгтэйчүүд хүүхдүүдээ ээлжлэн төрүүлж, хөхүүлнэ гэж мэтгэхгүй байх шиг.
Аавуудад хүүхэд харах чөлөө олгоод ээж нь ажлаа хийдэг орнуудын туршлагыг судалж хуульчлах тухай ярихтай зэрэгцэн хүүхдийг хөхөөр хооллохын ач тусын тухай сурталчлах. Ээж нь ажил хийвэл чөлөө авсан аав хүүхдээ хөхөөх хооллох боломж түүнд яагаад ч байхгүй. Үндэсний онцлог, соёл сэтгэхүйгээс байтугай байгалийн хуулиас гажсан зүйлийг нэвтрүүлэх гэх шаардлага бидэнд байхгүй.
Монголын нийгмийн, түүний дотор гэр бүлийн харилцааг уг сууриар нь эвдэж, оронд нь эмэгтэй хүнийг эрэгтэй хүнтэй сөргөлдүүлснээр нийгэм задарч, хямрал сүйрлийн босгонд тулж ирээд байна. Сүүлдээ энэ асуудал Монгол хүнийг боолчлох, хүний наймаа зэрэг дэлхийн хэмжээний том асуудал болж хувираад байна.
Гэтэл сүүлийн жилүүдэд дээр дурдсанчлан төрийн албанд эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн нь монгол гэр бүлийн сэтгэлгээтэй холбоотой. Төсөөлбөл эрчүүд эхнэрүүдээ найдвартай баталгаатай ажилд оруулж, өөрсдөө хар яриагаар “цөм хийх” ажил хайж байна. Бараг л эхнэр нь гэр ахуйгаа авч явж, эрчүүл нь дайн тулаан, арилжаа наймаа жинд явдаг тэр л уламжлалын орчин үеийн хэлбэр биш гэж үү? Үүнийг бий болгосон суурь нөхцөл нь эмэгтэй хүүхдүүддээ илүү боловсрол олгож, эрэгтэй хүүхдүүдээ “эр юм учраа олох л байлгүй” гэж бодсон бидний аав ээжүүдийн сэтгэлгээнийх. Ингэж харвал төрийн шийдвэр гаргах дээд түвшинд эрчүүд давамгай боловч дунд, доод шатанд ялангуяа гүйцэтгэх албанд эмэгтэйчүүд илүү нөлөөтэй байна. Ийм онцлогийг тусгасан нийгмийн давхраажилтийн нарийвчилсан судалгааг хиймээр. Хэрэв ийм судалгаа гаргавал яам, агентлаг, захиргааны ажилтан, хэлтсийн дарга нарын олонх эмэгтэйчүүд болох таамаг байна. Төсөл хөтөлбөр боловсруулах, гэрээ хэлэлцээрийн эх бэлтгэх ажлын голыг эмэгтэйчүүд хийж байна. Шинжлэх ухааны хөгжил нь эмэгтэйчүүдэд илүү давуу нөхцлийг бий болгосоор байна.
Үүнээс гадна хөнгөн хүнсний үйлдвэр байхгүй учраас олон эмэгтэйчүүд ажилгүй байгаа нь үнэн. Эдийн засгийн бодат тэлэлт бол гадагшаа экспортоо нэмэгдүүлж, дотооддоо хүн амаа өсгөснөөр л бий болно. Хэрэв хүүхнүүд бид хүүхэд төрүүлэхгүй бол хүн ам хэрхэн өсөх билээ? Хэрэв хүүхнүүдийн хөдөлмөрийн бодтой үнэлье гэвэл аягаа угааж тоосоо соруулснаа нөхрөөрөө үнэлүүлэх биш, харин эрүүл саруул монгол хүүхэд төрүүлж, зөв хүмүүжүүлснээ төрөөрөө үнэлүүлэх ёстой. Монгол 700 гаруй мянган гэр бүл байна. 700 мянган өрхийн тэргүүнээ эн тэргүүнд ажлын байраар хангах, бүсгүйчүүдийнхээ үр хүүхдэдээ бүтэн анхаарал тавьж, ирээдүйгээ зөв хүмүүжүүлэх хөдөлмөрийг үнэлсэн бодлогыг хэрэгжүүлэхэд арван жилийн дараа ямар их өөрчлөлт авчирна гэж санана аа. Хүүхдэд чиглэсэн бодлогыг мөнгөөр биш, эхээр нь дамжуулж гэмээ нь хамгийн үр дүнтэй хүрэх юм.
Бидний эмэгтэйчүүдийн, хүүхдийн гэж нэрлэж ирсэн, заншсан бүх асуудлууд манай нийгмийн нэн тулгамдсан асуудал болон хувираад байгааг бид одоо харж байна. Бид асуудлыг өрөөсгөлөөр тавьсаар байгаад хамгийн гол зүйл болох нийгмийн цогц асуудлыг хараанаасаа алдсан байна. Эдүгээ энэ буруу практикийг таслан зогсоож, эр нөхөр, гэргий, хүүхэд гэсэн монгол гэр бүлийн тулгын чулууны суурь тэнцвэрийг дахин тогтоох ёстой.
Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй Японы хөгжлийн нууц хүүхдэдээ зуун хувь анхаарал хандуулж чадсан япон эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үр шим юм. Эцгүүдийг ажлын байраар бүрэн хангаж, эмэгтэйчүүд үр хүүхэддээ зуун хувь анхаарал хандуулсан бодлого бол гэр бүлийг төвд тавьсан бодлого. Үүний үр дүнд өнөөдөр япончууд дэлхийд хамгийн эрүүл, хамгийн урт настай, хөдөлмөрийн бүтээмж хамгийн өндөр, хүүхдийн шүдний цооролтыг мартсан, гэмт хэрэг хамгийн бага гардаг орон болж чаджээ. Бидэнд хэсэг хугацаанд ийм бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Бид Япон шиг хүн ам олон биш тул хүүхдээ харах сонголт хийсэн бүсгүйчүүдээ бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага байна. Энэ нь тулгамдаж байгаа томоохон асуудал-цэцэрлэгийн асуудлыг хэсэгтээ шийдвэрлэх болно. Асуудлын гол нь дайнд ялагдсан Япончууд гэр бүлийн уламжлалаа алдаагүй ба эмэгтэйчүүд нь эрхээсээ нийгмийн өмнөх хариуцлагаа өндөрт тавьсны үр дүн болов уу?
Нийгмийг энэ гүн гүнзгий хямралт байдлаас гаргах хамгийн хүчирхэг давхарга бол өнөөдөр эмэгтэйчүүд мөн. Юуны өмнө төрийн албаны бүхий л шат дамжлага, салаа салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд ажилдаа нэн хариуцлагатай хандаж өндөр бүтээмжтэй ажиллах нь хөгжлийн томоохон зүтгүүр болно.
Мөн эзэлж буй алба, хашиж буй ажилтай холбоотойгоор авилга хийгээд хууль зөрчсөн үй олон үйлдлийг хянаж таслан зогсоох хүч байна. Ямар ч хууль, ямар ч хяналтын бүтцээс илүүтэй шударгаар хянах боломж, чадал эмэгтэйчүүд бидэнд бий.
Аливаа асуудалд хандахдаа үндэсний эрх ашгийн үүднээс төрийн шийдвэртэй нэгдсэн шаардлагыг тавьж эрхээ хангуулах шаардлагатай. Ийм нөхцөлд эмэгтэйчүүдийн түшиг тулгуур нь Монголын төр байх ёстой.
Улстөрийн эрх албан тушаалын амбиц байж болох авч жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх, энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна. Эрх чөлөөний суурь бол санхүүгийн эрх чөлөө бөгөөд тэр эрх чөлөөг нөхрөөсөө шаардах биш өөрсдөө олж авах тийм эрх өнөөгийн Монголын эмэгтэйчүүдэд бүрэн бий.
Сонгуулийн санал өгөхдөө шударга ёс, зөв алхамыг дэмжиж өгөх, бусаддаа нөлөөлөх өргөн боломж бидэнд бий. Социологийн бэсрэг судалгаагаар 10 монгол хүний 7-8 нь хамаатнуудынхаа дотроос эхийнхээ талд илүү ойр, ээж болон эхнэрээ илүү хүндэлдэг гэсэн дүн гарчээ.
Үйлчилгээний салбарт ажиллагчдын олонх нь эмэгтэйчүүд. Энэ нь ажилгүйдэл ихтэй манай улсын хувьд эмэгтэйчүүдийн санхүүгийн давуу боломжийг олгодог бөгөөд эмэгтэйчүүдийн сонгуулийн оролцоо эрх чөлөө нь энэ нийгмийг цэвэршүүлэхэд чухал нөлөө үзүүлж чадна. Өөрөөр хэлбэл олон айл өрхөд эмэгтэйчүүд давуу эрхтэй байгаа билээ.
Хэрэв бид улс орноо авран гарч чадвал хэзээ нэгэн цагт манай эрчүүл “Ээ дээ, энэ хүүхнүүд үү?” хэмээн сахлаа имрэх нь лавтай.
Бид жендерийн эрхийн асуудлыг зөвхөн улстөрийн ил шийдвэр гаргагч албан тушаалын тоонд эзлэх хувь хэмжээгээр хэмжих нь биднийг нийгэмд буруу харагдуулж байна. Гэхдээ бид бодит үр дүнд хүрэхэд ойрхон байна. Бидний нийгмийн байр суурь үүнийг илэрхийлж байна. Хямралаас эмэгтэй Ерөнхий сайд аваад гарах юм биш биз гэх яриа ч олонтаа гарах боллоо. Хоёр хөршид хатуу удирдагчид тодроход эмэгтэй Ерөнхийлөгчтэй байх нь зөв юм гэж үздэг хүмүүс ч байна. Хэрэв дараагийн Ерөнхий сайдаар эмэгтэй хүн орж ирвэл би л лав хоёр гараа өргөн дэмжихэд бэлэн байна.
Өрх гэрээ авч явж чадаж байгаа бүсгүй бүхэн улс-гэрээ хэрхэн авч явах талаар санаа сэтгэлээ чилээж ханцуй шамлах цаг ирлээ, хүүхнүүд ээ. Удахгүй болох сонгууль улс-гэрээ авран хамгаалж, өөд нь татах бүсгүйчүүдээ ээжүүдээ дэмжсэн, сайн цагийн гэгээ татсан сонголт байх болтугай! Та бүхэндээ бүгдэд нь амжилт хүсье!
86 хоногийн дараа аймгийнхаа, нийслэлийнхээ, сумынхаа удирдлагын ордондоо, Монгол Улсын Их Хурлын чуулганы танхимдаа улам олуулаа уулзацгаая!
2016 оны 04 дүгээр сарын 8.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to Г.УЯНГА: ЭР НӨХӨР, ГЭРГИЙ, ХҮҮХЭД ГЭСЭН МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ТУЛГЫН ЧУЛУУНЫ ТЭНЦВЭРИЙГ ДАХИН ТОГТООХ ЁСТОЙ.

  1. Цэцэн says:

    Нэгэнт л тоонот гэрт толгой холбож тогоотой хоолонд хошуу холбосон бол зүрхнийхээ цохилтоо дуустал хамтдаа амьдрах ёстойл доо.Одоо ч ийм үг сонсвол пүү паа гэх хүмүүс олон болж дээ.Зан ааш таарахгүй үзэл бодлын зөрүү нтр гээд салах шалтгаан үй түмээрээ бий.Энэ бүхнийг давж гарсан нь гэр бүлээ аварч үлдэж байгаам даа.Амьдрал тоглоом биш шүү!

  2. regzen says:

    Завханд гэсэн шиг санаж байна. Нэгдэлд орсонгүй гэж нэг өвгөнийг сумаас авчирч аймгийн шоронд хийхэд хөгшин нь удалгүй малаа тараачихаад шоронгийн ойрхон гэртэйгээ буугаад өдөр бүр өглөө бүр ирж шоронгийн хашааны хаалга руу харж суучхаад салахгүй, хууль ном яриад ч нэмэргүй Хэлдэг үг нь: Зовлон таарвал хамтарч үүрнэ, зовлого таарвал хувааж иднэ гэж бурханаас тангарагтай гэр болсондоо эмээ нь ингэж зовлонгоо хамт үүрэхээс гэдэг Удалгүй өвгөнийг сулалсан юм гэнэлээ гэсэн яриа оюутан байхдаа сонсож байлаа. Эртний Монгол гэр бүл ийм байв

  3. С. Наранбат says:

    Нэг л юм дутуу санагдлаа. Тэр нь эр нөхрийнхөө ёсгүй буруу үйлдлийг эхнэр хүн шуналаар дэвэргэх бус, үр хүүхдийнхээ амьдах орчныг таатай байлгах хүслээр хязгаарлахыг уриалсан бол …

  4. Anonymous says:

    уламжлалаа дагах нь хамгийн зөв гэдгийг ойлгох хэрэгтэй. Маш зөв таалагдлаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: